Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2023 оны 11 сарын 29 өдөр

Дугаар 2023/ДШМ/1138

 

 

 

 

    2023          11             29                                           2023/ДШМ/1138

 

С.Чад холбогдох

эрүүгийн хэргийн тухай        

Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч Т.Өсөхбаяр даргалж, шүүгч М.Алдар, Ш.Бат-Эрдэнэ нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанд:

прокурор Н.Ганчимэг,

хохирогч З.Лөмгөөлөгч Б.Энхболд, Н.Болортуул,

цагаатгагдсан этгээд С.Чын өмгөөлөгч К.Манлай, Б.Бат-Ерөөлт,

нарийн бичгийн дарга Б.Зэнээмэдрээ нарыг оролцуулан,

Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Э.Оюунтунгалаг даргалж хийсэн шүүх хуралдааны 2023 оны 8 дугаар сарын 30-ны өдрийн 2023/ШЦТ/1140 дүгээр цагаатгах тогтоолыг эс зөвшөөрч хохирогч З.Л Z.L /Zhou Liman/, түүний өмгөөлөгч Н.Болортуул нарын давж заалдах гомдол, прокурор Н.Ганчимэгийн бичсэн 2023 оны 10 дугаар сарын 09-ний өдрийн 28 дугаартай улсын яллагчийн эсэргүүцэл зэргийг үндэслэн С.Чад холбогдох 1815002860148 дугаартай эрүүгийн хэргийг 2023 оны 11 дүгээр сарын 08-ны өдөр хүлээн авч, шүүгч Ш.Бат-Эрдэнийн илтгэснээр хянан хэлэлцэв.      

Хүнэд овгийн С.Ч, 1985 оны 09 дүгээр сарын 23-ны өдөр Улаанбаатар хотод төрсөн, 38 настай, эрэгтэй, дээд боловсролтой, геологич мэргэжилтэй, “Ай Жи Монголиа” ХХК-д гүйцэтгэх захирал ажилтай, ам бүл 5, эхнэр, хүүхдүүдийн хамт Сүхбаатар дүүргийн 6 дугаар хороо, 45 дугаар байрны 17 тоотод оршин суух бүртгэлтэй, /РД:ХИ85092370/,

Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2021 оны 03 дугаар сарын 18-ны өдрийн 188 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар 500 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 500.000 төгрөгөөр торгох ялаар шийтгүүлсэн;

С.Ч нь “ашигт малтмал олборлох тусгай зөвшөөрөл авч өгнө” хэмээн урьдын харилцааны явцад бий болсон итгэлийг урвуулан ашиглаж БНХАУ-ын иргэн З.Л Z.L Баянзүрх дүүргийн 26 дугаар хорооны нутаг дэвсгэрт байхдаа 2017 оны 03 дугаар сарын 16-ны өдөр 141,643.06 юань буюу 50.440.008 төгрөгийг Голомт банкин дахь өөрийн нэр дээр бүртгэлтэй 3100002764 тоот дансаар шилжүүлэн авч, залилсан гэмт хэрэгт холбогджээ.

Баянзүрх дүүргийн прокурорын газраас: С.Чын үйлдлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.2 дахь заалтад зааснаар зүйлчлэн яллах дүгнэлт үйлдэж, хэргийг шүүхэд шилжүүлжээ.

Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх: Баянзүрх дүүргийн прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.2 дахь заалтад заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн, эрүүгийн 1815002860148 дугаартай Хүнэд овогт С.Чад холбогдох хэргийг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.19 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.1 дэх заалтад зааснаар “Гэмт хэргийн шинжгүй” үндэслэлээр хэрэгсэхгүй болгож, С.Чыг цагаатгаж, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.19 дүгээр зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар хэрэг бүртгэлтийн 181500286 дугаартай хэргийг Баянзүрх дүүргийн прокурорын газарт буцааж, энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, битүүмжлэгдсэн хөрөнгөгүй, С.Ч нь цагдан хоригдсон хоноггүй, түүнээс гаргуулах хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, бусдад төлөх төлбөргүй болохыг тус тус дурдаж, 1 ширхэг Си-Диг хэрэгт хавсаргаж, С.Чад авсан Монгол Улсын хилээр гарахыг хязгаарлах хязгаарлалт тогтоох, хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг цагаатгах тогтоол хуулийн хүчин төгөлдөр болмогц тус тус хүчингүй болгохоор шийдвэрлэжээ.

Хохирогч  З.Л Z.L /Zhou Liman/ давж заалдах гомдолдоо: “...С.Ч нь ашиглалтын тусгай зөвшөөрлийг хуулийн дагуу авч өгөхөөр тохиролцож, ажлын хөлсөнд 2017 оны 03 дугаар сарын 16-ны өдөр өөрийн Голомт банкны дансаар надаас 141,643.06 юань буюу тухайн үеийн ханшаар 50.449.008 төгрөгийг шилжүүлэн авч байсан нь хавтаст хэрэгт авагдсан дансны хуулгаар тогтоогдож байгаа юм.

С.Ч нь ашиглалтын тусгай зөвшөөрлийг хуулийн дагуу аваагүй атлаа хуурамч гэрээг надад өгсөн болохыг би сүүлд мэдсэн бөгөөд улмаар миний бие түүний надад өгсөн “Бичил уурхайгаар ашигт малтмал олборлох тухай” хуурамч гэрээнд итгэж, төөрөгдөлд орж Булган аймгийн Бүрэгхангай сумын 3 дугаар багийн нутаг “Хорихын гарам” гэх газарт ашигт малтмал олборлож байсан нь үнэн болно.

Намайг хууль бусаар ашигт малтмал олборлосон гэж Цагдаагийн байгууллага шалгаж эхэлсэн бөгөөд 2018 оноос хойш 4 жилийн хугацаанд шалгуулж байгаад 2022 оны 08 дугаар сарын 09-ний өдөр Нийслэлийн прокурорын газрын хяналтын прокурор эрүүгийн хэрэгт бодит дүгнэлт хийн надад холбогдох хэргийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн юм. Энэ 4 жилийн хугацаанд намайг хилээр гарахыг хориглосон учраас би өөрийн гэртээ ч очиж чадахгүй байсан болно.

Гэтэл анхан шатны шүүх нь “Бичил уурхайгаар ашигт малтмал олборлох тухай” гэрээг С.Ч нь хохирогчид хэзээ, хаана өгсөн болох нь тогтоогдохгүй байна, “хуурамч гэрээ” гэх баримт бичгийг хэн, хэзээ, хаана, хэрхэн үйлдсэнийг мөрдөн шалгах ажиллагаагаар тогтоогоогүй, БНХАУ-ын иргэн З.Л Z.Lд залилах гэмт хэргийн улмаас бодит хохирол учирсан болох нь тогтоогдоогүй, тэд хоорондоо мөнгө зээлүүлж авч, буцааж өгөх, гэрээний үүргийн дагуу мөнгө шилжүүлэх зэргээр харьцдаг байсан гэж дүгнэсэн нь хэргийн бодит байдалд нийцээгүй байна.

Учир нь, С.Ч нь “Бичил уурхайгаар ашигт малтмал олборлох тухай” гэрээг хэзээ, хаана, хэрхэн үйлдсэнийг бид мэдэхгүй бөгөөд С.Ч өөрөө л хэлэхгүй бол хуурамч гэрээг хэзээ, хаана, хэрхэн үйлдсэнийг тогтоох боломжгүй юм. Мөн миний нөхөр Л.А нь С.Чыг 141,643.06 юань буюу тухайн үеийн ханшаар 50.449.008 төгрөгийг өөрт нь өгөөгүй талаар мэдүүлсээр ирсэн болно.

Иймд анхан шатны шүүхийн цагаатгах тогтоолд заасан үндэслэл нь хэргийн бодит байдалтай нийцэхгүй байгаа учраас тогтоолыг хүчингүй болгож, хэргийг анхан шатны шүүхээр дахин хэлэлцүүлж өгнө үү. ...” гэжээ.  

Хохирогч З.Лөмгөөлөгч Н.Болортуул давж заалдах гомдол болон тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “...1. Хохирогч З.Л Z.L нь С.Чын өгсөн хуурамч гэрээнд хууртагдаж алт олборлосон. С.Ч “намайг хуурч мөнгө авсан” гэж мэдүүлдэг боловч хохирогч, шүүгдэгч нар нь орчуулагчаар дамжуулж, орчуулагч байлцуулан харилцаж, ойлголцдог байсан талаар хэн аль нь мэдүүлдэг, мөн гэрч, орчуулагч Д.Тодгэрэл “...С.Ч нь З.Л Z.Lы нөхөр Л.Атой хамтарч ажилладаг байсан. Эхнэр нь биш нөхөр нь манай оффист ирж уулздаг байсан. С.Ч нь З.Л Z.Lд Булган аймгийн Бүрэгхангай суманд бичил уурхайгаар ашигт малтмал эрхлэх тухай гэрээ огт өгч байгаагүй. ...” /4хх 36/, орчуулагч Б.Билгүүнзаяаг “...С.Ч нь Булган аймгийн Бүрэгхангай суманд бичил уурхайн ашигт малтмал эрхлэх тухай гэрээ миний хажууд өгч байгаагүй. ...” /4хх 38-40/, орчуулагч Б.Онон “...цагдаад мэдүүлэг өгөхөд нэг удаа ажиллаж байсан. ...” /4хх 19/ гэж, гэрчүүд хохирогчийн хэлсэн “...С.Чаас хуурамч гэрээ авсан. ...” гэх мэдүүлгийг үгүйсгэж мэдүүлсэн байх ба мөн Булган аймгийн засаг дарга Н.Эрхэмбаяр, “Геовишн ресурс” ХХК-ийн захирал С.Ч нарын 2017 оны 08 дугаар сарын 11-ний өдрийн 2017/08 Бичил уурхайгаар ашигт малтмал олборлох тухай гэрээг С.Ч нь З.Л Z.Lд өгч байсныг гэрчлээгүй байна гэжээ. /Цагаатгах тогтоолын 9 дүгээр нүүр/.

Хохирогч З.Л Z.L нь мөрдөн байцаалтад “...Энэ гэрээг Тод гээд би цээжилсэн орчуулагчийг байхад гаргаж өгсөн....” /4хх 6-7/ гэж мэдүүлсэн, тус мэдүүлгийг орчуулагч Л.Тодгэрэл гэрчээр “...2018 онд ямар ч байсан нэг удаа Зөу Лиман нөхрийн хамт ирж уулзаад явсан. ...Булган аймгийн Бүрэгхангай сумын нутагт ашигт малтмал олборлох талаар ...асуудал яригдаж байсан, намайг ажилд орохоос өмнө л энэ хүмүүс хоорондоо яриад ажил эхлээгүй байсан. ...” /4хх 35-37/ гэж нотолж мэдүүлсэн.

Гэтэл шүүх хохирогчийн нэр зааж хэлсэн орчуулагч Л.Тодгэрэлийн гэрчийн мэдүүлгийг биш тухайн үйл явдлын үеэр байгаагүй орчуулагч Б.Онон, Б.Билгүүнзаяа нарын мэдүүлгийг цагаатгах нотлох баримт гэж ашигласан нь орчуулагч Л.Тодгэрэлийн мэдүүлгийг бүхэлд нь биш зөвхөн “...гэрээ өгөөгүй...” гэсэн хэсгийг нь үнэлсэн нь ойлгомжгүй байна.

Харин ч Л.Тодгэрэлийн гэрчийн мэдүүлгээр “Булган аймгийн Бүрэгхангай сумын нутагт ашигт малтмал олборлох талаар асуудал Тодгэрэлийг ажилд орохоос өмнө С.Ч, З.Л Z.L нарын хувьд яригдаж байсан. Энэ Булган аймгийн Бүрэгхангай сумын нутагт ашигт малтмал олборлох талаар асуудал яригдсан гэдэг, хэдэн удааг мэдэхгүй ч лавтайяа нэг удаа З.Л Z.L С.Чтай уулзсан болох нь тус тус нотлогдсон.

2. Хохирогч З.Л Z.L, түүний нөхөр Л.А нар мөрдөн шалгах ажиллагааны явцад удаа дараа мэдүүлэхдээ С.Чаас гэрээг хэзээ, хаана, хэний дэргэд авч байсан талаар тодорхой мэдүүлээгүй, мэдүүлгийхээ эх сурвалжийг зааж, нотолж чадаагүй гэжээ. /шийтгэх тогтоолын 10 дахь нүүр, 11 дэх нүүр/.

Хохирогч З.Л Z.Lы мэдүүлгийг түүний нөхөр Л.А зөрүүгүйгээр нотолж мэдүүлдэг ба шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан “...хэргийн талаар үнэн зөв мэдүүлэг өгөх үүрэгтэй. ...” гэсэн үүрэг хүлээж мэдүүлсэн хохирогч З.Л Z.Lы мэдүүлэг, түүний нөхөр Л.Аы “үнэн зөв мэдүүлэг өгөх үүрэгтэй”-гээр мөрдөгчид өгсөн гэрчийн мэдүүлгийг “гэрээг хэн нэгний хажууд өгөх ёстой мэтээр хийсвэрээр сэтгэж, дүгнэлт хийж” эх сурвалжгүй гэж буруу дүгнэсэн.

Мөн хохирогч З.Л Z.L мөрдөн байцаалтад “...Энэ гэрээг Тод гээд би цээжилсэн орчуулагчийг байхад гаргаж өгсөн. ...”/4хх 6-7/ гэж мэдүүлсэн. Энэхүү гэрээгээ хэрэгт гаргаж өгсөн, энэ гэрээг хуурамч гэж мэдэлгүйгээр Булган аймгийн Бүрэгхангай сумын нутагт гэрээний ажлаа хийх гэж техникүүд авч очиж, зардал гаргаж давхар хохирсон байхад шүүх хэргийн үйл баримтыг биш хэт нэг талыг барьж Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.2 дахь заалтад заасан “...улсын яллагчийн дүгнэлтийг няцаан үгүйсгэсэн үндэслэлийг. ...” заалгүйгээр цагаатгасан. Прокурор хэрэгт цугларсан 9 төрлийн нотлох баримтыг үнэлэн хэргийн үйл баримтыг тогтоосон.

3. С.Ч нь З.Л Z.Lд 2017/08 дугаартай Бичил уурхайгаар ашигт малтмал олборлох тухай гэрээг өгч байсан нь хэрэгт цугларсан бусад ямар ч баримтаар нотлогдоогүй гэжээ. /шийтгэх тогтоолын 10 дахь,11 дэх нүүрүүд/

Хохирогч З.Л Z.L өөрийг нь С.Ч хуурч мэхэлсэн гэсэн мэдүүлгийнхээ эх сурвалж болгож, Булган аймгийн Засаг дарга Н.Эрхэмбаяр, “Геовишн ресурс” ХХК-ийн захирал С.Ч нарын 2017 оны 08 дугаар сарын 11-ний өдрийн 2017/08 дугаартай Бичил уурхайгаар ашигт малтмал олборлох тухай гэрээг хэрэгт гаргаж өгсөн. Энэхүү Бичил уурхайгаар ашигт малтмал олборлох тухай ажлыг С.Ч хийнэ гэж БНХАУ-ын иргэн Л.Атай гэрээ байгуулсан үйл баримт нь хэрэгт байгаа. 2016 оны 10 дугаар сарын 22-ны өдрийн “Мэн тянь” ХХК болон С.Чын “Гео форсе” ХХК-ийн хооронд байгуулагдсан гэрээний 2 дахь хэсгийн заалтаар /Зхх 155-159/ болон Булган аймгийн Бүрэгхангай суманд З.Л Z.L олборлолтын ажил явуулахаар очсон /1хх 14-16/ үйл явдлаар бүрэн тогтоогдож байгаа.

Түүнчлэн, С.Ч нь Булган аймгийн Бүрэгхангай суманд ашигт малтмал ашиглах талаар уулзалтыг З.Л Z.L, түүний нөхөр Л.А нартай хийж байсныг С.Ч, З.Л Z.L нарт орчуулга хийж байсан Л.Тодгэрэл гэрчээр "Булган аймгийн Бүрэгхангай сумын нутагт ашигт малтмал олборлох талаар ...асуудал яригдаж байсан, намайг ажилд орохоос өмнө л энэ хүмүүс хоорондоо яриад ажил эхлээгүй байсан. ...” /7хх 35-37/ гэж нотолж мэдүүлсэн.

С.Чын “...З.Л Z.L гэх хүнийг нарийн сайн мэдэхгүй. ...” гэдэг мэдүүлэг нь, түүний шүүх хуралдаанд мэдүүлсэн “...З.Л Z.Lтай амьдралдаа хоёр удаа уулзаж байсан. Нэг нь Бээжинд нөхөр нь “хоолонд оруулья” гээд таарч байсан. Дараа нь гэртээ хоол идүүлхэд таарч байсан. ...” гэсэн мэдүүлэг илт худал болох нь Л.Аы гэрчээр өгсөн мэдүүлэг /4хх 20-23/ төдийгүй, орчуулагч Л.Тодгэрэлийн “...2018 онд ямар ч байсан нэг үдаа З.Л Z.L нөхрийн хамт ирж уулзаад явсан. ...” гэсэн мэдүүлгээс илэрхий байна.

4. БНХАУ-ын иргэн З.Л Z.Lы банкны данснаас 2017 оны 3 дугаар сарын 16-ны өдөр С.Чын дансанд шилжин орсон 141,643.06 юанийг хохирогчийн тайлбарласнаар Ашигт малтмал олборлох гэрээний үнэ болгож өгсөн мөнгөний баримт уу, аль эсвэл шүүгдэгчийн тайлбарласнаар машин худалдаж авахад зориулж зээлээд эргүүлж өгсөн талаарх баримт уу, мөн өөр зориулалтаар шилжүүлсэн гүйлгээ юу гэдгийн аль болохыг мөрдөн шалгах ажиллагаагаар тогтоогоогүй байна гэж шүүх үзсэн нь ойлгомжгүй байна.

Шүүгч мөрдөн шалгах ажиллагаагаар хийвэл зохих энэхүү ажиллагааг тогтоогоогүй гэж үзвэл, шүүхийн дүгнэлтэд ноцтойгоор нөлөөлөх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1 дэх заалтад заасан “...гэмт хэрэг гарсан байдал. ...”, 1.5 дахь заалтад заасан “...гэмт хэргийн улмаас учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, хэр хэмжээг. ...” тогтоолгох мөрдөн шалгах ажиллагааг хийлгэх байсан.

Мөн анхан шатны шүүх үнэн зөв мэдүүлэг өгөх үүрэгтэй хохирогч З.Л Z.Lы мэдүүлгийг өөрийнхөө эсрэг мэдүүлэг өгөх үүрэггүй, шүүгдэгч С.Чын мэдүүлэгтэй зэрэгцүүлэн үнэлж илт үндэслэлгүйгээр хэргийг хэрэгсэхгүй болгож, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг зөрчсөн.

Хохирогч З.Л Z.Lы өөрийнх нь данснаас шүүгдэгч С.Чын данс руу шилжин орсон 141,643.06 юанийг Л.А, С.Ч нарын хоорондын харилцааны явцад хийгдэж байсан мөнгөн харилцаатай холбон дүгнэж байгаа нь ойлгомжгүй ба С.Чаас З.Л Z.Lд буцаан өгсөн нэг ч төгрөг баримт байхгүй.

Л.А нь С.Чтай хамтран ажиллахаар мөнгөний харьцаатай байсан талаараа өөрийн мэдэх зүйлийг үнэн зөв мэдүүлэх үүрэг хүлээж гэрчээр “...Чинбат нь манай эхнэртэй 50.000.000 төгрөгийн асуудалтай. 2017 оны 03 дугаар сарын 16-ны өдөр С.Чад уурхайн зөвшөөрөл авах зорилгоор өгсөн. ...Мөнгөний хэрэг гарсан учраас 70.000.000 төгрөгийг Чинбатаас гуйж аваад буцаагаад шилжүүлсэн. Би олон удаа мөнгө төгрөг өгч байсан учраас заримыг санахгүй байна. ...” /4хх 20-23/ гэж мэдүүлсэн ба Л.А, С.Ч нарын энэхүү харилцаа нь харин шүүхийн дүгнэсэн “...БНХАУ-ын иргэн Л.А, С.Ч нар нь 2015 оноос хойш хамтран ажилласан, 6-аас 7 удаагийн 1 тэрбум гаруй төгрөгийн маргааныг иргэний шүүхэд, цагдаагийн байгууллагад хандан шийдвэрлүүлж байсан талаар Л.А, С.Ч нар мэдүүлсэн, түүнчлэн тэдний хоорондын харилцаа нь 2017 оны 03 дугаар сарын 17-ны өдөр, 2017 оны 03 дугаар сарын 18-ны өдөр, 2017 оны 03 дугаар сарын 27-ны өдөр С.Ч, Л.А нарын хоорондын дансны орлого, зарлагын баримтууд, дансны гүйлгээнүүд. ...” зэргээр нотлогдоно.

С.Ч, Л.А нарын хоорондын мөнгөний харилцааг З.Л Z.L ч, Л.А ч үгүйсгээгүй. Гэсэн хэдий ч “...2017 оны 03 дугаар сарын 16-ны өдөр хохирогч З.Л Z.Lиас С.Чад түүний хэлснээр шилжүүлэн өгсөн 141,643.06 юань...”-тай холбож дүгнэх үндэслэлгүй.

5.  Гэрч У.Батгэрэл, Б.Мөнхчулуун нар “...С.Ч З.Л Z.Lтай хамтарч ажиллаж байгаагүй. Зөвхөн Л.Атай хамтарч ажиллаж байсан. ...” /6хх 6,11 тал/ гэж мэдүүлсэн гээд уг мэдүүлгийг цагаатгах нотлох баримтаар үнэлжээ. /шийтгэх тогтоолын 10 дахь нүүр/

С.Ч, Л.А нар хамтран ажиллаж байсан болохыг З.Л Z.L ч, Л.А нарын аль аль нь үгүйсгэдэггүй, хамтран ажиллаж байсан. Гэхдээ Л.Ааас С.Ч нарын хоорондын харилцаа 2015 оноос хойш удаан хугацаанд үргэлжилж байгаа Б.Мөнхчулуун, У.Батгэрэл нар үүнийг л мэдүүлсэн, харин З.Л Z.L, С.Ч нарын харилцааг мэдээгүй, мэддэггүй байжээ. Б.Мөнхчулуун, У.Батгэрэл нарын мэдэхгүй байдал нь З.Л Z.L, С.Ч нар харилцаагүй гэж үзэх үндэслэл болохгүй.

2016 оны 10 дугаар сарын 22-ны өдрийн Л.А, С.Ч нарын хооронд байгуулагдсан гэрээнд заагдсан 3 дахь ажил болох ашигт малтмал олборлох ажлаар З.Л Z.L, С.Ч нар холбогдсон ба С.Чын шаардсанаар 141,643.06 юанийг З.Л Z.L шилжүүлэн өгснөөр эхлээд 2017 оны 08 дугаар сарын 11-ний өдрийн “Бичил уурхайн олборлох гэрээ”-гээр, 2018 оны 01 дүгээр сард С.Ч тус гэрээний дагуу ажиллахад шаардлагатай гэж “Геовишн ресурс” ХХК-ийг шилжүүлэн өгснөөр үргэлжилж, С.Чын “Геовишн ресурс” ХХК-ийн байгуулсан гэх гэрээгээр ашигт малтмал олборлох ажил хийхээр Булган аймгийн Бүрэгхангай суманд 2018 оны 7 дугаар сард очиж, хуурамч гэрээ гэж эрх бүхий байгууллага шалгаж эхэлснээр хохирсноо мэдэж дууссан юм.

С.Ч 2017 онд Булган аймгийн Бүрэгхангай суманд уул, уурхайн үйл ажиллагаа явуулахаар “Геовишн ресурс” ХХК гэж уулзаж байсан болохыг тус сумын Засаг дарга Н.Эрхэмбаяр /3хх 152-154/ мэдүүлсэн ба “...Манай компани гадаадын хөрөнгө оруулалттай ба хятад хүмүүс байдаг. ...” гэж байсныг гэрчлэн мэдүүлсэн. Орчуулагч Б.Билгүүнзаяа нь “...З.Л Z.L 2018 онд “Геовишн ресурс” ХХК-ийг авчихсан, уул уурхайн ажил явуулна гэж надад ярьж байсан. ...” гэж мэдүүлсэн байхад эдгээр С.Чын З.Л Z.Lыг хуурч мэхлэсэн “Залилах” гэмт хэргийг нотолж буй он, дараалалтайгаар харилцан уялдаатайгаар нотлогдож буй мэдүүлгүүдийг үнэлэлгүйгээр, няцаан үгүйсгэлгүйгээр хэргийг хэрэгсэхгүй болгосонд гомдолтой байна.

6. С.Чын З.Л Z.Lд өгсөн гэрээ, З.Л Z.Lы тус гэрээнд итгэн уул, уурхайн машин механизм, сэлбэг хэрэгсэл, ажиллах хүн бүрдүүлэн Булган аймгийн Бүрэгхангай суманд очиход хүргэсэн 2017/08 дугаартай “Бичил уурхайгаар ашигт малтмал олборлох тухай гэрээ” хуурамч гэрээ байсан болох нь шинжээчийн дүгнэлт, гэрч Н.Эрхэмбаярын мэдүүлгээр нотлогдсон байхад С.Чын уг ашигт малтмалын олборлох ажлыг хийхийн тулд мөнгө хэрэгтэй байна гэж З.Л Z.Lаас 2017 оны 03 дугаар сарын 16-ны өдөр дансаар 141,643.06 юань буюу 50.440.008 төгрөгийг шилжүүлэн авсан “Залилах” гэмт хэргийг тогтоогдохгүй байна /шийтгэх тогтоолын 11 дэх нүүр/ гэж шийдвэрлэсэн нь хууль зүйн үндэслэлгүй.

Түүнчлэн, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.14 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “...Анхан шатны журмаар хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа нь тухайн шүүгдэгчийн хувьд прокуророос шүүхэд шилжүүлсэн хэргийн хүрээнд явагдана. ...” гэсэн байхад шүүх хэргийг хянан шийдвэрлэх ажиллагааг шүүгдэгч С.Чын хувьд залилах гэмт хэргийн хүрээнд явуулалгүйгээр С.Чын З.Л Z.Lд өгсөн хуурамч гэрээг шалгах, хэн хийснийг тогтоох, З.Л Z.Lыг хууль бусаар олборлох ажиллагаа явуулж байсан гэж буруутгасан нь ойлгомжгүй байна. Хэрэв ингэж үзвэл Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан байдлыг тогтоолгох ажиллагааг хэрэгт нэмж мөрдөн байцаалтаар хийлгэх байсан. 

2016 оны 10 дугаар сарын 22-ны өдрийн БНХАУ-н иргэн Л.Аы “Мэн Тянь” ХХК болон С.Чын “Гео форсе” ХХК-ийн хооронд байгуулагдсан гэрээний нэг хэсэг ажил болох “...олборлолтын гэрээ болгон өгөх...” гэж заасан ажлаа хийж байна гэж С.Чын хохирогч З.Л Z.Lаас 2017 оны 03 дугаар сарын 16-ны өдөр 141,643.06 юань шилжүүлэн авсан, дараа нь 2018 оны 01 дүгээр сард Булган аймгийн Бүрэгхангай сумын засаг даргатай байгуулсан гэрээний нэг тал нь “Гео форсе” ХХК гэж тус компаниа шилжүүлэн өгсөн, уг хуурамч гэрээнийх нь дагуу Булган аймгийн Бүрэгхангай суманд очиж ашигт малтмал олборлох үйл ажиллагаа явуулж эхлэх гэснээр С.Чын З.Л Z.Lыг залилсан үйлдэл илэрсэн болох нь цаг хугацаа, он дараалалтайгаар, харилцан уялдаатайгаар хэрэгт нотлох баримтуудаар нотлогдсон.

Иймд 2016 оны 10 дугаар сарын 22-ны өдрийн БНХАУ-ын иргэн Л.Аы “Мэн Тянь” ХХК болон С.Чын “Гео форсе” ХХК-ийн хооронд байгуулагдсан гэрээний нэг хэсэг ажил болох “...олборлолтын гэрээ болгон өгөх гэж заасан ажлаа хийж байна. ...” гэж урьдын харилцааны явцад бий болсон итгэлийг урвуулан ашиглаж С.Чын хохирогч З.Л Z.Lаас 2017 оны 03 дугаар сарын 16-ны өдөр 141,643.06 юань буюу 50.449.008 төгрөг шилжүүлэн авсан үйлдэл нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.2 дахь заалтад заасан “Залилах” гэмт хэргийн шинжийг бүрэн агуулсан үйлдэл тул анхан шатны шүүхийн цагаатгах тогтоолыг хүчингүй болгож өгнө үү. ...” гэв.

            Прокурор Н.Ганчимэг бичсэн эсэргүүцэл болон тус шүүх хуралдаанд гаргасан дүгнэлтдээ: “...1. Цагаатгах тогтоолын тодорхойлох хэсэгт “...Булган аймгийн засаг дарга Н.Эрхэмбаяр, “Геовишн ресурс” ХХК-ийн захирал С.Ч нарын хооронд 2017 оны 8 дугаар сарын 11-ний өдөр байгуулсан 2017/08 дугаартай Бичил уурхайгаар ашигт малтмал олборлох тухай гэрээ гэх хуурамч гэрээг С.Ч нь хохирогч З.Л Z.Lд хэзээ, хаана өгсөн болох нь нотлогдон тогтоогдоогүй. Энэ хуурамч гэрээ гэх баримт бичгийг хэн, хэзээ, хэрхэн үйлдсэн нь мөрдөн шалгах ажиллагаагаар тогтоогдоогүй, энэ эх хувь баримт бичиг биш, хуурамч гэрээ гэж шалгасан атлаа энэ гэмт хэргийг прокуророос зүйлчилж шийдээгүй, /тусгаарлаж шалгаж шийдвэрлэх, буруутай этгээдийг яллагдагчаар татах боломжтой/, мөн БНХАУ-ын иргэн З.Л Z.Lы талаас хуурамч, бичиг баримт ашиглан хууль бусаар ашигт малтмал олборлох үйл ажиллагаа явуулж байсныг шалгаж тогтоосон атлаа, болсон үйл явдал, үр дагавар, үйл баримтад буруу дүгнэлт хийсэн, хохирогчоор тогтоогдсон этгээдийн нэг талын мэдүүлэгт тулгуурлан залилах гэмт хэрэг үйлдэгдсэн гэж дүгнэж, яллах дүгнэлт үйлдсэн нь үндэслэлгүй байна. ..." гэж шүүхийн тогтоолд заасан үндэслэл нь хэргийн бодит байдалтай нийцээгүй байна.

Хэрэгт хохирогч З.Л Z.Lы “...ажлыг хийхийн тулд С.Ч нь нэн түрүүнд мөнгө хэрэгтэй гэж хэлсэн. Иймээс 2017 оны 3 дугаар сарын 16-ны өдөр миний бие С.Чын Хас банкны дансанд 141,643,06 юань буюу тухайн үеийн төгрөгийн ханшаар 50.449.008 төгрөгийг шилжүүлсэн. Энэ мөнгийг хүлээн авсны дараа С.Чтай уулзах бүрт “...би ажлаа бүтээж байгаа, удахгүй болно. ...” гэх зэргээр хэлдэг байсан. Дээрх мөнгийг авсны хариуд С.Ч надад Булган аймгийн Бүрэгхангай сумын засаг дарга Н.Эрхэмбаяртай байгуулсан бичил уурхайг олборлох гэрээг надад үзүүлсэн. ...С.Ч нь гэрээг надад өгөөд явахаасаа өмнө Сумын даргатай гарын үсэг зурсан нөхцлөөр ажлаа эхлүүлж болно. ..." гэх мэдүүлгүүдээс гадна гэрч БНХАУ-ын иргэн Л.А “...манай эхнэртэй зөвхөн 50.000.000 төгрөгийн л асуудалтай байгаа. Тэр мөнгийг С.Ч нь манай эхнэрт өгөх ёстой. 2017 оны 03 дугаар сарын 16-ны өдөр С.Чад 50.000.000 төгрөгийг бичил уурхайн зөвшөөрөл авах зорилгоор өгсөн. Би эхлээд өөрийнхөө "Геовишн Ресурс" ХХК дээр бичил уурхайн гэрээ байгуулчихаад компаниа чам руу шилжүүлнэ гэж хэлээд компаниа манай эхнэр лүү шилжүүлж өгсөн...” гэж мэдүүлсэн. (4хх 20-23 дугаар хуудас)

Гэтэл шүүхээс хохирогч болон гэрч Л.А нарын мэдүүлгийг ямар үндэслэлээр үнэлээгүй, үгүйсгэсэн талаар дүгнээгүй, Чинбатын мэдүүлгийг үнэлж үйл баримтыг тогтоосон гэх атал хууль зүйн дүгнэлт өгөөгүй буюу улсын яллагчийн болон хохирогчийн өмгөөлөгч нарын дүгнэлтийг хэрхэн үгүйсгэж байгаа нь тодорхойгүй, ойлгомжгүй байна.

С.Ч нь 2017 оны 3 дугаар сарын 16-ны өдөр 141,643.06 юанийг Л.Аоос зээлээд буцааж өгсөн талаар мэдүүлсэн боловч түүний мэдүүлгийг Л.А үгүйсгэсэн.

Дээрх нөхцөл байдлыг дүгнэвэл, шүүхийн шийдвэр нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт заасан “...Шүүхийн шийдвэр нь тодорхой, ойлгомжтой, түүнийг биелүүлэхэд ямар нэгэн эргэлзээ төрүүлэхгүй байхаар бичигдсэн байна. ...” гэснийг зөрчсөн байна.

2. Хэргийг Нийслэлийн прокурорын газрын хяналтын прокурор Н.Гэрэлмаа хянаад 2022 оны 8 дугаар сарын 09-ний өдөр 51 дүгээр тогтоолоор яллагдагчид холбогдох зарим хэргийг буюу Эрүүгийн хуулийн тусгай ангийн 24.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэргийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн. Уг шийдвэрийг хүчингүй болгосон, өөрчлөлт оруулсан талаарх баримт үгүй байна.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.19 дүгээр зүйлийн 3 дахь хэсэгт “...энэ зүйлийн 1.1-д заасны дагуу шүүх хэрэгсэхгүй болгосон хэргийг хэрэг бүртгэлтэд буцаана. ...” гэж, 36.9 дүгээр зүйлийн 4 дэх хэсэгт “...шүүгдэгч тухайн гэмт хэрэг үйлдсэн нь нотлогдоогүй гэх үндэслэлээр цагаатгах тогтоол гаргасан бол холбогдох шийдвэрийг хүчингүй болгож, хэргийг прокурорт буцаана. ...” гэж заасан. Гэтэл шүүхээс С.Чад холбогдох хэрэгт прокуророос үйлдсэн яллах дүгнэлтийг хүчингүй болгосон эсэх тодорхойгүй, харин “...хавтаст хэрэгт тусгагдсан нотлох баримт, үйл баримтыг бүхэлд нь хянаж үзээд 2018 оны 07 дугаар сарын 10-ны өдрөөс 2018 оны 08 дугаар сарын 13-ны өдрийн хооронд Булган аймгийн Бүрэгхангай сумын 3 дугаар багийн нутаг дэвсгэрт байрлах "Хорихын гарам" нэртэй газарт буюу Туул голын усны сан бүхий газрын хамгаалалтын бүсэд тусгай зөвшөөрөлгүйгээр ашигт малтмалын эрэл хайгуул, олборлолт явуулж, байгаль орчинд 103.500.150 төгрөгийн хохирол учруулсан гэх үйлдэлд цаашид БНХАУ-ын иргэн З.Л Z.L, С.Ч нар нь гэм буруутай эсэхийг шалгах мөрдөн шалгах ажиллагааг бүрэн гүйцэт явуулж, шүүхээр гэм буруутай эсэхэд дүгнэлт хийлгэх, байгаль орчинд учруулсан хохирол, хор уршгийн нөхөн төлбөрийг гэм буруутай этгээдээр төлүүлэх асуудлыг зайлшгүй шийдвэрлэх шаардлагатай гэж үзэж, хэргийг хэрэг бүртгэлтэд буцааж шийдвэрлэх нь зүйтэй гэж үзлээ. ...” гэж дүгнэсэн нь дээрх хуулийн заалтуудыг буруу хэрэглэсэн, анхан шатны журмаар хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа нь тухайн шүүгдэгчийн хувьд прокуророос шүүхэд шилжүүлсэн хэргийн хүрээнд явагдаагүй гэж үзэхээр байна.

Иймд анхан шатны шүүхийн цагаатгах тогтоолыг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн, шүүхийн цагаатгах тогтоолд заасан дүгнэлт нь хэргийн бодит байдалтай нийцээгүй үндэслэлээр хүчингүй болгуулахаар Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.1 дүгээр зүйлийн 1, 38.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт тус тус  зааснаар улсын яллагчийн эсэргүүцэл бичсэн. ...” гэв.

            Хохирогч З.Лөмгөөлөгч Б.Энхболд тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “...Анхан шатны шүүхийн цагаатгах тогтоол нь хуульд заасан тодорхой, ойлгомжтой байх гэсэн хуулийн шаардлагыг хангаагүй. Шийдвэр гаргахдаа хэрэгт авагдсан бичгийн нотлох баримтуудыг тал бүрээс нь бүрэн гүйцэд шинжлэн судлаагүй, хууль зүйн дүгнэлтийг бүрэн хийж чадаагүй гэж дүгнэж байна. Бидний үйлчлүүлэгч З.Л Z.L нь шүүгдэгч С.Чад бичил уурхайн ашигт малтмал олборлох гэрээний дагуу ашигт малтмалыг хайх ажлыг Булган аймагт эхлүүлсэн. Гэтэл орон нутгийн хууль хяналтын байгууллагаас хууль бус ажиллагаа явуулж байна гэж үзээд ажлыг нь таслан зогсоож, мөрдөн шалгах ажиллагаа явуулсан. Хэрэгт миний үйлчлүүлэгч нь 7 удаа мэдүүлэг өгөхдөө мэдүүлгийнхээ эх сурвалжуудыг тодорхой дурьдаж, огт зөрүүгүйгээр мэдүүлэг өгч ирсэн. Анхан шатны шүүхээс “...Чинбат нь З.Л Z.Lд ашигт малтмал олборлох гэрээг хэзээ, хаана өгсөн нь тогтоогдохгүй байна. ...” гэж дүгнэсэн. Гэтэл хохирогч З.Л Z.Lы 2019 оны 7 дугаар сарын 03-ны өдөр өгсөн мэдүүлэгтээ “...Чинбатын офисст очих үед надад гэрээг өгсөн. Чинбатын офисс нь Баянзүрх захын хойд талын 12 давхар байрны 9 давхрын 901 тоотод байдаг. ...” гэж мэдүүлсэн байхад анхан шатны шүүхээс уг мэдүүлгийг үнэлээгүй. Мөн анхан шатны шүүхээс “...хохирогч З.Л Z.L нь 50.449.008 төгрөгийг Чинбатын голомт банкны данс руу ямар зорилгоор шилжүүлсэн нь тогтоогдохгүй байна. ...” гэж дүгнэсэн. Гэтэл энэ талаар З.Л Z.L, Л.А нар мөрдөн шалгах ажиллагааны явцад мэдүүлсээр байтал анхан шатны шүүхээс эдгээр мэдүүлгийг үнэлж байгаа, эсхүл үнэлэхгүй байгаа талаараа цагаатгах тогтоолдоо дурдаж бичээгүй. Мөн “...хохирогч З.Л Z.Lд гэмт хэргийн улмаас бодит хохирол тогтоогдоогүй байна. С.Ч нарын хооронд зээл өгөх, авах зэрэг харилцаа үүсдэг байсан. ...” гэж дүгнэсэн нь хэргийн бодит байдалтай нийцэхгүй. Учир нь, хэрэгт авагдсан баримтаас үзэхэд З.Л Z.Lаас С.Чын данс руу нэг удаа мөнгө шилжүүлсэн баримт авагдсан байхад анхан шатны шүүхээс хэргийн бодит байдалд нийцээгүй гэсэн дүгнэлт хийсэн. Түүнчлэн анхан шатны шүүхээс С.Чад холбогдох залилах гэмт хэргийг хэрэгсэхгүй болгож, цагаатгаж шийдвэрлэсэн атлаа З.Л Z.L, Чинбат нарт холбогдох “...хууль бусаар ашигт малтмал олборлосон. ...” хэргийг нэмэлт мөрдөн байцаалтад буцааж шийдвэрлэсэн нь үндэслэлгүй.

Учир нь, Нийслэлийн прокурорын газраас шийдвэрлэсэн хэргийг шүүхээс нэмэлт мөрдөн байцаалтад буцааж шийдвэрлэсэн нь үндэслэлгүй. Шүүгдэгч С.Ч нь мөрдөн шалгах ажиллагааны явцад гэрчээр 2 удаа, яллагдагчаар 5 удаа мэдүүлэг өгөхдөө хоорондоо маш зөрүүтэй мэдүүлэг өгсөн. Тухайлбал, эхний удаа гэрчээр мэдүүлэг өгөхдөө “...Булган аймгийн Бүрэгхангай сумын засаг дарга н.Эрхэмбаяр, З.Л Z.L нар байнга уулздаг байсан. ...” гэж мэдүүлсэн. Гэтэл гэрч н.Эрхэмбаяр болон З.Л Z.L нарын мэдүүлгээс энэ нөхцөл байдал тогтоогдоогүй бөгөөд эдгээр хүмүүс нь нэгнийгээ таньдаггүй гэдэг. Иймд анхан шатны шүүхийн шийдвэр үндэслэлгүй байх тул цагаатгах тогтоолыг хүчингүй болгож, хэргийг анхан шатны шүүхээр дахин хэлэлцүүлж өгнө үү. ...” гэв.        

            Шүүгдэгч С.Чын өмгөөлөгч Б.Бат-Ерөөлт тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “...Анхан шатны шүүх хэргийн бодит байдалтай нийцээгүй дүгнэлт хийсэн гэж үзэж байгаа ба прокурорын эсэргүүцэл болон хохирогчийн өмгөөлөгчийн нарын үндэслэлүүдийг хүлээн зөвшөөрөхгүй. Учир нь, анхан шатны шүүхээс хэрэгт цугларсан нотлох баримтыг шүүхийн хэлэлцүүлгээр шинжлэн судалж, хэргийн үйл баримт болон нотлох баримтаар тогтоогдож буй үйл баримтад хууль зүйн үндэслэлтэй дүгнэлт хийж гаргасан цагаатгах тогтоол нь хэргийн бодит байдал болон Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд нийцсэн. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан “...нотолбол зохих байдал бүрэн нотлогдоогүй байна. ...” гэсэн хууль зүйн дүгнэлт нь хэрэгт цугларсан нотлох баримтууд, шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан нотлох баримтуудыг маш нягт харьцуулан судалж, анхан шатны шүүхээс шийдвэр гаргасан.

Түүнчлэн, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.3 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт “...мэдүүлэг өгөгч нь мэдүүлгийнхээ эх сурвалжийг зааж чадаагүй бол тухайн мэдүүлэг нь дангаараа нотлох баримт болохгүй. ...” гэж хуульчилсан. Өөрөөр хэлбэл, “...хохирогч З.Л Z.L, түүний нөхөр Л.А нар удаа дараагийн зөрүүтэй мэдүүлгүүдийнхээ эх сурвалжийг тодорхой зааж чадаагүй. ...” гэж анхан шатны шүүхээс дүгнэлт хийсэн. Хохирогчийн өмгөөлөгч нараас “...анхан шатны шүүхээс хийсвэр дүгнэлт хийсэн. ...” гэж, мөн, орчуулагч Билгүүнзаяагийн “...огт санахгүй байна. ...” гэсэн мэдүүлгийг иш татан хэлж байна. 4 дүгээр хавтаст хэргийн 38-40 дүгээр талд орчуулагч Билгүүнзаяагаас “...Л.А, Чинбат нарын хоорондын мөнгөний маргаантай асуудал Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхээр хянагдаж байсан. Миний хажууд лав гэрээ өгч байгаагүй. ...” гэж тогтвортой мэдүүлж ирсэн. Өөрөөр хэлбэл, Чинбат нь Зөү Лиаманд 2018 оны 8 дугаар сарын 11-ний өдөр байгуулсан 2017/8 дугаартай бичил уурхайгаар ашигт малтмал ашиглах, олборлох гэрээг өгч байсныг гэрчүүд гэрчилдэггүй. Хэрэгт авагдсан нотлох баримтуудаас үзэхэд Чинбатын данс руу мөнгө орж, гарч байгаа нотлох баримтуудыг нэг бүрчлэн шинжлэн судлаж анхан шатны шүүхээс шийдвэр гаргасан нь хууль зүйн үндэслэлтэй. Мөн хохирогчийн өмгөөлөгч нараас “...хуурамч гэрээ байгуулсан байсан анхан шатны шүүхээс хийсвэр дүгнэлт өгсөн. ...” гэж хэлж байна. Хэрэгт авагдсан нотлох баримтуудаас харагдаж байгаа хэргийн үйл баримтад дүгнэлт хийвэл, Чинбат нь хамтран ажиллаж байсан урьдын харилцаанд итгэн түүний өгсөн бичил уурхайгаар ашиглах тухай Булган аймгийн засаг дарга Эрхэмбаяр, “Ресурс” ХХК-ийн захирал Чинбат нарын хооронд 2017 оны 8 дугаар сарын 11-ний өдөр байгуулсан 2017/08 дугаартай бичил уурхайгаар ашигт малтмал олборлох тухай гэрээ гэх Чинбатын өгсөн баримтад төөрөгдөн 50.400.049 төгрөгийг залилуулсан үйл баримт тогтоогдохгүй байна гэж дүгнэсэн. Хуурамч баримт бичиг ашиглан хууль бусаар ашигт малтмал олборлох үйл ажиллагаа явуулахыг шалгаж тогтоосон атлаа болсон үйл явдалд үндэслэлгүй дүгнэлт хийж, хохирогчоор тогтоогдсон этгээдийн нэг талын мэдүүлэгт үндэслэн яллах дүгнэлт үйлдсэн нь үндэслэлгүй байна гэсэн анхан шатны шүүхийн дүгнэлт нь хэргийн бодит байдалтай нийцсэн. Иймд анхан шатны шүүхийн шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий гарсан байх тул цагаатгах тогтоолыг хэвээр үлдээж өгнө үү. ...” гэв.

            Шүүгдэгч С.Чын өмгөөлөгч К.Манлай тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “...Анхан шатны шүүхийн цагаатгах тогтоол нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.7 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан нөхцөл шаардлагыг бүхэлд нь хангасан гэж үзэж байна. Тийм учраас хохирогчийн өмгөөлөгч нарын бичсэн давж заалдах гомдол, тайлбар болон прокурорын бичсэн эсэргүүцэлд тайлбар хэлье. Хохирогч З.Л Z.L нь Монгол улсад ажиллаж байх хугацаандаа Батзаяа, Онон, Билгүүнзаяа, Тодгэрэл гэсэн 4 орчуулагчаар орчуулга хийлгэсэн. Хохирогчийн өмгөөлөгчийн давж заалдах гомдолд орчуулагч Билгүүнзаяа, Тодгэрэл нарын мэдүүлгийг үнэлсэнгүй гэсэнтэй холбогдуулж Б.Бат-Ерөөлтөөс тайлбар хэлсэн. С.Чыг Хятад хэл мэдэхгүй талаар шүүх дүгнэсэн бөгөөд прокурор мөн тайлбар хэлж байна. Анх энэ хэргийг 2018 оны 9 дүгээр сарын 04-ний өдөр хууль бусаар ашигт малтмал олборлож байхад нь тухайн компани ажилчид болон хөрс хуулалт хийж байсан компанийн ажилчид бүгдээрээ “Хуа Ши” ХХК-ийн үйл ажиллагаа явуулж байсан газар гэж мэдүүлдэг. Мөн “Хатантуул, Баянбулаг” гэдэг нөхөрлөлийн захирал Барс гэдэг хүнтэй “Хуа Ши” ХХК хамтран үйл ажиллагаа явуулдаг гэж 4 гэрч мэдүүлдэг. Тэгэхээр С.Чаас шилжүүлэн авсан гэж байгаа “Геовишион” ХХК болон 2017 оны 7 дугаар сард хохирогчийн талаас гаргаж өгч байгаа гэрээний дагуу үйл ажиллагаа явуулсан гэдэг нь эдгээр нотлох баримтаар үгүйсгэгддэг. Өмгөөлөгчийн зүгээс энэ байдлыг мөрдөн шалгах ажиллагаанаас хэлж, хүсэлт гаргаж байсан боловч анхан шатны шүүхээс энэ асуудлыг хэлэлцсэн. Мөн С.Ч, Л.А нар харилцдаг байсан талаар орчуулагч нар хэн аль нь мэдүүлдэг. Харин З.Л Z.Lтай харилцдаггүй байсан талаар орчуулагч Тодгэрэл, Билгүүнзаяа нар мэдүүлдэг. Хохирогчийн гаргаж өгсөн хуурамч гэрээг яллагдагчаар татагдах үеэс буюу 2019 оны 01 дүгээр сараас З.Л Z.L ярьж эхэлдэг. Өмгөөлөгчийн зүгээс хохирогч нь өөрийн гэм буруугаа хаацайлах үүднээс эдгээр баримтыг ярьж эхэлсэн гэж хардаг бөгөөд хохирогчийн энэ мэдүүлэг нь баримтаар нотлогддоггүй. Мөрдөн шалгах ажиллагааны явцад С.Чын гарын үсэг хуурамч гэдгийг тогтоолгосон. Мөн улсын яллагчаас шүүхийн хэлэлцүүлгийн явцад “...хуурамч гэрээг С.Ч гаргаж өгсөн эсэх талаарх бүхий л ажиллагааг хийсэн боловч тогтоогдоогүй. ...” гэдгийг хүлээн зөвшөөрсөн. Хохирогчийн З.Л Z.Lы өмгөөлөгч Б.Энхболдоос “...хохирогч З.Л Z.Lаас тогтвортой мэдүүлж ирсэн. ...” гэж байгаа боловч тийм зүйл байгаагүй. Учир нь, энэ гэмт хэрэг нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.2 дахь заалтад зааснаар зүйлчлэгдэхээр буюу хохирлын хэмжээ 50.000.000 төгрөгтэй тэнцэж байсан. Гэтэл хохирогч З.Л Z.Lаас 2019 оны 01 дүгээр сараас 2022 оныг хүртэлх хугацаанд 50.000 доллар, 150.000.000 төгрөг буюу хохирлоо зөрүүтэй мэдүүлж ирсэн. Тэгэхээр хохирогч нь хохирлоо санаатайгаар өөрчилж мэдүүлж байсан нь хэрэгт авагдсан бусад нотлох баримтуудаар тогтоогдож байна. Мөн хохирогчийн өмгөөлөгч Н.Болортуулын давж заалдах гомдолд дурдагдсан “Гео форсе” ХХК нь энэ хэрэгт ямар ч хамааралгүй. Анхан шатны шүүхийн хэлэлцүүлгийн явцад энэ гэрээний 3 дахь заалтыг хохирогчийн өмгөөлөгч Н.Болортуулаас ярьж байсан. Энэ гэрээ нь хохирогчийн нөхөр Л.А, С.Ч нарын хооронд байгуулагдсан учир энэ хэрэгт хамааралгүй. Иймд анхан шатны шүүхийн шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий гарсан байх тул цагаатгах тогтоолыг хэвээр үлдээж өгнө үү. ...” гэв.

 

  ТОДОРХОЙЛОХ нь:

Давж заалдах шатны шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.1 дүгээр зүйлийн 1, 3 дахь хэсэгт зааснаар хэргийг хянан хэлэлцэхдээ анхан шатны шүүхийн цагаатгах тогтоол хууль ёсны ба үндэслэлтэй болсон эсэхийг хохирогч З.Л Z.L /Zhou Liman, түүний өмгөөлөгч Н.Болортуул нарын давж заалдах гомдол, прокурор Н.Ганчимэгийн бичсэн 2023 оны 10 дугаар сарын 09-ний өдрийн 28 дугаартай улсын яллагчийн эсэргүүцэл зэрэгт заасан асуудлаар хязгаарлахгүйгээр хэргийн бүх ажиллагаа, шийдвэрийг хянаж үзэв.

Хэрэгт авагдсан нотлох баримтуудыг судлан үзэхэд, цагаатгагдсан этгээд С.Чад холбогдох эрүүгийн хэргийн мөрдөн шалгах ажиллагаа бүрэн гүйцэд хийгдсэн байх ба Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих асуудлуудын талаар шалгаж тодруулсан байна.

Харин анхан шатны шүүхээс хийсэн дүгнэлт хэргийн бодит байдалтай нийцээгүй, шүүх хэргийн үйл баримт, нөхцөл байдал болон хэрэгт цугларсан нотлох баримтуудыг хооронд нь харьцуулан судлахдаа нотлох баримтын агуулга, хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, шүүхийн шийдвэрийн үндэслэл болсон нотлох баримтыг ямар нотлох баримтаар хэрхэн үгүйсгэж байгаа талаар дүгнэлт хийгээгүй байна.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1 дэх заалтад “Шүүхийн тогтоолд заасан үндэслэл нь хэргийн бодит байдалтай нийцээгүй”, 1.3 дахь заалтад “Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хууль ноцтой зөрчсөн” байвал давж заалдах шатны шүүх анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгохоор тус тус заажээ.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.6 дугаар зүйлд ямар тохиолдолд анхан шатны шүүхийн тогтоолд заасан дүгнэлт нь хэргийн бодит байдалтай нийцээгүй гэж үзэх талаар нарийвчлан зохицуулсан ба мөн зүйлийн 1 дэх хэсгийн 1.4 дэх заалтад шүүхийн дүгнэлт нь шүүгдэгчийн гэм буруугийн асуудлыг шийдвэрлэх, Эрүүгийн хуулийг зөв хэрэглэх, ял оногдуулахад нөлөөлсөн, эсхүл нөлөөлж болох ноцтой зөрүүтэй тохиолдолд шүүхийн шийдвэрт өөрчлөлт оруулах, хүчингүй болгох үндэслэл үүсдэг.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.7 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.3 дахь заалтад “...шүүгдэгчийг гэмт хэрэг үйлдсэн, гэм буруутайд тооцсон шүүхийн шийдвэрийн үндэслэл болсон нотлох баримтын агуулга, шүүх тухайн нотлох баримтыг хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, хууль ёсны гэж үзсэн улсын яллагчийн дүгнэлт, өмгөөлөгчийн саналын үндэслэл болгосон баримт, иргэдийн төлөөлөгчийн дүгнэлтийг няцаан үгүйсгэсэн үндэслэл;...” гэж, мөн хуулийн 36.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.2 дахь заалтад “...шүүгдэгчийг цагаатгах үндэслэл болсон нотлох баримтын агуулга, шүүх тухайн нотлох баримтыг хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, хууль ёсны гэж үзсэн, эсхүл улсын яллагчийн дүгнэлт, өмгөөлөгч, иргэдийн төлөөлөгчийн саналыг няцаан үгүйсгэсэн үндэслэл. ...” гэж тус тус хуульчилсан ба дээрх хуулийн заалтуудыг зөрчжээ.

Өөрөөр хэлбэл, мөнгө шилжүүлсэн баримтыг шалгаж тогтоогоогүй, хохирогч З.Л Z.L /Zhou Liman/-ны, гэрч Л.Аы мэдүүлэг, цагаатгагдсан этгээд С.Чын мэдүүлэг зэрэгт дүгнэлт өгөөгүй, няцаан үгүйсгэсэн үндэслэлийг заагаагүй нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг зөрчсөн гэж давж заалдах шатны шүүх бүрэлдэхүүн үзэв.

Түүнчлэн, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.14 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “...Анхан шатны журмаар хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа нь тухайн шүүгдэгчийн хувьд прокуророос шүүхэд шилжүүлсэн эрүүгийн хэргийн хүрээнд явагдана. ...” гэж хуульчилсан ба анхан шатны шүүх “Хорих гарам”-ын талаар буюу прокурорын тогтоолоор хэрэгсэхгүй болгосон хэргийн талаар дүгнэж, прокуророос шүүхэд шилжүүлсэн хэргийн хүрээнээс хальсан дүгнэлт хийж шийдвэрлэсэн нь үндэслэлгүй, тодорхойгүй, ойлгомжгүй байна.

Өөрөөр хэлбэл, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1 дэх заалтад “...Шүүхийн тогтоолд заасан үндэслэл нь хэргийн бодит байдалтай нийцээгүй. ...” гэж хуульчилсан зохицуулалтыг анхан шатны шүүхээс анхаарч үзээгүй байна.

Иймд Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1, 1.3 дахь заалтуудыг тус тус зөрчсөн үндэслэлээр анхан шатны шүүхийн цагаатгах тогтоолыг хүчингүй болгож, хохирогч З.Л Z.L /Zhou Liman, түүний өмгөөлөгч Н.Болортуул нарын давж заалдах гомдол, прокурор Н.Ганчимэгийн бичсэн 2023 оны 10 дугаар сарын 09-ний өдрийн 28 дугаартай улсын яллагчийн эсэргүүцэл зэргийг бүхэлд нь хүлээн авч, цагаатгагдсан этгээд С.Чад урьд авсан таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлэх нь зүйтэй гэж давж заалдах шатны шүүх дүгнэлээ.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1, 1.3 дахь заалтууд, 39.9 дүгээр зүйлийг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2023 оны 8 дугаар сарын 30-ны өдрийн 2023/ШЦТ/1140 дүгээр цагаатгах тогтоолыг хүчингүй болгож, хохирогч З.Л Z.L /Zhou Liman, түүний өмгөөлөгч Н.Болортуул нарын давж заалдах гомдол, прокурор Н.Ганчимэгийн бичсэн 2023 оны 10 дугаар сарын 09-ний өдрийн 28 дугаартай улсын яллагчийн эсэргүүцэл зэргийг бүхэлд нь хүлээн авсугай.

2. Цагаатгах тогтоолыг хүчингүй болгосонтой холбоотойгоор цагаатгагдсан этгээд С.Чад урьд авсан Монгол Улсын хилээр гарахыг хязгаарлах хязгаарлалт тогтоох, хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг тус тус хэвээр үргэлжлүүлсүгэй.

3. Анхан болон давж заалдах шатны шүүхийн хууль хэрэглээний зөрүүг арилгах, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, хуулийг Улсын дээд шүүхийн тогтоол, тайлбараас өөрөөр хэрэглэсэн, эрх зүйн шинэ ойлголт, эсхүл хууль хэрэглээг тогтооход зарчмын хувьд нийтлэг ач холбогдолтой гэж үзвэл энэхүү магадлалыг гардуулсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хэргийн оролцогч хяналтын журмаар гомдол гаргах, прокурор эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурдсугай.

            ДАРГАЛАГЧ,

ШҮҮГЧ                                                     Т.ӨСӨХБАЯР

 

            ШҮҮГЧ                                                     М.АЛДАР

 

                        ШҮҮГЧ                                                     Ш.БАТ-ЭРДЭНЭ