Өмнөговь аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр

2025 оны 03 сарын 21 өдөр

Дугаар 313/ШШ2025/00114

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

2025 оны 03 сарын 21 өдөр Дугаар 313/ШШ2025/00114 Даланзадгад сум

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

 

Өмнөговь аймаг дахь сум дундын анхан шатны шүүхийн шүүгч Б.Отгонсүрэн даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хийсэн иргэний хэргийн шүүх хуралдаанаар

 

Нэхэмжлэгч: У******* овогт Ж*******ын Э*******

Ажилласан байдал тогтоолгох тухай иргэний хэргийг хянан хэлэлцэв.

 Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгч Ж.Э*******, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Э.Эрдэнэчулуун нар оролцов.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

Нэхэмжлэгч Ж.Э******* шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: Ж.Э******* нь Өмнөговь аймгийн М******* сумын уугуул бөгөөд одоо Өмнөговь аймгийн Даланзадгад суманд оршин сууж байна. Миний бие 1980 оны 10 дугаар сарын 02-ны өдрөөс 1983 оны 06 дугаар сарын 10-ны өдрийг дуустал Өмнөговь аймгийн М******* сумын Х******* нэгдлийн Б******* бригадад ямаачнаар ажиллаж байсан. 1983 оны 06 дугаар сарын 13-ны өдрөөс 1986 оны 06 дугаар сарын 09-ний өдрийн хооронд цэргийн алба хаасан. Цэргийн алба хааж ирээд 1986 оны 07 дугаар сарын 20-ны өдрөөс 1988 оны 02 дугаар сарын 09-ний өдрийг дуустал Өмнөговь аймгийн М******* сум 8-н жилийн дунд сургуульд аж ахуйн эрхлэгч, сургуулийн үндсэн хөрөнгийн нярваар, 1988 оны 04 дүгээр сарын 01-ний өдрөөс 1990 оны 09 дүгээр сарын 30-ны өдрийг дуустал Өмнөговь аймгийн М******* сумын Х******* нэгдэлд ажилчнаар буюу тэжээлийн фондын ачигчаар, 1990 оны 10 дугаар сарын 04-ний өдрөөс 1992 оны 12 дугаар сарын 31-ний өдрийн дуустал Өмнөговь аймгийн М******* сумын Х******* хоршоо буюу О******* хоршоонд савангийн цехэд ажилчнаар тус тус ажиллаж байсан. Одоо өндөр насны тэтгэврээ тогтоолгох гэтэл миний 1980-1983 онд Өмнөговь аймгийн М******* сумын Х******* нэгдлийн Б******* бригадад ямаачнаар ажиллаж байсан х*******ийн дэвтэр дээрх бичилтийн баталгаажуулалтын тамга хүчингүй, цалингийн цэсэд нэр гараагүйн улмаас тус онуудад ажилласан хугацаа маань ажилласан жилд тооцогдохооргүй болсон. Мөн 1988-1992 онуудын тушаал болон цалингийн цэсэд нэр гараагүй, Өмнөговь аймгийн М******* сумын Х******* нэгдлийн хоршооны байр галд өртөж ажилчдын х*******ийн дэвтэр, тушаал шийдвэртэй холбоотой баримт бичгүүд устаж үгүй болсны улмаас улсад ажилласан хугацаа маань ажилласан жилд тооцогдож чадахгүй хохироход хүрээд байна.

Иймд Ж.Э*******ийг 1980 оны 10 дугаар сарын 02-ны өдрөөс 1983 оны 06 дугаар сарын 10-ны өдрийг дуустал Өмнөговь аймгийн М******* сумын Х******* нэгдлийн Б******* бригадад ямаачнаар,

1986 оны 07 дугаар сарын 20-ны өдрөөс 1988 оны 02 дугаар сарын 09-ний өдрийг дуустал Өмнөговь аймгийн М******* сум 8-н жилийн дунд сургуульд аж ахуйн эрхлэгч, сургуулийн үндсэн хөрөнгийн нярваар,

1988 оны 04 дүгээр сарын 01-ний өдрөөс 1990 оны 09 дүгээр сарын 30-ны өдрийг дуустал Өмнөговь аймгийн М******* сумын Х******* нэгдэлд ажилчнаар буюу тэжээлийн фондын ачигчаар,

1990 оны 10 дугаар сарын 04-ний өдрөөс 1992 оны 12 дугаар сарын 31-ний өдрийн дуустал Өмнөговь аймгийн М******* сумын Х******* хоршоо буюу О******* хоршоонд савангийн цехэд ажилчнаар тус тус ажиллаж байсан болохыг тогтоож өгнө үү гэжээ.

 

Нэхэмжлэгч Ж.Э******* шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Би 1980 онд Өмнөговь аймгийн М******* суманд 8 дугаар анги төгсөөд илгээлтээр 35-уулаа гарсан. Би 10 дугаар сарын 02-ны өдөр Х******* нэгдлийн Б******* бригадад 150 шүдлэн ямаа аваад, аавын эгчийнд, Л гэдэг айлд 2 жил мал малласан. Тэгээд 1983 оны 06 дугаар сарын 10-ны өдөр цэргийн зарлан дуудах хуудас авч, Овоотод 1986 оны 06 дугаар сарын 20-ны өдөр халагдаж ирээд 7 хоног амраад 07 сарын эхээр М******* сумын сургуульд үндсэн хөрөнгийн няравын ажлыг хүлээж авсан. Гэхдээ 07 дугаар сарын 20-ны өдөр тушаал нь гарсан. 1988 оны 02 дугаар сарын 09-ний өдөр хүртэл сургуульд 10 ажилчин хариуцаж, цаг бүртгэж, шаардлага өндөртэй ажилладаг байсан.

Тэгээд залуу хүн, цаг чөлөө муу байсан учраас 2 жил ажиллаад гарчихсан. Сул чөлөөтэй явмаар санагдаад хэдэн сар болж байгаад тэжээлийн фондод грушикээр ажилд орж 1988 оны 04 дүгээр сарын 01-ний өдрөөс 1990 оны 09 дүгээр сарын 30-ны өдрийг хүртэл 2 жил ажилласан. Ажилгүй зүгээр байхгүй, салхи шороонд дээвэр хуурна, хаалга үүд эвдэрнэ, тэрийг янзална, тэжээлийг 3 сар болоод эргүүлж хураадаг, задгай өвсийг бөөгнүүлж, шуудайлж, буцааж боож, хаягдал гаргахгүй гэж ажилладаг байсан.

Тэжээлийн фондоос гараад, 1990-1992 оны 12 дугаар сарын 31-ний өдрийг хүртэл онд О******* хоршоонд өөхөн тосоор саван хийсэн. Илгээлтээр л 2 жил мал малласан гэв.

 

Нэхэмжлэгчээс өөрийн иргэний үнэмлэхийн болон төрсний гэрчилгээний хуулбар, иргэний оршин суугаа газрын хаягийн бүртгэлийн лавлагаа, х*******ийн болон нийгмийн даатгалын дэвтрийн хуулбар, Тагнуулын ерөнхий газрын Тусгай архивын 2020 оны 01 дүгээр сарын 30-ны өдрийн 08/628 дугаартай лавлагааны хуулбар, Өмнөговь аймгийн Архивын тасгийн 2024 оны 04 дүгээр сарын 30-ны өдрийн 250 дугаартай лавлагаа, Өмнөговь аймгийн М******* сумын Х******* нэгдлийн даргын 1980 оны 10 дугаар сарын 02-ны өдрийн 39, 1981 оны 07 дугаар сарын 01-ний өдрийн 50, 1988 оны 04 дүгээр сарын 22-ны өдрийн 21 дугаартай тушаалуудын хуулбар, Өмнөговь аймгийн М******* сумын 8 жилийн дунд сургуулийн захирлын 1986 оны 07 дугаар сарын 19-ний өдрийн 21, 1988 оны 02 дугаар сарын 09-ний өдрийн 6 дугаартай тушаалын хуулбар, Хөдөө аж ахуйн яамны гурил тэжээлийн үйлдвэрийн нэгдлийн харъяа Өмнөговь аймаг дахь Аюулаас хамгаалах тэжээлийн улсын фондын даргын 1988 оны 12 дугаар сарын 27-ны өдрийн 65, 1989 оны 01 дүгээр сарын 04-ний өдрийн 01 дугаартай тушаалуудын хуулбар, Өмнөговь аймгийн Мандал х******* хоршооны даргын 1990 оны 10 дугаар сарын 04-ний өдрийн 54 дугаартай тушаалын хуулбар, Өмнөговь аймгийн Ардын хурлын гүйцэтгэх захиргааны 1992 оны 12 дугаар сарын 10-ны өдрийн д/1050 дугаартай албан тоотын хуулбар,

гэрч Ж.П*******, Д.М, Р.М, Ч.С, Т.Х, Х.Д, Б.С, Ц.А нарын иргэний үнэмлэхийн хуулбар, оршин суугаа хаягийн талаарх багийн Засаг даргын тодорхойлолт болог лавлагаа, Ж.П*******, Д.М, Р.М, Ч.С, Т.Х, Х.Д, Б.С, Ш.Д нарын х*******ийн дэвтрийн хуулбарууд, гэрч Ц.Агийн ажилласан байдлаа тогтоолгосон Өмнөговь аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 06 дугаар сарын 18-ны өдрийн 148 дугаартай шийдвэрийн хуулбар зэрэг бичгийн баримтуудыг шүүхэд гарган өгсөн.

 

Нэхэмжлэгчийн хүсэлтээр Ж.П*******, Д.М, Р.М, Ч.С, Т.Х, Х.Д, Б.С, Ш.Д нараас гэрчийн мэдүүлэг авч нотлох баримтыг шүүх бүрдүүлсэн байна.

 

ҮНДЭСЛЭХ нь:

 

Шүүх нэхэмжлэлийн шаардлагыг хангаж шийдвэрлэв.

 

Нэхэмжлэгч Ж.Э******* нь өндөр насны тэтгэвэрт гарах зорилгоор ажилласан байдал тогтоолгох тухай хүсэлтийг шүүхэд ирүүлжээ.

 

Нэхэмжлэгчийн тухайн үед ажиллаж байсан байдлыг гэрчлэх х*******ийн дэвтрийн бичилт дутуу, цалингийн цэсэнд нэр гаргаагүйн улмаас ажилласан хугацаагаа өөр байдлаар тогтоолгох боломжгүй байх тул нэхэмжлэгчийн хүсэлтийг шүүх хүлээн авч шийдвэрлэх үндэслэлтэй байна.

 

Хэрэгт авагдсан болон шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн дараах нотлох баримтуудаар нэхэмжлэгчийн ажиллаж байсан байдал тогтоогдож байна. Үүнд:

1. Нэхэмжлэгчийн иргэний үнэмлэхийн болон төрсний гэрчилгээний хуулбар, иргэний оршин суугаа газрын хаягийн бүртгэлийн лавлагаа,

2. Өмнөговь аймгийн М******* сумын Х******* нэгдлээс Ж*******ын Э******* нэрээр олгосон х*******ийн дэвтрийн хуулбар, ажилласан байдлын талаарх бичилтүүд,

3. Өмнөговь аймгийн М******* сумын Х******* нэгдлийн даргын 1980 оны 10 дугаар сарын 02-ны өдрийн 39 дугаартай Илгээлтийн эздийг ажилд томилох тухай тушаалын хуулбар, түүний хавсралтад ...Ж*******ын Э*******, Лийн суурьт, эр ямаа-180... гэж бичигдсэн байдал,

4. Өмнөговь аймгийн М******* сумын Х******* нэгдлийн даргын 1981 оны 07 дугаар сарын 01-ний өдрийн 50 дугаартай Малчдыг томилох тухай тушаалын хуулбар,

5. Тагнуулын ерөнхий газрын Тусгай архивын 2020 оны 01 дүгээр сарын 30-ны өдрийн 08/628 дугаартай Ж*******ын Э******* нь Өмнөговь аймгаас НАХЯ-ны сайдын 1983 оны 06 дугаар сарын 13-ны өдрийн 516 дугаар тушаалаар цэрэгт татагдаж, 0166 дугаар ангид алба хаагаад мөн сайдын 1986 оны 06 дугаар сарын 09-ний өдрийн б/390 дугаар тушаалаар 06 дугаар сарын 26-ны өдрөөс цэргээс халагджээ гэж бичигдсэн лавлагааны хуулбар,

6. Өмнөговь аймгийн М******* сумын 8 жилийн дунд сургуулийн захирлын 1986 оны 07 дугаар сарын 19-ний өдрийн 21 дугаартай Зарим хүний ажил өөрчлөх тухай 1. Сургуулийн үндсэн хөрөнгийн нярав Ж.Э******* өөрийн хүсэлтээр ажлаас чөлөөлөгдсөн учир... гэж бичигдсэн тушаалын хуулбар,

7. Өмнөговь аймгийн М******* сумын Х******* нэгдлийн даргын 1988 оны 04 дүгээр сарын 22-ны өдрийн 21 дугаартай Ажилчин авч ажиллуулах тухай ...2. Аж ахуйн эрхлэгчээр Ж.Э*******ийг 1986 оны 07 дугаар сарын 20-ны өдрөөс эхлэн аж ахуйн эрхлэгчээр ажиллуулсугай... гэж бичигдсэн тушаалын хуулбар,

8. Өмнөговь аймгийн М******* сумын 8 жилийн дунд сургуулийн захирлын 1988 оны 02 дугаар сарын 09-ний өдрийн 6 дугаартай Ажилчид ажилд томилох тухай ...Ж*******ын Э*******ийг Б.Б.Бригадад ажилчнаар 04 дүгээр сарын 01-ний өдрөөс ...тус тус томилсугай гэж бичигдсэн тушаалын хуулбар,

9. Хөдөө аж ахуйн яамны гурил тэжээлийн үйлдвэрийн нэгдлийн харъяа Өмнөговь аймаг дахь Аюулаас хамгаалах тэжээлийн улсын фондын даргын 1988 оны 12 дугаар сарын 27-ны өдрийн 65 дугаартай Хөрөнгө гаргах тухай тушаалын хуулбар, түүний хавсралтад ... 15. Ж.Э*******, 4м, 1ш хулдаас... гэж бичигдсэн байдал,

10. Хөдөө аж ахуйн яамны гурил тэжээлийн үйлдвэрийн нэгдлийн харъяа Өмнөговь аймаг дахь Аюулаас хамгаалах тэжээлийн улсын фондын даргын 1989 оны 01 дүгээр сарын 04-ний өдрийн 01 дугаартай Ажилчид ажилд томилох тухай ... 1989 оны 01 дүгээр сарын 01-ний өдрөөс эхлэн Конторын албан хаагч ажилчдаар доорхи хүмүүсийг томилж ажиллуулсугай. Үүнд: ...хоёр: Сум дундын цэргийн эрхлэгч, нярав ажилчдаар: ... 11. Ж*******ын Э*******, М*******гийн цэгийн няраваар... тушаалын хуулбар,

11. Өмнөговь аймгийн Мандал х******* хоршооны даргын 1990 оны 10 дугаар сарын 04-ний өдрийн 54 дугаартай Түр ажилчин томилох тухай Савангийн цехийг ажилд оруулж байгааг тэмдэглээд тушаах нь: 1. Савангийн цехийн ажилчнаар Ж.Э******* ...ажиллуулсугай... гэж бичигдсэн тушаалын хуулбар,

12. Өмнөговь аймгийн Архивын тасгийн 2024 оны 04 дүгээр сарын 30-ны өдрийн 250 дугаартай Өмнөговь аймгийн М******* сумын Сургуульд 1986-1988 онуудад аж ахуйн эрхлэгч, Аюулаас хамгаалах тэжээлийн улсын фондын М******* суманд 1989 онд ачигч, М******* сумын Худалдаа бэлтгэлийн ангид 1990 онд савангийн цехийн ажилчны ажил эрхэлж байсан Ж.Э*******ийн цалингийн тодорхойлолтын олгов. Үүнд: 1986 оны 07-12 сард 114-290 төгрөг, 1987 оны 01-12 сард 227-290 төгрөг, 1988 оны 01 сард 194 төгрөг, 1989 оны 01-02 сард 112-244 төгрөг, 1990 оны 12 сард 337 төгрөг гэж бичигдсэн архивын лавлагаа,

13. Өмнөговь аймгийн Ардын хурлын гүйцэтгэх захиргааны 1992 оны 12 дугаар сарын 10-ны өдрийн д/1050 дугаартай М******* сумын Х******* хоршоонд гэх албан тоотын хуулбар,

14. Нэхэмжлэгчийн нийгмийн даатгалын дэвтрийн хуулбар,

12. Гэрч Ж.П*******н Ж.Э******* нь 1980 онд Өмнөговь аймгийн М******* сумын 8 жилийн сургуулийг төгсөөд 10 сарын эхээр илгээлтээр хөдөө гарч Л гэдэг айлаас ямаа хүлээж авч, Х******* нэгдлийн Б******* бригадад ямаачин болсон. 1983 онд цэргийн албанд татагдсан. Цэрэгт явах хүртлээ ямаа малласан. Сургуульд, Худалдаа бэлтгэлийн ангид, Тэжээлийн фондод, савангийн цехэд хүртэл ажиллаж л байсан. Тухайн үед цалин олгохдоо багийн тоо бүртгэгч х*******ийн дэвтэр дээр х*******ийн хөлс тэмдэглээд тамга дардаг байсан. Ам бүл салгаагүй гээд аав ээжид нь цуг бодоод өгчихдөг байсан байна лээ гэх мэдүүлэг,

13. Гэрч Д.Мийн : Ж.Э******* нь 1980 онд Өмнөговь аймгийн М******* сумын 8 жилийн сургуулийг төгсөөд ангиараа илгээлтээр хөдөө гарч Х******* нэгдлийн Б******* бригадад ямаачин болсон. 1983 онд цэргийн албанд татагдах хүртлээ ямаа малласан. Бид 2 Л гэдэг айлаас мал хүлээж авч байсан. Тухайн үед цалинг ам бүл салгаагүй гээд аав ээжид нь цуг бодоод өгчихдөг байсан. Миний хувьд гар дээрээ цалин гэж авч үзээгүй гэх мэдүүлэг,

14. Гэрч Р.Мгийн Ж.Э******* нь 1986 онд цэргээс халагдаж ирээд Өмнөговь аймгийн М******* сумын дунд сургуульд аж ахуйн эрхлэгч, няраваар ажилд орсон. 1988 оны эхээр ажлаасаа гарч Х******* нэгдэлд орсон. М******* сумын нэгдэл, хоршооны байр галд өртөу шатаж байсан. Тэгээд олон хүний материалууд байхгүй болчихсон гэдэг гэх мэдүүлэг,

15. Гэрч Ч.Сайндарийн Ж.Э******* нь 1986 онд цэргээс халагдаж ирээд Өмнөговь аймгийн М******* сумын 8 жилийн сургуульд аж ахуйн эрхлэгч, няраваар ажилд орсон. 1988 оны 02 сар хүртэл ажилласан гэх мэдүүлэг,

16. Гэрч Т.Хн Ж.Э******* нь 1988-1990 оны хооронд Өмнөговь аймгийн М******* сумын Тэжээлийн фондын Сум дундын 22-р цэгт ачигчаар ажиллаж байсан. Уг цэг нь М*******, Цогт-Овоо, Булган сумуудын дундын цэг байсан. Тэжээлийн фонд Х******* нэгдэлд харьяалагддаггүй байсан. Гурил тэжээлийн үйлдвэрийн нэгдэлд харьяалагддаг байсан. Фонд нь аймгийн төв дээр байрладаг. Цэгүүд нь сумдаар байрладаг байсан. Манайд нэг ийм хүн ажилд орлоо гээд хэлэхээр төвөөс тушаал нь гардаг. Цалин нь ч төвөөс өгдөг байсан. Ерөнхийдөө сар сардаа цалин өгдөг байсан. Эрхлэгч, сахиул 2 тогтмол цалинтай байсан. Би бол сард 300 төгрөгийн цалинтай байлаа. Ачигчид хийснээр нь цалин өгдөг байсан. Тогтсон цалин байгаагүй. Энэ сард ийм ажил хийсэн, өдөн ширхэг өвс тэжээл ачсан, буулгасан гэх мэдээллийг нь өгөхөөр цалин өгдөг байсан. Ачигч нь цалин авахгүй байх сар байсан байж болно. Ачих, буулгах ажил байхгүй бол цалингүй байдаг байсан. Дамаангүй зуны цагт цалингүй байдаг байсан гэх мэдүүлэг,

17. Гэрч Х.Дийн Ж.Э******* нь 1988 оны 04 дүгээр сард гэж санаж байна. Түүнээс хойш 1990 он дуустал Өмнөговь аймгийн М******* суманд байрлаыдаг Улсыг аюулаас хамгаалах Тэжээлийн фондод ачигч /гүрүүшиг/-аар ажиллаж байсан. Тэжээлийн фонд нь Х******* нэгдэлд харьяалагддаггүй байсан. Фонд нь аймгийн төв дээр байрладаг. Аймгийн төвөөс өвс, тэжээл хувиарладаг. Хэрэгцээтэй байвал Х******* нэгдлээс ирээд авдаг байсан. Өөр бусад сумд руу бас явуулдаг байсан. Ачигч хийснээрээ цалин авдаг байсан. Тогтсон цалин байгаагүй гэх мэдүүлэг,

18. Гэрч Б.Сгийн Ж.Э******* нь 1990 оны 10 сараас 1992 он дуустал Өмнөговь аймгийн М******* сумын О******* хоршооны савангийн цехэд туслах ажилчнаар ажиллаж байсан. О******* хоршоог өмнө нь Худалдаа бэлтгэл анги гэдэг байж байгаад 1990 онд хувьчлагдаад О******* хоршоо болсон. Тухайн үед хоршоонд Ёндонжамцын Э******* гэж байсан. Хоршоо цалингаа сар болгоны сүүлээр өгдөг байсан. Миний хувьд сар сардаа цалингаа авдаг байсан гэх мэдүүлэг,

19. Гэрч Ш.Дгийн Миний мэдэхээр Ж.Э******* нь 1990 оны 10 сараас 1992 он дуустал Өмнөговь аймгийн М******* сумын О******* хоршооны савангийн цехэд туслах ажилчнаар ажиллаж байсан. О******* хоршоог анх Худалдаа бэлтгэл анги гэдэг байж байгаад О******* хоршоо болсон. Тухайн үед хоршоонд Ёндонжамцын Э******* гэж байсан. Манаач хийдэг байсан. Өөр байхгүй. Нярав бэлнээр сар сард цалин өгдөг байсан. О******* хоршоо 1996 онд татан буугдсан гэж санаж байна гэх мэдүүлэг,

20. Гэрч Ж.П*******, Д.М, Р.М, Ч.С, Т.Х, Х.Д, Б.С, Ц.А нарын иргэний үнэмлэхийн хуулбар, оршин суугаа хаягийн талаарх багийн Засаг даргын тодорхойлолт болог лавлагаа, Ж.П*******, Д.М, Р.М, Ч.С, Т.Х, Х.Д, Б.С, Ш.Д нарын х*******ийн дэвтрийн хуулбарууд, гэрч Ц.Агийн ажилласан байдлаа тогтоолгосон Өмнөговь аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 06 дугаар сарын 18-ны өдрийн 148 дугаартай шийдвэрийн хуулбар зэрэг бичгийн баримтууд болно.

 

Шүүхийн хэлэлцүүлгийн шатанд шинжлэн судалсан дээрх бичгийн нотлох баримтууд нь хуульд заасан арга журмын дагуу авагдсан, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 44 дүгээр зүйлийн 44.2 дахь хэсэгт заасан бичмэл нотлох баримтын шаардлагыг хангасан, тухайн хэрэгт хамааралтай, ач холбогдолтой байх тул шүүх үнэлж шийдвэрийн үндэслэл болгосон болно.

 

Иймд нэхэмжлэгчийн ажиллаж байсан байдлыг тогтоох нь эрх зүйн ач холбогдол бүхий байх тул нэхэмжлэгч Ж.Э******* нь 1980 оны 10 дугаар сарын 02-ны өдрөөс 1983 оны 06 дугаар сарын 10-ны өдрийг дуустал Өмнөговь аймгийн М******* сумын Х******* нэгдлийн Б******* бригадад малчнаар; 1986 оны 07 дугаар сарын 20-ны өдрөөс 1988 оны 01 дүгээр сарын 18-ны өдрийг дуустал Өмнөговь аймгийн М******* сумын 8 жилийн дунд сургуульд аж ахуйн эрхлэгч, нярваар; 1988 оны 04 дүгээр сарын 01-ний өдрөөс 1990 оны 09 дүгээр сарын 30-ны өдрийг дуустал Өмнөговь аймгийн М******* сумын Х******* нэгдэлд ажилчнаар; 1990 оны 10 дугаар сарын 04-ний өдрөөс 1992 оны 12 дугаар сарын 31-ний өдрийг дуустал Өмнөговь аймгийн М******* сумын Х******* хоршоонд ажилчнаар тус тус ажиллаж байсан болохыг тогтоож шийдвэрлэв.

 

Нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70 200 төгрөгийг орон нутгийн төсвийн орлогод үлдээх нь зүйтэй байна.

 

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.1, 115.2.1, 116, 118, 135 дугаар зүйлд заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

 

1. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 135 дугаар зүйлийн 135.2.6 дахь хэсэгт зааснаар У******* овогт Ж*******ын Э*******ийг 1980 оны 10 дугаар сарын 02-ны өдрөөс 1983 оны 06 дугаар сарын 10-ны өдрийг дуустал Өмнөговь аймгийн М******* сумын Х******* нэгдлийн Б******* бригадад малчнаар; 1986 оны 07 дугаар сарын 20-ны өдрөөс 1988 оны 01 дүгээр сарын 18-ны өдрийг дуустал Өмнөговь аймгийн М******* сумын 8 жилийн дунд сургуульд аж ахуйн эрхлэгч, нярваар; 1988 оны 04 дүгээр сарын 01-ний өдрөөс 1990 оны 09 дүгээр сарын 30-ны өдрийг дуустал Өмнөговь аймгийн М******* сумын Х******* нэгдэлд ажилчнаар; 1990 оны 10 дугаар сарын 04-ний өдрөөс 1992 оны 12 дугаар сарын 31-ний өдрийг дуустал Өмнөговь аймгийн М******* сумын Х******* хоршоонд ажилчнаар тус тус ажиллаж байсан болохыг тогтоосугай.

 

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2 дахь хэсэгт зааснаар нэхэмжлэгч Ж.Э*******ийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70 200 төгрөгийг орон нутгийн төсвийн орлогод хэвээр үлдээсүгэй.

 

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 120 дугаар зүйлийн 120.2 дахь хэсэгт зааснаар шийдвэр нь танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд зохигч эс зөвшөөрвөл шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор анхан шатны шүүхээр дамжуулан Өмнөговь аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.

 

 

 

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Б.ОТГОНСҮРЭН