Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2021 оны 03 сарын 03 өдөр

Дугаар 210/МА2021/00423

 

 

 

 

 

 

 

 

 

Б.Марын нэхэмжлэлтэй

иргэний хэргийн тухай

 

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч Ч.Цэнд даргалж, шүүгч Б.Нармандах, Э.Золзаяа нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн иргэний хэргийн шүүх хуралдаанаар

 

Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2021 оны 01 дүгээр сарын 11-ний өдрийн 181/ШШ2021/00056 дугаар шийдвэртэй,

Б.Марын нэхэмжлэлтэй Н гүйцэтгэх газарт холбогдуулан гаргасан,

арилжааны банкнууд дахь Б.Марын эзэмшлийн дансны зарлагын гүйлгээг 323 176 211 төгрөгийн үнийн дүнгийн хэмжээгээр битүүмжилсэн, түүний эзэмшлийн нннн УАЕ улсын дугаартай, Тоёота приус маркийн автомашины шилжилт хөдөлгөөнийг түдгэлзүүлсэн шийдвэр гүйцэтгэх ажиллагааг тус тус хүчингүй болгуулах тухай нэхэмжлэлтэй хэргийг,

хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гаргасан давж заалдах гомдлыг үндэслэн шүүгч Э.Золзаяагийн илтгэснээр хянан хэлэлцэв.

 

Нэхэмжлэгчийн шүүхэд гаргасан нэхэмжлэл болон түүний итгэмжлэгдсэн төлөөлөгч, өмгөөлөгчийн шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Монголын Худалдаа аж үйлдвэрийн танхимын дэргэдэх Монголын Олон улсын арбитрын 2018 оны 7 дугаар сарын 24-ний өдрийн 204 дугаар шийдвэрээр “И” ХХК-аас төлбөр гаргуулан “М” ХХК-д олгохоор болсон. Гэтэл шийдвэр гүйцэтгэх ажиллагааны явцад иргэн Б.Марын арилжааны банк дахь харилцах дансны зарлагын хөдөлгөөнийг битүүмжлэн, хөрөнгийн эрхийг түдгэлзүүлэн шүүхийн шийдвэрт заагаагүй хувь хүний хөрөнгө, үйл ажиллагаанд хууль бусаар халдаж байна.

Б.Мар нь “И” ХХК-ийн хувьцаа эзэмшигчээр бүртгэлтэй. Б.Мараас төлбөр барагдуулахтай холбоотой шийдвэр гараагүй байхад Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 93 дугаар зүйлийн 93.4 дэх хэсэгт заасныг буруу тайлбарлан иргэний хувийн эд хөрөнгөнд халдан шийдвэр гүйцэтгэлийн ажиллагаа явуулж байгаа нь хуульд нийцэхгүй байна.

Н гүйцэтгэх газрын 2020 оны 3 дугаар сарын 10-ний өдрийн 184/18280505 дугаар тогтоолын дагуу Б.Марын эзэмшлийн Төрийн банкан дахь 102900235807 тоот төгрөгийн, Хаан банкан дахь 5114170875 тоот төгрөгийн, 5111514426 тоот ам.долларын дансны зарлагын хөдөлгөөнийг битүүмжилсэн байна.

Мөн Н гүйцэтгэх газрын 2019 оны 11 дүгээр сарын 07-ны өдрийн 4/24822 дугаартай албан тоотын дагуу Б.Марын эзэмшлийн нннн УАЕ улсын дугаартай Тоёота Приус маркийн тээврийн хэрэгслийн шилжилт хөдөлгөөний эрхийг түдгэлзүүлсэн.

Түүнчлэн Үнэт цаасны төвлөрсөн хадгаламжийн төв, дүүргүүдийн газрын алба, дүүргийн улсын бүртгэлийн хэлтсүүдээс лавлагаа авч, эрх түдгэлзүүлэх ажиллагаа хийхээр хандсан байна. Мөн Б.Мараас нийт 31 төлбөр авагчид холбогдох 646 352 422 төгрөгийн төлбөрийг төлөх агуулга бүхий 2020 оны 3 дугаар сарын 16-ны өдрийн 18280505 тоот мэдэгдлийг гардуулсан.

Шийдвэр гүйцэтгэлийн ажиллагаа нь “И” ХХК-аас төлбөр барагдуулах болохоос иргэн Б.Марын хувь хөрөнгө, үйл ажиллагаанд чиглэн явагдах учиргүй. Битүүмж тогтоогоод байгаа данс түүнд байрлах мөнгөн хөрөнгө, хөдлөх хөрөнгө нь Б.Марын “И” ХХК-д оруулсан хөрөнгө биш бөгөөд шүүхийн шийдвэр гарснаас хойш үүссэн хөрөнгө юм. “И” ХХК-ийн хувьцааны 50 хувийг Б.Мар эзэмшдэг боловч үйл ажиллагаанд оролцоогүй, удирдах болон гүйцэтгэх эрх бүхий албан тушаалтнаар ажиллаагүй.

Иймд Н гүйцэтгэх газрын 2020 оны 3 дугаар сарын 10-ны өдрийн 184/18280505 тоот, мөн 2019 оны 11 дүгээр сарын 07-ны өдрийн 4/24822 тоот албан бичгийн дагуу хийж буй Б.Марын эзэмшлийн арилжааны банкнууд дахь дансны зарлагын гүйлгээг 323 176 211 төгрөгийн үнийн дүнгийн хэмжээгээр битүүмжилсэн, түүний эзэмшлийн нннн УАЕ улсын дугаартай, Тоёота приус маркийн автомашины шилжилт хөдөлгөөнийг түдгэлзүүлсэн шийдвэр гүйцэтгэх ажиллагааг тус тус хүчингүй шийдвэр гүйцэтгэх ажиллагааг тус тус хүчингүй болгож өгнө үү гэжээ.

 

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчдийн шүүх хуралдаанд гаргасан тайлбарт: Шүүхийн шийдвэрийн дагуу “И” ХХК нь 727 530 114 төгрөгийг иргэд, аж ахуйн нэгжид төлөх төлбөртэй 39 гүйцэтгэх баримт бичигт шийдвэр гүйцэтгэх ажиллагаа явагдаж байгаа.

Шийдвэр гүйцэтгэх ажиллагаа явуулж төлбөр төлөгч “И” ХХК-ийн арилжааны банкан дахь дансны зарлагын гүйлгээг битүүмжлэх тухай тогтоолыг арилжааны банкнуудад хүргүүлсэн боловч мөнгөн хөрөнгө илрээгүй, холбогдох байгууллагуудаас эд хөрөнгө тодруулахаар лавлагаа авахад төлбөр төлөгч хуулийн этгээдийн бүртгэлд эд хөрөнгөгүй, мөн шүүхэд хэрэг хянан шийдвэрлэгдэж байх хугацаанд үл хөдлөх хөрөнгөнүүдийг бусдад шилжүүлсэн болох нь тогтоогдсон.

2018 оноос хойш төлбөр төлөгч хуулийн этгээдэд хүчин төгөлдөр шүүхийн шийдвэрийг биелүүлэхийг удаа дараа мэдэгдэж байсан боловч биелүүлээгүй.

Шүүхийн шийдвэрт заагдсан төлбөр төлөх үүргээ биелүүлээгүй тул Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 93 дугаар зүйлийн 93.4, Компанийн тухай хуулийн 9 дүгээр зүйлийн 9.5 дахь хэсэгт заасныг үндэслэн төлбөр төлөгч хуулийн этгээдийн үүсгэн байгуулагч, хувьцаа эзэмшигч нарын арилжааны банкнууд дахь дансны зарлагын гүйлгээг битүүмжлэх, эд хөрөнгийн шилжилт хөдөлгөөн хийх эрхийг түдгэлзүүлэх шийдвэр гүйцэтгэх ажиллагаа явуулсан.

Энэ ажиллагааны хүрээнд Б.Марын арилжааны банкнууд дахь дансны зарлагын гүйлгээг битүүмжилсэн, мөн тээврийн хэрэгслийн шилжилт хөдөлгөөнийг зогсоосон.

Б.Мараас төлбөр гаргуулах гүйцэтгэх баримт бичиг байхгүй ч “И” ХХК-ийн 50 хувийн хувьцаа эзэмшигч түүний компанид оруулсан эд хөрөнгө, эд хөрөнгийн эрх нь хувийн эд хөрөнгө, эд хөрөнгийн эрхээс тодорхой зааглагдаагүй учраас Б.Мар өөрийн бүх эд хөрөнгө, эд хөрөнгийн эрхээр компанийн өр төлбөрийг давхар хариуцах ёстой.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 11 дүгээр зүйлийн 11.1, 11.2 дахь хэсэгт заасны дагуу шийдвэр гүйцэтгэх ажиллагаа явуулсан.

Иймд нэхэмжлэгч Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 44 дүгээр зүйлийн 44.3, 44.4 дэх хэсэгт зааснаар гомдлоо шүүхээс гадуур урьдчилан шийдвэрлүүлэх журмыг зөрчсөн тул хуулийн дагуу явагдсан шийдвэр гүйцэтгэх ажиллагааг хэвээр үлдээж, нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

 

Шүүх: Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 93 дугаар зүйлийн 93.4, 122 дугаар зүйлийн 122.1-д заасныг тус тус баримтлан Н гүйцэтгэх газраас И ХХК-аас төлбөр гаргуулах ажиллагааны явцад явуулсан 2019 оны 11 дүгээр сарын 07-ны өдрийн 4/24822 дугаартай албан бичгээр Б.Марын эзэмшлийн Тоёота Приус 20 маркийн нннн УАЕ улсын дугаартай автомашиныг шилжилт хөдөлгөөн хийх эрхийг түдгэлзүүлсэн, 2020 оны 3 дугаар сарын 10-ны өдрийн 184/18280505 тоот Төлбөр төлөгчийн банк дахь хадгаламжийн болон харилцах данс битүүмжлэх, хасалт хийх тухай тогтоолоор арилжааны банкнууд дахь Б.Марын дансны зарлагын гүйлгээг 323 176 211 төгрөгийн үнийн дүнгийн хэмжээгээр битүүмжлэхийг даалгасан шийдвэр гүйцэтгэлийг баталгаажуулах арга хэмжээг тус тус хүчингүй болгож,

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.4-т заасныг үндэслэн нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 140 400 төгрөгийг улсын орлогод үлдээж, хариуцагчаас 140 400 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгчид олгож шийдвэрлэжээ.

 

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч давж заалдах шатны шүүхэд гаргасан гомдолдоо: Анхан шатны шүүхийн шийдвэрийг эс зөвшөөрч гомдол гаргаж байна. Шүүхийн шийдвэрийн дагуу “И” ХХК-аас 727 530 114 төгрөгийг иргэд, аж ахуй нэгжид төлөх төлбөртэй 39 гүйцэтгэх баримт бичигт шийдвэр гүйцэтгэх ажиллагаа явагдаж байна.

“И” ХХК-ийн арилжааны банк дахь дансны зарлагын гүйлгээг битүүмжлэх тухай тогтоолыг арилжааны банкнуудад хүргүүлсэн боловч мөнгөн хөрөнгө илрээгүй, холбогдох байгууллагуудаас эд хөрөнгө тодруулахаар лавлагаа авахад төлбөр төлөгчийн хуулийн этгээдийн бүртгэлд эд хөрөнгөгүй болох нь тогтоогдсон.

Шүүхийн шийдвэрт заагдсан төлбөрийг төлбөр төлөгч төлөх үүргээ биелүүлээгүй, Б.Мар нь компанид оруулсан эд хөрөнгө, эд хөрөнгийн эрх нь хувийн эд хөрөнгө, эд хөрөнгийн эрхээс тодорхой зааглагдаагүй болох нь компанийн дүрмээр нотлогдож байх тул Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 93 дугаар зүйлийн 93.4, Компанийн тухай хуулийн 9 дүгээр зүйлийн 9.5-д заасныг үндэслэн төлбөр төлөгч хуулийн этгээдийн 50 хувийн хувьцаа Б.Марын арилжааны банкнууд дахь дансны зарлагын гүйлгээг битүүмжлэх, эд хөрөнгийн шилжилт хөдөлгөөн хийх эрхийг түдгэлзүүлэх шийдвэр гүйцэтгэх ажиллагаа явуулсан.

Иймд шийдвэр гүйцэтгэх ажиллагаа хуулийн дагуу явагдсан тул анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож өгнө үү гэжээ.

 

ХЯНАВАЛ:

 

Анхан шатны шүүхийн шийдвэр Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 116 дугаар зүйлийн 116.2 дахь хэсэгт заасан хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх шаардлагыг хангасан, шүүх хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журмыг зөрчөөгүй байна.

 

Нэхэмжлэгч Б.Мар, хариуцагч Н гүйцэтгэх газарт холбогдуулан 2019 оны 11 дүгээр сарын 07-ны өдрийн 4/24822 дугаартай албан бичгээр Б.Марын эзэмшлийн Тоёота Приус 20 маркийн нннн УАЕ улсын дугаартай автомашиныг шилжилт хөдөлгөөн хийх эрхийг түдгэлзүүлсэн, 2020 оны 3 дугаар сарын 10-ны өдрийн 184/18280505 тоот төлбөр төлөгчийн банк дахь хадгаламжийн болон харилцах данс битүүмжлэх, хасалт хийх тухай тогтоолоор арилжааны банкнууд дахь Б.Марын дансны зарлагын гүйлгээг 323 176 211 төгрөгийн үнийн дүнгийн хэмжээгээр битүүмжилсэн ажиллагааг тус тус хүчингүй болгуулах нэхэмжлэл гаргасныг хариуцагч эс зөвшөөрч маргажээ.

 

Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2018, 2019 онуудын нийт 32 ширхэг шийдвэр болон Арбитрын шүүхийн 2018 оны шийдвэрийн дагуу “И” ХХК-аас төлбөр гаргуулахаар бичигдсэн гүйцэтгэх хуудсуудыг үндэслэн Н гүйцэтгэх газраас гүйцэтгэх ажиллагааг явуулж, уг ажиллагааны явцад 2019 оны 11 дүгээр сарын 07-ны өдрийн 4/24822 тоот албан бичгээр Б.Марын эзэмшлийн нннн УАЕ улсын дугаартай Тоёота Приус 20 маркийн автомашины шилжилт хөдөлгөөн хийх эрхийг түдгэлзүүлж, 2020 оны 3 дугаар сарын 10-ны өдрийн 184/18280505 тоот тогтоолоор арилжааны банкнууд дахь Б.Марын эзэмшлийн дансны зарлагын гүйлгээг 323 176 211 төгрөгийн хэмжээгээр битүүмжлэхээр шийдвэрлэжээ. /хх132, 133/

 

Дээрх 4/24822 тоот албан бичиг, 184/18280505 тоот тогтоолын дагуу Б.Марын эзэмшлийн автомашины шилжилт хөдөлгөөн хийх ажиллагаа түдгэлзсэн, түүний арилжааны банкнууд дахь дансны зарлагыг 323 176 211 төгрөгийн хэмжээнд битүүмжлэгдсэн, Б.Мар нь “И” ХХК-ийн 50 хувийн хувьцааг эзэмшдэг талаар талууд маргаагүй байна.

 

Анхан шатны шүүх Компанийн тухай хуулийн 9 дүгээр зүйлийн 9.3 дахь хэсэгт “Хувьцаа эзэмшигч нь компанийн хүлээх үүргийг хариуцахгүй бөгөөд гагцхүү өөрийн эзэмшлийн хувьцааныхаа хэмжээгээр хариуцлага хүлээнэ” гэж, мөн зүйлийн 9.5 дахь хэсэгт “Хувьцаа эзэмшигчийн компанид оруулсан эд хөрөнгө, эд хөрөнгийн эрх нь хувийн эд хөрөнгө, эд хөрөнгийн эрхээс тодорхой зааглагдаагүй бол уг хувьцаа эзэмшигч өөрийн бүх эд хөрөнгө, эд хөрөнгийн эрхээр компанийн өр төлбөрийг давхар хариуцна” гэж заасныг зөв тайлбарлан хэрэглэж, хуулийн этгээдийн бусдад төлөх төлбөрийг түүний хувьцаа эзэмшигч хариуцахгүй, харин хуулийн этгээд өөрийн эзэмшиж байгаа эд хөрөнгө болон эд хөрөнгийн эрхээр бүрэн хариуцах ёстой гэж дүгнэснийг буруутгахгүй.

 

Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 93 дугаар зүйлийн 93.4 дэх хэсэгт “төлбөр төлөгчийн нийт хөрөнгө нь гүйцэтгэх баримт бичгийн шаардлагыг хангахад хүрэлцэхгүй тохиолдолд тухайн хуулийн этгээдийн үүсгэн байгуулагч, хувь эзэмшигчийн эд хөрөнгөөс төлбөр гаргуулах эсэх асуудлыг үүсгэн байгуулагч, хувь эзэмшигчийн эд хөрөнгийн хариуцлагын харилцааг зохицуулсан хууль тогтоомжид заасан журмын дагуу шийдвэрлэнэ” гэж заасны дагуу “И” ХХК-ийн 50 хувийн хувьцаа эзэмшигч Б.Марын эд хөрөнгөөс төлбөр гаргуулах тохиолдолд Компанийн тухай хуулийн 9 дүгээр зүйлийн 9.5 дах хэсэгт “Хувьцаа эзэмшигчийн компанид оруулсан эд хөрөнгө, эд хөрөнгийн эрх нь хувийн эд хөрөнгө, эд хөрөнгийн эрхээс тодорхой зааглагдаагүй бол уг хувьцаа эзэмшигч өөрийн бүх эд хөрөнгө, эд хөрөнгийн эрхээр компанийн өр төлбөрийг давхар хариуцна” гэж заасан нөхцөл бүрдсэн байх учиртай. Хэрэгт цугларсан нотлох баримтын хүрээнд хувьцаа эзэмшигч Б.Марын компанид оруулсан эд хөрөнгө, эд хөрөнгийн эрхийг олж тогтоогоогүй тул түүний хувийн эд хөрөнгө болох автомашин болон мөнгөн хөрөнгийг компанийн хөрөнгөөс тодорхой зааглагдаагүй гэж дүгнэхээргүй байна.

 

Иймд хариуцагч байгууллагын гүйцэтгэсэн ажиллагааг зөвтгөх үндэслэл тогтоогдоогүй тул уг байгууллагын гаргасан давж заалдах гомдлыг хангахгүй орхиж, анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээх нь зүйтэй гэж давж заалдах шатны шүүх бүрэлдэхүүн дүгнэв.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.1-д заасныг удирдлага болгон ТОГТООХ НЬ:

 

1. Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2021 оны 01 дүгээр сарын 11-ний өдрийн 181/ШШ2021/00056 дугаар шийдвэрийг хэвээр үлдээж, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн давж заалдах гомдлыг хангахгүй орхисугай.

 

2. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.3-д зааснаар хариуцагч нь давж заалдах журмаар гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжаас чөлөөлөгддөг болохыг дурдсугай.

 

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 172 дугаар зүйлийн 172.1 дэх хэсэгт зааснаар зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч мөн зүйлийн 172.2 дахь хэсэгт заасан үндэслэлээр энэ хуулийн 167 дугаар зүйлд заасан магадлалд гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хяналтын журмаар гомдол гаргах эрхтэй.

 

4.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7 дахь хэсэгт зааснаар магадлалыг танилцуулан сонсгож, 7 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүх хуралдааны оролцогч талууд шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд магадлалыг гардуулснаар гомдол гаргах хугацаа тоолохыг дурдсугай.

 

 

 

          ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                Ч.ЦЭНД

 

                                          ШҮҮГЧИД                                Б.НАРМАНДАХ

 

                                                                                            Э.ЗОЛЗАЯА