Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2025 оны 03 сарын 18 өдөр

Дугаар 128/ШШ2025/0198

 

                                        МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Б.Мөнх-Эрдэнэ даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны “1” дүгээр танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар,

Нэхэмжлэгч: “М******* ф*******” ХХК

Хариуцагч: Монгол-Оросын хувь нийлүүлсэн нийгэмлэг Улаанбаатар төмөр зам, түүний тендерийн үнэлгээний хороо,

Гуравдагч этгээд: “Н******* б” ХХК,

Маргааны төрөл: “Улаанбаатар төмөр зам” ХНН-ээс зарласан МЗХННУБТЗ/202401 дугаартай “Арчих материал худалдан авах” тендер шалгаруулалтыг үнэлсэн Тендерийн үнэлгээний хорооны 2024 оны 09 дүгээр сарын 05-ны өдрийн 146/*******, 2024  оны 10 дугаар сарын 17-ны өдрийн 16/******* тоот шийдвэрүүд хуульд нийцсэн эсэх маргааныг хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Н.А, нэхэмжлэгчийн өмгөөлөгч Д.Г, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч А.Ц, Г.А, гуравдагч этгээдийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ц.Т, гуравдагч этгээдийн өмгөөлөгч Ш.Ж*******, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга  Э.Болортуяа нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ нь:

1.М******* ф*******” ХХК-иас Монгол-Оросын хувь нийлүүлсэн нийгэмлэг “Улаанбаатар төмөр зам” ГХОХХК, тус газрын Тендерийн үнэлгээний хороонд тус тус холбогдуулан : “Монгол-Зөвлөлтийн хувь нийлүүлсэн нийгэмлэг Улаанбаатар төмөр зам” ГХОХХК-иас зарласан МЗХННУБТЗ/202401 дугаартай “Арчих материал худалдан авах” тендер шалгаруулалтыг үнэлсэн Тендерийн үнэлгээний хорооны шийдвэр болох 2024 оны 09 дүгээр арын 05-ны өдрийн “Мэдэгдэл хүргүүлэх тухай” 146/******* дүгээр шийдвэр, 2024 оны 10 дугаар сарын 17-ны өдрийн “Мэдэгдэл хүргүүлэх тухай” 16/******* дугаар шийдвэрийг тус тус хүчингүй болгуулах, МЗХННУБТК/202401 дугаартай “Арчих материал худалдан авах” тендер шалгаруулалтын үнэлгээг дахин хийхийг хариуцагчид даалгах нэхэмжлэлийн шаардлага гаргасан.

2.Арчих материал худалдан авах тендерийн үнэлгээний хорооны 2024 оны 06 дугаар сарын 17-ны өдрийн хуралдаанаар нэхэмжлэгч “М******* ф*******” ХХК-ийг холбогдох санхүүгийн чадавхын шаардлагыг хангах нотлох баримтыг ирүүлэхийг шаардах ТШЗ-ны 19 дүгээр зүйлийн 14.1-д заасан маягтын дагуу 2023 оны санхүүгийн тайланг гаргуулан ирүүлээгүй үндэслэлээр татгалзаж, “Н******* б” ХХК-ийг хамгийн сайн үнэлэгдсэн тендерт шалгаруулжээ.

3.Нэхэмжлэгч М******* ф*******” ХХК-иас шүүхэд гаргасан нэхэмжлэлийн шаардлагын үндэслэл:

“…Гэтэл “Монгол-Зөвлөлтийн хувь нийлүүлсэн нийгэмлэг Улаанбаатар төмөр зам”-ын 2024 оны 09 дугаар сарын 05-ны өдрийн "Мэдэгдэл хүргүүлэх тухай" 16/******* дугаар шийдвэрээр Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил, үйлчилгээ худалдан авах тухай хуулийн 7.1.2 дахь заалтад заасан шаардлага хангаагүй гэж шийдвэрлэсэн.

Дээрх шийдвэрийг эс зөвшөөрч “М******* ф*******” ХХК нь Сангийн яаманд гомдол гаргасан ба Сангийн яамнаас 2024 оны 09 дүгээр сарын 25-ны өдрийн 03/******* дугаартай “Гомдол хянасан тухай” албан бичгээр “Хуулийн 59 дүгээр зүйлийн 59.10.2 дахь заалтад үндэслэн тендер шалгаруулалтын тендер хянан үзэх, үнэлэх ажиллагааг хуульд нийцүүлэн дахин хийхийг мэдэгдье” гэж шийдвэрлэсэн.

Гэвч “Монгол-Зөвлөлтийн хувь нийлүүлсэн нийгэмлэг Улаанбаатар төмөр зам” нь Сангийн яамны дээрх шийдвэрийг эс биелүүлж, тендерийг дахин үнэлэх гомдол хянан шийдвэрлэх байгууллагын шийдвэрийг огт хайхралгүй, тендер сонгон шалгаруулалтыг дуусгавар болгож, “Натуралгрийн б” ХХК-ийг хууль бусаар сонгон шалгуулж,”"Монгол- Зөвлөлтийн хувь нийлүүлсэн нийгэмлэг Улаанбаатар төмөр зам”-ын 2024 оны 10 дугаар сарын 17-ны өдрийн “Мэдэгдэл хүргүүлэх тухай” 16/******* дугаар шийдвэрээр “М******* ф*******” ХХК-ийн тендерээс татгалзсан. Уг шийдвэрийг 2024 оны 10 дугаар сарын 18-ны өдөр хүлээн авч энэхүү нэхэмжлэлийг гаргаж байгаа болно.

Хариуцагчийн дээрх хууль бус шийдвэрийн улмаас нэхэмжлэгчийн тендер сонгон шалгаруулалтад шударгаар оролцох, өөрийн тендерийн материалыг хууль заасны дагуу үнэлүүлэх эрхэд ноцтой халдсан.

Тухайлбал хариуцагч нь Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил, үйлчилгээ худалдан авах тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2 дахь заалтад “Монгол Улсын, эсхүл үүсгэн байгуулагдсан улсын хуулийн дагуу өр төлбөр төлүүлэх шүүхийн шийдвэр гүйцэтгэх ажиллагаа явагдаж байгаа, эсхүл татварын, эсхүл нийгмийн даатгалын шимтгэлийн хугацаа хэтэрсэн өртэй;” гэх шаардлагыг хангаагүй гэж үзсэн нь үндэслэлгүй.

“М******* ф*******” ХХК нь Нийгмийн даатгалын санд 835,200 төгрөгийн өглөгтэй байсан ба тухайн өглөгийг 2024 оны 08 дугаар сарын 21-ны өдрийн 17:02 цагт буюу тус тендер нээгдэхээс 17 цагийн өмнө бүрэн төлж, барагдуулсан.

ТБОНӨХБАҮХАтХ-ийн 7 дугаар зүйлийн 7.1.2 дахь заалтад зааснаар хугацаа хэтэрсэн өртэй гэж заасан ба тухайн заалтын агуулгаас үзвэл тендер нээсэн тухайн цаг хугацаанд “М******* ф*******” ХХК нь ямар нэгэн өр төлбөргүй байсан.

Тендер шалгаруулалтын зааварчилгааны ТШЗ 20.1.3-т “Тендер нээсэн өдрийн байдлаар Монгол Улсын, эсхүл үүсгэн байгуулагдсан улсын хуулийн дагуу өр төлбөр төлүүлэх шүүхийн шийдвэр гүйцэтгэх ажиллагаа явагдаагүй, эсхүл татварын, эсхүл нийгмийн даатгалын шимтгэлийн хугацаа хэтэрсэн өр төлбөргүй байх шаардлагатай. Татвар болон нийгмийн даатгалын алын тодорхойлолтыг тендерийн баримт бичигт хавсарган ирүүлэх шаардлагагүй бөгөөд “Төрийн худалдан авах ажиллагааны цахим систем”с(www.tender.gov.mn)-ээр дамжуулан шалгана./ гэж тусгасан бөгөөд нийгмийн даатгалын тодорхойлолтыг тендерийн баримт бичигт хавсарган ирүүлэх шаардлагагүй гэж заасан тул “М******* ф*******” ХХК нь өр төлбөргүй тухай тодорхойлолтыг явуулаагүй болно.

“М******* ф*******” ХХК-ийг өр төлбөртэй гэж тодорхойлолт гарсанд нэхэмжлэгчийг Гэтэл "Төрийн худалдан авах ажиллагааны цахим систем"-ээр дамжуулан шалгахад буруутгах үндэслэлгүй бөгөөд төрийн цахим мэдээллийн сангийн хоорондын уялдаа холбооноос шалтгаалж мэдээлэл удаан шинэчлэгдсэн нь нэхэмжлэгчийн эрхийг хязгаарлах үндэслэл болохгүй.

Мөн Сангийн яамны 2024 оны 09 дүгээр сарын 25-ны өдрийн 03/******* дугаартай “Гомдол хянасан тухай” албан бичигт “Нийгмийн даатгалын ерөнхий хуулийн 21 дүгээр зүйлийн 21.1 дэх хэсэгт “Ажил олгогч даатгуулагчийн цалин хөлс, түүнтэй адилтгах орлогоос нийгмийн Даатгалын шимтгэлийг сар бүр тооцон суутгаж, ажил олгогчийн цалин хөлсний сан, түүнтэй адилтгах орлогоос тооцсон шимтгэлийн хамт тухайн сард багтаан нийгмийн даатгалын санд төлнө.”  гэж заасан байх тул “М******* ф*******” ХХК нь 2024 оны 08 дугаар сарын 22-ны өдрийн байдлаар 835,200.0 төгрөгийн нийгмийн даатгалын шимтгэлийн өглөгтэй байгаа нь хуульд заасан хугацаа хэтэрсэн өр эсэхийг “Нийгмийн даатгалын ерөнхий газраас тодруулж, хянан үзэх нь зүйтэй байна” гэх гомдол хянан шийдвэрлэх байгууллагын шийдвэрийг биелүүлэлгүй, тендерийг дахин үнэлэхгүйгээр хууль бус эс үйлдэхүй гаргаж байна.

Тендерийн үнэлгээний хорооны шийдвэр болох 2024 оны 09 дүгээр сарын 05-ны өдрийн “Мэдэгдэл хүргүүлэх тухай” 16/******* дүгээр шийдвэр, 2024 оны 10 дугаар сарын 17-ны өдрийн “Мэдэгдэл хүргүүлэх тухай” 16/******* дугаар шийдвэрүүд нь Захиргааны ерөнхий хуулийн 37 дугаар зүйлийн 37.1 дэх хэсэгт зааснаар захиргааны акт болохыг хувьд ЗЕХ-д заасан захиргааны шийдвэр гаргах журмын дагуу гаргах ёстой. Захиргааны ерөнхий хуулийн 28 дугаар зүйлийн 28.1 дэх хэсэгт сонсох ажиллагаа хийхгүй байх тохиолдлыг хуульчилсан ба дээрх тохиолдол нь хуулийн дээрх зохицуулалтад хамаарахгүй бөгөөд хариуцагч нь нэхэмжлэгч манай компанийг тухайн өдрийн байдлаар өр, авлагатай эсэхийг тодруулж, тайлбар мэдээлэл авах бүрэн боломжтой байсан. Гэтэл хуульд заасан уг ажиллааг огт хийгээгүй ба хэрэв уг ажиллагааг хийсэн бол манай компанийн тендерээс татгалзах үндэслэл бүрдэхгүй байсан юм,

Иймд “Монгол-Зөвлөлтийн хувь нийлүүлсэн нийгэмлэг Улаанбаатар төмөр зам” ГХОХХК-иас зарласан МЗХННУБТЗ/202401 дугаартай "Арчих материал худалдан авах" тендер шалгаруулалтыг үнэлсэн Тендерийн үнэлгээний хорооны шийдвэр болох 2024 оны 09 дүгээр сарын 05-ны өдрийн “Мэдэгдэл хүргүүлэх тухай” 16/******* дүгээр шийдвэр, 2024 оны 10 дугаар сарын 17-ны өдрийн “Мэдэгдэл хүргүүлэх тухай” 16/******* дугаар. шийдвэрийг тус тус хүчингүй болгож, МЗХННУБТЗ/202401 дугаартай “Арчих материал худалдан авах тендер шалгаруулалтын үнэлгээг дахин хийхийг хариуцагчид даалгаж өгнө үү.” гэжээ.

Нэхэмжлэгчийн өмгөөлөгч Д.Г шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч хүсэлтийг тодорхой дурдаж өгсөн. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 61 дүгээр зүйлд захиргааны актын биелэлтийг түдгэлзүүлж захиргааны шүүхээс гарах шийдвэрийг баталгаажуулах хуулийн зохицуулалт байдаг. Энэ эрхийнхээ дагуу нэхэмжлэгчээс захиргааны актын биелэлтийг түдгэлзүүлж хэргийн хянан шийдвэрлэж дуусах хүртэл хугацаанд тухайн захиргааны актын дагуу захиргааны байгууллага ямар нэгэн үйл ажиллагаа явуулахгүй байх арга хэмжээ авхуулахыг хүсэж байгаа. Захиргааны ерөнхий хуулийн 62 дугаар зүйлд захиргааны актын биелэлтийг түдгэлзүүлэхгүй байх тохиолдлуудыг заасан. Энэ 62 дугаар зүйлд заасан 4 үндэслэл тогтоогдохгүй байна гэж харж байгаа. Захиргааны актын биелэлтийг түдгэлзүүлснээр бусдын амь нас, эрүүл мэнд, эд хөрөнгөд ноцтой эсвэл хуулийн этгээдэд илт хохирол учрах нөхцөл байдал байхгүй. Хэрэв тийм бол хариуцагч энэ нөхцөл байдлаа нотлох үүрэгтэй гэж харж байна. Тийм учраас Захиргааны актын биелэлтийг түдгэлзүүлж өгнө үү.

Нэхэмжлэгчээс “Монгол-Оросын хувь нийлүүлсэн нийгэмлэг Улаанбаатар төмөр зам” ГХОХХК-ийн “Арчих материал худалдан авах” тендер шалгаруулалтын үнэлгээний хорооны 2024 оны 09 дүгээр сарын 05-ны өдрийн болон 2024 оны 10 дугаар сарын 17-ны өдрийн шийдвэрийг тус тус хүчингүй болгуулах, арчих материал худалдан авах тендер шалгаруулалтын үнэлгээг дахин хийхийг хариуцагчид даалгах, 2024 оны 11 дүгээр сарын 05-ны өдөр байгуулсан худалдах худалдан авах гэрээг хүчингүй болгуулах гэсэн нэхэмжлэлийн шаардлагыг гаргаж байгаа. Үндэслэл нь сонгон шалгаруулалт хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх ёстой. Нэхэмжлэгч компани нь тендер сонгон шалгаруулалтын баримт бичигт заасны дагуу өр төлбөрөө тендер нээх өдрийн өмнө төлж барагдуулсан гэдэг нь нотлох баримтын хүрээнд хангалттай нотлогдсон гэж харж байгаа. Төлсөн үйл баримтыг хариуцагч тендер нээсэн өдрийн байдлаар үнэлэхэд харагдаагүй гэж байна. Цахим системийн удаашралтай байдлаас шалтгаалан татгалзаж байгаа нь үндэслэлгүй байна. Энэ байдлыг тодруул гэсэн гомдлыг хянан шийдвэрлэх Сангийн яамнаас явуулсан чиглэлийг биелүүлэхгүй захиргааны байгууллага хариуцлагагүй хандсан гэж харж байна. Тендер сонгон шалгаруулалттай холбоотой үйл ажиллагаа дуусаагүй байгаа. Өмнөх хурал дээр хариуцагч болон гуравдагч этгээдийн төлөөлөгч нар хэлэхдээ 40 хувьтай гэж хэлсэн. Дуусаагүй байгаа учраас тендер сонгон шалгаруулалтыг дуусгавар болгосон мэдэгдэл, захиргааны актыг хүчингүй болгуулах нэхэмжлэлийн шаардлага гаргах нь зүйтэй. Үүнтэй холбогдуулан хүчингүй болгосон бол тухайн тендер шалгаруулалтын үйл ажиллагаа дахин явагдах учиртай. Мөн захиргааны акт хууль бус болж байгаа тохиолдолд түүнийг дагаж гарсан худалдах, худалдан авах гэрээ хүчингүй болгоно. Тийм учраас нэхэмжлэлийн шаардлагыг ханган шийдвэрлэж нэхэмжлэгч компанийн зөрчигдсөн эрх ашгийг сэргээж өгнө үү.” гэв.

4.Хариуцагч шүүхэд гаргасан татгалзал, түүний үндэслэлээ тайлбарлахдаа:

Сангийн яамны зөвлөмжийн дагуу дахин үнэлгээг 2024 оны 10 дугаар сарын 11-ны өдрийн 14:00 цагт эхэлж мөн өдрийн 16:00 цагт дуусав. /Хх124/

Үнэлгээний хорооны гишүүдийн 100% саналаар “М******* ф*******” ХХК-ийн ирүүлсэн тендерийг "нээлт хийсэн өдрийн байдлаар цахимаас татан авч хянан үзэхэд НДШ 835.200 төгрөгийн өглөгтэй байсан нь хуулийн 7.1-д Дараах нөхцөлийн аль нэг үүссэн бол оролцогчийг ерөнхий шаардлага хангаагүй гэж үзнэ, 7 дугаар зүйлийн 7.1.2-д “Монгол Улсын эсхүл үүсгэн байгуулагдсан хуулийн дагуу өр төлбөр төлүүлэх шүүхийн шийдвэр гүйцэтгэх ажиллагаа явагдаж байгаа, эсхүл татварын эсхүл нийгмийн даатгалын шимтгэлийн хугацаа хэтэрсэн өртэй” гэж заасан шаардлагыг хангаагүй тул тус тендерээс татгалзсан юм.

УБТЗ ХНН-ийн “Арчих материал худалдан авах” тендер шалгаруулалтыг үнэлсэн 2024 оны 09 дүгээр сарын 05-ны өдрийн 16/******* “мэдэгдэл хүргүүлэх тухай” болон 2024 оны 10 дугаар сарын 17-ны өдрийн 16/******* “мэдэгдэл хүргүүлэх тухай” шийдвэрүүд нь хууль зүйн үндэслэлтэй юм.

Иймд Тендер шалгаруулалт хуульд заасан журмын дагуу явагдсан ба “М******* ф*******” ХХК-ийн гаргасан нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрөхгүй байгаа тул нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү.” гэжээ.

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Ц шүүх хуралдаанд гаргасан нэмэлт тайлбартаа: ““Монфейс ф*******” ХХК “Монгол-Оросын хувь нийлүүлсэн нийгэмлэг Улаанбаатар төмөр зам” ГХОХХК-ийн зарласан тендерт оролцоод ялагдсан. Өөрөөр хэлбэл дахин үнэлгээ хийнэ гэдэг нь өмнө ирүүлсэн тендерийн бичиг баримтуудыг дахин үнэлэх агуулгыг илтгэдэг процессын үйл ажиллагаа. 2024 оны 07 дугаар сарын 31-ний өдрийн өр төлбөртэй болохыг үнэлгээний хорооны 5 гишүүн тогтоочихсон. 5 хүн өөрсдийнхөө оюун дүгнэлтээ хийгээд маягт бөглөөд ашиг сонирхлын зөрчилгүй гээд тус тусынхаа шийдвэрийг гаргахад 100 хувийн санал авсан. Энэ нь хавтаст хэргийн 124 дүгээр хуудаст байгаа. Сангийн яамнаас ирүүлсэн хариуны дагуу захиалагч дахин үнэлгээг хийсний дагуу хийсэн. Тэгээд үнэлгээний хороо дахин үнэлэхэд дахин өртэй байсан. Энэ бол 1 хүний шийдвэр биш. Тендерийн бичиг баримт өгөгдлийн хүснэгтийн 4.2.2-т үнэлгээний хороо бичиг баримтаа боловсруулахдаа Монгол улсын эсвэл үүсгэн байгуулагдсан улсын хуулийн дагуу татвар хураамжаа төлж тухайн тендер нээсэн өдрийн байдлаар бүрэн төлсөн байх шаардлагыг хангаагүй гэж дүгнээд байгаа. Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил үйлчилгээ худалдан авах тухай хуулийн 21 дүгээр зүйлийн 21.3-т “илгээсэн мэдээлэл тендерийн бусад баримт бичигтэй зөрсөн бол цахим системийн мэдээллийг баримтална” гэж заасан.  Ийнхүү нээж үзэхэд 13 цаг 57 минутад өртэй гэж гарч ирсэн. Бид нар цахим системээ барихаас өөр арга байхгүй. Цахим системд бичигдсэн зүйлийг үнэлгээний хороо үнэлж дүгнээгүй байна. Тэгж үнэлж болохгүй байх. Тендерийн тухай хуулийн 22 дугаар зүйлийн 26.9-д заасны дагуу бүх бичиг баримтын шаардлагыг нэгэн зэрэг хангасан “Натуралгрийн б” ХХК-д мэдэгдэл хүргүүлсэн. Тухайн мэдэгдэл нь хууль зүйн үндэслэлтэй. Тендерт оролцсон 5 компани шударгаар өрсөлдөж тухайн захиалагч компани шударгаар тендерээ явуулсан. Ийм учраас нэхэмжлэгчийн гаргасан нэхэмжлэлийн шаардлага нь үндэслэлгүй байгаа тул бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү гэж хүсэж байна.” гэв.

Гуравдагч этгээд шүүхэд бичгээр гаргасан тайлбартаа:

1/.““Монгол-ОХУ /Зөвлөлтийн/ хувь нийлүүлсэн нийгэмлэг Улаанбаатар төмөр зам” ГХОХХК-иас зарласан “Арчих материал худалдан авах” тендерт манай компани оролцсон нь үнэн болно.

2/.Бид тендерийн шалгаруулалтад оролцохдоо “Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил үйлчилгээ худалдан авах тухай” хууль, тендерийн бичиг баримтад заасан шаардлагуудыг хангаж түүнтэй холбоотой нотлох баримтуудаа хавсарган өгч оролцсон нь амжилттай үнэлэгдэж шалгарсан тухай 2024 оны 11 сарын 05 өдрийн мэдэгдлээр бидэнд мэдэгдсэн.

3/.Бид мэдэгдлийг хүлээн авч Тендер зарлагч талтай гэрээ байгуулан оногдсон ажил үүргээ гүйцэтгээд явж байгаа бөгөөд одоогийн байдлаар 40 хувийн гүйцэтгэлтэй байна.

4/.Тендер шалгаруулалт, процесс, үнэлгээ аргачлал шүүлт хийх байдал зэрэгт хөндлөнгийн байр суурьтай ажиглагч байдаг гэдгийг нэхэмжлэгч тал мэдэж байгаа. Манай компани шалгаруулалтад нөлөөлсөн зүйл огт үгүй бөгөөд шалгаруулалт хуулийн дагуу шударгаарp явагдсан гэж үзэж байна.

Бид эхлүүлсэн ажлаа гэрээний дагуу гүйцэтгэж байгаа учир энэ нэхэмжлэлийг хүлээн зөвшөөрөхгүй болно.

Тэгээд ч тендер шалгаруулалтын үнэлгээг хүчингүй болгоод дахин үнэлгээ хийлгэх боломжгүй нөхцөл байдал бий болсон байгаа талаар тайлбарын 3-д бичсэн болно. Иймд нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэж өгнө үү.” гэжээ.

4.Гуравдагч этгээдийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ц.Т шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “Хэрэгжиж дуусаж байгаа захиргааны акттай холбоотой маргаан гаргаж байна гэж ойлгож байна. Нэхэмжлэгч 2 удаа гомдол гаргасан. Хоёуланд нь шаардлага хангаагүй гэсэн баримт авагдсан байдаг. Үүнтэй холбоотой Сангийн яамнаас ирсэн албан бичгийн дагуу үнэлгээний хороо шаардлагад нийцсэн эсэхийг дахин хянан үзэхдээ хуульд заасан журам болон тендерийн шаардлагын зааварт заасан холбогдох мэдээллийн сангаас илгээсэн мэдээлэлд үндэслэн хянан үзнэ гэж заасны дагуу хянан үзсэн байна. Тендерийн тухай хуулиар тендер нээсэн өдрөөр үнэлгээг хийх ёстой. Нэгэнт байхгүй байсан бол татгалзах шийдвэр гаргах эрхтэй. Эрхийнхээ дагуу татгалзсан. Ирсэн баримт материал, цахим мэдээллийн материалын хүрээнд үнэлгээнүүд хийгдсэн. Энэ нь хууль ёсны үйл ажиллагаа буюу тухайн тохиолдлыг зохицуулсан захиргааны акт нь хуульд нийцсэн гэж харж байгаа. Анх ирүүлсэн тендерийн материалыг дахин үнэлэхдээ дахин материал цуглуулах, үнэлгээ хийх явдал биш. Нэхэмжлэгч тал манайх төлчхөөд байхад танайх тодруулахгүйгээр үнэлгээ хийчхээд байна гэдэг асуудал яриад байна. Тодруулна гэдгийг өгөгдлийн үйл ажиллагаа буюу банканд мөнгө төлөөд банкнаасаа тухайн салбар нийгмийн даатгалын газрын нийгмийн даатгалын байцаагч орж үзээд тухайн байгууллага хуулийн этгээдийг төлбөрөө төлсөн байгааг нь хянаж үзээд шивэлт хийсний дараа танайх шалгаруулах байсан гэсэн гомдол байна гэж харж байна. Энэ бол боломжгүй зүйл. Цахим системд оруулсан өгөгдөлд үндэслэж шийдвэр гарсан нь үндэслэлтэй байгаа учраас нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү.”гэв.

Гуравдагч этгээдийн өмгөөлөгч Ш.Ж******* шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “Захиргааны хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 62 дугаар зүйлийн 62.1-т түдгэлзүүлж болохгүй үндэслэл байгаа. Энэ дээр их хэмжээний хохирол учруулах гэдэг асуудал бий. Монгол улсын үйлчлүүлэгч иргэдийн эрх ашиг хөндөгдөнө. Эрүүл аюулгүй цэвэр орчинд үйлчлүүлэхгүй байх нөхцөлийг бүрдүүлэх гэж түдгэлзүүлэх асуудал тавьж байгааг ойлгохгүй байна. Монгол улсын эрх ашгийн эсрэг ноцтой асуудал байна гэж үзэхээр байна. Тендерт ялсан компани бараа материалаа татаад зарим хэсгийг нь нийлүүлээд зарим хэсгийг нь нийлүүлэх гэрээ байгуулагдчихсан байгаа. Энэ тохиолдолд зогсоосон тохиолдолд гуравдагч этгээдэд зохих хэмжээний эдийн засгийн хохирол учирна. Энэ материал бол зөвхөн арчих материал байгаа. Өөрөөр хэлбэл цэвэрлэгээнд ашиглагдах материал. Уг материал техникийн бүх материал, үйлчилгээний бүх ажилчдын эрүүл аюулгүй байх Үндсэн хуулийн асуудал яригдана. Хариуцагч ярьсан Монгол улсын эрх ашигт ноцтой зөрчил учруулна. Ийм үндэслэлүүдээр хүсэлтийг хүлээн авах үндэслэлгүй гэж үзэж байгаа учраас хүсэлтийг хэрэгсэхгүй болгож өгнө үү.” гэв.

ҮНДЭСЛЭХ нь:

Шүүх нэхэмжлэлийн хүрээнд хэргийн оролцогчид болон тэдгээрийн итгэмжлэгдсэн төлөөлөгч, өмгөөлөгч нарын шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан тайлбар болон хавтаст хэрэгт авагдсан бөгөөд шүүх хуралдаанаар хэлэлцсэн нотлох баримтуудад үндэслэн нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэлээ.

1.“Улаанбаатар төмөр зам” ХНН-ээс зарласан МЗХННУБТЗ/202401 дугаартай “Арчих материал худалдан авах” тендерийн үнэлгээний хорооны 2024 оны 08 дугаар сарын 28-ны өдрийн 04 дүгээр хуралдаанаар нэхэмжлэгчийг уг тендерийг нээсэн өдрийн буюу 2024 оны 08 дугаар сарын 22-ны өдөр нийгмийн даатгалын шимтгэлийн өглөг 835000 төгрөг байгаа тул шаардлага хангахгүй, гуравдагч этгээдийг шаардлагад нийцсэн гэж тус тус дүгнэж, нэхэмжлэгчид 2024 оны 09 дүгээр сарын 05-ны өдрийн 16/******* тоот мэдэгдлийг хүргүүлжээ.

2.Нэхэмжлэгчээс дээрх шийдвэрийг эс зөвшөөрч гомдол гаргасныг Сангийн яамны 2024 оны 09 дүгээр сарын 25-ны өдрийн 03/******* тоот албан бичгээр 2024 оны 09 дүгээр сарын 05-ны өдрийн 16/******* тоот мэдэгдлийг хүчингүй болгож, тендер хянан үзэх, үнэлэх ажиллагааг хуульд нийцүүлэн дахин хийхийг хариуцагчид мэдэгджээ.

3.Улмаар хариуцагчаас 2024 оны 10 дугаар сарын 11-ний өдрийн 03 дугаар хуралдаанаар дахин үнэлж, нэхэмжлэгчийн тендерийн материалаас өмнөх үндэслэлээр татгалзаж, 2024 оны 10 дугаар сарын 17-ны өдрийн 16/******* тоот мэдэгдлийг, гуравдагч этгээдэд гэрээ байгуулах эрх олгох зөвлөмжийг тус тус хүргүүлжээ.

4.Нэхэмжлэгчээс “тендер нээхээс өмнө нийгмийн даатгалын шимтгэлийг төлсөн, хариуцагчаас тухайн нөхцөл байдлыг тодруулах боломжтой байсан” гэж, хариуцагчаас “төрийн худалдан авах ажиллагааны цахим систем (www.tender.gov.mn)-ээр дамжуулан шалгахад нийгмийн даатгалын шимтгэлийн өглөгтэй байсан, ТШЗ 20.1.3-д дэлгэрэнгүй тусгасан” гэж тус тус маргажээ.

Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил, үйлчилгээ худалдан авах тухай хуулийн 28 дугаар зүйлийн 28.1-д “Захиалагч тендер тус бүрд дараах шийдвэрээс аль тохирохыг гаргана” гээд 28.1.1-д “хамгийн сайн тендер ирүүлсэн оролцогчид гэрээ байгуулах эрх олгох”, 28.1.2-т “шаардлагад нийцсэн тендер ирүүлсэн боловч хамгийн сайн тендер ирүүлээгүй бусад оролцогчийн тендер шалгараагүй тухай”, 28.1.3-д “шаардлагад нийцээгүй тендер ирүүлсэн оролцогчийн тендерээс татгалзах” гэж, мөн хуулийн 51 дүгээр зүйлийн 51.7-д “Үнэлгээний хорооны хуралд оролцсон гишүүдийн олонхын саналаар асуудлыг шийдвэрлэнэ” гэж тус тус заажээ.

5.Тендер шалгаруулалтын зааварчилгааны 20.1.3-д тендер нээсэн өдрийн байдлаар Монгол улсын, эсхүл үүсгэн байгуулагдсан улсын хуулийн дагуу өр төлбөр төлүүлэх шүүхийн шийдвэр гүйцэтгэх ажиллагаа явагдаагүй, эсхүл татварын, эсхүл нийгмийн даатгалын шимтгэлийн хугацаа хэтэрсэн өр төлбөргүй байх шаардлагатай. /Татвар болон нийгмийн даатгалын тодорхойлолтыг тендерийн баримт бичигт хавсарган ирүүлэх шаардлагагүй бөгөөд “төрийн худалдан авах ажиллагааны цахим систем” (www.tender.gov.mn)-ээр дамжуулан шалгана/ гэжээ.

6.Хэдийгээр нэхэмжлэгчээс тендер нээхийн өмнөх өдөр буюу 2024 оны 08 дугаар сарын 21-ний өдөр дээрх нийгмийн даатгалын шимтгэлийг төлсөн болох нь Баянгол дүүргийн Нийгмийн даатгалын газрын 2025 оны 01 дүгээр сарын 31-ны өдрийн 70 тоот албан бичгээр нотлогдож буй хэдий ч тендер нээх үед, Тендер шалгаруулалтын зааварчилгааны 20.1.3-д заасанчлан “төрийн худалдан авах ажиллагааны цахим систем”-ээс шалгах өглөгтэй, цахимд мэдээлэл бүртгэгдээгүйд хариуцагчийг буруутгах үндэслэлгүй байна.

7.Өөрөөр хэлбэл өр авлагын мэдээллийг нэгэнт цахимаар шалгахаар  тендер шалгаруулалтын зааварчилгаанд тусгасан, Нийгмийн даатгалын ерөнхий хуулийн 21 дүгээр зүйлийн 21.1-д “Ажил олгогч даатгуулагчийн цалин хөлс, түүнтэй адилтгах орлогоос нийгмийн даатгалын шимтгэлийг сар бүр тооцон суутгаж, ажил олгогчийн цалин хөлсний сан, түүнтэй адилтгах орлогоос тооцсон шимтгэлийн хамт тухайн сард багтаан нийгмийн даатгалын санд төлнө” гэж заасан тул нэхэмжлэгчээс 7 дугаар сарын нийгмийн даатгалын шимтгэлийг 08 дугаар сарын 21-ний өдөр төлсөн, уг мэдээлэл нь тендер нээх үед цахим системийн мэдээлэлд ороогүйд нэхэмжлэгчийг буруутгах үндэслэлгүй.

8.Хэдийгээр Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил, үйлчилгээ худалдан авах тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.1-д “Захиалагч тендерийн тодорхойгүй, эсхүл зөрчилдөөнтэй асуудлаар тодруулга авах нь бусад оролцогчийн өрсөлдөөнд сөргөөр нөлөөлөхгүй бол оролцогчоос бичгээр тодруулга авах хүсэлт хүргүүлэх ба хүсэлтэд хариу ирүүлэх хугацааг заана” гэж заасан хэдий ч тухайн тохиолдол нь өрсөлдөөнд шууд нөлөөлөхөөр байх тул тодруулга аваагүйд мөн хариуцагчийг буруутгах үндэслэлгүй.

Иймд нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэх нь зүйтэй байна.

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.1, 106.3, 106.3.14-т заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:

1.Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил, үйлчилгээ худалдан авах тухай хуулийн 28 дугаар зүйлийн 28.1.3, Нийгмийн даатгалын ерөнхий хуулийн 21 дүгээр зүйлийн 21.1-д заасныг тус тус баримтлан “М******* ф*******” ХХК-иас Монгол-Оросын хувь нийлүүлсэн нийгэмлэг Улаанбаатар төмөр зам, тус газрын Тендерийн үнэлгээний хороонд тус тус холбогдуулан гаргасан “Улаанбаатар төмөр зам” ХНН-ээс зарласан МЗХННУБТЗ/202401 дугаартай “Арчих материал худалдан авах” тендер шалгаруулалтыг үнэлсэн Тендерийн үнэлгээний хорооны 2024 оны 09 дүгээр сарын 05-ны өдрийн 146/*******, 2024  оны 10 дугаар сарын 17-ны өдрийн 16/******* тоот шийдвэрүүд тус тус хүчингүй болгуулах, тендер шалгаруулалтын үнэлгээг дахин хийхийг хариуцагчид даалгахыг хүссэн шаардлага бүхий нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгосугай.

2.Захиргааны хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 47 дугаар зүйлийн 47.1, 51 дүгээр зүйлийн 51.1-д зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 70200 төгрөгийг төсвийн орлогод хэвээр үлдээсүгэй.

Захиргааны хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 113 дугаар зүйлийн 113.2-т заасны дагуу хэргийн оролцогчид, тэдгээрийн итгэмжлэгдсэн төлөөлөгч, өмгөөлөгч нь шийдвэрийг эс зөвшөөрвөл шийдвэрийг гардан авсан өдрөөс хойш таван хоногийн дотор давж заалдах журмаар гомдол гаргах эрхтэй.

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                             Б.МӨНХ-ЭРДЭНЭ