Орхон аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2025 оны 03 сарын 14 өдөр

Дугаар 119/ШШ2025/0011

 

    МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

            Орхон аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Б.Болормаа даргалж, шүүх хуралдааны 107 тоот танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар

            Нэхэмжлэгч: “**” ХХК

               Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч: **

Хариуцагч: “Эрдэнэт үйлдвэр” ТӨҮГазар, тендерийн Үнэлгээний хороо

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч: **

Гуравдагч этгээд: “**” ХХК

 Гуравдагч этгээдийн итгэмжлэгдсэн төлөөлөгч: **

Гуравдагч этгээдийн өмгөөлөгч ** нарын хоорондын

Нэхэмжлэлийн шаардлага: “Эрдэнэт үйлдвэр” ТӨҮГ-ын тендерийн Үнэлгээний хорооны 2024 оны 08 дугаар сарын 09-ний өдрийн “зөвлөмж”-ийг,  “Эрдэнэт үйлдвэр” ТӨҮГ-аас “**” ХХК-д 2024 оны 08 дугаар сарын 12-ны өдрийн “Мэдэгдэл хүргүүлэх тухай” СЭ-112-12/5362 дугаар мэдэгдлийг,   “**” ХХК-д 2024 оны 08 дугаар сарын 12-ны өдрийн “Гэрээ байгуулах эрх олгох тухай” СЭ-112-12/5361 дугаар  “Мэдэгдэл”-ийг, “Эрдэнэт үйлдвэр” ТӨҮГ болон “**” ХХК-ийн хооронд байгуулсан 2024 оны 09 дүгээр сарын 13-ны өдрийн 2024/11-10-0533 дугаар “Худалдах-худалдан авах гэрээ”-г тус тус хүчингүй болгож, ”Эрдэнэт үйлдвэр” ТӨҮГ-ын тендерийн Үнэлгээний хороонд дахин үнэлгээ хийлгэхийг даалгах”-ыг хүссэн тендерийн маргаан бүхий захиргааны хэргийг хянан хэлэлцэв.  

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч **,   хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч **,  гуравдагч этгээдийн өмгөөлөгч **, нарийн бичгийн дарга Э.Булгантамир нар оролцов.

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч ** шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “Миний нэхэмжлэлийн шаардлага өөрчлөгдөөгүй, нөгөө тал өөрчлөгдөөгүй бол товчхон нэхэмжлэлийн шаардлагаа яриад явъя гэж бодож байна.

 Манай компани “Эрдэнэт үйлдвэр” ТӨҮГ-аас зарлагдсан “Тэсэлгээний цооногийн өрмийн машины сэлбэг” нийлүүлэгчийг сонгон шалгаруулах Тендер шалгаруулалтын дугаар: ЭҮТӨҮГ/20240102197 дугаартай тендерт оролцсон. Гэтэл 2024 оны 08 дугаар сарын 12-ны өдрийн СЭ-112-12/5362 дугаартай мэдэгдэл бидэнд ирсэн. Мэдэгдэлд манай компанийн хүргүүлсэн тендерт ТШЗ-ын 17.5-д заасан заасны дагуу “Техникийн тодорхойлолтын 11, 12 дугаар барааны үйлдвэрлэгч АВВ байхаас ямар нэгэн санал ирүүлээгүй, 15 дугаар бараа дээр диаметр 118,2 мм байхаас 118.2 (-1,9) мм гэж хувилбарт санал ирүүлсэн, зузаан (толщина) 6 мм байхаас 6 мм (+/-0,1 мм) гэж хувилбарт санал ирүүлсэн, 21 дүгээр бараа дээр өндөр 15 мм байхаас ямар нэгэн санал ирүүлээгүй, 29 дүгээр бараа дээр санал болгосон барааны нотлох баримт болох зураг ирүүлээгүй” гэсэн тайлбараар манай тендерийг шалгаруулаагүй гэсэн байсан юм. Бид захиалагчийн шийдвэрийг эс зөвшөөөрч Сангийн яаманд гомдол гаргахад бидний гомдлыг бүрдүүлбэр хангаагүй гэх үндэслэлээр буцааж агуулгын хүрээнд хянаж шийдвэрлээгүй болно. Иймд бид Захиалагчийн шийдвэрийг дараах үндэслэлээр эс зөвшөөрч шүүхэд гомдол гаргаж байна. Үүнд: 1.1. Санал болгож буй 11 ба 12 дугаартай барааны хувьд бид техникийн тодорхойлолтод нэгэнтээ Захиалагчаас заасан үйлдвэрлэгч болох АВВ-г тусгайлан заагаагүй болно. Учир нь, манай “**” ХХК нь СБШ-250 МНА-32 өрмийн машиныг анхлан зохион бүтээж үйлдвэрлэсэн “Рудгормаш” үйлдвэрийн Монгол дахь албан ёсны борлуулагчийн хувиар ЭҮТӨҮГ/20240102197/02 тендерт оролцож байгаа юм. “Рудгормаш” үйлдвэрийн арилжааны бүтцийг “Гэрээ, хэлэлцээрийн эрхийг эзэмшигч, ООО “Обогатительные оборудование”-ийн аж ахуйн нэгжийн үйлдвэрлэлийн хэлтэс”-ийг төлөөлөх эрхтэй ООО “ГМК-РГМ” хэмээх хуулийн этгээд төлөөлдөг юм. Тендерийн саналын хүрээнд манай компаниас итгэмжлэлийг өөрийн хүргүүлсэн тендерийн 25, 26 дугаар хуудсанд холбогдох орчуулгын хамт хавсаргасан юм. “Рудгормаш” үйлдвэрийн үйлдвэрлэсэн СБШ-250 МНА-32 өрөмдлөгийн машиныг манай компани өмнө нь “Эрдэнэт үйлдвэр” ТӨҮГ-т нийлүүлж байсан ба энэхүү өрөмдлөгийн машины сэлбэг хэрэгслийг зориулалтын дагуу зөв, тохирсон байдлаар сонгож нийлүүлэх бүрэн чадвартай нийлүүлэгч нь "**” ХХК юм. Тендерийн баримт бичгийн Техникийн тодорхойлолтоор техникийн шаардлагад нийцсэн бүтээгдэхүүнийг нийлүүлэхийг шаардсан байгаа. 11 интерфейсийн модуль 8DI/8D0/4АI/2АО, СI501-РNIO болон 12 интерфейсийн модуль 8DI/8D0/8DС, СI502-PNIO-ний хувьд манай компани эдгээр эд ангиудыг техникийн тодорхойлолтод нийцсэн, тохирсон артикулын дугаараар нийлүүлэх бөгөөд үүнийгээ фото зургаар баталгаажуулж хүргүүлсэн. Тендерийн техникийн тодорхойлолтод заасан артикулын дагуу АВВ-ээс өөр бүтээгдэхүүнийг үйлдвэрлэдэггүй бөгөөд нийлүүлэх боломжгүй юм. Бидний хүргүүлсэн зурагт АВВ-ийн лого тод харагдаж байгаа болно. Бидний тендертээ хүргүүлсэн баримтууд нь манай компаниас нийлүүлэхээр санал болгож буй бараа, сэлбэгийг тодорхойлоход хангалттай бөгөөд Нийлүүлэгчээс нийлүүлэхээр санал болгож буй бараа нь Захиалагчийн техникийн тодорхойлолттой бүрэн нийцэж байгаа эсэх талаар шийдвэр гаргахад хангалттай гэж үзэж байна. 1.2. Санал болгож буй 15 дугаартай бараанд 118.2 мм диаметртэй, 6 мм-ийн зузаантай техникийн үзүүлэлтүүдэд заасан хэмжээсүүдийн оронд 118.2 (-1.9) мм диаметртэй, 6 мм (+/- 0.1 мм) зузаантай сонголтыг бид санал болгосон юм. Манай “**” ХХК нь СБШ-250 МНА-32 өрмийн машиныг анхлан зохион бүтээж үйлдвэрлэсэн “Рудгормаш” үйлдвэрийн Монгол дахь албан ёсны борлуулагчийн хувиар ЭҮТӨҮГ/20240102197/02 тендерт оролцож байгаа болно. Бид “Рудгормаш үйлдвэр”-ийн үйлдвэрт үйлдвэрлэсэн, манай компаниас "Эрдэнэт үйлдвэр" ТӨҮГ-т нийлүүлж байсан СБШ-250 МНА-32 өрөмдлөгийн машинд шаардлагатай сэлбэг хэрэгслийг зориулалтын дагуу зөв, тохирсон байдлаар сонгож нийлүүлэх бүрэн чадвартай юм. 15 дугаартай сэлбэг болох “Хамгаалалтын цагираг ОР 118.2*6.0” нь ГОСТ 9833-73 стандартын дагуу үйлдвэрлэсэн бөгөөд энэ нь манай компанийн техникийн саналд тодорхой тусгагдсан болно. Бидний тендертээ тодорхойлсон диаметр, зузааны хэмжээсүүд нь Захиалагчийн техникийн үзүүлэлттэй зөрчилддөггүй бөгөөд зөвхөн тэдгээрийг тодруулж өгдөг гэдгийг зориуд тэмдэглэж байна. Хаалтанд заасан хэмжээсүүд нь ГОСТ 9833-73 стандартад өөрт нь заасан диаметр ба зузааны хэмжээсийн хүлцэл болохоос захиалагчийн тодорхойлсон “хувилбарт санал” огтоос биш болохыг анхаарахыг хүсэж байна. 1.3. Санал болгож буй 21 дугаартай барааны хувьд биднийг өндрийн хэмжээ 15 мм-ийг заагаагүй гэжээ. 21 дугаартай бараа болох “Манжет 1.2-160*190-3” нь стандарт бүтээгдэхүүн бөгөөд ГОСТ 8752-79 стандартын дагуу үйлдвэрлэгддэг юм. Үүний зэрэгцээ ГОСТ 8752-79 стандартад дотоод диаметр нь 160 мм, гаднах диаметр нь 190 мм-ийн Манжет нь зөвхөн 15 мм-ийн өндөртэй байж болно гэж заасан байдаг. Дотор болон гадаад диаметрийн ийм хэмжээс бүхий Манжетат 15 мм-ээс өөр өндөртэйг хэрэглэдэггүй бөгөөд энэ нь ГОСТ 8752-79-д заасан илтэд илэрхий, маш тодорхой мэдээлэл тул бид заавал заах шаардлагагүй гэж үзсэн болно. Ийм илэрхий техникийн үзүүлэлтийн талаархи мэдээллийг саналдаа ирүүлээгүй байна гэж дүгнэсэнтэй яав ч санал нийлэх боломжгүй байна. 1.4. Санал болгож буй 29 дугаартай бараанд барааны нотлох баримт болох зураг ирүүлээгүй гэжээ. Бид 29 дүгээр барааны хувьд салангид гаралтын модуль 8D0 24V/2А, DО526-ийг Захиалагчийн техникийн үзүүлэлтэд заасан барааны дугаарын дагуу нийлүүлэхийг баталгаажуулсан бөгөөд энэ нь нийлүүлэхээр санал болгож буй сэлбэгийн талаар шийдвэр гаргахад хангалттай юм. Энэхүү салангид модуль нь зөвхөн АВВ-д үйлдвэрлэгддэг, тэдний хамгийн өвөрмөц, онцгой бүтээгдэхүүний нэг бөгөөд “Рудгормаш үйлдвэр”-ийн албан ёсны борлуулагчийн хувьд бид баталгаатай нийлүүлэхээ илэрхийлж байна. Зураг ирүүлээгүй гэх боловч ТШЗ-ын 17.5-д зааснаас үзвэл санал болгох бараа техникийн тодорхойлолтын аль нэг зүйлээс зөрүүтэй тохиолдолд үүнийг ялгах, тодруулах үүднээс фото зургаар нотлох тусгай шаардлага тавигддаг гэж ойлгож байгаа болно. Хоёр. Энэхүү тендерт ялагчаар тодруулсан “**” ХХК-ийн санал болгосон тендер нь техникийн тодорхойлолтын шаардлагад нийцээгүй, маш олон алдаа дутагдал байгаагаас зарим нэгийг дор дурдаж байна. Үүнд: 2.1. “**” ХХК-ийн 25 дугаартай бараа болох “Манжет 1-60*50-6 ГОСТ 14896”-ыг санал болгожээ. Техникийн үзүүлэлтэд заасан Манжетын дотоод диаметр нь 50 мм, гаднах диаметр нь 60 мм байх ёстой байна. “**” ХХК-ийн ирүүлсэн зураг дээр гаднах диаметр нь 25 мм-ээс ихгүй байгаа нь Манжет санал буй нь зургийн доод хэсэгт байрлах хэмжих хэрэгслийн графикаар нотлогдож байна. Энэ нь техникийн тодорхойлолтын нөхцөл зөрчил гэж үзнэ. 2.2. “**” ХХК нь 29 дүгээр бараа болох Дижитал гаралтын модуль 8D0 24V/2А, D0526 санал болгожээ. Тус компаниас Тендертээ ирүүлсэн дижитал модулийн зураг Захиалагчийн техникийн үзүүлэлтэд заасан модультай огт тохирохгүй байх бөгөөд СБШ-250 МНА-32 өрмийн машинд ашиглах боломжгүй. Бид зөв, тохирох модулийн зургийг техникийн каталогоос авч хавсаргаж байна. Энгийн харах байдлаар ялгаа нь илт өөр харагдаж байгаа болохыг анхаарахыг хүсэж байна. Энэ мөн тендерийн ноцтой зөрчил мөн юм. 2.3. “**” ХХК нь 40 дүгээр бараа болох SF2 504 АС1КМ25 загварын шүүлтүүр санал болгожээ. Энэхүү 40 дүгээр бараа гэж "**” ХХК-иас ирүүлсэн зурагт солих боломжтой шүүлтүүрийн хэрэглэгдэхүүн буюу Захиалагчийн шаардсан SF504М25Р01 загварын шүүлтүүрийн элементийг харуулсан байна. Гэтэл Захиалагчийн 40 дүгээр барааны Техникийн тодорхойлолтод SF2504АС1КМ25Р01ЕА загварын шүүлтүүрийн угсралтыг худалдан авахаар заасан байна. Энэ зургуудаас илт зөрүүтэй, техникийн тодорхойлолт нийцэхгүй барааг санал болгож байгаа нь тодорхой харагдаж байна. 2.4.“**” ХХК нь 42 дугаар бараа болох Компрессор 6ВВ-32/7 санал болгожээ. “**” ХХК нь компрессорын тодорхойлолтыг ирүүлээгүй байх бөгөөд зөвхөн компрессорын нэгжийн тэмдэглэгээ, дүрсийг оруулсан байна. Түүнчлэн, зурагт компрессорыг бүрэн угсрагдсан байдлаар тусгасан байх бөгөөд Захиалагчийн техникийн тодорхойлолтоор шаардсан уг компрессорын өөрийнх нь зургийг оруулаагүй байна. “**” ХХК нь санал болгож буй гэх бараануудынхаа нилээдгүй зургийг интернетийн янз бүрийн сайтуудаас татаж авсан байх боловч эдгээр зургууд нь алдаатай зургууд байгаа нь илт харагдаж байна. Мөн ихэнхи тохиолдолд “**” ХХК нь нийлүүлэх санал болгож буй бараа, бүтээгдэхүүний техникийн тодорхойлолтыг Захиалагчийн техникийн үзүүлэлтээс шууд хуулбарлаж тавьсан болохыг анхаарахыг хүсэж байна. Дээр дурдсан зөрчил, баримтууд нь “**” ХХК нь яг ямар бараа, бүтээгдэхүүн нийлүүлэх талаар хангалттай ойлголтгүй байгааг харуулж байгаа бөгөөд энэ нь эргээд Захиалагчийн өрмийн машинд засвар үйлчилгээ хийх шаардлагатай сэлбэг, хэрэгслийг нийлүүлэх боломжгүй нөхцөл байдлыг бий болгох эрсдэлтэй байгааг хэлэх нь зүйтэй гэж үзэж байна. Ийм олон тооны зөрчил, дутагдал гаргаж байгаа “**” ХХК-ийн ирүүлсэн тендер Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил, үйлчилгээ худалдан авах тухай хууль болон холбогдох журмуудын заалтуудыг ноцтой зөрчсөн байх тул энэ тендерт ялагчаар шалгаруулах үндэслэлгүй байна. Гурав. Бид энэ тендерт 2.226.072.611 төгрөгийн үнийн саналаар оролцсон. Гэтэл ялагчаар шалгаруулсан “**” ХХК-ийн үнийн санал 2.282.240.000 төгрөг буюу манай саналаас даруй 56.167.389 төгрөгөөр илүү байна. Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил, үйлчилгээ худалдан авах тухай хуулийн 28 дугаар зүйлийн 28.7.3-т “энэ хуулийн 27 дугаар зүйлд заасан шаардлагыг хангаж, энэ хуульд заасны дагуу үнэлэгдсэн тендерүүдийг бага харьцуулах үнэтэйгээс их харьцуулах үнэтэй рүү нь эрэмбэлж, хамгийн бага харьцуулах үнэтэй тендерийг сонгоно” гэж, мөн 28.7.4-т “хамгийн бага харьцуулах үнэтэй тендерийг «хамгийн сайн» үнэлэгдсэн тендер гэж үзнэ” гэсэн тендерийг үнэлэх зарчмын заалтууд хэрэгжиж чадсангүй. Дөрөв. Захиалагчаас 2024 оны 08 дугаар сарын 12-ны өдрөөр огноологдсон СЭ-112-12/5362 дугаартай бидэнд ирүүлсэн мэдэгдэлд “Уг тендер шалгаруулалтад шаардлагад нийцсэн тендер ирүүлээгүй тул хуулийн 28 дугаар зүйлийн 28.4 дэх хэсэгт заасны дагуу тендер шалгаруулалтыг дахин зохион байгуулах болсныг мэдэгдье” гэсэн байх боловч Төрийн худалдан авах ажиллагааны цахим системын талбарт “**” ХХК-ийг ялагчаар тодруулж гэрээ байгуулах эрх олгосон тухай мэдээлэл оруулсан байгаа нь энэ сонгон шалгаруулалтыг хуйвалдааны шинжтэй зохион байгуулсан гэж үзэх нэг үндэслэл болж байна. Тав. Захиалагчийн 2024 оны 8 дугаар сарын 12-ны өдрийн СЭ-112-12/5362 дугаартай мэдэгдлийг эс зөвшөөрч хуулийн хугацаанд нь буюу 2024 оны 8 дугаар сарын 19-ний өдөр гомдол гаргасан боловч Сангийн яам бидний гаргасан гомдлыг хүлээн аваад 2024 оны 8 дугаар сарын 22-ны өдөр 03/6966 дугаартай албан бичгээр “2.2.2.гадаадын хуулийн этгээдийн үүсгэн байгуулагдсан улсын хуулийн дагуу итгэмжлэлгүйгээр төлөөлөх эрхийг нотлох баримт хавсаргаагүй” гэх үндэслэлээр буцаасан юм. “Эрдэнэт үйлдвэр” ТӨҮГ-ын тендерийн Үнэлгээний хорооны 2024 оны 8 дугаар сарын 12-ны өдрийн зөвлөмжийг, мөн “Эрдэнэт үйлдвэр” ТӨҮГ-аас 2024 оны 8 дугаар сарын 12-ны өдөр “**” ХХК-д хүргүүлсэн гэрээ байгуулах эрх олгох тухай мэдэгдлийг, “Эрдэнэт үйлдвэр” ТӨҮГ болон “**” ХХК-ийн хооронд байгуулагдсан “Тэсэлгээний цооногийн өрмийн машины сэлбэг нийлүүлэх гэрээ” зэрэг хууль бус захиргааны актууд болон гэрээг тус тус хүчингүй болгож Үнэлгээний хороонд дахин үнэлгээ хийхийг даалгаж өгнө үү гэсэн нэхэмжлэлийн шаардлага гаргасан. Ийм учраас нэхэмжлэлийг шийдвэрлэж өгнө үү.”  гэв.

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч ** шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “Шүүх хуралдааныг хүндэтгээд товчилж ярихгүй. Нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хүлээн зөвшөөрөхгүй байгаа. “Эрдэнэт үйлдвэр” ТӨҮГ-аас 2024 оны 06 дугаар сарын 18-ны өдөр “Тэсэлгээний цооногийн өрмийн машины сэлбэг” нийлүүлэгчийг сонгон шалгаруулах ЭҮТӨҮГ/20240102197 дугаартай цахим тендерийн урилгыг Төрийн худалдан авах ажиллагааны tender.gov.mn цахим системд зарлаж, 2024 оны 08 дугаар сарын 05-ны өдөр тендерийн нээлт хийхэд “**” ХХК, “**” ХХК-иуд тендер ирүүлсэн. Үнэлгээний хороо 2024 оны 08 дугаар сарын 09-ний өдөр хуралдаж, “**” ХХК, “**” ХХК-иудын ирүүлсэн тендерийн материалыг хянан үзэж, үнэлгээ хийхэд: Хуралд оролцсон гишүүдийн 100 хувийн саналаар “**” ХХК-ийн ирүүлсэн тендерийг шаардлагад нийцсэн “хамгийн сайн” үнэлэгдсэн тендер гэж үзсэн. Тендер шалгаруулалтын зааварчилгаа /ТШЗ/-ны 17.5-д “Оролцогч, түүний нийлүүлэх бараа нь захиалагчийн шаардсан техникийн тодорхойлолтод нийцэж буйг нотлох баримтыг зураг фото, схем гэх мэт өгөгдлийн хэлбэрээр тендер шалгаруулалтын баримт бичгийн техникийн тодорхойлолтод заасан хүснэгтийн дагуу харьцуулж ирүүлнэ. Санал болгох бараа нь техникийн болон гүйцэтгэлийн бодит үзүүлэлтийг техникийн тодорхойлолттой нийцсэн болохыг хянан үзэх боломжтой баримт.” гэж заасан. Тендерт оролцогч “**” ХХК-аас санал болгож буй барааг захиалагчаас шаардсан техникийн тодорхойлолттой нийцэж байгааг харьцуулж ирүүлснийг хянан үзэж, үнэлгээ хийхэд техникийн тодорхойлолтын 11, 12 дугаар барааны үйлдвэрлэгч АВВ байхаас ямар нэг санал ирүүлээгүй, 15 дугаар бараа дээр диаметр 118,2 мм байхаас 118,2 /-1,9/ мм гэж хувилбарт санал ирүүлсэн, зузаан /толщина/ 6 мм байхаас 6 мм /+/- 0,1 мм/ гэж хувилбарт санал ирүүлсэн. 21 дүгээр бараа дээр өндөр 15 мм байхаас ямар нэг санал ирүүлээгүй, 29 дүгээр бараан дээр санал болгосон барааны нотлох баримт болох зураг ирүүлээгүй зэрэг захиалагчийн техникийн тодорхойлолтоор шаардсан шаардлагыг хангаагүй учир үнэлгээний хорооны гишүүдийн 100 хувийн саналаар тухайн тендерээс татгалзаж шийдвэрлэсэн юм. “Тэсэлгээний цооногийн өрмийн машины сэлбэг” нийлүүлэгчийг сонгон шалгаруулах ЭҮТӨҮГ/20240102197 дугаартай цахим тендерт “хамгийн сайн” үнэлэгдсэн тендер ирүүлсэн “**” ХХК-д Хөрөнгө оруулалт, худалдан авах ажиллагааны бодлогын газрын даргын албан үүргийг түр орлон гүйцэтгэгч, Төлөвлөлт, мониторингийн албаны даргын 2024 оны 08 дугаар сарын 12-ны өдрийн СЭ-112-12/5361 дугаар албан бичгээр “Гэрээ байгуулах эрх олгох тухай” мэдэгдлийг хүргүүлсэн. Хөрөнгө оруулалт, худалдан авах ажиллагааны бодлогын газрын даргын албан үүргийг түр орлон гүйцэтгэгч, Төлөвлөлт, мониторингийн албаны даргын 2024 оны 08 дугаар сарын 12-ны өдрийн СЭ-112-12/5362 дугаар албан бичгээр “... танай ирүүлсэн тендер Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил, үйлчилгээ худалдан авах тухай хуулийн 26 дугаар зүйлийн 26.4 дэх хэсэгт заасны дагуу дараах шаардлагыг хангаагүй тухай” мэдэгдлийг тендерт оролцогч “**” ХХК-д хүргүүлсэн. Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил, үйлчилгээ худалдан авах тухай хуулийн 28 дугаар зүйлийн 28.3-т “Захиалагч энэ хуулийн 28.1-д заасан шийдвэрийг цахим системд нийтэлснээр мэдэгдсэнд тооцно.” гэж заасан бөгөөд тендерийн үр дүн /“**” ХХК шалгарсан тухай, “**” ХХК хасагдсан тухай/-г 2024 оны 08 дугаар сарын 12-ны өдөр Төрийн худалдан авах ажиллагааны tender.gov.mn цахим системд нийтэлсэн. Энэ тухай нотлох баримтаа хавтаст хэрэгт хүргүүлсэн. Харин нэхэмжлэгчийн нэхэмжлэлдээ дурдсан тендер шалгаруулалтыг дахин зохион байгуулахаар болсон гэж мэдэгдсэн гэх асуудал нь техникийн алдаа гарсан байгаа. Төрийн худалдан авах ажиллагааны tender.gov.mn цахим системд нийтэлснээр “**” ХХК шалгарсан нь тодорхой харагдаж байна. Нэг ч тендер шалгараагүй гэж мэдэгдэл өгчихөөд “**” ХХК-ийг шалгаруулсан ойлголт болоогүй. Мөн ийм зүйл болоогүй гэдэг нь Үнэлгээний хорооны хурлын тэмдэглэлээс тодорхой харагдаж байгаа. Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил, үйлчилгээ худалдан авах тухай хуулийн 59 дүгээр зүйлийн 59.1-д “ ... захиалагчийн энэ хуулийн 28.1-д заасан шийдвэрийг эс зөвшөөрсөн гомдлыг уг шийдвэр гарснаас хойш ажлын таван өдрийн дотор Санхүү, төсвийн асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллага буюу Сангийн яам” хүлээн авахаар заасан бөгөөд энэ хугацаанд захиалагчийн шийдвэрт гомдол гараагүй, хүчин төгөлдөр болсон учир “Эрдэнэт үйлдвэр” ТӨҮГ нь 2024 оны 09 дүгээр сарын 13-ны өдөр “**” ХХК-тай 2/502-24 дугаартай “Худалдах-худалдан авах” гэрээг байгуулсан. Нэхэмжлэгч манайх хамгийн бага үнийн санал ирүүлсэн учраас шалгарах байсан гэж байна. Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил, үйлчилгээ худалдан авах тухай хуульд 2023 онд шинэчилсэн найруулга орсон. Энэ хууль 2023 оны 12 дугаар сарын 01-ний өдрөөс мөрдөж эхэлсэн. Энэ хуулийн 27 дугаар зүйлийн 27.5-д заасны дагуу өсөх дарааллаар эрэмбэлж эхэнд эрэмблэгдсэн тендерийг хамгийн сайн тендер гэж үзнэ гэж заасан байгаа. Тухайн тендерт 2 компани үлдчихвэл бага дүнтэй компанийг шалгаруулна гэсэн ойлголтыг энэ заалт илэрхийлж байгаа. Түүнээс “**” компани тендерийн тодорхойлолтоор шалгараагүй учраас энэ заалт компанийн хувьд мөрдөгдөх боломжгүй. Зөвхөн бага үнийн дүн ирүүлсэн компанийг шалгаруулна гэсэн ойлголт байхгүй байгаа. Өнөөдөр “**” ХХК-ийн нийлүүлсэн барааг 100 хувь хүлээж аваад хэрэглээд явж байгаа. Үнэлгээний хороонд даалгаж өгнө үү гэсэн нэхэмжлэлийн шаардлага байгаа. Энэ тендер маань 2024 оны 8 дугаар сарын 05-ны өдөр нээгдсэн. Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил, үйлчилгээ худалдан авах тухай хуулийн 21 дүгээр зүйлийн 21.1.1-д тендер хүчинтэй байх хугацааг тендер нээснээс хойш ажлын 30-аас доошгүй өдөр байхаар заасан. Тэгэхээр “**” ХХК нь “Эрдэнэт үйлдвэр” ТӨҮГ-аас зарласан тендерт тендерийн хүчинтэй байх хугацаагаа 30 хоногоор зааж ирүүлсэн. Эндээс харахад 2024 оны 9 дүгээр сарын 13-ны өдөр тендерийн хүчинтэй хугацаа дууссан. “**” ХХК нь тендерийн хүчинтэй байх хугацаагаа 100 хоногоор зааж өгсөн байгаа. Үүнээс үзвэл 2025 оны 1 дүгээр сарын 17-ны өдөр эдний компанийн тендерийн хүчинтэй байх хугацаа дуусчихсан байгаа. Тендерийг хүчинтэй байх хугацаанд дахин үнэлдэг. Сангийн яамнаас өгсөн чиглэлийн дагуу тендерийг дахин үнэлдэг хуулийн зохицуулалттай. Нэхэмжлэгчийн гол ярьж байгаа зүйл бол тендерийг дахин үнэлье гэж байгаа. Эдний компанийн тендерийн хүчинтэй байх хугацаа дуусчихсан. За мөн худалдах худалдан авах гэрээг дүгнээд гэрээ дуусгавар болсон. Гэрээ байгуулах эрх олгох тухай мэдэгдэл хүргүүлсэнээс хойш 6 хоногийн дотор гэрээ байгуулна гэдэг зүйл маань хэрэгжээд дуусчихсан. Эрх зүйн үр дагаваргүй болсон. Дахин үнэлгээ хийлгэх эрх зүйн зохицуулалт байхгүй. Нэхэмжлэгчийн шаардлага хангахгүй байгаа гэж байгаа нь хууль зүйн үндэслэлгүй. Яагаад гэвэл Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа ажил үйлчилгээ худалдан авах тухай хуулийн 27.4.2-т санал болгож байгаа барааны техникийн үзүүлэлт нийцэж байгаа эсэхийг хянан үзнэ гээд заачихсан. Мөн тендерийн баримт бичигт зааж өгсөн. Үүний дагуу нэг бүрчлэн шалгасны үндсэн дээр шалгаруулсан. Хууль бус хуйвалдсан зүйл байхгүй. Ийм үндэслэлүүд байгаа учраас нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгож өгнө үү.” гэв.

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч ** шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: ““**” ХХК-ийн захиалагчийн зүгээс тендерийн тодорхойлолтонд заасан тоон үзүүлэлтүүд бүгд тохирч байна. Дээрээс нь фото зураг ирүүлсэн байгаа. Захиалагчийн зүгээс үйлдвэрлэгч гэдэг дээр ABB гэж заасан. 11,12 дээр санал болгож байгаа бүтээгдэхүүн тохирч байна, фото зураг бас тохирч байна гэж үзсэн. “**” ХХК-ийн нийлүүлсэн 25 дугаартай бараа бүтээгдэхүүн дээр бүтээгдэхүүний нэр Монжат, ГОСТ-ын дугаар таарсан, тоо хэмжээ таарсан, ирүүлсэн монжатын зураг нь мөн. Доор байгаа тоо хэмжээг бид нар үнэлэхгүй. Яагаад гэвэл монжатын зурагны тоо хэмжээ бүгд текст дотор стандарт хэмжээгээрээ байгаа. 42 дугаар бараа бүтээгдэхүүн дээр захиалагчийн тендерийн тодорхойлолтонд хийн даралтат шахуурга, компрессорын марк, техникийн үзүүлэлтийг зааж өгсөн. Санал болгож байгаа бараа бүтээгдэхүүн дээр тоо, зураг, марк бүрэн таарч байна. Хойд зураг биш гэж тайлбарлаж байна. Энэ зураг мөн. Энэ зүсэлттэй зураг юм. Зүсэлттэй байгаа хэсэг бол байрлал, овор хэмжээг нарийн зүсэлттэй гаргасан зураг. Бусад тоон үзүүлэлт бүгд таарч байгаа. 40 дүгээр бараа бүтээгдэхүүн дээр техникийн нэр нь фильтер. Тоон үзүүлэлт нь загвартайгаа, нийлүүлж байгаа бараа бүтээгдэхүүнтэйгээ марк, тоон үзүүлэлт тохирно. Зураг нь фильтерийн зураг мөн.

29 дүгээр барааны техникийн даалгаврыг санал болгож байгаа бараа бүтээгдэхүүнтэй, тодорхойлолттой нь тулгаж үзэж нягталсан. Дээрээс нь санал болгосон зураг мөн. Өрмийн машин дээр ашиглаж байгаа бүтээгдэхүүн мөн. Миний зүгээс ийм тайлбар гаргаж байна.” гэв.

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч ** шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “Дээрх тендер 2024 онд Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил үйлчилгээ худалдан авах тухай хуулийн хүрээнд явагдаад дууссан тендер. Үнэлгээний хорооны 100 хувийн саналаар “**” ХХК шалгарсан. Нэхэмжлэгч хуйвалдсан гэж яриад байна. Тийм зүйл болоогүй. Техникийн алдааг миний бие гаргасан. Яагаад гэвэл тухайн тендер 2 удаа явагдсан. Бид нар мэдэгдлийг программ дээр суулгахдаа сонгохдоо өмнөх тендерээр авсан алдаа гарсан. Би олон тендер авдаг. Би тэр алдаагаа хүлээж байна. Үнэн юм үнэнээрээ байна. Энэ компани өрсөлдөгчгүй маш олон жил тендерт оролцсон байсан.  Миний бие 2022 оноос хойш ажиллаж байгаа. Эдний компани зөвхөн өөрсдөд нь зориулсан тендер гэж бодоод байна. Уучлаарай, энэ бол Монгол улсын хэмжээнд нээлттэй явагдсан тендер. Хуулийн дагуу явсан. Тендерийн Үнэлгээний хорооны хувьд техникийн талаасаа бүгд ярилцаад 100 хувийн саналаар “**” ХХК шалгаруулсан. Энэ гэрээ хэрэгжээд дууссан, акт гарсан байгаа. 2-т эдний өөрсдийнх нь хэлээд байгаа 15 см гэж ирүүлээгүй, хувилбарт санал ирүүлээгүй. Хуулиараа техникийн тодорхойлолтонд ирсэн баримтыг үндэслэж үнэлгээ хийдэг болохоос бусдад давуу байдал хэзээ ч олгохгүй. Нэхэмжлэгч компанийг үйлдвэрийн тендерт байнга оролцдог гэдгээр нь давуу байдал олгохгүй .” гэв.

Гуравдагч этгээдийн өмгөөлөгч **шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: ““Эрдэнэт үйлдвэр” ТӨҮГ-аас 2024 оны 6 дугаар сарын 18-ны өдөр зарлагдсан “Тэсэлгээний цооногын өрмийн машины сэлбэг” нийлүүлэгчийг сонгон шалгаруулах цахим тендерт зохих хууль журмын дагуу оролцож шалгарсан байна гэж үзэж байна. Захиалагчаас хуульд заасны дагуу тендерийг хянан үзэх, үнэлэх, гэрээ байгуулах эрх олгох зэрэг бусад шат дараалласан ажиллагаануудыг хуульд зааснаар хийж “**” ХХК-ийг хамгийн сайн тендер гэж шалгаруулж шийдвэрлэсэн нь хууль зөрчсөн гэх ямар нэгэн баримт тогтоогдохгүй байна. Захиалагчийн зүгээс Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил, үйлчилгээ худалдан авах тухай хуулийн 4 дүгээр зүйлийн 4.1.18-д техникийн тодорхойлолтын тухай, 12 дугаар зүйлийн 12.1, 12.2-т тус тус заасныг мөрдлөг болгоод үүний дагуу захиалагчаас нийлүүлэх барааны техникийн тодорхойлолтыг боловсруулан гаргаад боловсруулсан тендерийн баримт бичгийн ТШЗ-ын 17.3-т оролцогчийн санал болгож байгаа бараа нь 3 дугаарт заасан техникийн тодорхойлолтонд нийцсэнийг нотлох баримтын өргөдлийг хүснэгтэнд зааснаар ирүүлнэ гэж тодорхой зааж өгсөн байгаа. Тэгээд техникийн тодорхойлолтын үзүүлэлтийг тус бүрд нь тодорхойлсон байгаа. Гэтэл “**” ХХК захиалагчийн боловсруулсан тендерийн тодорхойлолтын 11,12,20,21,29 дугаар бараануудын үзүүлэлтийн дагуу санал болгоогүй. Энэ талаар хариуцагчийн төлөөлөгч нар тодорхой тайлбар гаргалаа. Энэ тайлбартай өмгөөлөгчийн зүгээс санал нэг байгаа учраас давхардуулан тайлбарлах шаардлагагүй гэж үзэж байна. Нэхэмжлэгчийн зүгээс “**” ХХК-иас ирүүлсэн баримт бичгийн тендерийн тодорхойлолтонд заасан 25,29,40,42 дугаартай бараа нь захиалагчийн тендерийн тодорхойлолтонд зааснаар санал болгоогүй гэж үздэг. Гэтэл сая хариуцагчийн төлөөлөгчийн тайлбарласнаар “**” ХХК-ийн ирүүлсэн энэ бараа материал нь захиалагчийн тендерийн тодорхойлолтод шаардсанаар ирүүлсэн байна гэдгийг тодорхой хэлж байна. Мөн захиалагчийн санал болгосон үзүүлэлттэй тохирч байна гэдэг нь хэрэгт авагдсан “Эрдэнэт үйлдвэр” ТӨҮГ-ын чанар хяналтын хэлтсийн 2024 оны 11 дүгээр сарын 22-ны өдрийн 1350, 2024 оны 12 дугаар сарын 02-ны өдрийн 1368, 2025 оны 1 дүгээр сарын 28-ны өдрийн 143, 2025 оны 2 дугаар сарын 14-ний өдрийн 182, 2025 оны 2 дугаар сарын 11-ний 215 дугаартай хяналтын актууд, тус үйлдвэрийн газраас “**” ХХК-ийн нийлүүлж байгаа бараа бүтээгдэхүүнд туршилт хийсэн туршилтаар нийлүүлж байгаа бараа бүтээгдэхүүнүүд нь шаардлага хангасан, хэвийн явж байна гэсэн дүгнэлтүүд байна. Туршилт хийсэн үр дүнгийн тайлангууд байгаа. Тэгэхээр “**” ХХК-ийн “**” ХХК-ийн бараа шаардлага хангаагүй гэж үзэж тайлбарлаж байгаа тайлбар нь үндэслэлгүй байна гэж үзэж байна. Нэхэмжлэгчийн зүгээс Үнэлгээний хорооны зөвлөмж, захиалагчийн мэдэгдэл, гэрээ зэрэг хууль бус захиргааны актуудыг тус тус хүчингүй болгож, Үнэлгээний хороонд үнэлгээ хийлгэхийг даалгах тухай нэхэмжлэлийн шаардлагыг гаргасан байгаа. Энэ нэхэмжлэлийн шаардлагыг хангаж шийдвэрлэх боломжгүй. Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил, үйлчилгээ худалдан авах тухай хуульд тендер нээх, хянан үзэх, үнэлэх, гэрээ байгуулах, эрх олгох гэсэн үе шатуудыг зохицуулсан байдаг. Тэгвэл захиалагчаас эдгээр олон үе шатууд, тендерийн бусад ажиллагаанууд хуульд заасны дагуу хийгдээд дуусчихсан байгаа. “**” ХХК-ийн тухайд өөрсдийн нийлүүлэх бараа бүтээгдэхүүнийг нийлүүлээд дууссан. Эдгээр нь ямар баримтаар нотлогдож байна вэ гэхээр бараа бүтээгдэхүүн нийлүүлсэн тухай акт, гэрээ дүгнэсэн акт, “**” ХХК-ийн Хаан банк дахь 2025 оны 3 дугаар сарын 13-ны өдрийн хуулга буюу “Эрдэнэт үйлдвэр” ТӨҮГ-аас гэрээний нийт үнэ болох 2.277.845.320 төгрөгийг шилжүүлсэн баримтуудаар “**” ХХК Тэсэлгээний цооногийн өрмийн машины сэлбэг нийлүүлэх ажлаа худалдах худалдан авах гэрээгээр бодитой хэрэгжүүлээд үйл ажиллагааны хөлсийг авсан гэж үзэж байгаа. Эдгээр байдлуудаас дүгнэж үзвэл нэхэмжлэгчийн хүчингүй болгуулахаар шаардаж байгаа захиргааны акт болох зөвлөмж, мэдэгдэл, гэрээ зэрэг эрх зүйн актын үйлчлэл дууссан. Ийм учраас энэ нэхэмжлэлийн шаардлагыг хангаж шийдвэрлэх боломжгүй байгаа учраас хэрэгсэхгүй болгож өгнө үү.” гэв.

                                                                                     ҮНДЭСЛЭХ нь:

            1. Нэхэмжлэгч “**” ХХК “Эрдэнэт үйлдвэр” ТӨҮГ, “Эрдэнэт үйлдвэр” ТӨҮГ-ын тендерийн Үнэлгээний хороонд тус тус холбогдуулан гаргасан  ““Эрдэнэт үйлдвэр” ТӨҮГ-ын тендерийн Үнэлгээний хорооны 2024 оны 08 дугаар сарын 09-ний өдрийн “зөвлөмж”-ийг,  “Эрдэнэт үйлдвэр” ТӨҮГ-аас “**” ХХК-д 2024 оны 08 дугаар сарын 12-ны өдрийн “Мэдэгдэл хүргүүлэх тухай” СЭ-112-12/5362 дугаар мэдэгдлийг, “**” ХХК-д 2024 оны 08 дугаар сарын 12-ны өдрийн “Гэрээ байгуулах эрх олгох тухай” СЭ-112-12/5361 дугаар  “Мэдэгдэл”-ийг, “Эрдэнэт үйлдвэр” ТӨҮГ болон “**” ХХК-ийн хооронд байгуулсан 2024 оны 09 дүгээр сарын 13-ны өдрийн 2024/11-10-0533 дугаар “Худалдах-худалдан авах гэрээ”-г тус тус хүчингүй болгож, ”Эрдэнэт үйлдвэр” ТӨҮГ-ын тендерийн Үнэлгээний хороонд дахин үнэлгээ хийлгэхийг даалгах”-ыг хүссэн нэхэмжлэлийн шаардлага гаргасан ба нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч шүүх хуралдаанд нэхэмжлэлийн шаардлагаа дэмжин оролцсон.

2. Шүүх нэхэмжлэгчийн  нэхэмжлэлийн шаардлагын хүрээнд  хэрэгт авагдсан бичгийн нотлох баримтууд, шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан хэргийн оролцогч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч нарын тайлбарт үндэслэн хэргийг хянан шийдвэрлэлээ.

3. “Эрдэнэт үйлдвэр” ТӨҮГ-ын Ерөнхий захирлын 2024 оны 01 дүгээр сарын 22-ны өдрийн А/23 дугаар тушаалаар “Тэсэлгээний цооногийн өрмийн машины сэлбэг” нийлүүлэгчийг сонгон шалгаруулах тендерийн Үнэлгээний хороог байгуулж, 2024 оны 06 дугаар сарын 18-ны өдөр цахим тендерийг зарлаж, 2024 оны 08 дугаар  сарын 05-ны өдөр тендерийг нээсэн байна.

            4. Үнэлгээний хороо 2024 оны 08 дугаар сарын 09-ний өдөр хуралдаж, захиалагчийн баталсан тендерийн баримт бичгийн дагуу тендерт ирүүлсэн баримтуудыг хянан үзэж, “**” ХХК-ийн тендерийг шаардлагад нийцсэн тендер ирүүлсэн гэж дүгнэсэн байна.

 5. Дээрхи шийдвэрийг тендерт оролцогч “**” ХХК эс зөвшөөрч Сангийн яаманд гомдол гаргасан боловч Сангийн яам 2024 оны 08 дугаар 22-ны өдрийн 03/6966 дугаартай “Гомдол буцаах тухай” албан бичгээр гомдлыг буцаасан байна.  

6. Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил, үйлчилгээ худалдан авах тухай хуулийн 48 дугаар зүйлийн 48.2.3-т “үнэлгээний хорооны зөвлөмж хууль тогтоомжид нийцсэн эсэхэд хяналт тавих”,  48.2.4-д “энэ хуульд заасан хугацаанд шийдвэр гаргах”, 48.2.6-д “худалдан авах гэрээ байгуулах” тус тус заасны дагуу захиалагч “**” ХХК-тай гэрээ байгуулахыг зөвшөөрсөн захиалагчийн шийдвэр гарч, “**” ХХК-д “Гэрээ байгуулах эрх олгох тухай” СЭ-112-12/5361 дугаартай мэдэгдлийг, “**” ХХК-д тендерт шалгараагүй тухай СЭ-112-12/5362 дугаар мэдэгдлийг тус тус хүргүүлсэн байна.

7.  “Эрдэнэт үйлдвэр” ТӨҮГ-ын 2024 оны 08 дугаар сарын 12-ны өдрийн СЭ-112-12/5362 дугаартай “Мэдэгдэл хүргүүлэх тухай” албан бичгээр “**” ХХК-ийн ирүүлсэн тендер нь Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил, үйлчилгээ худалдан авах тухай хуулийн 26 дугаар зүйлийн 26.4 дэх хэсэгт заасны дагуу дараах шаардлагуудыг хангаагүй болохыг үүгээр мэдэгдэж байна. ...” гэж мэдэгджээ.

 8. Нэхэмжлэгч болон түүний итгэмжлэгдсэн төлөөлөгч нар техникийн тодорхойлолтын шаардлагуудыг  хангаагүй “**” ХХК-ийг  тендерт шалгаруулсан нь үндэслэлгүй, хууль бус, эрх тэгш өрсөлдөх боломжийг хангаагүй, Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил, үйлчилгээ худалдан авах тухай хуулийн 28 дугаар зүйлийн 28.7.3-т “энэ хуулийн 27 дугаар зүйлд заасан шаардлагыг хангаж, энэ хуульд заасны дагуу үнэлэгдсэн тендерүүдийг бага харьцуулах үнэтэйгээс их харьцуулах үнэтэй рүү нь эрэмбэлж, хамгийн бага харьцуулах үнэтэй тендерийг сонгоно” гэж, мөн 28.7.4-т “хамгийн бага харьцуулах үнэтэй тендерийг «хамгийн сайн» үнэлэгдсэн тендер гэж үзнэ” гэсэн тендерийг үнэлэх зарчмын заалтууд хэрэгжүүлээгүй, Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил, үйлчилгээ худалдан авах тухай хуулийн 6 дугаар зүйлийн 6.1-д заасан “Худалдан авах ажиллагаанд ил тод, өрсөлдөх тэгш боломжтой, үр ашигтай, хэмнэлттэй, хариуцлагатай байх зарчмыг баримтална” гэсэн зарчим ч  хэрэгжсэнгүй гэж тайлбарлан маргасан болно. 

9. “Эрдэнэт үйлдвэр” ТӨҮГ-ын Ерөнхий захирлын 2024 оны 01 дүгээр сарын 22-ны өдрийн А/23 дугаар тушаалаар “Тэсэлгээний цооногийн өрмийн машины сэлбэг” нийлүүлэгчийг сонгон шалгаруулах тендерийн үнэлгээний хороог байгуулж, 2024 оны 06 дугаар сарын 18-ны өдөр цахим тендерийг зарласан.  

10. 2023 оны 06 дугаар сарын 16-ны өдрийн Монгол Улсын Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил, үйлчилгээ худалдан авах тухай хууль /шинэчилсэн найруулга/-ийг дагаж мөрдөх журмын тухай хуулийн 1 дүгээр зүйлд “Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил, үйлчилгээ худалдан авах тухай хууль /Шинэчилсэн найруулга/ хүчин төгөлдөр болохоос өмнө зарласан тендер шалгаруулалтыг 2005 оны 12 дугаар сарын 01-ний өдөр баталсан Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил, үйлчилгээ худалдан авах тухай хуулийн дагуу зохион байгуулж дуусгана.”, 3 дугаар зүйлд “Энэ хуулийг Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил, үйлчилгээ худалдан авах тухай хууль /Шинэчилсэн найруулга/ хүчин төгөлдөр болсон өдрөөс эхлэн дагаж мөрдөнө.” гэж тус тус заасан, “Тэсэлгээний цооногийн өрмийн машины сэлбэг” нийлүүлэгчийг сонгон шалгаруулах тендер нь 2023 оны 06 дугаар сарын 16-ны өдөр батлагдаж, 2024 оны 01 дүгээр сарын 01-ний өдөр дагаж мөрдсөн Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил, үйлчилгээ худалдан авах тухай хууль /шинэчилсэн найруулга/-аар зохицуулагдана.

11. Гэтэл нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч нь нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлээ  2005 онд батлагдсан Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил, үйлчилгээ худалдан авах тухай хуулийн 28 дугаар зүйлийн 28.7.4, 6 дугаар зүйлийн 6.1 дэх заалтуудыг хэрэгжүүлээгүй гэж маргасан нь үндэслэлгүй байна гэж шүүх дүгнэлээ.

             12. Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил, үйлчилгээ худалдан авах тухай хууль /шинэчилсэн найруулга/-ийн 4 дүгээр зүйлийн 4.1.17-д “тендер шалгаруулалтын  баримт бичиг” гэж захиалагчаас тендер шалгаруулалтын нөхцөл, шаардлага, аргачлалыг  тодорхойлсон баримт бичгийг”, 4.1.18-д “ “техникийн тодорхойлолт” гэж худалдан авах бараа, ажил, үйлчилгээний техникийн үзүүлэлт, үйлдвэрлэл, үйл ажиллагааны арга, технологи, түүнд тавигдах технологийн шаардлага, даалгаварыг тодорхойлсон бүрдүүлбэрийг”, 12 дугаар зүйлийн 12.1-д “Захиалагч  техникийн тодорхойлолтод бараа, ажил, үйлчилгээний шаардлагатай гэж үзсэн шинж чанар, түүний зориулалт болон зориулалтын дагуу ашиглахтай холбоотой шаардлага, зураг төсөл, холбогдох стандарт, норм, дүрэм, зааврыг тусгана.” гэж заасан ба үүний дагуу захиалагчаас “техникийн тодорхойлолт”-ыг гаргадаг.    

 13. Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил, үйлчилгээ худалдан авах тухай хуулийн 11 дүгээр зүйлийн 11.1-д “Тендер шалгаруулалтын баримт бичгийг санхүү, төсвийн асуудал эрхэлсэн Засгийн газрын гишүүний баталсан жишиг баримт бичиг, маягт, гэрээний нөхцөл болон холбогдох журам, аргачлалын дагуу боловсруулж, захиалагч батална.” зааснаар “Тэсэлгээний цооногийн өрмийн машины сэлбэг” худалдан авах тендер шалгаруулалтын баримт бичгийг захиалагч боловсруулан баталсан ба тендерийн баримт бичигтэй холбогдуулан нэхэмжлэгч тал маргаагүй болно.   

14. Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил, үйлчилгээ худалдан авах тухай хуулийн /шинэчилсэн найруулга/ 26 дугаар зүйлийн 26.1-д “Захиалагч оролцогчоос ирүүлсэн тендерийг шаардлагад нийцсэн эсэхийг энэ зүйлд зааснаар хянан үзнэ.”, 26.4-д “Захиалагч тендерийг тендер шалгаруулалтын баримт бичигт заасан шаардлагад нийцсэн эсэхийг дараах байдлаар хянан үзнэ”, 26.4.2-д “санал болгосон бараа, ажил, үйлчилгээ техникийн тодорхойлолтод нийцсэн байх”, 26.4.4-д “тендер шалгаруулалтын баримт бичигт заасан бусад нөхцөл, шаардлага хангасан байх”, 28 дугаар зүйлийн 28.1-д “Захиалагч тендер тус бүрд дараах шийдвэрээс аль тохирохыг гаргана:”, 28.1.3-д “шаардлагад нийцээгүй тендер ирүүлсэн оролцогчийн тендерээс татгалзах.” гэж хуульд тус тус заажээ.

 15. Тендерийн баримт бичгийн ТШЗ 17.5-д “Оролцогч, түүний нийлүүлэх бараа нь захиалагчийн шаардсан техникийн тодорхойлолтод нийцэж буйг нотлох баримтыг зураг фото, схем гэх мэт, өгөдлийн хэлбэрээр тендер шалгаруулалтын баримт бичгийн техникийн тодорхойлолтод заасан хүснэгтийн дагуу харьцуулж ирүүлнэ. Санал болгосон бараа нь техникийн тодорхойлолтод нийцсэнийг харуулах зорилгоор тэдгээрийн техникийн болон гүйцэтгэлийн бодит үзүүлэлтийг техникийн тодорхойлолттой нийцсэн болохыг хянан үзэх боломжтой баримт”, техникийн тодорхойлолтын 11 ба 12 дугаарын барааны үйлдвэрлэгч АВВ, 15 дугаарын  барааны диаметр 118.2 мм, зузаан 6 мм, 21 дугаарын  барааны өндөр 15 мм” гэж тодорхойлсны дагуу  “**” ХХК техникийн тодорхойлолтын 11.12   дугаарт байх барааны үйлдвэрлэгчийг санал болгоогүй, 15 дугаар барааны диаметр, зузаан хоёрт хувилбарт санал ирүүлсэн, 21 дугаар барааны өндөрт хэмжээс ирүүлээгүй, 29 дугаар бараанд санал болгосон барааны зураг ирүүлээгүй” гэж техникийн шаардлага  хангаагүй гэж Үнэлгээний хороо хянан үзэж зөвлөмж гаргасан нь  үндэслэлгүй гэж маргасан. 

 16. “Техникийн тодорхойлолт”-д тавигдах шаардлагыг Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил, үйлчилгээ худалдан авах тухай хуулийн 12 дугаар зүйлийн 12.1-д “Захиалагч техникийн тодорхойлолтод бараа, ажил, үйлчилгээний шаардлагатай гэж үзсэн шинж чанар, түүний зориулалт болон зориулалтын дагуу ашиглахтай холбоотой шаардлага, зураг төсөл, холбогдох стандарт, норм, дүрэм, зааврыг тусгана.”, 12.2-д “Техникийн тодорхойлолтод бараа нийлүүлэх, ажил гүйцэтгэх, үйлчилгээ үзүүлэхэд хэрэглэх түүхий эд, материал болон ажлын хүрээнд нийлүүлэх барааны шалгуур үзүүлэлтийг тодорхойлно.” гэж заасан, үүний дагуу захиалагчаас “техникийн тодорхойлолт”-ыг гаргасан, захиалагчийн баталсан тендерийн баримт бичгийн ТШЗ 17.5-д “Оролцогч, түүний нийлүүлэх бараа нь захиалагчийн шаардсан техникийн тодорхойлолтод нийцэж буйг нотлох баримтыг зураг фото, схем гэх мэт, өгөдлийн хэлбэрээр тендер шалгаруулалтын баримт бичгийн техникийн тодорхойлолтод заасан хүснэгтийн дагуу харьцуулж ирүүлнэ. Санал болгосон бараа нь техникийн тодорхойлолтод нийцсэнийг харуулах зорилгоор тэдгээрийн техникийн болон гүйцэтгэлийн бодит үзүүлэлтийг техникийн тодорхойлолттой нийцсэн болохыг хянан үзэх боломжтой баримт” гэж тусгажээ. 

17. Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил, үйлчилгээ худалдан авах тухай хуулийн 4 дүгээр зүйлийн 4.1.18-д ““техникийн тодорхойлолт” гэж худалдан авах бараа, ажил, үйлчилгээний техникийн үзүүлэлт, үйлдвэрлэл, үйл ажиллагааны арга, технологи, түүнд тавигдах технологийн шаардлага, даалгаврыг тодорхойлсон бүрдүүлбэрийг” заасан ба “Тэсэлгээний цооногийн өрмийн машины сэлбэг” нийлүүлэх тендерийн баримт бичгийн техникийн тодоройлолтын 11.12 дугаарт байгаа барааны үйлдвэрлэгч нь АВВ байхаар тусгасан байхад  “**” ХХК техникийн тодорхойлолтондоо тухайн 11,12 дугаарт байгаа барааны үйлдвэрлэгчийг санал болгоогүй, техникийн тодорхойлолтын 15 дугаарын бараа болох “хамгаалах цагираг”-ны диаметр 118.2 мм, зузаан 6 мм байхаар тусгасан ба нэхэмжлэгч компани хувилбарт санал ирүүлсэн, 21 дугаар бараанд өндөр 15 мм байна гэж техникийн тодорхойлолтод заасан байхад өндөрийн хэмжээсийг санал болгоогүй, 29 дугаар бараанд зураг ирүүлээгүй нь хэрэгт авагдсан баримтаар нотлогдож байна.

18. Түүнчлэн Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил, үйлчилгээ худалдан авах тухай хуулийн 12 дугаар зүйлийн 12.5-д “Техникийн тодорхойлолтыг нарийвчлан тодорхойлох боломжгүй бол энэ тухай үндэслэл бүхий тайлбарыг дурдсаны үндсэн дээр зөвхөн тухайн бараанд холбогдуулан энэ хуулийн 12.4-т заасан шаардлага, нөхцөлийг тавьж болох бөгөөд энэ тохиолдолд "эсхүл түүнтэй дүйцэх" гэсэн тодотгол хэрэглэнэ.”, 26 дугаар зүйлийн 26.8-д “Энэ хуулийн 12.5-д зааснаар "эсхүл түүнтэй дүйцэх" гэсэн тодотгол хэрэглэсэн техникийн тодорхойлолтод өөр бараа санал болгосон оролцогч техникийн тодорхойлолтод заасантай дүйцэх болохыг энэ хуулийн 13 дугаар зүйлд заасан баримт бичгээр, эсхүл бусад хэлбэрээр нотолсон бол техникийн тодорхойлолтыг хангасан гэж үзнэ.” гэж зохицуулсан боловч “Тэсэлгээний цооногийн өрмийн машины сэлбэг” нийлүүлэх тендерийн баримт бичгийн техникийн тодорхойлолтын 15 дугаарын барааны диаметр, зузааныг нарийвчлан тодорхойлсон байхад нэхэмжлэгч компани хувилбарт санал ирүүлсэн зэрэг нь “**” ХХК-ийг тендерийн баримт бичгийн техникийн тодорхойлолтод нийцсэн тендер ирүүлсэн гэж үзэх үндэслэлгүй.

19. Иймээс “Эрдэнэт үйлдвэр” ТӨҮГ-ын “Тэсэлгээний цооногийн өрмийн машины сэлбэг” /ЭҮТӨҮГ/20240102197/ нийлүүлэгчийг сонгон шалгаруулах тендерийн Үнэлгээний хороог Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил, үйлчилгээ худалдан авах тухай хуулийн 50 дугаар зүйлийн 50.2-д “Үнэлгээний хороо байнгын бус ажиллагаатай байх бөгөөд дараах чиг үүргийг хэрэгжүүлнэ:”, 50.2.2-т “тендерийг нээх, хянан үзэх, үнэлэх”, 50.2.3-д “захиалагчид энэ хуулийн 28 дугаар зүйлд заасан шийдвэр гаргах зөвлөмж хүргүүлэх” заасан чиг үүргийг хэрэгжүүлсэн байна гэж шүүх үзлээ.   

20. Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч нь “**” ХХК нь СБШ-250 МНА-32 өрмийн машиныг анхлан зохион бүтээж үйлдвэрлэсэн “Рудгормаш” үйлдвэрийн Монгол дахь албан ёсны борлуулагч, “Рудгормаш” үйлдвэрийн үйлдвэрлэсэн СБШ-250 МНА-32 өрөмдлөгийн машиныг манай компани өмнө нь “Эрдэнэт үйлдвэр” ТӨҮГ-т нийлүүлж байсан ба энэхүү өрөмдлөгийн машины сэлбэг хэрэгслийг зориулалтын дагуу зөв, тохирсон байдлаар сонгож нийлүүлэх бүрэн чадвартай нийлүүлэгч нь "**” ХХК,  эд ангиудыг техникийн тодорхойлолтод нийцүүлэн, тохирсон артикулын дугаараар нийлүүлэх ба  фото зургаар баталгаажуулж хүргүүлсэн. Техникийн тодорхойлолтын хавсралтад ирүүлсэн зураг дээр АВВ гэсэн үйлдвэрлэгчийн лого харагдаж байгаа гэж тайлбарласан.

21. Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил, үйлчилгээ худалдан авах тухай хуулийн 26 дугаар зүйлийн 26.3-т “Оролцогч тендерт холбогдох баримт бичиг болон ирүүлсэн мэдэгдлийн үнэн зөвийг хариуцна.”, 26.4.2-т “санал болгосон бараа, ажил, үйлчилгээ техникийн тодорхойлолтод нийцсэн байх:”, тендерийн баримт бичгийн ТШЗ 17.5-д “Оролцогч, түүний нийлүүлэх бараа нь захиалагчийн шаардсан техникийн тодорхойлолтод нийцэж буйг нотлох баримтыг зураг фото, схем гэх мэт, өгөдлийн хэлбэрээр тендер шалгаруулалтын баримт бичгийн техникийн тодорхойлолтод заасан хүснэгтийн дагуу харьцуулж ирүүлнэ. Санал болгосон бараа нь техникийн тодорхойлолтод нийцсэнийг харуулах зорилгоор тэдгээрийн техникийн болон гүйцэтгэлийн бодит үзүүлэлтийг техникийн тодорхойлолттой нийцсэн болохыг хянан үзэх боломжтой баримт” гэсний дагуу “**” ХХК тендерийн баримт бичгийн техникийн тодорхойлолтод заасан шаардлага хангасан тендерийг хүргүүлэх үүрэгтэй ба, “хавсралт зургаар үйлдвэрлэгч нь тодорхойлогдсон” гэсэн нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн тайлбарыг хүлээн авах үндэслэлгүй.

22. Мөн Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил, үйлчилгээ худалдан авах тухай хуулийн 11 дүгээр зүйлийн 11.4-д “Захиалагч шаардлагад нийцсэн тендерүүдийг үнэлэх доор дурдсан үндсэн шалгуурын аль нэгийг сонгон тендер шалгаруулалтын баримт бичигт заана:” 11.4.1-д “харьцуулах үнэ”, 27 дугаар зүйлийн 27.5-д “Тендерийг энэ хуулийн 11.4.1-д зааснаар үнэлэхэд харьцуулах үнийг, энэ хуулийн 11.4.2-т зааснаар үнэлэхэд санхүү, төсвийн асуудал эрхэлсэн Засгийн газрын гишүүний баталсан аргачлал, зааврын дагуу тооцсон үнийг тус тус өсөх дарааллаар эрэмбэлж, эхэнд эрэмбэлэгдсэн тендерийг хамгийн сайн тендер гэж үзнэ.” гэж зохицуулсан, нэхэмжлэгч “**” ХХК нь бага үнийн саналтай байсан боловч шаардлагад нийцсэн тендер ирүүлээгүй учраас дээрхи хуулийн заалтыг захиалагч хэрэгжүүлэх үндэслэлгүй юм.

23. Нэгэнт нэхэмжлэгч “**” ХХК-ийн “Эрдэнэт үйлдвэр” ТӨҮГ-ын 2024 оны 08 дугаар сарын 12-ны өдрийн “Мэдэгдэл хүргүүлэх тухай” СЭ-112-12/5362  дугаартай мэдэгдлийг хүчингүй болгуулах” нэхэмжлэлийн шаардлагыг хангах үндэслэл тогтоогдоогүй учраас “Тэсэлгээний цооногийн өрмийн машины сэлбэг” нийлүүлэгчийг сонгон шалгаруулах ЭҮТӨҮГ/20240102197 дугаартай тендерийг Эрдэнэт үйлдвэр” ТӨҮГ-ын тендерийн Үнэлгээний хороонд дахин үнэлгээ хийлгэхийг даалгах” нэхэмжлэлийн шаардлагыг хангах үндэслэлгүй.

 24. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 1 дүгээр зүйлийн 1.1-д “Энэ хуулийн зорилт нь хүн, хуулийн этгээдээс захиргааны байгууллагын хууль бус үйл ажиллагааны улмаас зөрчигдсөн, эсхүл зөрчигдөж болзошгүй эрх, хууль ёсны ашиг сонирхолоо хамгаалуулахаар, ...гаргасан нэхэмжлэлийн дагуу захиргааны хэргийн шүүхэд хянан шийдвэрлэхтэй холбогдсон харилцааг зохицуулахад оршино.”, 3 дугаар зүйлийн 3.1.3-д “нэхэмжлэл гэж хүн, хуулийн этгээдээс захиргааны хууль бус үйл ажиллагааны улмаас зөрчигдсөн, эсхүл зөрчигдөж болзошгүй эрх, хууль ёсны ашиг сонирхолоо хамгаалуулахаар, ... захиргааны хэргийн шүүхэд гаргасан өргөдлийг”  гэж тус тус заасан.

 25.  Өөрөөр хэлбэл  захиргааны хэргийн шүүх захиргааны байгууллагын хууль бус үйл ажиллагааны улмаас нэхэмжлэгчийн зөрчигдсөн, эсхүл зөрчигдөж болзошгүй эрх, хууль ёсны ашиг сонирхлыг хамгаалах, зөрчигдсөн эрхийг сэргээхэд чиглэдэг ба “Мэдэгдэл хүргүүлэх тухай” СЭ-112-12/5362 дугаартай мэдэгдэл нэхэмжлэгчийн эрх, хууль ёсны ашиг сонирхолыг зөрчөөгүй, мэдэгдлийг хүчингүй болгосноор нэхэмжлэгчийн эрх, хууль ёсны ашиг сонирхол сэргээгдэхгүй болно.

26. Мөн нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч нь “Эрдэнэт үйлдвэр” ТӨҮГ-аас “**” ХХК-д 2024 оны 08 дугаар сарын 12-ны өдрийн “Мэдэгдэл хүргүүлэх тухай” СЭ-112-12/5362 дугаар мэдэгдэлд “Уг тендер шалгаруулалтад шаардлагад нийцсэн тендер ирүүлээгүй ...” гэсэн боловч “**” ХХК-ийг тендерт шалгаруулсан нь үндэслэлгүй гэж тайлбарласан ба Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил, үйлчилгээ худалдан авах тухай хуулийн 28 дугаар зүйлийн 28.3-д “Захиалагч энэ хуулийн 28.1-д заасан шийдвэрийг цахим системд нийтэлснээр мэдэгдсэнд тооцно.” заасны дагуу тухайн тендерийн үр дүнгийн талаар цахим системд нийтэлсэн болох нь хэрэгт авагдсан баримтаар нотлогдож байна.  

27. “Тэсэлгээний цооногийн өрмийн машины сэлбэг” нийлүүлэгчийг сонгон шалгаруулах тендерийн Үнэлгээний хороо 2024 оны 08 дугаар сарын 09-ний өдөр  хуралдаж, “Эрдэнэт үйлдвэр” ТӨҮГ-ын хэрэгцээт “Тэсэлгээний цооногийн өрмийн машины сэлбэг” худалдан авах ЭҮТӨҮГ/20240102197 тоот нээлттэй тендерт шаардлагад нийцсэн санал ирүүлсэн “**” ХХК-ийн DDP-Эрдэнэт үйлдвэр ТӨҮГ-ын агуулах нөхцөлөөр нийлүүлэх 2.282.240.000 тендерийг “хамгийн сайн” үнэлэгдсэн тендер гэж үзсэн тул гэрээ байгуулах эрх олгох зөвлөмжийг захиалагчид хүргүүлэхээр шийдвэрлэж, захиалагч 2024 оны 08 дугаар сарын 12-ны өдрийн “Гэрээ байгуулах эрх олгох тухай” СЭ-112-12/5361 дугаартай мэдэгдлийг “**” ХХК-д хүргүүлсэн байна.

 28. Энэ нь Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил, үйлчилгээ худалдан авах тухай хуулийн 28 дугаар зүйлийн 28.1.1-д “хамгийн сайн тендер ирүүлсэн оролцогчид гэрээ байгуулах эрх олгох:”, 28.2-д “... гэрээ байгуулах эрх олгосон оролцогчийн нэр, гэрээ байгуулах үнэ зэргийг зааж .. мэдэгдэнэ.” заасны дагуу “**” ХХК-д мэдэгдэл хүргүүлсэн, 30 дугаар зүйлийн 30.1-д “Шалгарсан оролцогч гэрээ байгуулах эрх олгох тухай мэдэгдсэнээс хойш ажлын зургаагаас доошгүй өдрийн дараа, захиалагчаас тогтоосон хугацаанд багтаан гэрээг баталгаажуулж, эх хувиар, эсхүл цахим системээр захиалагчид хүргүүлнэ.” зааснаар  “**” ХХК Эрдэнэт үйлдвэр” ТӨҮГ  Худалдах-худалдан авах 2024/11-10-0533 дугаар гэрээг 2024 оны 09 дүгээр сарын 13-ны өдөр байгуулж, 2/502-24 дугаарт бүртгэсэн болох нь хэрэгт авагдсан нотлох баримтуудаар тогтоогдож байна.

29. Мөн тендерийн Үнэлгээний хороо болон захиалагч нь Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил, үйлчилгээ худалдан авах тухай хуулийн Хоёрдугаар бүлгээр  худалдан авах ажиллагааны хэд хэдэн үе шатууд /тендер нээх, тендер хянан үзэх, тендерийг үнэлэх, гэрээ байгуулах эрх олгох/-ыг зохицуулсан байх бөгөөд тухайлбал, хуулийн 26 дугаар зүйлд “Тендерийг хянан үзэх”, ийнхүү тендерийг хянан үзээд мөн хуулийн 26.9-т “Тендер шалгаруулалтын баримт бичгийн бүх шаардлагыг нэгэн зэрэг хангасан тендерийг шаардлагад нийцсэн тендер гэж үзнэ.” зааснаар тухайн тендер шаардлагад нийцсэн тохиолдолд дараагийн буюу хуулийн 27дугаар зүйлд заасан “Тендер үнэлэх”, 30 дугаар зүйлд заасан “Гэрээ байгуулах” зэрэг тендерийн бусад шат дараалсан ажиллагаануудыг хуульд заасны дагуу хийсэн байна. 

 30. Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил, үйлчилгээ худалдан авах тухай хуулийн 48 дугаар зүйлийн 48.2.6-д “худалдан авах гэрээ байгуулах” зааснаар захиалагч “**” ХХК-д гэрээ байгуулах эрх олгон, 30 дугаар  зүйлийн 30.1-д заасны дагуу 2024 оны 09 дүгээр сарын 13-ны өдөр “Эрдэнэт үйлдвэр” ТӨҮГ, гүйцэтгэгч “**” ХХК нарын хооронд 2024/11-10-0533 дугаар “худалдах-худалдан авах гэрээ” байгуулагдсан, “**” ХХК нь худалдах-худалдан авах гэрээний дагуу барааг “Эрдэнэт үйлдвэр” ТӨҮГ-т 100 хувь нийлүүлсэн болох нь 2024 оны 11 дүгээр сарын 22-ны өдрийн 1350 дугаар, 12 дугаар сарын 02-ны өдрийн 1368 дугаар, 2025 оны 01 дүгээр сарын 16-ны өдрийн 77 дугаар, 01 дүгээр сарын 17-ны өдрийн 88 дугаар, 01 дүгээр сарын 28-ны өдрийн 133 дугаар, 02 дугаар сарын 05-ны өдрийн 182 дугаар, 02 дугаар сарын 13-ны өдрийн 215 дугаар  “Хяналтын акт”-аар, 2025 оны 01 дүгээр сарын 16-ны өдрийн “барааны туршилтын үр дүнгийн тайлан”, “2024/11-10-0533 дугаар худалдах, худалдан авах гэрээг дүгнэсэн тухай”, “Эрдэнэт үйлдвэр” ТӨҮГ-аас “**” ХХК-д гэрээний үүргийн үнийн дүнг шилжүүлсэн баримтаар нотлогдож байна. 

 31. Нэхэмжлэгч “**” ХХК “Эрдэнэт үйлдвэр” ТӨҮГ-аас “**” ХХК-д 2024 оны 08 дугаар сарын 12-ны өдөр олгосон гэрээ байгуулах эрх олгох тухай “Мэдэгдэл”-ийг, “Эрдэнэт үйлдвэр” ТӨҮГ болон “**” ХХК-ийн хооронд байгуулсан 2024 оны 09 дүгээр  сарын 13-н өдрийн 2024/11-10-0533  дугаар “Худалдах-худалдан авах гэрээ”-г тус тус хүчингүй болгож, ”Эрдэнэт үйлдвэр” ТӨҮГ-аас зарласан 2024 оны 08 дугаар сарын 05-ны өдөр нээгдсэн “Тэсэлгээний цооногийн өрмийн машины сэлбэг” нийлүүлэх нийлүүлэгчийг сонгон шалгаруулах ЭҮТӨҮГ/20240102197 дугаартай цахим тендерийг дахин үнэлэхийг тендерийн Үнэлгээний хороонд даалгах” нэхэмжлэлийн шаардлагаа хэрэг хянан шийдвэрлэх шүүх хуралдаанд дэмжин оролцсон, захиргааны акт болох гэрээ байгуулах эрх олгох тухай “Мэдэгдэл”, “Эрдэнэт үйлдвэр” ТӨҮГ болон “**” ХХК-ийн хооронд байгуулсан 2024/11-10-0533 дугаар “Худалдах-худалдан авах гэрээ”-ний эрх зүйн үйлчлэл нь тус тус дуусгавар болсон нь хэрэгт авагдсан баримтуудаар тогтоогдож байна.

 32. Маргаан бүхий захиргааны актуудын эрх зүйн үйлчлэл дуусгавар болсон,  хариуцагч “Эрдэнэт үйлдвэр” ТӨҮГ, тендерийн Үнэлгээний хороо нэхэмжлэгчийн эрх, хууль ёсны ашиг сонирхолыг зөрчсөн гэж үзэх үндэслэл тогтоогдоогүй тул ”Эрдэнэт үйлдвэр” ТӨҮГ-аас зарласан 2024 оны 08 дугаар сарын 05-ны өдөр нээгдсэн “Тэсэлгээний цооногийн өрмийн машины сэлбэг” нийлүүлэх тендерийг ”Эрдэнэт үйлдвэр” ТӨҮГ-ын тендерийн Үнэлгээний хороонд дахин үнэлгээ хийлгэхийг даалгах” нэхэмжлэлийн шаардлагыг хангах хууль зүйн үндэслэлгүй.  

  33. Мөн Үнэлгээний хороо болон захиалагч нь Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил, үйлчилгээ худалдан авах тухай хуулийн 5 дугаар зүйлийн 5.1-д “Энэ хуулийг хэрэгжүүлэхэд өрсөлдөх тэгш боломжтой, ил тод, үр ашигтай, хэмнэлттэй, хариуцлагатай байх зарчмыг баримтална.” гэж зааснаар тендер сонгон шалгаруулах ажиллагааг хурдан шуурхай зөв шударга зохион байгуулж, тухайн ажил үйлчилгээг хийх чадвар чадамжийг үнэлэн шалгаруулах, эдийн засгийн болоод цаг хугацааны хэмнэлттэй байх зарчмыг баримталсан байна.   

 34. Түүнчлэн Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.3.3-д “захиргааны акт хүчингүй болгуулах нэхэмжлэл гаргасны дараа тухайн актыг цуцалсан болон хүчингүй болгосон, эсхүл бусад байдлаар хэрэгжсэн бөгөөд нэхэмлэгчийн ашиг сонирхол байгаа бол маргаан бүхий акт хууль бус байсан болохыг тогтоох” заасан ба нэхэмжлэгч нэхэмжлэлийн шаардлагаа өөрчлөөгүй, шүүхэд гаргасан нэхэмжлэлийн шаардлагаа дэмжин оролцсон, шүүх нэхэмжлэлийн шаардлагын хүрээнд хэргийг хянан шийдвэрлэсэн болно.

35. Иймээс нэхэмжлэгч “**” ХХК-ийн “Эрдэнэт үйлдвэр” ТӨҮГ, тендерийн Үнэлгээний хороонд тус тус холбогдуулан гаргасан “Эрдэнэт үйлдвэр” ТӨҮГ-ын тендерийн Үнэлгээний хорооны 2024 оны 08 дугаар сарын 09-ний өдрийн “зөвлөмж”-ийг,  “Эрдэнэт үйлдвэр” ТӨҮГ-аас “**” ХХК-д 2024 оны 08 дугаар сарын 12-ны өдрийн “Мэдэгдэл хүргүүлэх тухай” СЭ-112-12/5362 дугаар мэдэгдлийг, “**” ХХК-д 2024 оны 08 дугаар сарын 12-ны өдрийн “Гэрээ байгуулах эрх олгох тухай” СЭ-112-12/5361 дугаар “Мэдэгдэл”-ийг, “Эрдэнэт үйлдвэр” ТӨҮГ болон “**” ХХК-ийн хооронд байгуулсан 2024 оны 09 дүгээр сарын 13-ны өдрийн 2024/11-10-0533 дугаар “Худалдах-худалдан авах гэрээ”-г тус тус хүчингүй болгож, ”Эрдэнэт үйлдвэр” ТӨҮГ-ын тендерийн Үнэлгээний хороонд дахин үнэлгээ хийлгэхийг даалгах” нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэх үндэслэлтэй гэж шүүх үзлээ.

36. Гуравдагч этгээдийн итгэмжлэгдсэн төлөөлөгч ** нь шүүх хуралдаанд цахимаар оролцох тухайгаа албан ёсоор мэдэгдээгүй, түүний өмгөөлөгч **гуравдагч этгээдийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийг оролцуулахгүйгээр хэргийг хянан шийдвэрлэж болно гэснийг, нэхэмжлэгчээс 1 дүгээр хавтаст хэргийн 11-20 хуудсанд өгсөн баримт нь тендерийн баримт бичигт өгөөгүй, нотлох баримтын шаардлага хангаагүй учраас шинжлэн судлаагүй болохыг тус тус дурьдах нь зүйтэй байна.

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.1, 106.3.14 дэх заалтуудыг удирдлага болгон ТОГТООХ нь:

            1. Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил, үйлчилгээ худалдан авах тухай  хуулийн  12 дугаар зүйлийн 12.1, 26 дугаар зүйлийн 26.4, 26.4.2, 28 дугаар зүйлийн 28.1.1, 28.1.3, 30 дугаар зүйлийн 30.1, 48 дугаар зүйлийн   48.2.3, 48.2.4, 48.2.6, 50 дугаар зүйлийн 50.2.2, 50.2.3, 60 дугаар зүйлийн 60.1 дэх хэсэгт заасныг тус тус баримтлан нэхэмжлэгч “**” ХХК-ийн “Эрдэнэт үйлдвэр” ТӨҮГазар, тендерийн Үнэлгээний хороонд тус тус холбогдуулан гаргасан ““Эрдэнэт үйлдвэр” ТӨҮГ-ын тендерийн Үнэлгээний хорооны 2024 оны 08 дугаар сарын 09-ний өдрийн “зөвлөмж”-ийг,  “Эрдэнэт үйлдвэр” ТӨҮГ-аас “**” ХХК-д 2024 оны 08 дугаар сарын 12-ны өдрийн “Мэдэгдэл хүргүүлэх тухай” СЭ-112-12/5362 дугаар мэдэгдлийг, “**” ХХК-д 2024 оны 08 дугаар сарын 12-ны өдрийн “Гэрээ байгуулах эрх олгох тухай” СЭ-112-12/5361 дугаар  “Мэдэгдэл”-ийг, “Эрдэнэт үйлдвэр” ТӨҮГ болон “**” ХХК-ийн хооронд байгуулсан 2024 оны 09 дүгээр сарын 13-ны өдрийн 2024/11-10-0533 дугаар “Худалдах-худалдан авах гэрээ”-г тус тус хүчингүй болгож, ”Эрдэнэт үйлдвэр” ТӨҮГ-ын тендерийн Үнэлгээний хороонд дахин үнэлгээ хийлгэхийг даалгах”-ыг хүссэн нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгосугай.

2. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2, Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 48 дугаар зүйлийн 48.1 дэх хэсэгт заасныг баримтлан нэхэмжлэгч “**” ХХК-ийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70200 /далан мянга хоёр зуун/ төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.

3. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 108 дугаар зүйлийн 108.2, 108.4, 113 дугаар зүйлийн 113.1, 113.2-т зааснаар шүүхийн шийдвэр танилцуулан сонсгосноор хүчинтэй болох ба шүүх хуралдаанд оролцсон хэргийн оролцогч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч нар шүүхэд хүрэлцэн ирж шүүхийн шийдвэрийг өөрөө гардан авах үүрэгтэй бөгөөд шийдвэрийг эс зөвшөөрвөл шүүхийн шийдвэрийг гардан авсан өдрөөс хойш 5 хоногийн дотор давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэй.

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                 Б.БОЛОРМАА