| Шүүх | Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Сэлэнгийн Батгэрэл |
| Хэргийн индекс | 186/2018/0047/Э |
| Дугаар | 59 |
| Огноо | 2018-01-10 |
| Зүйл хэсэг | 11.6.1., |
| Улсын яллагч | Б.Байгалмаа |
Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол
2018 оны 01 сарын 10 өдөр
Дугаар 59
Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч С.Батгэрэл даргалж,
нарийн бичгийн дарга А.Болор,
улсын яллагч Б.Байгалмаа,
шүүгдэгч П.Бнарыг оролцуулан тус шүүхийн хуралдааны танхимд хялбаршуулсан журмаар нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар Чингэлтэй дүүргийн прокурорын газраас хялбаршуулсан журмаар мөрдөн шалгах ажиллагаа явуулсан, Д овогт П-ын Б-т Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн эрүүгийн 1711014450012 дугаартай хэргийг 2018 оны 01 дүгээр сарын 09-ний өдөр хүлээн авч, хянан хэлэлцэв.
Шүүгдэгч: Монгол улсын иргэн, 1989 оны 3 дугаар сарын 09-ний өдөр Баянхонгор аймагт төрсөн, 28 настай, эрэгтэй, бүрэн бус дунд боловсролтой, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл 1, тоотод оршин суух, улсаас авсан гавъяа шагналгүй, урьд ял шийтгэгдэж байгаагүй, ухаан мэдрэл бүрэн, хэрэг хариуцах чадвартай, Д овогт П-н Б /РД: /,
Шүүгдэгч П.Бнь хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах буюу Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогджээ.
ТОДОРХОЙЛОХ НЬ:
Шүүгдэгч П.Бнь 2017 оны 11 дүгээр сарын 23-ны өдөр Чингэлтэй дүүргийн 8 дугаар хороо Баруун тасганы 7-59А тоотод хамтран амьдрагч М.Надмидцэрэнг хувийн таарамжгүй харицааны улмаас зодож, эрүүл мэндэд нь хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутай болох нь
Шүүгдэгчийн шүүхийн хэлэлцүүлэгт хэргээ хүлээн мэдүүлсэн мэдүүлэг,
гэрч П.Б-ийн мөрдөн байцаалтад өгсөн: “...2017 оны 11 дүгээр сарын 22-ны өдөр би найз охин Надмидцэрэнтэйгээ ...орой ээжийнхээ гэр рүү ирсэн. ...хөзөр тоглож байгаад унтаж амарцгаасан. Өглөө 11 цагийн үед бид 2 босоод би 14 цаг 30 минутын үед гадуур ажилтай байсан болохоор хоол хийгээд найз охин Надмидцэрэндээ аягалаад өгсөн чинь би хоол идэхгүй, идмээргүй байна гээд уурлаад байсан. Тэгэхээр нь би миний хайр яасан юм гэсэн чинь би явлаа гээд байхаар нь гэнэт уур хүрээд тэгвэл явахгүй юу гэж хэлтэл гараад явах гэхээр нь би араас нь очоод татаад аргадаад тайвшруулах гэтэл миний нүүр, нүд, цээж рүү хаа хамаагүй газарт маань цохиод эхэлсэн... Орилуулахыг болиулах гээд аман дээр нь зүүн гараараа дартал миний чигчий хурууг ясанд нь тултал шахуу хазахаар нь сандраад тавиулах гээд гэнэт л нүүр рүү нь цохичихсон ... Нэг удаа над руу дайраад байхаар нь нь түлхэтэл өөрөө хөл алдаж хойшоогоо унаад толгойгоороо хана мөргөсөн. Мөн хамаг юм бусниулаад сандаагаад байхаар нь араас нь бөгс рүү нь нүцгэн хөлөөрөө нэг удаа жийсэн...” гэх мэдүүлэг /хх-ийн 21-22х/
хохирогч М.Надмидцэрэнгийн мөрдөн байцаалтад өгсөн: “...2017 оны 11 дүгээр сарын 23-ны өдөр Чингэлтэй дүүргийн 8 дугаар хороо Баруун тасганы 7-59А тоотод үерхэж байсан найз залуу П.Б-т зодуулж нүдний ухархайн 2 ял хугарсан. Ингээд шүүх эмнэлэгт үзүүлэхэд хөнгөн гэмтэл учирсан гэх дүгнэлт гарсан... Эмчилгээний зардалд 1.200.000 төгрөг авсан байгаа...” гэх мэдүүлэг /хх-ийн 18х/,
Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 2017 оны 11 дүгээр сарын 28-ны өдрийн №14674 тоот дүгнэлтэд: М.Надмидцэрэнгийн биед баруун нүдний ухархайн дотор болон доод ханын хугарал, баруун нүдний алим, дээд, доод зовхи, баруун бугалга, шуу, баруун өвдөг, зүүн шилбэний цус хуралт, баруун нүдний дээд, доод зовхи, хацарт зөөлөн эдийн няцрал гэмтэл тогтоогдлоо. Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн үйлчлэлээр үүсгэгдэнэ. Дээрх гэмтэл нь шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-т зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна. Цаашид хөдөлмөрийн чадварын тогтонги алдалтанд нөлөөлөхгүй гэх дүгнэлт… /хх-ийн 28х/ болон хавтас хэрэгт авагдсан бусад бичгийн нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдож байна.
Дээрхи нотлох баримтууд нь энэ хэрэгт хамааралтай, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан журмаар цуглуулж, бэхжүүлсэн, хэргийг хянан шийдвэрлэхэд хангалттай гэж шүүх үнэлэв.
Иймд шүүгдэгч П.Б-ийг бусдын биед хөнгөн хохирол учруулсан гэм буруутайд тооцож, түүнд ял шийтгэл оногдуулах үндэслэлтэй гэж шүүх дүгнэв.
Шүүгдэгч П.Б-ийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 450 нэгж буюу 450.000 торгох ял оногдуулах прокурорын саналыг шүүгдэгч хүлээн зөвшөөрсөн, хохирогч нь гомдол саналгүй, нэхэмжлэх зүйлгүй, хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлэхэд татгалзах зүйлгүй, хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэхэд хуульд заасан журам зөрчигдөөгүй байна.
Монгол Улсын Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 5, 17.5 дугаар зүйлийн 8,9 дэх хэсэг, 36.2, 36.6, 36.7, 36.8, 36.10 дугаар зүйлүүдэд тус тус заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:
1. Д овогт П-ын Б-ийг хүний биед хөнгөн хохирол учруулсан буюу Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.
2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар П.Б-ийг 450 нэгж буюу 450.000 /дөрвөн зуун тавин мянга/ төгрөгөөр торгох ял шийтгэсүгэй.
3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх зааснаар П.Б-ийг торгуулийн ялыг төлөх хугацааг 2 /хоёр/ сарын хугацаагаар хэсэгчлэн төлүүлэхээр тогтоосугай.
4.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар торгох ялыг тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож, хорих ялаар солих болохыг дурдсугай.
4. Энэ хэрэгт битүүмжлэгдэн ирсэн хөрөнгөгүй, эд мөрийн баримтаар хураагдан ирсэн зүйлгүй, бусдад төлөх төлбөргүй, шүүгдэгч нь цагдан хоригдсон хоноггүй болохыг тус тус дурдсугай.
5. Шүүхийн шийтгэх тогтоолыг улсын яллагч, шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн хууль ёсны төлөөлөгч, өмгөөлөгч өөрөө гардан авсанаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн Давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурдсугай.
6. Тогтоол танилцуулан сонсгосноор хүчинтэй болох бөгөөд тогтоолд давж заалдах гомдол, эсэргүүцэл гаргавал тогтоолын биелэлтийг түдгэлзүүлсүгэй.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ С.БАТГЭРЭЛ