Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2021 оны 03 сарын 03 өдөр

Дугаар 210/МА2021/00424

 

 

 

 

 

 

 

 

 

Б.Мэгийн нэхэмжлэлтэй

иргэний хэргийн тухай

 

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч Ч.Цэнд даргалж, шүүгч Б.Нармандах, Э.Золзаяа нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн иргэний хэргийн шүүх хуралдаанаар

 

Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 10 дугаар сарын 27-ны өдрийн 102/ШШ2020/03225 дугаар шийдвэртэй,

Б.Мэгийн нэхэмжлэлтэй,

“Б” ХХК-д холбогдуулан 2 307 501 365 төгрөг гаргуулах,

А.Гад холбогдуулан 60 000 000 төгрөг гаргуулах тухай,

Б.Мэгээс 1 068 219 200 төгрөг гаргуулах “Б” ХХК-ийн сөрөг нэхэмжлэлтэй иргэний хэргийг зохигчийн гаргасан давж заалдах гомдлыг үндэслэн шүүгч Э.Золзаяагийн илтгэснээр хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд: нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч А.З, түүний өмгөөлөгч Т.Д, хариуцагч нарын итгэмжлэгдсэн төлөөлөгч А.О, түүний өмгөөлөгч Н.Б, Д.Д шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Г.Шинэцэцэг нар оролцов.

 

Нэхэмжлэгч шүүхэд гаргасан нэхэмжлэл болон түүний итгэмжлэгдсэн төлөөлөгч, өмгөөлөгч нар шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Хариуцагч А.Г нь Б.Мэгээс 2014 оны 08 дугаар сард 35 000 000 төгрөг, 2014 оны 9 дүгээр сард 20 000 000 төгрөг, 2015 оны 01 дүгээр сарын 08-ны өдөр 5 000 000 төгрөг, 2015 оны 4 дүгээр сарын 23-ны өдөр “Б” ХХК-ийг худалдан авна гэж 500 000 000 төгрөг, нийт 560 000 000 төгрөг авсан болох нь Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 3 дугаар сарын 26-ны өдрийн 192 дугаар шийтгэх тогтоол, Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн 2018 оны 5 дугаар сарын 29-ний өдрийн 516 дугаар магадлал, Монгол Улсын Дээд шүүхийн хяналтын шатны Эрүүгийн хэргийн шүүх хуралдааны 2018 оны 10 дугаар сарын 10-ны өдрийн 420 дугаар тогтоолуудаар тус тус тогтоогдсон. Хариуцагч А.Г нь Б.Мэгээс авсан нийт 500 000 000 төгрөгийн мөнгөн хөрөнгөөр “Б” ХХК-ийг 2015 оны 4 дүгээр сарын 26-ны өдөр н.Дгаас шилжүүлэн авахдаа өөрийнхөө нэр дээр шилжүүлэн авсан байсныг сүүлд мэдсэн.

“Б” ХХК-ийг өөрийн өмч гэж итгэсэн тул Б.Мэг тус компанийн уурхайн үйл ажиллагааг удирдан зохион байгуулж, үйл ажиллагааны санхүүжилтэд нийт 1 807 501 365 төгрөгийн хөрөнгө оруулалтыг оруулсан ба тус хөрөнгө оруулалт нь дээрх шийтгэх тогтоол, магадлал, тогтоол, Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 2017 оны 3 дугаар сарын 21-ний өдрийн 056 тоот дүгнэлтээр тус тус тогтоогддог. Өөрөөр хэлбэл, Б.Мэг “Б” ХХК-тай байгуулсан хөрөнгө оруулалтын гэрээнд заасны дагуу тус компанид нийт 1 807 501 365 төгрөгийн хөрөнгийг оруулсан, уг хөрөнгийг тус хөрөнгө оруулалтын гэрээний 3.2.1-д зааснаар буцаан гаргуулан авах эрхтэй юм.

Иймд А.Гаас 60 000 000 төгрөг, хариуцагч “Б” ХХК-аас 2 307 501 365 төгрөг тус тус гаргуулж өгнө үү.

Сөрөг нэхэмжлэлийн шаардлагыг зөвшөөрөхгүй. 2015 оны 4 дүгээр сарын 01-ний өдөр бүртгэгдсэн гэх 63 нэр төрлийн эд зүйлсийг жагсааж бичээд нийт үнийн дүнг нь 450 000 000 төгрөг гэж бичсэн 2 хуудас баримт нь 2016 оны 7 дугаар сарын 08-ны өдрийн огноотой байх ба 2019 оны 11 дүгээр сарын 06-ны өдөр “Б” ХХК-ийн гүйцэтгэх захирлаар томилогдсон А.Оэг хийсэн гэж гарын үсгээ зуржээ. Уг жагсаалт бүхий 2 хуудас баримт нь үндэслэлгүй байх төдийгүй, санхүүгийн ямар баримтыг үндэслэн, хэзээ, хэрхэн тооцож гаргасан нь тодорхойгүй байна.

Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн шинжээчийн 2017 оны 03 дугаар сарын 21-ний өдрийн 056 тоот дүгнэлтээр дээрх 3 183 073 175 төгрөгийн хөрөнгө оруулалтын баримтыг шинжлэн судлаад Б.Мэг нь 2015 оны 01 дүгээр сарын 08-ны өдрөөс 2015 оны 12 дугаар сарын 10-ны өдрийг хүртэл хугацаанд “Б” ХХК-нд хөрөнгө оруулалт гэж 1 807 501 365 төгрөг, А.Гад 752 460 285 төгрөгийн хөрөнгө оруулсан гээд, 623 111 525 төгрөгийг мөрдөн байцаалтаар тогтоох шаардлагатай гэж дүгнэсэн байдаг. Өөрөөр хэлбэл, Б.Мэг нь шүүхэд нэхэмжлэл гаргахдаа “Б” ХХК-д хөрөнгө оруулсан, Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгээс тогтоогдсон дүнгээр буюу 1 807 501 365 төгрөг болон “Б” ХХК-ийг худалдан авахад санхүүжүүлсэн 500 000 000 төгрөгийг л “Б” ХХК-аас гаргуулахаар нэхэмжилсэн ба дүгнэлтэд тусгагдсан бусад хөрөнгө оруулалтаа нэхэмжлээгүй.

Б.Мэгийн нэхэмжилж байгаа хөрөнгө оруулалтын дүнд түүний буцаан авсан эд хөрөнгийн үнэ ороогүй юм. Иймд эд зүйлсийн үнэ болох 513 200 000 төгрөг гаргуулах шаардлага нь үндэслэлгүй.

Мөн Б.Мэг болон “Б” ХХК-ийн захирал А.Г нарын хооронд байгуулагдсан хөрөнгө оруулалтын гэрээний 3.2.1-т “А тал оруулсан хөрөнгө оруулалтаа 100% мөнгөн хэлбэрээр Б талаас бүрэн гаргуулж авна”, 3.2.2-т “Олборлолтоос олсон эцсийн бүтээгдэхүүний цэвэр ашгаас А тал 60 хувь, Б тал хувиар хуваан авах эрх эдэлнэ” гэж тус тус заасан. Нэхэмжлэгч Б.Мэг нь “Б” ХХК-ийн олборлосон эцсийн бүтээгдэхүүний цэвэр ашгаас өөрт оногдох 60 хувиа нэхэмжлээгүй байгаа болно гэжээ.

 

Хариуцагч “Б” ХХК-ийн төлөөлөгч, хариуцагч А.Гын итгэмжлэгдсэн төлөөлөгч шүүхэд гаргасан тайлбар болон түүний өмгөөлөгч нар шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “Б” ХХК-ийн зүгээс 1 807 501 365 төгрөгийг хүлээн зөвшөөрөхгүй. Учир нь нотлох баримтуудыг тулгаж үзэхэд бэлэн мөнгөөр хөрөнгө оруулсан бол тухайн компанид худалдан авалт хийсэн ямар ч баримт байхгүй. “Б” ХХК-ийн 466 хуудас санхүүгийн баримт нь “Д” ХХК-ийн дүгнэлт, 2015 оны санхүүгийн тайлантай зөрж байна.

А.Г 2015 онд н.Дгаас компани худалдаж авахад ямар ч өр байгаагүй, 4 000 000 төгрөгийн үндсэн хөрөнгөтэй компани худалдаж авсан. Компанийн 2014 оны тайланд дансан дахь өр 1 020 000 000 төгрөг, 2015 оны тайланд 2,6 тэрбум төгрөгийн гүйлгээ гарч нийт өр нь 3,6 тэрбум төгрөг гэж тус тус тусгасан. А.Гын залилсан гэх 200 000 000 төгрөг, 350 000 000 төгрөг нь Б.Мэгт өглөгтэй гэх байдлаар “Б” ХХК-ийн тайланд тусгагдаагүй.

А.Г Б.Мэгээс 500 000 000 төгрөг авсан гэдгээ зөвшөөрсөн. Харин 35 000 000 төгрөг, 20 000 000 төгрөгийн талаар баримт гаргаж өгөөгүй. 5 000 000 төгрөгийн хувьд А.Гын гарын үсэгтэй баримт байгаа учраас хүлээн зөвшөөрч байна.

Хувь хүний данснаас гарч байгаа мөнгийг “Б” ХХК хүлээж авсан гэдгийг мэдэх боломжгүй, тайланд тусгаагүй 2,6 тэрбум төгрөгийн баримтууд байдаг. 1 807 501 365 төгрөгийн баримт дунд “Б” ХХК гэх нэр л байгаа болохоос А.Гын гарын үсэгтэй, тамгатай баримт байхгүй.

Баримтууд маш зөрүүтэй, хувь хүний гүйлгээ их байдаг учраас А.Гаас 60 000 000 төгрөг, “Б” ХХК-аас 1 807 501 365 төгрөг гаргуулах нэхэмжлэлийг хүлээн зөвшөөрөхгүй.

2016 оны 7 дугаар сарын 08-ны өдөр Булган аймгийн Дашинчилэн суманд байрлах “Б” ХХК-ийн эзэмшлийн уурхайгаас Б.Мэгийн авч явсан компанийн үндсэн хөрөнгөд бүртгэлтэй эд зүйлсийн үнэ болох 513 200 000 төгрөгийг, 2015 оны 6 дугаар сарын 08-ны өдрөөс мөн оны 11 дүгээр сарын 14-ний өдрийг хүртэл олборлосон алтнаас Б.Мэгийн авч явсан 3,854.3 кг алтны үнэ болох 555 019 200 төгрөгийг гаргуулахаар сөрөг нэхэмжлэл гаргасан.

Б.Мэг А.Г нар Булган аймгийн Дашинчилэн сум, Бүдүүн ухаад байрлах алтны уурхайд алт олборлох үйл ажиллагааг 2015 оны 11 дүгээр сарын 14-ний өдрийг хүртэл явуулж, 10.921,7 кг алт олборлосон. Б.Мэг А.Гад хэлэлгүй алт авч явсан ба уг алт явсан гэдгээ Б.Мэг хүлээн зөвшөөрсөн учраас цагдаагийн байгууллагад хандаж шалгуулаагүй. 2016 оны 02 дугаар сарын 26-ны өдөр 4,970,6 гр, 2016 оны 3 дугаар сарын 21-ний өдөр 1.844,4 гр, нийт 522 161 299 төгрөгийн үнэ бүхий алт, 312 897 төгрөгийн үнэ бүхий алтны найрлага дахь цагаан мөнгийг А.Г Монгол банкинд тушаасан. Энэ нь Монгол банкны лавлагаа, Б.Мэгийн цагдаагийн байгууллагад хохирогчоор өгсөн мэдүүлэг, “Б” ХХК-ийн алт олборлолтын журналаар нотлогддог.

“Б” ХХК-ийн 2015 оны жилийн эцсийн тайланд компанийн үндсэн хөрөнгөд тусгагдсан 921 044 000 төгрөгийн хөрөнгөөс 2015 оны 4 дүгээр сарын 01-ний өдөр бүртгэгдсэн 450 000 000 төгрөгийн үнэ бүхий 63 нэр төрлийн эд зүйлс, 2015 оны 5 дугаар сарын 03-ны өдөр худалдан авч үндсэн хөрөнгөд бүртгэгдсэн 33 250 000 төгрөгийн үнэ бүхий 5 ханатай 11 ширхэг иж бүрэн гэр, 2015 оны 5 дугаар сарын 02-ны өдөр худалдан авч 6 ханатай, 3 500 000 төгрөгийн үнэ бүхий 1 гэр, 1 800 000 төгрөгийн үнэ бүхий камень зуух, 2015 оны 4 дүгээр сарын 28-ны өдөр 8 500 000 төгрөгөөр худалдан авсан 8 ханатай гэр, 2015 оны 4 дүгээр сарын 25-ны өдөр худалдан авсан 14 000 000 төгрөгийн үнэ бүхий оффисын контейнер, 2015 оны 5 дугаар сарын 10-ны өдөр 180 000 төгрөгөөр 2 ширхэг, 2015 оны 5 дугаар сарын 16-ны өдөр 180 000 төгрөгөөр 2 ширхэг, 2015 оны 6 дугаар сарын 13-ны өдөр 160 000 төгрөгөөр тус тус худалдан авсан 5 ширхэг антенн, 2015 оны 4 дүгээр сарын 24-ний өдөр 3 500 000 төгрөгөөр хийлгэсэн орны үнэ, 2015 оны 10 дугаар сарын 30-ны өдөр худалдан авсан 8 ханатай гэрийн дээвэр туурганы үнэ 1 070 000 төгрөг, нийт 516 500 000 төгрөгийн эд зүйлсийг Б.Мэг авч явсан тул үүнийг тус тус гаргуулахаар сөрөг нэхэмжлэл гаргаж байна гэжээ.

 

Шүүх: Иргэний хуулийн 93 дугаар зүйлийн 93.1, 94 дүгээр зүйлийн 94.1, 94.2, 281 дүгээр зүйлийн 281.1, 476 дугаар зүйлийн 476.1-т заасныг баримтлан хариуцагч А.Гаас 60 000 000 /жаран сая/ төгрөг гаргуулж нэхэмжлэгч Б.Мэгт олгож, хариуцагч “Б” ХХК-аас хамтран ажиллах гэрээний үүрэгт 1 807 501 365 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэгч Б.Мэгийн нэхэмжлэлийг, Б.Мэгээс 1 068 219 200 төгрөг гаргуулах “Б” ХХК-ийн сөрөг нэхэмжлэлийг тус тус хэрэгсэхгүй болгож,

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.5-д зааснаар А.Гаас 500 000 000 төгрөг гаргуулах тухай Б.Мэгийн нэхэмжлэлийг хариуцагч А.Г хүлээн зөвшөөрснийг баталж, холбогдох хэргийг хэрэгсэхгүй болгож,

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-т зааснаар улсын тэмдэгтийн хураамжид нэхэмжлэгч Б.Мэгийн урьдчилан төлсөн 12 153 407 төгрөг, хариуцагч “Б” ХХК-ийн урьдчилан төлсөн 3 000 000 төгрөгийг тус тус улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч А.Гаас улсын тэмдэгтийн хураамжид 2 957 950 төгрөг гаргуулж нэхэмжлэгч Б.Мэгт олгож, хариуцагч “Б” ХХК-аас шүүхийн шийдвэр гарах хүртэл төлөхийг хойшлуулсан улсын тэмдэгтийн хураамж 2 499 046 төгрөгийг гаргуулж улсын төсвийн орлогод оруулж шийдвэрлэжээ.

 

 Нэхэмжлэгч давж заалдах шатны шүүхэд гаргасан гомдолдоо: Анхан шатны шүүх хариуцагч “Б” ХХК-аас 1 807 501 365 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлагыг хянан шийдвэрлэхдээ нотлох баримтыг бүрэн дүүрэн үнэлээгүй бөгөөд Иргэний хуулийг буруу тайлбарлан хэрэглэсэн. Анхан шатны шүүх нэхэмжлэлийн шаардлагаас 1 118 891 900 төгрөгт хамаарах шаардлагыг хэрэгсэхгүй болгосон нь буруу.

Нэхэмжлэгч Б.Мэг би “Б” ХХК-д нийт 1 807 501 365 төгрөгийн хөрөнгө оруулалт хийсэн ба анхан шатны шүүх оруулсан хөрөнгө оруулалтын хэмжээг 1 118 891 900 төгрөгөөр тогтоосон бөгөөд 1 118 891 900 төгрөгийн хөрөнгийг олж авсан этгээд нь “Б” ХХК юм.

Анхан шатны шүүх Б.Мэгийг хөрөнгө олж авсан хэмээн үндэслэлгүй дүгнэлт хийж, хөрөнгө олж авсан этгээд болох “Б” ХХК-ийг үндэслэлгүй хөрөнгөжүүлсэн.

Иргэний хуулийн 493 дугаар зүйлийн 493.5-д “... Харин хөрөнгийн шинж байдлаас түүнийг бүрмөсөн өөрийн болгож авсан гэж бодох үндэслэлгүй нь илтэд байвал энэ журам үл хамаарна” хэмээн хуульчилсан. Б.Мэг “Б” ХХК-ийг худалдан авах зорилгоор нийт 500 000 000 төгрөгийг С.Д /бэлнээр болон А.Гаар дамжуулан/-д шилжүүлсэн бөгөөд тухайн мөнгөн хөрөнгийг үндэслэн “Б” ХХК-ийн хувьцаа шилжсэн. Хариуцагч А.Г нь “Б” ХХК-ийг нэхэмжлэгч надад худалдан авсан хэмээн итгүүлж байсан.

Нөгөөтэйгүүр “Б” ХХК-ийг худалдан авах зорилгоор шилжүүлсэн 500 000 000 төгрөг хамаарах шаардлагыг хариуцагч хүлээн зөвшөөрсөн нь Б.Мэг миний бие “Б” ХХК-ийг шилжүүлэн авч байна хэмээн итгэж байсныг нотлох юм. Иргэний хуулийн 493 дугаар зүйлийн 493.5-д заасан зохицуулалтыг хэрэглэсэн нь үндэслэлгүй юм.

Анхан шатны шүүх талуудын хооронд байгуулагдсан 2015 оны 3 дугаар сарын 01-ний өдрийн гэрээг нотлох баримтаар үнэлэхэд эргэлзээтэй хэмээн дүгнэсэн бөгөөд талуудын хооронд гэрээ байгуулагдаагүй гэж үзсэн тохиолдолд Иргэний хуулийн 492 дугаар зүйлийн 492.1.1-д заасны дагуу 1 118 891 900 төгрөгт хамаарах шаардлагыг хангаж шийдвэрлэх ёстой байсан.

Тухайлбал: Б.Мэг миний бие “Б” ХХК-д 1 807 501 365 төгрөгийн хөрөнгө оруулалт хийсэн бөгөөд ийнхүү хөрөнгө оруулалт хийсэн болох нь Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 2017 оны 056 тоот шинжээчийн дүгнэлт, Улсын дээд шүүхийн хяналтын шатны Эрүүгийн хэргийн шүүх хуралдааны 2018 оны 420 тоот тогтоол, А.Гын эрүүгийн шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн "... 1 807 501 365 төгрөгийн хөрөнгө оруулалт нь уурхайн үйл ажиллагаанд зарцуулагдсан...,” гэх мэдүүлэг зэрэг хэрэгт авагдсан бичгийн баримтуудаар тогтоогддог. Мөн анхан шатны шүүх ч “Б” ХХК-д оруулсан хөрөнгө оруулалтаас нийт 688 609 465 төгрөгийн баримт нь эргэлзээтэй бөгөөд харин 1 118 891 900 төгрөгийн хөрөнгө оруулалт оруулсан болохыг тогтоосон.

Б.Мэг 1 118 891 900 төгрөгийн хөрөнгө оруулалтыг “Б” ХХК-д оруулсан атлаа анхан шатны шүүхийн шийдвэрийн дагуу тус оруулсан хөрөнгө оруулалт болох 1 118 891 900 төгрөг байтугай нэг ч төгрөг буцаан авах боломжгүй болоод байх ба харин “Б” ХХК нь 1 118 891 900 төгрөгөөр үндэслэлгүйгээр хөрөнгөжих боломжийг бүрдүүлээд байна. Иргэний хуулийн 56 дугаар зүйлийн 56.5 дахь хэсэгт заасны дагуу 1 118 891 900 төгрөгийг “Б” ХХК нь нэхэмжлэгч надад буцаан олгох ёстой.

Иймд нэхэмжлэлийн шаардлагаас 1 118 891 900 төгрөгт хамаарах шаардлагыг хангаж шийдвэрлэсэн өөрчлөлтийг анхан шатны шүүхийн шийдвэрт оруулж өгнө үү гэжээ.

 

Хариуцагч нарын итгэмжлэгдсэн төлөөлөгч, өмгөөлөгч давж заалдах шатны шүүхэд гаргасан гомдолдоо: Анхан шатны шүүх хэрэгт цугларсан нотлох баримтуудыг, тухайн хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, үнэн зөв, эргэлзээгүй талаас нь үнэлж чадаагүй хэмээн үзэж байна.

Хариуцагч А.Гаас зээлийн гэрээний үүрэгт заасны дагуу 60 000 000 төгрөг гаргуулахаар шийдвэрлэснийг хүлээн зөвшөөрөх боломжгүй байна. Улсын дээд шүүхийн 420 дугаарын тогтоол хүчин төгөлдөр болсны дараа хохирогчид барьцааны зүйл болох эд хөрөнгийг хүлээлгэн өгсөн байх тул барьцаа хөрөнгөөр хангагдсан гэж үзэж байгаа учраас төлөх үндэслэлгүй болно.

Б.Мэг нь “Б” ХХК-ийн хувьцааг худалдан авах зорилгоор шилжүүлсэн 500 000 000 төгрөгийг “Б” ХХК-аас гаргуулахаар нэхэмжлэлийн шаардлага гаргасныг хариуцагч “компанийг худалдаж авахад зориулж 500 000 000 төгрөг Б.Мэгээс авсан учраас төлөхөд татгалзахгүй” хэмээн тайлбарладаг.

 “Б” ХХК-ийн 100 хувийн хувьцаа эзэмших эрхийг худалдан авахад төлсөн 500 000 000 төгрөгийг хариуцагч А.Гаас гаргуулахаар шийдвэрлэсэн нь үндэслэлгүй, ойлгомжгүй нэхэмжлэлийн шаардлагын хүрээнээс хальсан дүгнэлт гаргасан гэж үзэж байна.

“Б” ХХК-ийн хувьцаа эзэмших эрхийг шилжүүлэн авах зардлыг нэхэмжлэгч Б.Мэг нь төлж, тус компанийн хувьцаа эзэмших эрхийг тодорхой шалтгааны улмаас өөрийнхөө эзэмшилд бүртгүүлэлгүй алт олборлох үйл ажиллагааг явуулж, үйл ажиллагааны зардлыг төлж, хяналт тавьж ажиллаж байсан ба хариуцагч А.Г нь тус компанийн хувьцаа эзэмших эрхийг шилжүүлж өгөөгүй нөхцөлд “Б” ХХК-ийн олборлосон дээрх алтыг авсан гэж үзэх нөхцөл байдлыг буруутгах боломжгүй. Өөрөөр хэлбэл, нэхэмжлэгч Б.Мэг нь “Б” ХХК-ийн эзэмшлийн хувьд хууль бусаар эзэмшиж байсан боловч шударга эзэмшигч хэмээн үзэхээр байна гэж, Б.Мэг нь хариуцагч “Б” ХХК-тай хамтран ажиллах гэрээний харилцаа үүссэн гэх үндэслэл тогтоогдохгүй байна гэж, мөн Б.Мэг, н.Болорнямбуу нарын мэдүүлгээс үзэхэд “...нэхэмжлэгч Б.Мэг нь “Б”ХХК-ийн ашигтай ажиллах боломж буюу оруулсан хөрөнгө оруулалт нь ирээдүйд үр ашгаа өгнө гэсэн үндэслэлээр уг компанийн хувьцаа эзэмших эрх болон үйл ажиллагааны зардлыг төлж алт олборлох үйл ажиллагааг удирдан зохион байгуулж ажиллаж байсан байх ба “Б” ХХК-ийн хувьцаа эзэмших эрхийг өөр этгээдийн буюу хариуцагч А.Гын эзэмшилд бүртгүүлсэн явдлыг тэрээр өөрийнх нь хөрөнгийн маргаан хуулийн байгууллагад шалгагдаж байсантай холбогдуулан зөвшөөрсөн үйл баримт тогтоогдож байна гэж, илтэд ойлгомжгүй тус тус олон зөрүүтэй дүгнэлтүүдийг хийсэн.

Иймд анхан шатны шүүхийн шийдвэр хууль ёсны байх шаардлагыг хангаж чадаагүй тул анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож, дахин хэлэлцүүлэхээр буцааж өгнө үү гэжээ. 

ХЯНАВАЛ:

 

Анхан шатны шүүхийн шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 116 дугаар зүйлийн 116.2 дах хэсэгт заасан шаардлагыг хангаагүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам зөрчсөн байна.

 

Нэхэмжлэгч Б.Мэг нь хариуцагч А.Гад холбогдуулан зээлийн гэрээний үүрэгт 60 000 000 төгрөг, хариуцагч “Б” ХХК-нд холбогдуулан 2 307 501 365 төгрөг тус тус гаргуулахаар нэхэмжилсэн, хариуцагч “Б” ХХК нь нэхэмжлэгч Б.Мэгт холбогдуулан алтны үнэ 555 019 200 төгрөг, 63 нэр төрлийн эд хөрөнгийн үнэ 513 200 000 төгрөг, нийт 1 068 219 200 төгрөг гаргуулахаар сөрөг нэхэмжлэл гаргажээ.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 166 дугаар зүйлийн 166.4 дэх хэсэгт заасан давж заалдах журмаар шүүх хэрэг хянан шийдвэрлэж буй зөвхөн гомдолд дурдсан үндэслэлээр хязгаарлалгүй, хэргийг бүхэлд нь хянан үзэх эрх хэмжээний хүрээнд дараах дүгнэлтийг хийв.

 

Нэхэмжлэгч Б.Мэг нь хариуцагч “Б” ХХК-аас 500 000 000 төгрөг гаргуулах нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлээ “А.Г нь “Б” ХХК-ийг худалдан авах зорилгоор 2015 оны 4 дүгээр сарын 22-ны өдөр 200 000 000 төгрөг /бэлнээр/, 2015 оны 4 дүгээр сарын 23-ны өдөр 300 000 000 төгрөг /дансаар/, нийт 500 000 000 төгрөгийг авсан” гэж тайлбарласан атлаа уг мөнгөн хөрөнгийг “Б” ХХК-аас нэхэмжилж байгаа нь ойлгомжгүй, анхан шатны шүүх нэхэмжлэлийн энэ шаардлага, үндэслэл хоорондоо зөрүүтэй байхад тодруулах ажиллагаа хийгээгүй, талуудыг мэтгэлцүүлээгүй нь алдаатай болжээ. Уг нөхцөл байдлыг бүрэн тодруулснаар талуудын хооронд үүссэн эрх зүйн харилцааг зөв тодорхойлох юм.

 

Түүнчлэн, нэхэмжлэгч Б.Мэг хариуцагч “Б” ХХК-аас 1 807 501 365 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлагаа нотлохоор Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 2017 оны 3 дугаар сарын 21-ний өдрийн 056 тоот дүгнэлт, 466 хуудас бүхий санхүүгийн баримтыг шүүхэд баримтаар өгч, үүнтэй холбогдуулан тэрээр 2015 оны 4 дүгээр сарын 15-ны өдрөөс 2016 оны 4 дүгээр сарын 15-ны өдрийн хүртэлх хугацаанд “Б” ХХК-д хичнээн төгрөгийн хөрөнгө оруулалт хийсэн талаар шинжээч томилуулах хүсэлт гаргасныг анхан шатны шүүх 2020 оны 02 дугаар сарын 05-ны өдөр 102/ШЗ2020/02235 дугаар захирамжаар хүсэлтийг жич шийдвэрлэхээр тогтоосон атлаа 2020 оны 02 дугаар сарын 19-ний өдрийн 102/ШЗ2020/02947 дугаар захирамжаар “шинжээч томилох буюу тусгай мэдлэг шаардсан асуудалд хамаарахгүй” гэх үндэслэлээр хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн нь ойлгомжгүй болжээ. /2хх153, 2хх206-207/

 

Мөн хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч шинжээч томилуулах тухай хүсэлтийг удаа дараа гаргажээ.

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч 2019 оны 9 дүгээр сарын 10-ны өдөр гаргасан хүсэлтдээ “Б.Мэг нь компанийн анхан шатны материал байгаа гэх боловч уг баримтыг Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 056 тоот дүгнэлтийг гаргуулахдаа гаргаж өгөөгүй, иргэний хэрэгт хавсаргасан санхүүгийн баримтууд нь компанийн 2015 оны санхүүгийн тайланд тусгагдсан баримттай үнийн дүн нь тохирохгүй байна” гэх үндэслэлийг /2хх27-28/,

2020 оны 02 дугаар сарын 04-ний өдөр гаргасан хүсэлтдээ “нэхэмжлэгчээс нотлох баримтаар өгсөн 466 хуудас бүхий санхүүгийн баримтын 142 хуудас баримттай танилцсан, уг санхүүгийн баримтуудад “Б” ХХК-ийн санхүүгийн тэмдэг дарагдаагүй, Б.Мэгийн нэхэмжилж байгаа дүн зөрүүтэй байна” гэх үндэслэлийг /2хх125-126/,

2020 оны 6 дугаар сарын 10-ны өдөр гаргасан хүсэлтдээ “Д” ХХК-ийн дүгнэлтийг үндэслэн Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгээр дүгнэлт гаргасан, уг дүгнэлтүүд нь илт зөрүүтэй, дутуу, эргэлзээтэй байна” гэх үндэслэлийг /3хх206-210/,

2020 оны 9 дүгээр сарын 07-ны өдөр гаргасан хүсэлтдээ “Б” ХХК-тай байгуулсан хөрөнгө оруулалтын гэрээний дагуу оруулсан хөрөнгийн тооцоог гаргуулах, 466 хуудас бүхий санхүүгийн баримтууд нь хуульд заасан эрх хэмжээгээр үнэлж болох эсэх, хөрөнгө оруулалтын хугацаа хэзээнээс хэзээ хүртэлх хугацааг хамарч байгаа эсэх, орлого зарлагын баримтад давхардал үүссэн эсэх, Б.Мэгийн данс руу орсон гүйлгээний баримтуудыг Б.Мэг хөрөнгө оруулсан гэж үзэх эсэх, “Б” ХХК-ийн 2015 оны бүртгэлийн дэвтрээр нийт хэдэн кг алт олборлосон эсэхийг тогтоолгох” гэх үндэслэлийг заажээ. /4хх134-139/

 

Анхан шатны шүүх хариуцагчийн хүсэлтүүдийг 2020 оны 5 дугаар сарын 04-ний өдрийн 102/ШЗ2020/06899, 2020 оны 06 дугаар сарын 10-ны өдрийн 102/ШЗ2020/09200, 2020 оны 09 дүгээр сарын 07-ны өдрийн 102/ШЗ2020/12494 дугаар захирамжаар тус тус хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 38 дугаар зүйлийн 38.6 дахь хэсэгт заасан нотлох баримтыг хэргийн оролцогчийн хүсэлтээр шүүх бүрдүүлэх ажиллагааг дутуу хийсэн гэж дүгнэхээр байна. /3хх163-165, 4хх32-34, 4хх145-148/

 

Учир нь талууд компанийн санхүүгийн баримт, шинжээчийн 056 тоот дүгнэлтийн талаар маргаж байгаа тохиолдолд анхан шатны шүүх дээрх нөхцөл байдлыг тодруулах нь зүйтэй байжээ. Өөрөөр хэлбэл, 056 тоот дүгнэлтэд 466 хуудас бүхий санхүүгийн баримтад тусгагдсан мэдээлэл орсон эсэх нь эргэлзээтэй байхад шүүх тусгай мэдлэг шаардаагүй гэх дүгнэлт өгсөн нь үндэслэл бүхий болж чадаагүй байна. Уг ажиллагааг хийснээр шүүх нотлох баримтыг үнэлэх, үйл баримтыг зөв тогтоох, улмаар шүүх шаардах эрхийн үндэслэл, түүнийг зохицуулсан хуулийн заалтыг оновчтой, зөв тайлбарлан хэрэглэх боломжтой болох юм.

 

Нэхэмжлэгчийн өмгөөлөгчийн давж заалдах шатны шүүх хуралдааны үед гаргасан “хариуцагч улсын тэмдэгтийн хураамжийг дутуу төлсөн тул давж заалдах гомдол гаргаагүйд тооцож, хэлэлцэхгүй орхих” агуулгаар хүсэлт гаргасныг хүлээж авах боломжгүй. Учир нь хариуцагч хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаатай холбоотой гомдол гаргасан тул түүний төлсөн 2 957 950 төгрөгийн улсын тэмдэгтийн хураамжийг буруу тооцсон гэж үзэхгүй тул гомдлыг шүүх хуралдаанаар хэлэлцсэн болно.

 

Дээрх үндэслэлээр нэхэмжлэлийн шаардлага, үндэслэл тодорхойгүй, хүсэлтийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн, нотлох баримтыг дутуу бүрдүүлсэн энэ ажиллагааг давж заалдах шатны шүүхээс нөхөн гүйцэтгэх боломжгүй байх тул анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож, хэргийг дахин хэлэлцүүлэхээр буцаан шийдвэрлэх нь зүйтэй гэж давж заалдах шатны шүүх бүрэлдэхүүн үзлээ. Энэ тохиолдолд материаллаг эрх зүйн дүгнэлттэй холбоотой гомдолд дүгнэлт өгөхгүй юм.

 

            Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.5, 168 дугаар зүйлийн 168.1.1, 168.1.7-д заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

 

1. Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 10 дугаар сарын 27-ны өдрийн 102/ШШ2020/03225 дугаар шийдвэрийг хүчингүй болгож, хэргийг дахин шийдвэрлүүлэхээр мөн шүүхэд буцаасугай.

 

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 59 дүгээр зүйлийн 59.3 дах хэсэгт зааснаар нэхэмжлэгчээс давж заалдах гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 5 752 410 төгрөгийг, хариуцагчаас давж заалдах гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 2 957 950 төгрөгийг тус тус шүүгчийн захирамжаар буцаан олгосугай.

 

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 172 дугаар зүйлийн 172.1 дэх хэсэгт зааснаар зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч мөн зүйлийн 172.2 дахь хэсэгт заасан үндэслэлээр энэ хуулийн 167 дугаар зүйлд заасан магадлалд гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хяналтын журмаар гомдол гаргах эрхтэй.

 

4.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7 дахь хэсэгт зааснаар магадлалыг танилцуулан сонсгож, 7 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүх хуралдааны оролцогч талууд шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд магадлалыг гардуулснаар гомдол гаргах хугацаа тоолохыг дурдсугай

 

 

 

                        ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                Ч.ЦЭНД

 

                                          ШҮҮГЧИД                                Б.НАРМАНДАХ

 

                                                                                            Э.ЗОЛЗАЯА