Архангай аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн Шүүгчийн захирамж

2025 оны 03 сарын 12 өдөр

Дугаар 109/ШШ2025/0009

 

 

 

 

 

           Хариуцагч нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн

      зөвшөөрснийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгох тухай

 

   Архангай аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн ерөнхий шүүгч Б.Одонтуяа би, иргэн Ш.Н-гийн нэхэмжлэлтэй, Архангай аймгийн Засаг даргад холбогдох захиргааны хэрэгт хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчөөс гаргасан нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрөх тухай тайлбар, хүсэлтийг хүлээн авч, хянаад

ТОДОРХОЙЛОХ нь:

1. Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ж.Б шүүхэд бичгээр гаргасан тайлбартаа: Нэхэмжлэгч Ш.Н-гийн нэхэмжлэлтэй, Архангай аймгийн Засаг даргад холбогдох “Архангай аймгийн Засаг даргын 2024 оны 6 дугаар сарын 17-ны өдрийн “Сумын Засаг даргын захирамж, захирамжийн холбогдох хэсгийг хүчингүй болгох, иргэдийн газар эзэмших эрхийг цуцлах тухай” А/457 дугаартай захирамжийн хавсралтын 8 дугаарт Ш.Н-д холбогдох хэсгийг хүчингүй болгуулах” шаардлагыг хүлээн зөвшөөрч байна. Хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлэж өгнө үү гэжээ.

2. Нэхэмжлэгч Ш.Н шүүхэд бичгээр гаргасан тайлбартаа: Нэхэмжлэгч Ш.Н нь Архангай аймгийн Засаг даргын 2024 оны 6 дугаар сарын 17-ны өдрийн А/457 дугаартай захирамжийн Ш.Н-д холбогдох хэсэг буюу хавсралтын 8 дугаартай хэсгийг хүчингүй болгуулах нэхэмжлэл гаргасныг хариуцагч зөвшөөрсөн байна. Миний бие энэ асуудлаар дахин шүүхэд нэхэмжлэл гаргахгүй болохыг ойлгож мэдлээ. Иймд хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлэхэд татгалзах зүйлгүй гэжээ.

3. Гуравдагч этгээд О.З шүүхэд бичгээр гаргасан тайлбартаа: Хариуцагч нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хүлээн зөвшөөрч байгаа учраас гуравдагч этгээд миний бие хялбаршуулсан байдлаар шийдвэрлэхийг хүлээн зөвшөөрч байна. Тухайн газрын гэрчилгээ болон кадастрын зураг, бусад бичиг баримтыг би өөрийн биеэр хөөцөлдөх болно гэжээ.

ҮНДЭСЛЭХ нь:

Шүүх хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн тайлбар, хүсэлтийг хүлээн авч, хянаад Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 67 дугаар зүйлийн 67.1 дэх хэсэгт зааснаар хариуцагч нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрснийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэв. Учир нь,

1.1. Маргаан бүхий Архангай аймгийн Засаг даргын 2024 оны 6 дугаар сарын 17-ны өдрийн А/457 дугаар захирамжаар Цэнхэр суманд хийгдсэн хяналт шалгалтын дүгнэлтийг үндэслэн Архангай аймгийн Цэнхэр сумын Засаг даргын захирамж, захирамжийн холбогдох хэсгийг хүчингүй болгож, иргэдийн газар эзэмших эрхийг хавсралтаар цуцалсны 8 дугаарт иргэн Ш.Н-гийн газар эзэмших эрхийг хүчингүй болгожээ. (Хавтаст хэргийн 29-37 дахь тал)

1.2. Тодруулбал, дээрх захирамжийн хавсралтын 8 дугаар хэсгийн тайлбарт “ ...  Цэнхэр сумын Засаг даргын 2011 оны 8 дугаар сарын 3-ны өдрийн 138 дугаартай захирамжаар Ш.Н-д тариалангийн газрын давуу эрхээр эзэмшүүлэх захирамжийг хүчингүй болгох. 2017 оны 3 дугаар сарын 24-ний өдрийн 142 бүртгэлийн дугаартай нотариатын газар эзэмших эрх шилжүүлэх гэрээгээр О.З-т 50га газраа шилжүүлэх гэрээ хийсэн боловч захирамж, гэрчилгээ, гэрээ байхгүй ...” гэж дурджээ. (Хавтаст хэргийн 32-33 дахь тал)

1.3.  Хэрэгт авагдсан бичгийн нотлох баримтаас үзэхэд, Архангай аймгийн Цэнхэр сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын 2010 оны 12 дугаар сарын 27-ны өдрийн 8 дугаар тогтоолоор сумын 2011 оны газар зохион байгуулалтын төлөвлөгөөг баталж, тус сумын Буйлан багт 400 га газрыг үр тариа, төмс хүнсний ногооны зориулалтаар эзэмшүүлэхээр тусгажээ. Мөн тус хуралдааны тэмдэглэлийн 5 дугаарт иргэнд тариалангийн зориулалтаар 664,7 га газрыг давуу эрхээр эзэмшүүлэхээр шийдвэрлэсэн талаар тусгасан байна. (Хавтаст хэргийн 59-68 дахь тал)

1.4. Мөн Архангай аймгийн Цэнхэр сумын Буйлан багийн 2011 оны 5 дугаар сарын 6-ны өдрийн иргэдийн Нийтийн Хурлаар иргэн Б.Б, Н, С.Д, Ц.Ц нарт давуу эрхээр эзэмшүүлэх тухай асуудлыг хэлэлцэж, мөн өдрийн 6 дугаартай тогтоолоор уг саналыг сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хуралд уламжлахаар шийдвэрлэжээ. (Хавтаст хэргийн 57-58 дахь тал)

1.5. Ийнхүү Газрын тухай хуулийн 29 дүгээр зүйлийн 29.3. дахь хэсэг,  Тариалангийн тухай хуулийн 3 дугаар зүйлийн 3.1.2. дэх заалтыг заалтын дагуу Архангай аймгийн Цэнхэр сумын Засаг даргын 2011 оны 8 дугаар сарын 3-ны өдрийн 138 дугаар захирамжаар нэр бүхий иргэдэд давуу эрхээр эзэмшүүлэх тариалангийн газрын хэмжээ, байршил, хугацааг баталсны хавсралт 1 дугаарт иргэн Ш.Н-д 50 га газрыг үр тарианы зориулалтаар 15 жилийн хугацаагаар Өргөөтийн тал Баахан булаг гэх газарт эзэмших эрх олгожээ. (Хавтаст хэргийн 70-71 дэх тал)

1.6. Түүнчлэн Архангай аймгийн Архивын тасагт хадгалагдаж буй Архангай аймгийн Цэнхэр сумын Засаг даргын 2011 оны 8 дугаар сарын 3-ны өдрийн “Тариалангийн газрыг давуу эрхээр эзэмшүүлэх тухай” 138 дугаар захирамжийн хавсралт 1 дугаарт иргэн Ш.Н-д 50 га газрыг үр тарианы зориулалтаар 15 жилийн хугацаатай Өргөөтийн тал Баахан булаг гэх газарт олгохоор тусгасан байна. (Хавтаст хэргийн 92-95 дахь тал)

1.7. Нэхэмжлэгч Ш.Н нь 2017 оны 3 дугаар сарын 24-ний өдөр иргэн О.З-т өөрийн эзэмших эрх бүхий 50 га газрын эзэмших эрхийг шилжүүлэх гэрээ байгуулж, Архангай аймгийн Цэнхэр сумын Засаг дарга 2017 оны 5 дугаар сарын 17-ны өдрийн А/38 дугаар захирамжаар тус сумын Буйлан баг, Баахан булагт үр тарианы зориулалтаар 50 га газрын эзэмших эрхийн гэрчилгээг О.З-т эрх шилжүүлэх гэрээг үндэслэн **************** нэгж талбарын дугаартай газрыг шилжүүлэн эзэмшүүлжээ. (Хавтаст хэргийн 75, 79 дэх тал)

1.8. Нэхэмжлэгч Ш.Н нь маргаан бүхий газрын эзэмших эрхийг иргэн О.З-т шилжүүлэх гэрээ байгуулсан боловч Газрын тухай хуулийн 27 дугаар зүйлийн 27.1 дэх хэсэгт зааснаар иргэн О.З-т дээрх газрыг эзэмшүүлэх талаар газар эзэмших эрхийн гэрчилгээ гараагүй, гэрээ байгуулаагүй, кадастрын зураг хийгдээгүй байгааг дурдах нь зүйтэй.

1.9. Шүүх уг хэргийг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад хариуцагч Архангай аймгийн Засаг дарга 2025 оны 1 дүгээр сарын 13-ны өдрийн 01/48 дугаар албан бичгээр Ж.Б, М.Тулга нарыг хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчөөр томилж, Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 27, 28 дугаар зүйлд заасан эрх эдэлж, үүрэг хүлээхээр заажээ. (Хавтаст хэргийн 24 дэх тал)

1.10. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 28 дугаар зүйлийн 28.1. дэх хэсэгт “Төлөөлөгч нь төлөөлүүлэгчийн эрх, хууль ёсны ашиг сонирхлыг хамгаалах үйл ажиллагааг хуулийн хүрээнд явуулна.”, 28.2. дахь хэсэг Төлөөлөгч нь төлөөлүүлэгчээс олгосон итгэмжлэлд тусгайлан заасан тохиолдолд дараахь эрх эдэлнэ: 28.2.2.-т “нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрөх” гэж зохицуулсан байна.

1.11. Газрын тухай хуулийн 61 дүгээр зүйлийн 61.1. дэх хэсэг зааснаар  хэрэг хянан шийдвэрлэх шүүх хуралдаанаас өмнө хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ж.Б-аас нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрсөн талаар бичгээр тайлбар гаргаж, хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлүүлэхийг хүссэн байна. (Хавтаст хэргийн 178 дахь тал)

1.12. Мөн дээрх тайлбарт холбогдуулан нэхэмжлэгч Ш.Н, гуравдагч этгээд О.З-аас хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлэхийг хүлээн зөвшөөрч байгаа талаар бичгээр тайлбар гаргасан болно. (Хавтаст хэргийн 179-180 дахь тал)

1.13. Дээрх нөхцөлөөс дүгнэхэд, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрсөн нь Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 67 дугаар зүйлийн 67.1. дэх хэсэг “Хариуцагч нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хүлээн зөвшөөрсөн нь бусад этгээдийн эрх, эрх чөлөө, хууль ёсны ашиг сонирхлыг хөндөхөөргүй, хуульд харшлаагүй байвал шүүх хариуцагчийн зөвшөөрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгоно.” гэж заасанд нийцсэн бөгөөд бусад этгээдийн эрх, эрх чөлөө, хууль ёсны ашиг сонирхлыг хөндөхөөргүй, хуульд харшлаагүй байна.

1.14. Иймд хуулийн дээрх зохицуулалтын дагуу хариуцагч Архангай аймгийн Засаг дарга нэхэмжлэгч Ш.Н-гийн шүүхэд гаргасан “Архангай аймгийн Засаг даргын 2024 оны 6 дугаар сарын 17-ны өдрийн “Сумын Засаг даргын захирамж, захирамжийн холбогдох хэсгийг хүчингүй болгох, иргэдийн газар эзэмших эрхийг цуцлах тухай” А/457 дугаартай захирамжийн хавсралтын 8 дугаарт Ш.Н-д холбогдох хэсгийг хүчингүй болгуулах” нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрснийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэх нь зүйтэй гэж дүгнэв.

1.15. Түүнчлэн хэргийн оролцогч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч нарт хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлэхээс үүсэх үр дагаврыг танилцуулан баримт үйлдэж хэрэгт хавсаргасан болохыг тэмдэглэх нь зүйтэй.

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 67 дугаар зүйл, 111 дүгээр зүйлийн 111.1 дэх хэсэгт заасныг тус тус удирдлага болгон

ЗАХИРАМЖЛАХ нь:

1.  Газрын тухай хуулийн 29 дүгээр зүйлийн 29.3., 61 дүгээр зүйлийн 61.1. дэх хэсэг,  Тариалангийн тухай хуулийн 3 дугаар зүйлийн 3.1.2. дахь заалтыг тус тус баримтлан нэхэмжлэгч Ш.Н-гээс Архангай аймгийн Засаг даргад холбогдуулан гаргасан “Архангай аймгийн Засаг даргын 2024 оны 6 дугаар сарын 17-ны өдрийн “Сумын Засаг даргын захирамж, захирамжийн холбогдох хэсгийг хүчингүй болгох, иргэдийн газар эзэмших эрхийг цуцлах тухай” А/457 дугаартай захирамжийн хавсралтын 8 дугаарт Ш.Н-д холбогдох хэсгийг хүчингүй болгуулах” шаардлага бүхий нэхэмжлэлийг хариуцагч хүлээн зөвшөөрснийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.

2. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 48 дугаар зүйлийн 48.1. дэх хэсэгт заасныг баримтлан нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70,200 /далан мянга хоёр зуу/ төгрөгийг төрийн санд хэвээр үлдээж, хариуцагчаас 70,200 /далан мянга хоёр зуу/ төгрөгийг гаргуулж нэхэмжлэгчид олгосугай.

3. Энэ захирамжийг захиргааны хэргийн шүүхийн шийдвэрийн нэгэн адил журмаар биелүүлэхийг дурдсугай.

4. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 69 дүгээр зүйлийн 69.2 дахь хэсэгт зааснаар хэргийн оролцогч тухайн асуудлаар дахин анхан шатны шүүхэд нэхэмжлэл гаргах, хэргийг хэрэгсэхгүй болгосон шүүгчийн захирамжид гомдол гаргах эрхгүй болохыг дурдсугай.

 

 

 

 

ЕРӨНХИЙ ШҮҮГЧ                                    Б.ОДОНТУЯА