Дорнод аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2016 оны 07 сарын 28 өдөр

Дугаар 87

 

 

 

 

 

 

 

 

 

 

Д.Алтанцэцэгт холбогдох захиргааны зөрчлийн талаар

 

Дорнод аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч Л.Наранбаяр даргалж, шүүгч А.Энхбаатар, З.Энхцэцэг нарын бүрэлдэхүүнтэй, нарийн бичгийн дарга Г.Намуунзул, гомдол гаргагч М.Зоригтын өмгөөлөгч С.Батхүлэг нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны "В" танхимд явуулсан давж заалдах шатны шүүх хуралдаанаар Дорнод аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2016 оны 07 сарын 05-ны өдрийн 25 дугаар шүүгчийн захирамжийг эс зөвшөөрч, гомдол гаргагч М.Зоригтын өмгөөлөгч Б.Ганбатын давж заалдах гомдлоор Д.Алтанцэцэгт холбогдох захиргааны зөрчлийн материалыг 2016 оны 07 сарын 18-ны өдөр хүлээн авч, шүүгч З.Энхцэцэгийн илтгэснээр хянан хэлэлцэв.

УИХ-ын 14 дүгээр тойрогт Ардчилсан намаас нэр дэвшигч М.Зоригт Дорнод аймгийн Цагдаагийн газарт гаргасан гомдолдоо: …Ардчилсан намаас нэр дэвшигч М.Зоригт миний нэр төр, алдар хүндийг гутаах зорилгоор Дорнод аймгийн харьяат  Г.Алтанхуягийн эрхлэн ажиллуулдаг www.dornod.net цахим хуудсаараа дамжуулан тус тойргоос Монгол ардын намаас нэр дэвшигч Х.Болорчулууны сонгуулийн штабаас илт худал гүжирдлэг тарааж, намайг гүтгэн доромжилж ор үндэсгүй хуурамч мэдээлэл олон нийтэд тарааж байгаа, Эрүүгийн хууль болон сонгуулийн тухай хуулийг зөрчсөн, гэмт хэргийн шинжтэй үйлдлийг шалгуулж, таслан зогсоолгохоор энэхүү гомдлыг гаргаж байна. Г.Алтанхуягийн эрхлэн ажиллуулдаг www.dornod.net сайтад 2016 оны 06 сарын 25-ны өдрөөс эхлэн "Сэрэмжлүүлэг" гэх нийтлэлийг олон нийтийн сүлжээгээр цацаж эхэлсэн ба одоо ч цацсаар байна. Уг нийтлэлээр миний болон бусад нэр дэвшигчдийн нэр төр, алдар хүндийг гутаах зорилгоор ор үндэсгүй, илт худал гүжирдлэгийн утга агуулсан дараах мэдээллийг тараажээ.

Үүнд: Сонгуулийн сурталчилгааны хугацаанд Дорнод аймагт хайр зарлан гаднаас ирсэн зарим нэр дэвшигчид уулзалтандаа хүн цуглуулахын тулд мөнгө тараах, амлах, нийслэлээс дуучид тамирчид авчрах гэх мэт хууль зөрчсөн үйлдлүүд хийсээр байна. Энэ байдал сонгуулийн санал өгөх үйл ажиллагааны үед давтагдах магадлал өндөр байгаа тул иргэд та бүхэн анхаарал болгоомжтой байхыг сэрэмжлүүлж байна… гэжээ.

М.Зоригт миний бие болон сонгуулийн штабын зүгээс дээр дурдсанчлан мөнгө тараасан, мөнгө амлах, дуучид тамирчид авчирсан зэрэг хууль зөрчсөн ямар ч үйлдэл гаргаагүй байхад гаргасан зэргээр ямар ч баримт нотолгоогүйгээр бусдыг доромжилсон ор үндэсгүй гүжир гүтгэлгийг эрс эсэргүүцэж байна.

Дээрхээс үзэвэл уг нийтлэл нь бүхэлдээ миний нэр төр, алдар хүндийг гутаах зорилготой илт худал гүжирдлэг байх бөгөөд уг гүтгэлгээ олон нийтэд тарааж буй явдал нь Эрүүгийн хуулийн 111 дүгээр зүйлд заасан гэмт хэргийн шинжтэй үйлдэл мөн гэж үзэж байна.

Иймд энэхүү үйлдлийг шалгаж, юуны түрүүн олон нийтэд гүтгэлэг тараасаар байгаа энэхүү хууль бус үйлдлийг нэн даруй таслан зогсоож, гэм буруутай этгээдэд хуульд заасан хариуцлага хүлээлгэн миний зөрчигдсөн эрхийг сэргээж өгнө үү.

Мөн энэхүү гүтгэлэг намайг УИХ-ын сонгуульд дэвшсэн үйл ажиллагаанд саад учруулах зорилгоор Сонгуулийн тухай хуулийг зөрчин, тус хуулийн 70 дугаар зүйлийн 70.1.6-д "хэвлэл мэдээллийн хэрэгсэл, цахим орон зай ашиглан бусдыг гүтгэн доромжлох, хуурамч мэдээлэл тараах” гэмт үйлдэл болно.

Сонгуулийн тухай хуулийн 70 дугаар зүйлийн 70.1.8-д заасны дагуу www.dornod.net цахим хуудасны хандалтыг түдгэлзүүлж, гэм буруутай этгээдүүдэд Сонгуулийн тухай хуульд заасан арга хэмжээ авч өгнө үү гэжээ.

Дорнод аймаг дахь Сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2016 оны 07 сарын 05-ны өдрийн 25 дугаар шүүгчийн захирамжаар: Дорнод аймгийн Цагдаагийн газраас ирүүлсэн Д.Алтанцэцэгт захиргааны шийтгэл ногдуулахаас татгалзаж шийдвэрлэжээ.

Гомдол гаргагч М.Зоригтын өмгөөлөгч Б.Ганбат давж заалдах гомдолдоо: Дорнод аймаг дахь Сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2016 оны 07 сарын 05-ны өдрийн 25 дугаар шүүгчийн захирамжийг эс зөвшөөрч дараах гомдлыг гаргаж байна.

Захирамжийн үндэслэх хэсэгт “…мөнгө тараах, амлах, нийслэлээс дуучид тамирчид авчрах гэх мэт хууль зөрчсөн үйлдлүүд хийсээр байна…" гэсэн агуулга бүхий нийтлэл нь УИХ-ын 14 дүгээр тойрогт Ардчилсан намаас нэр дэвшигч М.Зоригтын  нэр төр, алдар хүндийг гутаах зорилго агуулаагүй, бусдыг гүтгэн доромжилоогүй бөгөөд уг нийтлэлийг  Монгол ардын намаас нэр дэвшигч Х.Болорчулууны сонгуулийн штабаас эрхлэн нийтлээгүй болох нь нотлох баримтуудаар нотлогдож байх тул захиргааны шийтгэл ногдуулахаас татгалзах нь зүйтэй гэж шүүх үзлээ гэжээ. Зөрчлийн материалд авагдсан www.dornod.net вэб сайтад тавигдсан мэдээллийг хаанаас эрхлэн нийтэлсэн нь тухайн нийтлэлийн доод хэсэгт тодорхой заасан буюу “Сэрэмжлүүлэг” гэсэн нийтлэлийн төгсгөлийн хэсэгт “УИХ-ын 14 дүгээр тойрогт МАН-аас нэр дэвшигч Х.Болорчулууны сонгуулийн штаб” гэсэн бичвэрээр тодорхой харагдаж байхад шүүх үүнийг Д.Алтанцэцэг гэх иргэний хувь хүний өөрийн үзэл бодол гэж, гомдол гаргагчийн зүгээс хэнд хандаж гомдол гаргасан буюу зөрчил гаргагч нь Х.Болорчулууны сонгуулийн штаб гэж үзэн гомдол гаргасан байхад огт хамааралгүй өөр иргэнийг зөрчил гаргасан этгээд болгосон, уг иргэн нь Х.Болорчулууны сонгуулийн штабтай ямар хамааралтай эсэхэд огт дүгнэлт хийгээгүй, буруу дүгнэсэн байна. Мөн 2016 оны Улсын их хурлын сонгуулийн 14 дүгээр тойрогт АН-аас М.Зоригт, МАН-аас Х.Болорчулуун, МАХН-аас Ж.Энхжаргал нар нэр дэвшсэн, уг нийтлэлийг Х.Болорчулууны сонгуулийн штабаас нийтэлсэн гэдэг нь тодорхой харагддаг бөгөөд тухайн нийтлэлийн агуулгыг харахад “Дорнод аймагт хайр зарлан гаднаас ирсэн зарим нэр дэвшигчид уулзалтандаа хүн цуглуулахын тулд мөнгө тараах, амлах, нийслэлээс дуучид тамирчид авчрах гэх мэт хууль зөрчсөн үйлдлүүд хийсээр байна” гэсэн нь шууд бусад нэр дэвшигчид түүний дотор М.Зоригтын эсрэг чиглэсэн гэдэг нь туйлын ойлгомжтой утга санааг агуулсан байдаг. Х.Болорчулууны сонгуулийн штабаас нийтэлсэн уг нийтлэлд дурьдсан үйлдлүүдийг М.Зоригт болон түүний сонгуулийн штабаас огт хийгээгүй, хууль зөрчсөн эсэх нь шүүхийн хүчин төгөлдөр шийдвэрээр нотлогдоогүй, илт гүтгэлгийн шинжтэй бөгөөд Сонгуулийн тухай хуулийн 70.1.6 дахь заалт нь “хэвлэл мэдээллийн хэрэгсэл, цахим орон зай, мессеж ашиглан … бусдыг гүтгэн доромжлох, хуурамч мэдээлэл тараах үйлдэл үйл ажиллагааг хориглоно” гэж заасан. Шүүх уг зөрчлийг хянан шийдвэрлэхдээ тухайн нийтлэлийг эрхлэн нийтэлсэн этгээдийн талаар огт дүгнэлт хийгээгүй, эрхлэн нийтэлсэн этгээдийн үйлдэл нь тухайн нийтлэлд заасан буюу хэнээс гаргасан гэдгээ тодорхой бичсэн байхад үүнийг огт үнэлж дүгнэлт өгсөнгүй. Мөн уг вэб сайтаар дамжуулан Х.Болорчулууны сонгуулийн штаб бусдыг үндэслэлгүйгээр хууль зөрчсөн мэтээр гүтгэн доромжилсон гэсэн өнцгөөс бус М.Зоригт болон түүний сонгуулийн штабын зүгээс гаргасан гомдолд огт дурдагдаагүй, мэдэхгүй этгээдийг уг хэрэгт хамааруулан хянан шийдвэрлэсэн нь хууль зөрчсөн үйлдэл гэж үзэж байна. Иймд Дорнод аймаг дахь Сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2016 оны 07 сарын 05-ны өдрийн 25 дугаар шүүгчийн захирамжийг хүчингүй болгож, гомдол гаргагчийн гомдлыг хангаж, гэм буруутай этгээдэд хариуцлага тооцож өгнө үү гэжээ.

                                          ТОДОРХОЙЛОХ нь:

Гомдол гаргагч М.Зоригт нь Дорнод аймгийн Цагдаагийн газарт гаргасан гомдолдоо:  Монгол Улсын УИХ-ын гишүүн, Зам тээврийн сайд, 2016 оны УИХ-ын сонгуулийн 14 дүгээр тойрогт Ардчилсан намаас нэр дэвшигч М.Зоригт миний нэр төр, алдар хүндийг гутаах зорилгоор Дорнод аймгийн харъяат Г.Алтанхуягийн эрхлэн ажиллуулдаг www.dornod.net цахим хуудсаараа дамжуулан тус тойргоос Монгол ардын намаас нэр дэвшигч Х.Болорчулууны сонгуулийн штабаас илт худал гүжирдлэг тарааж, намайг гүтгэн доромжилж, ор үндэсгүй хуурамч мэдээлэл олон нийтэд тарааж байгаа, Эрүүгийн хууль болон Сонгуулийн тухай хуулийг зөрчсөн, гэмт хэргийн шинжтэй үйлдлийг шалгуулж, таслан зогсоолгохоор энэхүү гомдлыг гаргаж байна гэжээ.

            Зөрчлийн материалд авагдсан нотлох баримтуудаар зөрчилд холбогдогч Д.Алтанцэцэг нь Г.Алтанхуягийн эрхлэн ажиллуулдаг www.dornod.net цахим хуудсанд “Сонгуулийн сурталчилгааны хугацаанд Дорнод аймагт хайр зарлан гаднаас ирсэн зарим нэр дэвшигчид уулзалтандаа хүн цуглуулахын тулд мөнгө тараах, амлах, нийслэлээс дуучид, тамирчид авчрах гэх мэт хууль зөрчсөн үйлдлүүд хийсээр байна. Энэ байдал сонгуулийн санал өгөх үйл ажиллагааны үед давтагдах магадлал өндөр байгаа тул иргэд та бүхэн анхаарал болгоомжтой байхыг сэрэмжлүүлж байна. ... УИХ-ын 14 дүгээр тойрогт МАН-аас нэр дэвшигч Х.Болорчулууны сонгуулийн штаб” гэсэн нийтлэлийг бичсэн болох нь зөрчилд холбогдогчийн тайлбар, бусад баримтуудаар тогтоогдсон байна.

            Анхан шатны шүүх дээрх нийтлэлийг УИХ-ын 14 дүгээр тойрогт нэр дэвшигч Х.Болорчулууны сонгуулийн штабаас эрхлэн нийтлээгүй гэж дүгнэсэн атлаа зөрчилд холбогдогч Д.Алтанцэцэгт захиргааны шийтгэл ногдуулахаас татгалзаж шийдвэрлэсэн нь ойлгомжгүй болжээ.

Иймд анхан шатны шүүх Сонгуулийн тухай хуулийг зөв тайлбарлан хэрэглээгүй гэж үзэх үндэслэлтэй байх тул гомдол гаргагчийн өмгөөлөгчийн давж заалдах гомдлыг хүлээн авч, шүүгчийн захирамжийг хүчингүй болгож, дахин шийдвэрлүүлэхээр буцаах нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн дүгнэв.

Монгол Улсын Шүүхийн тухай хуулийн 20 дугаар зүйлийн 20.1.1, 31 дүгээр зүйлийн 31.3.2-д заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Гомдол гаргагч М.Зоригтын өмгөөлөгчийн гаргасан давж заалдах гомдлыг хүлээн авч, Дорнод аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2016 оны 07 сарын 05-ны өдрийн 25 дугаар шүүгчийн захирамжийг  хүчингүй болгож, дахин шийдвэрлүүлэхээр анхан шатны шүүхэд буцаасугай.  

2. Монгол Улсын Захиргааны хариуцлагын тухай хуулийн 19 дүгээр зүйлийн 19.2.1 дэх хэсэгт зааснаар магадлал нь эцсийн шийдвэр тул гомдол гаргах эрхгүй болохыг дурдсугай.

                                                                                                                      

 

                             ДАРГАЛАГЧ                            Л.НАРАНБАЯР

                ШҮҮГЧИД                               А.ЭНХБААТАР

                                                                      З.ЭНХЦЭЦЭГ