Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2018 оны 03 сарын 19 өдөр

Дугаар 172

 

 

 

 

 

 

 

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Баянгол дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Ч.Отгонбаяр даргалж,

Нарийн бичгийн дарга: С.Буянхишиг,

Улсын яллагч: С.Батгэрэл,

Шүүгдэгч/хохирогч: Х.Э, түүний өмгөөлөгч Б.Мандухай,

            Шүүгдэгч/хохирогч: Б.Л, түүний өмгөөлөгч Г.Наранбаатар,

Гэрч: Э.Т нарыг оролцуулан тус шүүхийн хуралдааны танхимд нээлттэй явуулсан шүүх хуралдаанаар Баянгол дүүргийн прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт Х.Э, Б.Лнарт холбогдуулж яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн эрүүгийн 1805002690059 дугаартай хэргийг 2018 оны 02 дугаар сарын 09-ний өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.

1. Шүүгдэгч: Монгол Улсын иргэн, Х.Э,  1997 оны 5 дугаар сарын 04-ний өдөр Улаанбаатар хотод төрсөн, 21 настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, мэргэжилгүй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл 4, эх, дүү нарын хамт ..., урьд ял шийтгэлгүй, УП-97050499 тоот регистртэй,

2. Шүүгдэгч: Монгол  Улсын иргэн, Б.Л, 1995 оны 7 дугаар сарын 05-ны өдөр Улаанбаатар хотод төрсөн, 23 настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, мэргэжилгүй, ...., ам бүл 4, эцэг, эх, ахын хамт ...., урьд ял шийтгэлгүй, УЗ-95070513 тоот регистртэй,

Шүүгдэгч Х.Э нь 2018 оны 01 дүгээр сарын 03-наас 01 дүгээр сарын 04-нд шилжих шөнө Баянгол дүүргийн 17 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах Хаан банкны АТМ-ын орчим Б.Лтой маргалдан зодолдож зүүн, баруун хөлөн тус газар нь хутгалж эрүүл мэндэд нь хөнгөн хохирол учруулсан,

Шүүгдэгч Б.Л нь согтуугаар 2018 оны 01 дүгээр сарын 03-наас 01 дүгээр сарын 04-нд шилжих шөнө Баянгол дүүргийн 17 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах Хаан банкны АТМ-ын орчим иргэн Х.Этай маргалдан зодолдож эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэгт тус тус холбогджээ.

ТОДОРХОЙЛОХ НЬ:

Шүүхийн хэлэлцүүлэгт яллах, өмгөөлөх талаас шинжлэн судалсан болон хэрэгт цугларсан дараах нотлох баримтуудыг тал бүрээс нь бүрэн бодитой шинжлэн судлав. Үүнд:

Шүүгдэгч Х.Эын шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн: “...Тэр өдөр нэг машинтай ах “зар наагаад өг, мөнгө өгье” гэж хэлсэн. Машинд суухад  РС-нд хамт тоглодог залуу байсан ба би тэр залуутай хамт зар нааж байтал тэр залуу тэр эмэгтэйг дугаараа өгчих гээд дуудсан. Тэгээд нөгөө эмэгтэйн араас тоглосон шүү гэж хэлсэн. Нөгөө эмэгтэй нэг машинд суусан. Би цаад талын шон дээр зар наагаад зогсож байтал нөгөө эмэгтэй Лтой хамт гарч ирсэн. Тэгтэл Л намайг үгийн зөрүүгүй цохисон. Надтай хамт зар нааж байсан залуу зугтаагаад явсан. Тэгээд намайг чирээд хашаанд оруулаад доош нь дараад байсан ба миний амьсгал боогдоод байсан ба би түүнийг хутгаараа нэг удаа хутгалснаа санаж байна. Дараа нь Л миний чих рүү өшиглөснөөс хойш юу болсон талаар санахгүй байна. Би тэр эмэгтэйгээс “намайг биш гэж хэлээч” гэж зөндөө гуйсан. Хэрвээ тэр эмэгтэй намайг өөрийг нь хоргоосон залуу биш гэдгийг хэлсэн бол тийм зүйл болохгүй байсан. Намайг биш гэдгийг тэр эмэгтэй мэдэж байсан. Лийн хөлөөс цус гарахаар нь би айгаад тэр эмэгтэйд цагдаа дууд гэж хэлсэн. Би Лийн доороос нь босох гэж зөндөө үзсэн” гэв.

Шүүгдэгч Б.Лийн шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн: “...2018 оны 01 дүгээр сарын 03-наас 04-нд шилжих шөнө Хаан банкны АТМ-ын дэргэд манай найз охин АТМ-ээс мөнгө авчрахаар буусан ба би машиндаа сууж байсан. Тэгтэл манай найз охин амьсгаадаад ирсэн. Би юу болсон талаар асуухад “намайг 2 залуу татаж, хоргоогоод баар, зочид буудал оръё гээд байна” гэж хэлсэн. Тэгэхээр нь би гараад уулзах гэтэл Э урдаас ирээд “яасан бэ” гэхээр нь би “чи яагаад эмэгтэй хүн зүгээр явуулахгүй байгаа юм бэ” гэхэд урдаас гар далайсан. Тэгэхээр нь би сандарсандаа хавираад унагаасан. Тэгээд бид хоёр ноцолдож байтал хөл халуу оргиод цус гарсан. Цагдаа иртэл миний бие тамиргүй болоод Эын үснээс бариад доош нь дараад хэвтэж байсан” гэв.

Хохирогчоор Х.Эын шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн: “...Миний чихний хэнгэрэг цоорсон. Чихээ эмнэлэгт үзүүлсэн. Эмнэлэгт хэвтэхээр бичиг баримтаа хөөцөлдөж байгаа. Шинжилгээ өгөөд эмнэлэгт хэвтэнэ. Надаас үзлэгийн мөнгө гэж авсан. Мөн эмчилгээний зардал 314.000 төгрөг гарсан тухайн мөнгийг нэхэмжилж байна. Тухайн үед шинжилгээ өгсөн” гэв.  

Хохирогчоор Б.Лийн шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн: “...Миний 2 хөл чинэрдэг болсон. Манай эгч эмч бөгөөд би Гэмтлийн эмнэлэгт очиж шархаа боолгоод гам барьж сар гаран хугацаанд гэртээ хэвтсэн. Манай эгч өөрөө эм тариа, боолтыг нь сольж байсан тул баримт байхгүй. Нэхэмжлэх зүйлгүй” гэв.

Гэрч Э.Тийн шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн: “...Би АТМ-аас мөнгө аваад машин руугаа явж байгаад 2 залуутай тааралдсан. Тэр 2 залуу намайг баар руу явъя гээд татсан. Тэгэхээр нь айсандаа машин руугаа гүйж очоод “2 залуу намайг ингээд байна” гэж найз залуудаа хэлсэн. Тэгтэл Л “би уулзаад ирье” гээд машинаас буугаад “эмэгтэй хүн яагаад зүгээр явуулахгүй байгаа юм бэ” гээд орилоод явсан. Би Лийн араас машинаа түгжээд 2-3 минутын дараа очиход Лийн 2 хөлөөс цус гарсан байдалтай Этай зууралдаад байж байхаар нь цагдаа болон 103-т дуудлага өгсөн” гэв.

Хохирогч Б.Лийн мөрдөн байцаалтад өгсөн: “...Тэр залуу над руу гар далайхаар нь би хавираад унагаасан. Унагатал тэр залуу өвдгөөрөө өвдөглөөд газар суусан. Тэгээд тэр залуу бид хоёр нэг нэг рүүгээ харилцан гараараа цохьтол миний зүүн хөлийн арын булчин хэсэг, баруун хөлийн өвдөгний доод хэсэг халуун оргиод явчихсан. Тэгээд би хөлөө бариад үзсэн чинь битүү цус болсон байсан. Бид хоёр нилээн их ноцолдсон ба цагдаа иртэл ноцолдсон. Тэр залуу миний цээж рүү гараараа цохиод байсан. Миний баруун хөлний өвдөгний доод хэсэгт 1 удаа, зүүн хөлний булчин хэсэгт 2 удаа хутгалсан. Ногоон өнгийн иштэй хутгаар миний хөл рүү дүрсэн” гэсэн мэдүүлэг /хх-н 14-15/,

Хохирогч Х.Эын мөрдөн байцаалтад өгсөн: “...нөгөө охиныг Батмөнх дугаараа өгчих гэхэд юм хэлэлгүй яваад өгсөн ба би тэр хавьд шон дээр зараа наах гээд байж байтал нэг залуу ирээд эмэгтэй хүүхэд зүгээр явуулчихаж чадахгүй байна уу гэж хэлээд намайг үсдэж аваад дараад миний толгой, нуруу руу хэд хэдэн удаа өшиглөсөн. Тэр үед би наад эмэгтэйг чинь би хоргоогоогүй шүү дээ гэж хэлээд бас нөгөө эмэгтэйд би биш биз дээ гэж хэлтэл чимээгүй зогсоод байсан. Тэгээд нөгөө залуу хашаа руу чирж ороод үстсэн чигээрээ өвдөглүүлж суулгаад миний хүзүү рүү өшиглөсөн. Зүүн чих рүү бас өшиглөсөн” гэсэн мэдүүлэг /хх-н 19-20/,

Гэрч Э.Тийн мөрдөн байцаалтад өгсөн: “...би 2-3 минутын дараа машинаас буугаад Лийн араас очтол нөгөө намайг хоргоогоод байсан залууг бариад авчихсан байсан. Тэр үед манай найз залуу Лийн хөлнөөс нилээн их цус гарсан байсан. Тэр залуу ногоон өнгийн иштэй махир хутгаар хөл рүү нь дүрсэн байсан, би хутгыг нь харсан. Л тэр шөнө согтуу байсан, гэхдээ их согтуу биш байсан. Тэр залуу намайг цохиж зодсон зүйл байхгүй” гэсэн мэдүүлэг /хх-н 22/,

Гэрч Ц.Бийн мөрдөн байцаалтад өгсөн: “...Э тэр залуу дээр яваад очтол нөгөө өндөр залуу Эын нүүр рүү цохиж унагаагаад үсдээд булан руу чирсэн. Тэр үед би зугтсан. Эын дээрээс нь дэвсээд харилцан зодолдоод байсан. Би ойртож очоод салгах гэсэн чинь нөгөө залуугийн бас Э хоёрын аль алиных нь хөлнөөс цус гарсан байсан. Тэгэхээр нь би айгаад салгаж чадаагүй буцаад холдсон. Э ногоон өнгийн иштэй, махир хутгатай явж байсан. Ямар учраас хутгатай явж байсныг мэдээгүй. Бид хоёр зар нааж явахад Э тэр хутгыг гаргаж ирээд скоч тастаад байсан юм. Э нөгөө залууг хутгалсныг нь би хараагүй, ямар ч байсан нөгөө залуугийнх нь нэг хөлнөөс цус гарч байсан” гэсэн мэдүүлэг /хх-н 24/,

Шинжээчийн 1071 тоот дүгнэлтэд: “...Х.Эын биед тархи доргилт, хүзүүний булчингийн чангарал, зулайн хуйхны зөөлөн эдийн няцрал, баруун гуянд шарх, зүүн чихний хэнгэргэн хальсны урагдал, 2 өвдөгт зулгаралт гэмтэл тогтоогдлоо. Дээрх шарх гэмтэл нь ир, ирмэг бүхий зүйлийн 1 удаагийн, бусад гэмтэл мохоо зүйлийн олон удаагийн үйлчлэлээр хэрэг учрал болсон гэх хугацаанд үүсгэгдсэн байх боломжтой. Гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-т зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна. Цаашид энгийн хөдөлмөрийн чадвар алдалтанд нөлөөлөхгүй” гэсэн дүгнэлт /хх-н 29/,

Шинжээчийн 1089 тоот дүгнэлтэд: “...Б.Лийн биед зүүн шилбэ, баруун өвдөгний зүсэгдсэн шарх бүхий гэмтлүүд тогтоогдлоо. Дээрх гэмтэл нь хурц ир үзүүртэй зүйлийн үйлчлэлээр, тухайн хэргийн хугацаанд үүсгэгдсэн шинэ гэмтлүүд байна. Дээрх гэмтэл нь шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-т зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна. Цаашид гэмтэл нь ерөнхий хөдөлмөрийн чадварт нөлөөлөхгүй” гэсэн дүгнэлт /хх-н 30/,

Гэмт хэргийн талаархи гомдол, мэдээлэл хүлээн авсан тэмдэглэл /хх-н 2/, хохирогчийн өргөдөл /хх-н 3/, эд зүйл түр хураан авсан тэмдэглэл /хх-н 8/, эд мөрийн баримт хураан авах тухай тогтоол /хх-н 10/, шүүгдэгч/хохирогч Х.Эын хувийн байдалтай холбоотой баримтууд /хх-н 38-40, 54/, шүүгдэгч/хохирогч Б.Лийн хувийн байдалтай холбоотой баримтууд /хх-н 41-42, 53/ зэрэг болно.   

Шүүхийн хэлэлцүүлгийн үед шинжлэн судласан дээрх нотлох баримтууд нь энэ хэрэгт хамааралтай, хуульд заасан журмаар цугларсан, хэрэг хянан шийдвэрлэхэд хангалттай байна гэж үнэлэв.

Шүүгдэгч нарын гэм буруу болон хохирол, хор уршигийн талаар:

Шүүгдэгч Б.Л нь согтууруулах ундаа хэрэглэсэн үедээ 2018 оны 01 дүгээр сарын 03-наас 01 дүгээр сарын 04-нд шилжих шөнө Баянгол дүүргийн 17 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах Хаан банкны АТМ-ын орчим иргэн Х.Эыг өөрийн найз охиныг өдөж хоргоолоо гэж маргалдан зодолдож эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан гэм буруутай болох нь:

Хохирогчоор Х.Эын өгсөн: “...нөгөө охиныг Батмөнх дугаараа өгчих гэхэд юм хэлэлгүй яваад өгсөн ба би тэр хавьд шон дээр зараа наах гээд байж байтал нэг залуу ирээд эмэгтэй хүүхэд зүгээр явуулчихаж чадахгүй байна уу гэж хэлээд намайг үсдэж аваад дараад миний толгой, нуруу руу хэд хэдэн удаа өшиглөсөн. Тэр үед би наад эмэгтэйг чинь би хоргоогоогүй шүү дээ гэж хэлээд бас нөгөө эмэгтэйд би биш биз дээ гэж хэлтэл чимээгүй зогсоод байсан. Тэгээд нөгөө залуу хашаа руу чирж ороод үстсэн чигээрээ өвдөглүүлж суулгаад миний хүзүү рүү өшиглөсөн. Зүүн чих рүү бас өшиглөсөн” гэсэн мэдүүлэг /хх-н 19-20/, гэрч Ц.Бийн: “...Э тэр залуу дээр яваад очтол нөгөө өндөр залуу Эын нүүр рүү цохиж унагаагаад үсдээд булан руу чирсэн. Тэр үед би зугтсан. Эын дээрээс нь дэвсээд харилцан зодолдоод байсан. Би ойртож очоод салгах гэсэн чинь нөгөө залуугийн бас Э хоёрын аль алиных нь хөлнөөс цус гарсан байсан. Тэгэхээр нь би айгаад салгаж чадаагүй буцаад холдсон. Э ногоон өнгийн иштэй, махир хутгатай явж байсан. Ямар учраас хутгатай явж байсныг мэдээгүй. Бид хоёр зар нааж явахад Э тэр хутгыг гаргаж ирээд скоч тастаад байсан юм. Э нөгөө залууг хутгалсныг нь би хараагүй, ямар ч байсан нөгөө залуугийнх нь нэг хөлнөөс цус гарч байсан” гэсэн мэдүүлэг /хх-н 24/, шинжээчийн 1071 тоот дүгнэлт болон шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн дээрх нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдлоо.

Шүүгдэгч Х.Э нь 2018 оны 01 дүгээр сарын 03-наас 01 дүгээр сарын 04-нд шилжих шөнө Баянгол дүүргийн 17 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах Хаан банкны АТМ-ын орчим Б.Лтой найз охиныг өдөж хоргоолоо гэж маргалдан зодолдох явцдаа зүүн, баруун хөлөн тус газар нь хутгалж эрүүл мэндэд нь хөнгөн хохирол учруулсан гэм буруутай болох нь:

Хохирогчоор Б.Лийн өгсөн: “...Тэр залуу над руу гар далайхаар нь би хавираад унагаасан. Унагатал тэр залуу өвдгөөрөө өвдөглөөд газар суусан. Тэгээд тэр залуу бид хоёр нэг нэг рүүгээ харилцан гараараа цохьтол миний зүүн хөлийн арын булчин хэсэг, баруун хөлийн өвдөгний доод хэсэг халуун оргиод явчихсан. Тэгээд би хөлөө бариад үзсэн чинь битүү цус болсон байсан. Бид хоёр нилээн их ноцолдсон ба цагдаа иртэл ноцолдсон. Тэр залуу миний цээж рүү гараараа цохиод байсан. Миний баруун хөлний өвдөгний доод хэсэгт 1 удаа, зүүн хөлний булчин хэсэгт 2 удаа хутгалсан. Ногоон өнгийн иштэй хутгаар миний хөл рүү дүрсэн” гэсэн мэдүүлэг /хх-н 14-15/, гэрчээр Э.Тийн: “...би 2-3 минутын дараа машинаас буугаад Лийн араас очтол нөгөө намайг хоргоогоод байсан залууг бариад авчихсан байсан. Тэр үед манай найз залуу Лийн хөлнөөс нилээн их цус гарсан байсан. Тэр үед манай найз залуу Лийн хөлнөөс нилээн их цус гарсан байсан. Тэр залуу ногоон өнгийн иштэй махир хутгаар хөл рүү нь дүрсэн байсан, би хутгыг нь харсан. Л тэр шөнө согтуу байсан, гэхдээ их согтуу биш байсан. Тэр залуу намайг цохиж зодсон зүйл байхгүй” гэсэн мэдүүлэг /хх-н 22/, гэрч Ц.Бийн: “... Эын дээрээс нь дэвсээд харилцан зодолдоод байсан. Би ойртож очоод салгах гэсэн чинь нөгөө залуугийн бас Э хоёрын аль алиных нь хөлнөөс цус гарсан байсан. Тэгэхээр нь би айгаад салгаж чадаагүй буцаад холдсон. Э ногоон өнгийн иштэй, махир хутгатай явж байсан. Э нөгөө залууг хутгалсныг нь би хараагүй, ямар ч байсан нөгөө залуугийнх нь нэг хөлнөөс цус гарч байсан” гэсэн мэдүүлэг /хх-н 24/, шинжээчийн 1089 тоот дүгнэлт болон шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн дээрх нотлох баримтуудаар,

Шүүгдэгч Х.Эын өмгөөлөгч Б.Мандухай шүүх хуралдаанд гаргасан хүсэлтэндээ “Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.4 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар гэм буруугүйгээр энэ хуульд заасан хохирол, хор уршиг учруулсан бол Эрүүгийн хариуцлага хүлээлгэхгүй гэж заасан. Эын үйлдэл нь хуулийн энэ зохицуулалтанд хамаарч байна. Эыг доош нь дарсан байдалтай байхад аргагүй байдалд хутгаар зүссэн. Иймд шүүгдэгч Эыг аргагүй хамгаалалт хийсэн тул цагаатгаж, түүнд холбогдох үйлдлийг хэрэгсэхгүй болгож өгнө үү” гэсэн санал,

Шүүгдэгч Б.Лийн өмгөөлөгч Г.Наранбаатар шүүх хэлэлцүүлэгт гаргасан хүсэлтэндээ: “Л нь аргагүй хамгаалалт хийсний улмаас гаргасан үйлдэл нь гэмт хэрэгт тооцогдохгүй. Лийн найз охиныг Э хоргоосон, очиж шаардлага тавих үед нь өөдөөс нь гараа далайх үед нь хавирч унагаасан. Ноцолдох явцад 3 удаа хутгалсан. Иймд шүүгдэгч Лид холбогдох үйлдэл холбогдлыг хэрэгсэхгүй болгож, цагаатгаж өгнө үү” гэсэн санал гаргасныг шүүх тус тус хүлээн авах үндэслэлгүй гэж дүгнэлээ.

Хэрэгт авагдсан нотлох баримтууд буюу яллагдагч, хохирогчоор тогтоогдсон Х.Э, Б.Л нарын мэдүүлгүүдээс өөрөөр тэдний хэн нэг нь аргагүй хамгаалалт  хийсэн болох нь нотлогдохгүй байна.

Тухайн хэргийн болсон байдлыг харсан гэрч Ц.Бийн мэдүүлэгт: “Э тэр залуу дээр яваад очтол нөгөө өндөр залуу Эын нүүр рүү цохиж унагаагаад үсдээд булан руу чирсэн. Эын дээрээс нь дэвсээд харилцан зодолдоод байсан”, “хөлнөөс нь цус гарсан байсан”, хутгалсан байсан” гэж мэдүүлсэн, мөн гэрч Э.Т “намайг машинаас буугаад очиход тэр хоёр зууралдсан, Лийн хөлнөөс цус гарсан байсан” гэсэн мэдүүлгүүд нь тэдгээрийн хэн нь аргагүй хамгаалалт хийснийг нотлохгүй байна. 

Шүүгдэгч нарын хэн, аль нь аргагүй хамгаалалт  хийсэн гэх боловч тухайн хэргийн нөхцөл байдалд дүгнэлт хийхэд Б.Л нь согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ найз охиноо өмөөрч Х.Э руу дайрсан байх ба Б.Л нь түүний өөдөөс харилцан зодолдож хутгаар гэмтэл учруулсан болох нь тогтоогдсон байна. 

Шүүгдэгч Х.Э, Б.Л нарын үйлдэл нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулах” гэмт хэргийн бүх шинжийг хангасан байх тул тэдгээрт холбогдуулж яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн хуулийн зүйл, хэсэг тохирсон байна гэж шүүх дүгнэлээ.

Шүүгдэгч Х.Э, Б.Лхагвдорж нар нь хоорондоо маргалдан зодолдож бие биенийхээ эрүүл мэндэд нь хөнгөн хохирол учруулсан нь өөрийн үйлдэл, эс үйлдэхүйг хууль бус шинжтэй болохыг ухамсарлаж түүнийг хүсч үйлдсэн, хохирол, хор уршигт зориуд хүргэсэн гэм буруугийн санаатай хэлбэртэй, Эрүүгийн хуулийн тусгай ангид гэмт хэрэгт тооцохоор заасан үйлдэл болох нь хэрэгт авагдсан нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдсон гэж дүгнэлээ.

Улсын яллагчийн шүүгдэгч нарыг гэм буруутай гэсэн дүгнэлт нь үндэслэлтэй байна.

Уг гэм буруутай үйлдлийн улмаас хохирогч Х.Э, Б.Л нарын биед хөнгөн хохирол тус тус учирсан болох нь шүүх шинжилгээний үндэсний хүрээлэнгийн шинжээчийн дүгнэлтүүдээр тогтоогдсон байна.

Хохирогч Х.Э нь шүүгдэгч Б.Лоос 314.000 төгрөг нэхэмжилж байна. Уг нэхэмжлэлээс хохирогчийн ДОХ, Тэмбүүгийн шинжилгээ хийлгэсэн 26.000 төгрөгийн баримт нь энэ хэргийн улмаас учирсан гэмтэлтэй холбоогүй тул хасах нь зүйтэй. Мөн шүүх эмнэлэгт үзүүлсэн 8.000 төгрөгийн баримтыг хэн, хэн нь төлсөн тул хасаж, үлдэх  баримтаар тогтоогдсон 280.000 төгрөгийг Б.Лоос гаргуулж хохирогч Х.Эт олгох нь зүйтэй байна.

Хохирогч Б.Л нь шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч Х.Эаас одоогоор баримтгүй тул жич хохирол нэхэмжилнэ гэсэн тул хохирогч нар нь хохирлоо жич нэхэмжлэх эрхтэй болохыг дурдах нь зүйтэй.

Эрүүгийн хариуцлагын талаар:

   Шүүх шүүгдэгч Х.Эрдэнбаатар, Б.Л нарын үйлдсэн гэмт хэрэг нь нотлогдон тогтоогдсон тул тэдгээрийг гэм буруутайд тооцсон бөгөөд тэдгээрт эрүүгийн хариуцлага хүлээлгэх нь зүйтэй гэж дүгнэлээ.

Шүүгдэгч нар нь тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас анх удаа хөнгөн гэмт хэрэг үйлдсэнийг ял хөнгөрүүлэх нөхцөл байдалд тооцов.

Шүүгдэгч нарт ял хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй болно. 

Улсын яллагч шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч Х.Эыг 300 цаг нийтэд тустай ажил хийлгэх ял, шүүгдэгч Б.Лийг 500 нэгж буюу 500.000 төгрөгөөр торгох ялын санал, шүүгдэгч Х.Эын өмгөөлөгч шүүгдэгч Х.Эыг 240 цаг нийтэд тустай ажил хийлгэх, шүүгдэгч Б.Лийн өмгөөлөгч шүүгдэгч Б.Лийг 450 нэгж буюу 450.000 төгрөгөөр торгох ял оногдуулж өгнө үү гэсэн саналыг тус тус гаргасан.

Мөн шүүгдэгч Х.Э нь торгуулийн ялыг төлөх боломжгүй тул албадан ажил хийлгэх ял оногдуулж өгнө үү гэсэн, шүүгдэгч Б.Л нь торгуулийн ял оногдуулж өгнө үү гэсэн санал тус тус гаргасан ба шүүх шүүгдэгч Х.Э, Б.Л нарын гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, тэдгээрийн хувийн байдал зэргийг харгалзан торгох ял болон нийтэд тустай ажил хийлгэх ялын доод хэмжээгээр ял оногдуулах нь зүйтэй гэж дүгнэлээ.

Шүүгдэгч Б.Л, түүний өмгөөлөгч шүүх хуралдаанд гаргасан хүсэлтэндээ надад торгуулийн ял оногдуулж, уг ялыг 6 сарын хугацаанд төлөх боломж олгож өгнө үү гэснийг шүүх хүлээн авч Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4, 5-д зааснаар шүүгдэгч Б.Лид шүүхээс оногдуулсан торгох ялыг 6 сарын хугацаанд төлж барагдуулахыг түүнд даалгах боломжтой гэж үзлээ.

Шүүгдэгч Б.Л нь торгох ялыг биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоног хорих ялаар тооцож солихыг, шүүгдэгч Х.Э нь нийтэд тустай ажил хийлгэх ялыг биелүүлээгүй бол нийтэд тустай ажил хийлгэх ялын 8 цагийн ажлыг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг тус тус мэдэгдэх нь зүйтэй.

Энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн 1 ширхэг хутгыг тогтоол хүчин төгөлдөр болмогц устгахаар шийдвэрлэв.

Шүүгдэгч Х.Э, Б.Л нар нь цагдан хоригдсон хоноггүй, хэрэгт битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, нэгтгэсэн болон тусгаарласан хэрэггүй болно.

Шүүхийн тухай хуулийн 31 дүгээр зүйлийн 31.3.1, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн  36.2,  36.6,  36.7,  36.8, 36.10 дугаар зүйлд тус тус заасныг удирдлага болгон  ТОГТООХ нь:

1. Шүүгдэгч Х.Э, Б.Лнарыг “хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан” гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тус тус тооцсугай.

2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Х.Эыг 240 цаг нийтэд тустай ажил хийлгэх ялаар, Б.Лийг 450 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 450.000 төгрөгөөр торгох ялаар тус тус шийтгэсүгэй.

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4, 5-д зааснаар шүүгдэгч Б.Лид шүүхээс оногдуулсан 450 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 450.000 төгрөгөөр торгох ялыг 6 сарын хугацаанд хэсэгчлэн төлж барагдуулахыг даалгаж, торгох ялыг биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоног хорих ялаар тооцож солихыг мэдэгдсүгэй.

4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.4 дүгээр зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Х.Э нь шүүхээс оногдуулсан 240 цагийн нийтэд тустай ажил хийлгэх ялыг биелүүлээгүй бол нийтэд тустай ажил хийлгэх ялын 8 цагийг нэг хоног хорих ялаар тооцож солихыг мэдэгдсүгэй.

5. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 21.5 дугаар зүйлийн 6 дахь хэсэгт зааснаар хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн 1 ширхэг хутгыг тогтоол хүчин төгөлдөр болмогц устгасугай.

6. Энэ хэрэгт битүүмжилсэн хөрөнгөгүй, нэгтгэсэн болон тусгаарласан хэрэггүй, шүүгдэгч нар нь цагдан хоригдсон хоноггүй болохыг тус тус дурдсугай.

7. Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 505 дугаар зүйлийн 505.1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Б.Лоос 280.000 төгрөг гаргуулж хохирогч Х.Эт олгосугай.  

8. Хохирогчоор тогтоогдсон шүүгдэгч Б.Л, Х.Э нар нь хор уршгийн талаарх нотлох баримтаа бүрдүүлж иргэний журмаар жич нэхэмжлэх эрхтэй болохыг дурдсугай.

9. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоолыг улсын яллагч, шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн хууль ёсны төлөөлөгч, өмгөөлөгч өөрөө гардаж авснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурдсугай.

10. Шийтгэх тогтоол нь уншиж сонсгосноор хүчинтэй болох ба давж заалдах гомдол, эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Х.Э, Б.Л нарт хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээ тус тус авсугай.

 

 

 

                  ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                    Ч.ОТГОНБАЯР