| Шүүх | Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Сэлэнгийн Батгэрэл |
| Хэргийн индекс | 186/2018/0058/Э |
| Дугаар | 89 |
| Огноо | 2018-01-22 |
| Зүйл хэсэг | 17.2.1., |
| Улсын яллагч | А.Нямсүрэн |
Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол
2018 оны 01 сарын 22 өдөр
Дугаар 89
Чингэлтэй дүүргийн шүүхийн эрүүгийн шүүх хуралдааныг шүүгч С.Батгэрэл даргалж,
нарийн бичгийн даргаар С.Сүхжаргал,
улсын яллагч А.Нямсүрэн,
өсвөр насны шүүгдэгч М.Н, түүний хууль ёсны төлөөлөгч Б.Энхцэцэг,
шүүгдэгч Ц.Б, тэдгээрийн өмгөөлөгч Г.Баярмаа /¹1814/ нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хаалттай хийсэн эрүүгийн шүүх хуралдаанаар тус дүүргийн прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар Ц.Бд, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 18.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар М.Нт тус тус яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн эрүүгийн 1711010900279 тоот эрүүгийн хэргийг 2017 оны 12 дугаар сарын 26-ны өдөр хүлээн авч шүүн хэлэлцэв.
Шүүгдэгч: Монгол улсын иргэн, 1997 оны 11 дүгээр сарын 08-ны өдөр Хэнтий аймагт төрсөн, эрэгтэй, 20 настай, бүрэн дунд боловсролтой, мэргэжилгүй, эрхэлсэн тодорхой ажилгүй, тоотод оршин суух хаягтай, улсаас авсан гавьяа шагналгүй, ял шийтгэлгүй, ухаан мэдрэл бүрэн, хэрэг хариуцах чадвартай, Т овогт Ц-ын Б /РД- /,
Өсвөр насны Шүүгдэгч: Монгол улсын иргэн, 2001 оны 4 дүгээр сарын 01-ний өдөр Хөвсгөл аймагт төрсөн, эрэгтэй, 16 настай, бүрэн бус дунд боловсролтой, мэргэжилгүй, эрхэлсэн тодорхой ажилгүй, тоотод оршин суух хаягтай, улсаас авсан гавьяа шагналгүй, ял шийтгэлгүй, ухаан мэдрэл бүрэн, хэрэг хариуцах чадвартай, Х овогтой М-ын Н /РД- /,
Холбогдсон хэргийн талаар: Ц.Б нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан, М.Н нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 18.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт тус тус холбогджээ.
ТОДОРХОЙЛОХ нь:
Гэм буруугийн талаар шүүхээс хийсэн дүгнэлт:
Шүүгдэгч Ц.Б нь 2017 оны 10 дугаар сарын 22-ны өдөр Чингэлтэй дүүргийн 11 дүгээр хорооны нутаг дэвсгэрт байрлах “Нуурын” 22 дугаар гудамжинд хохирогч Б.Аварзэдийг өөрийн өмчлөлийн “Айфоне-6” маркийн гар утсаар ярьж явахад нь илээр, хүч хэрэглэхгүйгээр, булааж хууль бусаар авч дээрэмдэн нийт 544.000 төгрөгний хохирол учруулсан,
Өсвөр насны шүүгдэгч М.Н нь 2017 оны 10 дугаар сарын 23-ны өдөр Ц.Бгийн "дээрэмдэх" гэмт хэрэг үйлдэж олсон “Айфоне-6” маркийн гар утас гэдгийг мэдсээр байж түүнтэй хамт барьцаат зээлийн газар барьцаанд тавьж нийт 380.000 төгрөгийг зээлэн авч, ашиглан мөнгө угаасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутай болох нь
шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч Ц.Б мэдүүлэхдээ: Мөрдөн байцаалтын шатанд бүгдийг үнэн зөв мэдүүлсэн. Нэмж мэдүүлэх зүйлгүй гэв.
шүүхийн хэлэлцүүлэгт өсвөр насны шүүгдэгч М.Н: Би Ц.Бгийн авч ирсэн гар утасыг цуг ломбарданд тавьж, мөнгийг нь үрэлцсэн гэв.
шүүгдэгч Ц.Бгийн мөрдөн байцаалтад өгсөн: “Би Чингэлтэй дүүргийн 11 дүгээр хороонд нийтийн байр түрээслэн суудаг байсан боловч энэ хэрэг болсноос хойш одоо өөрийнхөө Сонгинохайрхан дүүрэгт байх гэртээ очсон. Хэрэг гарсан өдөр буюу 2017 оны 10 дугаар сарын 22-ны өдөр би нийтийн байрандаа байж байсан бөгөөд орой 21.00 цагийн дэлгүүр орж тамхи авах гээд гарсан юм. Тэгээд гудамж уруудаад автобусны ТҮЦ орох гэж байтал Окей гэсэн зочид буудалтай гудамж руу нэг эмэгтэй утсаар яриад гудам өгсөөд алхсан. Миний хувьд ажилгүй, мөнгөний хэрэгцээ их байсан болохоор тэр үедээ утсыг нь булааж авах санаа төрсөн. Тэгээд тэр гудамж руу ороод араас нь дагаж байгаад хүн байхгүй болохоор араас нь очоод утсаар ярьж байхад гарнаас нь булаагаад зугтсан. Тэр хүн араас орилсон бөгөөд би эргэж харалгүй гудамж дээш өгсөөд нийтийн байр луугаа нөгөө талаар нь орсон. Надтай хамт Нямбар гэдэг хүүхэд хамт байр түрээсэлдэг бөгөөд би өрөөндөө ороод болсон зүйлийнхээ талаар хэлсэн чинь Нямбаяр уурлаад яаж байгаа юм гзэд байсан. Тэгэхээр нь би одоо өнгөрсөн хэрэг гээд бид хоёр 20-30 минутын нийтийн байрнаасаа гараад байнга ордог Тариан түрүү гэх дэлгүүрт орж идэж уух юм авах гээд нөгөө утсаа барьцаанд нь тавих гэтэл эзэн нь зөвшөөрөхгүй байсан.
Тэгэхээр нь эргэж нийтийн байрандаа ирээд бид хоёр маргааш нь 11.00 цаг болж байхад гараад Хүнсний 4-р дэлгүүрийн тэнд байдаг нэг ломбарданд 380,000 төгрөгөөр тавьсан. Тэгээд энэ мөнгөөрөө нийтийн байрны нэг сарын төлбөр болох 130.000 төгрөг төлөөд бусад мөнгөөр нь нийтийн байрандаа цагдаагийн байгууллагад баригдах хүртэлээ идэж уух юм аваад дуусгасан.” гэх мэдүүлэг /хх-ийн 51-52х/
өсвөр насны шүүгдэгч М.Нын мөрдөн байцаалтад өгсөн: “...Би Тэрэлжид хамт ажиллаж байсан. Батнаран гэх найзтайгаа хамт 2017 оны 9 дүгээр сарын 20-ны үед Чингэлтэй дүүргийн 11-р хороонд хоёулаа байр түрээслэж хамт байсан. Тэгээд би 2017 оны 10 дугаар сарын 22-ны өдөр хүртэл өөрийн ээж Б.Энхцэцэгийн ажиллаж байсан газар зөөгч хийж байсан. Тэгээд 2017 оны 10 дугаар сарын 22-ны өдрийн нилээн орой /цагийг нь санахгүй байна/ Батнаран дэлгүүр ороод зээлээр хэдэн юм аваад ирье гээд бараг 30 минутын дараа эргээд орж ирсэн ба нэг саарал өнгийн Iphоnе-6 маркийн гар утастай ирсэн. Тэгэхээр нь би юун утас юм бэ гэсэн чинь би хүнээс утсыг нь шүүрээд зугтаачихлаа гэхээр нь би ингэж болохгүй, одоо тэгээд яах юм, чиний өмнөөс санаа зовоод байна гэсэн. Батнаран одоо яахав дээ өнгөрсөн гэсэн.
Тэгээд Батнаран хоёулаа дэлгүүр орье гээд бид хоёр байнга ордог дэлгүүртээ ороод Батнаран эзэнд нь утсаа зээлээр идэх юманд тавьж болох уу гэсэн чинь тэр эгч болохгүй гэсэн. Дараа нь бид хоёр эргээд нийтийн байрандаа очиж хоноод маргааш нь нөгөө утсыг ломбарданд тавих гээд Хүнсний 4-р дэлгүүрийн тэр хавьд байдаг нэг ломбарданд очоод 380.000 төгрөгөөр тавьсан. Тэгээд Нарантуул-2 зах ороод хоол, хүнсний зүйл аваад 60.000 төгрөг үрсэн ба тэндээсээ эргээд нийтийн байрандаа очоод байрны төлбөрийг өгсөн. Надад мөнгө байгаагүй Батнаран л тооцоо хийгээд яваад байсан болохоор юунд хэдэн төгрөг зарцуулсан талаар сайн мэдэхгүй байна. Тэгээд бид хоёр цагдаад баригдах хүртэлээ тэр мөнгөөрөө идэж уух юм авч байсан.” гэх мэдүүлэг /хх-ийн 55-57х/
хохирогч Б.Аварзэдийн мөрдөн байцаалтад өгсөн: “...Би 2017 оны 10 дугаар сарын 22-ны өдөр орой 20 цаг өнгөрөөгөөд ажлаа тараад гэрлүүгээ харих гээд явж байсан. Манайх Чингэлтэй дүүргийн 11 дүгээр хороо Нуурын 23-29-3 тоотод байдаг юм. Автобусанаас буугаад гэрлүүгээ харих гээд гудамжруугаа ороод явж байсан чинь миний гар утас дугарсан. Тухайн үед манай ах надруу залгасан юм. Тэгээд би ахтайгаа утсаар ярьж дуусаад утсаа таслахын завдалгүй нэг эрэгтэй хүн миний гарнаас гар утасыг маань булгаад аваад зугтаасан. Тухайн үед би гэрлүүгээ харих гээд явж байсан гудамж маань харанхуй байсан. Тэгээд би араас нь орилоход тэр залуу тэр чигээрээ зугтаагаад яваад өгсөн. Намайг гудамжруу ороод алхаж байхад тэр залуу араас дагаж байсан юм шиг байсан. Тухайн үед нь миний ард хүн дагж яваж байсан талаар би анзаараагүй байсан. Тэр залуу гар утасыг маань булааж аваад зугтаасан...” гэх мэдүүлэг /хх-ийн 24-25х/
гэрч Т.Түмэндэмбэрэлийн мөрдөн байцаалтад өгсөн: “...Манай хүү Батнаран нь айлын 4 хүүхдийн 3 дэх хүүхэд бөгөөд одоо 20 настай доороо нэг дүүтэй. Бид нар хамт амьдардаг боловч хүү маань 2017 оны 10 дугаар сард ажил хийнэ гээд Тэрэлж рүү явсан. Би тухайн үед бас гэр оронд маань тус болох гээд байгаа юм байх гэж бодож байсан. Тэгээд өдөр болгон хүүтэйгээ ярьдаг байсан ба нэг амралтын газар зөөгч хийж байгаа гэж байсан...” гэх мэдүүлэг /хх-ийн 38-39х/
гэрч Б.Энхцэцэгийн мөрдөн байцаалтад өгсөн: “...Надад хүү маань айгаад болсон хэргийн талаар дэлгэрэнгүй хэлээгүй. Би ууг нь ямар шалтгаанаар цагдаад дуудагдаад байгаа шалтгаанаа хэлчих гэсэн боловч байцаагч таныг дуудаж байна лээ гээд надад хэлээгүй...” гэх мэдүүлэг /хх-ийн 40-41х/
эд зүйлийн үнэлгээ /хх-ийн 42-44х/, хэргийн газрын үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт /хх-ийн 9-12х/, камерын бичлэгт үзлэг хийсэн тэмдэглэл /хх-ийн 17-19х/, эд мөрийн баримтаар хураан авсан СиДи 1 ширхэг, хохиролын мөнгө хүлээлгэн өгсөн тэмдэглэл /хх-ийн 20х/ болон хавтас хэрэгт авагдсан бусад бичгийн нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдож байна.
Дээрхи нотлох баримтууд нь энэ хэрэгт хамааралтай, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан журмаар цуглуулж бэхжүүлсэн, хэргийг хянан шийдвэрлэхэд хангалттай гэж шүүх үнэлэв.
Шүүгдэгч Ц.Б нь амар хялбар аргаар мөнгө олох зорилгоор, хохирогч Б.Аварзэдийг оройн цагаар гудамжинд өөрийн өмчлөлийн гар утсаар ярьж явахад нь илээр, хүч хэрэглэхгүйгээр хохирогчийн гар утасыг булааж дээрэмдэн авсан гэмт үйлдэлд нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар, өсвөр насны шүүгдэгч М.Н нь Ц.Бг бусдаас дээрэмдэх гэмт үйлдлээр гар утас авсаныг мэдэсээр байж, уг гар утасыг нь барьцаат зээлийн газар барьцаалдан, зээлсэн мөнгийг нь Ц.Бтай хамт ашигласан гэмт үйлдэлд нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 18.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар Чингэлтэй дүүргийн прокурорын газраас тус тус холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүсэн нь хэргийн зүйлчлэл тохирсон, тэдгээрийг гэм буруутайд тооцож, ял шийтгэл оногдуулах үндэслэлтэй гэж шүүх дүгнэв.
Хохиролын талаар шүүхээс хийсэн дүгнэлт:
Хохирогч Б.Аварзэдэд нийт 544.000 төгрөгийг шүүгдэгч Ц.Б, өсвөр насны шүүгдэгч М.Н нарын зүгээс хүллэлгэн өгсөн тухай баримт хэрэгт авагдсан /хх-ийн 20х/, мөн түүний “...хохиролын мөнгөө хүлээн авсан тул ямар нэгэн гомдол санал байхгүй...” гэх мэдүүлэг /хх-ийн 84х/ зэргийг үндэслэн шүүгдэгч нарыг бусдад төлөх төлбөргүй гэж шүүх үзэв.
Эрүүгийн хариуцлага оногдуулах талаар шүүхээс хийсэн дүгнэлт:
Шүүгдэгч Ц.Бд ял шийтгэл оногдуулахдаа хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй бөгөөд анх удаа хөнгөн ангилалын гэмт хэрэг үйлдсэн, гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, гэмт хэрэг үйлдсэндээ гэмшиж буй байдал, бусдад учруулсан хохиролоо бүрэн төлж барагдуулсан байдал, хувийн байдал зэргийг нь харгалзан хорих ял оногдуулахгүйгээр тэнсэж шийдвэрлэв.
Өсвөр насны шүүгдэгч М.Нт ял шийтгэл оногдуулахдаа хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй бөгөөд анх удаа хөнгөн ангилалын гэмт хэрэг үйлдсэн, гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, гэмт хэрэг үйлдсэндээ гэмшиж буй байдал, бусдад учруулсан хохиролоо бүрэн төлж барагдуулсан байдал, түүний хууль ёсны төлөөлөгчийн санал, цаашид засарч хүмүүжих боломжтой, хувийн байдал зэргийг нь харгалзан тодорхой хугацаагаар хүмүүжлийн чанартай албадлагын арга хэмжээ авч засарч хүмүүжүүлэх үүргийг түүний төрсөн эх Б.Энхцэцэгт даалгаж шийдвэрлэв.
Бусад зүйл
Энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн камерийн бичлэг бүхий 1 ширхэг СиДи-г хэрэгт чухал ач холбогдолтой баримт байх тул тус хэрэгт үлдээх нь зүйтэй гэж үзэв.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2, 36.6, 36.7, 36.8, 36.10, 37.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт заасан зүйл заалтуудыг тус тус удирдлага болгон
ТОГТООХ нь:
1.Шүүгдэгч Т овогт Ц-ын Б бусдын эд хөрөнгийг илээр, хүч хэрэглэхгүйгээр, хууль бусаар авсан буюу Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд,
Өсвөр насны шүүгдэгч Х овогтой М-ын Н-ыг гэмт хэргийн улмаас олсон хөрөнгө гэдгийг мэдсээр байж ашигласан буюу Эрүүгийн хуулийн тусгай ангийн 18.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тус тус тооцсугай.
2. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан шүүгдэгч Ц.Бд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан хорих ял оногдуулахгүйгээр 1 /нэг/ жил 6 /зургаа/ сарын хугацаагаар тэнсэж, хяналт тавихыг Шийдвэр гүйцэтгэх албанд даалгаж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.3 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.5 дахь заалтад зааснаар оршин суух газар, ажил сургуулиа өөрчлөх, зорчин явахдаа хяналт тавьж буй байгууллагад урьдчилан мэдэгдэх үүрэг хүлээлгэсүгэй.
3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 8.7 дугаар зүйлийн 1,2,4 дэх хэсгүүдийг тус тус журамлан өсвөр насны шүүгдэгч М.Нт Эрүүгийн хуулийн тусгай ангийн 18.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан ял оногдуулахыг тэнсэж 1 /нэг/ жилийн хугацаанд хянан хүмүүжүүлэх үүргийг түүний төрсөн эх Б.Энхцэцэгт даалгаж, хяналт тавихыг Шийдвэр гүйцэтгэх албанд хариуцуулж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.3 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.5 дахь заалтад зааснаар оршин суух газар, ажил сургуулиа өөрчлөх, зорчин явахдаа хяналт тавьж буй байгууллагад урьдчилан мэдэгдэх үүрэг хүлээлгэсүгэй.
4. Шүүгдэгч Ц.Б нь 2 /хоёр/ хоног цагдан хоригдсон, өсвөр насны шүүгдэгч М.Н нар нь цагдан хоригдсон хоноггүй, Ц.Б, М.Н нар нь бусдад төлөх төлбөргүй, энэ хэрэгт битүүмжлэгдэн ирсэн хөрөнгөгүй болохыг тус тус дурдсугай.
5. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 21.5 дугаар зүйлийн 6 дахь хэсэгт зааснаар энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн СиДи 1 ширхэгийг хэрэгт нь үйлдээсүгэй.
6. Шүүхийн шийтгэх тогтоолыг улсын яллагч, шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн хууль ёсны төлөөлөгч, өмгөөлөгч өөрөө гардан авсанаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн Давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурдсугай.
7. Тогтоол танилцуулан сонсгосноор хүчинтэй болох бөгөөд тогтоолд давж заалдах гомдол, эсэргүүцэл гаргавал тогтоолын биелэлтийг түдгэлзүүлсүгэй.
ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ С.БАТГЭРЭЛ