| Шүүх | Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Сэлэнгийн Батгэрэл |
| Хэргийн индекс | 186/2018/0113/Э |
| Дугаар | 133 |
| Огноо | 2018-02-12 |
| Зүйл хэсэг | 11.6.1., |
| Улсын яллагч | Н.Булганчимэг |
Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол
2018 оны 02 сарын 12 өдөр
Дугаар 133
Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч С.Батгэрэл даргалж,
нарийн бичгийн дарга Н.Номинчимэг,
улсын яллагч Н.Булганчимэг,
шүүгдэгч Н.Х, Х.Анарыг оролцуулан тус шүүхийн хуралдааны танхимд хялбаршуулсан журмаар нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар,
Чингэлтэй дүүргийн прокурорын газраас хялбаршуулсан журмаар мөрдөн шалгах ажиллагаа явуулсан, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан Ж овогт Х-ын А, Б овогт Н-ийн Х нарт тус тус яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн эрүүгийн 1711013650059 дугаартай хэргийг 2018 оны 02 дугаар сарын 08-ны өдөр хүлээн авч, хянан хэлэлцэв.
Шүүгдэгч: Монгол улсын иргэн, 1988 оны 01 дүгээр сарын 13-ны өдөр Булган аймгийн Булган суманд төрсөн, эмэгтэй, 30 настай, дээд боловсролтой, нягтлан бодогч мэргэжилтэй, МСЭС кока кола ХХК-нд нягтлан бодогч ажилтай, ам бүл 4, тоотод оршин суудаг, гавъяа шагналгүй, урьд ял шийтгэлгүй, ухаан мэдрэл бүрэн, хэрэг хариуцах чадвартай, Ж овогт Х-ын А /РД: /,
Шүүгдэгч: Монгол улсын иргэн, 1976 оны 02 дугаар сарын 29-ний өдөр Сэлэнгэ аймгийн Сүхбаатар суманд төрсөн, эрэгтэй, 41 настай, дээд боловсролтой, эдийн засагч мэргэжилтэй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл 3, тоотод оршин суудаг, гавъяа шагналгүй, урьд Дархан-Уул аймаг дахь Сум дундын шүүхийн эрүүгийн хэргийн шүүхийн 2011 оны 01 дүгээр сарын 13-ны өдрийн 18 дугаартай тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 230 дугаар зүйлийн 230.1 дэх хэсэгт зааснаар 2 жилийн хорих ялаар шийтгэж, 1 жилийн хугацаагаар тэнсэж хянан харгалзах ялаар шийтгүүлсэн, ухаан мэдрэл бүрэн, хэрэг хариуцах чадвартай, Бн овогт Н-ийн Х /РД: /,
Шүүгдэгч Х.Ань хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан буюу Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт, Шүүгдэгч Н.Х нь хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан буюу Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт тус тус холбогджээ.
ТОДОРХОЙЛОХ НЬ:
1. Шүүгдэгч Х.Ань 2017 оны 11 дүгээр сарын 17-ны өдөр 20 цагийн орчим Чингэлтэй дүүргийн 2 дугаар хороо, 19а байрны 8 тоотод Б.Дариймаатай хувийн таарамжгүй харилцааны улмаас маргалдан үснээс нь зулгаан эрүүл мэндэд нь хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутай болох нь
Шүүгдэгчийн шүүхийн хэлэлцүүлэгт хэргээ хүлээн мэдүүлсэн мэдүүлэг, хохирогч Б.Дариймаагийн мөрдөн байцаалтад өгсөн: “ ... Би Х.А, Х.Гал-Эрдэнэ хоёрыг бага байхаас нь тусалж дэмжиж явсан байдаг тэгээд өөрийн ажиллаж байсан Faw нэртэй компанид Х.Гал-Эрдэнийг ажилд оруулсан байдаг улмаар уг байгууллагатай холбоотой асуудлаас болж маргаан болсон байдаг. Уг байгууллагын тамга тэмдэг надад байхад л түүнийг авна гэж ирээд л маргаан болсон байдаг. Намайг эхлээд үсдээд л авсан тэгээд доош нь дараад байсан би доошоо харчихсан учир түүний гартаа юу барьж байсан болохыг мэдэхгүй байна минийи бодож байгаагаар үүд хавиар байсан эд зүйлсийг бариад толгой руу цохиж дээрх гэмтлийг учруулсан..." гэх мэдүүлэг /хх-ийн 12-13х/
Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн шүүх эмнэлэгийн 2017 оны 11 дүгээр сарын 28-ны өдрийн шинжээчийн 14626 дугаартай дүгнэлтэд: “...Б.Дариймаа-н биед тархи доргилт, зулайн зөөлөн эдийн няцрал бүхий гэмтэл тогтоогдлоо. ...гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна..." гэх /хх-ийн 35х/ болон хавтас хэрэгт авагдсан бусад бичгийн нотлох баримтуудаар,
2. Шүүгдэгч Н.Х нь 2017 оны 11 дүгээр сарын 17-ны өдөр 20 цагийн орчим Чингэлтэй дүүргийн 2 дугаар хороо, 19а байрны 8 тоотод Х.Гал-Эрдэнийг цохиж, эрүүл мэндэд нь хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутай болох нь
Шүүгдэгчийн шүүхийн хэлэлцүүлэгт хэргээ хүлээн мэдүүлсэн мэдүүлэг, хохирогч Х.Гал-Эрдэний мөрдөн байцаалтад өгсөн: “...2017 оны 11 дүгээр сарын 17-ны өдөр Б.Дариймаагийн гэр болох Чингэлтэй дүүргийн 2 дугаар хороо Их тойруу 19а-8 тоотод байх орон сууцанд компанийн гэрчилгээ болон тамга тэмдгийг авах зорилготой эгч Агар-Эрдэнэ, ээж Оюунтунгалаг нарын хамт очиж уулзсан. Тэгтэл Даариймаа нь Хишигбуянтай нийлээд компанийн гэрчилгээг өгөхгүй дайрч давшлаад байсан юм улмаар маргаан үүссэн. Тухайн үед Дариймаа гэж хүний хамтран амьдрагч Хишигбуян нь бидэн рүү дайрч давшилсан улмаар намайг болон манай эгчийг цохисон тэгээд Дариймаа болон манай эгч хоёр хоорондоо үсдэлцээд маргалдсан гэтэл Хишигбуян нь бас манай эгчийн гарыг мушгиад доош дарсан тэгснээ Хишигбуян нь миний баруун талын нүдний доод хэсэг рүү гараараа чичлээд миний баруун талын нүдийг гэмтээчихсэн юм. ...Хишигбуян нь миний биед учирсан гэмтлийг гараараа цохиж учруулсан..." гэх мэдүүлэг /хх-ийн 16-17х/
гэрч Б.Оюунтунгалагийн мөрдөн байцаалтад өгсөн: “...Хишигбуян гээд байгаа залуу манай хүү Гал-Эрдэнэ рүү дайраад хуруугаараа чичлээд байсан тэгэхэд охин Агар-Эрдэнэ Дариймаа хоёр хоорондоо муудалцаад үсдэлцээд авсан тэр хоёрыг Гал-Эрдэнэ очоод салгаж байхад Гал-Эрдэнийг Хишигбуян нүд рүү нь маш хүчтэй цохисон.. Дариймаа нь Агар-Эрдэнэтэй үснээсээ зулгаалцсан. Өөр Дариймааг цохиж зодсон хүн байхгүй..." гэх мэдүүлэг /хх-ийн 24-25х/
Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн шүүх эмнэлэгийн 2017 оны 11 дүгээр сарын 23-ны өдрийн шинжээчийн №14608 дугаартай дүгнэлтэд: "...Х.Гал-Эрдэнийн биед тархи доргилт, баруун нүдний дээд доод зовхинд цус хуралт, дээд баруун 2, зүүн 1-р шүдний доод хэсгийн эмтрэл, хуйхны зөөлөн эдийн няцрал гэмтэл тогтоогдлоо. ..гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна..." гэх /хх-ийн 30х/ болон хавтас хэрэгт авагдсан бусад бичгийн нотлох баримтуудаар тус тус нотлогдон тогтоогдож байна.
Иймд шүүгдэгч Х.А, Н.Х нарыг хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тус тус тооцож, тэдгээрт ял шийтгэл оногдуулах үндэслэлтэй гэж шүүх дүгнэв.
Шүүгдэгч Х.А, Н.Х нарыг нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 450 нэгж буюу 450.000 торгох ял оногдуулах прокурорын саналыг шүүгдэгч нар хүлээн зөвшөөрсөн, хохирогч нар нь гомдол саналгүй, нэхэмжлэх зүйлгүй, хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлэхэд татгалзах зүйлгүй гэсэн болно.
Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч нарын орлого олох боломжийг харгалзан торгох ялыг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болсон үеэс 1 /нэг/ сарын хугацаанд хэсэгчлэн төлүүлэхээр тогтоов.
Монгол Улсын Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 5, 17.5 дугаар зүйлийн 8,9 дэх хэсэг, 36.2, 36.3, 36.6, 36.7, 36.8, 36.10 дугаар зүйлүүдэд тус тус заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:
2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар Х.А, Н.Х нарыг тус бүр 450 нэгж буюу 450.000 /дөрвөн зуун тавин мянга/ төгрөгөөр торгох ял тус тус шийтгэсүгэй.
3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4-д зааснаар Х.А, Н.Х нар нь торгуулын ялыг төлөх хугацааг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болсон үеэс 1 /нэг/ сарын хугацаагаар хэсэгчлэн төлүүлэхээр тогтоосугай.
4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5-д зааснаар Х.А, Н.Х нар нь торгох ялыг биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын 15 нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг 1 хоногоор тооцож хорих ялаар сольсугай.
5. Энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн зүйлгүй, хэрэгт битүүмжлэгдэн ирсэн хөрөнгөгүй, бусдад төлөх төлбөргүй, шүүгдэгч нар нь цагдан хоригдсон хоноггүй болохыг тус тус дурдсугай.
6. Шүүхийн шийтгэх тогтоолыг улсын яллагч, шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн хууль ёсны төлөөлөгч, өмгөөлөгч өөрөө гардан авсанаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн Давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурдсугай.
7. Тогтоол танилцуулан сонсгосноор хүчинтэй болох бөгөөд тогтоолд давж заалдах гомдол, эсэргүүцэл гаргавал тогтоолын биелэлтийг түдгэлзүүлсүгэй.
ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ С.БАТГЭРЭЛ