Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2021 оны 03 сарын 05 өдөр

Дугаар 210/МА2021/00436

 

 

 

 

 

 

 

 

 

Л.Багийн нэхэмжлэлтэй

иргэний хэргийн тухай

 

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч Г.Даваадорж даргалж, шүүгч Ш.Оюунханд, Э.Золзаяа нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн иргэний хэргийн шүүх хуралдаанаар

 

Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2021 оны 01 дүгээр сарын 13-ны өдрийн 102/ШШ2021/00085 дугаар шийдвэртэй,

Л.Багийн нэхэмжлэлтэй Д.Тгад холбогдох, зээлийн гэрээний үүрэгт 16 185 000 төгрөг гаргуулах тухай иргэний хэргийг

Нэхэмжлэгчийн гаргасан давж заалдах гомдлыг үндэслэн шүүгч Э.Золзаяагийн илтгэснээр хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд: нэхэмжлэгч Л.Ба, түүний өмгөөлөгч Б.Энхтуяа /зүүм/, хариуцагч Д.Тг шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Буянхишиг нар оролцов.

 

Нэхэмжлэгч шүүхэд гаргасан нэхэмжлэл болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Би Д.Тгт 2019 оны 06 дугаар сарын 18-ны өдөр зээлийн гэрээ байгуулж, 6 500 000 төгрөгийг 6 хувийн хүүтэй, 6 сарын хугацаатай зээлдүүлсэн. Зээлийн гэрээндээ алданги тооцохоор тусгасан. Гэрээний хугацаа 2019 оны 12 дугаар сарын 18-ны өдөр дуусаж, 2020 оны 06 дугаар сарын 18-ны өдөр хүртэл сунгасан ба хүүг 5 хувь болгож өөрчилсөн.

Иймд үндсэн зээл 6 500 000 төгрөг, 6 сарын зээлийн хүү 2 340 000 төгрөг, зээлийн гэрээг сунгасан хугацааны хүү нийт 1 950 000 төгрөг, алдангийг төлөгдөөгүй үнийн дүнгийн 50 хувиас тооцож 5 395 000 төгрөг болно. Зээлийг эхний 6 сар хүүг 6 хувиар, дараагийн 6 сар хүүг 5 хувиар тооцсон. Иймд нийт үндсэн зээл, хүү, алданги 16 185 000 төгрөгийг Д.Тгаас гаргуулж өгнө үү гэжээ.

 

Хариуцагч шүүхэд гаргасан тайлбар болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: 2019 оны 06 сард Л.Ба “Та мөнгө зээлнэ гэсэн үү, танд мөнгө зээлье, гэрээ хийе” гээд уранхай цаасан дээр юм бичүүлээд гарын үсэг зуруулаад явсан. Тухайн гэрээнд алданги нь их өндөр, хүү нь 6 хувь гэж бичсэн байхаар нь хүү, алданги өндөр байна гээд зөвшөөрөөгүй. Тэр үед би өмнөх зээлээ төлөөд сууж байсан.

Надад ямар ч гэрээ өгөөгүй, дараа нь гэнэт би Америк явахаар боллоо, та энд гарын үсэг зур гээд зуруулсан. 2020 оны 04 дүгээр сарын 20-ны өдөр бас ирээд та энд гарын үсэг зурчих, өмнөх нь ноорог байсан гэж хэлдэг. Надаар 5, 6 удаа гарын үсэг зуруулж байсан боловч надад баримт өгөөгүй. Өмнөх зээлээ тэтгэвэр аваад төлж байсан. Урьд нь 5 000 000 төгрөг аваад 7 500 000 төгрөг болгож төлсөн.

Энэ нэхэмжлээд байгаа 6 500 000 төгрөг эргэлзээтэй, би энэ мөнгийг аваагүй. Тухайн үед 5 000 000 төгрөгийг авна гэж ярилцаж байсан боловч “та надад өртэй, 200 000 төгрөгөөр зах дээрээс юм авахуулсан, болор эдлэлийн үнэ” гэж нэмсээр байгаад 6 500 000 төгрөг болсон. 2019 оны 08 сард гэрээ хийснийг санаж байна гэхэд 08 сар гэснийг нь 06 сар болгоод 2020 оны 04 сарын 20-ны өдөр гарын үсэг зурсан. Би Л.Багийн хүссэн болгон дээр нь гарын үсэг зурдаг, хэдэн гэрээ дээр гарын үсэг зурснаа мэдэхгүй байна. Надад ямар ч мөнгө орж ирээгүй, би тэр мөнгийг хэрэглээгүй. Нэхэмжлэлийн шаардлагыг зөвшөөрөхгүй гэжээ.

 

Шүүх: Иргэний хуулийн 281 дүгээр зүйлийн 281.1, 232 дугаар зүйлийн 232.8 дахь заалтыг баримтлан хариуцагч Д.Тгаас зээлийн гэрээний үүрэгт 10 500 000 төгрөг гаргуулж, нэхэмжлэгч Л.Бад олгож, нэхэмжлэлийн шаардлагаас үлдэх 5 685 000 төгрөг гаргуулах хэсгийг хэрэгсэхгүй болгож,

Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 60 дугаар зүйлийн 60.1, 56 дугаар зүйлийн 56.2 дахь заалтыг баримтлан нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 241 800 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч Д.Тгаас улсын тэмдэгтийн хураамжид 182 950 төгрөг гаргуулж, нэхэмжлэгч Л.Бад олгож шийдвэрлэжээ.

 

Нэхэмжлэгч давж заалдах шатны шүүхэд гаргасан гомдолдоо: Би Д.Тгт зээлийн гэрээгээр 6 500 000 төгрөгийг 6 хувийн хүүтэй 6 сарын хугацаатайгаар зээлүүлсэн боловч нэг ч төлөлт хийгээгүй. Д.Тгийн хүсэлтээр гэрээг дахин 6 сараар сунгахдаа  зээлийн хүүг бууруулж 5 хувь болгосон төлөөгүй. Анхан шатны шүүхэд Д.Тгаас гэрээ болон хуулийн дагуу үндсэн зээл, зээлийн хүү, алдангийн хамт нийт 16 135 000 төгрөгийг нэхэмжилсэн.

Гэтэл анхан шатны шүүх нэхэмжлэлийн шаардлагыг үндэслэлтэй байна гэж үзэн үндсэн зээл 6 500 000 төгрөг, зээлийн хүү 3 900 000 төгрөг, алданги 4 524 000 төгрөг нийт 14 924 000 төгрөг гаргуулах боломжтой гэж дүгнэсэн атлаа хариуцагч Д.Тунгалгын худал тайлбар мэдүүлэгт хөтлөгдөж ямар ч нотлох баримтгүйгээр нэхэмжлэлийн үнийн дүнг багасгаж шийдвэрлэсэн.

Д.Тг нь хувиараа бизнес эрхэлдэггүй Ковид-19 цар тахлаас болж бизнес орлого нь зогсож хязгаарлагдсан зүйл байхгүй, харин ч Баянзүрх дүүргийн 26 дугаар хорооны Дүнжингарав хорооллын "Шэ" Сууц Өмчлөгчдийн холбооны гүйцэтгэх захирлаар ажилладаг тогтмол өндөр цалин орлоготой байхад анхан шатны шүүх Ковид-19 цар тахалтай холбож анзын хэмжээ илтэд их гэж үзэн алдангийг хасаж тооцсонд гомдолтой байна. Шүүх ямар үндэслэлээр анзын хэмжээг илтэд их гэж үзэж дүгнэснээ шийдвэртээ тусгаагүй.

Иймд анхан шатны шүүхийн шийдвэрт өөрчлөлт оруулж үндсэн зээл болон зээлийн хүү, алдангийг тооцон гаргуулж өгнө үү гэжээ.

 

ХЯНАВАЛ:

 

Анхан шатны шүүхийн шийдвэр Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 116 дугаар зүйлийн 116.2 дахь хэсэгт заасан хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх шаардлагыг хангасан, шүүх хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам зөрчөөгүй байна.

 

Нэхэмжлэгч Л.Ба хариуцагч Д.Тгт холбогдуулан зээлийн гэрээний үүрэгт үндсэн зээл 6 500 000 төгрөг, зээлийн хүүнд 4 290 000 төгрөг, алдангид 5 395 000 төгрөг, нийт 16 185 000 төгрөг гаргуулахаар нэхэмжлэл гаргасныг хариуцагч эс зөвшөөрч маргажээ.

 

Л.Ба, Д.Тг нар 2019 оны 06 дугаар сарын 18-ны өдөр зээлийн гэрээ байгуулж, уг гэрээгээр зээлдүүлэгч Л.Ба нь 6 500 000 төгрөгийг зээлдэгч Д.Тгт шилжүүлэх, зээлдэгч нь уг мөнгөн хөрөнгийн буцаан төлөх үүргийг тус тус хүлээжээ.

 

 Зээлдэгч Л.Ба 6 500 000 төгрөгийг Д.Тгт шилжүүлсэн болох нь Д.Тгийн хүү н.Билгүүний эзэмшлийн, “А” ХХК дахь 452540942 тоот дансанд шилжүүсэн “Ы” ХХК-ийн төлбөрийн баримт болон Д.Тгийн зээлийн гэрээний ард “н.Бэлгүүний дансаар шилжүүлж авсан” гэх бичвэрээр тогтоогдож байна. Иймд анхан шатны шүүх талуудын хооронд Иргэний хуулийн 281 дүгээр зүйлийн 281.1 дэх хэсэгт заасан зээлийн гэрээний харилцаа үүссэн гэж зөв дүгнэжээ. /хх4/

 

Зээлийн хүүг гэрээний 2-т “сар бүр 6 хувийн хүү төлнө” гэж тодорхойлсон боловч Д.Тг “зээлийг 5-6 хувийн хүүтэй авсан” гэх бичилтийг зээлийн гэрээний ар талын хуудсанд тэмдэглэснийг үндэслэж анхан шатны шүүх зээлийн хүүг сарын 5 хувиар тооцсоныг буруутгах боломжгүй.

 

Д.Тг нь 2019 оны 12 дугаар сарын 18-ны өдөр “2019 оны 12 дугаар сарын 18-ны өдрөөс 2020 оны 06 дугаар сарын 18-ны өдөр хүртэл хүүг 5 хувь /сар бүрээр/ гэрээг сунгаж өгнө үү” гэж бичиж, талууд гэрээний сунгалт хэсэгт “2020 оны 06 дугаар сарын 18-ны өдөр хүртэл зээлийн гэрээний үндсэн нөхцөлтэй сунгав” гэж тохиролцож гарын үсэг зурсан байх тул талууд зээлийн гэрээг 2019 оны 06 дугаар сарын 18-ны өдрөөс 2020 оны 06 дугаар сарын 18-ны өдрийн хүртэл буюу 12 сарын хугацаатай байгуулсан гэж дүгнэнэ.

 

Иймд анхан шатны шүүх Д.Тгаас зээлийн гэрээний үүрэгт үндсэн зээл 6 500 000 төгрөг, зээлийн хүү 3 900 000 /6 500 000 * 5% = 325 000 * 12 сар/ төгрөгийг гаргуулж Л.Бад олгож шийдвэрлэсэн нь зөв болжээ.

 

Талууд зээлийн гэрээний 5-д “гэрээнд заасан хугацаанд зээлийг хүүгийн хамт талаагүй тохиолдолд хугацаа хэтэрсэн хоног тутамд төлөөгүй үлдсэн мөнгөний үнийн дүнгийн 0.5 хувиар бодож алдангийг зээл өгөгчид төлөх үүрэгтэй” гэж тохиролцсон нь Иргэний хуулийн 232 дугаар зүйлийн 232.6 дахь хэсэгт заасан алдангийн тодорхойлолттой нийцсэн байна.

 

Ковид-19 цар тахалтай холбоотой иргэдийн орлого олох боломж хязгаарлагдсан нөхцөл байдлыг харгалзаж анхан шатны шүүх алдангийг 100 000 төгрөгөөр тодорхойлохдоо Иргэний хуулийн 232 дугаар зүйлийн 232.8 дахь хэсэгт “анзын хэмжээ илт их байвал хэргийн нөхцөл байдлыг харгалзан шүүх түүнийг багасгаж болно” гэж заасныг баримталсан нь зөв байна. Хариуцагчийн орлого тодорхойгүй тохиолдолд нэхэмжлэгчийн гомдолд дурдсан хариуцагчийн орлого буураагүй гэх үндэслэлийг хүлээж авах боломжгүй.

 

Дээр дурдсан үндэслэлээр анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээж, хариуцагч Д.Тгаас 10 500 000 төгрөгийг гаргуулж Л.Бад олгож, нэхэмжлэгчийн гаргасан давж заалдах гомдлыг хангахгүй орхих нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн дүгнэв.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.1-д заасныг удирдлага болгон ТОГТООХ НЬ:

 

1. Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2021 оны 01 дүгээр сарын 13-ны өдрийн 102/ШШ2021/00085 дугаар шийдвэрийг хэвээр үлдээж, нэхэмжлэгчийн гаргасан давж заалдах гомдлыг хангахгүй орхисугай.

 

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 162 дугаар зүйлийн 162.4 дэх хэсэгт зааснаар давж заалдах шатны шүүхэд нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 104 926 төгрөгийг улсын төсвийн орлогод үлдээсүгэй.

 

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 172 дугаар зүйлийн 172.1 дэх хэсэгт зааснаар зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч мөн зүйлийн 172.2 дахь хэсэгт заасан үндэслэлээр энэ хуулийн 167 дугаар зүйлд заасан магадлалд гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хяналтын журмаар гомдол гаргах эрхтэй.

 

4.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7 дахь хэсэгт зааснаар магадлалыг танилцуулан сонсгож, 7 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүх хуралдааны оролцогч талууд шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд магадлалыг гардуулснаар гомдол гаргах хугацаа тоолохыг дурдсугай.

 

 

 

                         ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                 Г.ДАВААДОРЖ

 

                                          ШҮҮГЧИД                                  Ш.ОЮУНХАНД

 

                                                                                             Э.ЗОЛЗАЯА