Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2018 оны 02 сарын 08 өдөр

Дугаар 126

 

Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч С.Батгэрэл даргалж,

нарийн бичгийн дарга С.Сүхжаргал, 

улсын яллагч Т.Эрдэнэбат,

шүүгдэгч Б.Цнарыг оролцуулан тус шүүхийн хуралдааны танхимд хялбаршуулсан журмаар нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар Чингэлтэй дүүргийн прокурорын газраас хялбаршуулсан журмаар мөрдөн шалгах ажиллагаа явуулсан, Н овогт Д-ийн Ц-д Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн эрүүгийн 1711014950045 дугаартай хэргийг 2018 оны 02 дугаар сарын 06-ны өдөр хүлээн авч, хянан хэлэлцэв.

 

Шүүгдэгч: Монгол улсын иргэн, 1991 оны 01 дүгээр сарын 25-ны өдөр Архангай аймгийн Чулуут суманд төрсөн, 27 настай, эрэгтэй, дээд боловсролтой, уул уурхайн инженер мэргэжилтэй, "Оргил" худалдааны төвд ахлах менежер ажилтай, ам бүл-4 эхнэр 2 хүүхдийн хамт тоотод оршин суух хаягтай, улсаас авсан гавьяа шагналгүй, урьд ял шийтгэгдэж байгаагүй,ухаан мэдрэл бүрэн, хэрэг хариуцах чадвартай Н овогт Да-ийн Ц/РД: /,

 

Шүүгдэгч Д.Ц нь хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах буюу Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогджээ. 

ТОДОРХОЙЛОХ НЬ:

 

Шүүгдэгч Д.Ц нь 2017 оны 12 дугаар сарын 02-ны өдөр Чингэлтэй дүүргийн 17 дугаар хороо Сурагчийн 45-03 тоотод Ц.Лхагвасүрэнг зодож эрүүл мэндэд нь хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутай болох нь

 

Шүүгдэгчийн шүүхийн хэлэлцүүлэгт хэргээ хүлээн мэдүүлсэн мэдүүлэг,

хохирогч Ц.Лхагвасүрэнгийн мөрдөн байцаалтад өгсөн: “...2017 оны 12 дугаар сарын 02-ны орой урдны танил Больсоль, манай хүргэн Жамъяндамбийням хоёртой караокед сууж байсан чинь нэгмэдсэн Больсоль явчихсан байсан. Тэгээд би 23 цагийн үед караокегоос гараад Больсолийг гэртээ харьсан юм болов уу гэж асуух гээд түүний хүүгийнх нь гэрт очсон юм. Гэрийнх нь хаалгыг цохисон чинь Больсолийн хүү Цогоо гарч ирээд яагаад чи энд байдаг юм гэж хэлээд цээжинд 1 удаа өшиглөсөн, тонгойх үед миний баруун талын нүдэнд цохисон юм. Тэгээд миний ухаан балартсан байсан нэг сэрсэн чинь нүхэнд толгойгоороо унасан байсан. ...Би тэр нүх хаана байсан талаар мэдэхгүй байна. Нэг ухаан орсон чинь нүхэн дотор байсан гарах гэж үзээд чадахгүй дахин ухаан алдсан, тэгээд сэрсэн чинь 7 буудал орчимд цагдаагийн машинд суусан явж байсан. Цогоо бид 2-ын дунд ямар нэг таарамжгүй харьцаа байхгүй, Цогоо намайг ээжтэйгээ уулзсан байна гэж зодсон байх, өмнө бид 2 бие биенээ зүс танихаас ямар нэг харилцаа холбоо байхгүй. Миний нүд хавдсан, ходоод өвдсөн. Цогх намайг зодож нүхэнд хийж үлдээсний улмаас миний хүйсний доод хэсэг, баруун хонго, хоёр бугуй зэрэг хөлдсөн байгаа. Цог надаас уучлалт гуйж, эмчилгээний зардалд 200.000 төгрөг өгсөн. Надад одоо ямар нэг гомдол санал байхгүй... гэх мэдүүлэг /хх-ийн 10,14х/

гэрч Д.Оюунзулын мөрдөн байцаалтад өгсөн: “...Гэрийн гадаа ах маань хүнтэй маргаад байх шиг байхаар нь гарсан чинь манай ах нэг хүнтэй маргалдаж, нөгөө хүн нь газарт унасан байсан. Тэгээд би яасан бэ, хэн бэ гэж асуугаад очиход уг хүн нь урьд нь манай ээжтэй уулзаж гэр бүл үймүүлээд байдаг хүн байсан. Тэр үед тэр хүн газарт унасан манай ах Цог2-3 удаа өшиглөж байсан, тэгээд бэр эгч гарч ирээд бид 2 Цх ахыг авч гэртээ орсон. Бид нар унтах гэж байхад Цогбадрах ах бие засах гэж гараад орж ирэхдээ нөгөө юм чинь 00-н нүхэнд унасан байна хөлдөж үхлээ гээд орилоод байна гэж хэлсэн. Тэгээд би цагдаагийн газарт нойлийн нүхэнд хүн унасан байна гэж дуудлага өгсөн...” гэх мэдүүлэг /хх-ийн 13х/,

 

Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн шинжээч эмч Ч.Эрдэмболорын гаргасан 2017 оны 12 дугаар сарын 05-ны өдрийн №15040 тоот шинжээчийн дүгнэлтэд: -Ц.Лхагвасүрэнгийн биед баруун нүдний дээд доод зовхины зөөлөн эдийн няцрал, цус хуралт, баруун шанаа, зүүн бугуй, хэвлий, баруун өгзөгт зулгаралт, баруун сарвуунд цус хуралт, баруун зулай хэсгийн зөөлөн эдийн няцрал гэмтэл тогтоогдлоо. -Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн нэг бус удаагийн үйлчлэлээр үүсгэгдэнэ -Дээрх гэмтэл нь гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна. Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадвар алдалтанд нөлөөлөхгүй. -Дээрх гэмтэл нь хэрэг болсон гэх цаг хугацаанд үүссэн байх боломжтой. /хх-ийн 24/ бусад хавтас хэрэгт авагдсан бичгийн нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдож байна.

 

Дээрхи нотлох баримтууд нь энэ хэрэгт хамааралтай, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан журмаар цуглуулж, бэхжүүлсэн, хэргийг хянан шийдвэрлэхэд хангалттай гэж шүүх үнэлэв.

 

Иймд шүүгдэгч Д.Ц-ыг бусдын биед хөнгөн хохирол учруулсан гэм буруутайд тооцож, түүнд ял шийтгэл оногдуулах үндэслэлтэй гэж шүүх дүгнэв.

Шүүгдэгч Д.Ц-ыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар дөрвөн зуун тавин нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгох ял оногдуулах прокурорын саналыг шүүгдэгч хүлээн зөвшөөрсөн, хохирогч нь гомдол саналгүй, нэхэмжлэх зүйлгүй, хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлэхэд татгалзах зүйлгүй, хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэхэд хуульд заасан журам зөрчигдөөгүй байна.

 

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгчийн орлого олох боломж, өөрийнх нь саналыг харгалзан торгох ялыг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болсон үеэс 2 /хоёр/ сарын хугацаанд хэсэгчлэн төлүүлэхээр тогтов.

 

Монгол Улсын Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 5, 17.5 дугаар зүйлийн 8,9 дэх хэсэг, 36.2, 36.3, 36.6, 36.7, 36.8, 36.10 дугаар зүйлүүдэд тус тус заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

 

              1. Н овогт Д-ийн Ц-ыг хүний биед хөнгөн хохирол учруулсан буюу Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дуаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

 

              2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар Д.Цыг 450 нэгж буюу 450.000 /дөрвөн зуун тавин мянга/ төгрөгөөр торгох ял шийтгэсүгэй.

 

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх зааснаар Д.Ц-ыг торгуулийн ялыг төлөх хугацааг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болсон үеэс 2 /хоёр/ сарын хугацаагаар хэсэгчлэн төлүүлэхээр тогтоосугай.

 

4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар торгох ялыг тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож, хорих ялаар солих болохыг дурдсугай. 

 

5. Энэ хэрэгт битүүмжлэгдэн ирсэн хөрөнгөгүй, эд мөрийн баримтаар хураагдан ирсэн зүйлгүй, бусдад төлөх төлбөргүй, шүүгдэгч нь цагдан хоригдсон хоноггүй болохыг тус тус дурдсугай.

 

6. Шүүхийн шийтгэх тогтоолыг улсын яллагч, шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн хууль ёсны төлөөлөгч, өмгөөлөгч өөрөө гардан авсанаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн Давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурдсугай.

 

7. Тогтоол танилцуулан сонсгосноор хүчинтэй болох бөгөөд тогтоолд давж заалдах гомдол, эсэргүүцэл гаргавал тогтоолын биелэлтийг түдгэлзүүлсүгэй.

 

 

 

 

                     ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                                   С.БАТГЭРЭЛ