Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2023 оны 11 сарын 08 өдөр

Дугаар     2023/ДШМ/1076

 

    

 

Д.Аэд холбогдох

эрүүгийн хэргийн тухай

 

Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч Ш.Бат-Эрдэнэ даргалж, шүүгч Б.Ариунхишиг, шүүгч Д.Очмандах нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанд:

прокурор Н.Энхтулга,

шүүгдэгч Д.Аийн өмгөөлөгч Ч.Түвшинжаргал, Э.Намжилцэрэн,

хохирогч Б.Аийн өмгөөлөгч Б.Борхүү,    

нарийн бичгийн дарга Б.Пэрэнлэйдулам нарыг оролцуулан, 

Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2023 оны 8 дугаар сарын 24-ний өдрийн 2023/ШЦТ/855 дугаар шийтгэх тогтоолыг эс зөвшөөрч шүүгдэгч Д.А, түүний өмгөөлөгч Ч.Түвшинжаргал нарын давж заалдах гомдлуудыг үндэслэн Д.Аэд холбогдох 2209034130787 дугаартай эрүүгийн хэргийг 2023 оны 10 дугаар сарын 18-ны өдөр хүлээн авч, шүүгч Д.Очмандахын илтгэснээр хянан хэлэлцэв.

тоотод оршин суух, ял шийтгэлгүй;  

Шүүгдэгч Д.А нь 2022 оны 11 дүгээр сарын 23-аас 24-нд шилжих шөнө Сүхбаатар дүүргийн 6 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах 4444 нэртэй караокед хувийн таарамжгүй харьцааны улмаас хохирогч Б.Атэй маргалдаж, улмаар нүдийг нь маажиж, эрүүл мэндэд нь хүндэвтэр хохирол санаатай учруулсан гэмт хэрэгт холбогджээ.

Сүхбаатар дүүргийн прокурорын газраас: Шүүгдэгч Д.Аийн үйлдэлд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж, хэргийг шүүхэд шилжүүлжээ.   

Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх: Шүүгдэгч Д.А-ийг “Хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол санаатай учруулсан” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар гурван зуу цагийн хугацаагаар нийтэд тустай ажил хийлгэх ял шийтгэж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.4 дүгээр зүйлийн 2, 4 дэх хэсэгт зааснаар оногдуулсан нийтэд тустай ажил хийлгэх ялыг өдөрт наймаас дээшгүй цагаар хийлгэхээр тогтоож, шүүгдэгч нь нийтэд тустай ажил хийлгэх ялыг биелүүлээгүй бол хорих ялаар солихыг мэдэгдэж, шүүгдэгч нь цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй болохыг тус тус дурдаж, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.4 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар хохирогч Б.А нь цаашид гарах эмчилгээний зардал, ажилгүй байсан хугацааны цалин хөлс, сэтгэл санааны зардал зэргийг нотлох баримтаа бүрдүүлэн иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх журмаар жич нэхэмжлэх эрхийг нээлттэй үлдээж, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 21.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.2 дахь заалтад зааснаар хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн 1 ширхэг компакт дискийг уг хэргийн хадгалах хугацаа дуустал хэрэгт хавсарган үлдээж шийдвэрлэжээ.

Шүүгдэгч Д.А гаргасан давж заалдах гомдолдоо: “...Миний бие нь анхнаасаа гэм буруугийн талаар маргаагүй бөгөөд өөрийн үйлдсэн хэрэгтээ чин сэтгэлээсээ гэмшиж байгаа, хохирол төлбөрөө бүрэн төлсөн. Би одоо тодорхой ажил хөдөлмөр эрхэлдэг. Охины хамт амьдардаг энэ талаарх баримтыг хэрэгт хавсаргасан. Урьд нь ямар нэгэн хэрэг зөрчилд холбогдож байгаагүй, анх удаа гэмт хэрэг үйлдсэн, цаашид гэмт хэрэг үйлдэхгүй байж чадна гэдгээ илэрхийлж байгаа зэрэг болон ар гэрийн байдлыг харгалзан үзээд надад торгох ялын доод хэмжээний ял оногдуулж өгнө үү. ...” гэжээ. 

Шүүгдэгчийн өмгөөлөгч Ч.Түвшинжаргал давж заалдах гомдол болон тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “...Анхан шатны шүүх миний үйлчлүүлэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ: Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.1 дүгээр зүйлийн 2 дах хэсэгт заасан “Эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршигийн шинж чанар, гэмт хэрэг үйлдсэн хүний хувийн байдал, эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдлыг тал бүрээс нь харгалзан үзнэ” гэж заасан. Гэтэл анхан шатны шүүх түүний хувийн байдлын талаар өрөөсгөл дүгнэлт өгч шүүгдэгчийн ажил хөдөлмөр эрхлэлт, ар гэрийн нөхцөл байдал, гэм буруугаа хүлээн зөвшөөрч, хохиролыг бүрэн төлж барагдуулсан байдлуудыг бүрэн дүгнэлт хийгээгүй орхигдуулсан гэж үзэж байна.

Анхан шатны шүүхийн шүүх хуралдаанд улсын яллагчаас ялын саналдаа: ...энэ гэмт хэрэгт торгох ял оногдуулах нь зүйтэй гэж ялын санал гаргасан байна. Гэтэл анхан шатны шүүх миний үйлчлүүлэгчид ял оногдуулахдаа ар гэр, хувийн байдлыг тодруулалгүйгээр өмгөөлөгч, улсын яллагчийн гаргасан саналуудыг хүлээн авалгүй нийтэд тустай ажил хийлгэх ял өгч байгаа нь энэрэнгүй ёсонд нийцэхгүй хийгээд хүний эрхийн мэдрэмжгүй хандлага гэж үзэхээр байна.

Мөн охин А.Э /8 настай/-гийн хамт Д дүүргийн 00 дугаар хороо, Н гудамж 000 байр 00 тоотод амьдардаг, “П” ХХК-д ажилладаг, сарын 2.000.000 төгрөгийн цалинтай, ганц бие эцэг, эхнэр Х-аас 2019 онд гэрлэлтээ цуглуулсан, 2019 оноос хойш охин А.Э нь аав Д.Аийн асрамжид одоог хүртэл хамт амьдарч байгаа бөгөөд хүүхдээ сургуульд хүргэж өгч, авдаг. Хүүхдийн эрхийн тухай хуулийн 4.1.2-т “төр, иргэн, хуулийн этгээд үйл ажиллагаа явуулахдаа хүүхдийн язгуур эрхийг эн тэргүүнд хангахыг эрхэмлэж, хүүхэд эсэн мэнд амьдрах, хөгжих, хамгаалуулах, нийгмийн амьдралд оролцох эрхийг тэгш хангах” гэж, мөн хуулийн 10.1.3-т “хүүхдийн хөгжил, эрүүл мэндэд сөрөг нөлөө үзүүлж болзошгүй эрсдэлт нөхцөлөөс урьдчилан сэргийлэх, хамгаалах” гэж заасан байна. Хэдийгээр миний үйлчлүүлэгч гэмт хэрэг үйлдсэн, гэм буруутай болохоо шүүхээр тогтоолгосон ч гэсэн түүний бага насны хүүхдүүдийн эрх, хууль ёсны ашиг сонирхол маш ихээр зөрчигдөж байгаа ба миний үйлчлүүлэгч нийтэд тустай ажил хийлгэх ялыг эдлэхэд дээрх хүүхдийн хичээл сургуулиас завсардах нөхцөл байдал үүсэхэд хүрээд байна.

Эрүүгийн хариуцлагын зорилго нь гэмт хэрэг үйлдсэн хүн, хуулийн этгээдийг цээрлүүлэх, гэмт хэргийг улмаас зөрчигдсөн эрхийг сэргээх, хохирлыг нөхөн төлүүлэх, гэмт хэргээс урьдчилан сэргийлэх, гэмт хэрэг үйлдсэн хүнийг нийгэмшүүлэхэд оршино гэжээ. Хэдийн Эрүүгийн хуульд зааснаар ямар ял шийтгэл оногдуулах нь шүүхийн эрх хэмжээний асуудал ч гэлээ энэрэнгүй ёсны үүднээс хүүхдийн эрх, бусад хүний эрхэнд хүндэтгэлтэй хандах нь зүйтэй гэж үзэж байна. Иймд эрхэм шүүгч та бүхэн мэргэн оюундаа шүүн тунгааж анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолоор оногдуулсан нийтэд тустай ажил хийлгэх ялыг торгох ял болгон өөрчилж өгнө үү...” гэв.      

Шүүгдэгч Д.Аийн өмгөөлөгч Э.Намжилцэрэн тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “...Өмгөөлөгч Ч.Түвшинжаргалын гомдлыг дэмжин оролцож байна. Шүүгдэгчийн бага насны хүүхэдтэй, хүүхдээ сургуульд нь зөөдөг, ажил эрхэлдэг зэрэг нөхцөл байдлыг харгалзан нийтэд тустай ажил хийлгэх ялыг торгох ял болгон өөрчилж өгнө үү...” гэв.  

Хохирогч Б.Аийн өмгөөлөгч Б.Борхүү тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “...Анхан шатны шүүх шүүгдэгчийн үйлдэлд хуулийн дагуу оновчтой, тодорхой дүгнэлт хийсэн. Шүүхийн хэлэлцүүлгийн явцад хэрэгт авагдсан нотлох баримт болон талуудын гаргасан тайлбарыг үндэслэн дүгнэлтээ гаргасан. Бага насны хүүхэдтэйг нь харгалзан үзэж өдөрт 8 цагаас ихгүй байхаар буюу доош байхаар эрүүгийн хариуцлага хүлээлгэсэн. Өөрөөр хэлбэл, шүүхийн шийдвэр гүйцэтгэх байгууллагад хандан нөхцөл байдлаа танилцуулж цагаа тохирон ялыг хэрэгжих боломжтой байдлаар эдэлж болно. Иймд шүүгдэгчид оногдуулсан ялыг торгох ялаар солих үндэслэл тогтоогдохгүй байх ба шүүгдэгчийн нөхцөл байдлыг шүүхийн шийдвэр гүйцэтгэх ажиллагааны явцад хэрэгжүүлэх боломжтой гэж үзэж байна...” гэв.     

Прокурор Н.Энхтулга тус шүүх хуралдаанд гаргасан дүгнэлтдээ: “...Анхан шатны шүүх Эрүүгийн хуулийн ерөнхий ангид заасан үндэслэл журмын дагуу, тусгай ангид заасан төрөл хэмжээний дотор ял оногдуулсан тул шийтгэх тогтоол үндэслэлтэй. Хохирогчийн өмгөөлөгчийн тайлбарласан шиг шүүхийн шийдвэр гүйцэтгэх байгууллагаас ялтны ар гэрийн байдал, ажил, сургууль зэрэг нөхцөл байдлуудыг харгалзан 8 хүртэлх цагаар тогтоох боломжтой гэж үзэж байна. Иймд анхан шатны шүүхээс оногдуулсан ялын төрөл хэмжээг солих хууль зүйн үндэслэл тогтоогдохгүй байх тул шийтгэх тогтоолыг хэвээр үлдээх саналтай байна...” гэв.  

                                             ТОДОРХОЙЛОХ нь:

Давж заалдах шатны шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.1 дүгээр зүйлийн 1, 3 дахь хэсэгт заасны дагуу хэргийг хянан шийдвэрлэхдээ анхан шатны шүүхийн шийтгэх тогтоол хууль ёсны ба үндэслэлтэй болсон эсэхийг давж заалдах гомдлуудад заасан үндэслэлээр хязгаарлахгүйгээр хэрэгт цугларсан нотлох баримтуудад үндэслэж, хэргийн бүх ажиллагаа, шийдвэрийг бүхэлд нь хянаж үзэв. 

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих байдлуудыг Д.Аэд холбогдох 2209034130787 дугаартай хэрэгт мөрдөн шалгах ажиллагаагаар хангалттай шалгаж тодруулсан, мөрдөн шалгах ажиллагааны үед болон шүүхээр хэрэг хянан шийдвэрлэх явцад оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрхийг хасаж хязгаарласан, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн ноцтой зөрчил тогтоогдсонгүй.  

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.14 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан анхан шатны шүүхийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны хэмжээ хязгаарыг “...Анхан шатны журмаар хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа нь тухайн шүүгдэгчийн хувьд прокуророоос шүүхэд шилжүүлсэн эрүүгийн хэргийн хүрээнд явагдана. ...” гэж заасан ба анхан шатны шүүх хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг шүүгдэгч Д.Аийн хувьд, прокуророос шүүхэд шилжүүлсэн хэргийн хэмжээний дотор эцэслэн хянан шийдвэрлэсэн нь үндэслэлтэй.       

Шүүгдэгч Д.А нь 2022 оны 11 дүгээр сарын 23-аас 24-нд шилжих шөнө Сүхбаатар дүүргийн 6 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах 4444 нэртэй караокед таарамжгүй харьцааны улмаас хохирогч Б.Атэй маргалдаж, улмаар нүдийг нь маажиж, эрүүл мэндэд нь хүндэвтэр хохирол санаатай учруулсан болох нь:

хохирогч Б.Аийн: “...А-ийн төрсөн өдрийг тэмдэглэж байсан. Намайг Б ирээд гэрт хүргээд өгөөч гэж хэлсэн болохоор нь би машинтайгаа яваад очсон юм. Дараа нь тэд нар нэлээн согтсон байсан. Би ганцаараа караокены өрөөнөөс гарч байхад миний араас А- татаж чангаагаад, намайг өрөөний үүдэнд коридорт унагаасан. Унасны дараа А- баруун, зүүн нүдийг хоёр гарынхаа хумсаар маажсан. Тэгээд Б ирээд бид хоёрыг салгах гэхэд Н болон нэрийг нь мэдэхгүй залуутай хамт цохиж зодоод байсан. Тэгээд Н намайг А-ээс салгаад нойл орж нүүрнийхээ цусаа арилга гэж хэлсэн. Би угаалгын өрөө ороод цусаа цэвэрлэхэд миний хоёр нүд урагдсан байсан. ...” /хх-ийн 25-26/,“...би гадаа гараад байж байя гээд гарч байхад хаалганы араас намайг шууд коридорт гаргаад цохиход би ухаан балартсан байсан. Н намайг босгоод нүүрээ угаа гэхэд би босоод толинд харахад миний нүүр нил цус болчихсон байсан. ...Н намайг гэмтлийн эмнэлэг яваад нүдээ оёулчих гэсэн. ...эмнэлэгт үзүүлэхэд миний нулимсны суваг тасарсан байсан. А- Бын данс руу 700,000 төгрөг шилжүүлсэн байсан. Тэгээд Б өөрийнхөө утсыг ломбарданд тавиад миний эмчилгээний төлбөрийг төлж би хагалгаандаа орсон. Эмчилгээтэй байдлаасаа болж би гам барих, хүнд зүйл өргөж болохгүй, доошоо харж болохгүй гэсэн эмнэлгийн заалттай 6, 7 сарын хугацаанд ажилгүй байсан. Ажилгүй байх хугацааны цалинг нэхэмжилмээр байна. Мөн сэтгэл санааны хохиролтой байна. ...Эхний хагалгаанд ордог өдрөөс хойш энэ хүн нэг ч удаа над руу болон миний ээж рүү залгаагүй. Ер нь маш их гомдолтой байна...” /хх-ийн 96-97/,

гэрч Т.Бын: “...А над руу залгаад уулзах хэрэгтэй байна, хаана байгаа юм гэж асуусан. Би хариуд нь 4444 дугаартай караокед байна гэж хэлсэн. А байгаа газарт нь яваад очъё гэж хэлээд хүрээд ирсэн. Тэгээд ер нь бид нар нэлээн халцгаасан. Мөн А өрөөнд ирээд байж байгаад надад хандаж би түрүүлээд гараад байж байя, та араас гараад ирээрэй, хүргээд егье гэж хэлсэн. А өрөөнөөс гарч байхад түүний араас А- болон түүний найз босоод бүгд бужигнаж эхэлсэн. Тэгээд би босоод Аийг цохиж байгаа байх гэж бодоод тэд нар дээр очтол хэн нэгэн намайг түлхэж газарт унагаасан ба миний дээрээс хэн нэгэн хөл, гараараа цохиод байсан. Өөр зүйл болоогүй...” /хх-ийн 30/,

гэрч Б.Нын: “...Б.Аийг Б гэх хүн нь хүрээд ир гэж хэлээд дуудсан байсан. Тэгээд тухайн хоёр залуутай бид хэд танилцаад суусан. Дараа нь Б согтчихоод хамт ирсэн эмэгтэй найз болон дүү нартай нь бага зэрэг хэрэлдэж байсан. Тэгэхээр нь А- “одоо маргалдахаа боль, миний төрсөн өдөр болж байна, хувийн асуудлаа гараад ярьцгаагаарай” гэж хэлсэн. ...А- сүүлдээ тэсэхээ байгаад хохирогч Б.Аийг хүчээр караокены өрөөнөөс түлхэж гаргасан. Энэ үеэр би тэр хоёрын араас очиж улмаар А-ийн нуруунаас барьж арагш чиглэлтэй татаж салгасан. Дараа нь хохирогч Б.Аийн баруун, зүүн нүдийг харахад нүд, хамар нь цус болсон байдалтай байсан. ...” /хх-ийн 39-40/ гэх мэдүүлгүүд,

Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 2022 оны 11 дүгээр сарын 30-ны өдрийн 16099 дугаар “...Б.Аийн биед баруун дээд, доод зовхи, салстын урагдал, шарх, дээд зовхины нулимсны сувгийн тасрал гэмтлүүд тогтоогдлоо. Дээрх гэмтлүүд нь мохоо зүйлийн нэг удаагийн үйлчлэлээр үүссэн байна. Дээрх гэмтлүүд нь хэрэг гарсан гэх цаг хугацаанд үүссэн байх боломжтой. Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадварыг тогтонги алдагдуулах эсэх нь эдгэрэлт болон эмчилгээнээс хамаарна. Дээрх баруун дээд зовхины нулимсны сувгийн тасрал нь гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.3.1-д зааснаар эрүүл мэндийг удаан хугацаагаар сарниулах тул гэмтлийн хүндэвтэр зэрэг тогтоогдпоо. Баруун дээд зовхи, салстын урагдал гэмтэл нь гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэг тогтоогдлоо...” гэх шинжээчийн дүгнэлт /хх-ийн 45- 46/,

2022 оны 11 дүгээр сарын 26-ны өдрийн “...Д.А нь бараан ногоон куртик өмссөн иргэн Б.Аийн биеийг караокений өрөөний хаалгаар түлхэн коридор руу гаргаж байгаа нь харагдаж байна. Б.Н нь караокений өрөөнөөс гарч ирж Д.Аийн биенээс арагш чиглэлтэй татаж байна. Энэ үед А- нь Аийн нүүрний хэсгээс баруун гараараа татаж байх ба түүний дэргэд улаан цамцтай цэнхэр жинсэн өмдтэй эмэгтэй зогсож байгаа нь харагдаж байна. ...” гэсэн камерын бичлэгт үзлэг хийсэн тэмдэглэл /хх-ийн 12-16/,

хохирогч Б.Аээс гаргаж өгсөн хохирлын баримтууд /хх-ийн 19-21/,

шүүгдэгч Д.Аийн мөрдөн шалгах ажиллагааны шатанд яллагдагчаар өгсөн: “...караокед өөрийн төрсөн өдрөө тэмдэглэх гээд найз Батмөнх, Н, Б нарын хамт орж үйлчлүүлсэн. Удалгүй Бын найз гэх нэрийг нь мэдэхгүй хоёр хүн болон хохирогч Б.А нар ирсэн. Бид нэлээн халж согтсон байсан. Би хохирогч Б.Аийг их согтсон байна, одоо болно, яв гэж удаа дараа хэлэхэд Б.А “Б ахыг аваад явна” гэж хэлсэн. ...Би хохирогч Б.Аийг хүчээр караокены өрөөний хаалгаар гаргаж коридорт аваачсан. Үүний дараа Н караокены өрөөнөөс гарч ирээд бид хоёрыг салгаж миний биеийг арагш чиглэлтэй татаад байсан. Н намайг татах үеэр миний зүүн гар хохирогч Б.Аийн толгой болон үснээс нь арагш татсан. ...Маргааш нь буюу 11 дүгээр сарын 23-ны өглөө Б над руу залгаад “Б.Аийн нүд гэмтсэн байна, хэдүүлээ уулзаж байгаад мөнгө нийлүүлээд эмчлүүлье” гэж ярилцсан. ...Би эмчилгээний мөнгө болох 700,000 төгрөгийг Бын данс руу шилжүүлсэн. Тэр үед надаас өөр мөнгөтэй хүн байгаагүй. ...” гэх мэдүүлэг /хх-ийн 67-68/ зэрэг мөрдөн байцаалтын явцад хуульд заасан үндэслэл журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн, шүүхийн хэлэлцүүлгээр хянан хэлэлцсэн нотлох баримтуудаар нотлогдож байна. 

Шүүгдэгч Д.Аийн хувийн таарамжгүй харьцааны улмаас хохирогч Б.Атэй маргалдаж, улмаар Б.Аийн биед “...баруун дээд, доод зовхи, салстын урагдал, шарх, дээд зовхины нулимсны сувгийн тасрал...” гэсэн Шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журамд заасан хүндэвтэр зэргийн гэмтэл учруулсан үйлдэл нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлд заасан “Хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол санаатай учруулах” гэмт хэргийн 1 дэх хэсэгт заасан “...Хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол санаатай учруулсан...” гэсэн шинжийг агуулсан байна.

Анхан шатны шүүхийн хэргийн үйл баримтын талаар хийсэн дүгнэлт нь хэргийн бодит байдалтай нийцсэн, зүйлчлэл тохирсон, шүүх Эрүүгийн хуулийг зөв тайлбарлан хэрэглэжээ гэж давж заалдах шатны шүүх дүгнэв.  

          Шүүгдэгч Д.Аэд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан торгох, нийтэд тустай ажил хийлгэх, зорчих эрхийг хязгаарлах гэсэн ялуудаас нийтэд тустай ажил хийлгэх ялыг сонгож 300 цагийн хугацаагаар нийтэд тустай ажил хийлгэх ял шийтгэсэн нь Д.Аийн хувийн байдал, үйлдсэн гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээнд тохирсон, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан Эрүүгийн хуулийн шударга ёсны зарчим, мөн хуулийн ерөнхий ангийн 5.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан эрүүгийн хариуцлагын зорилгод нийцжээ.

          Давж заалдах гомдолд дурдсан бага насны хүүхдээ асран халамжилдаг гэсэн үндэслэлээр нийтэд тустай ажил хийлгэх ялыг өөрчлөх үндэслэлгүй тул шүүгдэгч Д.А, түүний өмгөөлөгч Ч.Түвшинжаргал нарын гаргасан “...оногдуулсан нийтэд тустай ажил хийлгэх ялыг торгох ял болгон өөрчилж өгнө үү...” гэсэн давж заалдах гомдлуудыг хэрэгсэхгүй болгож, шийтгэх тогтоолыг хэвээр үлдээж шийдвэрлэв.  

          Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.1 дэх заалтыг удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2023 оны 8 дугаар сарын 24-ний өдрийн 2023/ШЦТ/855 дугаар шийтгэх тогтоолыг хэвээр үлдээж, шүүгдэгч Д.А, түүний өмгөөлөгч Ч.Түвшинжаргал нарын гаргасан давж заалдах гомдлуудыг тус тус хэрэгсэхгүй болгосугай.   

2. Анхан болон давж заалдах шатны шүүхийн хууль хэрэглээний зөрүүг арилгах, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, хуулийг Улсын дээд шүүхийн тогтоол, тайлбараас өөрөөр хэрэглэсэн, эрх зүйн шинэ ойлголт, эсхүл хууль хэрэглээг тогтооход зарчмын хувьд нийтлэг ач холбогдолтой гэж үзвэл энэхүү магадлалыг гардуулсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хэргийн оролцогч хяналтын журмаар гомдол, эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурдсугай.

 

 

            ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                     Ш.БАТ-ЭРДЭНЭ

            ШҮҮГЧ                                                           Б.АРИУНХИШИГ

ШҮҮГЧ                                                            Д.ОЧМАНДАХ