Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2023 оны 11 сарын 07 өдөр

Дугаар 2023/ДШМ/1070

 

 

 

 

 

Н.Ш, Ж.У нарт

холбогдох эрүүгийн хэргийн тухай

 

Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч Ш.Бат-Эрдэнэ даргалж, шүүгч Ж.Эрдэнэчимэг, шүүгч Д.Очмандах нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанд:

прокурор Ч.Батбаатар,

шүүгдэгч Н.Ш, түүний өмгөөлөгч Ч.Загдсүрэн,

шүүгдэгч Ж.У, түүний өмгөөлөгч П.Алтанчимэг, Э.Батжаргал, Б.Тэнгис,

нарийн бичгийн дарга Х.Саранзаяа нарыг оролцуулан, 

Хан-Уул дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2023 оны 9 дүгээр сарын 6-ны өдрийн 2023/ШЦТ/577 дугаар шийтгэх тогтоолыг эс зөвшөөрч шүүгдэгч Ж.Уын өмгөөлөгч П.Алтанчимэг, шүүгдэгч Н.Ш, түүний өмгөөлөгч Ч.Загдсүрэн нар нь давж заалдах гомдол гаргасныг үндэслэн Н.Ш, Ж.У нарт холбогдох 2203002820406 дугаартай эрүүгийн хэргийг 2023 оны 10 дугаар сарын 31-ний өдөр хүлээн авч, шүүгч Д.Очмандахын илтгэснээр хянан хэлэлцэв.

тоотод оршин суух, ял шийтгэлгүй;

тоотод түр оршин суух, ял шийтгэлгүй;

Шүүгдэгч Н.Ш нь тээврийн хэрэгсэл жолоодох эрхгүй үедээ буюу 2022 оны 5 дугаар сарын 24-нөөс 25-нд шилжих шөнө 03 цаг 00 минутын үед Хан-Уул дүүргийн 6 дугаар хороо, “Шунхлай” шатахуун түгээх станцийн хойд замд “Hyundai Sonata-5” маркийн 0000 БББ улсын дугаартай тээврийн хэрэгслийг жолоодон замын хөдөлгөөнд оролцохдоо Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн 3.7-т заасан “Жолоочид дараахь зүйлийг хориглоно: а/ тухайн ангиллын тээврийн хэрэгслийг жолоодох эрхгүй үедээ тээврийн хэрэгсэл жолоодох", 3.4-т заасан “Жолооч дараахь үүргийг хүлээнэ: а/ энэ дүрмийн 4 дүгээр хавсралтад заасан эвдрэл, гэмтэл, техникийн зөрчилгүй байхаар тээврийн хэрэгслийнхээ бүрэн бүтэн байдлыг хангах”, энэ дүрмийн 4 дүгээр хавсралтын 5.2-т заасан “Хол, ойрын гэрлийн тусгалын тохиргоо алдагдсан”, мөн дүрмийн 12.2-т заасан “Харанхуй үед болон үзэгдэлт хангалтгүй нөхцөлд жолооч өөрийн үзэгдэх хүрээн дотор тээврийн хэрэгслээ зогсоох боломжтой хурдыг сонгож явна” гэсэн заалтуудыг тус тус зөрчсөний улмаас явган хүний гарцгүй хэсгээр зам хөндлөн гарч явсан явган зорчигч П.Цыг мөргөж, хүний амь нас хохироосон,

улмаар мөн дүрмийн 3.5-т заасан “Зам тээврийн осолд холбогдсон жолооч дараахь үүргийг хүлээнэ: а/ тээврийн хэрэгслээ нэн даруй зогсоож, ослын дохионы гэрлээ асаах ба ослын зогсолтын тэмдгийг энэ дүрмийн 9.5-д заасны дагуу тавьж, тээврийн хэрэгсэл болон осолд холбогдол бүхий эд юмсыг байрнаас нь хөдөлгөхгүй байх; б/ осолд өртсөн хүнд эмнэлгийн анхны тусламж үзүүлж, түргэн тусламж дуудах, хугацаа алдаж болзошгүй тохиолдолд уг хүнийг ойр байгаа эмнэлэгт аль тааралдсан тээврийн хэрэгслээр хүргүүлэх буюу бололцоогүй бол өөрийн жолоодож яваа тээврийн хэрэгслээр хүргэж, эмнэлгийн ажилтанд биеийн байцаалт (иргэний үнэмлэх буюу жолоодох эрхийн үнэмлэх гэх мэт), тээврийн хэрэгслийн гэрчилгээг үзүүлж, өөрийн овог нэр, утасны дугаар, тээврийн хэрэгслийн марк, улсын дугаарыг тэмдэглүүлээд уг газартаа буцаж ирэх; г/ тухайн ослын талаар цагдаагийн байгууллага (ажилтан)-д яаралтай мэдэгдэж, ослыг гэрчлэх хүмүүсийн овог нэр, хаяг, утасны дугаарыг тэмдэглэж аваад цагдаагийн ажилтанг хүлээх ба түүнийг иртэл осолд холбогдол бүхий эд мөрийн баримт, ул мөрийг хамгаалах, бусад тээврийн хэрэгсэл тойрч гарах нөхцөлийг бүрдүүлэх талаар бололцоотой арга хэмжээ авах;” гэсэн заалтуудыг тус тус зөрчин хэргийн газрыг зориуд орхиж зугтаасан,

шүүгдэгч Ж.У нь 2022 оны 5 дугаар сарын 24-нөөс 25-нд шилжих шөнө 03 цаг 00 минутын үед Хан-Уул дүүргийн 6 дугаар хороо, “Шунхлай” шатахуун түгээх станцын хойд замд “Sinotruck ZZ3257” маркийн 0000 УУУ улсын дугаартай тээврийн хэрэгслийг жолоодон замын хөдөлгөөнд оролцохдоо Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн 3.4-т заасан “Жолооч дараахь үүргийг хүлээнэ: а/ энэ дүрмийн 4 дүгээр хавсралтад заасан эвдрэл, гэмтэл, техникийн зөрчилгүй байхаар тээврийн хэрэгслийнхээ бүрэн бүтэн байдлыг хангах”, энэ дүрмийн 4 дүгээр хавсралтын 5.2-т заасан “Хол, ойрын гэрлийн тусгалын тохиргоо алдагдсан”, мөн дүрмийн 12.3-т заасан “Жолооч хөдөлгөөнд аюул, саад тулгарахыг мэдсэн үед тээврийн хэрэгслийн хурдыг хасаж, зайлшгүй тохиолдолд зогсоох арга хэмжээ авна”, 12.4-т заасан “Тээврийн хэрэгслийн хурдыг суурин газарт цагт 60 км, суурин газрын гадна цагт 80 км, тууш замд цагт 100 км-ээс хэтрүүлэхийг хориглоно” гэсэн заалтуудыг тус тус зөрчсөний улмаас зам дээр хэвтэж байсан явган зорчигч П.Цыг дайрч, хүний амь нас хохироосон гэмт хэрэгт холбогджээ.   

Тээврийн прокурорын газраас: Н.Шын үйлдэлд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 3, мөн хуулийн тусгай ангийн 27.11 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар,

Ж.Уын үйлдэлд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж, хэргийг шүүхэд шилжүүлжээ. 

Хан-Уул дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх:

Н.Ш-ыг тээврийн хэрэгсэл жолоодох эрхгүй үедээ Автотээврийн хэрэгслийн хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний актыг зөрчсөний улмаас хүний амь нас хохироосон, автотээврийн гэмт хэрэг үйлдсэн жолооч хэргийн газрыг зориуд орхиж зугтаасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тус тус тооцож, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг дөрвөн жилийн хугацаагаар хасаж, нэг жил зургаан сарын хугацаагаар хорих ялаар, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.11 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар хоёр зуун дөчин цагийн нийтэд тустай ажил хийлгэх ялаар шийтгэж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.8 дугаар зүйлийн 1, 2 дахь хэсгийн 2.2-т зааснаар Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.11 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар оногдуулсан 240 цаг нийтэд тустай ажил хийлгэх ялын найман цагийг нэг хоногоор тооцон гуч хоногийн хугацаагаар хорих ялыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар оногдуулсан тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг 4 жилийн хугацаагаар хасаж, 1 жил 6 сарын хугацаагаар хорих ял дээр нэмж нэгтгэн, Н.Шын нийт биечлэн эдлэх ялыг тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг дөрвөн жилийн хугацаагаар хасаж, нэг жил долоон сарын хугацаагаар хорих ялаар тогтоож, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 3, 4 дэх хэсэгт зааснаар нээлттэй хорих байгууллагад эдлүүлж,

Ж.У-ыг Автотээврийн хэрэгслийн хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний актыг зөрчсөний улмаас хүний амь нас хохироосон гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг гурван жилийн хугацаагаар хасаж, нэг жил зургаан сарын хугацаагаар хорих ялаар шийтгэж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 3, 4 дэх хэсэгт зааснаар нээлттэй хорих байгууллагад эдлүүлж,

Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.3 дахь хэсэг, 499 дүгээр зүйлийн 499.1 дэх хэсэг, 508 дугаар зүйлийн 508.1 дэх хэсэгт зааснаар амь хохирогчийн хууль ёсны төлөөлөгч П.Бт шүүгдэгч Н.Шаас 3,820,000 төгрөг, шүүгдэгч Ж.Уаас 7,500,000 төгрөг, иргэний хариуцагч С.Э-аас 2,000,000 төгрөгийг тус тус нөхөн төлсөн болохыг дурдаж, Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.3 дахь хэсэг, 511 дүгээр зүйлийн 511.5 дахь хэсэгт зааснаар хохирогчийн хууль ёсны төлөөлөгч П.Бт сэтгэцэд учирсан хор уршиг 96,250,000 төгрөгийг шүүгдэгч Н.Ш, Ж.У нараас хувь тэнцүүлэн 48,125,000 төгрөгийг тус тус гаргуулан олгож шийдвэрлэжээ.

Шүүгдэгч Н.Ш давж заалдах гомдол болон тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “...Миний бие өндөр насны тэтгэвэрт гарсан, группт байдаг эмээ, мөн группт байдаг өрх толгойлсон эх, насанд хүрээгүй хоёр дүүгийн хамт амьдардаг билээ. Гэр бүлийн ганц эрэгтэй хүний хувьд аж амьдралдаа тус нэмэр болж өдөр тутмын хэрэглээг болгодог байсан.

Уг хэрэг болох үед би 16 настай байсан бөгөөд хийсэн үйлдэлдээ гэмшиж, гэм бурууд маргаагүй хүлээн зөвшөөрч, хохирогчийн ар гэрт учирсан сэтгэл санааны хохирлыг ажил хийж төлж барагдуулах хүсэлт байна.

Иймд миний хувийн байдлыг харгалзан үзэж хорих ялыг хорихоос өөр төрлийн ялаар сольж өгнө үү...” гэв.

Шүүгдэгч Н.Шын өмгөөлөгч Ч.Загдсүрэн давж заалдах гомдол болон тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “...Анхан шатны шүүхээс шүүгдэгч Н.Шт Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 3 дахь хэсэг, мөн хуулийн 27.11 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэргүүдэд гэм буруутайд тооцон эрүүгийн хариуцлага оногдуулахдаа Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 8.3 дугаар зүйлийн 2 дахь хэсэг, мөн хуулийн ерөнхий ангийн 8.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгүүдийг хэрэглээгүй нь анхан шатны шүүх хэрэглэвэл зохих хуулийг хэрэглээгүй, Эрүүгийн хуулийг буруу хэрэглэсэн гэж үзэх үндэслэл болж байна.

Учир нь 2022 оны 5 дугаар сарын 24-нөөс 25-нд шилжих шөнө зам тээврийн осол болох үед шүүгдэгч Н.Ш нь 16 нас 9 сар 8 хоногтой байсан нь /2 дугаар хавтаст хэргийн 161 дүгээр хуудас/ нас тоолсон тэмдэглэлээр нотлогддог. Иймд шүүхээс хорих ял оногдуулахдаа өсвөр насны хүнд эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэл, журмыг хэрэглээгүй орхигдуулсаныг хянаж өгнө үү.

Мөн шүүгдэгч Н.Ш нь тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас анх удаа, болгоомжгүй гэмт хэрэгт холбогдсон, гэм буруугаа хүлээн зөвшөөрдөг учраас эрүүгийн хариуцлагын шүүх хуралдаанд улсын яллагчийн гаргасан 3 жил 40 хоногийн зорчих эрх хязгаарлах саналыг хүлээн зөвшөөрч, ялын санал дээр мэтгэлцээгүй. Хохирогчийн хууль ёсны төлөөлөгч П.Бт хохирол төлбөрт 3,820,000 төгрөгийг төлсөн зэргийг харгалзаж үзэж зорчих эрх хягаарлах ялаар сольж, анхан шатны шүүхийн шийдвэрт өөрчлөлт оруулж өгнө үү...” гэв.

Шүүгдэгч Ж.Уын өмгөөлөгч П.Алтанчимэг давж заалдах гомдол болон тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “...Нэг. Хавтаст хэрэгт авагдсан баримтаар Ж.У нь зам дээр мөргүүлээд унасан байсан амь хохирогчийг дайрсан үйл баримт тогтоогддог бөгөөд дайрсны дараа цагдаа болон түргэн дуудаж ослын газрыг хамгаалах арга хэмжээ авсан байдаг. Энэхүү нөхцөл байдал нь Эрүүгийн хуулийн 6.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1-д “тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас анх удаа гэмт хэрэг үйлдсэн; мөн хэсгийн 1.2-т “гэмт хэрэг үйлдсэний дараа хохирогчид шууд эмнэлгийн, бусад туслалцаа үзүүлсэн, учруулсан хохирлыг төлсөн" гэж заасантай нийцдэг бөгөөд эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх нөхцөл байдал байгаа.

Түүнчлэн шүүх дүгнэлт хийхдээ эрүүгийн хариуцлагыг хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй гэж дүгнэсэн, мөн улсын яллагч, шүүгдэгчийн өмгөөлөгч нараас гаргасан зорчих эрх хязгаарлах ялын санал хүсэлт гаргасан нь шүүгдэгч Ж.Уын нөхцөл байдалд хохирол төлбөрөө төлөх, хувь хүнийг эрүүгийн хариуцлагаа хүлээж, ухамсарлан хүүхдүүдээ болон гэр бүлийнхээ байдлыг дордуулахгүйгээр, шүүхийн шийдвэрийг биелүүлэх, гэм хорын хохирлын их хэмжээний төлбөрийг төлөх боломжийг бүрдүүлэх нөхцөл юм.

Гэмт хэрэг үйлдэгдсэн нөхцөл байдлын тухайд зам тээврийн осол гарах болсон үндсэн шалтгаан Шүүхийн шинжилгээний ерөнхий газрын 2023.05.01-ний өдрийн 1657 дугаартай шинжээчийн дүгнэлтээр тогтоогддог нь Ж.Ут хамаарах нөхцөл байдал байгааг харгалзан үзнэ үү.

Хавтаст хэрэгт шинээр ажилд орсон байдал, нэхэмжилсэн хохирол төлбөрийг баримтын хэмжээнд төлж байсан байдал, 3 хүүхэдтэй гэр бүлийн байдал, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд оролцож байсан хувийн байдал, хохирогч талтай эхнээс нь уйчлалт гуйж, гэм буруугаа хүлээж, харилцаж байсан байдал зэрэг нөхцөл байдлуудыг харгалзан үзэхийг хүсч байна.

Хоёр. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт “Энэ гэмт хэргийн улмаас хүний амь нас хохирсон бол тээврийн хэрэгслийг жолоодох эрхийг гурван жилээс таван жил хүртэл хугацаагаар хасаж нэг жилээс таван жил хүртэл хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах, эсхүл нэг жилээс таван жил хүртэл хугацаагаар хорих ял шийтгэнэ” гэж санкцыг сонгох боломжтой байдлаар хуульчилсан байх бөгөөд уг төрлийн гэмт хэрэг гэм буруугийн холимог хэлбэртэй байдаг учраас дээрх байдлаар хуульчлагдсан байдаг.

Мөн дээрх төрлийн гэмт хэрэгт холбогдсон этгээдийг заавал биечлэн хорих ял эдлүүлэхгүйгээр нийгмийн аюулын шинж чанар, гэмт хэргийн улмаас учирсан хор уршиг, цээрлүүлэх, нийгэмшүүлэх боломжтой гэж үзэн нэг жилээс таван жил хүртэл хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах ял оногдуулах боломжийг олгосон байдаг.

Эрүүгийн хууль болон эрүүгийн хариуцлагын зорилго нь гэмт халдлагаас хамгаалах, гэмт хэргээс урьдчилан сэргийлэх, гэмт хэргийн улмаас зөрчигдсөн эрхийг сэргээх, хохирлыг нөхөн төлүүлэхэд оршдог.

Анхан шүүх шүүгдэгч нараас 96,250,000 төгрөгийг хувь тэнцүүлэн гаргахаар шийдвэрлэдэг бөгөөд хорих ял эдэлж байгаа хүмүүс хохирол төлөх боломжгүй байдал бий болж, эрүүгийн хариуцлагын зорилгодоо нийцэхгүй байна.

Хэрэв зорчих эрхийг хязгаарлах ял оногдуулснаар энэ тохиолдолд эрүүгийн хариуцлагын зорилгодоо нийцэхээр байна.

Иймд анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолд өөрчлөлт оруулж, хорих ял оногдуулсныг зорчих эрхийг хязгаарлах ялаар сольж өгнө үү...” гэв.

Шүүгдэгч Ж.У тус шүүх хуралдаанд хэлэх тайлбар байхгүй гэв.

Шүүгдэгч Ж.Уын өмгөөлөгч Э.Батжаргал тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “...Өмгөөлөгч П.Алтанчимэгийн гаргасан давж заалдах гомдлыг дэмжин оролцож байна. Шүүгдэгч Ж.У нь Сүхбаатар дүүргийн 7 дугаар хороо, 11 дүгээр хорооллын Эрхүүгийн гудамжны 33-16 тоотод эхнэр, 3 хүүхдийн хамт оршин суудаг. Шүүгдэгч Ж.У нь уг гэмт хэрэгт холбогдохоосоо өмнө ажил, хөдөлмөр эрхэлж нийгэмд хүлээсэн эрх, үүргээ тодорхой хэмжээгээр биелүүлдэг байсан. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн зорилго нь зөрчигдсөн эрхийг сэргээхэд оршдог. Үүнтэй холбоотойгоор хохирогчийн хууль ёсны төлөөлөгчийн сэтгэцэд учирсан хор уршигтай холбоотой асуудал гарч ирсэн. Өөрөөр хэлбэл, шүүгдэгч Ж.Уыг заавал хорихгүйгээр түүнд зорчих эрхийг хязгаарлах ял оногдуулж хохирогчийн хууль ёсны төлөөлөгчид учруулсан хор уршгийг арилгуулах боломжтой нөхцөл байдал байгаа. Иймд шүүх бүрэлдэхүүн дээрх нөхцөл байдлыг харгалзан үзнэ үү...” гэв.

Шүүгдэгч Ж.Уын өмгөөлөгч Б.Тэнгис тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “...Анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолд холбогдуулан бие дааж гомдол гаргаагүй. Шүүгдэгч, түүний гэр бүлийн тавьсан хүсэлтийн дагуу өнөөдрийн шүүх хуралдаанд оролцож байна. Анхан шатны шүүхээс шүүгдэгч Ж.Уыг Авто тээврийн хэрэгслийн хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний актыг зөрчсөний улмаас хүний амь нас хохироосон, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тус тус тооцож шийдвэрлэж, эрүүгийн хариуцлага хүлээлгэсэн. Анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолд “хэргийг хүндрүүлэн зүйлчлэх үйл баримт байхгүй” гэж дүгнэсэн. Шүүх улсын яллагчийн гаргасан зорчих эрхийг хязгаарлах ялын саналыг үгүйсгэсэн дүгнэлт хийгээгүй. Хэрэгт авагдсан баримтуудаас үзэхэд 2 жолоочийн буруутай үйл ажиллагаа харагддаг. Тухайн үед үзэгдэх орчин хязгаарлагдсан нөхцөл байдалтай байсан. Өөрөөр хэлбэл, шүүх тухайн үед явган зорчигчийн буруутай үйл ажиллагаа байсан эсэхийг дүгнээгүй. Мөн мөрдөгч хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад ямар нэгэн дүгнэлт хийгээгүй. Үүнтэй холбоотойгоор шинжээчийн дүгнэлт гаргаагүй. Урьд нь уг хэрэгт нэмэлт мөрдөн шалгах ажиллагаа хийлгэхээр прокурорт буцааж байсан. Үүний дараа шинжээч эмч нараас мэдүүлэг авахад “Sinotruck ZZ3257” маркийн 0000 УУУ улсын дугаартай тээврийн хэрэгсэл нь тээврийн хэрэгслийн бүрэн бүтэн байдал, стандарт шаардлага хангаагүй байдал болон тээврийн хэрэгслийн хурдыг хэтрүүлсэн нь тухайн ослыг учруулсан байх магадлал байна. Гэвч уг зам тээврийн осол гарах болсон үндсэн шалтгаан нь дээрх асуудал болохгүй” гэдэг. Өөрөөр хэлбэл, амь хохирогч тухайн 2 тээврийн хэрэгслийн аль тээврийн хэрэгслийн улмаас амь нас нь хохирсон болох нь эргэлзээтэй байгаа. Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.3 дахь хэсэг, 511 дүгээр зүйлийн 511.5 дахь хэсэгт зааснаар хохирогчийн хууль ёсны төлөөлөгч П.Бт сэтгэцэд учирсан хор уршиг 96,250,000 төгрөгийг цаашид шийдвэрлүүлэх боломжтой. Мөн сонгох санкцтай гэмт хэрэг учраас шүүгдэгч Ж.Ут зорчих эрхийг хязгаарлах ял оногдуулах бүрэн боломжтой. Иймд шүүгдэгч Ж.Ут анхан шатны шүүхээс оногдуулсан ялыг зорчих эрхийг хязгаарлах ялаар өөрчилж, хугацааг нь багасгаж өгнө үү...” гэв.

Прокурор Ч.Батбаатар тус шүүх хуралдаанд гаргасан дүгнэлтдээ: “...Тухайн зам тээврийн осол нь болгоомжгүй төрлийн хөнгөн гэмт хэрэг боловч шүүгдэгч Н.Шын хувьд тээврийн хэрэгсэл жолоодох эрхгүй атлаа бусдын тээврийн хэрэгслийг гуйж тээврийн хэрэгсэл жолоодсон нь санаатай үйлдэл юм. Мөн зам тээврийн осол гаргачихаад Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн 3.5-т заасныг зөрчиж хэргийн газрыг зориуд орхиж зугтаасан. Харин шүүгдэгч Ж.Уын хувьд тээврийн хэрэгслийнхээ бүрэн бүтэн байдлыг хангаагүй бөгөөд тээврийн хэрэгслийн хурдыг 60 км-ээс дээш хэтрүүлсэн байдаг. Мөн Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн 13.3-т ““Жолооч хөдөлгөөнд аюул, саад тулгарахыг мэдсэн үед тээврийн хэрэгслийн хурдыг хасаж, зайлшгүй тохиолдолд зогсоох арга хэмжээ авна” гэж заасныг зөрчиж, хохирогчийг дайрсан. Шинжээчийн дүгнэлтэд “амь хохирогчийн биед учирсан гэмтлүүд нь мөргөгдөх, дайрагдах үед үүссэн байна. Дээрх хавсарсан гэмтлүүдийн улмаас хохирогч нас барсан” гэж тодорхой тогтоосон. Хохирогчийн хууль ёсны төлөөлөгчөөс нэхэмжилсэн оршуулгын зардалтай холбоотой хохирол барагдсан боловч тухайн гэмт хэргийн улмаас учирсан гэмт хэргийн хор уршиг арилах боломжгүй. Анхан шатны шүүх дээрх нөхцөл байдлуудыг харгалзан шүүгдэгч нарт хорих ял оногдуулж шийдвэрлэсэн нь хуульд нийцсэн. Иймд анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолыг хэвээр үлдээх саналтай байна...” гэв.

                                             ТОДОРХОЙЛОХ нь:  

Давж заалдах шатны шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.1 дүгээр зүйлийн 1, 3 дахь хэсэгт заасны дагуу хэргийг хянан шийдвэрлэхдээ анхан шатны шүүхийн шийтгэх тогтоол хууль ёсны ба үндэслэлтэй болсон эсэхийг давж заалдах гомдолд заасан үндэслэлээр хязгаарлахгүйгээр хэрэгт цугларсан нотлох баримтуудад үндэслэж, хэргийн бүх ажиллагаа, шийдвэрийг бүхэлд нь хянаж үзэв.

 Анхан шатны шүүхийн хэргийн үйл баримтын талаар хийсэн дүгнэлт үндэслэлтэй, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих байдлуудыг Н.Ш, Ж.У нарт холбогдох 2203002820406 дугаартай хэрэгт мөрдөн шалгах ажиллагаагаар хангалттай шалгаж тодруулсан, мөрдөн шалгах ажиллагааны үед болон шүүхээр хэрэг хянан шийдвэрлэх явцад оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрхийг хасаж хязгаарласан, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн ноцтой зөрчил тогтоогдсонгүй.    

1. Тээврийн хэрэгсэл жолоодох эрхгүй шүүгдэгч Н.Ш нь 2022 оны 5 дугаар сарын 24-нөөс 25-нд шилжих шөнө 03 цаг 00 минутын үед Хан-Уул дүүргийн 6 дугаар хороо, “Шунхлай” шатахуун түгээх станцийн хойд замд “Hyundai Sonata-5” маркийн 0000 БББ улсын дугаартай тээврийн хэрэгслийг жолоодон замын хөдөлгөөнд оролцохдоо Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн 3.7-т заасан “Жолоочид дараахь зүйлийг хориглоно: а/ тухайн ангиллын тээврийн хэрэгслийг жолоодох эрхгүй үедээ тээврийн хэрэгсэл жолоодох", 3.4-т заасан “Жолооч дараахь үүргийг хүлээнэ: а/ энэ дүрмийн 4 дүгээр хавсралтад заасан эвдрэл, гэмтэл, техникийн зөрчилгүй байхаар тээврийн хэрэгслийнхээ бүрэн бүтэн байдлыг хангах”, энэ дүрмийн 4 дүгээр хавсралтын 5.2-т заасан “Хол, ойрын гэрлийн тусгалын тохиргоо алдагдсан”, мөн дүрмийн 12.2-т заасан “Харанхуй үед болон үзэгдэлт хангалтгүй нөхцөлд жолооч өөрийн үзэгдэх хүрээн дотор тээврийн хэрэгслээ зогсоох боломжтой хурдыг сонгож явна” гэсэн заалтуудыг тус тус зөрчсөний улмаас явган хүний гарцгүй хэсгээр зам хөндлөн гарч явсан явган зорчигч П.Цыг /32 настай, эрэгтэй/ мөргөж, хүний амь нас хохироосон,

Замын хөдөлгөөний дүрмийн 3.5-т “...Зам тээврийн осолд холбогдсон жолооч дараахь үүргийг хүлээнэ: а/ тээврийн хэрэгслээ нэн даруй зогсоож, ослын дохионы гэрлээ асаах ба ослын зогсолтын тэмдгийг энэ дүрмийн 9.5-д заасны дагуу тавьж, тээврийн хэрэгсэл болон осолд холбогдол бүхий эд юмсыг байрнаас нь хөдөлгөхгүй байх; б/ осолд өртсөн хүнд эмнэлгийн анхны тусламж үзүүлж, түргэн тусламж дуудах, хугацаа алдаж болзошгүй тохиолдолд уг хүнийг ойр байгаа эмнэлэгт аль тааралдсан тээврийн хэрэгслээр хүргүүлэх буюу бололцоогүй бол өөрийн жолоодож яваа тээврийн хэрэгслээр хүргэж, эмнэлгийн ажилтанд биеийн байцаалт (иргэний үнэмлэх буюу жолоодох эрхийн үнэмлэх гэх мэт), тээврийн хэрэгслийн гэрчилгээг үзүүлж, өөрийн овог нэр, утасны дугаар, тээврийн хэрэгслийн марк, улсын дугаарыг тэмдэглүүлээд уг газартаа буцаж ирэх; г/ тухайн ослын талаар цагдаагийн байгууллага (ажилтан)-д яаралтай мэдэгдэж, ослыг гэрчлэх хүмүүсийн овог нэр, хаяг, утасны дугаарыг тэмдэглэж аваад цагдаагийн ажилтанг хүлээх ба түүнийг иртэл осолд холбогдол бүхий эд мөрийн баримт, ул мөрийг хамгаалах, бусад тээврийн хэрэгсэл тойрч гарах нөхцөлийг бүрдүүлэх талаар бололцоотой арга хэмжээ авах;...” гэж заасанг зөрчин хэргийн газрыг зориуд орхиж зугтаасан болох нь: 

зам тээврийн осол, хэргийн газарт үзлэг хийсэн тэмдэглэл, үзлэгээр тогтоогдсон байдал, хэмжилтийн бүдүүвч болон гэрэл зургийн үзүүлэлтүүд /1-р хх-ийн 5-13, 3-р хх-ийн  35-40/,

Н.Шын жолоодож явсан “Hyundai Sonata-5” маркийн 0000 БББ улсын дугаартай тээврийн хэрэгсэлд үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт: “...зүүн урд талын салхины шил хагарч цуурсан, зүүн урд талын автомашины шил аригчин дээр 5 ширхэг үс мэт зүйл тогтсон...” /1-р хх-ийн 20-24/,

Замын камерын бичлэгт үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт: “...03:02:53 цагт баруунаас зүүн чиглэлд 3 дугаар эгнээгээр зорчиж яваа жижиг суудлын автомашин амь хохирогчийг мөргөж байгаа бичлэг байв...” /1-р хх-ийн 32-36/,

амь хохирогчийн хууль ёсны төлөөлөгч П.Бийн: ...над руу цагдаагаас залгасан. Тэгээд би моорог дээр очиж харахад манай ах нас барсан байдалтай өмсөж явсан хувцас, зүс царай нь мөн байсан. ...Манай ахыг мөргөсөн жолоочид гомдолтой байна. Ээж маань нас бараад 49 хоног ч болоогүй, би одоо ганцаараа үлдсэн. ...10,143,649 төгрөгийг нэхэмжилж байна...” /1-р хх-ийн 45-49/,

насанд хүрээгүй гэрч Г.А-ын: “...Нисэхийн тойргоор Яармаг руу эргэж баруунаас зүүн чиглэлд Шунхлай колонкийн ойролцоо 2 дугаар эгнээгээр явж байхад Ш “еээ” гээд тоормосоо гишгэхэд автомашины урд гэнэт хүн гарч ирээд автомашины зүүн урд хэсгээр мөргөөд унасан. Тэр хүнийг ямар хүн байсныг хараагүй, эрэгтэй хүн шиг богино үстэй байсан. Тухайн үед сандраад хальт зогсох үед нь би “шууд яв” гэж хэлээд чигээрээ явж байгаад буцаж эргэх замаар эргэн, М-ийн авто засварын уулзвараар хойшоо Яармаг руу эргээд чигээрээ явж байгаад Э ахын хүргэж өгсөн Ц гэх эгчийн гэрийн гадаа автомашиныг үлдээгээд бид 3 гэр гэртээ алхаж 03 цаг өнгөрч байхад орсон. ...” /1-р хх-ийн 71/,

насанд хүрээгүй гэрч С.Т-ийн: “...Яармагийн 2 гэх нэртэй газрыг өнгөрөөд “Шунхлай” шатахуун түгээх газрын орчим замын 2-р эгнээд явж байхад машины урд гэнэт хүн гарч ирэхээр нь найз Ш нь тоормосоо гишгэсэн чинь машин бүрэн зогсохгүй нөгөө замын дунд байсан хүнийг мөргөсөн. Тэгээд хальт зогсоод шууд цаашаа яваад буцаж эргээд Э ахын найз Ц-ийн гэрийн гадаа очоод гудамжинд машиныг байрлуулж тавиад найз Ш, Анарын хамт шууд гэртээ харихад 03 цаг 24 минут болж байсан. ...” /1-р хх-ийн 76-77/,

шүүгдэгч Н.Шын мөрдөн байцаалтад яллагдагчаар өгсөн: “...Яармагийн 3-р буудал өнгөрөөд 2-р буудал руу явж байх үед гэнэт миний зүүн гар талаас хар юм гараад ирсэн. Сайн харж амжаагүй тоормос гишгэсэн боловч тэр зүйлийг мөргөсөн. Тэгээд шууд зогсолгүй яваад өгсөн. Тэндээс хамгийн ойрхон буцаж эргэх газарт эргээд замын хойд хэсэгт явахад мөргөсөн зүйлээ харахад нэг хар юм хөдлөөд байхаар нь хүн дайрчихлаа гээд айгаад цааш Ц эгчийн гэр рүү нь яваад тэдний гэрээс нэлээн зайтай машиныг нь орхиод гэртээ харьсан. ...” /2-р хх-ийн 116/ гэх мэдүүлгүүд, 

Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 2022 оны 6 дугаар сарын 15-ны өдрийн 1489 дугаартай шинжээчийн дүгнэлт: “...Талийгаач П.Цын цогцост гавал, нүүрний хэлбэр дүрс алдагдуулсан үйрч бяцарсан хугарал, тархины няцрал, бяцрал, цээжний хэлбэр алдагдуулсан хоёр талын олон хавирганы шууд бус далд хугарал, баруун эгэм, хоёр далны хугарал, сээрний 2, 3-р нугалам үеэр тасрал, хүзүү, сээрний нугалмын арын сэртэнгийн далд хугарал, баруун талын олон яс уулзах үе, симфиз үений салсан хугарал, зүүн богтос ясны далд, шуу ясны ил хугарал, цээж, хэвлийн хөндийн эрхтний няцрал, бяцрал, цээж, хэвлийн дотор эрхтэн цувж гарсан шарх, зүүн зовхины шарх, баруун бугалга, хоёр тохой, зүүн ташаа, хоёр цавь, зүүн алганд шарх, нүүрний зулгаралт гэмтэл тогтоодлоо. Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн үйлчлэлээр тухайлбал зам тээврийн ослын үед үүснэ. Баруун талын олон яс уулзах үе, симфиз үений салсан хугарал, зүүн богтос ясны далд, шуу ясны ил хугарал, зүүн алганд шарх, нүүрний зулгаралт гэмтлүүд нь босоо байрлалаас мөргөгдөж унах үед үүснэ. Бусад гэмтэл нь дайрагдах үед үүссэн байна. Баруун талын олон яс уулзах үе, симфиз үений салсан хугарал, зүүн богтос ясны далд, шуу ясны ил хугарал, зүүн алганд шарх, нүүрний зулгаралт гэмтэл нь учрах үедээ амь насанд аюултай тул Гэмтлийн зэрэг тогтоох журмын 3.1.15-д зааснаар хүнд зэрэгт хамаарна. Бусад гавал, нүүрний хэлбэр дүрс алдагдуулсан үйрч бяцарсан хугарал, тархины няцрал, бяцрал, цээжний хэлбэр алдагдуулсан хоёр талын олон хавирганы шууд бус далд хугарал, баруун эгэм, хоёр далны хугарал, сээрний 2, 3-р нугалам үеэр тасрал, хүзүү, сээрний нугалмын арын сэртэнгийн далд хугарал, цээж, хэвлийн хөндийн эрхтний няцрал, бяцрал, цээж, хэвлийн дотор эрхтэн цувж гарсан шарх, зүүн зовхины шарх, баруун бугалга, тохой, зүүн ташаа, хоёр цавины шарх гэмтэл нь учрах үедээ амь насад аюултай тул Гэмтлийн зэрэг тогтоох журмын 3.1.2, 3.1.3, 3.1.10, 3.1.12-д зааснаар гэмтлийн хүнд зэрэгт хамаарна. Талийгаач нь дээрх гавал, тархи, цээж, хэвлий, аарцаг, мөчдийн хавсарсан гэмтлийн улмаас нас баржээ. Талийгаач нь нас барах үедээ хүнд зэргийн согтолттой байжээ. Шүүх химийн шинжилгээгээр цусанд мансууруулах болон сэтгэцэд нөлөөт бодис илрээгүй байна. Шинжилгээгээр үхэлд хүргэх архаг хууч өвчин тогтоогдсонгүй. ...” /1-р хх-ийн 138-150/, 

шинжээч эмч Н.Э-ийн: “...Задлан шинжилгээгээр гавлын хэлбэр дүрс алдагдсан, хуйхны дотор, гадар тархины цус хуралттай, тархины эдийг хэмжих боломжгүй. Гавлын орой суурь яс олон тооны хэлтэрхий үүсэж бяцарсан, хугаралттай байсан байна. Гавлын антомын хэлбэр дүрс бүрэн сэргэх боломжгүй байсан. Үүнээс үзэхэд гавлын дээгүүр гарсантай холбоотойгоор гавлын хэлбэр алдагдсан гэж ойлгоно. Гавлын олон тооны хугарал гэмтэл үүссэн учраас дээрх гэмтэл нь автомашины дугуйнд дайрагдсан үед үүснэ. ...Гавлын хэлбэр дүрс алдагдуулсан үйрч бяцарсан хугарал үүссэн учраас өмнөх машины мөргөгдөлтөөс тархинд ийм гэмтэл үүссэн гэж тогтоох боломжгүй. Учир нь антомын бүтэц бүрэн алдагдаж дайрагдсан байсан. ...Босоо байрлалд үүссэн гэмтлүүд нь баруун талын олон яс дундах үе, симфиз үений салсан хугарал, зүүн богтос ясны далд, шуу ясны ил хугарал, зүүн алганд шарх, нүүрний зулгаралт гэмтлүүд юм. Хэвтээ байрлалд дайрагдсан үед бусад гэмтэл болох нүүрний хэлбэр дүрс алдагдсан, үйрч бяцарсан хугарал, тархины няцрал, бяцрал, 2 талын олон хавирганы хугарал, баруун эгэм, хоёр далны хугарал, сээрний 2-3-р нугалам үеэр тасрал, хүзүү, сээрний нугалмын арын сэртэнгийн далд хугарал, цээж, хэвлийн хөндийн эрхтний няцрал, бяцрал, цээж, хэвлийн дотор эрхтэн цувж гарсан ил шарх, сорви баруун бугалга, 2 тохойн ташааны зулгаралт гэмтлүүд үүссэн байх боломжтой. Тархинд үүссэн хугарал, няцрал гэмтлийг дан дайрагдалтаас үүссэн гэж үзэх боломжгүй, эхний машины мөргөлтийн улмаас, хэвтээ байрлал дээр орж дайрагдалт үүссэнээр гавлын хэлбэр дүрс алдагдуулсан хугарал үүссэн нь дээрх 2 машины гавал тархинд учирсан гэмтлийг ялгах боломжгүй...” гэх мэдүүлэг /1-р хх-ийн 128-129, 3-р хх-ийн 28-29/,

Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн Криминалистикийн шинжээчийн 2022 оны 6 дугаар сарын 10-ны өдрийн 1895 дугаартай шинжээчийн дүгнэлт: “...Шинжилгээнд ирүүлсэн ...Цамцанд үүссэн 27x19мм, футболканд үүссэн 33x18мм хэмжээтэй гэмтлүүд гогодож татах хүчний 1 удаагийн үйлчлэлээр үүссэн шинэ гогдолтууд, дээлэнд үүссэн гогцоо бүхий суганы шилбэ тасарсан гэмтэл, 461 мм, 77мм, 232мм, 140мм хар өнгийн бэлтгэлийн өмдөнд үүссэн 125мм, 51 мм, 78х67мм, хэмжээтэй гэмтлүүд татаж чангаах хүчний үйлчлэлээр үүссэн шинэ ханзралтууд, дотоожинд үүссэн 145мм, 38мм, 80мм хэмжээтэй гэмтлүүд татаж чангаах хүчний үйлчлэлээр үүссэн шинэ урагдалтууд байна. Шинжилгээнд ирүүлсэн эд зүйл, хувцаснуудад чирэгдсэн ул мөр болох зулгаралт, халцралтууд үүсээгүй байна...” /2-р хх-ийн 56-64/,

Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 2022 оны 8 дугаар сарын 10-ны өдрийн 2943 дугаартай шинжээчийн: “...Шинжилгээнд ирүүлсэн эд мэт зүйлээс үс мэт зүйл, цус илэрсэн. Үс мэт зүйл нь ДНХ-ийн шинжилгээнд тэнцэхгүй. Эд мэт зүйлийн ДНХ-ийн тогтоц нь нэг эрэгтэй хүнийх байна...” гэх дүгнэлтүүд /2-р хх-ийн 93-96/,

Шүүх шинжилгээний ерөнхий газрын 2023 оны 3 дугаар сарын 15-ны өдрийн 1332 дугаартай шинжээчийн дүгнэлт: “...Шинжилгээнд ирүүлсэн “яармаг-91 2022,05.mр4” нэртэй дүрс бичлэг оношилгооны шинжилгээнд тэнцэнэ. Шинжилгээнд ирүүлсэн дүрс бичлэгт зам тээврийн ослын нөхцөл байдал дүрслэгдэж байна. Шинжилгээнд ирүүлсэн дүрс бичлэгт шахалт хийсэн ч дүрс бичлэгийн агуулгад эвлүүлэг засвар хийгдээгүй байна. Шинжилгээнд ирүүлсэн дүрс бичлэгт дүрслэгдсэн, тогтоолд дурдсан автомашин нь үзлэгийн тэмдэглэлд тусгасан 30,5метр зайг ойролцоогоор 60.8км/цаг дундаж хурдтайгаар туулсан байна. ...” /3-р хх-ийн 45-52/,

Шүүх шинжилгээний ерөнхий газрын Инженер-техникийн шинжээчдийн бүрэлдэхүүнтэй гаргасан 2023 оны 5 дугаар сарын 01-ний өдрийн 1657 дугаартай дүгнэлт: “... “Hyundai Sonata-5” маркийн 0000 БББ улсын дугаартай тээврийн хэрэгслийн жолооч Н.Ш нь Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн 3.7. а/ “тухайн ангиллын тээврийн хэрэгслийг жолоодох эрхгүй ... үедээ тээврийн хэрэгсэл жолоодохыг хориглоно;”, 3.4. Жолооч дараах үүргийг хүлээнэ: а/ “энэ дүрмийн 4 дүгээр хавсралтад заасан эвдрэл, гэмтэл, техникийн зөрчилгүй байхаар тээврийн хэрэгслийнхээ бүрэн бүтэн байдлыг хангах;”, 12.2. “Харанхуй үед болон үзэгдэлт хангалтгүй нөхцөлд жолооч өөрийн үзэгдэх хүрээн дотор тээврийн хэрэгслээ зогсоох боломжтой хурдыг сонгож явна.”, 3.5. “Зам тээврийн осолд холбогдсон жолооч дараах үүргийг хүлээнэ: а/тээврийн хэрэгслээ нэн даруй зогсоож, ... хөдөлгөхгүй байх; б/ осолд өртсөн хүнд эмнэлгийн анхны тусламж үзүүлж, ... уг газартаа буцаж ирэх; в/ осолд холбогдсон тээврийн хэрэгсэл нь ... дараа байрнаас нь хөдөлгөх; г/тухайн ослын талаар цагдаагийн байгууллага (ажилтан)-д яаралтай мэдэгдэж,... талаар бололцоотой арга хэмжээ авах;” гэсэн заалтыг тус тус зөрчсөн байна ...” /3-р хх-ийн 61-74/, 

Авто тээврийн үндэсний төв ТӨҮГ Сонгинохайрхан техникийн хяналтын үзлэгийн төвийн 2022 оны 6 дугаар сарын 17-ны өдрийн 999321 дугаартай шинжээчийн дүгнэлт, гэрэл зургууд: “...Хюндай маркийн Соната-5 загварын 0000 БББ улсын дугаартай хэрэгсэл нь техникийн бүрэн бүтэн байдал стандартын шаардлага хангахгүй байна. Уг тээврийн хэрэгслийн урд салхины шил хагарсан, урд буферын баруун, зүүн тал нь хагарсан, тоормосны гэрэл зүүн гар тал нь асахгүй, дуут дохио ажиллахгүй, урд оврын гэрэл асахгүй, тоног төхөөрөмж дээр шалгахад их гэрлийн тусгалын хүч ойр дээрээ стандарт шаардлага хангахгүй байна. Урд буферын баруун, зүүн тал нь хагарсан, тоормосны гэрэл зүүн тал, урд талын оврын гэрэл асахгүй, дуут дохио ажиллахгүй, ойрын гэрлийн тусгалын хүч стандарт шаардлага хангахгүй зэрэг эвдрэл, гэмтэл нь ашиглалтын явцад үүссэн хуучин гэмтлүүд байна. Урд салхины шил хагарсан эвдрэл нь ослын үед үүссэн шинэ эвдрэл гэмтэл байна. Урд буферын баруун, зүүн тал нь хагарсан, тоормосны гэрэл зүүн тал, урд талын оврын гэрэл асахгүй, дуут дохио ажиллахгүй зэрэг эвдрэл, гэмтэл нь зам тээврийн осолд нөлөөлөхгүй. Ойрын гэрлийн тусгалын хүч стандарт шаардлага хангахгүй байгаа гэмтэл нь зам тээврийн осолд нөлөөлөх боломжтой. Ойрын гэрлийн тусгалын хүч стандарт шаардлага хангахгүй байгаа гэмтэл нь зам тээврийн осол хэрэг замын гэрэлтүүлэггүй замд жолоочид үзэгдэх орчин хязгаарлагдах байдлаар нөлөөлнө. Шингэн дамжуулгат АВS системтэй. Тоормосыг тоног төхөөрөмжөөр болон жолоодлого хийж шалгахад стандарт шаардлага хангаж байна. Уг тээврийн хэрэгслийн тоормос нь шингэн дамжуулгат АВS системтэй дээрх тоормосны системүүдийн үед тоормос гишгэхэд зам дээр тоормосны мөр үүснэ...” /1-р хх-ийн 235-241/,

Тээврийн цагдаагийн албаны 2022 оны 8 дугаар сарын 10-ны өдрийн 895 дугаартай мөрдөгчийн магадлагаа: “...“Hyundai Sonata-5” маркийн 0000 БББ улсын дугаартай тээврийн хэрэгслийн жолооч Н.Ш нь Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн 3.7-т заасан “Жолоочид дараахь зүйлийг хориглоно: а/ тухайн ангиллын тээврийн хэрэгслийг жолоодох эрхгүй үедээ тээврийн хэрэгсэл жолоодох”, 3.4-т заасан “Жолооч дараахь үүргийг хүлээнэ: а/ энэ дүрмийн 4 дүгээр хавсралтад заасан эвдрэл, гэмтэл, техникийн зөрчилгүй байхаар тээврийн хэрэгслийнхээ бүрэн бүтэн байдлыг хангах”, энэ дүрмийн 4 дүгээр хавсралтын 5.2-т заасан “Хол, ойрын гэрлийн тусгалын тохиргоо алдагдсан”, мөн дүрмийн 12.2-т заасан “Харанхуй үед болон үзэгдэлт хангалтгүй нөхцөлд жолооч өөрийн үзэгдэх хүрээн дотор тээврийн хэрэгслээ зогсоох боломжтой хурдыг сонгож явна” гэсэн заалтуудыг тус тус зөрчсөн Улмаар мөн дүрмийн 3.5-т заасан “Зам тээврийн осолд холбогдсон жолооч дараахь үүргийг хүлээнэ: а/ тээврийн хэрэгслээ нэн даруй зогсоож, ослын дохионы гэрлээ асаах ба ослын зогсолтын тэмдгийг энэ дүрмийн 9.5-д заасны дагуу тавьж, тээврийн хэрэгсэл болон осолд холбогдол бүхий эд юмсыг байрнаас нь хөдөлгөхгүй байх; б/ осолд өртсөн хүнд эмнэлгийн анхны тусламж үзүүлж, түргэн тусламж дуудах, хугацаа алдаж болзошгүй тохиолдолд уг хүнийг ойр байгаа эмнэлэгт аль тааралдсан тээврийн хэрэгслээр хүргүүлэх буюу бололцоогүй бол өөрийн жолоодож яваа тээврийн хэрэгслээр хүргэж, эмнэлгийн ажилтанд биеийн байцаалт (иргэний үнэмлэх буюу жолоодох эрхийн үнэмлэх гэх мэт), тээврийн хэрэгслийн гэрчилгээг үзүүлж, өөрийн овог нэр, утасны дугаар, тээврийн хэрэгслийн марк, улсын дугаарыг тэмдэглүүлээд уг газартаа буцаж ирэх; г/ тухайн ослын талаар цагдаагийн байгууллага (ажилтан)-д яаралтай мэдэгдэж, ослыг гэрчлэх хүмүүсийн овог нэр, хаяг, утасны дугаарыг тэмдэглэж аваад цагдаагийн ажилтанг хүлээх ба түүнийг иртэл осолд холбогдол бүхий эд мөрийн баримт, ул мөрийг хамгаалах, бусад тээврийн хэрэгсэл тойрч гарах нөхцөлийг бүрдүүлэх талаар бололцоотой арга хэмжээ авах гэсэн заалтуудыг зөрчсөн байх үндэслэлтэй байна.

...Амь хохирогч П.Ц нь Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн 5.6-д “Явган, зорчигч нь явган хүний гарц буюу гармаар зам хөндлөн гарна. Хэрэв үзэгдэх хүрээнд явган хүний гарц, гарам байхгүй бол замын дагуу хоёр тийш сайн харагдах, хайс, хашилтгүй хэсгээр, ойртон ирж яваа тээврийн хэрэгслийг өнгөрүүлэн эгц хөндлөн гарна.” гэсэн заалтыг зөрчсөн байх үндэслэлтэй байна...” /2-р хх-ийн 17-18/ зэрэг мөрдөн байцаалтын явцад хуульд заасан үндэслэл журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн, шүүхийн хэлэлцүүлгээр хянан хэлэлцсэн нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдож байна.

Шүүгдэгч Н.Шын:

тээврийн хэрэгсэл жолоодох эрхгүй үедээ Хан-Уул дүүргийн 6 дугаар хороо, “Шунхлай” шатахуун түгээх станцийн хойд замд “Hyundai Sonata-5” маркийн 0000 БББ улсын дугаартай тээврийн хэрэгслийг жолоодон замын хөдөлгөөнд оролцохдоо Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн 3.7-т заасан “Жолоочид дараахь зүйлийг хориглоно: а/ тухайн ангиллын тээврийн хэрэгслийг жолоодох эрхгүй үедээ тээврийн хэрэгсэл жолоодох", 3.4-т заасан “Жолооч дараахь үүргийг хүлээнэ: а/ энэ дүрмийн 4 дүгээр хавсралтад заасан эвдрэл, гэмтэл, техникийн зөрчилгүй байхаар тээврийн хэрэгслийнхээ бүрэн бүтэн байдлыг хангах”, энэ дүрмийн 4 дүгээр хавсралтын 5.2-т заасан “Хол, ойрын гэрлийн тусгалын тохиргоо алдагдсан”, мөн дүрмийн 12.2-т заасан “Харанхуй үед болон үзэгдэлт хангалтгүй нөхцөлд жолооч өөрийн үзэгдэх хүрээн дотор тээврийн хэрэгслээ зогсоох боломжтой хурдыг сонгож явна” гэсэн заалтуудыг тус тус зөрчсөний улмаас явган хүний гарцгүй хэсгээр зам хөндлөн гарч явсан явган зорчигч П.Цыг мөргөж, түүний амь насыг хохироосон үйлдэл нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлд заасан “Автотээврийн хэрэгслийн хөдөлгөөний аюулгүй байдал, ашиглалтын журам зөрчих” гэмт хэргийн 3 дахь зүйлд заасан  “...Авто тээврийн хэрэгслийн жолооч хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний актыг зөрчсөний улмаас ...хүний амь нас хохирсон... гэсэн хүндрүүлэх шинжийг,

тус гэмт хэргийн газрыг зориуд орхиж зугтаасан үйлдэл нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.11 дүгээр зүйлд заасан “Авто тээврийн гэмт хэрэг үйлдсэн жолооч зугтаах” гэмт хэргийн 1 дэх хэсэгт заасан “...Энэ хуулийн 27.10 дугаар зүйлд заасан гэмт хэрэг үйлдсэн жолооч хэргийн газрыг зориуд орхиж зугтаасан...” гэсэн шинжийг тус тус бүрэн агуулжээ.   

2. Шүүгдэгч Ж.У нь 2022 оны 5 дугаар сарын 24-нөөс 25-нд шилжих шөнө 03 цаг 00 минутын үед Хан-Уул дүүргийн 6 дугаар хороо, “Шунхлай” шатахуун түгээх станцын хойд замд “Sinotruck ZZ3257” маркийн 0000 УУУ улсын дугаартай тээврийн хэрэгслийг жолоодон замын хөдөлгөөнд оролцохдоо Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн 3.4-т заасан “Жолооч дараахь үүргийг хүлээнэ: а/ энэ дүрмийн 4 дүгээр хавсралтад заасан эвдрэл, гэмтэл, техникийн зөрчилгүй байхаар тээврийн хэрэгслийнхээ бүрэн бүтэн байдлыг хангах”, энэ дүрмийн 4 дүгээр хавсралтын 5.2-т заасан “Хол, ойрын гэрлийн тусгалын тохиргоо алдагдсан”, мөн дүрмийн 12.3-т заасан “Жолооч хөдөлгөөнд аюул, саад тулгарахыг мэдсэн үед тээврийн хэрэгслийн хурдыг хасаж, зайлшгүй тохиолдолд зогсоох арга хэмжээ авна”, 12.4-т заасан “Тээврийн хэрэгслийн хурдыг суурин газарт цагт 60 км, суурин газрын гадна цагт 80 км, тууш замд цагт 100 км-ээс хэтрүүлэхийг хориглоно” гэсэн заалтуудыг зөрчсөний улмаас зам дээр хэвтэж байсан явган зорчигч П.Цыг /32 настай, эрэгтэй/ дайрч, хүний амь нас хохироосон болох нь:

зам тээврийн осол, хэргийн газарт үзлэг хийсэн тэмдэглэл, үзлэгээр тогтоогдсон байдал, хэмжилтийн бүдүүвч болон гэрэл зургийн үзүүлэлтүүд /1-р хх-ийн 5-13, 3-р хх-ийн  35-40/,

Амь хохирогчийн хууль ёсны төлөөлөгч П.Бийн: ...Манай ахыг мөргөсөн жолоочид гомдолтой байна. Ээж маань нас бараад 49 хоног ч болоогүй, би одоо ганцаараа үлдсэн. Ээжийнхээ ажил явдлыг хүн амьтнаас зээлж байж хийж дуусгасан. Одоо ахын ажил явдал гээд надад маш их хүнд хэцүү байна. Буруутай жолооч нараас би 10,143,649 төгрөгийг нэхэмжилж байна...” /1-р хх-ийн 45-49/,

гэрч Б.О-ын: “...“Sinotruck ZZ3257” маркийн 0000 УУУ улсын дугаартай тээврийн хэрэгслийг ...Ууганбаяр бариад Нисэхийн тойргоор эргээд Яармагийн замаар баруунаас зүүн тийшээ явж байтал Ууганбаяр ах “зам дээр нэг хар юм байна” гэж хэлээд 2 дугаар эгнээ рүү орох гэтэл тэнд нэг машин явж таараад орж чадалгүй дээгүүр нь гараад зогссон. ...Анх нөгөө хүнийг 10-20м зайд харсан. Намайг харахад замын 2-3 дугаар эгнээний голын зураасан дээр ташуу байдалтай хэвтэж байсан. ...Осол болсон газарт ямар нэгэн тэмдэг, тэмдэглэгээ байгаагүй. Ослын баруун талд 50-60м дотор явган хүний гарц харагдаж байсан...” /1-р хх-ийн 112-113/,

гэрч Э.М-ийн: “...Яармагийн замаар явж байхад Шунхлай шатахуун түгээх станцын харалдаа зам дээр явж байгаа болон хэвтэж байгаа хүн анзаарагдаагүй. Харин Нүхт ороод дуудлага авчхаад буцаад гараад ирсэн чинь Шунхлай колонкийн зүүн хойд зүгт баруунаас зүүн зүгт явах чиглэлд Хово маркийн автомашин замын зорчих хэсгийн 3-р эгнээнд аваарын дохиогоо өгчихсөн зогсож байгаа харагдсан. Өөр ямар нэгэн зүйл анзаарагдаагүй...” /1-р хх-ийн 115/ гэх мэдүүлгүүд,

Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 2022 оны 6 дугаар сарын 15-ны өдрийн 1489 дугаартай шинжээчийн: “...Талийгаач П.Цын цогцост гавал, нүүрний хэлбэр дүрс алдагдуулсан үйрч бяцарсан хугарал, тархины няцрал, бяцрал, цээжний хэлбэр алдагдуулсан хоёр талын олон хавирганы шууд бус далд хугарал, баруун эгэм, хоёр далны хугарал, сээрний 2, 3-р нугалам үеэр тасрал, хүзүү, сээрний нугалмын арын сэртэнгийн далд хугарал, баруун талын олон яс уулзах үе, симфиз үений салсан хугарал, зүүн богтос ясны далд, шуу ясны ил хугарал, цээж, хэвлийн хөндийн эрхтний няцрал, бяцрал, цээж, хэвлийн дотор эрхтэн цувж гарсан шарх, зүүн зовхины шарх, баруун бугалга, хоёр тохой, зүүн ташаа, хоёр цавь, зүүн алганд шарх, нүүрний зулгаралт гэмтэл тогтоодлоо. Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн үйлчлэлээр тухайлбал зам тээврийн ослын үед үүснэ. Баруун талын олон яс уулзах үе, симфиз үений салсан хугарал, зүүн богтос ясны далд, шуу ясны ил хугарал, зүүн алганд шарх, нүүрний зулгаралт гэмтлүүд нь босоо байрлалаас мөргөгдөж унах үед үүснэ. Бусад гэмтэл нь дайрагдах үед үүссэн байна. Баруун талын олон яс уулзах үе, симфиз үений салсан хугарал, зүүн богтос ясны далд, шуу ясны ил хугарал, зүүн алганд шарх, нүүрний зулгаралт гэмтэл нь учрах үедээ амь насанд аюултай тул Гэмтлийн зэрэг тогтоох журмын 3.1.15-д зааснаар хүнд зэрэгт хамаарна. Бусад гавал, нүүрний хэлбэр дүрс алдагдуулсан үйрч бяцарсан хугарал, тархины няцрал, бяцрал, цээжний хэлбэр алдагдуулсан хоёр талын олон хавирганы шууд бус далд хугарал, баруун эгэм, хоёр далны хугарал, сээрний 2, 3-р нугалам үеэр тасрал, хүзүү, сээрний нугалмын арын сэртэнгийн далд хугарал, цээж, хэвлийн хөндийн эрхтний няцрал, бяцрал, цээж, хэвлийн дотор эрхтэн цувж гарсан шарх, зүүн зовхины шарх, баруун бугалга, тохой, зүүн ташаа, хоёр цавины шарх гэмтэл нь учрах үедээ амь насад аюултай тул Гэмтлийн зэрэг тогтоох журмын 3.1.2, 3.1.3, 3.1.10, 3.1.12-д зааснаар гэмтлийн хүнд зэрэгт хамаарна. Талийгаач нь дээрх гавал, тархи, цээж, хэвлий, аарцаг, мөчдийн хавсарсан гэмтлийн улмаас нас баржээ. Талийгаач нь нас барах үедээ хүнд зэргийн согтолттой байжээ. Шүүх химийн шинжилгээгээр цусанд мансууруулах болон сэтгэцэд нөлөөт бодис илрээгүй байна. Шинжилгээгээр үхэлд хүргэх архаг хууч өвчин тогтоогдсонгүй. АВО системээр А (II) бүлгийн цустай байна. ...” гэх дүгнэлт, гэрэл зургийн үзүүлэлтүүд /1-р хх-ийн 138-150/,  

шинжээч эмч Н.Э-ийн: “...Задлан шинжилгээгээр гавлын хэлбэр дүрс алдагдсан, хуйхны дотор, гадар тархины цус хуралттай, тархины эдийг хэмжих боломжгүй. Гавлын орой суурь яс олон тооны хэлтэрхий үүсэж бяцарсан, хугаралттай байсан байна. Гавлын антомын хэлбэр дүрс бүрэн сэргэх боломжгүй байсан. Үүнээс үзэхэд гавлын дээгүүр гарсантай холбоотойгоор гавлын хэлбэр алдагдсан гэж ойлгоно. Гавлын олон тооны хугарал гэмтэл үүссэн учраас дээрх гэмтэл нь автомашины дугуйнд дайрагдсан үед үүснэ. ...Гавлын хэлбэр дүрс алдагдуулсан үйрч бяцарсан хугарал үүссэн учраас өмнөх машины мөргөгдөлтөөс тархинд ийм гэмтэл үүссэн гэж тогтоох боломжгүй. Учир нь анатомын бүтэц бүрэн алдагдаж дайрагдсан байсан. ...Босоо байрлалд үүссэн гэмтлүүд нь баруун талын олон яс дундах үе, симфиз үений салсан хугарал, зүүн богтос ясны далд, шуу ясны ил хугарал, зүүн алганд шарх, нүүрний зулгаралт гэмтлүүд юм. Хэвтээ байрлалд дайрагдсан үед бусад гэмтэл болох нүүрний хэлбэр дүрс алдагдсан, үйрч бяцарсан хугарал, тархины няцрал, бяцрал, 2 талын олон хавирганы хугарал, баруун эгэм, хоёр далны хугарал, сээрний 2-3-р нугалам үеэр тасрал, хүзүү, сээрний нугалмын арын сэртэнгийн далд хугарал, цээж, хэвлийн хөндийн эрхтний няцрал, бяцрал, цээж, хэвлийн дотор эрхтэн цувж гарсан ил шарх, сорви баруун бугалга, 2 тохойн ташааны зулгаралт гэмтлүүд үүссэн байх боломжтой. Тархинд үүссэн хугарал, няцрал гэмтлийг дан дайрагдалтаас үүссэн гэж үзэх боломжгүй, эхний машины мөргөлтийн улмаас, хэвтээ байрлал дээр орж дайрагдалт үүссэнээр гавлын хэлбэр дүрс алдагдуулсан хугарал үүссэн нь дээрх 2 машины гавал тархинд учирсан гэмтлийг ялгах боломжгүй...” /1-р хх-ийн 128-129, 3-р хх-ийн 28-29/ гэх мэдүүлэг,

Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 2022 оны 7 дугаар сарын 5-ны өдрийн 2161 дугаартай шинжээчийн дүгнэлт: “...Шинжилгээнд ирүүлсэн хэргийн материал ашиглан хурдыг тогтоох боломжтой байна. “Sinotruck ZZ3257-N3847А маркийн 0000 УУУ улсын дугаартай тээврийн хэрэгслийн хурд 80.3 км/цаг гарч байна...” /1-р хх-ийн 160-165/,

Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 2022 оны 6 дугаар сарын 10-ны өдрийн 1895 дугаартай шинжээчийн дүгнэлт: “...Шинжилгээнд ирүүлсэн ...цамцанд үүссэн 27x19мм, футболканд үүссэн 33x18мм хэмжээтэй гэмтлүүд гогодож татах хүчний 1 удаагийн үйлчлэлээр үүссэн шинэ гогдолтууд, дээлэнд үүссэн гогцоо бүхий суганы шилбэ тасарсан гэмтэл, 461 мм, 77мм, 232мм, 140мм хар өнгийн бэлтгэлийн өмдөнд үүссэн 125мм, 51 мм, 78х67мм, хэмжээтэй гэмтлүүд татаж чангаах хүчний үйлчлэлээр үүссэн шинэ ханзралтууд, дотоожинд үүссэн 145мм, 38мм, 80мм хэмжээтэй гэмтлүүд татаж чангаах хүчний үйлчлэлээр үүссэн шинэ урагдалтууд байна. ...” /2-р хх-ийн 56-64/,

Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 2022 оны 6 дугаар сарын 9-ний өдрийн 2945 дугаартай шинжээчийн дүгнэлт: “...0000 УУУ улсын дугаартай “...“Sinotruck ZZ3257-N3847А” маркийн автомашины зүүн талын арын дугуйн шаврын хаалт орчмоос хүний цус илэрсэн, бусад биологийн ул мөр илрээгүй. Нэр хаяггүй гэх хатаасан цус, автомашин дээрээс илэрсэн цусны ДНХ-ийн тогтоцыг тогтоов. Автомашин дээрээс илэрсэн цусны ДНХ-ийн тогтоц нь нэр хаяггүй гэх хатаасан цусны ДНХ-ийн тогтоцтой тохирч байна...” /2-р хх 82-85/,

Шүүх шинжилгээний ерөнхий газрын 2023 оны 5 дугаар сарын 01-ний өдрийн 1657 дугаартай шинжээчийн дүгнэлт: “...“Sinotruck ZZ3257” маркийн 0000 УУУ улсын дугаартай тээврийн хэрэгслийн жолооч Ж.У нь Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн 3.4. Жолооч дараах үүргийг хүлээнэ: а/ “энэ дүрмийн 4 дүгээр хавсралтад заасан эвдрэл, гэмтэл, техникийн зөрчилгүй байхаар тээврийн хэрэгслийнхээ бүрэн бүтэн байдлыг хангах;”, 12.4. “Тээврийн хэрэгслийн хурдыг суурин газарт цагт 60 км, ... -ээс хэтрүүлэхийг хориглоно.”, 12.3. “Жолооч хөдөлгөөнд аюул, саад тулгарахыг мэдсэн үед тээврийн хэрэгслийн хурдыг хасаж, зайлшгүй тохиолдолд зогсоох арга хэмжээ авна.” гэсэн заалтыг зөрчсөн байна. “Sinotruck ZZ3257” маркийн 0000 УУУ улсын дугаартай тээврийн хэрэгслийн бүрэн бүтэн байдал стандарт шаардлага хангахгүй байгаа байдал болон тээврийн хэрэгслийн хурдыг хэтрүүлсэн нь тухайн осолд нөлөөлсөн байх магадлалтай. Гэвч уг зам тээврийн осол хэрэг гарсан үндсэн шалтгаан болоогүй. “Hyundai Sonata-5” маркийн 0000 БББ улсын дугаартай тээврийн хэрэгслийн бүрэн бүтэн байдал стандарт шаардлага хангахгүй байгаа байдал болон тээврийн хэрэгслийн хурдыг хэтрүүлсэн нь тухайн осолд нөлөөлсөн байх магадлалтай. Уг зам тээврийн осол гарахад замын байгууламж, замын тэмдэг тэмдэглэгээ нөлөөлөөгүй гэж үзэж байна...” /3-р хх-ийн 61-74/,  

Авто тээврийн үндэсний төв ТӨҮГ Сонгинохайрхан техникийн хяналтын үзлэгийн төвийн 2022 оны 6 дугаар сарын 14-ний өдрийн 999319 дугаартай шинжээчийн дүгнэлт: “...“Sinotruck ZZ3257-N384А” загварын 0000 УУУ улсын дугаартай тээврийн хэрэгсэл нь техникийн бүрэн бүтэн байдал стандартын шаардлага хангахгүй байна. 3-р тэнхлэгийн тоормосны хүч зүүн талдаа 9,1 кН, баруун талдаа 3.5кН зөрүү 63% (стандарт <30%) зүүн дугуй зогсоогүй хойд дугуйн тоормос стандартын шаардлага хангахгүй, баруун болон зүүн талын ойрын гэрэл 600 сб байгаа зэргийн эвдрэл гэмтэлтэй байна. Дээрх гэмтэл нь зам тээврийн осол гарахад нөлөөлөх боломжтой боловч, тухайн зам тээврийн осолд нөлөөлсөн эсэхийг тодорхойлох боломжгүй. Дээрх эвдрэл гэмтэл нь ашиглалтын явцад үүссэн хуучин эвдрэл гэмтэл болно. 3-р тэнхлэгийн тоормосны хүчний зөрүү 63%, зүүн дугуй зогсоогүй нь тоормосны зам уртсах, баруун талын ойрын гэрэл 600 сб, зүүн талын ойрын гэрэл 600 сб байгаа нь үзэгдэх орчин хязгаарлагдах байдлаар нөлөөлөх боломжтой. Уг тээврийн хэрэгсэл нь хийн тоормосны системтэй. Тоормосны системийн ажиллагаа стандартын шаардлага хангахгүй байна. Тоормосны систем нь хийн хий-шингэн дамжуулгатай, АВS бол дээрх системүүд тоормос гишгэх үед тоормосны мөр зам дээр үүснэ...” /1-р хх-ийн 222-226/ гэх дүгнэлтүүд,  

Тээврийн цагдаагийн албаны 2022 оны 8 дугаар сарын 10-ны өдрийн 895 дугаартай мөрдөгчийн магадлагаа: “...“Sinotruck ZZ3257-N384А” маркийн 0000 УУУ улсын дугаартай тээврийн хэрэгслийн жолооч Ж.У нь Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн 3.4-т заасан “Жолооч дараахь үүргийг хүлээнэ: а/ энэ дүрмийн 4 дүгээр хавсралтад заасан эвдрэл, гэмтэл, техникийн зөрчилгүй байхаар тээврийн хэрэгслийнхээ бүрэн бүтэн байдлыг хангах”, энэ дүрмийн 4 дүгээр хавсралтын 5.2-т заасан “Хол, ойрын гэрлийн тусгалын тохиргоо алдагдсан”, мөн дүрмийн 12.3-т заасан “Жолооч хөдөлгөөнд аюул, саад түлгарахыг мэдсэн үед тээврийн хэрэгслийн хурдыг хасаж, зайлшгүй тохиолдолд зогсоох арга хэмжээ авна”, 12.4- т заасан “Тээврийн хэрэгслийн хурдыг суурин газарт цагт 60 км, суурин газрын гадна цагт 80 км, тууш замд цагт 100 км-ээс хэтрүүлэхийг хориглоно” гэсэн заалтуудыг зөрчсөн гэх үндэслэлтэй байна.

...Амь хохирогч П.Ц нь Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн 5.6-д “Явган, зорчигч нь явган хүний гарц буюу гармаар зам хөндлөн гарна. Хэрэв үзэгдэх хүрээнд явган хүний гарц, гарам байхгүй бол замын дагуу хоёр тийш сайн харагдах, хайс, хашилтгүй хэсгээр, ойртон ирж яваа тээврийн хэрэгслийг өнгөрүүлэн эгц хөндлөн гарна.” гэсэн заалтыг зөрчсөн байх үндэслэлтэй байна...” /2-р хх-ийн 17-18/,

шүүгдэгч Ж.Уын мөрдөн байцаалтад яллагдагчаар өгсөн: “...Би тухайн осол гарсан Шунхлай ШТС-ийн хойд замд хар зүйл байгаа харагдсан, тэгээд уг зүйлийг тойроод гарна гэж бодтол зорчих хэсгийн 1-р эгнээнд надтай өөр машин зэрэгцээд ороод ирсэн учраас би эгнээ байраа бүрэн сольж чадалгүй зам дээр байсан хар бараан зүйл дээгүүр машины хойд дугуйгаараа гарсан. ...” гэх мэдүүлэг /2-р хх-ийн 125/ зэрэг мөрдөн байцаалтын явцад хуульд заасан үндэслэл журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн, шүүхийн хэлэлцүүлгээр хянан хэлэлцсэн нотлох баримтуудаар нотлогджээ. 

Шүүгдэгч Ж.Уын Хан-Уул дүүргийн 6 дугаар хороо “Шунхлай” шатахуун түгээх станцын хойд замд “Sinotruck ZZ3257” маркийн 0000 УУУ улсын дугаартай тээврийн хэрэгслийг жолоодон замын хөдөлгөөнд оролцохдоо Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн 3.4-т заасан “Жолооч дараахь үүргийг хүлээнэ: а/ энэ дүрмийн 4 дүгээр хавсралтад заасан эвдрэл, гэмтэл, техникийн зөрчилгүй байхаар тээврийн хэрэгслийнхээ бүрэн бүтэн байдлыг хангах”, энэ дүрмийн 4 дүгээр хавсралтын 5.2-т заасан “Хол, ойрын гэрлийн тусгалын тохиргоо алдагдсан”, мөн дүрмийн 12.3-т заасан “Жолооч хөдөлгөөнд аюул, саад тулгарахыг мэдсэн үед тээврийн хэрэгслийн хурдыг хасаж, зайлшгүй тохиолдолд зогсоох арга хэмжээ авна”, 12.4-т заасан “Тээврийн хэрэгслийн хурдыг суурин газарт цагт 60 км, суурин газрын гадна цагт 80 км, тууш замд цагт 100 км-ээс хэтрүүлэхийг хориглоно” гэсэн заалтуудыг тус тус зөрчсөний улмаас зам дээр хэвтэж байсан явган зорчигч П.Цыг дайрч, түүний амь насыг хохироосон үйлдэл нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлд заасан “Автотээврийн хэрэгслийн хөдөлгөөний аюулгүй байдал, ашиглалтын журам зөрчих” гэмт хэргийн 3 дахь зүйлд заасан  “...Авто тээврийн хэрэгслийн жолооч хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний актыг зөрчсөний улмаас ...хүний амь нас хохирсон... гэсэн хүндрүүлэх шинжийг бүрэн агуулсан байна.  

3. Анхан шатны шүүхээс тогтоосон хэргийн үйл баримт нь хэргийн бодит байдалтай нийцсэн төдийгүй Н.Ш, Ж.У нарын үйлдлүүдийг зүйлчилсэн хэргийн зүйлчлэл хууль зүйн үндэслэлтэй, Эрүүгийн хуулийг зөв хэрэглэсэн байна.

Хавтаст хэрэгт авагдсан нотлох баримтууд нь хуульд заасан үндэслэл, журмын дагуу цуглуулж, бэхжүүлэгдсэн, хоорондоо зөрүүгүй, гэмт хэргийн үйл баримтыг тогтооход хангалттай байх ба анхан шатны шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 1.7 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт “Шүүх хэргийн бодит байдлыг талуудын мэтгэлцээний үндсэн дээр тогтооно” гэж заасны дагуу шүүх хуралдааны мэтгэлцээнд тэгш эрхтэй оролцох эрх бүхий яллах болон өмгөөлөх талуудыг оролцуулан, тэдний тайлбар, дүгнэлт, шинжлэн судалсан бичгийн нотлох баримтуудад үндэслэн хууль зүйн дүгнэлт хийжээ.

Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт заасан гэмт хэрэг үйлдсэн этгээдэд “...тээврийн хэрэгслийг жолоодох эрхийг гурван жилээс таван жил хүртэл хугацаагаар хасаж нэг жилээс таван жил хүртэл хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах, эсхүл нэг жилээс таван жил хүртэл хугацаагаар хорих ял шийтгэнэ.” гэсэн ял оногдуулахаар заасан ба Ж.Ут тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг 3 жилийн хугацаагаар хасаж, 01 жил 6 сарын хугацаагаар хорих ялыг,

Н.Шт тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг 4 жилийн хугацаагаар хасаж, 01 жил 6 сарын хугацаагаар, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.11 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэг үйлдсэн этгээдэд оногдуулах “...дөрвөн зуун тавин нэгжээс хоёр мянга долоон зуун нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгох, эсхүл хоёр зуун дөчин цагаас долоон зуун хорин цаг хүртэл хугацаагаар нийтэд тустай ажил хийлгэх, эсхүл нэг сараас зургаан сар хүртэл хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах ял шийтгэнэ.” гэсэн ялаас Н.Шт нийтэд тустай ажил хийлгэх төрлийн сонгож, 240 цагийн хугацаагаар оногдуулсан нь тус тус тэдний үйлдсэн гэмт хэргийнх нь хэр хэмжээ, нийгмийн аюулын шинж чанар, гэмт хэрэг үйлдэгдсэн нөхцөл байдалд тохирсон төдийгүй Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан “...Эрүүгийн хариуцлагын зорилго нь гэмт хэрэг үйлдсэн хүнийг цээрлүүлэх, ...гэмт хэргээс урьдчилан сэргийлэхэд оршино...” гэсэн эрүүгийн хариуцлагын зорилгод нийцжээ гэж давж заалдах шатны шүүх дүгнээд шүүгдэгч Н.Ш, түүний өмгөөлөгч Ч.Загдсүрэн нарын гаргасан давж заалдах гомдлын зарим хэсэг болох, шүүгдэгч Ж.Уын өмгөөлөгч П.Алтанчимэгийн “...хорих ял оногдуулсныг өөр төрлийн ял болгон хөнгөрүүлж өгнө үү...” гэсэн агуулга бүхий давж заалдах гомдлуудыг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэв.

4. Шүүгдэгч Н.Ш нь 2005 оны 8 дугаар сарын 17-ны өдөр төрсөн, гэмт хэрэг гарсан 2022 оны 5 дугаар сарын 24-нөөс 25-нд шилжих хугацаанд 18 насанд хүрээгүй буюу 16 настай байсан болох нь түүний төрсний гэрчилгээний хуулбар /1-р хх-ийн 85, 2-р хх-ийн 162/, иргэний үнэмлэхийн хуулбар /2-р хх-ийн 163/, нас тоолсон тэмдэглэл /2-р хх-ийн 161/ зэргээр тогтоогдож байна.

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 8.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “Гэмт хэрэг үйлдэх үедээ арван дөрвөн насанд хүрсэн ба арван найман насанд хүрээгүй байсан хүнд энэ бүлэгт заасан үндэслэл, журмын дагуу эрүүгийн хариуцлага хүлээлгэнэ”, 8.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт “Шүүх энэ хуулийн тусгай ангид хорих ял оногдуулахаар заасан гэмт хэрэг үйлдсэн өсвөр насны хүнд энэ хуулийн 5.6 дугаар зүйлд заасан журмаар тусгай ангид заасан хорих ял оногдуулж эдлэх ялыг хоёр дахин багасгана” гэж зааснаар Н.Шт Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар оногдуулсан 01 жил 6 сарын хорих ялын хугацааг хоёр дахин багасгаж 9 сарын хорих ял болгож шийдвэрлэх байсныг анхан шатны шүүх хэрэглээгүй байгааг зөвтгөж, энэ талаарх өөрчлөлтийг шийтгэх тогтоолд оруулах нь зүйтэй гэж давж заалдах шатны шүүх дүгнэв.

5. Шүүх хохирогчийн хууль ёсны төлөөлөгчөөс нэхэмжилсэн оршуулгын ажлын хохирол төлбөрийг төлөгдсөн гэж хэрэгт авагдсан баримтын хүрээнд үндэслэлтэй тооцож шийдвэрлэсэн байна.

Харин амь хохирогч П.Цын хууль ёсны төлөөлөгч Д.Бт сэтгэцэд учирсан хор уршигт 96,250,000 төгрөгийг хувь тэнцүүлэн Н.Ш, Ж.У нараас гаргуулан шийдвэрлэсэн нь үндэслэлгүй байна гэж давж заалдах шатны шүүх дүгнэв.

 Шүүхийн шинжилгээний байгууллага[1] нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлд заасан “Автотээврийн хэрэгслийн хөдөлгөөний аюулгүй байдал, ашиглалтын журам зөрчих” гэмт хэргийн хохирогчийн хууль ёсны төлөөлөгч П.Бийн сэтгэцэд хор уршиг учирсан байдлыг тогтоогоогүй байхад түүний сэтгэцийн эрүүл мэндэд тус гэмт хэргийн улмаас сэтгэцийн хор уршиг учирсан гэж дүгнэсэн нь үндэслэлгүй.

Сэтгэл санааны хохирол нэхэмжилснийг хохирогчийн сэтгэцэд учирсан гэм хор гэж үзэхгүй.  Энэ талаар, Монгол Улсын Дээд шүүх  “...“Сэтгэцэд учирсан хор уршиг” гэдэгт гэмт хэргийн хохирогч гэмтлийн улмаас мэдэрч буй өвдөлт, зовуурь, шаналал, түүнчлэн гэмт хэргийн улмаас амьдралын баяр баясалгүй болох, нийгмийн байр сууриа алдах, бусадтай хэвийн харилцах чадваргүй болох, хувийн зан байдал нь сөргөөр өөрчлөгдөх зэргээр амьдралын чанар муудсаны улмаас сэтгэцийн эмгэгтэй болохыг ойлгоно.[2], “Сэтгэцийн эмгэг” гэдгийг Сэтгэцийн эрүүл мэндийн тухай хуулийн 3 дугаар зүйлийн 3.1 1-д зааснаар ойлгоно. Сэтгэцийн эмгэг учирсан нь хор уршгийг арилгах үндэслэл болно.[3]...” гэж тодорхой тайлбарласан.

Иймд дээрх үндэслэлээр шийтгэх тогтоолын тогтоох хэсгийг 8 дахь заалтыг өөрчилж, хохирогчийн хууль ёсны төлөөлөгч П.Бийн энэ гэмт хэргийн улмаас сэтгэл санаандаа болон сэтгэцэд учирсан хор уршгийн талаарх нэхэмжлэлээ жич иргэний журмаар шүүгдэгч Н.Ш, Ж.У нараас нэхэмжлэх эрхийг нь заах нь зүйтэй байна.

6. Шүүгдэгч Н.Ш, Ж.У нь шийтгэх тогтоол гарсан 2023 оны 9 дүгээр сарын 6-ны өдрөөс давж заалдах шатны шүүх хуралдаанаар хэргийг шийдвэрлэсэн 2023 оны 11 дүгээр сарын 7-ны өдрийг хүртэл нийт 62 хоног цагдан хоригдсоныг шүүгдэгч нарын ял эдлэх хугацаанд оруулан тооцох хууль зүйн үндэслэлтэй.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.1, 1.4 дэх заалтад заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Хан-Уул дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2023 оны 9 дүгээр сарын 6-ны өдрийн 2023/ШЦТ/577 дугаар шийтгэх тогтоолын:

тогтоох хэсэгт “...Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 8.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан шүүгдэгч Н.Шт Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт заасан оногдуулсан нэг жил зургаан сарын хугацаагаар хорих ялыг хоёр дахин багасгаж, есөн сарын хугацаагаар хорих ял шийтгэсүгэй” гэсэн нэмэлт заалтыг оруулж,

тогтоох хэсгийн 3 дахь заалтад “...01 жил 6 сарын хугацаагаар хорих ял дээр нэмж нэгтгэн, Н.Шын нийт биечлэн эдлэх ялыг тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг 4 /дөрөв/ жилийн хугацаагаар хасаж, 01 жил 7 сарын /нэг жил долоон сар/ хугацаагаар хорих ялаар тогтоосугай.” гэснийг “...9 /ес/ сарын хугацаагаар хорих ял дээр нэмж нэгтгэн, Н.Шын нийт биечлэн эдлэх ялыг тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг 4 /дөрөв/ жилийн хугацаагаар хасаж, 10 сарын хугацаагаар хорих ялаар тогтоосугай.” гэж өөрчилж,

тогтоох хэсгийн 8 дахь заалтад “...Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.3 дахь хэсэг, 511 дүгээр зүйлийн 511.5 дахь хэсэгт зааснаар хохирогчийн хууль ёсны төлөөлөгч П.Бт сэтгэцэд учирсан хор уршиг 96,250,000 төгрөгийг шүүгдэгч Н.Ш, Ж.У нараас хувь тэнцүүлэн 48,125,000 төгрөгийг тус тус гаргуулж, хохирогчийн хууль ёсны төлөөлөгч П.Бт олгосугай. ...” гэснийг “...Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.4 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар хохирогчийн хууль ёсны төлөөлөгч П.Б нь энэ гэмт хэргийн улмаас учирсан хор уршгаа иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх ажиллагааны журмаар шүүгдэгч Н.Ш, Ж.У нараас жич нэхэмжлэх эрхтэй болохыг дурдсугай. ...” гэж өөрчилсүгэй.

2. Шийтгэх тогтоолын тогтоох хэсгийн бусад заалтуудыг хэвээр үлдээж, шүүгдэгч Ж.Уын өмгөөлөгч П.Алтанчимэг, шүүгдэгч Н.Ш, түүний өмгөөлөгч Ч.Загдсүрэн нарын гаргасан хорих ялыг өөр төрлийн ял болгож хөнгөрүүлж өгнө үү гэсэн давж заалдах гомдлуудыг тус тус хэрэгсэхгүй болгосугай.

3. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.10 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Н.Ш, Ж.У нарын 2023 оны 9 дүгээр сарын 6-ны өдрөөс 2023 оны 11 дүгээр сарын 7-ны өдрийг хүртэл цагдан хоригдсон 62 /жаран хоёр/ хоногийг тус тус шүүгдэгч нарын ял эдлэх хугацаанд оруулан тооцсугай.

4. Анхан болон давж заалдах шатны шүүхийн хууль хэрэглээний зөрүүг арилгах, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, хуулийг Улсын дээд шүүхийн тогтоол, тайлбараас өөрөөр хэрэглэсэн, эрх зүйн шинэ ойлголт, эсхүл хууль хэрэглээг тогтооход зарчмын хувьд нийтлэг ач холбогдолтой гэж үзвэл энэхүү магадлалыг гардуулсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хэргийн оролцогч хяналтын журмаар гомдол, эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурдсугай.

 

 

 

              ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                Ш.БАТ-ЭРДЭНЭ

              ШҮҮГЧ                                                        Ж.ЭРДЭНЭЧИМЭГ

              ШҮҮГЧ                                                        Д.ОЧМАНДАХ

 

[1] Хууль зүй, дотоод хэргийн сайд, Эрүүл мэндийн сайдын 2023 оны 07 дугаар сарын 31-ний өдрийн  А/268, А/275 дугаар хамтарсан “Гэмт хэргийн улмаас хүний сэтгэцэд учирсан хор уршгийн зэрэглэлийг тогтоож, дүгнэлт гарах журам” тушаалын 2.1 дэх хэсэг

[2] 2023 оны 7 дугаар сарын 3-ны өдрийн  25 дугаар Монгол Улсын Дээд шүүхийн  нийт шүүгчийн хуралдааны тогтоол “Хүний сэтгэцэд учирсан хор уршгийг арилгах, нөхөн төлүүлэх төлбөрийн жишиг аргачлал” 2.1 дэх хэсэг.

[3] 2023 оны 7 дугаар сарын 3-ны өдрийн  25 дугаар Монгол Улсын Дээд шүүхийн  нийт шүүгчийн хуралдааны тогтоол “Хүний сэтгэцэд учирсан хор уршгийг арилгах, нөхөн төлүүлэх төлбөрийн жишиг аргачлал” 2.2 дахь хэсэг.