Улсын дээд шүүхийн Тогтоол

2019 оны 09 сарын 23 өдөр

Дугаар 416

 

Ц.А-д холбогдох

эрүүгийн хэргийн тухай

Улсын дээд шүүхийн Эрүүгийн хэргийн танхимын тэргүүн Б.Цогт даргалж, шүүгч Б.Батцэрэн, Д.Ганзориг, Ч.Хосбаяр, Д.Эрдэнэбалсүрэн нарын бүрэлдэхүүнтэй, Улсын ерөнхий прокурорын газрын хяналтын прокурор Г.Гэрэлтуяа, нарийн бичгийн дарга М.Билгүтэй нарыг оролцуулж хийсэн хяналтын шатны эрүүгийн хэргийн шүүх хуралдаанаар

Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 02 дугаар сарын 15-ны өдрийн 269 дүгээр шийтгэх тогтоол, Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн 2019 оны 05 дугаар сарын 16-ны өдрийн 459 дүгээр магадлалтай, Ц.А-д холбогдох эрүүгийн хэргийг шүүгдэгчийн өмгөөлөгч С.Төмөрбаатарын гаргасан гомдлыг үндэслэн 2019 оны 09 дүгээр сарын 16-ны өдөр хүлээн авч, шүүгч Д.Ганзоригийн танилцуулснаар хянан хэлэлцэв.

Монгол Улсын иргэн, 1995 онд төрсөн, эмэгтэй, ял шийтгүүлж байгаагүй, М овогт Ц-ийн А нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “Хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан” гэмт хэрэгт холбогджээ.

Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх шүүгдэгч Ц.А-г хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож,

Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Ц.А-г 450 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 450,000 төгрөгөөр торгох ял шийтгэж, уг торгох ялыг 1 жилийн дотор хэсэгчлэн төлүүлэхээр тогтоож шийдвэрлэсэн байна.

Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүх анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолыг хэвээр үлдээж, шүүгдэгчийн өмгөөлөгч С.Төмөрбаатарын гаргасан давж заалдах гомдлыг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэжээ.

Хяналтын шатны шүүхэд шүүгдэгчийн өмгөөлөгч С.Төмөрбаатар гаргасан гомдолдоо “...Анхан болон давж заалдах шатны шүүхийн шийтгэх тогтоол, магадлалыг эс зөвшөөрч гомдол гаргаж байна. Үүнд:

1. Шүүгдэгч Ц.А-гийн мөрдөн байцаалтад өгсөн анхны мэдүүлэг, мөн гэрч Б.Ачбадрах, шүүгдэгч Ц.А- нарын шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн мэдүүлэг, шинжээчийн 11313 дугаар дүгнэлт зэргээр П.Цэнгэлмаа нь тухайн хэрэг гаргахгүй байх нөхцөл байдлыг өөрийн үйлдлээр зогсоох боломжтой байсан атал Ц.А-гийн тавьсан зүй ёсны шаардлагыг үл тоож элдвээр доромжилж, ...түүнийг багалзуурдаж довтолсон болох нь хавтаст хэрэгт авагдсан нотлох баримтуудаар тогтоогдсон байхад анхан болон давж заалдах шатны шүүх илтэд нэг талыг барьж, хууль зүйн үндэслэлгүй дүгнэлт хийж Ц.А-д ял халдаасанд гомдолтой байна.

2. Хавтаст хэрэгт авагдаж шүүхийн хэлэлцүүлгээр хэлэлцэгдсэн дээрх нотлох баримтуудаар Ц.Ц нь …зүй бусаар авирлан …түүний багалзуурдсан гарыг тавиулах гэж түлхсэн, энэ хооронд түүний үснээс зуурч, маажсан гэх үйлдлийн улмаас эрүүл мэндэд нь хөнгөн хохирол учруулсныг гэмт хэрэгт тооцох үндэслэлгүй бөгөөд гэмт хэргийн бүрэлдэхүүний шинжгүй үзэж байна.

Учир нь, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 4.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “...Өөрийн эрүүл мэндийн эсрэг хууль бус ба тулгарсан, довтолгооны эсрэг хийсэн гэмт хэргийн шинжтэй үйлдлийг гэмт хэрэгт тооцохгүй.”, мөн зүйлийн 3 дахь хэсэгт “Аргагүй хамгаалалтыг бусдын хууль бус халдлага эхэлсэн, эхлэх гэж байгаа нь тодорхой болсон үед хийнэ. Довтолгоо төгссөн хойно хийсэн үйлдлийг аргагүй хамгаалалтад тооцохгүй” гэж хуульчилжээ. Өөрөөр хэлбэл, нийгэмд аюултай халдлага бодитой эхэлсэн, Эрүүгийн хуулиар хамгаалагдсан эрх, ашиг сонирхолд хохирол учруулах нь хэн бүхэнд тодорхой байгаа үед хамгаалалт хийх эрх үүсэх бөгөөд бодитой хүч хэрэглэсэн, шинжтэй шууд заналхийлэл нь аргагүй хамгаалалт хийх хууль зүйн үндэслэл болдог.

Шүүгдэгч Ц.А- нь Үндсэн хуулийн 16 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 4-т заасан “...амьд явах, халдашгүй чөлөөтэй байх,...болон бусад эрхээ эдлэх” энэ эрхэд халдсан довтолгооныг няцаах, түүнээс хамгаалах үйлдэл хийж хүч хэрэглэн зогсоосон нь шүүгдэгч, гэрч нарын мэдүүлэг болон шинжээчийн дүгнэлт зэрэг нотлох баримтуудаар тогтоогдсон байна.

Чухам ийм идэвхтэй хамгаалалт нүүрлэж буй аюулаас хамгаалах баталгаа болдог тул эрүүгийн эрх зүйн шинжлэх ухаанд аргагүй хамгаалалтыг нийгэмд ашигтай, болзошгүй гэмт хэргээс урьдчилан сэргийлэх ач холбогдолтой гэж үздэг.

Иймд анхан болон давж заалдах шатны шүүхийн шийтгэх тогтоол, магадлалыг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 4.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар Ц.А-д холбогдох хэргийг хэрэгсэхгүй болгож цагаатгаж өгнө үү” гэжээ.  

Хяналтын шатны шүүх хуралдаанд прокурор Г.Гэрэлтуяа гаргасан хууль зүйн дүгнэлтдээ “...Шүүгдэгчийн өмгөөлөгч Ц.А-гийн үйлдлийг аргагүй хамгаалалт гэж үзэж гомдол гаргасан. Хэрэгт авагдсан баримтуудаас үзэхэд, Ц.А-гийн үйлдлийг аргагүй хамгаалалт гэж үзэх үндэслэлгүй байна. Ц.А-д холбогдох хэргийг анхан болон давж заалдах шатны шүүх хэлэлцэхдээ Эрүүгийн хуулийг буруу хэрэглээгүй, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчөөгүй. Харин энэ хэрэг нь Эрүүгийн хуульд заасан хөнгөн хэргийн ангилалд багтах бөгөөд хуульд заасан хөөн хэлэлцэх хугацаа нь 2019 оны 09 дүгээр сарын 14-ний өдөр дууссан байх тул Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 1.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.2-т заасан үндэслэлээр эрүүгийн хариуцлагаас чөлөөлөх үндэслэлтэй байна” гэв.

ТОДОРХОЙЛОХ нь:

Шүүгдэгчийн өмгөөлөгч С.Төмөрбаатарын гаргасан гомдлыг үндэслэн Ц.А-д холбогдох хэргийг хяналтын шатны шүүх хуралдаанаар хэлэлцэж, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 40.5 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт заасны дагуу анхан болон давж заалдах шатны шүүхийн үйл ажиллагаа, шийдвэрийг бүрэн хянаж үзэв.

Ц.А- нь 2018 оны 09 дүгээр сарын 14-ний өдөр Баянзүрх дүүргийн 25 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах “Нарны үрс” цэцэрлэгийн эрхлэгчийн өрөөнд “манай хүүхдийг зодсон байна” гэх шалтгаанаар иргэн П.Цэнгэлмааг зодож, баруун хацар, баруун чихний дэлбэн ба ар хэсэг, хүзүү, баруун эгэм орчмын зулгаралт, зүүн шуу, нурууны цус хуралт бүхий эрүүл мэндэд нь хөнгөн хохирол учруулсан гэмт хэргийг үйлдсэн болох нь хуульд заасан үндэслэл, журмын дагуу цуглуулж бэхжүүлсэн, шүүх хуралдаанд хянан хэлэлцэгдсэн нотлох баримтуудаар тогтоогдсон талаар анхан болон давж заалдах шатны шүүх хууль ёсны бөгөөд үндэслэлтэй дүгнэлт хийжээ.

Энэхүү үйл баримтыг хоёр шатны шүүх хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэг гэж дүгнэн, Ц.А-г Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, уг зүйл, хэсэгт заасан төрөл, хэмжээний дотор ял оногдуулахдаа хуулийг зөв тайлбарлан хэрэглэсэн байна.

Энэ хэрэгт Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих байдлуудыг хангалттай шалгаж тодруулсан, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрхийг хассан, хязгаарласан, шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, эсхүл нөлөөлж болохуйц нөхцөл байдал бүхий зөрчил гарсныг батлах, Ц.А-гийн гэм буруутай эсэхэд эргэлзээ үүсгэх, шүүхээс тогтоосон үйл баримтыг үгүйсгэх нотлох баримт, нөхцөл байдал тогтоогдоогүй болно.

Аргагүй хамгаалалт гэдэг нь халдагч этгээдийн хууль бус үйлдлээс өөрийгөө хамгаалах хүсэл, зорилгоор хариу довтолгоон хийх үйлдэл бөгөөд энэ гэмт хэрэг  Ц.А- болон П.Цэнгэлмаа нарын хооронд үүссэн маргаан, харилцан бие биеийнхээ шаардлагыг эсэргүүцсэн үйлдэл даамжирсны улмаас Ц.А- нь П.Ц-ийн бие махбодид хөнгөн гэмтэл учруулж, Эрүүгийн хуулиар хамгаалагдсан үнэт зүйлд халдсан нь аргагүй хамгаалалтад тооцогдохгүй гэж үзэх үндэслэл болох бөгөөд аргагүй хамгаалалтыг үгүйсгэх нөхцөл байдлууд шийтгэх тогтоол, магадлалын дүгнэлтүүдэд тодорхой тусгагдсан байна.

Шүүх хэргийн үйл баримтыг тогтоохдоо Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг зөрчөөгүйн дээр шүүхийн дүгнэлт хэргийн бодит байдалтай нийцсэн байх тул шүүгдэгчийн өмгөөлөгч С.Төмөрбаатарын гаргасан “Ц.А- нь аргагүй хамгаалалт хийсэн тул хэргийг хэрэгсэхгүй болгож, Ц.А-г цагаатгаж өгнө үү” гэсэн гомдлыг хангах хууль зүйн үндэслэлгүй гэж үзлээ.

Харин Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “Хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулах” гэмт хэрэг нь Эрүүгийн хуулийн 2.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар хөнгөн гэмт хэргийн ангилалд хамаарах ба энэ хэрэгт Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.10 дугаар зүйлийн 1.1 дэх хэсэгт заасан гэмт хэрэг үйлдэгдсэн өдрөөс хойш 1 жилийн хугацаа өнгөрсөн байх тул Ц.А-д холбогдох хэргийг хэрэгсэхгүй болгож, түүнийг эрүүгийн хариуцлагаас чөлөөлж шийдвэрлэх зүйтэй гэж хяналтын шатны шүүх бүрэлдэхүүн дүгнэв.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 40.8 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.2-т заасныг удирдлага болгон хяналтын шатны шүүх хуралдаанаас ТОГТООХ нь:

1. Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 02 дугаар сарын 15-ны өдрийн 269 дугаар шийтгэх тогтоол түүнийг хэвээр үлдээсэн Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн 2019 оны 05 дугаар сарын 16-ны өдрийн 459 дүгээр магадлалын тогтоох хэсэгт “Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 1.5 дугаар зүйлийн 1.2-т зааснаар Ц.А-д холбогдох хэргийг хэрэгсэхгүй болгож, түүнийг эрүүгийн хариуцлагаас чөлөөлсүгэй” гэсэн нэмэлт заалт оруулж, шийтгэх тогтоол, магадлалын тогтоох хэсгийн бусад заалтыг хэвээр үлдээсүгэй.

2. Шүүгдэгчийн өмгөөлөгч С.Төмөрбаатарын хяналтын шатны шүүхэд гаргасан гомдлыг хэрэгсэхгүй болгосугай.

                                          ДАРГАЛАГЧ                                                Б.ЦОГТ

                                          ШҮҮГЧ                                                        Б.БАТЦЭРЭН

                                                                                                              Д.ГАНЗОРИГ

                                                                                                              Ч.ХОСБАЯР

                                                                                                              Д.ЭРДЭНЭБАЛСҮРЭН