Улсын дээд шүүхийн Тогтоол

2019 оны 05 сарын 08 өдөр

Дугаар 141

 

Х.У-ийн нэхэмжлэлтэй,

Баянхонгор аймгийн Хөдөлмөр, халамжийн

үйлчилгээний газрын даргад холбогдох

захиргааны хэргийн тухай

 

Монгол Улсын Дээд шүүхийн хяналтын шатны захиргааны хэргийн шүүх хуралдааны бүрэлдэхүүн:

            Даргалагч:                       Ч.Тунгалаг,

            Шүүгчид:                          Г.Банзрагч,

                                                      Б.Мөнхтуяа,

                                                      Д.Мөнхтуяа,

            Илтгэгч шүүгч:                П.Соёл-Эрдэнэ,

            Нарийн бичгийн дарга:   Д.Долгордорж,

Нэхэмжлэлийн шаардлага: Баянхонгор аймгийн Хөдөлмөр, Халамж үйлчилгээний газрын даргын Хөдөлмөр, халамж, үйлчилгээний ерөнхий газрын даргын 2016 оны 10 дугаар сарын 06-ны өдрийн Б/214 тоот тушаал болон 2018 оны 01 дүгээр сарын 15-ны өдрийн 1/56 тоот албан бичгийг биелүүлэхгүй эс үйлдэхүй хууль бус болохыг тогтоолгох, хэлтсийн даргаар томилохыг даалгах, 2016 оны 10 дугаар сарын 06-ны өдрөөс хойш ажилгүй байсан хугацааны цалин гаргуулах,

Баянхонгор аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 11 дүгээр сарын 28-ны өдрийн 111/ШШ2018/0031 дүгээр шийдвэр,

Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн 2019 оны 02 дугаар сарын 27-ны өдрийн 221/МА2019/0116 дугаар магадлалтай,

Шүүх хуралдаанд оролцогч: Нэхэмжлэгч Х.У, түүний өмгөөлөгч Н.Э, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Д.О нарыг оролцуулж,

Хариуцагчийн гомдлыг үндэслэн хэргийг хянан хэлэлцэв.

ТОДОРХОЙЛОХ нь:

            Өмнөх шүүхийн шийдвэр:

1.Баянхонгор аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 11 дүгээр сарын 28-ны өдрийн 111/ШШ2018/0031 дүгээр шийдвэрээр: Төрийн албаны тухай хуулийн 4.1, 27 дугаар зүйлийн 27.2.3, 27.2.4, Хөдөлмөрийн тухай хуулийн 69 дүгээр зүйлийн 69.1 дэх хэсгийг тус тус баримтлан нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн зарим шаардлагыг ханган, “Баянхонгор аймгийн Хөдөлмөр, халамжийн үйлчилгээний газрын дарга Д.А-гийн Хөдөлмөр, халамж, үйлчилгээний ерөнхий газрын даргын 2016 оны 10 дугаар сарын 06-ны өдрийн Б/214 дүгээр “Ажлаас чөлөөлж, шилжүүлэх тухай тушаал”, мөн газрын даргын 2018 оны 01 дүгээр сарын 15-ны өдрийн 1/56 дугаар албан бичгийг биелүүлэхгүй байгаа нь хууль бус эс үйлдэхүй болохыг тогтоож, Х.У-ийг Баянхонгор аймгийн Хөдөлмөр, халамж үйлчилгээний газрын Нийгмийн халамжийн хэлтсийн даргаар томилохыг аймгийн Хөдөлмөр, халамжийн үйлчилгээний газрын даргад даалгаж”, үлдсэн “2016 оны 10 дугаар сарын 06-ны өдрөөс хойш ажилгүй байсан хугацааны цалинг хариуцагчаас гаргуулах” шаардлагыг хэрэгсэхгүй болгож, Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 66 дугаар зүйлийн 66.1, 66.2 дахь хэсгийг баримтлан Х.У-ийн нэхэмжлэлтэй, Баянхонгор аймгийн Хөдөлмөр, халамжийн үйлчилгээний газрын даргад холбогдох “ажилгүй болсон хугацаанаас хойш ажилд томилогдох хүртэл хугацааны эрүүл мэнд, нийгмийн даатгалын шимтгэлийг нөхөн төлүүлж, холбогдох дэвтрүүдэд бичилт хийлгэхийг даалгуулах” нэхэмжлэлээсээ татгалзсаныг баталж, холбогдох хэргийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэжээ.

2. Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн 2019 оны 02 дугаар сарын 27-ны өдрийн 221/МА2019/0116 дугаар магадлалаар: Баянхонгор аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 11 дүгээр сарын 28-ны өдрийн 111/ШШ2018/0031 дүгээр шийдвэрийн тогтоох хэсгийн 1 дэх заалтыг “Төрийн албаны тухай /2002 оны/ хуулийн 11 дүгээр зүйлийн 11.6, 24 дүгээр зүйлийн 24.1.1, 27 дугаар зүйлийн 27.2.4, 30 дугаар зүйлийн 30.2, Хөдөлмөрийн тухай хуулийн 69 дүгээр зүйлийн 69.1-д заасныг тус тус баримтлан нэхэмжлэгч Х.У-ийн нэхэмжлэлийн шаардлагын зарим хэсгийг хангаж, Хөдөлмөр, халамж, үйлчилгээний ерөнхий газрын даргын 2016 оны 10 дугаар сарын 06-ны өдрийн Б/214 дүгээр “Ажлаас чөлөөлж, шилжүүлэх тухай тушаал”, мөн газрын даргын 2018 оны 01 дүгээр сарын 15-ны өдрийн 1/56 дугаар албан бичгийг биелүүлэхгүй байгаа Баянхонгор аймгийн Хөдөлмөр, халамжийн үйлчилгээний газрын дарга Д.А-гийн эс үйлдэхүй хууль бус болохыг тогтоож, Х.У-ийг тэтгэвэр тогтоолгох насанд хүрсэн үндэслэлээр нэг удаагийн буцалтгүй тусламж олгох асуудлыг холбогдох журмын дагуу шийдвэрлэн, төрийн албанаас чөлөөлөхийг, Хөдөлмөр, халамжийн үйлчилгээний ерөнхий газрын даргын 2016 оны 10 дугаар сарын 06-ны өдрийн Б/214 дүгээр тушаалаар шилжүүлснээс хойш тэтгэвэрт гарсан 2018 оны 11 дүгээр сарын 15-ны өдөр хүртэлх ажилгүй байсан хугацаанд нь урьд авч байсан дундаж цалин хөлстэй тэнцэх олговрыг зохих журмын дагуу олгохыг тус тус хариуцагч Баянхонгор аймгийн Хөдөлмөр, халамжийн үйлчилгээний газрын даргад даалгаж, нэхэмжлэлийн “Баянхонгор аймгийн Хөдөлмөр, халамжийн үйлчилгээний газрын Халамжийн хэлтсийн даргаар томилохыг даалгах” шаардлагыг хэрэгсэхгүй болгосугай” гэж өөрчлөн, шийдвэрийн бусад заалтыг хэвээр үлдээж, хариуцагчийн давж заалдах гомдлыг хангахгүй орхиж шийдвэрлэжээ.

Хяналтын гомдлын үндэслэл:

3. Хариуцагч Баянхонгор аймгийн Хөдөлмөр, халамжийн үйлчилгээний газрын дарга Д.А хяналтын журмаар гаргасан гомдолдоо: Манай байгууллагаас төрийн байгууллагын бүтэц өөрчлөгдсөн тохиолдолд хэрэглэгдэх Төрийн албаны тухай /2002 оны/ хуулийн 27 дугаар зүйлийн 27.2.4-т заасны дагуу нэхэмжлэгч Х.Уранчимэгт 6 сарын цалинтай тэнцэх хэмжээний нэг удаагийн тэтгэлэгт 5,185,266 төгрөгийг олгож, хуульд заасан баталгааг хангасаар байхад Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхээс 6 сарын тэтгэмж олгосон нь буруу гэж тогтоогоогүй хирнээ Баянхонгор аймгийн Хөдөлмөр, халамжийн үйлчилгээний газрын даргын 2016 оны 11 дүгээр сарын 30-ны өдрийн 33 дугаар тушаалаар Х.У-т 6 сарын үндсэн цалинтай тэнцэх хэмжээний тэтгэмж олгохоор шийдвэрлэсэн нь “төрийн байгууллагын бүтэц өөрчлөгдсөн тохиолдолд хэрэглэгдэх дээрх хуулийн зохицуулалтад нийцээгүй” буюу нэхэмжлэгчийг цаашид төрийн албанд үргэлжлуулэн ажиллуулах Төрийн албаны тухай /2002 оны/ хуулийн 27 дугаар зүйлийн 27.2.4-т заасан баталгааг эдлүүлээгүй байна гэж дүгнэж, хуулийг буруу тайлбарлаж байна.

4. Нэхэмжлэлд дурдагдаагүй асуудлаар Төрийн албаны тухай хуулийн 24 дүгээр зүйлийн 24.1.1-д заасны дагуу ажлаас чөлөөлөх шийдвэр гаргахыг даалгаж, мөн 30 дугаар зүйлийн 30.2-т заасан нэг удаагийн буцалтгүй тусламж олгох асуудлыг холбогдох журмын дагуу шийдвэрлэхийг хариуцагчид даалгаж шийдвэрлэсэн нь Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.5-д “шүүх нэхэмжлэлийн шаардлагын хүрээнээс хэтэрсэн болон хэргийн оролцогчдын маргаагүй асуудлаар дүгнэлт хийж, шийдвэр гаргаж болохгүй”,  119 дүгээр зүйлийн 119.2-т “Давж заалдах журмаар хэрэг хянан шийдвэрлэсэн шүүх нь анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээх, өөрчлөх, хүчингүй болгох шийдвэрийн аль нэгийг гаргана" гэж заасныг зөрчсөн. Давж заалдах шатны шүүх нь анхан шатны шүүхийн шийдвэрийг өөрчлөх эрхтэй ч анхан шатны шүүхээс шийдвэрлээгүй, нэхэмжлэлийн шаардлагад тусгагдаагүй асуудлаар дүгнэлт хийх эрхгүй юм.

5. Мөн Төрийн албаны тухай хуулийн 30 дугаар зүйлийн 30.2-т “энэ хуулийн 24.1.1, 24.1.2-т заасан үндэслэлээр төрийн албанаас чөлөөлөгдсөн төрийн жинхэнэ албан хаагчид үндсэн цалингийн дунджаас нь ажилласан хугацаагаар нь үндэслэн тооцож нэг удаагийн буцалтгүй тусламж олгоно. Нэг удаагийн буцалтгүй тусламж тооцох цалингийн дундаж хэмжээ болон олгох шалгуур нөхцөлийг тодорхойлсон журмыг төрийн албаны төв байгууллагын саналыг үндэслэн Засгийн газар батална”, Засгийн газрын 2014 оны 405 дугаар тогтоолоор батлагдсан “Төрийн жинхэнэ албан хаагчид нэг удаагийн буцалтгүй тусламж олгох” журмын 1-т “Төрийн албаны тухай хуулийн 24.1.1, 24,1.2-т заасан үндэслэлээр ажлаасаа чөлөөлөгдсөн, ажиллаж байгаад тэтгэврээ тогтоолгосон төрийн жинхэнэ албан хаагчид нэг удаагийн буцалтгүй тусламж олгоход энэхүү журмыг мөрдөнө”, 2-т “Өндөр насны тэтгэврээ албан ёсоор тогтоолгож, ажил олгогчид өргөдөл гаргасных нь дараа энэхүү журамд заасны дагуу төрийн жинхэнэ албан хаагчид нэг удаагийн буцалтгүй тусламж олгоно” гэж заасан байхад Нийгмийн даатгалын сайн дурын шимтгэл төлж байх хугацаандаа тэтгэврээ тогтоолгосон иргэнд нэг удаагийн тусламж олгохоор шийдвэрлэсэн нь буруу юм.

6. Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн магадлалд эс үйлдэхүй нь хууль бус болох нь тогтоогдсон гэж дүгнэж урьд авч байсан дундаж цалин хөлстэй тэнцэх олговрыг олгохоор анхан шатны шүүхийн шийдвэрийг өөрчилж шийдвэрлэсэн нь хууль зөрчсөн. Учир нь Хөдөлмөрийн тухай хуулийн 69 дүгээр зүйлийн 69.1-т “Энэ хуулийн 36.1.2-т заасны дагуу ажилтныг ажил, албан тушаалд нь эгүүлэн тогтоосон бол түүнд ажилгүй байсан бүх хугацаанд нь урьд авч байсан дундаж цалин хөлстэй тэнцэх олговор, хэрэв бага цалинтай ажил хийж байсан бол зөрүүтэй тэнцэх олговрыг олгоно”, 36 дугаар зүйлийн 36.1.2-т “ажлаас үндэслэлгүй халагдсан ажилтныг өмнө нь эрхэлж байсан ажил, албан тушаалд эгүүлэн тогтоох тухай шүүхийн шийдвэр хүчин төгөлдөр болсон” тохиолдолд олгоно гэж зааснаас үзвэл ажилтныг өмнө эрхэлж байсан ажил, албан тушаалд нь эгүүлэн тогтоосон тохиолдолд олговрыг олгож болохоор хуульд тусгайлан заасан.

7. Нэхэмжлэгч нь Баянхонгор аймгийн Төрийн албаны зөвлөлийн салбар зөвлөлд 2018-02-01-ний өдөр урьдчилан шийдвэрлүүлэх ажиллагаа хийлгэхээр өргөдөл өгсөн, тус салбар зөвлөл нь 2018-02-13-ны өдрийн 29 дүгээр албан бичгээр Төрийн албаны зөвлөлийн Хөдөлмөр, нийгмийн хамгааллын яамны дэргэдэх салбар зөвлөлд шилжүүлсэн байдаг. Гэтэл 2018-04-17-ны өдөр шүүхэд хандсан нь хөөн хэлэлцэх хугацааг хэтрүүлсэн гэж үзэх үндэслэлтэй байна. Шүүхээс хэрэг үүсгэхээс өмнөх шатанд хийгдэх ажиллагаа буюу хөөн хэлэлцэх хугацааг тоолохдоо хэрэг үүсгэсний дараа урьдчилан шийдвэрлэх ажиллагаа хийгдсэн байдлаар шүүхийн шийдвэрийн үндэслэх хэсэгт дүгнэж нэхэмжлэгч хөөн хэлэлцэх хугацааг хэтрүүлээгүй гэж үзэж хуулийг буруу тайлбарлаж байгаа нь хариуцагчийн эрхийг ноцтой зөрчсөн үйлдэл гэж үзэж байна.

 8. Шийдвэр, магадлалыг хүчингүй болгож, хэргийг хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

ХЯНАВАЛ:

9. Анхан шатны шүүхээс нэхэмжлэлийн шаардлагын зарим хэсгийг хангаж шийдвэрлэсэн нь зөв байх боловч ажилгүй байсан хугацааны нөхөх олговор гаргуулах шаардлагыг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн нь буруу байх тул шүүхийн шийдвэрт өөрчлөлт оруулж, магадлалыг хүчингүй болгож, хариуцагчийн хяналтын гомдлын зарим хэсгийг хангаж шийдвэрлэлээ.

10. Нэхэмжлэгч Х.У нь Баянхонгор аймгийн Хөдөлмөр, халамжийн үйлчилгээний газрын даргад холбогдуулан Хөдөлмөр, халамж, үйлчилгээний ерөнхий газрын даргын 2016 оны 10 дугаар сарын 06-ны өдрийн Б/214 тоот тушаал болон 2018 оны 01 дүгээр сарын 15-ны өдрийн 1/56 тоот албан бичгийг биелүүлэхгүй байгаа эс үйлдэхүй хууль бус болохыг тогтоолгох, Халамжийн хэлтсийн даргаар томилохыг даалгах, 2016 оны 10 дугаар сарын 06-ны өдрөөс хойш ажилгүй байсан хугацааны цалинг гаргуулах шаардлага гаргасан байна.

11. Засгийн газрын 2016 оны 09 дүгээр тогтоолоор Нийгмийн халамж, үйлчилгээний хэлтэс, Хөдөлмөрийн хэлтсүүдийг нэгтгэн, Хөдөлмөр халамжийн үйлчилгээний газар байгуулж, энэ бүтцийн өөрчлөлтийн дагуу Хөдөлмөр, халамж, үйлчилгээний ерөнхий газрын даргын 2016 оны 10 дугаар сарын 06-ны өдрийн Б/214 тоот тушаалаар нэхэмжлэгч Х.У-ийг аймгийн Нийгмийн халамж, үйлчилгээний хэлтсийн даргын албан тушаалаас чөлөөлж, өөрчлөн байгуулагдсан Хөдөлмөр, халамжийн үйлчилгээний газарт шилжүүлсэн, эндээс үзэхэд нэхэмжлэгч Х.Уранчимэгийг ажлын байраар хангах нь захиргааны байгууллагын үүрэг байна.

12. Гэвч хариуцагчаас энэхүү тушаалыг хэрэгжүүлж, нэхэмжлэгчийг ажлын байраар хангаагүй, мөн Хөдөлмөр, халамж, үйлчилгээний ерөнхий газрын 2018 оны 01 дүгээр сарын 15-ны өдрийн 1/56 тоот албан бичгээр “Б/214 дүгээр тушаалын хэрэгжилтийг хангаж, төрийн албан хаагчийн эрх ашгийг хохироохгүй, хуульд заасны дагуу арга хэмжээ авч ажиллахыг” тус аймгийн Хөдөлмөр, халамжийн үйлчилгээний газрын даргад даалгаж байсаар байхад дээд шатны захиргааны байгууллагын шийдвэрийг биелүүлээгүй, хууль бус эс үйлдэхүй гаргажээ.

13. Төрийн албаны тухай хуулийн /2002 он/ 27 дугаар зүйлийн 27.2.3 дахь хэсэгт зааснаар төрийн байгууллага өөрчлөн байгуулагдсан эсхүл зохион байгуулалтын бүтэц нь өөрчлөгдсөн боловч төрийн албан хаагчийн албан тушаалын тодорхойлолтод заасан чиг үүрэг хэвээр хадгалагдан үлдсэн бол түүнийг уг албан тушаалд нь үргэлжлүүлэн ажиллуулах, хэрэв тухайн чиг үүргийг хэрэгжүүлэх албан тушаалын албан тушаалын орон тоо цөөрсөн бол уг албан тушаалыг эрхэлж байсан албан хаагчийн үйл ажиллагааны үр дүн, мэргэшлийн түвшингийн үнэлгээ, мэдлэг, ур чадвар, ажлын дадлага, туршлага зэргийг нь харгалзан, тухайн албан тушаалд тавигдах ерөнхий болон тусгай шаардлагыг хамгийн илүү хангаж байгаа албан хаагчийг томилох эрх бүхий албан тушаалтан нь шалгаруулж авахаар заасан.

 14. Энэ тохиолдолд захиргааны байгууллагын бүтэц өөрчлөгдсөн боловч нэхэмжлэгчийн хэрэгжүүлж байсан албан тушаалын чиг үүрэг хэвээр хадгалагдаж үлдсэн байхад хариуцагчаас нэхэмжлэгчийг маргаан бүхий хэлтсийн даргын албан тушаалд томилоогүй атлаа тухайн байгууллагад ажиллаж байгаагүй, тэтгэврийн байцаагчаар ажиллаж байсан Л.М-ыг томилж, хуулийн дээрх заалтыг зөрчжээ. Иймээс нэхэмжлэгчийг маргаан бүхий албан тушаалд томилоогүй эс үйлдэхүй хууль бус болохыг тогтоосон анхан болон давж заалдах шатны шүүхийн дүгнэлт зөв болжээ.

15. Захиргааны ерөнхий хуулийн 100 дугаар зүйлийн 100.1 дэх хэсэгт “захиргааны байгууллагын нийтийн эрх зүйн харилцаанаас үүссэн хууль бус үйлдэл, эс үйлдэхүйгээс өөрт учирсан хохирлыг арилгуулахаар иргэн, хуулийн этгээд шаардах эрхтэй” гэж зохицуулсан, хариуцагчийн хууль бус үйл ажиллагааны улмаас нэхэмжлэгч нь  маргаан бүхий албан тушаалд томилогдож чадаагүй, хэрэв хариуцагч хуулиар хүлээсэн үүргээ биелүүлсэн бол нэхэмжлэгч цалин хөлс авах боломжтой байсан тул 2016 оны 10 дугаар сарын 06-ны өдрөөс анхан шатны шүүхийн шийдвэр гарсан 2018 оны 11 дүгээр сарын 28-ны өдөр хүртэл ажилгүй байсан хугацааны цалин хөлстэй тэнцэх нөхөх олговрыг хариуцагчаас гаргуулах нь хуулийн дээрх заалтад нийцэх байна.

16. Харин хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад нэхэмжлэгч Х.У нь 2018 оны 11 дүгээр сарын 15-ны өдөр өөрийн хүсэлтээр өндөр насны тэтгэвэр тогтоолгон, төрийн албанаас чөлөөлөгдсөн тул “ажилд эгүүлэн тогтоох” шаардлагыг хангах боломжгүй. Өөрөөр хэлбэл, Төрийн албаны хуулийн 24 дүгээр зүйлийн 24.1.1- т “тэтгэвэр тогтоолгох насанд хүрсэн бол төрийн жинхэнэ албан хаагчийг төрийн албанаас чөлөөлөх” гэж заасан тул ажилд томилохыг даалгах нь хуулийн дээрх заалтад нийцэхгүй, нэхэмжлэгчээс өөрийн хүсэлтээр өндөр насны тэтгэвэр тогтоолгосон байна.

17. Давж заалдах шатны шүүхээс “...нэг удаагийн буцалтгүй тусламж олгох асуудлыг холбогдох журмын дагуу шийдвэрлэхийг хариуцагчид даалгаж шийдвэрлэв” гэж нэхэмжлэлийн шаардлагад тусгагдаагүй асуудлаар шийдвэр гаргаж, нэхэмжлэлийн шаардлагаас хэтэрсэн дүгнэлт хийсэн байна. Тодруулбал, нэхэмжлэгчээс Төрийн албаны тухай хуулийн 30 дугаар зүйлийн 30.2 дахь хэсэгт заасан нэг удаагийн буцалтгүй тусламж олгохыг даалгах нэхэмжлэлийн шаардлага гаргаагүй, хариуцагчаас хариу тайлбар аваагүй, анхан шатны шүүхээс дүгнээгүй асуудлаар хариуцагчид үүрэг оногдуулсан нь Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.5 дахь хэсэгт нийцэхгүй, хариуцагчийн гомдлын энэ хэсгийг хангах үндэслэлтэй.

18. Анхан шатны шүүхээс “ажилтныг өмнө эрхэлж байсан ажил, албан тушаалд эгүүлэн тогтоосон тохиолдолд нөхөх олговрыг олгож болохоор хуульд тусгайлан заажээ. Тухайн тохиолдолд томилохыг даалгаж шийдвэрлэсэн нь ... урьд эрхэлж байсан ажил, албан тушаалд нь эгүүлэн тогтоох тухай хууль зүйн ялгаатай ойлголт” гэсэн ойлгомжгүй дүгнэлт хийж, ажилгүй байсан хугацааны нөхөх олговор гаргуулах нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн нь буруу байна.

19. Хариуцагчийн “төрийн албан хаагчийн хуульд заасан баталгааг хангаж, 6 сарын тэтгэмж олгосон” тухай гомдол үндэслэлгүй байна. Учир нь Төрийн албаны хуулийн /2002 он/ 27 дугаар зүйлийн 27.2.4 дэх хэсэгт зааснаар төрийн жинхэнэ албан хаагч нь цалин хөлсөө бууруулахгүйгээр мэргэжил, мэргэшлийн дагуу өөр албан тушаалд шилжих буюу төрийн хөрөнгөөр 6 сар хүртэл хугацаагаар дахин мэргэшиж, эсхүл нэг удаагийн тэтгэлэг олгохоор зохицуулсан. Гэтэл хариуцагч нь нэхэмжлэгчийг мэргэжил, мэргэшлийн дагуу өөр ажилд шилжүүлэн томилох үүргээ хэрэгжүүлээгүй, ийнхүү шилжүүлэн томилох боломжгүй тухай үндэслэл бүхий тайлбар гаргаагүй атлаа шууд тэтгэлэг олгосон байгаа нь нэхэмжлэгчийн эрх зүйн байдлыг дордуулсанд тооцогдоно.

20. Хөдөлмөрийн тухай хуулийн 69 дүгээр зүйлийн 69.1 дэх хэсэгт “энэ хуулийн 36.1.2-т заасны дагуу ажилтныг ажил, албан тушаалд нь эгүүлэн тогтоосон бол түүнд ажилгүй байсан бүх хугацаанд нь авч байсан дундаж цалин хөлстэй тэнцэх, олговор ... олгоно” гэж заасан. Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчөөс хуулийн энэ зохицуулалтыг хэрэглэж, “ажилтныг өмнө эрхэлж байсан ажил, албан тушаалд нь эгүүлэн тогтоосон тохиолдолд олговор олгоно, нэхэмжлэгчийг ажилд эгүүлэн тогтоогоогүй тул цалин гаргуулах нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгоно” гэж гомдлын үндэслэлээ тодорхойлжээ.

21. Шүүхээс нэхэмжлэлийн шаардлагын ажилгүй байсан хугацааны нөхөх олговор гаргуулах шаардлагыг хангаж шийдвэрлэхдээ хуулийн дээрх зохицуулалтыг биш, ажилд эгүүлэн тогтоох үйл баримттай холбоогүйгээр, харин захиргааны байгууллагын хууль бус үйл ажиллагааны хохиролд тооцож, ажилгүй байсан хугацааны цалинг Захиргааны ерөнхий хуулийн 100 дугаар зүйлийн 100.1 дэх хэсгийг хэрэглэж, нөхөх олговор гаргуулсан тул хариуцагчийн гомдол үндэслэлгүй юм.

22. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.1.2 дахь хэсэгт “холбогдох захиргааны байгууллага нь дээд шатны захиргааны байгууллага эсхүл гомдлыг хянан шийдвэрлэх чиг үүрэг бүхий захиргааны байгууллагаас гаргасан шийдвэрийг биелүүлээгүй бол шийдвэрийг мэдэгдсэнээс хойш 30 хоногийн дотор шүүхэд нэхэмжлэл гаргана” гэж заасан.  Хариуцагчаас нэхэмжлэгчийг ажилд томилоогүй хууль бус эс үйлдэхүй гаргаж байсан буюу ажлаас чөлөөлсөн, эсхүл томилсон тодорхой шийдвэр гаргаагүй тул хөөн хэлэлцэх хугацааг тооцох боломжгүй, захиргааны байгууллага өөрийн гаргасан шийдвэрийг “мэдэгдэх” үүргээ зохих ёсоор хэрэгжүүлээгүй учраас хариуцагчийн “шүүхэд хандах хөөн хэлэлцэх хугацаа хэтрүүлсэн” тухай гомдлыг хангах үндэслэлгүй.

23. Дээрх үндэслэлүүдээр магадлалыг хүчингүй болгож, анхан шатны шүүхийн шийдвэрт өөрчлөлт оруулах нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүнээс үзлээ.

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 127 дугаар зүйлийн 127.1, 127.2.3 дахь заалтыг удирдлага болгон ТОГТООХ нь:

1.Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн 2019 оны 02 дугаар сарын 27-ны өдрийн 221/МА2019/0116 дугаар магадлалыг хүчингүй болгож, Баянхонгор аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 11 дүгээр сарын 28-ны өдрийн 111/ШШ2018/0031 дүгээр шийдвэрийн “тогтоох” хэсгийн 1 дэх заалтыг “Төрийн албаны тухай /2002 он/ хуулийн 24 дүгээр зүйлийн 24.1.1, 27 дугаар зүйлийн 27.2.4, Захиргааны ерөнхий хуулийн 100 дугаар зүйлийн 100.1 дэх хэсгийг тус тус баримтлан нэхэмжлэгч Х.У-ийн нэхэмжлэлийн шаардлагын зарим хэсгийг хангаж, Хөдөлмөр, халамж, үйлчилгээний ерөнхий газрын даргын 2016 оны 10 дугаар сарын 06-ны өдрийн Б/214 дүгээр тушаал болон 2018 оны 01 дүгээр сарын 15-ны өдрийн 1/56 дугаар албан бичгийг биелүүлэхгүй байгаа Баянхонгор аймгийн Хөдөлмөр, халамжийн үйлчилгээний газрын даргын эс үйлдэхүй хууль бус болохыг тогтоож,  2016 оны 10 дугаар сарын 06-ны өдрөөс 2018 оны 11 дүгээр сарын 28-ны өдөр хүртэлх ажилгүй байсан хугацааны нөхөх олговрыг хариуцагч Баянхонгор аймгийн Хөдөлмөр, халамжийн үйлчилгээний газраас гаргуулж нэхэмжлэгчид олгож, нэхэмжлэлийн үлдэх шаардлага Нийгмийн халамжийн хэлтсийн даргаар томилохыг даалгах шаардлагыг хэрэгсэхгүй болгосугай” гэж өөрчилж, бусад хэсгийг хэвээр үлдээсүгэй.

2. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.3-д зааснаар хариуцагч тэмдэгтийн хураамжаас чөлөөлөгдсөн болохыг дурдсугай.

 

            ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                                         Ч.ТУНГАЛАГ

                      ШҮҮГЧ                                                                                П.СОЁЛ-ЭРДЭНЭ