Сэлэнгэ аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2023 оны 06 сарын 27 өдөр

Дугаар 2023/ДШМ/51

 

 

                      Э.Эрдэнэбаатар, Ж.Наранбат, Э.Лхагва-Эрдэнэ

                              нарт холбогдох эрүүгийн хэргийн тухай

 

Сэлэнгэ аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн ерөнхий шүүгч Д.Буянжаргал даргалж, шүүгч Г.Давааренчин, шүүгч Б.Эрдэнэхишиг нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн шүүх хуралдааны А танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанд:

Прокурор Б.Сүрмандах

Шүүгдэгчийн өмгөөлөгч Б.Баттөр, Т.Хонгор /цахим/

Нарийн бичгийн дарга А.Шинэцэцэг нарыг оролцуулан, 

Сэлэнгэ аймаг дахь сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн ерөнхий шүүгч Ц.Амаргэрэл даргалж, шийдвэрлэн 2023 оны 05 дугаар сарын 09-ний өдрийн шүүх хуралдаанаас гаргасан 2023/ШЦТ/98 дугаартай шийтгэх тогтоолыг эс зөвшөөрч бичсэн прокурорын эсэргүүцлээр Б.Лхагва-Эрдэнэ, Ж.Наранбат, Э.Эрдэнэбаатар нарт холбогдох эрүүгийн 2231001940260 дугаартай, 175/2023/0027/Э/208/2023/0040 индекстэй 3 хавтас эрүүгийн хэргийг 2023 оны 06 дугаар сарын 20-ны  өдөр хүлээн авч, шүүгч Б.Эрдэнэхишигийн илтгэснээр хянан хэлэлцэв.

Боржигин овогт Эрдэнэчимэгийн Эрдэнэбаатар, Монгол  улсын иргэн, ***** оны **** дугаар сарын ****-ний өдөр Сэлэнгэ аймгийн Ерөө суманд төрсөн, **** настай, ***рэгтэй, ******боловсролтой, мэргэжилгүй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл ***** хамт Улаанбаатар хот Баянзүрх дүүрэг **** хороо Дунд дарь ********г удамж **** тоотод тоотод оршин суух хаягтай, /РД:******/, урьд

-Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2022 оны 06 дугаар сарын 29-ний өдрийн 687 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 450,000 төгрөгийн торгох ялаар шийтгүүлж байсан.

Цэрэнтар овогт Жамсранхорлоогийн Наранбат, Монгол   улсын иргэн, ***** оны ***** дугаар сарын *****-ны өдөр Дархан-Уул аймгийн Шарын гол суманд төрсөн, **** настай, **эгтэй, ****** боловсролтой, жолооч мэргэжилтэй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл *********хамт Сэлэнгэ аймгийн Ерөө сум *****дугаар баг *********** тоотод оршин суух хаягтай, урьд ял шийтгэлгүй, /РД:*******************/,

Боржигин овогт Батсүхийн Лхагва-Эрдэнэ, Монгол улсын иргэн, ***** оны **** дүгээр сарын ***-ний өдөр Сэлэнгэ аймгийн Ерөө суманд төрсөн, **** настай, ****эгтэй, ****** боловсролтой, мэргэжилгүй, эрхэлсэн ажилгүй, ам бүл *******хамт Сэлэнгэ аймгийн Ерөө сум, *****баг, ********тоотод оршин суудаг, урьд ял шийтгэлгүй, хэрэг хариуцах чадвартай, /РД:*****/,

Шүүгдэгч Ж.Наранбат, Э.Эрдэнэбаатар нар бүлэглэн 2022 оны 05 дугаар сарын 06-ны өдөр Сэлэнгэ аймгийн Ерөө сумын 3 дугаар баг Бугант тосгоны нутаг дэвсгэр “Хэрээн гол” гэх газарт тусгай зөвшөөрөлгүйгээр 424,43 метр квадрат талбайд ашигт малтмалын эрэл хайгуул, олборлолт явуулж газрын хэвлийд халдаж байгаль экологид 517,551.38 төгрөгийн шууд хохирол, 1,951,497 төгрөгийн хор уршиг учруулсан,

Шүүгдэгч Э.Эрдэнэбаатар, Б.Лхагва-Эрдэнэ нар бүлэглэн машин механизм, тоног төхөөрөмж ашиглан 2022 оны 05 дугаар сарын 26-ны өдөр Сэлэнгэ аймгийн Ерөө сумын 3 дугаар багийн нутаг дэвсгэрт гол, мөрний урсац бүрэлдэх эх, усны сан, ойн сан бүхий газрын хамгаалалтын бүсэд хамаарах “Хэрээн гол” нэртэй газарт 6.2м2 талбайд тусгай зөвшөөрөлгүйгээр алт олборлох зорилгоор ашигт малтмалын эрэл хайгуул, олборлолт явуулсны улмаас байгаль орчинд 11,869 төгрөгийн хохирол учруулсан гэх гэмт хэрэгт тус тус холбогджээ.

Сэлэнгэ аймгийн Прокурорын газраас: Б.Лхагва-Эрдэнэ, Ж.Наранбат, Э.Эрдэнэбаатар нарын үйлдлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 24.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж, хэргийг шүүхэд шилжүүлжээ.

Сэлэнгэ аймаг дахь сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхээс:

Шүүгдэгч Боржигин овогт Эрдэнэчимэгийн Эрдэнэбаатар, Цэрэнтар овогт Жамсранхорлоогийн Наранбат нарыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 24.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “Хууль бусаар ашигт малтмалын эрэл хайгуул, олборлолт явуулж газрын хэвлийд халдсан” гэмт хэрэг тус тус үйлдсэн гэм буруутайд тооцож,

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.1 дүгээр зүйлийн 4 дэх хэсэгт заасныг журамлан Сэлэнгэ аймгийн Прокурорын газраас шүүгдэгч Э.Эрдэнэбаатар, Б.Лхагва-Эрдэнэ нарт Эрүүгийн хуулийн тусгай ангийн 24.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн 2022 оны 05 дугаар сарын 26-ны өдрийн үйлдлийг хэрэгсэхгүй болгож, шүүгдэгч Э.Эрдэнэбаатар, Б.Лхагва-Эрдэнэ нарыг цагаатгаж,

Эрүүгийн хуулийн тусгай ангийн 24.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Э.Эрдэнэбаатар, Ж.Наранбат нарт тус бүр 5400 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 5,400,000 /таван сая дөрвөн зуун мянга/-н төгрөгөөр торгох ял оногдуулж,

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Э.Эрдэнэбаатар, Ж.Наранбат нарын хөрөнгө, цалин хөлс болон бусад орлого олох боломжийг харгалзан тэдэнд оногдуулсан 5,400,000 төгрөгөөр торгох ялыг 2 /хоёр/ жилийн хугацаанд хэсэгчлэн төлүүлэхээр тогтоож,

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар ялтан торгох ялыг шүүхээс тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын 15 нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож, хорих ялаар солихыг шүүгдэгч Э.Эрдэнэбаатар, Ж.Наранбат нарт анхааруулан,

Байгаль орчныг хамгаалах тухай хуулийн 49 дүгээр зүйлийн 1, 2.3, 2.5, 2.6, 2.7,      3, 4, 4.3, 4.5, 5.1 дэх хэсэгт зааснаар энэхүү гэмт хэргийн улмаас шүүгдэгч Э.Эрдэнэбаатар, Ж.Наранбат нарын хууль бус ашиглалтаас өртөгдсөн газар, газрын хэвлий, хөрсөн бүрхэвч, ургамлан нөмрөгт учирсан хохирол 517,551,38 төгрөг, байгаль орчинд учирсан хохирлыг нэмэгдүүлсэн хэмжээгээр хор уршиг 1,951,497 төгрөгийг тус тус Байгаль орчин, уур амьсгалын санд шүүгдэгч Э.Эрдэнэбаатар, Ж.Наранбат нар тус тус нөхөн төлснийг дурьдан,

Байгаль орчныг хамгаалах тухай хуулийн 49 дүгээр зүйлийн 1, 2.3, 2.5, 2.6, 2.7,      3, 4, 4.3, 4.5, 5.1, 5.2 дахь хэсэгт тус тус зааснаар шүүгдэгч Э.Эрдэнэбаатар, Б.Лхагва-Эрдэнэ нар нь газар, газрын хэвлий, хөрсөн бүрхэвч, ургамлан нөмрөгт учирсан хохирол 4770.30 төгрөг, байгаль орчинд учирсан хохирлыг нэмэгдүүлсэн хэмжээгээр хор уршиг 11,896.8 төгрөгийг тус тус Байгаль орчин, уур амьсгалын санд нөхөн төлснийг дурьдан,

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.5 дугаар зүйлийн 1, 2, 3, 4 дэх хэсэгт тус тус зааснаар шүүгдэгч Э.Эрдэнэбаатар, Ж.Наранбат нар нь гэмт хэрэг үйлдэх үедээ ашигласан “Hyundai robex 3000LC” маркийн экскаваторыг битүүмжлэлээс чөлөөлж, хууль ёсны өмчлөгч Соён овогт Хишигзаяагийн Мөнхцэцэг /РД:НЦ94091605/-т буцаан олгож, техникийн эд хөрөнгийн үнэлгээгээр тогтоогдсон 12,000,000 /арван хоёр сая/ төгрөгийг, “Hyundai robex 2900” маркийн экскаваторыг битүүмжлэлээс чөлөөлж, хууль ёсны өмчлөгч Боржигон овогт Батсүхийн Лхагва-Эрдэнэ /РД:МТ83112410/-д буцаан олгож, техникийн эд хөрөнгийн үнэлгээгээр тогтоогдсон 10,000,000 /арван сая/ төгрөгийг, 600,000 төгрөгийн үнэлгээ бүхий алт угаах төхөөрөмж, 3,000,000 төгрөгийн үнэлгээ бүхий №6105AZLD загварын цахилгаан үүсгэвэр төхөөрөмж зэргийг эзэмшигчид нь буцаан олгож, нийт 25,600,000 /хорин таван сая зургаан зуун мянга/-н төгрөгийг шүүгдэгч Э.Эрдэнэбаатар, Ж.Наранбат нараас хувь тэнцүүлэн тус бүр (25,600,000:2)=12,800,000 төгрөгийг гаргуулж, Улсын төсөвт орлогод оруулж,

Мөрдөн шалгах ажиллагааны явцад хураан авч, Сэлэнгэ аймгийн Цагдаагийн газрын эд мөрийн баримт хадгалах өрөөнд хадгалагдаж байгаа “Ашид билгүүн” ХХК-ны 2022 оны 12 дугаар сарын 22-ны өдрийн ТХҮ-922/5339 дугаартай хөрөнгийн үнэлгээгээр 1,280,400 төгрөгийн үнэлэгдсэн 6.6гр алтыг хураан авч, Улсын орлогод оруулж,

Шүүгдэгч Э.Эрдэнэбаатар, Ж.Наранбат, Б.Лхагва-Эрдэнэ нар нь энэ гэмт хэргийн улмаас цагдан хоригдсон хоноггүй, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирүүлсэн зүйлгүй, энэ хэрэгт битүүмжилсэн хөрөнгөгүй болохыг тус тус дурьдан,

Шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц шүүгдэгч Б.Лхагва-Эрдэнэ нь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх ерөнхий газрын ГХХН олгох сангийн Төрийн санд тушаасан торгуулийн ял 5,400,000 /таван сая дөрвөн зуун мянга/-н төгрөгийг буцаан нэхэмжлэх эрхийг нээлттэй үлдээж,

Шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгч нарт урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр хэрэглэхээр шийдвэрлэжээ.

Сэлэнгэ аймгийн Прокурорын газрын хяналтын прокурорын 2023 оны 06 дугаар сарын 06-ны өдрийн №20 дугаартай эсэргүүцэлдээ:

Шийтгэх тогтоолыг 2023 оны 05 дугаар сарын 24-ний өдөр хүлээн авч танилцаад шийтгэх тогтоолд заасан үндэслэл нь хэргийн бодит байдалтай нийцээгүй гэж дүгнэж дараах үндэслэлээр эс зөвшөөрч байна. Үүнд:

Анхан шатны шүүхээс шүүгдэгч Э.Эрдэнэбаатар, Ж.Наранбат нарт холбогдох хэргийг хянан хэлэлцсэн 2023 оны 02 дугаар сарын 09-ний өдрийн гэм буруутай эсэхийг тогтоох хуралдаанаа 202Э/ШЗ/67 дугаартай захирамжаар Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.16 дугаар зүйлд зааснаар шүүх хуралдааныг 60 хүртэл хоногоор хойшлуулж, завсарласан.

Дээрх шүүгчийн 2023/ШЗ/67 дугаартай захирамжид шүүгдэгч Ж.Наранбат, Э.Эрдэнэбаатар нар нь бүлэглэн 2022 оны 05 дугаар сарын 06-ны өдөр ашигт малтмалын эрэл хайгуул, олборлолт явуулж газрын хэвлийд халдсан үйлдэл, 2022 оны 05 дугаар сарын 26-ны үйлдэл нь хоорондоо 20 хоногийн зайтай үргэлжилсэн үйлдэлтэй гэмт хэргийн шинжтэй байхад тус тусад нь яллагдагчаар татаж, яллах дүгнэлт үйлдэн шүүхэд шилжүүлснээр сүүлийн үйлдэл нь шүүхэд өмнө нь ирж хянан шийдвэрлэгдэж шийтгэх тогтоол гарсан, эхний үйлдэл нь шүүхэд сүүлд ирснээр шүүгдэгчийн гэмт хэрэг үйлдэхдээ ашигласан гэх хүнд оврын техник тоног төхөөрөмжүүдийн үнийг гэм буруутай этгээдүүдээс дахин дахин гаргуулж, иргэний нэхэмжлэгчид дахин дахин буцаан олгох, техникийн үнэлгээгээр тогтоогдсон үнийг 2 дахин гаргуулах нөхцөл байдал бий болоод байна. Иймд дээрх асуудлыг шийдвэрлэсний эцэст хэргийг шүүхэд ирүүлэхийг мөрдөгч, прокурорт даалгасан.

Уг захирамжид эсэргүүцэл, гомдол гаргах эрхгүй гэж хуульчилсны тул прокуророос захирамжийн заалтыг биелүүлэх зорилгоор, мөн шүүгдэгч Э.Эрдэнэбаатараас прокурорын газарт хандан шинээр илэрсэн нөхцөл байдлын улмаас өмнөх хүчин төгөлдөр болсон шүүхийн шийтгэх тогтоолыг хүчингүй болгуулахаар шүүхэд хандах хүсэлтийн дагуу прокурор 2022 оны 09 дүгээр сарын 20-ны өдрийн 170 дугаартай шийтгэх тогтоолыг шинээр илэрсэн нөхцөл байдлын улмаас хүчингүй болгож хэргийг прокурорт буцаах тухай 01 дугаартай дүгнэлтийг Сэлэнгэ аймгийн Эрүү, иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гаргасан байна.

Давж заалдах шатны шүүхээс прокурорын дүгнэлтийг хүлээн авч хэргийг прокурорт буцаасны дагуу Э.Эрдэнэбаатар, Ж.Наранбат нарт холбогдох эрүүгийн 2231001940260 дугаартай хэрэгт Э.Эрдэнэбаатар, Б.Лхагва-Эрдэнэ нарт холбогдох 2231002190176 дугаартай хэргийг нэгтгэж, нэг яллах дүгнэлт үйлдэж эрүүгийн хэргийн анхан шатны шүүхэд хүргүүлсэн.

Гэвч анхан шатны шүүх Э.Эрдэнэбаатар, Ж.Наранбат, Б.Лхагва-Эрдэнэ нарт холбогдох эрүүгийн хэргийг үргэлжилсэн үйлдэлтэй гэж дүгнэж нэгтгүүлэх шаардлагатай гэж үзсэн атлаа Э.Эрдэнэбаатар, Б.Лхагва-Эрдэнэ нарын 2022 оны 05 дугаар сарын 26-ны өдрийн үйлдлийг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.1 дүгээр зүйлийн 4 дэх хэсэгт заасан “Эрүүгийн хуулийн тусгай ангид заасан гэмт хэргийн шинжийг хэлбэрийн төдий агуулсан боловч тухайн этгээдийн хувийн байдал, үйлдэл, эс үйлдэхүйн нийгмийн аюулын хэр хэмжээ нь энэ хуулиар хамгаалагдсан эрх ашигт бодит хохирол, хор уршиг учруулаагүй үйлдэл эс үйлдэхүйг гэмт хэрэгт тооцохгүй” гэсэн хууль зүйн үндэслэлээр гэмт хэргийн шинжгүй гэж үзэж, тэдэнд холбогдох хэргийг хэрэгсэхгүй болгож цагаатгасан нь хэргийн нөхцөл байдалтай нийцээгүй байна.

Шүүх шүүх хуралдааныг 60 хүртэл хоногоор хойшлуулж, нэмэлт ажиллагааг явуулах захирамждаа “...хоорондоо 20 хоногийн зайтай үргэлжилсэн үйлдэлтэй гэмт хэргийн шинжтэй байхад тус тусад нь яллагдагчаар татаж, яллах дүгнэлт үйлдэн шүүхэд шилжүүлснээр ...” гэж хэргийг үргэлжилсэн үйлдэлтэй гэмт хэрэг гэж дүгнэсэн атлаа шүүгдэгч нарын зарим үйлдлийг хэрэгсэхгүй болгож цагаатгасан нь Эрүүгийн хуулийг буруу хэрэглэсэн гэж үзэж байна.

Энэ гэмт хэргийн нийгэмд аюултай шинжийг Эрүүгийн хуулиар хамгаалагдсан эрх ашиг, хохирол, хор уршгийн хэмжээ, шинж чанар, гэм буруугийн хэлбэр, гэмт хэрэг үйлдсэн этгээдийн хувийн байдал зэргээр тодорхойлогдоно гэж үзэж, гэмт хэргийн шинжийг хэлбэрийн төдий агуулсан байна гэж дүгнэсэн нь хэргийн бодит байдал, мөрдөн шалгах ажиллагаагаар бэхжүүлсэн нотлох баримтыг буруугаар үнэлж, Эрүүгийн хуулийг буруу тайлбарлан хэргийн бодит байдалтай нийцээгүй дүгнэлт хийжээ.

Иймд Сэлэнгэ аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2023 оны 05 дугаар сарын 09-ний өдрийн 2023/ШЦТ/98 дугаар шийтгэх тогтоолыг хүчингүй болгуулахаар Монгол Улсын Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.1 дүгээр зүйлийн 1, 38.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг баримтлан улсын яллагчийн эсэргүүцэл бичив гээд шүүх хуралдаанд эсэргүүцлээ дэмжиж оролцов.

Шүүгдэгчийн өмгөөлөгч Б.Баттөр шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:  

...Аанхан шатны шүүхийн шийтгэх тогтоол үндэслэлтэй гэж үзэж байна. Нотлох баримтыг буруу үнэлсэн асуудал байхгүй. Хэрэгт цуглуулж бэхжүүлсэн баримтуудаас харахад үнэлгээ 4,000 төгрөг гарсан. Үнэхээр 20 хоногийн зайтай үйлдэл байсан. Эхний үйлдэл дээрээ цагдаад баривчлагдаж, цагдаа эд зүйлийг битүүмжлээд араас техник хэрэгслээ авч ирээрэй, бид ачаад явах боломжгүй гээд явсны дараа дахиад тэр газраа зогсож байгаад шанагалаад дахиад өөр цагдаа ирсэн 2 үйлдэл бүхий 2 эрүүгийн хэрэг болж тус тусдаа шүүхээр орсон асуудлууд байсан. Хэрэгт цугларсан нотлох баримтуудаас харахад дээр дурдсан нөхцөл байдлууд байгаа учраас үүнээс өөрөөр шийдвэрлэх арга байхгүй гэж харж байна. Гол асуудал бол эхний шүүх хуралдааныг  60 хоног завсарлуулаад үргэлжилсэн үйлдэлтэй гэмт хэрэг гэж дүгнэсэн хэр нь дараа нь үргэлжилсэн үйлдэлгүй тус тусдаа үйлдэлтэй гэж үзээд эхний хохирлын хэмжээ хүрэхгүй гэсэн үйлдлийг хэрэгсэхгүй болгосон гэж дурдаж байна. Эхний завсарласан шүүх хуралдаанаар гэм бурууг эцэслэн дүгнээгүй. Энэ хүний эрх зүйн байдал дордсон юм байна, үргэлжилсэн үйлдэлтэй гэмт хэрэг байж магадгүй юм байна. Оролцогч техник хэрэгсэл газар нь нэг юм байна. Тийм учраас ямар ч байсан хоёр хэргийг нэгтгэж шийдвэрлэх нь зөв гэсэн шүүгчийн захирамж гарсан. Хамгийн сүүлийн хуралдаанаар нотлох баримтыг шинжлэн судлаад хэлэлцээд анхан шатны шүүхийн эрх хэмжээний асуудлын хүрээнд шийдвэрлэсэн. Үнэхээр үргэлжилсэн үйлдэл юм уу? тус тусдаа үйлдэлтэй юм уу? гэм буруугийн хуралдаанаар энэ дүгнэлтийг хийж шийдвэрлэсэн. Эхнийх дээрээ бол гэм буруугийн талаар ямар нэг дүгнэлт хийх боломжгүй нөхцөл байдалтай байгаа тул сүүлийн хуралдаанаар энэ асуудлыг шинжлэн судлаад шийдвэрлэсэн. Ямар нэг хуулийн процесс алдаа гаргаагүй зөв шийдвэрлэсэн. Прокурорын эсэргүүцлийг хүлээж авахгүй байх нь зүйтэй гэв.

 

Шүүгдэгчийн өмгөөлөгч Б.Баттөр шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:  

Тус сумын шүүх дээр манай үйлчлүүлэгчийн холбогдсон 2 хэрэг маргааныг шийдвэрлэсэн. Эхнийх нь бусдад зодуулсан, нөгөө нь ашигт малтмалын хэрэг маргаан байгаа. Тус шүүхийн шүүгч асуудлыг олон удаа нааш цааш буцааж хянаж байж шийдвэрлэсэн. Би шүүх хуралдаан эхлэхээс 30 минутын өмнө Э.Эрдэнэбаатартай уулзсан. Э.Эрдэнэбаатар 4 хүүхэдтэй, нэг хүүхэд нь ясны хүнд өвчтэй, эхнэр нь саяхан төрсөн, ар гэрээ тэжээж яваа нөхцөл байдлуудыг харгалзаж үзнэ үү гэв.

                                              ТОДОРХОЙЛОХ нь:

1. Давж заалдах шатны шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.1 дүгээр зүйлийн 1, 3 дахь хэсэгт зааснаар прокурорын эсэргүүцэлд дурьдсан асуудлаар хязгаардахгүйгээр Б.Лхагва-Эрдэнэ, Ж.Наранбат, Э.Эрдэнэбаатар нарт холбогдох эрүүгийн 2231001940260 дугаартай бүх ажиллагаа, шийдвэрийг бүхэлд нь хяналаа.

Прокуророос шүүгдэгч Э.Эрдэнэбаатар, Б.Лхагва-Эрдэнэ нарыг 2022 оны 05 дугаар сарын 26-ны өдөр Сэлэнгэ аймгийн Ерөө сумын 3 дугаар багийн нутаг дэвсгэрт гол, мөрний урсац бүрэлдэх эх, усны сан, ойн сан бүхий газрын хамгаалалтын бүсэд хамаарах “Хэрээн гол” нэртэй газарт 6.2 метр квадрат талбайд тусгай зөвшөөрөлгүйгээр алт олборлох зорилгоор ашигт малтмалын эрэл хайгуул, олборлолт явуулсны улмаас байгаль орчинд 11,869 төгрөгийн хохирол учруулсан буюу Эрүүгийн хуулийн тусгай ангийн 24.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж, хэргийг шүүхэд шилжүүлэхэд анхан шатны шүүх хүлээн авч тэднийг дээрх гэмт хэрэгт гэм буруутайд тооцож хуульд заасан торгуулийн ял оногдуулж шийдвэрлэсэн.

Мөн шүүгдэгч Э.Эрдэнэбаатар, Ж.Наранбат нарыг  2022 оны 05 дугаар сарын 06-ны өдөр Сэлэнгэ аймгийн Ерөө сумын 3 дугаар баг Бугант тосгоны нутаг дэвсгэр “Хэрээн гол” гэх газарт тусгай зөвшөөрөлгүйгээр 424,43метр квадрат талбайд ашигт малтмалын эрэл хайгуул, олборлолт явуулж газрын хэвлийд халдаж байгаль экологид 517,551.38 төгрөгийн шууд хохирол, 1,951,497 төгрөгийн хор уршиг учруулсан буюу Эрүүгийн хуулийн тусгай ангийн 24.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж, хэргийг шүүхэд шилжүүлэхэд анхан шатны шүүх хүлээн авч гэм буруугийн шүүх хуралдаанаар хянан хэлэлцээд Э.Эрдэнэбаатарын энэхүү үйлдлийг өмнө шийтгэгдсэн хэрэгтэй нэгтгэн шийдвэрлэх нь түүний эрх зүйн байдлыг дээрдүүлнэ, түүнчлэн энэ 2 үйлдэл нь үргэлжилсэн үйлдэл гэж дүгнэн 2023 оны 02 дугаар сарын 09-ний өдрийн 67 тоот захирамжаар шүүх хуралдааныг 60 хоногоор хойшлуулж нэмэлт ажиллагаа хийлгэхээр даалгаж шийдвэрлэсэн.

Аймгийн Прокурорын газраас дээрх захирамжийг биелүүлж Э.Эрдэнэбаатар, Б.Лхагва-Эрдэнэ нарт холбогдох хэргийг шинээр илэрсэн нөхцөл байдлын улмаас хянуулахаар хүсэлт гаргаснаар Давж заалдах шатны шүүхээс 2022 оны 09 дүгээр сарын 20-ны өдрийн 170 тоот шийтгэх тогтоолыг хүчингүй болгосноор Э.Эрдэнэбаатарын 2 үйлдлийг нэгтгэн шийдвэрлүүлэхээр хэргүүдийг нэгтгэн анхан шатны шүүхэд хүргүүлсэн байна.

Анхан шатны шүүх дээрх нэгтгэсэн хэргийг хүлээн авч шүүх хуралдаанаа үргэжлүүлэн шүүгдэгч нарын гэм бурууг хэлэлцэж шүүгдэгч Э.Эрдэнэбаатар, Б.Лхагва-Эрдэнэ нарын 2022 оны 05 дугаар сарын 26-ны өдрийн үйлдэл холбогдлыг хохирлын хэмжээ ялимгүй бага, гэмт хэргийн шинжийг хэлбэрийн төдий агуулсныг гэмт хэрэг гэж үзэхгүй гэж дүгнэн хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.6 дугаар зүйлийн 1.4-д заасан “дүгнэлт нь шүүгдэгчийн гэм буруугийн асуудлыг шийдвэрлэх, Эрүүгийн хуулийг зөв хэрэглэх, ял оногдуулахад нөлөөлсөн, эсхүл нөлөөлж болох ноцтой зөрүүтэй байвал” гэсэн нөхцлийг хангасан байна.

Өөрөөр хэлбэл тус хэрэгт нэмэлт ажиллагаа хийлгэхээр 60 хоногийн завсарлага авсан 67 тоот захирамжинд шүүгдэгч нарын  05 дугаар сарын 06, 26-нд үйлдэгдсэн үйлдлүүд нь үргэлжилсэн гэмт хэрэг болох талаар дүгнэж, нэгтгэн шйидвэрлэх нь тэдний эрх зүйн байдлыг дээрдүүлэх талаар дурьдаж шийдвэрлэсэн боловч, тэдний гэм бурууг үргэлжүүлэн хэлэлцэхдээ үргэлжилсэн үйлдлийг хэрхэн үзэж буй талаараа эрх зүйн дүгнэлт хийлгүйгээр өөр үндэслэл зааж хэргийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн нь шүүхийн шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх шаардлагыг хангаагүй гэж үзнэ.     

Шүүхийн шийдвэрийн хэлбэр, бүтцэд тавигдах шаардлагыг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн Гучин зургаадугаар бүлэгт тодорхойлон хуульчилсан бөгөөд шүүхийн шийдвэр нь энэ хуулийн 36.2, 36.6, 36.7 дугаар зүйлд заасан шаардлагыг хангаагүй нөхцөлд хуулийн ноцтой зөрчил гэж үзэхийг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.8 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.6 дахь заалтад заасан.

Шүүх аливаа эрүүгийн хэрэгт Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн нотлох баримтуудыг харьцуулан судалж дүгнэлт хийх учиртай бөгөөд үгүйсгэсэн тухай үндэслэлийг зааж, хэргийн үйл баримтад тулгуурлан шүүгдэгчийг гэм буруутай эсэх, ямар гэмт хэргийн шинжид тохирч байгаа талаар хууль зүйн дүгнэлт хийдэг учиртай.

Иймд давж заалдах шатны шүүх хэргийг хянан хэлэлцээд анхан шатны шүүх Эрүүгийн  хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн, шүүхийн шийдвэр нь хэргийн бодит байдалтай нийцээгүй гэсэн үндэслэлээр шийтгэх тогтоолыг хүчингүй болгох нь зүйтэй гэж үзлээ.

Давж заалдах шатны шүүхээс Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой  зөрчсөн гэх үндэслэлээр хэргийг дахин шийдвэрлүүлэхээр буцааж байгаа тул хэргийн үйл баримт, гэм буруугийн талаар эрх зүйн дүгнэлт хийгээгүй болно.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.5 дугаар зүйлийн 1, 39.6 дугаар зүйлийн 1.4, 39.9 дүгээр зүйлийн 1, 1.2, 2-д заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Сэлэнгэ аймаг дахь сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2023 оны 05 дугаар сарын 09-ний өдрийн 2023/ШЦТ/98 дугаартай шийтгэх тогтоолыг хүчингүй болгож, улсын яллагчийн эсэргүүцлийг хангасугай.

2.Анхан болон давж заалдах шатны шүүх Эрүүгийн хуулийг зөрүүтэй хэрэглэсэн, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, шүүх хуулийг Улсын дээд шүүхийн албан ёсны тайлбараас    өөрөөр    тайлбарлаж     хэрэглэсэн   гэж    үзвэл   энэхүү   магадлалыг 

гардуулсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хэргийн оролцогч хяналтын журмаар гомдол гаргах, прокурор эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурдсугай.

 

 

 

            ДАРГАЛАГЧ,

             ЕРӨНХИЙ ШҮҮГЧ                                     Д.БУЯНЖАРГАЛ

                                                        

                                ШҮҮГЧ                                    Г.ДАВААРЕНЧИН

 

                                ШҮҮГЧ                                     Б.ЭРДЭНЭХИШИГ