Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2023 оны 11 сарын 07 өдөр

Дугаар 2023/ДШМ/1069

 

 

Ц.Ат холбогдох эрүүгийн

хэргийн тухай

 

Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч Ш.Бат-Эрдэнэ даргалж, шүүгч Ж.Эрдэнэчимэг, шүүгч Д.Очмандах нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанд:

прокурор Ч.Батбаатар,

хохирогч Д.Ц-ын өмгөөлөгч Х.Даваахүү,

шүүгдэгч Ц.Аийн өмгөөлөгч Д.Чинзориг,

нарийн бичгийн дарга Х.Саранзаяа нарыг оролцуулан, 

Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2023 оны 9 дүгээр сарын 26-ны өдрийн 2023/ШЦТ/976 дугаар шийтгэх тогтоолыг эс зөвшөөрч шүүгдэгчийн өмгөөлөгч Д.Чинзоригийн гаргасан давж заалдах гомдлыг үндэслэн Ц.Ат холбогдох 2303003930344 дугаартай эрүүгийн хэргийг 2023 оны 11 дүгээр сарын 01-ний өдөр хүлээн авч, шүүгч Д.Очмандахын илтгэснээр хянан хэлэлцэв.

Ц.А ....тоотод оршин суух, ял шийтгэлгүй;

Шүүгдэгч Ц.А нь 2023 оны 6 дугаар сарын 5-ны өдөр Сүхбаатар дүүргийн 4 дүгээр хороо, Улсын их дэлгүүрийн урд “Хаан бууз” хоолны газрын зүүн замд Тоуоtа prius-20 маркийн 0000 УУУулсын дугаартай тээврийн хэрэгслийг жолоодон замын хөдөлгөөнд оролцохдоо Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн 16.1-д “Явган хүний зохицуулдаггүй гарц руу ойртон ирсэн жолооч хурдаа хасаж, уг гарцаар гарч байгаа болон гарахаар завдаж байгаа явган зорчигчид зогсож зам тавьж өгнө.” гэснийг зөрчсөний улмаас явган зорчигч Д.Ц-ыг  мөргөж, эрүүл мэндэд нь хүндэвтэр хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ.  

Тээврийн прокурорын газраас: Ц.Аийн үйлдэлд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж, хэргийг шүүхэд шилжүүлжээ. 

Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх: Шүүгдэгч Ц.А-ийг Авто тээврийн хэрэгслийн хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний актыг зөрчсөний улмаас хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар гурван зуун цагийн хугацаагаар нийтэд тустай ажил хийлгэх ял шийтгэж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.4 дүгээр зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар нийтэд тустай ажил хийлгэх ялыг биелүүлээгүй бол хорих ялаар солих болохыг түүнд анхааруулж, Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 505 дугаар зүйлийн 505.1 дэх хэсгүүдэд зааснаар шүүгдэгч Ц.Ааас 20,144,500 төгрөг гаргуулан хохирогч Д.Ц-т олгож, хохирогч Д.Цнь өөрийн эрүүл мэндэд учирсан гэм хорын хохирлын асуудлаар цаашид иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх ажиллагааны журмаар жич нэхэмжлэх эрх нээлттэй болохыг дурдаж шийдвэрлэжээ.

Шүүгдэгчийн өмгөөлөгч Д.Чинзориг давж заалдах гомдол болон тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “...1. Сэтгэцэд учирсан хор уршгийн талаар:

Сэтгэцэд учирсан хор уршгийг мөнгөөр нөхөн төлүүлэх урьдач нөхцөл нь хохирогчийн сэтгэцэд гэмт хэргийн улмаас хор уршиг учирсан гэдгийг шинжээчийн дүгнэлтээр тогтоосон байх учиртай.

Шүүх шинжилгээний тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1-д “Шинжилгээний байгууллага Эрүүгийн хуулийн ...-д заасан гэмт хэргийн улмаас хүний сэтгэцэд учирсан хор уршгийн зэрэглэлийг тогтоож, дүгнэлт гаргана “, уг зүйлийн 40.3-т “Энэ хуулийн 40.1-д заасан дүгнэлт гаргах журмыг хууль зүйн болон эрүүл мэндийн асуудал эрхэлсэн Засгийн газрын гишүүн хамтран батална.” хэмээн хуульчилсан.

Үүнийг үндэслэн гарсан захиргааны хэм хэмжээний акт болох Хууль зүй, дотоод хэргийн сайд, Эрүүл мэндийн сайд нарын хамтран баталсан 2023.07.31-ний өдрийн А/268 А/275 дугаартай тушаал бий агаад түүнд сэтгэцэд учирсан хор уршгийн зэрэглэлийг тогтоох үйл ажиллагаа, зохицуулалт, процессийг тов тодорхой журамласан байгаа. Тухайн журмын нэгдүгээр хавсралтын 2.1-д “...шүүх шинжилгээний байгууллага дараах гэмт хэргийн хохирогчийн сэтгэцэд учирсан хор уршгийн зэрэглэлийг тогтоох бөгөөд...”, нэгдүгээр хавсралтын 2.2-т “...хохирогч, эсхүл түүний хууль ёсны төлөөлөгч, өмгөөлөгч энэ журмын 2.1-д заасан хүснэгтээр шинжилгээг хийлгэнэ... шүүх шинжилгээний байгууллага тогтооно.”, нэгдүгээр хавсралтын 2.3-т “...сэтгэцэд учирсан хор уршгийн зэрэглэлийг тогтоосныг хохирогч хүлээн зөвшөөрсөн эсэхийг... танилцуулан баталгаажуулж, хавтаст хэргийн материалд хавсаргана”, нэгдүгээр хавсралтын 2.6-д “Шинжилгээ хийлгэх хохирогч нь шинжилгээнд биечлэн хамрагдана.” гэх зэргээс харвал шинжилгээний байгууллага хохирогчийн сэтгэцэд хор уршиг учирсан эсэхийг тогтоох үүрэгтэй байна. /Дашрамд дурдахад гэмт хэргийн хохирогч болгоны сэтгэцэд эмгэг өөрчлөлт үүссэн байдаг гэж ойлгох нь хэт өрөөсгөл ойлголт бөгөөд үүнийг л тусгай мэдлэг эзэмшсэн мэргэжилтэн, шинжилгээний байгууллага тогтоодог./

Үүний дараагаар буюу шинжээчийн дүгнэлт гарч, гэмт хэргийн улмаас хохирогч, эсхүл хууль ёсны төлөөлөгчийн сэтгэцэд нь эмгэг учирсан байна гэж тогтоосны дараагаар сэтгэцэд учирсан хор уршгийг мөнгөөр нөхөн төлүүлэх эсэх асуудлыг шүүх шийдвэрлэхийн тулд Монгол Улсын Дээд шүүхээс 2023.07.03-ны өдөр баталсан аргачлалыг баримтлах бөгөөд тухайн аргачлалын 2.1-д “Сэтгэцэд учирсан хор уршиг” гэдэгт ... сэтгэцийн эмгэгтэй болохыг ойлгоно”, 2.2-т “...Сэтгэцийн эмгэг учирсан нь хор уршгийг арилгах үндэслэл болно”. 3.1-т “..дараах зарчмыг баримтлана; 3.1.1 ...үндэслэл бүхий тогтоох; 3.1.3 ...ашиг бий болгохгүй байх”, 3.2-т “Сэтгэцийн эмгэгийн зэргийг ... журмын дагуу Шинжилгээний байгууллага тогтооно.” гэжээ.

Энэ асуудлыг холбогдох процессийн хуульд буюу Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд хэрхэн зохицуулсан байна вэ? гээд харвал тухайн хуулийн 9.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “Прокурор, мөрдөгч нь өөрийн санаачилгаар, эсхүл оролцогчийн хүсэлтийг үндэслэлтэй гэж үзвэл эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэхэд тусгай мэдлэг зайлшгүй шаардагдах асуудлыг тодруулахаар, эсхүл эд зүйл, хөрөнгийн үнэлгээ, хүрээлэн байгаа орчны хохирлын үнэлгээ, сэтгэцэд учирсан хор уршгийн зэрэглэлийг тогтоолгохоор шинжилгээ хийлгэх шийдвэр гаргаж, шинжээч томилно.” хэмээн салаа, хоёрдмол утгаар бус харин ч шууд тов тодорхой хуульчилж өгсөн байна.

Эдгээрээс харвал Шүүх шинжилгээний тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1-д заасан гэмт хэргийн хохирогчийн сэтгэцэд нь эмгэг учирсан эсэхийг эхлээд шинжилгээний байгууллага дүгнэлт гаргах байдлаар тогтоож, түүнийг хавтаст хэрэгт хавсаргаж, улмаар тухайн баримтыг шүүх хуралдаанаар хэлэлцүүлсний үндсэн дээр шүүх тодорхой аргачлалыг баримтлан мөнгөн дүнгээр нөхөн төлүүлэх үйл ажиллагаа байхаар байна.

Ц.Ат холбогдох эрүүгийн хэргийн материалд сэтгэцэд учирсан хор уршгийн зэргийг тогтоон гаргасан Шүүхийн шинжилгээний байгууллагын дүгнэлт огтоос байхгүй.

Зөвхөн гэм буруугийн шүүх хуралдаан дээр хохирогчийн хууль ёсны төлөөлөгч, өмгөөлөгч нарын зүгээс “...12,644,500 төгрөгийг нэхэмжилж байна.” гэснийг л үндэслэн анхан шатны шүүх хангаж шийдвэрлэсэн нь хэт өрөөсгөл, хууль зүйн үндэслэлгүй болсон.

Анхан шатны шүүхийн шийдвэрээс харвал “...хохирогчийн тухайд ...сэтгэл санааны хувьд хүнд хэцүү байгаа гэдгээ илэрхийлсэн болно.” гэснийг үндэслэн Монгол Улсын Дээд шүүхийн 2023.07.03-ны өдрийн №25 дугаар тогтоол болон хөдөлмөрийн хөлсний доод хэмжээг дурдаад л сэтгэл санааны хохирол гаргуулжээ. Үүнийг энгийн үгээр хэлбэл шүүгч энэ асуудлыг дураараа, ёстой сайхан зоргоороо шийдлээ дээ гэхээс өөр юу гэх вэ.

Дахин хэлэхэд, Шинжилгээний байгууллага зэрэглэл тогтоож дүгнэлт гаргасны дараагаар л “13 дахин нэмэгдүүлснээр үү эсхүл 22.99 үү, үгүй бол доод дээд хэмжээнээс их бага байлгах уу” гэдгийг шүүх шийдэх учиртай байтал тэгээгүй нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 1.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан хууль ёсны байх зарчимтай илтэд нийцэхгүй шийдвэр болжээ.

2. Ажилгүй байсан хугацааны цалин хөлсний талаар: Хохирогчийн хөдөлмөрийн чадвараа алдсанаас дутуу авсан цалин хөлс, эсхүл түүнтэй адилтгах орлогыг тооцоход дан ганц дансны хуулгыг хөдөлбөргүй нотлох баримт гэж үзэх боломжгүй. Энэхүү хэргийн хохирогчийн цалин орлого /шийтгэх тогтоолд бичсэнээр/ гэх зүйл нь 2 эх үүсвэрээр бүрддэг гэж тайлбарладаг. Нэг нь тэтгэвэр, үүнийг дутуу авсан зүйл байхгүй, хоёр дахь нь бараа бүтээгдэхүүн борлуулж олсон орлого. Хохирогчийн хувьд Номин их дэлгүүрт бараа бүтээгдэхүүн нийлүүлж, борлуулж байсныг үгүйсгэхгүй ч гагцхүү хэдэн төгрөгийн ашиг, орлогоо алдсан бэ? Энэ нь ямар нотлох баримтаар баталгаажиж байгаа эсэхэд л гол маргаан бий юм.

Цалин хөлсний тухайд бол нийгмийн даатгалын шимтгэл ногдох орлогыг нийгмийн даатгалын шимтгэл төлөлтийн дүнгээр тооцдог. Харин бусад орлогыг бол хувь хүний орлогын албан татвар ногдох дүн, ибаримт /ebarimt/ зэргээр тодорхойлдог. Үүнийг Хувь хүний орлогын албан татварын тухай хуулийн 6 болон 15 дугаар зүйлээс харж болох бөгөөд үүнийг хууль ёсны гэж үзнэ. Гэтэл анхан шатны шүүх хохирогчийн амаараа хэлснээр 1 сарын орлогыг нь 2,500,000 төгрөг гэж шууд үзсэн нь нотлох баримтыг тал бүрээс нь бодитойгоор харьцуулан үзсэний үндсэн дээр нотлох баримтыг үнэлнэ гэх зарчимд нийцэхгүй болжээ. Эдгээрийг нэгтгэн дүгнэвэл хохирогчийн дансны хуулга болон шүүхэд шинээр гарган өгсөн Номин компанийн тодорхойлолт зэрэг нь хоорондоо зөрүүтэй, аль нь бэлэн бүтээгдэхүүн аль нь хохирогчийн материал авч үйлдвэрлэсэн бүтээгдэхүүн болох, тэдгээрээс хэдийг нь Номин их дэлгүүрт суутгуулдаг, түүхий эдийн үнэ ханшны зөрүү зэргийг тооцоод татварт ногдох орлого хэд болох, хэргийн цаг хугацаанд хамаарах 2023 оны 6 дугаар сараас 9 дүгээр сарын хооронд бараа бүтээгдэхүүн нийлүүлсэн эсэх, эсхүл алдсан орлого ашиг зэргийг эрүүгийн хэргийн журмаар эцэслэн шийдвэрлэх боломжгүй байсан тул энэ асуудлыг иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх журмаар жич шийдвэрлүүлэхээр үлдээх учиртай байсан билээ.

3. Эрүүгийн хариуцлагын талаар: Эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, гэмт хэрэг үйлдсэн хүний хувийн байдал, эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдлыг тал бүрээс нь харгалзан үздэг.

Анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолын шүүгдэгчид оногдуулах ял, эрүүгийн хариуцлагын талаар: гэх хэсэгт “...хохирогчид хохирол төлбөрийг төлж барагдуулаагүй зэргийг харгалзан нийтэд тустай ажил хийлгэх ял оногдуулж шийдвэрлэв” гэжээ. Гэтэл шүүгдэгч Ц.Аийн тухайд түүний нас, ажил эрхлэлт, бодит хохирлыг мөрдөн шалгах ажиллагааны явцад шууд хохирогчид төлж байсан болон хуульд заасан хөнгөрүүлэн үзэх нөхцөл байдлууд зэргийг харгалзан үзэх учиртай билээ. Энэхүү шийтгэх тогтоолын хувьд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5, 6.6 дугаар зүйлүүдэд заасан нөхцөл байдлуудыг дүгнээгүй нь шийтгэх тогтоолд тавигдах шаардлагыг хангахгүй буюу Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хууль ноцтой зөрчих гэдэгт хамаарна.

Эцэст нь хэлэхэд анхан шатны шүүхийн шийдвэр нь хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх шаардлагад нийцээгүй, мөн Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.6 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1-д “дүгнэлт нь шүүх хуралдаанаар хэлэлцсэн нотлох баримтаар нотлогдохгүй байвал”, 39.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1-д заасан “шүүх хэрэглэвэл зохих хуулийг хэрэглээгүй”, 39.8 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.6-д заасан “шүүхийн шийдвэр нь энэ хуулийн 36.2, 36.6, 36.7, 36.8, 36.9 дүгээр зүйлд заасан шаардлагыг хангаагүй” гэх үндэслэлүүдэд хамаарч байна. Иймд Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2023 оны 9 дүгээр сарын 26-ны өдрийн 976 дугаар шийтгэх тогтоолын 5 дахь заалтыг хүчингүй болгож, түүнтэй уялдуулан 2, 3, 4 дэх заалтуудад өөрчлөлт оруулж буюу ялын төрөл хэмжээг өөрчлөн, шүүгдэгч Ц.Ат оногдуулах эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлж өгнө үү...” гэв.

Хохирогч Д.Ц-ын өмгөөлөгч Х.Даваахүү тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “...Миний үйлчлүүлэгч Д.Цнь тухайн үед Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийг зөрчиж, ямар нэгэн буруутай үйлдэл хийгээгүй. Өөрөөр хэлбэл, тухайн осол гарахад хохирогчийн буруутай үйлдэл огт байхгүй. Шүүгдэгч Ц.А нь хохирогчийг явган хүний гарцан дээр явж байхад мөргөж, түүний эрүүл мэндэд хүндэвтэр гэмтэл учирсан. Миний үйлчлүүлэгчийн зүгээс сэтгэл санааны хохирол нэхэмжилсэн. Үүний дагуу анхан шатны шүүх хохирогчийн сэтгэцэд учирсан гэм хорыг Хууль зүй, дотоод хэргийн сайд, Эрүүл мэндийн сайдын 2023 оны 07 дугаар сарын 31-ний өдрийн А/268, А/275 дугаар хамтарсан тушаалын 2 дугаар хавсралтаар баталсан Тухайлсан гэмт хэргийн улмаас хүний сэтгэцэд учирсан хор уршгийн зэрэглэлийг тогтоох хүснэгтийин дагуу сэтгэцэд учирсан гэм хорын хорын зэрэглэлийн 3 дугаар зэрэглэлд хамааруулж гаргасан. Гэмт хэргийн улмаас хүний сэтгэцэд учирсан хор уршгийн зэрэглэлийг тогтоож, дүгнэлт гаргах журмын 2.1 дэх хэсэгт “...энэхүү тушаалын 2 дугаар хавсралтаар баталсан "Тухайлсан гэмт хэргийн улмаас хүний сэтгэцэд учирсан хор уршгийн зэрэглэлийг тогтоох хүснэгт"-ээр (цаашид "хүснэгт" гэх) шүүх шинжилгээний байгууллага дараах гэмт хэргийн хохирогчийн сэтгэцэд учирсан хор уршгийн зэрэглэлийг тогтоох бөгөөд шинжээчийн дүгнэлттэй адилтган үзнэ” гэж зохицуулсан. Сэтгэцийн эмгэгийн гуравдугаар зэрэглэлийн нөхөн төлбөрийн хэмжээг хөдөлмөрийн хөлсний доод хэмжээг 13 дахин нэмэгдүүлснээс 22,99 дахин нэмэгдүүлсэнтэй тэнцэх хүртэл хувьчлан тооцно гэж зохицуулсан. Анхан шатны шүүх хуралдаанд хохирогчид учирсан гэмтлийн нөхөн төлбөрийг гаргуулахаар гаргаж өгсөн баримтад хохирогчийн хөлний 2 яс нь зөрчихсөн бороолоогүй байгааг нотлох гэрэл зураг байгаа. Мөн эмнэлгийн комиссын актад “Д.Цнь 12 сарын дараа хэвийн байдалд орж, хөл дээрээ гишгэх боломжтой. Одоогийн байдлаар хөлний яс бороолоогүй” гэж дурдсан. Мөн хохирогч Д.Цнь нийгмийн даатгалын сангаас өндөр насны тэтгэвэрийн мөнгө авдаг бөгөөд хөдөлмөрийн чадвар алдалтын тэтгэмж нь тэтгэврийн мөнгөнөөс бага учраас хөдөлмөрийн чадвар алдалт /групп/ тогтоолгоогүй. Анхан шатны шүүх хохирогчийн сэтгэцэд учирсан хор уршгийг одоо мөрдөж байгаа, хүчин төгөлдөр хууль, журам, тогтоолын дагуу шийдвэрлэсэн. Мөн хохирогч Д.Цнь 1 сард 2.500.000 төгрөгийн орлого олдог талаар баримт хэрэгт авагдсан. Иймд анхан шатны шүүх шүүгдэгч Ц.Ааас 20.144.500 төгрөг гаргуулж, хохирогч Д.Ц-т олгож шийдвэрлэсэн нь хууль зүйн үндэслэлтэй. Мөн анхан шатны шүүхийн шатанд шүүгдэгчээс “хохирол төлөх завсарлага авах уу” гэхэд аваагүй. Шүүгдэгч Ц.А хохирогчид учирсан хохирол, төлбөр, гэм хорыг арилгаагүй тул түүнд торгох ял оногдуулах нь зохимжгүй. Анхан шатны шүүхээс шүүгдэгчид оногдуулсан эрүүгийн хариуцлага нь түүний үйлдсэн гэмт хэрэгт тохирсон. Иймд анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолыг хэвээр үлдээж өгнө үү...” гэв. 

Прокурор Ч.Батбаатар тус шүүх хуралдаанд гаргасан дүгнэлтдээ: “...Мөрдөн шалгах ажиллагааны шатанд хохирогч Д.Ц-ын зүгээс сэтгэцэд учирсан хохирлын асуудлаар шинжээч томилж, дүгнэлт гаргуулахаар хүсэлт гаргааагүй учраас шинжээч томилж, дүгнэлт гараагүй. Үүнийг хохирогч Д.Ц хүлээн зөвшөөрсөн. Анхан шатны шүүхээс хохирогч Д.Ц-ын сэтгэцэд учирсан хор уршгийн нөхөн төлбөрийг Монгол Улсын Дээд шүүхийн нийт шүүгчийн хуралдааны 2023 оны 7 дугаар сарын 3-ны өдрийн 25 дугаар тогтоолын Хүний сэтгэцэд учирсан хор уршгийг арилгах, нөхөн төлүүлэх төлбөрийн жишиг аргачлалын дагуу тооцож гаргасан. Хэрэв хохирогчийн зүгээс сэтгэцэд учирсан хохиролтой холбоотойгоор шинжээчийн дүгнэлт гаргуулахаар хүсэлт гаргасан тохиолдолд мөрдөн шалгах ажиллагааны шатанд шинжээч томилж, дүгнэлт гаргуулах байсан. Анхан шатны шүүхийн шийтгэх тогтоол хуульд нийцсэн. Иймд анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолыг хэвээр үлдээх саналтай байна...” гэв. 

                                             ТОДОРХОЙЛОХ нь:  

Давж заалдах шатны шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.1 дүгээр зүйлийн 1, 3 дахь хэсэгт заасны дагуу хэргийг хянан шийдвэрлэхдээ анхан шатны шүүхийн шийтгэх тогтоол хууль ёсны ба үндэслэлтэй болсон эсэхийг давж заалдах гомдолд заасан үндэслэлээр хязгаарлахгүйгээр хэрэгт цугларсан нотлох баримтуудад үндэслэж, хэргийн бүх ажиллагаа, шийдвэрийг бүхэлд нь хянаж үзэв.

Шүүгдэгч Ц.Ат холбогдох 2303003930344 дугаартай хэргийн үйл баримтын талаар хийсэн анхан шатны шүүхийн дүгнэлт үндэслэлтэй, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих байдлуудыг мөрдөн шалгах ажиллагаагаар хангалттай шалгаж тодруулсан, мөрдөн шалгах ажиллагааны үед болон шүүхээр хэрэг хянан шийдвэрлэх явцад оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрхийг хасаж хязгаарласан, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн ноцтой зөрчил тогтоогдсонгүй.    

Шүүгдэгч Ц.А нь 2023 оны 6 дугаар сарын 5-ны өдөр Тоуоtа prius-20 маркийн 0000 УУУулсын дугаартай тээврийн хэрэгслийг жолоодон замын хөдөлгөөнд оролцохдоо Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн 16.1-д “Явган хүний зохицуулдаггүй гарц руу ойртон ирсэн жолооч хурдаа хасаж, уг гарцаар гарч байгаа болон гарахаар завдаж байгаа явган зорчигчид зогсож зам тавьж өгнө.” гэснийг зөрчсөний улмаас Сүхбаатар дүүргийн 4 дүгээр хороо, Улсын их дэлгүүрийн урд “Хаан бууз” хоолны газрын зүүн замд явган хүний гарцаар зам нэвтэрч гарч байсан явган зорчигч Д.Ц-ыг  мөргөж, эрүүл мэндэд нь хүндэвтэр хохирол учруулсан болох нь:

гарцан дээр явган зорчигч Д.Ц-ыг  мөргөж гэмтэл учруулсан үйл явдал болсонг тэмдэглэсэн хэргийн газарт үзлэг хийсэн тэмдэглэл, зам тээврийн осол, хэргийн үзлэгээр тогтоосон байдал, осол хэрэг гарсан газар дээр хийсэн хэмжилтийн бүдүүвч зураглал, үзлэгийн явцад бэхжүүлж авсан гэрэл зургийн үзүүлэлт /хх-ийн 4-10/,

хохирогч Д.Ц-ын: “...Улсын их дэлгүүр орох гээд “Хаан бууз” хоолны газрын зүүн талын явган хүний гарцаар гарах гээд ертөнцийн зүгээр баруунаас зүүн чиглэлтэй гарч байхад нэг машин ирээд зүүн талын гуя хэсэг рүү хүчтэй мөргөсөн. Тэгээд нэг мэдсэн чинь газарт унасан байсан, мөргөгдөх үед ухаан балартсан, босох гэтэл хөл хөдлөхгүй босож чадахгүй байсан. ...” /хх-ийн 13/ гэх мэдүүлэг,

Шүүх шинжилгээний ерөнхий газрын шинжээчийн 7379 дугаар: “...Д.Ц-ын биед зүүн дунд чөмөг ясны ташуу зөрөөтэй хугарал гэмтэл тогтоогдлоо. Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн үйлчлэлээр хэрэг болсон гэх үед үүссэн байх боломжтой. Гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.3.1-д зааснаар эрүүл мэндийг удаан хугацаагаар сарниулах тул гэмтлийн хүндэвтэр зэрэгт хамаарна. Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадварыг тогтонги алдагдуулахгүй...” гэх дүгнэлт /хх-ийн 67-68/,  

Автотээврийн үндэсний төвийн Баянзүрх техникийн хяналтын үзлэгийн төвийн шинжээчийн дүгнэлт /хх-ийн 75-78/,  

мөрдөгчийн 2023 оны 7 дугаар сарын 24-ний өдрийн 742 дугаар магадлагаа /хх-ийн 83/ зэрэг мөрдөн байцаалтын явцад хуульд заасан үндэслэл журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн, шүүхийн хэлэлцүүлгээр хянан хэлэлцсэн нотлох баримтуудаар нотлогджээ.

 Хавтаст хэрэгт авагдсан нотлох баримтууд нь хуульд заасан үндэслэл, журмын дагуу цуглуулж, бэхжүүлэгдсэн, хоорондоо зөрүүгүй, гэмт хэргийн үйл баримтыг нотолж чадсан байх ба анхан шатны шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 1.7 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт “Шүүх хэргийн бодит байдлыг талуудын мэтгэлцээний үндсэн дээр тогтооно” гэж заасны дагуу шүүх хуралдааны мэтгэлцээнд тэгш эрхтэй оролцох эрх бүхий яллах болон өмгөөлөх талуудыг оролцуулан, тэдний тайлбар, дүгнэлт, шинжлэн судалсан бичгийн нотлох баримтуудад үндэслэн хууль зүйн дүгнэлт хийсэн байна.

Шүүгдэгч Ц.Аийн тээврийн хэрэгслийг жолоодон замын хөдөлгөөнд оролцохдоо Замын хөдөлгөөний дүрмийн 16.1-д “Явган хүний зохицуулдаггүй гарц руу ойртон ирсэн жолооч хурдаа хасаж, уг гарцаар гарч байгаа болон гарахаар завдаж байгаа явган зорчигчид зогсож зам тавьж өгнө.” гэснийг зөрчиж явган зорчигч Д.Ц-ыг  мөргөж, эрүүл мэндэд нь хүндэвтэр хохирол учруулсан үйлдэл нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлд заасан “Автотээврийн хэрэгслийн хөдөлгөөний аюулгүй байдал, ашиглалтын журам зөрчих” гэмт хэргийн 1 дэх хэсэгт заасан ...Автотээврийн хэрэгслийн жолооч хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний актыг зөрчсөний улмаас хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол учруулсан...” гэсэн шинжийг бүрэн агуулсан байна.

Анхан шатны шүүхийн хэргийн талаар хийсэн дүгнэлтийг хэргийн бодит байдалтай нийцсэн, шүүх Эрүүгийн хуулийг зөв хэрэглэн Ц.Аийн үйлдсэн хэргийг зүйлчилж, ял оногдуулсан байна гэж дүгнэв.

Шүүх Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “...дөрвөн зуун тавин нэгжээс таван мянга дөрвөн зуун нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгох, эсхүл хоёр зуун дөчин цагаас долоон зуун хорин цаг хүртэл хугацаагаар нийтэд тустай ажил хийлгэх, эсхүл нэг сараас нэг жил хүртэл хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах ял...”-уудаас Ц.Аийн хувийн байдал, гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, учруулсан хохирол, хор уршгийн хэр хэмжээг харгалзан түүнд нийтэд тустай ажил хийлгэх ялыг сонгон 300 цагийн хугацаагаар оногдуулсан нь түүний үйлдсэн гэмт хэргийн нийгмийн аюулын шинж, гэм бурууд нь тохирсон байх тул шүүгдэгчийн өмгөөлөгч Д.Чинзоригийн гаргасан давж заалдах гомдлын “...ялын төрөл хэмжээг өөрчлөн хөнгөрүүлж өгнө үү...” гэсэн хэсгийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэлээ.

Анхан шатны шүүхийн хохирогч Д.Ц-ын эмчилгээний төлбөрийг шүүгдэгч Ц.А төлж барагдуулсан гэсэн дүгнэлт үндэслэлтэй байна.

Харин, хавтаст хэрэгт авагдсан хохирогч Д.Ц-ын Хаан банк дахь дансны хуулга /хх-34-37/, 2022 оны 9 дүгээр сарын 01-ний өдөр Номин Их дэлгүүр ХХК-тай хийсэн Худалдааны хамтран ажиллах гэрээ /хх-29-30/ зэргийг үндэслэн хохирогч Д.Ц-ын осолд орж гэмтэл авснаас хойшхи 3 сарын хугацаан дахь ажил эрхлэлт, цалингийн орлогыг нэг сарын 2,500,000 төгрөгөөр тооцож нийт 7,500,000 төгрөгөөр тогтоож шийдвэрлэсэн нь үндэслэл бүхий болоогүй байна. Учир нь, хохирогч Д.Цнь өөрийн хийсэн арьсан эдлэлийг дэлгүүрт борлуулсны үнийг орлого гэж нэхэмжилсэн ба тухайн бүтээгдэхүүнийг бэлэн болгох хүртэлх зарлагыг хасаж, орлого нь гарна. Мөн Д.Ц-ын ХААН банкны 0000000000 дансанд нь барааны төлбөр утгатайгаар хэд хэдэн данснаас хийгдсэн орлого бүрийг Д.Ц-ын “Номин Их дэлгүүр” ХХК-тай байгуулсан гэрээний дагуу хийгдсэн орлого гэж үзэх үндэслэлгүй юм.

Шүүхийн шинжилгээний байгууллага[1] нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлд заасан “Автотээврийн хэрэгслийн хөдөлгөөний аюулгүй байдал, ашиглалтын журам зөрчих” гэмт хэргийн хохирогч Д.Ц-ын сэтгэцэд учирсан хор уршгийг тогтоогоогүй байхад түүний бие махбодид учирсан хүндэвтэр гэмтлийн зэргээр сэтгэцийн гуравдугаар зэрэглэлийн хор уршиг учирсан гэж дүгнэсэн нь үндэслэлгүй.

Сэтгэл санааны хохирол нэхэмжилснийг хохирогчийн сэтгэцэд учирсан гэм хор гэж үзэхгүй.  Энэ талаар, Монгол Улсын Дээд шүүх  “...“Сэтгэцэд учирсан хор уршиг” гэдэгт гэмт хэргийн хохирогч гэмтлийн улмаас мэдэрч буй өвдөлт, зовуурь, шаналал, түүнчлэн гэмт хэргийн улмаас амьдралын баяр баясалгүй болох, нийгмийн байр сууриа алдах, бусадтай хэвийн харилцах чадваргүй болох, хувийн зан байдал нь сөргөөр өөрчлөгдөх зэргээр амьдралын чанар муудсаны улмаас сэтгэцийн эмгэгтэй болохыг ойлгоно.[2], “Сэтгэцийн эмгэг” гэдгийг Сэтгэцийн эрүүл мэндийн тухай хуулийн 3 дугаар зүйлийн 3.1 1-д зааснаар ойлгоно. Сэтгэцийн эмгэг учирсан нь хор уршгийг арилгах үндэслэл болно.[3]...” гэж тодорхой тайлбарласан.

Хохирогч Д.Цнь сэтгэл санаандаа болон эд хөрөнгөндөө учирсан хохирол, хор уршгийн талаарх нотлох баримтаа бүрдүүлэн иргэний журмаар Ц.Ааас нэхэмжлэх эрх нь нээлттэй юм.

Иймд хохирол, хор уршгийг шийтгэх тогтоолоор буруу шийдвэрлэсэн гэсэн шүүгдэгчийн өмгөөлөгч Д.Чинзоригийн давж заалдах гомдлыг хангаж, шийтгэх тогтоолын тогтоох хэсгийг 5 дахь заалтыг хүчингүй болгосон өөрчлөлтийг оруулахаар давж заалдах шатны шүүх шийдвэрлэлээ.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.1, 1.4-т заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2023 оны 9 дүгээр сарын 26-ны өдрийн 2023/ШЦТ/976 дугаар шийтгэх тогтоолын тогтоох хэсгийн 5 дахь заалтыг хүчингүй болгож, бусад заалтуудыг хэвээр үлдээсүгэй. 

2. Шүүгдэгчийн өмгөөлөгч Д.Чинзоригийн гаргасан давж заалдах гомдлын “...ялын төрөл хэмжээг өөрчлөн хөнгөрүүлж өгнө үү...” гэсэн хэсгийг хэрэгсэхгүй болгосугай.

3. Анхан болон давж заалдах шатны шүүхийн хууль хэрэглээний зөрүүг арилгах, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, хуулийг Улсын дээд шүүхийн тогтоол, тайлбараас өөрөөр хэрэглэсэн, эрх зүйн шинэ ойлголт, эсхүл хууль хэрэглээг тогтооход зарчмын хувьд нийтлэг ач холбогдолтой гэж үзвэл энэхүү магадлалыг гардуулсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хэргийн оролцогч хяналтын журмаар гомдол, эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурдсугай.

 

 

 

              ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                Ш.БАТ-ЭРДЭНЭ

              ШҮҮГЧ                                                        Ж.ЭРДЭНЭЧИМЭГ

              ШҮҮГЧ                                                        Д.ОЧМАНДАХ

 

[1] Хууль зүй, дотоод хэргийн сайд, Эрүүл мэндийн сайдын 2023 оны 07 дугаар сарын 31-ний өдрийн  А/268, А/275 дугаар хамтарсан “Гэмт хэргийн улмаас хүний сэтгэцэд учирсан хор уршгийн зэрэглэлийг тогтоож, дүгнэлт гарах журам” тушаалын 2.1 дэх хэсэг

[2] 2023 оны 7 дугаар сарын 3-ны өдрийн  25 дугаар Монгол Улсын Дээд шүүхийн  нийт шүүгчийн хуралдааны тогтоол “Хүний сэтгэцэд учирсан хор уршгийг арилгах, нөхөн төлүүлэх төлбөрийн жишиг аргачлал” 2.1 дэх хэсэг.

[3] 2023 оны 7 дугаар сарын 3-ны өдрийн  25 дугаар Монгол Улсын Дээд шүүхийн  нийт шүүгчийн хуралдааны тогтоол “Хүний сэтгэцэд учирсан хор уршгийг арилгах, нөхөн төлүүлэх төлбөрийн жишиг аргачлал” 2.2 дахь хэсэг.