Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2018 оны 02 сарын 06 өдөр

Дугаар 125

 

Чингэлтэй дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны шүүх хуралдааныг шүүгч С.Батгэрэл даргалж,

шүүх хуралдааны нарийн бичгийн даргаар Н.Номинчимэг,

улсын яллагч Б.Байгалмаа,

шүүгдэгч Ж.Х, түүний өмгөөлөгч Ө.Болормаа /¹0058/ нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн эрүүгийн шүүх хуралдаанаар Чингэлтэй дүүргийн прокурорын газраас яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Б овогт Ж-н Хд холбогдох 1711006850197 тоот эрүүгийн хэргийг 2018 оны 01 дүгээр сарын 05-ны өдөр хүлээн авч шүүн хэлэлцэв.

 

Шүүгдэгч: Монгол Улсын иргэн, 1987 оны 7 дугаар сарын 07-ны өдөр Дорноговь аймгийн Хажуу-Улаан гэх газарт төрсөн, 30 настай, эмэгтэй, дээд боловсролтой, Нийгмийн ажилтан мэргэжилтэй, ам бүл 4, 1-9 насны 3 хүүхдийн хамт тоотод оршин суух хаягтай, урьд 2016 оны 8 дүгаар сарын 22-ны өдөр Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 67 дугаар шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 98 дугаар зүйлийн 98.1 дэх хэсэгт зааснаар 1 жил 6 cap хорих ялаар шийтгүүлж, мөн хугацаагаар шийтгэх тогтоол биелүүлэхийг хойшлуулсан, 2017 оны 11 дүгээр сарын 23-ны өдөр Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхээс 763 тоот шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1-т зааснаар зааснаар 9 cap 8 хоног хорих ялаар шийтгүүлсэн, улсаас авсан гавъяа шагналгүй, ухаан мэдрэл бүрэн, хэрэг хариуцах чадвартай, Б овогт Ж-ын Х /РД: /,

 

Холбогдсон хэргийн талаар: Шүүгдэгч Ж.Х нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогджээ. 

 

ТОДОРХОЙЛОХ НЬ:

 

Шүүгдэгч Ж.Х нь 2017 оны 5 дугаар сараас 8 дугаар сарын хооронд хохирогч Г.Жавхлангаас 500.000 төгрөг, Б.Анхтуяагаас 1.700.000 төгрөг, Б.Байгалмаагаас 1.000.000 төгрөг, С.Болорцэцэгээс 600.000 төгрөг, Г.Туяацэцэгээс 1.500.000 төгрөг, Г.Бадамлянхуагаас 500.000 төгрөг, Н.Ариунзаяагаас 1.000.000 төгрөгийг Чингэлтэй дүүргийн 1 дүгээр хорооны нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулах Ерөнхий боловсролын 23 дугаар сургууль, тус дүүргийн 3 дугаар хороонд үйл ажиллагаа явуулах Ерөнхий боловсролын 24 дүгээр сургуулиудад харъяаллын бус хүүхэд оруулж өгнө гэж залилаж нийт 6.800.000 төгрөгийн хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутай болох нь:

­­­­­­­­­     Шүүгдэгчийн шүүхийн хэлэлцүүлэгт хэргээ хүлээн мэдүүлсэн мэдүүлэг, яллагдагч Ж.Хгийн мөрдөн байцаалтад өгсөн: “...Би Болороо гэж хүнд өгсөн гээд худал хэлсэн юм. Яагаад гэвэл энэ хугацаанд хохирлоо барагдуулах гээд худлаа мэдүүлсэн байсан юм. Би хүмүүсээс авсан бичиг баримтын хуулбарыг шатаачихсан юм. Харин мөнгийг нь өөрийн хэрэгцээнд хэрэглэсэн. Тухайн үед өрх толгойлон амьдарч байсан, ажилгүй байсан учраас мөнгөний хэрэгцээ болоод байхаар худал хэлээд хүмүүсээс мөнгө авчихсан юм. Надад хүнтэй бүлэглэж энэ гэмт хэргийг үйлдсэн асуудал байхгүй. Тиймээс миний байдлыг харгалзан үзэж хөнгөн ял шийтгэл оноож өгнө үү.” гэх мэдүүлэг /хх-ийн 105х/,

хохирогч Г.Жавхлангийн мөрдөн байцаалтад өгсөн: "...Би 2017 оны 5 дугаар сард хүүхдээ 24 дүгээр сургуульд оруулахаар Хулан гэх хүнд бичиг баримтын хуулбар болон 500.000 төгрөг өгсөн. Хулан өөрийгөө боловсролын яамны мэргэжилтэн гэж надад хэлж байсан. Хуланд Чингэлтэй дүүргийн 9 дүгээр хороо, Дэнжийн 14-169 тоот гэрийнх нь үүдэнд өгч байсан. Хулан нь надад чиний өгсөн мөнгийг сургуулийн захиралд өгөөд асуудлыг шийдвэрлэсэн гэж хэлсэн. Ингээд 2017 оны 8 дугаар сарын 16-ны өдөр Хулангийн 88166051 дугаарлуу залгаад юу болсон талаар асуухад бүх асуудал болсон 20-д гаргаад анги хувиарлалт хийнэ гэсэн. Харин ахиад хэдэн хүүхэд байвал оруулж өгч чадна гэж хэлсэн. ...Ингээд хүүхдээ аваад 2017 оны 9 дүгээр сарын 01-ний өдөр 24 дүгээр сургууль дээр очсон бүртгэлд байхгүй байсан. ...Хулантай утсаар ярихад 2017 оны 9 дүгээр сарын 04-ний өдөр шууд ангидаа ороорой танайх 1а, 16 гэх мэтээр ангиудыг зааж өгсөн. Ингээд 9 дүгээр сарын 04-нд ирэхэд бас л нэрс нь байхгүй байсан. 2017 оны 9 дүгээр сарын 05-ны өдөр ярихад чиний гуйсан хүмүүсийн нэг нь боловсролын яамруу залгаж хэлсэн байна. Би түүнээс чинь болж сая хурлаар ороод ажилгүй болох шахлаа энэ асуудлыг шийдвэрлэж дуустал хүүхдүүдээ сургуульд явуулахгүй бай гэж хэлсэн. Түүнээс хойш утсаа салгаад алга болсон.” гэх мэдүүлэг /хх-ийн 12х/,

...Манай дүү Гансүх нь таксинд явж байгаад Хулантай танилцсан юм байна лээ. Гансүхэд өөрийгөө боловсролын яаманд ажилладаг ганц нэг хүүхэд оруулж өгч чадна зэргээр ярьсан байсан бөгөөд өөрийнх нь хүүхэд миний ажилладаг 70 дугаар цэцэрлэгт явдаг талаар хэлж байсан учир би Хулантай уулзаж танилцсан юм. Хулан надад мөн өөрийгөө боловсролын яаманд Чингэлтэй дүүргийн сургууль хариуцсан мэргэжилтэн гэж хэлж байсан.” гэх мэдүүлэг /хх-ийн 35х/

хохирогч Б.Анхтуяагийн мөрдөн байцаалтад өгсөн: "...Би өөрийнхөө хүүхдийг 24 дүгээр сургуулийн 1 дүгээр ангид оруулах гэж ажлынхаа Жавхлан гэх хүнд 2017 оны 05 дугаар сарын эхээр 1.000.000 төгрөг өгсөн. 2017 оны 9 дүгээр сарын 02-ны өдөр найзынхаа хүүхдийг 24 дугаар сургуульд оруулах гэж 700.000 төгрөгийг бэлнээр Хуланд өөртэй нь уулзаж өгсөн. Үүний дараа Хулангаас асууж тодруулахад удахгүй гэж байсан боловч 2017 оны 9 дүгээр сарын 06-ны өдрөөс холбоо барьж болохгүй болсон. /хх-ийн 17х/

Би найз Борын хүүхдийг 24 дүгээр сургуульд оруулах гэж өөрөөсөө 700.000 төгрөг гаргаж Хуланд өгсөн. Найз Бор нь Солонгос улсад ажиллаж амьдардаг. Мөн манай найз надад мөнгийг өгөөгүй байсан учраас би мөнгө гаргаснаараа хохирогчоор мэдүүлэг өгсөн. Би 1.200.000 төгрөг нэхэмжилж байна.” гэх мэдүүлэг /хх-ийн 101х/,

хохирогч Б.Байгалмаагийн мөрдөн байцаалтад өгсөн: Би 2017 оны 8 дугаар сарын 26-ны өдөр өөрийн дүү Энхбаярын хүүхдийг 23 дугаар сургуульд оруулах гэж 1.000.000 төгрөгийг Жавхланд өгсөн. Маргааш нь надад бүртгэлд орсон гэж хэлэхээр нь бүртгэлийн хуудас авах гэсэн чинь бүртгэлийн хуудас байхгүй байсан, ингээд 9 дүгээр сарын 01-ний өдөр хүүхдээ 23 дугаар сургуульд оруулж өгөхөөр ирсэн боловч нэр нь байхгүй байсан. Энэ талаар Жавхланд хэлсэн бөгөөд буцаад хариу хэлнэ гэсэн. Сүүлд нь би боловсролын яаманд ажилладаг Хулан гэх хүнтэй утсаар ярихад танай хүүхдийг 23 дугаар сургуульд оруулж өгнөө бусад хүүхдүүд бүтэхгүй байна гэх зэргээр ярьсан, сүүлдээ утсаа авахгүй зугтаад алга болсон.” гэх мэдүүлэг /хх-ийн 23х/

...Би өөрийн дүү Энхбаярын хүүхдийг оруулах гэж өөрийн 1.000.000 төгрөгийг Жавхлангаар дамжуулж Хуланд өгсөн. Тухайн үед манай дүү мөнгөгүй байсан. Тэгээд хүүхдийг сургуульд оруулж өгч чадаагүй учраас манай дүү надад мөнгө өгөөгүй. Тэгээд Хулангаас би өөрийн өгсөн 1.000.000 төгрөг нэхэмжилж байна.” гэх мэдүүлэг /хх-ийн 99х/

Хохирогч С.Болорцэцэгийн мөрдөн байцаалтад өгсөн: Би 23 дугаар сургуульд өөрийнхөө хүүхдийг оруулах гэж ажлынхаа Жавхлан гэж хүнд 2017 оны 8 дугаар сарын 26-ны өдөр 600.000 төгрөг өгсөн. Одоо манай хүүхэд 23 дугаар сургуульд ороогүй. Жавхланд өөрийнхөө хүүхдийг Хулан гэх хүнээр дамжуулж 24 дүгээр сургуульд оруулсан гэхээр нь итгэсэн. Хохирлоо барагдуулж авсан учраас гомдолгүй. /хх-ийн 29х, 30х/

хохирогч Г.Туяацэцэгийн мөрдөн байцаалтад өгсөн: Би 2017 оны 8 дугаар сарын сүүлээр хамт ажилладаг Жавхланг хүүхдээ яриад 24 дүгээр сургуульд оруулсан гэхээр нь найзынхаа хүүхдийг оруулах гэж 1.500.000 төгрөг өгсөн. Тэгсэн хүүхдийг нь оруулж өгөөгүй. Миний хувьд гомдол санал байхгүй. Хулан миний хохирлыг барагдуулсан.” гэх мэдүүлэг /хх-ийн 32х/

...Хуланд би өөрийн дансаас 1.500.000 төгрөгийг авч өгсөн. Манай найз Мөнгөнчимэг нь Увс аймагт амьдардаг. Хүүхдээ Улаанбаатар хотод сургуульд оруулах гэсэн боловч бүтээгүй учраас Увс аймагтаа оруулсан.” гэх мэдүүлэг /хх-ийн 100х/,

хохирогч Г.Бадамлянхуагийн мөрдөн байцаалтад өгсөн: Манай эгч Цэгмид нь 24 дүгээр сургуульд бага ангийн багшаар ажилладаг. Тэгсэн чинь ангийнх нь хүүхдийн ээж Жавхлан гэх эмэгтэй таньдаг хүнээрээ дамжуулаад хүүхэд сургуульд оруулж өгнө гэж байна гэхээр нь би хүүхдээ сургуульд оруулахаар Жавхпангийн таньдаг гэх Хуланд 500.000 төгрөгийг Жавхлангаар дамжуулан өгсөн юм. ...Тэгээд Хулан гэх эмэгтэйтэй утсаар яриад ангийг нь хувиарлаж өгөх гэж байна гэж дуудахаар нь хүүхдээ дагуулаад очсон чинь өнөөдөр болилоо нэг мөсөн нэг дэх өдөр хүрээд ир гэхээр нь нэг дэх өдөр нь ирсэн чинь захирал нь анги хувиарласан гарын үсэг зуруулна гэж байна. Тэр үед нь би дуудая гээд бид нарыг дуудахгүй байхаар нь сургуулийнх нь менежертэй орж уулзахад бид нарыг сургуулийн захиралтай уулз гэсэн. Тэгээд сургуулийн захирал дээр ороод Хулан гэж хүнээр дамжуулан хүүхдээ оруулах гэж байсан талаараа хэлэхэд Хулан гэх хүнийг танихгүй залилуулсан байна гэж хэлсэн учраас залилуулсан байна гэдгээ мэдээд цагдаад гомдол гаргасан юм. Би 500.000 төгрөгөө нэхэмжилж байна.” гэх мэдүүлэг /хх-ийн 96х/

хохирогч Н.Ариунзаяагиин мөрдөн байцаалтад өгсөн: Манай хамаатан Отгончимэг нь хүүхэд сургуульд оруулах найдвартай хүн байна гэхээр нь хүүхдээ 23 дугаар сургуульд оруулахаар Хуланд 1.000.000 төгрөг өгсөн юм. Тэгээд 9 дүгээр сарын 01-ний өдөр болоод хүүхдээ оруулах гэсэн чинь өнөөдөр анги хувиарлалт хийх гэж байна, маргааш өглөө шууд хүрээд ир гэж байна гэж хэлсэн. Тэгээд би маргааш өглөө нь хүүхдээ сургуульд нь хүргэж өгөх гэсэн чинь Хулан надруу залгаад Боловсролын яаман дээр бөөн асуудал болоод байна хүүхдээ түр өгөлгүй хүлээж байгаарай гэхээр нь яамруу нь залгаад танайд Хулан гэж мэргэжилтэн байдаг уу гэхэд байхгүй гэхээр нь Хуланруу залгаад хэлсэн чинь Хулан чамд мөнгийг чинь өгчихье гэхээр нь би мөнгөө авъя гээд мөнгөө авсан. Одоо надад гомдол санал байхгүй.” гэх мэдүүлэг /хх-ийн 98х/,

гэрч Л.Цэгмидийн мөрдөн байцаалтад өгсөн: Би дүү Бадамлянхуагийн хүүхдийг 24 дүгээр сургуульд оруулахаар 500.000 төгрөг Жавхланд өгсөн. Жавхлангийн хүүхэд нь манай ангид суралццаг юм. Тэгээд Жавхлан нь хүүхдээ манай сургуульд оруулахаар болсон гээд ярихаар нь би найдвартай хүн байвал би дүүгийнхээ хүүхдийг оруулая гэж хэлээд би 500.000 төгрөг бичиг баримтыг хуулбартай нь хамт өгсөн боловч хүүхдийг нь сургуульд оруулж өгч чадаагүй.” гэх мэдүүлэг /хх-ийн 104х/ болон бусад хавтас хэрэгт авагдсан бичгийн нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдож байна.

 

Дээрхи нотлох баримтууд нь энэ хэрэгт хамааралтай, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан журмаар цуглуулж, бэхжүүлсэн, хэргийг хянан шийдвэрлэхэд хангалттай гэж шүүх үнэлэв.

Иймд шүүгдэгч Ж.Х нь амар хялбар аргаар мөнгө олох зорилгоор, шунахай сэдэлтээр Чингэлтэй дүүргийн нутаг дэвсгэрт байрлах ерөнхий боловсролын 23, 24 дүгээр сургуулиудад харъяаллын биш хүүхдийг оруулж өгөхөөр хохирогч нарт амалж зохиомол байдлыг зориудаар бий болгож, бодит байдлыг нуух замаар бусдыг төөрөгдөлд оруулж залилсан буюу Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцож, түүнд ял шийтгэл оногдуулах үндэслэлтэй гэж шүүх дүгнэв.

 

Шүүгдэгч Ж.Х нь бусдыг хуурч мэхлэн залилсан гэмт хэргийг үйлдэж бусдад учруулсан хохиролоо заримыг нь мөрдөн байцаалтын шатанд төлж барагдуулсан, үлдсэн хохиролоо шүүхийн шатанд завсарлага авч бүрэн төлж барагдуулсан болох нь хавтас хэрэгт авагдсан бичгийн баримтуудаар тогтоогдож байх тул түүнийг бусдад төлөх төлбөргүй гэж шүүх үзэв.    

 

Шүүгдэгч Ж.Хд ял шийтгэл оногдуулахдаа гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, гэм буруугаа хүлээж үйлдсэн хэрэгтээ гэмшиж буй байдал, бусдад учруулсан хохиролоо сайн дураараа төлж байрагдуулсан, удаа дараа нэг төрлийн гэмт хэрэгт шийтгүүлж буй хувийн байдлыг нь харгалзан үзэж түүнд тохирох ял шийтгэлийг оногдуулав.

 

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2, 36.6, 36.7, 36.8, 36.10, 37.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт заасан зүйл заалтуудыг тус тус удирдлага болгон

 ТОГТООХ нь:

 

              1. Б овогт Ж-ын Х-г зохиомол байдлыг зориудаар бий болгон, бодит байдлыг нуух замаар төөрөгдөлд оруулан бусдыг хуурч мэхэлж залиласан буюу Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

 

2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар Ж.Х-д нийт 480 /дөрвөн зуун ная/ цаг нийтэд тустай ажил хийлгэх ял шийтгэсүгэй.

 

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.9 дүгээр зүйлийн 1,2 дахь хэсэгт заасныг тус тус журамлан Ж.Х-д Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар оногдуулсан 480 /дөрвөн зуун ная/ цаг нийтэд тустай ажил хийлгэх ялыг 60 /жар/ хоногийн хорих ялд шилжүүлэн, 2017 оны 11 дүгээр сарын 23-ны өдрийн Баянзүрх дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 763 тоот шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар оногдуулсан 9 сар 8 хоногийн хорих ялын, эдлээгүй үлдсэн 6 /зургаа/ сар 23 /хорин гурав/ хоног хорих ял дээр нэмж нэгтгэн, түүний биечлэн эдлэх хорих ялыг нийт 8 /найм/ сар 23 /хорин гурав/ хоногоор тогтоосугай.

4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт заасныг журамлан Ж.Хд шүүхээс оногдуулсан 8 /найм/ сар 23 /хорин гурав/ хоног хорих ялыг нээлттэй хорих  байгууллагад эдлүүлсүгэй.

 

5.Энэ хэрэгт битүүмжлэгдэн ирсэн хөрөнгөгүй, эд мөрийн баримтаар хураагдан ирсэн зүйлгүй, шүүгдэгч бусдад төлөх төлбөргүй болохыг тус тус дурдсугай.

 

6. Шүүгдэгч Ж.Х-д оногдуулсан хорих ялыг энэ өдрөөс эхлэн тоолсугай.

 

7. Шүүхийн шийтгэх тогтоолыг улсын яллагч, шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн хууль ёсны төлөөлөгч, өмгөөлөгч өөрөө гардан авсанаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн Давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурдсугай.

 

              8. Тогтоол танилцуулан сонсгосноор хүчинтэй болох бөгөөд тогтоолд давж заалдах гомдол, эсэргүүцэл гаргавал тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж. Ж.Хуланд урьд авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

 

 

 

                     ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                                   С.БАТГЭРЭЛ