Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2018 оны 03 сарын 20 өдөр

Дугаар 176

 

 

 

 

 

 

 

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Баянгол дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Ч.Отгонбаяр даргалж,

Нарийн бичгийн дарга: С.Буянхишиг,

Улсын яллагч: Б.Батхишиг,

Хохирогч: Ц.Э,

            Шүүгдэгч: Г.Т, түүний өмгөөлөгч Л.Ганцэцэг нарыг оролцуулан тус шүүхийн хуралдааны танхимд нээлттэй явуулсан шүүх хуралдаанаар Тээврийн прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт Г.Тд холбогдуулж яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн эрүүгийн 1803000010077 дугаартай хэргийг 2018 оны 3 дугаар сарын 09-ний өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.

     Шүүгдэгч: Монгол улсын иргэн, Г.Т, 1995 оны 7 дугаар сарын 21-ний өдөр Улаанбаатар хотод төрсөн, 23 настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, мэргэжилгүй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл 5, өвөө, эмээ, ах, эгч нарын хамт ..., урьд ял шийтгэлгүй, ...тоот регистртэй,

Шүүгдэгч Г.Т нь 2017 оны 11 дүгээр сарын 22-ны өдөр 17 цаг 30 минутын орчимд Баянгол дүүргийн 13 дугаар хорооны нутаг дэвсгэр, Оргил худалдааны төвийн баруун талын замд ...маркийн ...УНҮ улсын дугаартай тээврийн хэрэгслийг жолоодон явахдаа Хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний акт болох Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн 13.2-д заасан “Зөвшөөрсөн гэрэл дохио асах үед жолооч явган хүний гарцыг нэвтрэхдээ зорчих хэсгийг хөндлөн гарч амжаагүй яваа /аюулгүйн зурвастай тохиолдолд түүнийг өнгөрч яваа буюу түүнд хүрээгүй яваа/ явган зорчигчид зам тавьж өгнө.” гэсэн заалтыг зөрчсөний улмаас явган зорчигч Ц.Эыг мөргөн, эрүүл мэндэд нь хүндэвтэр хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ.

ТОДОРХОЙЛОХ НЬ:

Шүүхийн хэлэлцүүлэгт яллах, өмгөөлөх талаас шинжлэн судалсан болон хэрэгт цугларсан дараах нотлох баримтуудыг тал бүрээс нь бүрэн бодитой шинжлэн судлав. Үүнд:

Шүүгдэгч Г.Тгийн шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн: “...Мөрдөн байцаалтын шатанд үнэн зөв мэдүүлэг өгсөн, нэмж мэдүүлэг өгөх зүйлгүй” гэв.

Хохирогч Ц.Эын шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн: “...Би хорооллын “Бичил” цайны газарт хамгаалагчаар ажилладаг. 2017 оны 11 дүгээр сарын 22-ны өдөр 17 цагийн орчим ажлаасаа гараад тамхи авах гээд зам хөндлөн явган хүний гарцаар зам гарах үед приус маркийн машин намайг мөргөсөн. Миний зүүн хөлийн шагай цуурч, баруун мөр мултарсан. Би хөлөө гипсдүүлсэн. 3 сар гэртээ ажил хийхгүй байсан, сард 400.000 төгрөгийн цалин авдаг нийт 1.200.000 төгрөг, 10 хоног хэвтэн эмчүүлэхэд шаардагдах 400.000 төгрөг, эм тарианы үнэ нийт 1.980.000 төгрөг нэхэмжилж байна. Шүүгдэгчээс 240.000 төгрөг авсан, үлдсэн мөнгөө нэхэмжилж байна, гомдолтой байна” гэв.

Хохирогч Ц.Эын мөрдөн байцаалтад өгсөн: “...Би 2017 оны 11 дүгээр сарын 22-ны өдөр 17 цаг 40 минутын орчим Баянгол дүүргийн 13 дугаар хороо, Оргил центрийн баруун замаар ертөнцийн зүгээр хойноос урагш чиглэлээр явган хүний гарцаар ногоон гэрэл ассан үед зам хөндлөн гарч явтал ертөнцийн зүгээр зүүнээс баруун тийш чиглэлтэй явж байсан ногоон өнгийн приус машин ирээд  миний зүүн талын өвдөгний дээгүүр урд гуперээрээ мөргөсөн. Би мөргүүлээд газар шидэгдэж унахад уг машины жолооч гарч ирээд намайг өргөөд босгох гэтэл баруун мөр өвдөөд зүүн хөлний шагай хэсгээр гишгэж болохгүй байсан. Тэгээд удалгүй цагдаа, түргэн ирж намайг гэмтлийн эмнэлэг авч явсан. Осол болох үед зам хальтиргаа, гулгаагүй, хөдөлгөөн сийрэг байсан. Би зам хөндлөн гарцаар гарсан. Машин хурдтай явсныг би анзаараагүй. Миний баруун мөр мултарч, зүүн хөлний шагай цуурсан. Гомдолтой байна, хохирлоо баримтаар гаргаж өгнө” гэсэн мэдүүлэг /хх-н 16/,

Шинжээчийн 14611 тоот дүгнэлтэд: “...Ц.Эын биед баруун мөрний мултрал, зүүн шилбэний тахилзуур ясны хугарал тогтоогдлоо. Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн үйлчлэлээр үүсгэгдэнэ. Шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.3.1-д зааснаар эрүүл мэндийг удаан хугацаагаар сарниулах гэмтлийн хүндэвтэр зэрэгт хамаарна. Цаашид хөдөлмөрийн чадвар тогтонги алдалтанд нөлөөлөхгүй” гэсэн дүгнэлт /хх-н 32/,

Техникийн шинжээчийн 68 тоот дүгнэлтэд: “...Приус маркийн 48-75УБҮ улсын дугаартай автомашины жолооч Г.Т нь Монгол Улсын замын хөдөлгөөний дүрмийн 13.2-т “Зөвшөөрсөн гэрэл дохио асах үед жолооч явган хүний гарцыг нэвтрэхдээ зорчих хэсгийг хөндлөн гарч амжаагүй яваа /аюулгүйн зурвастай тохиолдолд түүнийг өнгөрч яваа буюу түүнд хүрээгүй яваа/ явган зорчигчид зам тавьж өгнө” гэсэн заалтыг зөрчсөн байх үндэслэлтэй байна. Приус маркийн 48-75УБҮ улсын дугаартай автомашины хэргийн газарт үлдсэн тоормосны мөр нь тухайн автомашины бүрэн зогсолтын зам биш тул тухайн тоормосны мөрөөр хурдыг тодорхойлох боломжгүй. Явган зорчигч Ц.Э нь Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн ямар нэгэн заалтыг зөрчсөн гэх үзэх үндэслэлгүй байна” гэсэн дүгнэлт /хх-н 30/,

Гэмт хэргийн талаархи гомдол, мэдээлэл хүлээн авсан тэмдэглэл /хх-н 5/, Бичиг баримт түр хураан авсан тэмдэглэл /хх-н 6/, Зам тээврийн осол, хэргийн газарт үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд /хх-н 7-11/, Хохирлын баримтууд /хх-н 18-23/, хохирогчийн иргэний үнэмлэхийн лавлагаа /хх-н 27/, шүүгдэгчийн хувийн байдалтай холбоотой баримтууд /хх-н 37-41, 59/ зэрэг болно.

          Шүүхийн хэлэлцүүлгийн үед шинжлэн судласан дээрх нотлох баримтууд нь энэ хэрэгт хамааралтай, хуульд заасан журмаар цугларсан, хэрэг хянан шийдвэрлэхэд хангалттай байна гэж үнэлэв.

          Гэм буруу болон хохирол, хор уршигийн талаар:

Шүүгдэгч Г.Т нь 2017 оны 11 дүгээр сарын 22-ны өдөр 17 цаг 30 минутын орчимд Баянгол дүүргийн 13 дугаар хорооны нутаг дэвсгэр, Оргил худалдааны төвийн урд талын замд ...маркийн ...УНҮ улсын дугаартай тээврийн хэрэгслийг жолоодон явахдаа Хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний акт болох Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн 13.2-т “Зөвшөөрсөн гэрэл дохио асах үед жолооч явган хүний гарцыг нэвтрэхдээ зорчих хэсгийг хөндлөн гарч амжаагүй яваа /аюулгүйн зурвастай тохиолдолд түүнийг өнгөрч яваа буюу түүнд хүрээгүй яваа/ явган зорчигчид зам тавьж өгнө” гэсэн заалтыг зөрчсөний улмаас явган зорчигч Ц.Эыг мөргөн, эрүүл мэндэд нь хүндэвтэр хохирол учруулсан гэм буруутай болох нь:

Шүүгдэгчийн мөрдөн байцаалтын шатанд болон шүүх хуралдаанд үйлдсэн хэргээ хүлээн мэдүүлсэн мэдүүлгүүд, хохирогч Ц.Эын: “...ертөнцийн зүгээр хойноос урагш чиглэлээр явган хүний гарцаар ногоон гэрэл ассан үед зам хөндлөн гарч явтал ертөнцийн зүгээр зүүнээс баруун тийш чиглэлтэй явж байсан ногоон өнгийн приус машин ирээд миний зүүн талын өвдөгний дээгүүр урд гуперээрээ мөргөсөн. Би мөргүүлээд газар шидэгдэж унахад уг машины жолооч гарч ирээд намайг өргөөд босгох гэтэл баруун мөр өвдөөд зүүн хөлний шагай хэсгээр гишгэж болохгүй байсан. Тэгээд удалгүй цагдаа түргэн ирж намайг гэмтлийн эмнэлэг авч явсан. Осол болох үед зам хальтиргаа, гулгаагүй, хөдөлгөөн сийрэг байсан. Би зам хөндлөн гарцаар гарсан. Машин хурдтай явсныг би анзаараагүй. Миний баруун мөр мултарч, зүүн хөлний шагай цуурсан” гэсэн мэдүүлэг /хх-н 16/, шинжээчийн 14611, техникийн шинжээчийн 68 тоот дүгнэлтүүд болон шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн дээрх нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдлоо.

Шүүгдэгч Г.Тгийн үйлдэл нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “автотээврийн хэрэгслийн жолооч хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний актыг зөрчсөний улмаас хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол учруулсан” гэмт хэргийн бүх шинжийг хангасан байх тул түүнд холбогдуулж яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн хуулийн зүйл, хэсэг тохирсон байна гэж шүүх дүгнэлээ.

Шүүгдэгч Г.Тэмжүүжингийн үйлдэл нь гэм буруугийн болгоомжгүй хэлбэртэй, Эрүүгийн хуулийн тусгай ангид гэмт хэрэгт тооцохоор заасан үйлдэл болох нь хэрэгт авагдсан нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдсон тул гэм буруутайд тооцох нь зүйтэй.

Шүүгдэгч болон түүний өмгөөлөгч нь гэм буруугийн талаар маргаагүй бөгөөд улсын яллагчийн шүүгдэгчийг гэм буруутай гэсэн дүгнэлт нь үндэслэлтэй байна.

Уг гэм буруутай үйлдлийн улмаас хохирогч Ц.Эын биед хүндэвтэр хохирол учирсан болох нь шүүх шинжилгээний үндэсний хүрээлэнгийн шинжээчийн дүгнэлтээр тогтоогдсон байна.

Хохирогч Ц.Э нь тухайн гэмт хэргийн улмаас эрүүл мэндэд нь учирсан гэмтлийн улмаас эмчилгээ хийлгэсэн зардал, 3 сар ажилдаа яваагүй цалин, цаашид 10 хоног эмнэлэгт хэвтэж эмчилгээ хийлгэх зардал, нийт  1.989.650 төгрөг нэхэмжилсэн байна.

Дээрх нэхэмжлэлээс таксигаар үйлчлүүлсэн гэх 40.000 төгрөгийн хохирол нь нотлох баримтгүй тул уг нэхэмжлэлээс хасах нь зүйтэй гэж үзлээ.

Мөн 3 сар ажилгүй байсан хугацааны цалин 400.000х3=1.200.000 төгрөг, мэргэжлийн эмнэлэгт хэвтэж мөрөндөө эмчилгээ хийлгэх 400.000 төгрөг, нийт 1.600.000 төгрөгийн нэхэмжлэл нь баримтгүй байх боловч шүүгдэгч нь уг хохирлыг нөхөн төлөхөө илэрхийлсэн, уг хохирлыг шүүхийн шийдвэрийн дагуу даатгалын байгууллагаас гаргуулах боломжтой гэж байх тул уг хохирлыг шүүгдэгчээс гаргуулах үндэслэлтэй байна гэж шүүх дүгнэлээ.

Учир нь шүүгдэгчийн гэм буруутай үйлдлийн улмаас хохирогчид баруун мөрний мултрал, зүүн шилбэний тахилзуур ясны хугарал бүхий хүндэвтэр хохирол учирсан нь  тогтоогдсон болно.

Шүүх хохирогчийн нэхэмжилсэн нэхэмжлэлээс дээр дурдсан баримтгүй нэхэмжлэлийг хасаж үлдэх /1.989.650-40.000/ 1.949.650 төгрөгөөс шүүгдэгчийн хохирогчид төлсөн 240.000 төгрөгийг хасаж үлдэх 1.709.650 төгрөгийг шүүгдэгчээс гаргуулж хохирогчид олгох нь зүйтэй гэж үзлээ.

Эрүүгийн хариуцлагын талаар:

   Шүүх шүүгдэгч Г.Тг гэм буруутай гэж үзсэн бөгөөд энэ талаар шүүгдэгч, түүний өмгөөлөгч нар нь маргаагүй тул түүнд эрүүгийн хариуцлага хүлээлгэх нь зүйтэй гэж дүгнэлээ.

Шүүгдэгч нь тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас анх удаа гэмт хэрэг үйлдсэнийг ял хөнгөрүүлэх нөхцөл байдалд тооцов.

Шүүгдэгчид ял хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй болно. 

Улсын яллагч шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгчийг 245 цаг нийтэд тустай ажил хийлгэх ял оногдуулах, шүүгдэгчийн өмгөөлөгч 450 нэгж буюу 450.000 төгрөгөөр торгох ял оногдуулж өгнө үү гэсэн ялын санал тус тус гаргасан ба шүүх шүүгдэгч Г.Тгийн гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, гэмт хэргийн улмаас учруулсан хохирлыг нөхөн төлсөн байдал зэргийг харгалзан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 1-д зааснаар нийтэд тустай ажил хийлгэх ялын доод хэмжээг оногдуулж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.7 дугаар зүйлийн 2, 3-т зааснаар тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг нь хасах нэмэгдэл ял оногдуулах нь зүйтэй гэж дүгнэлээ.

Шүүгдэгчийн өмгөөлөгчийн шүүгдэгч нь осолд орсны улмаас эрүүл мэндийн байдал муу тул нийтэд тустай ажил хийлгэх ял оногдуулахгүй торгуулийн ял оногдуулж өгнө үү гэсэн саналыг шүүх хүлээн авах үндэслэлгүй бөгөөд шүүгдэгч нь нийтэд тустай ажил хийлгэх ялыг эдлэх боломжгүй өвчтэй талаарх нотлох баримт хэрэгт авагдаагүй болохыг дурдах нь зүйтэй.

Шүүгдэгч нь нийтэд тустай ажил хийлгэх ялыг биелүүлээгүй бол нийтэд тустай ажил хийлгэх ялын 8 цагийн ажлыг нэг хоног хорих ялаар тооцож солихыг мэдэгдэх нь зүйтэй.

Хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн шүүгдэгч Г.Тгийн 886852 дугаартай хугацаа нь дууссан түр жолооны үнэмлэхийг хэрэгт хавсаргахаар шийдвэрлэв.

Шүүгдэгч Г.Т нь цагдан хоригдсон хоноггүй, хэрэгт битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, нэгтгэсэн болон тусгаарласан хэрэггүй болно. 

 Шүүхийн тухай хуулийн 31 дүгээр зүйлийн 31.3.1, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн  36.2,  36.6,  36.7,  36.8, 36.10 дугаар зүйлд тус тус заасныг удирдлага болгон  ТОГТООХ нь:

  1. Шүүгдэгч Г.Тг “автотээврийн хэрэгслийн жолооч хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний актыг зөрчсөний улмаас хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол учруулсан” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.
  2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Г.Тг 240 цаг нийтэд тустай ажил хийлгэх ялаар шийтгэсүгэй.
  3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.7 дугаар зүйлийн 2, 3-т зааснаар шүүгдэгч Г.Тд тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг 1 жилийн хугацаагаар хасах нэмэгдэл ял оногдуулж, уг нэмэгдэл ялыг тогтоол хүчин төгөлдөр болсон үеэс эхлэн тоолсугай.
  4.   Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.4 дүгээр зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Г.Т нь шүүхээс оногдуулсан 240 цагийн нийтэд тустай ажил хийлгэх ялыг биелүүлээгүй бол нийтэд тустай ажил хийлгэх ялын 8 цагийг нэг хоног хорих ялаар тооцож солихыг мэдэгдсүгэй.
  5. Энэ хэрэгт битүүмжилсэн хөрөнгөгүй, нэгтгэсэн болон тусгаарласан хэрэггүй, шүүгдэгч нь цагдан хоригдсон хоноггүй болохыг тус тус дурдсугай.
  6. Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 505 дугаар зүйлийн 505.1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Г.Тгээс 1.709.650 төгрөг гаргуулж хохирогч Ц.Эт олгосугай.
  7. Хохирогч Ц.Э нь хор уршгийн талаарх нотлох баримтаа бүрдүүлж иргэний журмаар жич нэхэмжлэх эрхтэй болохыг дурдсугай.
  8. Хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан ирсэн 886852 дугаартай В ангиллын түр жолооны үнэмлэхийг хэрэгт хавсаргасугай.  
  9. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоолыг улсын яллагч, шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн хууль ёсны төлөөлөгч, өмгөөлөгч өөрөө гардаж авснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурдсугай.
  10. Шийтгэх тогтоол нь уншиж сонсгосноор хүчинтэй болох ба давж заалдах гомдол, эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Г.Тд хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээ авсугай.

 

 

 

                  ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                    Ч.ОТГОНБАЯР