| Шүүх | Өмнөговь аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Будын Отгонсүрэн |
| Хэргийн индекс | 143/2024/00513/И |
| Дугаар | 313/ШШ2025/00110 |
| Огноо | 2025-03-20 |
| Маргааны төрөл | Бусад зээл, |
Өмнөговь аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр
2025 оны 03 сарын 20 өдөр
Дугаар 313/ШШ2025/00110
2025 оны 03 сарын 20 өдөр Дугаар 313/ШШ2025/00110 Даланзадгад сум
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Ө аймаг дахь сум дундын анхан шатны шүүхийн шүүгч Б.Отгонсүрэн даргалж, тус шүүхийн хуралдааны танхимд хийсэн иргэний хэргийн шүүх хуралдаанаар
Нэхэмжлэгч: Ө аймгийн Х******* сумын З*******,
Хариуцагч: “У*******” ХХК /РД: *******/, Ө аймаг, Х******* сум,
Нэхэмжлэлийн шаардлага: Зээлийн гэрээний үүрэгт 30 106 904 төгрөг гаргуулах тухай иргэний хэргийг хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгчийн төлөөлөгч Т.Н*******, хариуцагчийн төлөөлөгч Д.Г*******, бие даасан шаардлага гаргаагүй гуравдагч этгээдийн төлөөлөгч Б.Арсланбаатар, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга А.Наранбилэг нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэхэмжлэгч Ө аймгийн Х******* сумын З*******ын итгэмжлэгдсэн төлөөлөгч Д.Энхтуяа шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: “У*******” ХХК нь 2013 оны 05 дугаар сарын 02-ны өдөр 05 дугаартай зээлийн гэрээний дагуу Ө аймгийн Х******* сумын Сум хөгжүүлэх сангаас 40 000 000 төгрөгийг үйлдвэрлэлээ өргөжүүлэх төслөөр зээлж авсан. Зээлдэгч “У*******” ХХК нь гэрээний үүргээ зөрчиж, 30 106 904 төгрөгийн эргэн төлөлтийг хийлгүй, төрийн болон нийтийн ашиг сонирхолд дээрх хохирлыг учруулсан байна. Үйлдвэрлэлээ өргөжүүлэх төслийн зээлийн гэрээний эргэн төлөх хугацаа 2016 оны 05 дугаар сарын 02-ны өдөр дуусгавар болсон бөгөөд тус Х******* сумын З*******ын Тамгын газраас зээлдэгч “У*******” ХХК-иас 2024 оны 04 дүгээр сарын байдлаар зээлийн үлдэгдэл төлбөр болох 28 253 754 төгрөгийг гаргуулах тухай өргөдлийг Ө аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүх дэх эвлэрүүлэн зуучлагчид гаргахад эвлэрлийн гэрээний нэг тал болох “У*******” ХХК эвлэрүүлэн зуучлах ажиллагаанд оролцохоос татгалзах тухай хүсэлтийн дагуу эвлэрүүлэн зуучлагч нь 2024 оны 06 дугаар сарын 12-ны өдрийн 44 дугаартай тэмдэглэл гаргаж, эвлэрүүлэн зуучлах ажиллагааг дуусгавар болгосон болно.
Иймд “У*******” ХХК-ийн зээлийн үлдэгдэл төлбөр болох 30 106 904 төгрөгийг гаргуулж Х******* сумын Хоршоог хөгжүүлэх сангийн ******* тоот дансанд төлүүлэхээр нэхэмжлэлийг гаргаж байна гэжээ.
Нэхэмжлэгчийн төлөөлөгч Т.Н******* шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “У*******” ХХК нь 2013 оны 05 дугаар сарын 02-ны өдөр үйлдвэрлэлээ өргөжүүлэх зориулалттайгаар А/46 тоот захирамжаар 40 000 000 төгрөгийн зээлийг 3 жилийн хугацаатай жилийн 3 хувийн бага хүүтэйгээр авсан байгаа. Тэгээд өнөөг хүртэл тухай бүрд зээлийн төлөлтөө хийгээгүй, үлдэгдэл дээр алданги тооцох гэрээтэй байсан. Гэрээний үүргийн дагуу алданги тооцоод 2024 оны эцсээр 30 106 904 төгрөгийн төлөлт байхгүйн улмаас манай талаас нэхэмжлэлийг гаргаж одоо төрд буцаан тухайн мөнгөн данс руу төвлөрүүлэхийг хүссэн байгаа. Нийт 40 000 000 төгрөгийн зээл авснаас үндсэн зээлийн үлдэгдэл 28 253 754 төгрөг, алданги нь 1 746 246 төгрөг, хүү нь 106 904 төгрөг, нийт 30 106 904 төгрөгийг нэхэмжилж төрийн татвар төлөгч, иргэдийн мөнгө учраас төлнө үү гэсэн хүсэлт саналтай байна гэв.
Хариуцагчийн төлөөлөгч Д.Г******* шүүхэд гаргасан хариу тайлбартаа: Ө аймгийн Х******* сумын З*******ын нэхэмжлэлтэй, “У*******” ХХК-д холбогдох 30 106 904 төгрөг гаргуулах шаардлага бүхий нэхэмжлэлийн хувийг гардаж аваад нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь эс зөвшөөрч дараах тайлбарыг гаргаж байна.
Манай компани 2013 оны 05 дугаар сарын 02-ны өдөр Х******* сумын Сум хөгжүүлэх сангаас ноос боловсруулах үйлдвэрээ өргөжүүлэх зорилгоор 40 000 000 төгрөгийн зээлийг авсан ба энэ хугацаанд 12 918 015 төгрөгийн зээлийг эргэн төлсөн. Гэтэл түүхий эдийн үнийн өсөлт, ажиллах хүчний зардлын улмаас бид үйл ажиллагаагаа цаашид хэвийн тогтвортой явуулах боломжгүй болж алдагдалд орж эхэлсэн тул зээлээ бүрэн төлж барагдуулах боломжгүй байдалд хүрсэн. Бид өнгөрсөн хугацаанд сум хөгжүүлэх санд 12 918 015 төгрөгийг зээлийн эргэн төлөлтөд өгсөн атал одоо яагаад 30 106 904 төгрөг нэхэмжилж байгаа нь ойлгомжгүй байна. Улмаар гэрээ 2016 оны 05 дугаар сарын 02-ны өдөр дуусгавар болсон.
Иргэний хуулийн 75 дугаар зүйлийн 75.2.1 дэх заалтад зааснаар гэрээний үүрэгтэй холбоотой шаардлага гаргах хөөн хэлэлцэх хугацаа гурван жил байна гэсэн байх бөгөөд нэхэмжлэгчийн хувьд гэрээний үүрэгтэй холбогдуулан гаргах гурван жилийн хөөн хэлэлцэх хугацаа нь аль хэдийн өнгөрсөн байна. Иймд нэхэмжлэгч нь гэрээний үүргийн талаар нэхэмжлэл гаргах шаардах эрхээ алдсан байх тул нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.
Хариуцагчийн төлөөлөгч Д.Г******* шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Тухайн мөнгийг үйлдвэр хөгжүүлэх зорилгоор авсан. Бид нар үйлдвэрээ хөгжүүлэх тоног төхөөрөмж худалдан авч ажилчдын байр, хоол, амралтын байр болоод хоолны заалыг бас засварлаж янзалсан. Мөн түүхий эд материал худалдан авч тэр зээлийг зарцуулах ёстой зүйлд нь зарцуулсан. Мөн ажилчдын хомсдолд орсон учраас бид гаднаас ажилчид авчирч ажиллуулж байсан. Тэгээд төлөгдөх графикаараа төлж байтал ажилчдын хомсдолд орж сүүлдээ ажиллах хүн байхгүй болж Д******* аймаг, Ө аймгаас ажилчид авчирч үйлдвэрлэлээ явуулж байсан. Тэгээд сүүлдээ түүхий эдийн хомсдолд орж мөн үнэ нь нэмэгдэж зардал нь өсөөд компани ажиллах хүчин, түүхий эд материалын хомсдолтой болж гарсан бүтээгдэхүүн маань багасаад төлөлт хийж чадахгүй болсон. Тэгээд 2018 оноос үйл ажиллагаа зогссон. Үйлдвэрлэл цаашаа явах боломжгүй ажилчид олдохгүй сумаасаа ажилчид аваад ажилладаг байсан боловч “Б” гэдэг уурхай нээгдээд ажилчдаас тухайн үеийн удирдлагууд нь ажилчдыг тэр уурхай руу аваад явчихсан. Ингэж ажилчдын хомсдол анх үүсэж эхэлсэн. Сүүлдээ Ө аймгаас ажилчид авчраад ажиллуулсан боловч тогтвор суурьшилтай ажиллаж чадахгүй байсан. Яагаад гэвэл үйлдвэр нь хүчний болон тоос шороотой эсгий үйлдвэрлэл байдаг учраас ажилчид тэр болгон тууштай ажиллаж чаддаггүй ажлын нөхцөл байдал хүнд талдаа байдаг.
Зээл төлөлтийг хийж чадахгүй, мөнгийг төлөх боломжгүй байгаа гэж миний хувьд үзэж байна гэв.
Бие даасан шаардлага гаргаагүй гуравдагч этгээдийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Арсланбаатар шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:
Ө аймгийн Х******* сумын З*******ас “У*******” ХХК-ийн зээлийн үлдэгдэл төлбөр болох 30 106 904 төгрөгийг гаргуулж Х******* сумын сум хөгжүүлэх санд төлүүлэхээр нэхэмжилсэн байна. ...Гэвч зээлдэгч “У*******” ХХК нь зээлийн гэрээний үүргээ зөрчин үндсэн зээлийн төлбөрийн хүү алдангийн хамт нийт 30 106 904 төгрөгийг нөхөн төлөөгүй төрийн нийтийн ашиг сонирхолд хохирол учруулсан гэж үзэж байгаа. Хэрэгт авагдсан нотлох баримтуудаар хариуцагч “У*******” ХХК сум хөгжүүлэх сангаас олговол зохих 40 000 000 төгрөг нь түүний өөрийн эзэмшлийн дансанд шилжин орсон болох нь тогтоогдсон. Иймд гэрээгээр хүлээсэн үүргээ биелүүлээгүй гэрээнд тусгасан зээлийн үлдэгдэл болох 30 106 904 төгрөгийг “У*******” ХХК-аас гаргуулж Ө аймгийн Х******* сумын сум хөгжүүлэх төрийн сангийн дансанд төлүүлэх нь хууль зүйн үндэслэлтэй байна гэв.
Нэхэмжлэгчээс: Ө аймгийн З*******ын 2024 оны 12 дугаар сарын 02-ны өдрийн Б/61 дугаартай захирамж, итгэмжлэл, Ө аймаг Х******* сумын З*******ын 2013 оны 05 дугаар сарын 02-ны өдрийн А/46 дугаартай “Хөрөнгө зарцуулах тухай”; 2023 оны 09 дүгээр сарын 25-ны өдрийн А/140 дугаартай “Ажлын хэсэг байгуулах тухай” захирамжууд, “У*******” ХХК-ийн үйлдвэрлэлээ хөгжүүлэх төсөл, зээлдэгч Ц.Бийн зээл эргэн төлсөн тооцооны хуулга, төслийн үйл ажиллагаа буюу тахианы аж ахуйтай холбоотой зураг, борлуулалтын тайлан, Хууль зүйн сайдын “Эсгий нягтруулах бүтээлийг шинээр баталж, өмчлөх онцгой эрхийг зөвшөөрсөн” №1684 дугаартай шинэ бүтээлийн патентын хуулбар, эсгий үйлдвэрлэлийн дамжлагыг хэсэгчлэн үзүүлсэн зургууд, барьцаа хөрөнгийн жагсаалт, “У*******” ХХК-ийн улсын бүртгэлийн гэрчилгээний хуулбар, техникийн тодорхойлолт, Сум хөгжүүлэх сангаас олгох 2013 оны 05 дугаар сарын 02-ны өдрийн 05 дугаартай зээлийн гэрээ, түүний хавсралт 1, Д.Г*******ийн иргэний үнэмлэхийн хуулбар, Ө аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүх дэх эвлэрүүлэн зуучлагчийн 2024 оны 06 дугаар сарын 12-ны өдрийн 44 дугаартай эвлэрүүлэн зуучлах ажиллагаа дуусгавар болсон тухай тэмдэглэл, 2023 оны 11 дүгээр сарын 20, 2024 оны 12 дугаар сарын 01-ний өдрүүдийн зээлийн үлдэгдлийн тайлангууд, Ө аймаг Х******* сумын Сум хөгжүүлэх сангаас “У*******” ХХК-нд 2023 оны 09 дүгээр сарын 25-ны өдрийн 05 дугаартай “Хүсэлт хүргүүлэх тухай” албан тоот, түүний хавсралтын хуулбар, Ө аймгийн Прокурорын газрын 2024 оны 11 дүгээр сарын 28-ны өдрийн 1/538 дугаартай “Төр, нийтийн ашиг сонирхолд учирсан хохирлыг арилгуулах тухай” албан тоотын хуулбар, Х******* сумын “Хоршоо хөгжүүлэх сан”-ийн 2023 оны 06 дугаар сарын 30-ны өдрийн үйл ажиллагааны болон зээлийн үлдэгдлийн тайлангийн хуулбар, Ө аймгийн Х******* сумын З*******ын Тамгын газрын 2018 оны 11 дүгээр сарын 05-ны өдрийн 3-292 дугаартай Х******* сумын Сум хөгжүүлэх санд хяналт үнэлгээ хийсэн ажлын судалгаа, мэдээ тайлангийн хуулбар, Ө аймгийн Х******* сумын З*******ын 2018 оны 03 дугаар сарын 16-ны өдрийн 1-72 дугаартай “Зээлийн эргэн төлөлт шаардах тухай”; 2017 оны 11 дүгээр сарын 08-ны өдрийн 2/329 дугаартай “Актын төлбөр барагдуулсан тухай”; 2017 оны 06 дугаар сарын 08-ны өдрийн 1-175 дугаартай “Зээлийн эргэн төлөлт хийх тухай”; 2017 оны 06 дугаар сарын 12-ны өдрийн 1-183 дугаартай “Албан шаардлагын хариу хүргүүлэх тухай”; 2014 оны 06 дугаар сарын 19-ний өдрийн “У******* ХХК-ийн захирал Д.Г******* танаа” гэх; 2014 оны 05 дугаар сарын 07-ны өдрийн 1/157; 2014 оны 04 дүгээр сарын 11-ний өдрийн 1/122 дугаартай “Мэдэгдэл хүргүүлэх тухай”; 2014 оны 04 дүгээр сарын 11-ний өдрийн 1/125 дугаартай “Х******* сумын Сум хөгжүүлэх сангаас зээл авсан зээлдэгч нарт” гэх албан тоотуудын хуулбар, дансны хуулга,
Хариуцагчаас: “У******* ХХК-ийн хуулийн этгээдийн улсын бүртгэлийн гэрчилгээ, тус компанийн 2006 оны 04 дүгээр сарын 10-ны өдрийн 02 дугаартай хурлын шийдвэр, зээлийн төлөлтийн гүйлгээний жагсаалт зэрэг бичгийн баримтуудыг шүүхэд гаргаж өгсөн.
ҮНДЭСЛЭХ нь:
1. Шүүх нэхэмжлэлийн шаардлагын зарим хэсгийг хангаж, үлдсэнийг нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэв.
2. Нэхэмжлэгч Ө аймгийн Х******* сумын З******* нь хариуцагч “У*******” ХХК-д холбогдуулан зээлийн гэрээний үүрэгт 30 106 904 төгрөг гаргуулах нэхэмжлэлийн шаардлага гаргажээ.
Нэхэмжлэгч дараах үндэслэлээр шаардах эрхээ тодорхойлсон. Үүнд: “...“У*******” ХХК нь 2013 оны 05 дугаар сарын 02-ны өдөр 05 дугаартай зээлийн гэрээний дагуу Ө аймгийн Х******* сумын Сум хөгжүүлэх сангаас 40 000 000 төгрөгийг үйлдвэрлэлээ өргөжүүлэх төслөөр зээлж авсан. Зээлдэгч “У*******” ХХК нь гэрээний үүргээ зөрчиж, 30 106 904 төгрөгийн эргэн төлөлтийг хийлгүй, төрийн болон нийтийн ашиг сонирхолд дээрх хохирлыг учруулсан” гэжээ.
3. Хариуцагч “У*******” ХХК нь “...2013 оны 05 дугаар сарын 02-ны өдөр Х******* сумын Сум хөгжүүлэх сангаас ноос боловсруулах үйлдвэрээ өргөжүүлэх зорилгоор 40 000 000 төгрөгийн зээлийг авсан ба энэ хугацаанд 12 918 015 төгрөгийн зээлийг эргэн төлсөн. Гэтэл түүхий эдийн үнийн өсөлт, ажиллах хүчний зардлын улмаас бид үйл ажиллагаагаа цаашид хэвийн тогтвортой явуулах боломжгүй болж алдагдалд орж эхэлсэн тул зээлээ бүрэн төлж барагдуулах боломжгүй байдалд хүрсэн. Улмаар гэрээ 2016 оны 05 дугаар сарын 02-ны өдөр дуусгавар болсон. Иргэний хуулийн 75 дугаар зүйлийн 75.2.1-д зааснаар гэрээний үүрэгтэй холбоотой шаардлага гаргах хөөн хэлэлцэх хугацаа гурван жил байна гэсэн бөгөөд нэхэмжлэгчийн хувьд гэрээний үүрэгтэй холбогдуулан гаргах гурван жилийн хөөн хэлэлцэх хугацаа нь аль хэдийн өнгөрсөн. Иймд нэхэмжлэгч нь гэрээний үүргийн талаар нэхэмжлэл гаргах шаардах эрхээ алдсан” үндэслэлээр нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь эс зөвшөөрч маргаж байна.
4. Бие даасан шаардлага гаргаагүй гуравдагч этгээдийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Арсланбаатар шүүх хуралдаанд “....хавтаст хэрэгт авагдаж шүүх хуралдаанаар шинжлэн судалсан нотлох баримтуудаар хэргийн үйл баримт хангалттай тогтоогдсон, өөр хоорондоо зөрөөгүй байна. Нэхэмжлэлийн шаардлагыг хангах үндэслэлтэй гэж үзэж байна. Иймд гэрээгээр хүлээсэн үүргээ биелүүлээгүй гэрээнд тусгасан зээлийн үлдэгдэл болох 30 106 904 төгрөгийг “У*******” ХХК-иас гаргуулж Ө аймгийн Х******* сумын Сум хөгжүүлэх төрийн сангийн дансанд төлүүлэх нь хууль зүйн үндэслэлтэй” гэж тайлбар гаргасан.
5. Хэрэгт авагдсан болон шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримтуудаар дараах үйл баримт тогтоогдож байна.
Нэг талаас Ө аймгийн Х******* сумын Сум хөгжүүлэх санг төлөөлж тус сумын З******* А.Б /зээлдүүлэгч/, нөгөө талаас тус сумын аж ахуйн нэгж “У*******” ХХК /зээлдэгч/ нар нь 2013 оны 05 дугаар сарын 02-ны өдөр 40 000 000 төгрөгийг сарын 0.25 хувийн хүүтэйгээр, 36 сарын хугацаатай, үйлдвэрлэлээ өргөжүүлэх /эсгий үйлдвэрлэл, оёдол/ зориулалтаар 2016 оны 05 дугаар сарын 02-ны өдөр эргэн төлөгдөж дуусах нөхцөлтэйгөөр зээлүүлэхээр харилцан тохиролцож зээлийн гэрээ байгуулжээ.
Иргэний хуулийн 281 дүгээр зүйлийн 281.1 дэх хэсэгт “Зээлийн гэрээгээр зээлдүүлэгч нь зээлдэгчийн өмчлөлд мөнгө буюу төрлийн шинжээр тодорхойлогдох бусад эд хөрөнгө шилжүүлэх, зээлдэгч нь шилжүүлэн авсан эд хөрөнгөтэй ижил төрөл, тоо, чанар, хэмжээний эд хөрөнгө буюу мөнгийг тохирсон хугацаанд буцаан өгөх үүргийг тус тус хүлээнэ”, мөн хуулийн 282 дугаар зүйлийн 282.1 дэх хэсэгт “Нэг удаагийн шинжтэй, эсхүл ашиг олох зорилгогүй зээлийн гэрээгээр талууд хэлэлцэн тохиролцож хүү тогтоож болно” гэж заасан.
Зээлдүүлэгч буюу Ө аймгийн Х******* сумын Сум хөгжүүлэх санг төлөөлж тус сумын З******* нь тодорхой мөнгөн хөрөнгийг хуульд заасан үндэслэл журмын дагуу зээлдэгчид шилжүүлж, зээлдэгч “У*******” ХХК уг мөнгийг авч ашиглах, хүүтэй буцаан төлөхөөр бичгээр тохиролцсоноор талуудын хооронд зээлийн гэрээний харилцаа үүссэн байх ба дээрх гэрээ нь Иргэний хуулийн 196 дугаар зүйлийн 196.1.1, мөн хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1-д заасны дагуу хийгдсэн, хүчин төгөлдөр хэлцэл байх ба талууд энэ талаар маргахгүй байна.
Зээлийн гэрээгээр төлбөрийг 2013 оны 06 сарын 02-ны өдрөөс эхлэн 2016 оны 05 сарын 02-ны өдрийг дуустал сар бүр тэгш хуваариар эргэн төлөхөөр тохиролцсон байх ба зээлдэгч нь 2013 онд 498 000 төгрөг, 2014 онд 9 490 015 төгрөг, 2015 онд 1 930 000 төгрөг, 2016 онд 1 000 000 төгрөг, нийт 12 918 015 төгрөгийг төлсөн болох нь талуудын тайлбар, Сум хөгжүүлэх сангийн зээл төлөлтийн дансны хуулга зэргээр нотлогдож байна.
6. Уг гэрээний хүчин төгөлдөр байдал, гэрээний нөхцөлийн талаар зохигч маргаагүй, харин хариуцагч талаас “...гэрээний үүрэгтэй холбоотой шаардлага гаргах хөөн хэлэлцэх гурван жилийн хугацаа дууссан” гэж мэтгэлцэж байна.
7. Гэрээний үүрэгтэй холбоотой шаардлага гаргах хөөн хэлэлцэх хугацаа гурван жил ба тухайн хөөн хэлэлцэх хугацааг шаардах эрх үүссэн үеэс эхлэн тоолохыг Иргэний хуулийн 75 дугаар зүйлийн 75.2.1, 76 дугаар зүйлийн 76.1 дэх хэсэгт тус тус заасан.
Хуульд өөрөөр заагаагүй бол шаардах эрх нь эрх зөрчигдсөн, эрх зөрчигдсөн тухай мэдсэн, эсхүл мэдэх ёстой байсан үеэс үүсэх бөгөөд нэхэмжлэгч тал зээлийн гэрээний үүргээ биелүүлэхийг гэрээний хугацаа дуусгавар болсон үеэс болон эрх зөрчигдсөн тухай мэдсэн, мэдэх ёстой байсан үеэс эхэлж тоолохоор хуульд заажээ.
Зохигч талуудын хооронд 2013 оны 05 дугаар сарын 02-ны өдөр зээлийн гэрээ байгуулагдаж, гэрээний хугацаа 2016 оны 05 дугаар сарын 02-ны өдөр дуусгавар болсон байх ба 28 253 754 төгрөг гаргуулах тухай өргөдлийг 2024 оны 04 дүгээр сарын 15-ны өдөр шүүхийн эвлэрүүлэн зуучлагчид гаргасан байна.
Хариуцагчийн төлөөлөгч Д.Г******* шүүх хуралдаанд “...2016-2018 онуудад зээлийн гэрээний үүргээ биелүүлэх талаар нэхэмжлэгч талаас мэдэгдэж байсан” гэж, нэхэмжлэгчийн төлөөлөгч Т.Н******* “...тухайн үед З******* А.Б 2014 он, 2018 онуудад “У*******” ХХК-д зээл төлөх мэдэгдэл өгч ажиллаж байсан” гэж тус тус тайлбарлаж байна.
8. Иргэний хуулийн 78, 79 дүгээр зүйлүүдэд хөөн хэлэлцэх хугацаа түр зогсох, тасалдах үндэслэлүүдийн талаар заасан ба хөөн хэлэлцэх хугацаа тасалдсан нөхцөл талуудын тайлбараар тогтоогдож байна.
Иргэний хуулийн 79 дүгээр зүйлийн 79.1 дэх хэсэгт “Тогтоосон журмаар нэхэмжлэл гаргасан, эсхүл үүрэг хүлээсэн этгээд эрх бүхий этгээдэд урьдчилгаа олгох, хүү төлөх, баталгаа гаргах буюу бусад хэлбэрээр шаардлагыг хүлээн зөвшөөрсөн бол хөөн хэлэлцэх хугацаа тасалдана” гэж заасан.
Өөрөөр хэлбэл, үүрэг хүлээсэн этгээд шаардлагыг хүлээн зөвшөөрсөн гэдэгт шаардлагыг нь “эсэргүүцэхгүй байх” эсхүл “зөвшөөрч байгаагаа илэрхийлж байгаа” тохиолдолд заавал шүүхэд хандахгүйгээр үүргээ биелүүлэхийг хүлээж байсан нөхцөл байдлыг ойлгохоор тусгагдсан ба хариуцагчийн төлөөлөгч Д.Г******* зээлийн гэрээгээр хүлээсэн буцаан төлөх үүргээ мэдэж байсан нөхцөл байдал талуудын тайлбараар тогтоогдож байгааг дурдах нь зүйтэй.
Нэхэмжлэгч тал зээлийн гэрээний хугацаа дууссан 2016 оны 05 дугаар сарын 02-ны өдрөөс хойш болон эрх зөрчигдсөн үеэс эхлэн зээлийн гэрээний үүргээ биелүүлэхийг шаардаж байсан болох нь Ө аймгийн Х******* сумын З*******ын 2014 оны 04 сарын 11-ний 1/122, 2014 оны 05 сарын 07-ны 1/157, 2014 оны 06 сарын 19-ний 1/199, 2017 оны 06 сарын 08-ны 1-175, 2018 оны 03 сарын 16-ны 1-72 тоот албан бичгүүд, мөн тус сумын З*******ас аймгийн Аудитын газарт явуулсан 2017 оны 06 сарын 12-ны 1-183, 2017 оны 11 сарын 08-ны 2/329 тоот албан бичгүүд зэргээр тогтоогдож байна.
Зээлийн гэрээний дагуу буцаан төлөх үүрэг хүлээсэн зээлдэгч “У*******” ХХК-ийн захирал Д.Г*******ийн Х******* сумын Сум хөгжүүлэх санд хүргүүлсэн 2023 оны 09 сарын 25-ны өдрийн 05 дугаартай “Хүсэлт хүргүүлэх тухай” албан бичиг, хавсралтын хамт хэрэгт авагдсан байх ба албан бичигт “...эсгийний үйлдвэрийн тоног төхөөрөмжүүдийг Сум хөгжүүлэх сангийн зээл болох 30 106 904 төгрөгийн зээлийн эргэн төлөлтөд бодуулан хүлээлгэн өгөх хүсэлтэй байна” гэжээ. Уг албан бичгээр хариуцагч нь зээлийн гэрээний үүргээ биелүүлэхийг хүлээн зөвшөөрч байсан болох нь нотлогдож байна.
Иргэний хуулийн 79 дүгээр зүйлийн 79.7-д “Хөөн хэлэлцэх хугацаа тасалдсан бол өмнө өнгөрсөн хугацааг тооцохгүй, хугацааг дахин шинээр эхлэн тоолно” гэж зааснаар зээлдүүлэгч нь зээлийн гэрээний үүргээ биелүүлэхийг шаардаж байсан, зээлдэгч нь хүлээн зөвшөөрч байсан нөхцөл байдлуудаар хөөн хэлэлцэх хугацааны тасалдал тогтоогдож байх тул хариуцагч талын хөөн хэлэлцэх хугацаа өнгөрсөн тул шаардах эрхгүй гэх татгалзал үндэслэлгүй байна.
9. Иймд дурдсан үндэслэлүүдээр хариуцагчаас зээлийн төлбөрийг эргүүлэн төлүүлэхээр тогтоох нь Иргэний хуулийн 13 дугаар зүйлийн 13.1 дэх хэсэгт заасан иргэний эрх зүйн харилцаанд оролцогч хууль буюу гэрээнд заасан эрх, үүргээ үнэнч шударгаар хэрэгжүүлэх зарчимд нийцнэ гэж үзлээ.
10. Нэхэмжлэгч нь хариуцагчаас зээлийн гэрээний үүрэгт нийт 30 106 904 төгрөг гаргуулахаар шаардсан ба үндсэн зээл 28 253 754 төгрөг, алданги 1 746 246 төгрөг, хүү 106 904 төгрөг гэж тайлбарлаж байна.
Гэвч нэхэмжлэгч нь алданги 1 746 246 төгрөг, хүү 106 904 төгрөгийг ямар хугацаагаар, хэрхэн яаж тооцсон нь тодорхойгүй, энэ талаарх нотлох баримтыг гаргаж ирүүлээгүй байх тул 1 853 150 төгрөгт холбогдох хэсгийг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй байна.
11. Иймд хариуцагч “У*******” ХХК-иас зээлийн гэрээний үүрэгт 28 253 754 төгрөгийг гаргуулан Ө аймгийн Х******* сумын Хоршоог хөгжүүлэх санд олгож, нэхэмжлэлийн шаардлагаас үлдэх 1 853 150 төгрөгт холбогдох хэсгийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэв.
12. Нэхэмжлэгч нь улсын тэмдэгтийн хураамж 308 485 төгрөг төлөхөөс хуулиар чөлөөлөгдсөн байх ба хариуцагч “У*******” ХХК-иас нэхэмжлэлийн шаардлагыг хангасан хэмжээнд ногдох улсын тэмдэгтийн хураамж 299 218 төгрөгийг гаргуулан орон нутгийн төсвийн орлогод оруулах нь зүйтэй.
13. Нэхэмжлэгч тал нь шүүхэд гаргаж өгсөн “Ц.Б гэх нэртэй Сум хөгжүүлэх сангийн зээл эргэн төлсөн тооцооны хуулга 1 хуудас, тахианы аж ахуйтай холбоотой зураг 1 хуудас, борлуулалтын тайлан 1 хуудас, нийт 3 хуудас” баримтыг энэ хэрэгт хамааралгүй учир нотлох баримтаас хасуулан буцааж авах тухай хүсэлт гаргасан ба уг баримтууд нь хэрэгт хамааралгүй байх тул хүсэлтийг хүлээн авч хангаж шийдвэрлэв.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.1, 115.2.2, 116, 118 дугаар зүйлүүдэд заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:
1. Иргэний хуулийн 76 дугаар зүйлийн 76.1, 76.2, 281 дүгээр зүйлийн 281.1 дэх хэсэгт заасныг баримтлан хариуцагч “У*******” ХХК-иас зээлийн гэрээний үүрэгт 28 253 754 төгрөгийг гаргуулан Ө аймгийн Х******* сумын Хоршоог хөгжүүлэх санд олгож, нэхэмжлэлийн шаардлагаас үлдэх 1 853 150 төгрөгт холбогдох хэсгийг хэрэгсэхгүй болгосугай.
2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.2, 60 дугаар зүйлийн 60.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, 41 дүгээр зүйлийн 41.1.3-т тус тус зааснаар нэхэмжлэгч Ө аймгийн Х******* сумын З******* нь улсын тэмдэгтийн хураамж 308 485 төгрөг төлөхөөс хуулиар чөлөөлөгдсөн болохыг дурдаж, хариуцагч “У*******” ХХК-иас улсын тэмдэгтийн хураамж 299 218 төгрөгийг гаргуулан орон нутгийн төсвийн орлогод оруулсугай.
3. Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Энхтуяагийн “Ц.Б гэх нэртэй Сум хөгжүүлэх сангийн зээл эргэн төлсөн тооцооны хуулга 1 хуудас, тахианы аж ахуйтай холбоотой зураг 1 хуудас, борлуулалтын тайлан 1 хуудас, нийт 3 хуудас” баримтыг хасуулах тухай хүсэлтийг хүлээн авч, уг 3 хуудас баримтыг нэхэмжлэгчид буцаан олгосугай.
4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 120 дугаар зүйлийн 120.2 дахь хэсэгт зааснаар шийдвэр танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч эс зөвшөөрвөл шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор анхан шатны шүүхээр дамжуулан Ө аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Б.ОТГОНСҮРЭН