Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2018 оны 03 сарын 23 өдөр

Дугаар 186

 

 

 

 

 

 

 

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

            Баянгол дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Ч.Отгонбаяр даргалж,

Нарийн бичгийн дарга: С.Буянхишиг,

Улсын яллагч: Б.Бямбадагва,

            Шүүгдэгч Э.Зөөрөө өөрийгөө өмгөөлөн тус шүүхийн хуралдааны танхимд нээлттэй явуулсан шүүх хуралдаанаар Баянгол дүүргийн прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт Э.Зд холбогдуулж яллах дүгнэлт, ялын санал үйлдэж хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлүүлэхээр ирүүлсэн эрүүгийн 1705011400158 дугаартай хэргийг 2018 оны 03 дугаар сарын 21-ний өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.

  1. Шүүгдэгч: Монгол Улсын иргэн, Э.З, 1990 оны 7 дугаар сарын 15-ны өдөр Төв аймгийн Баян суманд төрсөн, 28 настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, мэргэжилгүй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл 4, дүү, хүргэн, зээ, дүү нарын хамт, ...бүртгэлтэй боловч ..., урьд 2013 оны 12 дугаар сарын 09-ний өдөр Чингэлтэй дүүргийн шүүхийн 108 тоот шийтгэх тогтоолоор  Эрүүгийн хуулийн тусгай ангийн 181 дүгээр зүйлийн 181.2.1, 181.2.5 дахь хэсэгт зааснаар 03 жил 01 сарын хугацаагаар хорих ял шийтгүүлж, уг хорих ялыг 01 жилийн хугацаагаар тэнсэж, хянан харгалзсан, ...тоот регистртэй,

Шүүгдэгч Э.Знь 2017 оны 10 дугаар сарын 20-ны өдөр Баянгол дүүргийн 23 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах “...” ШТС-ын ойролцоо О.Бын бултерер үүлдэрийн гөлөгийг “хүнд үзүүлээд ирье” гэж хууран авч залилсан гэмт хэрэгт холбогджээ.

ТОДОРХОЙЛОХ НЬ:

Шүүхийн хэлэлцүүлэгт яллах, өмгөөлөх талаас шинжлэн судалсан болон хэрэгт цугларсан дараах нотлох баримтуудыг тал бүрээс нь бүрэн бодитой шинжлэн судлав. Үүнд:

Шүүгдэгч Э.Згийн шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн: “...Өмнө өгсөн мэдүүлэгт нэмж мэдүүлэх зүйлгүй” гэв.

Хохирогч О.Бын мөрдөн байцаалтад өгсөн: “...2017 оны 10 дугаар сарын 20-ны өдөр Баянгол дүүргийн 23 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах “...” ШТС-ын ойролцоо үл таних хүнтэй уулзахад миний бултерер үүлдрийн нохойг машиндаа орж суугаад үзье гэж хэлээд машинтайгаа зугтсан. ...ДГО улсын дугаартай цагаан өнгийн кроун машин байсан. ... дугаар утсаар холбогдож уулзаж байсан....Хохирлын мөнгө 500.000 төгрөг болон миний өөрийн Бултерер нохойг буцаан эргүүлсэн өгсөн” гэсэн мэдүүлэг /хх-н 10-11/,

Гэрч Б.Тын мөрдөн байцаалтад өгсөн: “...... дугаарын эзэмшигч нь Энхжаргалын З гэдэг Бобо гэж дууддаг. Сувдан цагаан өнгийн кроун машинтай. Машины багажинд нь 3 өөр төрлийн дугаар байсан. Згийн дүүд нь энэ гөлөг нь байсан. Би хэрэг тарьсан учир намайг цагдаа хайгаад, миний утсыг чагнаж байгаа учир энэ дугаараар холбогдож байя гээд 96677886 гэсэн утасны дугаар өгөхөөр нь барьж байгаад хаясан” гэсэн мэдүүлэг /хх-н 14-16/,

Гэрч П.Мын мөрдөн байцаалтад өгсөн: “......ДГО улсын дугаартай кроун машиныг 2017 оны 7 дугаар сард машины ченжээс худалдаж авсан. Тухайн үед автотээврийн үндэсний төвд хүн ихтэй байсан учир машины ченж залууд бичиг баримтаа өгсөн ба 35-85 УНӨ улсын дугаар авч өгсөн. ...ДГО гэсэн дугаарыг авч ороод 35-85 УНӨ улсын дугаар барьж гарч ирсэн. Сувдан цагаан өнгийн 204 кузовтой кроун машин байсан удалгүй хүнд зарсан” гэсэн мэдүүлэг /хх-н 19-20/,

Сэжигтнээр Э.Згийн мөрдөн байцаалтад өгсөн: “...2017 оны 10 дугаар сарын 20-ны өдөр 16 цагийн үед нохой зарна гэсэн зарын дагуу зурагтын шинэ эцсийн тэнд байрлах “...” ШТС-ын гадаа уулзаад нохойг нь үзье гээд худалдаж авахаар болоод нохойг нь авч явсан. Бултерер үүлдэрийн нохой байсан. Одоо хүртэл надад байгаа. Цагаан өнгийн кроун маркийн 180 кузовтой ...ДГО улсын дугаартай машинтай очсон. Таньдаг ахын хуучин дугаар байсан бөгөөд миний машинд мартаад явсан байсан. Утасны дугаарыг 2017 оны 8 дугаар сарын 26-ны өдөр би өөрөө скайтелийн салбараас 3.000 төгрөгөөр худалдаж авсан” гэсэн мэдүүлэг /хх-н 26-27/,

Гэмт хэргийн талаархи гомдол, мэдээлэл хүлээн авсан тэмдэглэл /хх-н 6/, хохирогчийн өргөдөл /хх-н 7/, шүүгдэгчийн хувийн байдалтай холбоотой баримтууд /хх-н 28-30, 85-89/, эд зүйлийн үнэлгээ /хх-н 61-62/, таньж олуулах ажиллагааны тэмдэглэл /хх-н 63-65/, хохирогчийн хүсэлт /хх-н 70, 91/, шүүгдэгчийн хүсэлт /хх-н 90/ зэрэг болно.

Шүүхийн хэлэлцүүлгийн үед шинжлэн судласан дээрх нотлох баримтууд нь энэ хэрэгт хамааралтай, хуульд заасан журмаар цугларсан, хэрэг хянан шийдвэрлэхэд хангалттай байна гэж үнэлэв.

Шүүгдэгчийн гэм буруу болон хохирол, хор уршигийн талаар:

Шүүгдэгч нь гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа сайн дураараа хүлээн зөвшөөрсөн бөгөөд Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.3 дугаар  зүйлд заасны дагуу шүүгдэгч, хохирогч нар нь хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлүүлэх хүсэлт гаргасан байна.

Уг хүсэлтийн дагуу прокуророос хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэх тухай тогтоол гарган, яллах дүгнэлт, ялын санал үйлдэж хэргийг шүүхэд ирүүлснийг шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар хэргийг шууд хянан шийдвэрлэх боломжтой гэж үзэн хэргийг хялбаршуулсан журмаар ял оногдуулах шүүх хуралдаанаар шийдвэрлэсэн болохыг дурдах нь зүйтэй.

Шүүгдэгч Э.Знь 2017 оны 10 дугаар сарын 20-ны өдөр Баянгол дүүргийн 23 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах “...” ШТС-ын ойролцоо О.Бын бултерер үүлдэрийн гөлөгийг “худалдаж авна, хүнд үзүүлээд ирье” гэж хууран авч залилсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутай болох  нь:

Шүүгдэгчийн мөрдөн байцаалтын шатанд болон шүүх хуралдаанд үйлдсэн хэргээ хүлээн мэдүүлсэн мэдүүлгүүд, хохирогч О.Бын мөрдөн байцаалтад өгсөн: “...2017 оны 10 дугаар сарын 20-ны өдөр Баянгол дүүргийн 23 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах “...” ШТС-ын ойролцоо үл таних хүнтэй уулзахад миний бултерер үүлдрийн нохойг машиндаа орж суугаад үзье гэж хэлээд машинтайгаа зугтсан. ...ДГО улсын дугаартай цагаан өнгийн кроун машин байсан. ... дугаар утсаар холбогдож уулзаж байсан” гэсэн мэдүүлэг /хх-н 10-11/ болон шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн дээрх нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдлоо.

Шүүгдэгч Э.Знь хохирогч О.Бын нохойг худалдаж авна гэж утсаар ярьж очихдоо бусдын нэр дээр авсан дугаараар холбогдсон, мөн унаж явсан машиныхаа дугаарыг сольж хуурамч дугаар зүүсэн, мөн нохойг нь худалдаж авна гэж итгэл төрүүлсэн зэрэг нь залилах гэмт хэргийн бүх шинжийг хангаж байна гэж шүүх дүгнэлээ.

Түүний үйлдэл нь дээрэмдэх гэмт хэргийн бүх шинжийг бүрэн хангахгүй байна гэж үзсэн улсын яллагчийн дүгнэлтийг үндэслэлтэй гэж үзсэн болно.

Шүүгдэгч Э.Згийн үйлдэл нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “хуурч, өмчлөгчийн эд хөрөнгийг шилжүүлэн авсан” гэмт хэргийн бүх шинжийг хангасан байх тул түүнд холбогдуулж яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн хуулийн зүйл, хэсэг тохирсон байна гэж шүүх дүгнэлээ.

Шүүгдэгч Э.Знь хохирогчийн бултерер үүлдэрийн гөлөгийг “худалдаж авна, хүнд үзүүлээд ирье” гэж хууран авч залилсан гэмт хэрэг үйлдсэн нь өөрийн үйлдэл, эс үйлдэхүйг хууль бус шинжтэй болохыг ухамсарлаж түүнийг хүсч үйлдсэн, хохирол, хор уршигт зориуд хүргэсэн гэм буруугийн санаатай хэлбэртэй, Эрүүгийн хуулийн тусгай ангид гэмт хэрэгт тооцохоор заасан үйлдэл болох нь хэрэгт авагдсан нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдсон тул гэм буруутайд тооцох нь зүйтэй байна. 

Хохирогч нь шүүгдэгчээс 500.000 төгрөг болон бултерер үүлдэрийн гөлөгөө буцаан авсан гомдол саналгүй, хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлэж өгнө үү гэсэн хүсэлт /хх-н 70, 91/ гаргасан тул шүүгдэгчийг бусдад төлөх төлбөргүй гэж үзлээ. 

Эрүүгийн хариуцлагын талаар:

Шүүгдэгч нь гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа сайн дураараа хүлээн зөвшөөрсөн, прокурорын сонсгосон ялыг хүлээн зөвшөөрч, хүлээлгэх эрүүгийн хариуцлагыг зөвшөөрөн, гэмт хэргийн улмаас учруулсан хохирлоо нөхөн төлсөн, гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа хүлээн зөвшөөрсны улмаас үүсэх хууль зүйн үр дагаврыг ойлгосон болох нь хавтаст хэрэгт авагдсан шүүгдэгчийн үйлдсэн гэмт хэрэгтээ гэмшиж байна. Хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлэж өгнө үү гэсэн хүсэлтүүд, хохирогчийн хүсэлт, хохирлын мөнгө, эд зүйл хүлээлгэн өгсөн тухай тэмдэглэл, эрүүгийн хариуцлагын төрөл хэмжээний талаарх прокурорын саналтай танилцаж зөвшөөрсөн талаарх баримтууд болон шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгчийн өгсөн мэдүүлэг, шинжлэн судалсан баримтуудаар тогтоогдож байна.  

Прокуророос ялын төрөл хэмжээний талаар гаргасан “шүүгдэгч Э.Зг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 450 нэгж буюу 450.000 төгрөгөөр торгох ял” оногдуулах саналыг шүүгдэгчид танилцуулсан байх ба прокурорын дээрх санал нь Эрүүгийн хуулийг буруу хэрэглээгүй, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх хуулийг зөрчөөгүй байх тул шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 5 дахь хэсэгт заасны дагуу хэргийг хянан шийдвэрлэх нь зүйтэй гэж үзлээ. 

Шүүгдэгч нь торгуулын ялыг 1 сарын хугацаанд төлөх боломжтой гэсэн хүсэлт гаргасныг хүлээн авч Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4, 5-д зааснаар шүүгдэгч Э.Зд шүүхээс оногдуулсан торгох ялыг 1 сарын хугацаанд төлж барагдуулахыг түүнд даалгах нь зүйтэй гэж үзлээ.

Хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн зүйлгүй, хэрэгт битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, шүүгдэгч нь цагдан хоригдсон хоноггүй болохыг тус тус дардах нь зүйтэй.  

   Шүүхийн тухай хуулийн 31 дүгээр зүйлийн 31.3.1, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 5, 36.2,  36.6,  36.7,  36.8, 36.10 дугаар зүйлд тус тус заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Шүүгдэгч Э.Зг “хуурч, өмчлөгчийн эд хөрөнгийг шилжүүлэн авсан” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

2. Шүүгдэгч Э.Зг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 450 нэгж буюу 450.000 төгрөгөөр торгох ялаар шийтгэсүгэй.

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4, 5-д зааснаар шүүгдэгч Э.Зд шүүхээс оногдуулсан 450 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 450.000 төгрөгөөр торгох ялыг 01 сарын хугацаанд хэсэгчлэн төлж барагдуулахыг  даалгаж, торгох ялыг биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоног хорих ялаар тооцож солихыг мэдэгдсүгэй.

4. Энэ хэрэгт нэгтгэсэн болон тусгаарласан хэрэггүй, эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн зүйлгүй, битүүмжлэгдсэн хөрөнгөгүй, шүүгдэгч нь цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй болохыг тус тус дурдсугай. 

5. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоолыг улсын яллагч, шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн хууль ёсны төлөөлөгч, өмгөөлөгч өөрөө гардаж авснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурдсугай.

6. Шийтгэх тогтоол нь уншин сонсгосноор хүчинтэй болох ба давж заалдах гомдол, эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Э.Зд хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээ авсугай.

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                               Ч.ОТГОНБАЯР