| Шүүх | Дорноговь аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Базаррагчаагийн Гончигсумлаа |
| Хэргийн индекс | 308/2025/00110/И |
| Дугаар | 308/шш2025/00136 |
| Огноо | 2025-04-01 |
| Маргааны төрөл | Банкны зээл, |
Дорноговь аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр
2025 оны 04 сарын 01 өдөр
Дугаар 308/шш2025/00136
Нэхэмжлэлийн шаардлагыг хариуцагч биелүүлснийг
баталж, хэргийг хэрэгсэхгүй болгох тухай
Дорноговь аймаг дахь сум дундын анхан шатны шүүхийн шүүгч Б.Гончигсумлаа би М ББСБ ХХК-ийн нэхэмжлэлтэй, Ц.Э холбогдох 1,211,505 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийг 2025 оны 02 дугаар сарын 13-ны өдөр хүлээн авч хянаад
ТОДОРХОЙЛОХ НЬ:
М ББСБ ХХК шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: Ц.Э нь "М ББСБ"-ийн мессеж зээлийн үйлчилгээний нөхцөлийг хүлээн зөвшөөрч 2022 оны 11 сарын 17-ны өдөр ****************** тоот зээл, зээлийн эрх нээх гэрээ байгуулсан ба мессеж зээл авч, төлж барагдуулж байсан тул зээлийн эрхийн хэмжээ нэмэгдсэн. Ц.Э нь уг гэрээний үндсэн дээр 2023.05.05-ны өдөр 800,000 төгрөгийг сарын 2,5% хүүтэй, 2023.06.06-ны өдөр 90,000 төгрөгийг сарын 3,4% хүүтэй тус тус зээлээр авсан ба хугацаанд нь төлж барагдуулаагүй юм. Ц.Э нь хууль болон гэрээнд заасан үүргээ үл биелүүлж зээл, зээлийн хүүгээ төлж барагдуулахыг шаардахад удаа дараа худал хэлж өнөөдрийг хүртэл төлөөгүй ба зээлийн гэрээний үүрэг 2025 оны 01 дүгээр сарын 21-ний өдрийн байдлаар: олгосон зээл 890,000 төгрөг, өнгөрсөн хугацаанд төлсөн 236,326 төгрөг, үндсэн зээлийн үлдэгдэл 887,923 төгрөг, зээлийн хүү 274,161 төгрөг, нэмэгдүүлсэн хүү 49,421 төгрөг, нийт 1,211,505 төгрөг. Иймд Ц.Э зээлийн гэрээний үүрэгт 1,211,505 төгрөгийг гаргуулахаар нэхэмжилж байна. гэжээ.
Хариуцагч Ц.Э шүүхэд гаргасан тайлбартаа: Миний бие М ББСБ-ийн ирүүлсэн 1,211,505 төгрөг гаргуулах нэхэмжлэлтэй танилцлаа. Үнийн дүнд маргах зүйл байхгүй. Бүхэлд нь хүлээн зөвшөөрч байна. 2025 оны 3 сарын 6-ны өдөр төлбөрийг бүрэн талж барагдуулсан. Иймд хэргийг хялбаршуулсан журмаар шийдэж өгнө үү. гэжээ.
ҮНДЭСЛЭХ НЬ:
Нэхэмжлэгч М ББСБ ХХК нь Ц.Э холбогдох 1,211,505 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэл гаргажээ.
Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад хариуцагч Ц.Э нь М ББСБ ХХК-ийн нэхэмжилсэн 1,211,505 төгрөгийг төлж нэхэмжлэлийн шаардлагыг биелүүлсэн талаар тайлбар гаргасан, мөн баримтыг шүүхэд ирүүлсэн байна.
Иймд нэхэмжлэлийн шаардлагыг хариуцагч Ц.Э биелүүлснийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй гэж үзлээ.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.2, 123 дугаар зүйлийн 123.1 дэх хэсгийг удирдлага болгон
ЗАХИРАМЖЛАХ НЬ:
1.М ББСБ ХХК-ийн нэхэмжлэлтэй, Ц.Э холбогдох 1,211,505 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлагыг хариуцагч Ц.Э нэхэмжлэлийн шаардлагыг биелүүлснийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.
2.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.5-д зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 33,626 төгрөгийн 16,813 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч Ц.Э улсын тэмдэгтийн хураамжид 16,813 төгрөг, төрийн сангийн ****************** данснаас 16,813 төгрөгийг тус тус буцаан гаргуулж, нэхэмжлэгч М ББСБ ХХК-д олгосугай.
3.Хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэсэн тохиолдолд зохигч давж заалдах, хяналтын журмаар гомдол гаргах, тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүйг дурдсугай.
ШҮҮГЧ Б.ГОНЧИГСУМЛАА