Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2024 оны 12 сарын 26 өдөр

Дугаар 128/ШШ2025/0012

 

 

                                МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

 

   Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Б.Мөнх-Эрдэнэ даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны 1 дүгээр танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар,

Нэхэмжлэгч: “Г*******” ХХК,

Хариуцагч: Байгаль орчин, уур амьсгалын өөрчлөлтийн сайд,

Маргааны төрөл: Байгаль орчин, аялал жуулчлалын сайдын 2024 оны 05 дугаар сарын 30-ны өдрийн ******* дугаар тушаал хуульд нийцсэн эсэх газрын маргааныг хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгчийн  итгэмжлэгдсэн төлөөлөгч Н.М*******, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч С.Ү*******, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Э.Болортуяа нар оролцов.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

1. “Г*******” ХХК-аас Байгаль орчин, уур амьсгалын өөрчлөлтийн сайдад холбогдуулан “Байгаль орчин, уур амьсгалын өөрчлөлтийн сайдын /захиргааны актыг гаргах үед Байгаль орчин, аялал жуулчлалын сайд нэрээ/-ны 2024 оны 05 дугаар сарын 30-ны өдрийн ******* тоот тушаалыг хүчингүй болгуулах” тухай нэхэмжлэлийн шаардлага гаргасан.

2. Байгаль орчин, аялал жуулчлалын сайдын 2020 оны 05 дугаар сарын 29-ний өдрийн А/449 дугаар тушаалаар Хан-Уул дүүрэг, Богдхан уулын дархан цаазат газрын тусгай хамгаалалттай газар нутгийн Жаргалантын аманд ******* м.кв газрыг 5 жил хугацаатай ашиглах эрхийг  олгосон байна.

3.Харин Байгаль орчин аялал жуулчлалын сайдын 2024 оны 05 дугаар сарын 30-ны өдрийн ******* дугаар тушаалаар 2024 оны 05 дугаар сарын 14-ний А/151 0 дугаар хурлаас гарсан шийдвэрийг үндэслэн “Г*******” ХХК-ийн газар эзэмших эрхийг хэсэгчлэн цуцалсан.

4.Нэхэмжлэгч “Г*******” ХХК шүүхэд гаргасан нэхэмжлэлийн үндэслэлдээ:

““Г*******” ХХК нь Байгаль орчин, аялал жуулчлалын сайдын 2020 оны 05 сарын 29-ний өдрийн А/449 дүгээр тушаалаар Богдхан уулын дархан цаазат газрын Жаргалантын амны хязгаарлалтын бүсэд 2.0 га газрыг Аялагч, зөвшөөрөл бүхий хүн түр буудаллах, отоглох зориулалтаар 2020/269 дугаартай газар ашиглах тухай гэрээгээр ашигладаг.

Байгаль орчин, уур амьсгалын өөрчлөлтийн сайдын 2024 оны 05 сарын 30-ны өдрийн ******* тоот тушаал /захиргааны актыг гаргах үед Байгаль орчин, аялал жуулчлалын сайд нэрээр/-ыг эс зөвшөөрч Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 17 дугаар зүйлийн 17.4 дэх хэсэгт заасныг баримтлан шүүхэд нэхэмжлэл гаргаж байна.

Захиргааны ерөнхий хуулийн 43 дугаар зүйлийн 43.1 дэх хэсэгт “Захиргааны актыг хаяглагдсан этгээд болон эрх, хууль ёсны ашиг сонирхол нь хөндөгдөж болзошгүй этгээдэд хуульд заасан журмын дагуу мэдэгдэнэ. Захиргааны актыг мэдэгдэх ажиллагааг түүнийг гаргасан захиргааны байгууллага хариуцна” гэж заасан хэдий ч маргаан бүхий захиргааны актыг гаргасан захиргааны байгууллага 2024 оны 07 сарын 03-ны өдрийг хүртэл мэдэгдээгүй юм.

Өөрөөр хэлбэл, Богдхан уулын дархан цаазат газрын хамгаалалтын захиргаа нь 2024 оны 01 сарын 24-ний өдрийн 01/86 дугаартай албан бичгээр "Сонсох ажиллагааны мэдэгдэл хүргүүлэх" тухай албан бичгийг ирүүлсэн байдаг. Энэхүү бичгйн агуулга нь “.., газар ашиглах эрхийг цуцлуулахтай холбогдуулан хариу тайлбар. санал тэдгээрийг нотлох баримтуудыг 2024 оны 02 сарын 02-ны өдрийн дотор албан бичгээр тус хамгаалалтын захиргаанд ирүүлнэ үү” гэжээ. Энэхүү албан бичгийн дагуу бид 2024 оны 01 сарын 31-ний өдрийн 24/01 дугаартай албан бичгээр хариу хүргүүлсэн билээ. Энэхүү сонсох ажиллагааны мэдэгдэл нь Захиргааны ерөнхий хуулийн 27 дугаар зүйлийн 27.3 дахь хэсгийг зөрчсөн гэж үзэж байна.

Ингээд, Богдхан уулын дархан цаазат газрын хамгаалалтын захиргаанаас 2024 оны 06 сарын 20-ны өдрийн 02/ дугаартай албан бичиг болоод маргаан бүхий сайдын тушаалтай 2024 оны 07 сарын 03-ны өдөр утсаар залгаж ирж танилцахыг шаардсан.

Танилцахад, 2024 оны 06 сарын 20-ны өдрийн 02/ дугаартай албан бичигт “Байгаль орчин, аялал жуулчлалын сайдын 2024 оны 05 сарын 30-ны өдрийн ******* тоот тушаалаар Жаргалантын аманд 2.0 га газар ашиглах эрхийг хүчингүй болгосон. Иймд “Г*******” ХХК-ийн төлөөлөл Богдхан уулын дархан цаазат газрын хамгаалалтын захиргаанд тусгай хамгаалалттай газар нутагт ашиглах гэрээ, гэрчилгээг хүлээлгэн өгөхийг мэдэгдье, хавсралтаар Байгаль орчин, аялал жуулчлалын сайдын 2024 оны 05 сарын 30-ны өдрийн ******* тоот тушаалыг хүргүүлэв” гэжээ.

Манай компанийн хувьд дээрх газар ашиглах эрхийг хүчингүй болгосон нийт 2 үндэслэлийг огтхон ч хүлээн зөвшөөрөх боломжгүй бөгөөд дээрх Мэдэгдэл болон Сайдын тушаал нь дараах байдлаараа хууль бус захиргааны акт гэж үзэж байна.

Үүнд: Нэг. Газрын тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.6 дахь хэсэгт “хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр гэрээнд заасан зориулалтын дагуу тухайн газраа 2 жил дараалан ашиглаагүй” бол газар эзэмших эрхийн гэрчилгээг хүчингүй болгоно гэжээ.

Тодруулбал, Манай байгууллага нь тухайн газрыг Аялагч, зөвшөөрөл бүхий хүн түр буудаллах, отоглох зориулалтаар үйл ажиллагаагаа эхлэхэд маш олон асуудлууд тулгарсан.

1т. Дэлхий нийтийг хамарсан цар тахал, коронавируст халдварын цаг үеийн нөхцөл байдалтай холбогдон газрыг ашиглах үйл явц удааширсан. Өөрөөр хэлбэл, коронавируст халдвар (covid-19)-ын цар тахлын үед газрын зориулалт бүхий Аялагч, зөвшөөрөл бүхий хүн түр буудаллах, отоглох төслийн ажлууд зогосч, улмаар улс орон даяар хатуу хөл хорио тогтоосон нь төслийн үйл ажиллагаа түр хугацаанд хойшлоход нөлөөлсөн болно.

2т, 2022 оны 05 сарын 09-ний өдрийн 22/01 тоот албан бичгээр тус газартаа бид үйл ажиллагаа явуулахын тулд орц, гарцгүй байгаа тул орц, гарцны асуудлыг шийдэхэд дэмжлэг үзүүлэхийг хүссэн тухайгаа Богдхан уулын дархан цаазат газрын хамгаалалтын захиргаанд илэрхийлж байсан билээ.

Энэ дагуу Богдхан уулын дархан цаазат газрын хамгаалалтын захиргаанаас “... газар ашиглагч нар харилцан тохиролцон шийдвэрлэх” гэсэн хариуг 2022 оны 05 дугаар сарын 18-ны өдөр 485 тоот албан бичгээр хариу ирүүлсэн тул харилцан зөвшилцөлд хүрч чадаагүй байгаа нь дан ганц биднээс хамаарахгүй нөхцөл байдлыг үүсгэсэн болно.

3т, Хууль зүйн хувьд манай авсан эрх хууль ёсны бөгөөд хугацаа дуусах болоогүй ба энэ хугацаанд олон шаттай ашиглалтыг зориулалтын дагуу хийхээр төлөвлөж байна.

Өнөөдрийн байдлаар, Аялал жуулчлалын цогцолбор барих зураг төслийн ажлыг эхлүүлсэн бөгөөд хашаа, хайс барих ажил гүйцэтгэх гэрээг байгуулан ажил гүйцэтгүүлэх хугацаагаа хүлээж байна.

Хоёр. Тусгай хамгаалалттай газар нутгийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 4 дэх хэсгийн 1 дэх заалт нь "Газрын тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.1, 40.1.2, 40.1.3, 40.1.4, 40.1.5, 40.1.6, 40.1.7-д заасан үндэслэлээр Тусгай хамгаалалттай газар нутагт газар ашиглах эрхийг хүчингүй болгоно" гэжээ. Энэхүү газрын тухай хуулийн дээрх заалтуудад заасан зөрчлүүдээс манай байгууллагад гаргасан зөрчил нэгээхэн ч байхгүй билээ. Өөрөөр хэлбэл, бид газрын төлбөрийн үлдэгдэл өргүй, газар эзэмших гэрээний нөхцөл, болзлыг зөрчөөгүй, газрыг хүн амын эрүүл мэнд, байгаль хамгаалал, үндэсний аюулгүй байдлын ашиг сонирхолд харшаар ашигласан зүйлгүй, шилжүүлж авсан эрхийн гэрчилгээгээ улсын бүртгэлд бүртгүүлж, шинээр гэрээ байгуулсан бөгөөд манай газар ашиглах эрхийн гэрчилгээний хугацаа болон гэрээний хугацаа дуусаагүй байгаа билээ.

Тодруулбал, манай компанийн газар ашиглах эрхээ хэрэгжүүлж байх явцад маргаан бүхий дээрх тушаалаар газар ашиглах эрхийг минь дуусгавар болгосон нь Захиргааны ерөнхий хуулийн 4 дүгээр зүйлийн 4.2.5 дахь хэсэгт заасан захиргааны акт нь зорилгодоо нийцсэн, бодит нөхцөлд тохирсон, шийдвэр нь үндэслэл бүхий байх" зарчмыг зөрчиж байгаа нь хууль бус юм.

Газар ашиглах эрхийг хүчингүй болгохуйц нөхцөл байдлыг хангалттай шалгаж тогтоогоогүйгээс тухайн захиргааны актыг үндэслэл бүхий акт гэж үзэх хууль зүйн боломжгүй юм. Учир нь Байгаль орчин, уур амьсгалын өөрчлөлтийн сайд нь Захиргааны ерөнхий хуулийн 24 дүгээр зүйлд заасны дагуу бодит нөхцөл байдлыг тогтоогоогүй нь илтэд байна. Өөрөөр хэлбэл, захиргааны шийдвэр гаргах ажиллагаанд хамаарах бодит нөхцөл байдлыг тогтоогоогүй, бодит нөхцөл байдлыг тогтооход ач холбогдол бүхий шаардлагатай ажиллагаа хийх, нотлох баримтыг цуглуулах, үнэлэх Үүргээ хэрэгжүүлээгүй, манай компанийн гаргасан нотлох баримт, өргөдөл, хүсэлтийг харгалзан өөрөө бие даан шийдвэрлэх үүргээ мөн хэрэгжүүлээгүй, тухайн захиргааны шийдвэр гаргах ажиллагаанд хамааралтай тохиолдол бүрийн үндэслэлийг нарийвчлан шинжлэн судлах үүргээ хэрэгжүүлээгүй, мөн захиргааны шийдвэр гаргах ажиллагааны явцад өөрийн чиг үүрэгт хамаарах асуудлаар гаргасан тайлбар болон өргөдөл, гомдлыг хүлээж авахаас захиргааны байгууллага татгалзсан зэрэг маш олон зөрчлүүд бүхий хууль бус захиргааны акт гаргажээ.

Иймд Байгаль орчин, уур амьсгалын өөрчлөлтийн сайд /захиргааны актыг гаргах үед Байгаль орчин, аялал жуулчлалын сайд нэрээр/-ын 2024 оны 05 сарын 30-ны өдрийн ******* тоот тушаалд дурьдсан зүйлс манай байгууллагын үйл ажиллагааны хүрээнд гараагүй бөгөөд энэхүү тушаал нь Хууль зүйн үндэслэлгүй, хууль зөрчсөн захиргааны акт байх бөгөөд газар ашиглах эрх цуцлах нь гарцаагүй байх, хууль зүйн үндэслэлтэй байх зарчмыг хангахгүй байна.

Дээрх маргаан бүхий 2024 оны 05 сарын 30-ны өдрийн ******* тоот тушаал нь Захиргааны ерөнхий хуулийн 37 дугаар зүйлийн 37.1 дэх хэсэгт “Захиргааны акт гэж захиргааны байгууллагаас тодорхой нэг тохиолдлыг зохицуулахаар нийтийн эрх зүйн хүрээнд гадагш чиглэсэн, эрх зүйн шууд үр дагавар бий болгосон амаар, бичгээр гаргасан захирамжилсан шийдвэр болон үйл ажиллагааг ойлгоно” гэж заасны дагуу захиргааны акт бөгөөд “Г*******” ХХК-ийн эрх, хууль ёсны ашиг сонирхлыг зөрчсөн тул уг хууль бус актыг хүчингүй болгох нэхэмжлэл гаргав. Дээрх маргаан бүхий 2024 оны 05 сарын 30-ны өдрийн ******* тоот тушаалыг гаргахдаа Захиргааны ерөнхий хуульд заасан, бүр тодруулбал, 12-36 дугаар зүйлд заасан "Сонсох ажиллагаа явуулах үндэслэл, журмыг зөрчиж, ямар үндэслэлээр, хэрхэн, ямар учир шалтгааны улмаас газар ашиглах эрхийг хүчингүй болгож байгааa тухайгаа болон энэ талаар шийдвэр гаргах гэж байгаа болохоо бид бүхэнд урьдчилан мэдэгдээгүй, шийдвэр гаргах ажиллагаанд оролцох боломжоор хангаагүй, тайлбар, хүсэлт, нотлох баримт гаргаж өгөх, биднээс шалтгаалахгүй гарах нотлох баримтыг бүрдүүлээгүй, хүндэтгэн үзэх шалтгаан байгаа эсэхийг мэдсээр байж нотлох баримт бүрдүүлээгүй, хууль зүйн туслалцаа авах эрхээр хангаагүй зэргээр Захиргааны акт гаргах хууль, журмыг ноцтойгоор зөрчиж, манай компанийн эрх, хууль ёсны ашиг сонирхолд халдлаа.

Дээрх хууль зөрчсөн захиргааны актын улмаас нэхэмжлэгч манай компанийн хэвийн үйл ажиллагаа алдагдаж, бизнесийн үйл ажиллагаа доголдох, нэр хүнд унах, эдийн засгийн хувьд ашиг, орлогоо алдах, бусад эрх ноцтой зөрчигдөн хөндөгдөж байх тул өөрийн эрх, хууль ёсны ашиг сонирхлоо хамгаалж, зөрчигдсөн эрхээ сэргээлгэх зорилгоор Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 52 дугаар зүйлийн 52.5.1, 106 дугаар зүйлийн 106.3.1 дэх хэсэгт заасны дагуу Байгаль орчин, уур амьсгалын өөрчлөлтийн сайд /захиргааны актыг гаргах үед Байгаль орчин, аялал жуулчлалын сайд нэрээр/-ын 2024 оны 05 сарын 30-ны өдрийн ******* тоот тушаалыг хүчингүй болгуулахаар уг нэхэмжлэлийг шүүхэд гаргаж байна.

Иймд дээр дурьдсан хууль зүйн үндэслэлүүдээр нэхэмжлэгч компанийн газар ашиглах эрхийг хүчингүй болгосон Байгаль орчин, уур амьсгалын өөрчлөлтийн сайд /захиргааны актыг гаргах үед Байгаль орчин, аялал жуулчлалын сайд нэрээр/-ын 2024 оны 05 сарын 30-ны өдрийн ******* тоот тушаал нь хууль бус, уг хууль бус захиргааны актын улмаас нэхэмжлэгчийн эрх, хууль ёсны ашиг сонирхол зөрчигдсөн байх тул уг тушаалыг хүчингүй болгож өгнө үү.” гэжээ.

5.Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Н.М******* шүүх хуралдаанд гаргасан нэмэлт тайлбартаа:  “Шүүх хуралдаанаар хэлэлцсэн нотлох баримтуудыг үзэхээр Газрын тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.6-д заасан 2 жил дараалан газраа ашиглаагүй гэдэг үйл баримт, нөхцөл байдлыг захиргааны байгууллагын зүгээс бүрэн тогтоогоогүй нөхцөл байдал байна гэж дүгнэж байна. Нөгөө талдаа хуулийн этгээд буюу газар ашиглагчийн хувьд заавал тухайн газар дээрээ барилга барьсан байхыг ойлгохгүй. Барилга барьснаар ашигласан гэж бас дүгнэх нь туйлын өрөөсгөл ойлголт. Тухайн хуулийн этгээдийн хувьд газраа ашиглахтай холбоотой үйл ажиллагаануудыг явуулж байсан нөхцөл байдал байна гэж харж байгаа. Мөн хуульд хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр гэж заасан байгаа. Гэтэл нотлох баримтууд, нийтэд илэрхий үйл баримтын хувьд аваад үзэхэд ковид цар тахлын улмаас нийтдээ 5 сар 27 хоног буюу 6 сар орчмын хугацаанд нийтээр хатуу хөл хориотой байсан. Ийм тухайн давагдашгүй хүчин зүйлийн улмаас хугацаа хойшилж байгаа. Тасарсан хугацаагаар шинээр эсвэл үргэлжлүүлэн тоолох гэдэг дээр хууль зүйн үр дагавар үүсгэдэг. Дээрээс нь орц гарцын асуудал бол тухайн газраа ашиглахад байсан. Тэгэхээр энэ хүндэтгэн үзэх шалтгаан нөхцөлүүдийг захиргааны байгууллагаас бүрэн гүйцэт тогтоогоогүй, сонсох ажиллагаагаа хуульд заасан шаардлагынх нь дагуу нийцүүлж явж чадаагүйн улмаас тухайн актыг буюу эцсийн үр дүн цуцалсан шийдвэр эрх зүйн алдаатай байна гэж харж байна. Иймд шүүхээс дээрх нөхцөл байдлуудыг харгалзан үзэж маргаан бүхий захиргааны актыг хүчингүй болгож өгнө үү.” гэв.

6.Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч шүүхэд гаргасан хариу тайлбартаа:

Байгаль орчин, аялал жуулчлалын сайдын 2020 оны 05 дугаар сарын 29-ний өдрийн А/449 дугаар тушаалаар Богдхан уулын дархан цаазат газрын Жаргалантын амны хязгаарлалтын бүсэд нэхэмжлэгч “Г*******” ХХК (РД:271*******)-д 2,0 газрыг ашиглах эрхийг 5-н жилийн хугацаатай олгосон.

Тус компани нь газар ашиглах эрх авч газар ашиглах гэрээ хийсэн хугацаанаас хойш газраа зориулалтын дагуу ашиглаагүй 4 жил 2 сар болсон тул Газрын тухай хуулийн 40.1.6-т заасныг үндэслэн Байгаль орчин, уур амьсгалын өөрчлөлтийн сайдын 2024 оны 05 дугаар сарын 30-ны өдрийн ******* тоот тушаалаар тус компанийн газар ашиглах эрхийг хүчингүй болгосон.

Монгол Улсын дээд шүүхийн 2008 оны Газрын тухай хуулийн зарим заалтыг тайлбарлах тухай 15 дугаар тогтоолын 1.10-д “Хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.6-д заасан хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр...” гэдгийг гэнэтийн давагдашгүй хүчний эсхүл байгалийн тогтолцооны өөрчлөлтөөс тухайн газарт нь эвдрэл, элэгдэл, цөлжилт бий болсон... байсныг ойлгоно.”

Иймд нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд хэрэгсэхгүй болгож өгөхийг хүсье.” гэжээ.

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч С.Ү******* шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “Тухайн аж ахуйн нэгж нь 2020 онд анх газар ашиглах эрхийн гэрчилгээ авсан. Үүнээс ковидын нөхцөл байдалтай байсан хугацааг хасаад тоолоход ч хуулийн 2 болон түүнээс дээш жил ашиглаагүй гэдэг хугацааг хангаж байгаа. Тухайн аж ахуйн нэгж газар дээрээ барилга байгууламж бариагүй. Мөн бичиг баримтын бүрдлээ ч хангаагүй байгаа. Гуравласан гэрээ байгуулсан боловч түүнээс хойш ямар нэг бичиг баримтын бүрдэл хангагдаагүй, хэрэгт огт авагдаагүй. Орц гарцын асуудлаар 2022 онд 1 удаа л Богдхан уулын дархан цаазат газрын хамгаалалтын захиргаанд хүсэлт гаргаад түүнээс хойш огт хүсэлт гаргаагүй байдаг, 2022 оны 05 дугаар сарын 09-ний өдөр 1 удаа хүсэлт гаргасан. Энэ талаар иргэний журмаар орц гарцаа нээлгэх талаар хөрш зэргэлдээ аж ахуйн нэгжүүдтэйгээ маргаан үүсгэх эрх нь энэ аж ахуйн нэгжид бүрэн байсан. Богдхан уулын дархан цаазат газрын хамгаалалтын захиргаанд хандсанаас өөрөөр Байгаль орчин, уур амьсгалын өөрчлөлтийн яаманд хандаагүй гэдэг нь манай албан хэрэг бичиг хөтлөлтөд бүртгэгдээгүй. Манайх төрийн байгууллага учраас бүх албан бичгүүд албан хэрэг хөтлөлтийн журмаар бүртгэгдээд, системдээ ороод явах ёстой. Нэг ч бичиг баримт орхигдох ёсгүй хууль, дүрэм журмын дагуу явдаг байгаа. Тийм учраас яаманд хандаагүй гэдэг нь системээс шүүж үзэхэд гарч ирсэн. Иймд сүүлд гаргаж өгсөн бичиг баримт нотлох баримтын шаардлага хангахгүй байна гэж үзэж байна. Тиймээс нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү гэсэн хүсэлтэй байна.” гэв.

 

ҮНДЭСЛЭХ НЬ:

 

Шүүх хэрэгт авагдсан бичгийн нотлох баримтууд, нэхэмжлэгч болон хариуцагч, гуравдагч этгээд, тэдгээрийн итгэмжлэгдсэн төлөөлөгч, өмгөөлөгч нарын шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан тайлбарыг хянаад нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж шийдвэрлэлээ.

1. Байгаль орчин, аялал жуулчлалын сайдын 2024 оны А/197 дугаар тушаалаар байгуулагдсан “тусгай хамгаалалттай нутагт газар ашиглах эрхийг хянан шийдвэрлэх зөвлөл”-ийн 2024 оны 05 дугаар сарын 14-ны өдрийн 10 дугаар хуралдаанаар нэхэмжлэгчийн газрын эрхийг хүчингүй болгохыг гишүүдийн 100 хувийн саналаар дэмжиж, Богдхан уулын дархан цаазат газрын хамгаалалтын захиргааны 2024 оны 04 дүгээр сарын 16-ны өдрийн 01/629 тоот албан бичгээр цуцлах саналыг . Байгаль орчин, аялал жуулчлалын яамны тусгай хамгаалалттай газар нутгийн бодлого зохицуулалтын газарт хүргүүлжээ.

 2. Улмаар Байгаль орчин, аялал жуулчлалын сайдын 2024 оны 05 дугаар сарын 30-ны өдрийн А/379 дугаар тушаалаар нэхэмжлэгчийг Газрын тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.6-д заасныг зөрчсөн гэх үндэслэлээр газар ашиглах эрхийг цуцалжээ.

3. Нэхэмжлэгчээс “газрын орц гарцыг шийдэж өгөөгүй, газар ашиглах боломжоор хангаагүй” гэж, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчөөс “газрыг зориулалтын дагуу ашиглаагүй” гэж тус тус маргажээ.

4. Нэхэмжлэгчээс 2022 оны 05 дугаар сарын 09-ны өдрийн 22/01, 2023  оны 07 дугаар сарын 06-ны өдрийн 23/03 тоот албан бичгүүдээр орц гарцын асуудлыг шийдэж өгөх талаар Богдхан уулын дархан цаазат газрын хамгаалалтын захиргаа, Байгаль орчин, аялал жуулчлалын яаманд тус тус хүсэлт гаргаж байсан байх бөгөөд Богдхан уулын дархан цаазат газрын хамгаалалтын захиргааны 2022 оны 05 дугаар сарын 18-ны өдрийн 485 тоот албан бичгээр “Газрын тухай хуулийн 48 дугаар зүйлд заасны дагуу орц гарцын асуудлыг газар ашиглагч нар харилцан тохиролцож шийдвэрлэх боломжтой” гэсэн хариуг хүргүүлжээ.

 Газрын тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.6-д “хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр гэрээнд заасан зориулалтын дагуу тухайн газраа 2 жил дараалан ашиглаагүй” гэж, Монгол Улсын Дээд шүүхийн 2008 оны “Газрын тухай хуулийн зарим заалтыг тайлбарлах тухай” 15 дугаар тогтоолын 1.10-д “Хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.6-д заасан “... хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр ...” гэдгийг гэнэтийн давагдашгүй хүчний эсхүл байгалийн тогтолцооны өөрчлөлтөөс тухайн газарт нь эвдрэл, элэгдэл, цөлжилт бий болсон, бусдын хууль бус үйлдэл зэрэг газар эзэмшигчээс хамаарах шалтгаан байхгүй байсныг ойлгоно” гэж тус тус заажээ.

5. Гэтэл байгаль орчин, аялал жуулчлалын яамны агаар сансрын зураг, газрын байршлын зураг, Богдхан уулын дархан цаазат газрын хамгаалалтын захиргааны 2024 оны 12 дугаар сарын 25-ны өдрийн 01/******* тоот албан бичгээр ирүүлсэн мэдээлэл зэргээр нэхэмжлэгчийн орц гарцыг бүхэлд нь хааж бусад иргэн, аж ахуйн нэгжид газар эзэмшүүлсэн нь нотлогдож байна.

6. Дээрхээс дүгнэвэл нэхэмжлэгчид анх маргаан бүхий газрыг сайдын 2020 оны 05 дугаар сарын 29-ний өдрийн А/449 дугаар тушаалаар газар ашиглах эрх олгосон хэдий ч тухайн газартаа нэвтрэх боломжгүй болтол нь бусад иргэн, аж ахуйн нэгжид газар эзэмшүүлсэн, уг зөрчлийг арилгах талаар удаа дараа хүсэлт гаргахад шийдвэрлээгүй байх тул нэхэмжлэгчийг Монгол Улсын Дээд шүүхийн 2008 оны “Газрын тухай хуулийн зарим заалтыг тайлбарлах тухай” 15 дугаар тогтоолын 1.10-д заасан “,,,,,,,,,,,бусдын хууль бус үйлдэл зэрэг газар эзэмшигчээс хамаарах шалтгаан байхгүй байсан” гэдэг хамааруулж ойлгохоор  байна.

7. Өөрөөр хэлбэл газар ашиглах боломжийг хариуцагчаас олгоогүй атлаа зориулалтын дагуу 2 жил даруулан ашиглаагүй гэж нэхэмжлэгчийг буруутгасан нь үндэслэлгүй.

8. Нөгөөтэйгүүр тус шүүхийн үзлэгээр нэхэмжлэгч нь маргаан бүхий газарт байшингийн суурь тэгшилсэн, бусад аж ахуйн нэгжүүдтэй зураг төсөл, газар шорооны, төмөр хашаа угсрах зэрэг ажил гүйцэтгэх гэрээнүүдийг байгуулсан, уг ажлыг орц гарцнаас шалтгаалан хийж гүйцэтгэх боломжгүй байсан нь гэрч Г.Э******* шүүх хуралдаанд мэдүүлсэн мэдүүлэг зэргээр нотлогдож байна.

           Иймд дээрх үндэслэлээр нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд хангаж шийдвэрлэх нь зүйтэй гэж шүүх үзлээ.

          Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.1, 106.2, 106.3.12-д заасныг удирдлага болгон

         

ТОГТООХ нь:

 

1. Газрын тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.6-д заасныг баримтлан  “Г*******" ХХК-ийн нэхэмжлэлтэй Байгаль орчин, уур амьсгалын өөрчлөлтийн сайдад холбогдох хэргийн нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж, Байгаль орчин, аялал жуулчлалын сайдын 2024 оны 05 дугаар сарын 30-ны өдрийн А/379 дугаар тушаалыг хүчингүй болгосугай.  

2.Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 47 дугаар зүйлийн 47.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2-т заасны дагуу нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 70200 төгрөгийг төсвийн орлогод хэвээр үлдээж, хариуцагчаас 70200 төгрөг гаргуулж нэхэмжлэгчид олгосугай.

3.Захиргааны хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 114 дүгээр зүйлийн 114.1-д заасны дагуу хэргийн оролцогчид, тэдгээрийн итгэмжлэгдсэн төлөөлөгч, өмгөөлөгч нь шийдвэрийг эс зөвшөөрвөл шийдвэрийг гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор давж заалдах журмаар гомдол гаргах эрхтэй.       

 

 

 

 

 

 

 

 

               ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                                             Б.МӨНХ-ЭРДЭНЭ