Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2023 оны 11 сарын 16 өдөр

Дугаар 2023/ДШМ/1099

 

   2023            11            16                                          2023/ДШМ/1099

 

 

Ц.Пд холбогдох

эрүүгийн хэргийн тухай

 

Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч Н.Батсайхан даргалж, шүүгч Т.Өсөхбаяр, шүүгч Б.Батзориг нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанд:

прокурор Ж.Бүрэнжаргал,

            шүүгдэгч Ц.П, түүний өмгөөлөгч Г.Энхтүвшин,

хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Б.Э,

нарийн бичгийн дарга Б.Пэрэнлэйдулам нарыг оролцуулан,

Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч М.Солонгоо даргалж хийсэн шүүх хуралдааны 2023 оны 9 дүгээр сарын 19-ний өдрийн 2023/ШЦТ/1210 дугаар шийтгэх тогтоолыг эс зөвшөөрч шүүгдэгч Ц.П, түүний өмгөөлөгч Г.Энхтүвшин нарын гаргасан давж заалдах гомдлуудыг үндэслэн Ц.Пд холбогдох эрүүгийн 2207003472108 дугаартай хэргийг 2023 оны 11 дүгээр сарын 6-ны өдөр хүлээн авч, шүүгч Б.Батзоригийн илтгэснээр хянан хэлэлцэв.

Ц.Э

Шүүгдэгч Ц.П нь 2022 оны 10 дугаар сарын 27-ны өдөр Баянзүрх дүүргийн 11 дүгээр хорооны нутаг дэвсгэрт байрлах “К” ХХК-ийн эзэмшлийн худалдаа үйлдвэрлэлийн зориулалтын хашаанд байрлуулсан К/K/-ын эзэмшлийн 40 тонны зориулалтыг өөрчилсөн контейнерыг хүч хэрэглэхгүй, нууцаар, хууль бусаар авах гэмт хэргийг хүндрүүлэх нөхцөл байдалтайгаар буюу Ж.Бгийн эзэмшлийн 35-38УНЯ улсын дугаартай машин, механизм ашиглаж үйлдэн хохирогчид 18.400.000 төгрөгийн хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ.

 

Баянзүрх дүүргийн прокурорын газраас: Ц.Пгийн үйлдлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.4-т зааснаар зүйлчлэн яллах дүгнэлт үйлдэж, хэргийг шүүхэд шилжүүлжээ.

Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх: Шүүгдэгч Ц.Пг “бусдын эд хөрөнгийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар учрах саадыг арилгах зорилгоор машин механизм ашиглаж хулгайлах” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.4-т зааснаар 2 жилийн хугацаагаар хорих ялаар шийтгэж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 3, 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Ц.Пд оногдуулсан хорих ялыг нээлттэй хорих байгуулагад эдлүүлэхээр тогтоож, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 21.5 дугаар зүйлийн 6 дахь хэсэгт зааснаар эд хөрөнгө битүүмжлэх тухай прокурорын тогтоолыг хүчингүй болгож, 40 тонны контейнерыг хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Б.Эод шилжүүлж, Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 510 дугаар зүйлийн 510.1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Ц.Пгээс 12.500.000 төгрөгийг гаргуулан иргэний нэхэмжлэгч Н.Гд олгож, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.5 дугаар зүйлд зааснаар гэмт хэрэг үйлдэхдээ ашигласан машин механизмын үнэ болох 50.709.375 төгрөгийг шүүгдэгчээс гаргуулж улсын орлого болгож, энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн зүйлгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, цагдан хоригдсон хоноггүй болохыг тус тус дурдаж шийдвэрлэжээ.

Шүүгдэгч Ц.П давж заалдах гомдол болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “... өөрийн үйлдлийг хүлээн зөвшөөрч байна. Миний бие эрүүл мэндийн хувьд ял эдэлж чадахааргүй байна. Учир нь, зүрхний хоёр титэм судсанд гуурс тавиулж 3 дугаар эмнэлгийн шигдээсийн тасагт хяналтанд байдаг бөгөөд шинээр зүрхний хавхлага солиулах шаардлагатай юм. Дээр нь чихрийн шижингийн өвчтэй, ходоодны шархтай юм. Одоо миний бие “Э” ХХК-иас 18 сая төгрөг авах шүүхийн шийдвэртэй боловч авч чадахгүй байна. ... миний эхнэрийн төрсөн ах Б надтай хамт уг контейнерыг дэлгүүр гуанзаар ажиллуулахаар тавих газар хайж явсан. Мөн Саранзул нь уг контейнерыг манай даргыг монголд оруулж ирэх зөвшөөрөл авч өгвөл уг контейнерыг өгье гэсэн юм. Иймэрхүү байдлаас миний бие уг хулгайг хийж дураараа аашилсан. Би бодохдоо Саранзул хариуцах учраас гээд уг хэргийг үйлдсэн. Саранзулд анх бүх эрх байсан боловч өөрийн ажлын байраа бодож өөр хүнд эрхээ шилжүүлсэн. Тухайн үед намайг авсныг мэдээд ахаа би энэ оргилд арай гэж хүрсэн. Одоо ажилгүй боллоо гэж хэлсэн учир би анхнаас нь эцэг Бг хэлээгүй юм. Яагаад үүнийг бичих болсон учир нь миний хэргийн зүйлчлэл ямар хөнгөрөх гарцгүй юм байна. Дээр нь улсад 50 гаран сая төгрөг төлөх болсон нь надад хүнд байна. Надад шүүхээр, захиргааны хэргийн шүүхээр шийдвэрлүүлэхээр явж буй зарга байна. Мөн албадан гүйцэтгэх захирамжтай арав гаран сая төгрөгийн авлага байна. Хохирогч Гд 12.500.000 төгрөгийг өгнө. Солонгос хүнд контейнерыг аваачиж өгсөн тул хохиролгүй болсон. Иймд надад оногдуулсан ялыг хөнгөрүүлж өгнө үү.” гэв.

Шүүгдэгч Ц.Пгийн өмгөөлөгч Г.Энхтүвшин давж заалдах гомдол болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “... шүүгдэгч Ц.П үйлдсэн гэмт хэргээ мөрдөн байцаалтын шат болон шүүхэд үнэн зөвөөр мэдүүлж ирсэн. “К” ХХК-ийн хөрөнгө болох 40 тонн контейнерыг эргүүлэн өгч хохирлыг бүрэн барагдуулах болно. Иргэний нэхэмжлэгч Н.Гд 2.500.000 төгрөгийг төлсөн, үлдэгдэл 12.500.000 төгрөгийг нөхөн төлөхөө илэрхийлж байгаа. Анхан шатны шүүх шүүгдэгч Ц.Пгээс Эрүүгийн хуулийн 7.5 дугаар зүйлд зааснаар гэмт хэрэг үйлдэхдээ ашигласан машин механизмын үнэ болох 50.709.375 төгрөгийг шүүгдэгчээс гаргуулж улсын орлого болгуулахаар шийдвэрлэсэн. Тогтоох хэсгийн 5 дугаар заалтыг эс зөвшөөрч байна. Учир нь, Эрүүгийн хуулийн тухай ерөнхий ангийн 7.5 дугаар зүйлийг үндэслэн гэж заагаад шүүгдэгч Ц.Пгээс дээрх төлбөрийг гаргуулахаар шийдвэрлэсэн нь хууль хэрэглээний хувьд алдаатай байна. Тодорхой зохицуулалтыг дурдаагүй байна. Түүнчлэн, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.5 дугаар зүйлийн 1, 2, 3, 4 дэх хэсгүүдэд тус тус зааснаас үзэхэд, контейнерыг зөөвөрлөсөн техник-тээврийн хэрэгсэл нь Ц.Пгийн өмчлөлийн хөрөнгө биш тул тээврийн хэрэгслийн үнийг Ц.Пгээс гаргуулахаар шийдвэрлэсэн нь хуулийн заалтад нийцэхгүй байна гэж үзэж шийтгэх тогтоолын тогтоох хэсгийн 5 дахь заалтыг хүчингүй болгохыг хүсч байна. Ц.П хэргийн үйл баримтын талаар болон хохирол төлбөрийн талаар маргаагүй, үйлдсэн хэрэгтээ гэмшиж харамсаж байгаа ба учруулсан хохирлыг төлж барагдуулахаа илэрхийлж байгаа, анх удаа гэмт хэрэг үйлдсэн байгаа нь Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1-д зааснаар ял хөнгөрүүлэх үндэслэл болно. Иргэний нэхэмжлэгчийн төлбөрийг төлж 12.500.000 төгрөгийн үлдэгдэлтэй байна. Ц.П одоо 68 настай өндөр настан бөгөөд биеийн эрүүл мэнд зүрх маш муу байгаа нь хорих ял эдлэхэд хүндрэлтэй байгааг харгалзан ан хан шатны шүүхээс оногдуулсан 2 жилийн хорих ялыг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.3-т заасныг үндэслэн хорих ялыг хөнгөрүүлж, мөн гэмт хэрэг үйлдэхэд ашигласан тээврийн хэрэгслийн үнэ болох 50.709.375 төгрөгийг гаргуулах гэснийг хүчингүй болгож өгнө үү. ... Хохирогчид учруулсан хохирол төлбөрөө нөхөн төлөхөө илэрхийлж, бусдаас авах мөнгөний авлага нь шийдвэр гүйцэтгэлийн шатанд хэрэгжээгүй байгааг мөн анхаарч үзнэ үү.” гэв.

Хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Б.Э шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “Контейнероо буцаагаад авчихвал өөр гомдол, саналгүй. Контейнероо авахаар хандсан боловч Н.Г гэх хүн өгөхгүй гээд авч чадаагүй.” гэв.

Прокурор Ж.Бүрэнжаргал шүүх хуралдаанд гаргасан дүгнэлтдээ: “... Анхан шатны шүүхийн шийтгэх тогтоол хууль ёсны бөгөөд үндэслэлтэй гарсан тул шүүгдэгч болон түүний өмгөөлөгч нараас гаргасан давж заалдах гомдлыг хэрэгсэхгүй болгож, шийтгэх тогтоолыг хэвээр үлдээх саналтай байна. Шүүгдэгч, түүний өмгөөлөгчөөс Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийг хэрэглэж хорих ялыг багасгуулах талаар гомдолдоо дурджээ. Уг зүйл заалт нь хохирол төлбөр төлсөн байхыг шаарддаг. Гэвч шүүгдэгч нь хохирол төлбөр төлсөн зүйлгүй тул оногдуулсан ялыг багасгах боломжгүй байна.” гэв.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

Давж заалдах шатны шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.1 дүгээр зүйлийн 1, 3 дахь хэсэгт зааснаар давж заалдах гомдлуудад заасан асуудлаар хязгаарлахгүйгээр хэргийн бүх ажиллагаа, шийдвэрийг бүхэлд нь хянаж үзлээ.

 

Хэргийн бүх ажиллагааг хянахад, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих байдлуудыг хангалттай шалгаж тодруулсан, мөрдөн шалгах ажиллагааны үед болон шүүхээр хэрэг хянан шийдвэрлэх явцад оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрхийг хасаж, хязгаарласан, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан шаардлагыг зөрчсөн зөрчил тогтоогдоогүй болно.

 

Шүүгдэгч Ц.П нь 2022 оны 10 дугаар сарын 27-ны өдөр Баянзүрх дүүргийн 11 дүгээр хорооны нутаг дэвсгэрт байрлах “К” ХХК-ийн эзэмшлийн худалдаа үйлдвэрлэлийн зориулалтын хашаанд байрлуулсан К/K/-ын эзэмшлийн 40 тонны зориулалтыг өөрчилсөн контейнерыг хүч хэрэглэхгүй, нууцаар, хууль бусаар авах гэмт хэргийг хүндрүүлэх нөхцөл байдалтайгаар буюу Ж.Бгийн эзэмшлийн 35-38УНЯ улсын дугаартай машин, механизм ашиглаж үйлдэн хохирогчид 18.400.000 төгрөгийн хохирол учруулсан болох нь:

 

хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Б.Эын “... манай компанийн эзэмшлийн Баянзүрх дүүргийн 11 дүгээр хорооны нутаг дэвсгэрт байрлах хашаан дотор байрлуулсан мөн манай компанийн эзэмшлийн 40 тонны ногоон өнгөтэй контейнер 2023 оны 11 дүгээр сарын үед хулгайд алдсан байсан болохоор цагдаад хандсан юм. ... манай контейнер ногоон өнгөтэй, хүн амьдрах зориулалтаар тохижуулсан 1 хаалга, 4 цонхтой байсан. Контейнероо 18.000.000 төгрөгөөр үнэлж байна.” /1хх 111-112/,

 

гэрч Ж.Бгийн “... Ц.Пгийн хамт контейнер зөөхөд оролцож Тэрэлж рүү явдаг нүхэн гарцын баруун зүгт контейнер байсан. Өөрөөр хэлбэл, Налайх дүүрэг рүү явах замд нүхэн гарцын хойшоо явах үед жолоочийн зүүн гар талд цайвар ногоон өнгийн 45 орчим тонны контейнер байсан. Би ганцаараа контейнерыг өөрийнхөө тээврийн хэрэгслээр зөөсөн. Тухайн үед хоёр кранаар өргөж би ачсан. Контейнерыг ачаад хуучин 22-ын товчоонд буулгасан. Намайг контейнерыг буулгах үед ах, эгч хоёр байсан. ... Зар дээрээс миний утасны дугаарыг аваад “контейнер ачуулъя, миний эзэмшлийн газарт байгаа контейнерыг зам ашиглалтад орох гэж байгаа учраас улсаас буцааж өгч байгаа” гэж хэлсэн. Би контейнерыг хулгайн эд зүйл гэж мэдээгүй. ...” /2хх 7-9/,

 

гэрч Б.Саранзулын “... Контейнер сургуулийн хашаанд байсан. Ковидын үед тэр хашаа руу шилжүүлсэн. Хэд хэдэн контейнер байсныг мэддэг ба Налайх руу явах замд контейнер харагддаг байсан. Контейнерыг эзэмших эрх надад байхгүй. К захирал ковидын үед Солонгос улсад байсан. Налайхын сахарын рашаан руу явах замд контейнер байсан учир ажиглаж байгаарай гэж хэлсэн. Аав, эгчдээ “даргаасаа контейнерыг нь гуйдаг юм билүү” гэж хэлж байсан. Би контейнерыг Ц.П ахыг “зар” гэж хэлээгүй. Би Ц.П ахыг контейнер авсан талаарх асуудлыг Налайх дүүргийн цагдаагийн газраас над руу залгах үед мэдсэн. Надад контейнерыг захиран зарцуулах эрх байхгүй. ...” /2хх 9-12 /

 

иргэний нэхэмжлэгч Н.Гийн “... Фэйсбүүк дээрээс контейнер зарна гэсэн зарын дагуу 2022 оны 10 дугаар сарын 27-ны өдөр утсаар холбогдож 40 тонны саарал ногоон өнгөтэй, хаалга, цонхтой контейнерыг 15.000.000 төгрөгөөр шилжүүлээд тухайн зарсан хүн өөрөө контейнерыг авч ирж өгсөн. Би хулгайн эд зүйл гэдгийг мэдээгүй. Одоо тухайн контейнер Сонгинохайрхан дүүргийн 32 дугаар хороо, хуучин 22 дугаар товчооны урд талд манай дүүгийн хашаанд байгаа, ... контейнер зарсан хүн намхан нуруутай, махлагдуу эрэгтэй хүн байсан. ...” /1хх 116-117/,

 

Ц.Пгийн яллагдагчаар өгсөн “... амьдралын аргагүй байдлаас болж контейнерыг зарж өрөндөө тараасан. Би контейнерыг 15.000.000 төгрөгөөр зарсан бөгөөд өөрийн эхнэр Ж.Мгийн худалдаа хөгжлийн банкны 474017959 тоот дансанд 13.000.000 төгрөгийг, өөрийн хаан банкны 5727155567 тоот дансанд 1.500.000 төгрөг, 350.000 төгрөгөөр хувааж авсан шиг санагдаж байна. Би тэр мөнгөнөөс жолоочийн тээврийн зардалд 1.300.000 төгрөгийг шилжүүлсэн. ...” /1хх 149-151/,

 

“Дамно” ХХК-ийн 2022 оны 11 дүгээр сарын 29-ний өдрийн НД-22-186, 2023 оны 5 дугаар сарын 25-ны өдрийн БЗДЗ-23-334 дугаартай хөрөнгийн үнэлгээний тайлангууд /1хх 18-19, 125-129/ зэрэг мөрдөн шалгах ажиллагааны явцад хуульд заасан үндэслэл журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн, анхан шатны шүүхийн шүүх хуралдааны хэлэлцүүлгийн явцад хянан хэлэлцэгдсэн нотлох баримтуудаар тус тус нотлогдон тогтоогджээ.

 

Анхан шатны шүүх прокуророос шүүхэд шилжүүлсэн хэргийн хүрээнд, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 1.7 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт заасан “Шүүх хэргийн бодит байдлыг талуудын мэтгэлцээний үндсэн дээр тогтооно” гэж заасны дагуу шүүх хуралдаанд тэгш эрхтэй оролцох эрх бүхий субъектүүдийг оролцуулан, тэдний гаргасан тайлбар, дүгнэлт, шинжлэн судалсан бичгийн нотлох баримтуудыг харьцуулан судалж, шүүх хуралдаанаар тогтоогдсон хэргийн үйл баримтыг үндэслэн шүүгдэгч Ц.Пг хулгайлах гэмт хэргийг учрах саадыг арилгах зорилгоор машин механизм ашиглан үйлдсэн гэм буруутайд тооцсон нь хэргийн бодит байдалтай нийцсэн, хэргийн зүйлчлэл тохирсон байна.

 

Шүүхээс шүүгдэгчийн гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, гэмт хэргийн улмаас учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, хэр хэмжээ, хувийн байдал зэргийг харгалзан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.4 дэх заалтад зааснаар шүүгдэгч Ц.Пд хоёр жилийн хугацаагаар хорих ял оногдуулсан нь түүний гэм бурууд тохирсон төдийгүй, эрүүгийн хариуцлагын зорилгыг хангасан, хууль ёсны бөгөөд шударга ёсны зарчимд нийцсэн шийдвэр болжээ.

 

Шүүгдэгч Ц.П, түүний өмгөөлөгч Г.Энхтүвшин нараас “... контейнерыг зөөвөрлөсөн тээврийн хэрэгсэл нь Ц.Пгийн өмчлөлийн хөрөнгө биш тул тээврийн хэрэгслийн үнийг Ц.Пгээс гаргуулахаар шийдвэрлэсэн нь Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.5 дугаар зүйлд заасантай нийцэхгүй тул хүчингүй болгох, Ц.П нь үйлдсэн гэмт хэрэг болон хохирол төлбөр дээр маргадаггүй, гэм буруугаа хүлээн зөвшөөрдөг, анх удаа гэмт хэрэг үйлдсэн, 68 настай өндөр настан, биеийн эрүүл мэндийн байдал муу байгаа зэргийг харгалзан үзэж Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.3-т зааснаар оногдуулсан ялыг хөнгөрүүлж өгнө үү.” гэсэн агуулга бүхий давж заалдах гомдлууд гаргажээ.

 

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зорилт нь гэмт хэргийг шуурхай, бүрэн илрүүлж, гэмт хэрэг үйлдсэн хүнд шударгаар ял оногдуулах, гэмт хэргийн улмаас зөрчигдсөн эрхийг сэргээхэд оршдог бол ял, албадлагын арга хэмжээний нэгдэл болох эрүүгийн хариуцлага нь гэмт хэрэг үйлдсэн хүнийг цээрлүүлэх, хохирлыг нөхөн төлүүлэх, гэмт хэргээс урьдчилан сэргийлэх зорилготой болно.

 

Энэхүү зорилго, зорилтын хүрээнд хууль тогтоогч хөрөнгө, орлогыг албадан хураах тусгайлсан журмыг хуульчлан тогтоож, гэмт хэрэг үйлдэж олсон эдийн болон эдийн бус хөрөнгө, түүний үнэ, түүнээс олсон ашиг, орлогоос гадна гэмт хэрэг үйлдэхэд ашигласан, ашиглахаар завдсан техник хэрэгслийг гэм буруутай хүн, хуулийн этгээдээс албадан гаргуулах замаар хохирлыг нөхөн төлүүлж, илүү гарсан хэсгийг улсын төсөвт шилжүүлэхээр заажээ.

 

Мөн гэмт хэрэг үйлдэхэд ашигласан тээврийн хэрэгсэл нь тухайн гэм буруутай этгээдийн өмчлөлд байсан нь тогтоогдвол хураан авах, бусдын өмчлөлийнх бол үнийг нь гэмт хэрэг үйлдсэн хүний хувьд ногдох, хураан авахыг хуулиар хориглоогүй хөрөнгө, орлогоос албадан гаргуулахаар журамласан байна.

 

Машин механизм гэдэгт хүн, ачаа тээвэрлэх зориулалттай бүх төрлийн автомашин, мотоцикль, трактор, өөрөө явагч бусад машин болон өргөх буулгах, ухах, малтах, түрэх, цоолох, зүсэх зориулалттай машин, механизмууд хамаардаг бөгөөд шүүгдэгч Ц.Пгийн хувьд, анхнаасаа тээврийн хэрэгслийг ашиглаж өөрийнхөө үйлдлийг хөнгөвчлөх, бусдад мэдэгдэхгүйгээр нууцаар авч, зөөж тээвэрлэх санаа зорилго агуулж, бусдын эзэмшлийн автомашин хөлслөн контенейрыг авч зөөвөрлөсөн үйлдэл нь овор ихтэй хулгайн эд зүйлийг машин механизм ашиглаж хулгайлсан гэж үзнэ.

 

Эрүүгийн хуулийн тусгай ангид заасан нийгэмд аюултай үйлдлийг хэрэгжүүлэх явцдаа зэвсэг, зэвсгийн чанартай зүйл, тусгай зориулалтын хэрэгсэл, техник тээврийн хэрэгсэл бусад уналга, харилцаа холбооны болон цахим хэрэгсэл, тоног төхөөрөмж болон орчиндоо аюул учруулж болох бусад хэрэгсэл, эд зүйлийг ашиглах нь гэмт хэргийн нийгмийн хор аюулыг нэмэгдүүлж учруулах хохирлыг ихэсгэхээр барахгүй цаашид гэмт хэрэг үйлдэгдэх бодитой аюул заналыг бий болгож байдаг тул түүнийг таслан зогсоох, цаашид гэмт хэрэг үйлдэгдэхээс сэргийлэх, мөн тийм байдлаар гэмт хэрэг үйлдэхээс татгалзуулах зорилгоор тэдгээрийг хураан авч устгах, улсын орлого болгох, хохирол төлүүлэхэд зарцуулахаар Эрүүгийн хуульд заасан болно.

 

Анхан шатны шүүх дээрх нөхцөл байдлыг үндэслэлтэй үнэлж дүгнэн шүүгдэгч Ц.Пгийн гэмт хэрэг үйлдэхэд ашигласан “Mitsubishi Fuso” загварын тээврийн хэрэгслийн үнэлгээгээр тогтоосон 50.709.375 /тавин сая долоон зуун есөн мянга гурван зуун далан тав/ төгрөгийг гаргуулж, улсын төсөвт шилжүүлэхээр шийдвэрлэсэн нь хуульд нийцсэн байх тул шүүгдэгч Ц.П болон түүний өмгөөлөгч Г.Энхтүвшин нарын энэ талаар гаргасан давж заалдах гомдлыг хүлээн авах хууль зүйн үндэслэлгүй.

 

Түүнчлэн Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.4 дэх заалтад заасан гэмт хэргийг үйлдсэн бол хоёр жилээс найман жил хүртэл хорих ял шийтгэх ялын хугацаатай хүнд гэмт хэрэг бөгөөд анхан шатны шүүхээс шүүгдэгч Ц.Пгийн гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, хувийн байдал зэргийг харгалзан тухайн зүйл хэсэгт заасан  хамгийн хөнгөн буюу 2 жилийн хугацаагаар хорих ял оногдуулсан нь тохирсон байна гэж үзлээ.

 

Иймд Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2023 оны 9 дүгээр сарын 19-ний өдрийн 2023/ШЦТ/1210 дугаар шийтгэх тогтоолыг хэвээр үлдээж, шүүгдэгч Ц.П болон түүний өмгөөлөгч Г.Энхтүвшин нарын гаргасан давж заалдах гомдлуудыг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй гэж дүгнэлээ.

 

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.10 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт “...Шүүхийн шийтгэх тогтоолыг хэвээр үлдээсэн, эсхүл өөрчилсөн тохиолдолд ял шийтгүүлсэн этгээдэд авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээний хугацааг ял эдлэх хугацаанд оруулж тооцно...” гэсний дагуу шүүгдэгч Ц.Пгийн 2023 оны 9 дүгээр сарын 19-ний өдрөөс 2023 оны 11 дүгээр сарын 16-ны өдрийг хүртэл нийт 58 хоног цагдан хоригдсоныг ял эдлэх хугацаанд нь оруулан тооцов.

 

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.1 дэх заалтыг удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2023 оны 9 дүгээр сарын 19-ний өдрийн 2023/ШЦТ/1210 дугаар шийтгэх тогтоолыг хэвээр үлдээж, шүүгдэгч Ц.П болон түүний өмгөөлөгч Г.Энхтүвшин нарын гаргасан давж заалдах гомдлуудыг хэрэгсэхгүй болгосугай.

 

2. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.10 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Ц.Пгийн цагдан хоригдсон 58 хоногийг ял эдлэх хугацаанд нь оруулан тооцсугай. 

 

3. Анхан болон давж заалдах шатны шүүхийн хууль хэрэглээний зөрүүг арилгах, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, хуулийг Улсын дээд шүүхийн тогтоол, тайлбараас өөрөөр хэрэглэсэн, эрх зүйн шинэ ойлголт, эсхүл хууль хэрэглээг тогтооход зарчмын хувьд нийтлэг ач холбогдолтой гэж үзвэл энэхүү магадлалыг гардуулсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хэргийн оролцогч хяналтын журмаар гомдол гаргах, прокурор эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурдсугай.

 

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                       Н.БАТСАЙХАН

 

                      ШҮҮГЧ                                          Т.ӨСӨХБАЯР

 

                     ШҮҮГЧ                                          Б.БАТЗОРИГ