| Шүүх | Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Сэлэнгийн Батгэрэл |
| Хэргийн индекс | 186/2018/0115/Э |
| Дугаар | 137 |
| Огноо | 2018-02-14 |
| Зүйл хэсэг | 11.6.2., |
| Улсын яллагч | Д.Энх-Оргил |
Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол
2018 оны 02 сарын 14 өдөр
Дугаар 137
Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч С.Батгэрэл даргалж,
нарийн бичгийн дарга Н.Номинчимэг,
улсын яллагч Д.Энх-Оргил,
шүүгдэгч Д.А нарыг оролцуулан тус шүүхийн хуралдааны танхимд хялбаршуулсан журмаар нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар Чингэлтэй дүүргийн прокурорын газраас хялбаршуулсан журмаар мөрдөн шалгах ажиллагаа явуулсан, М овогт Д-ийн А-т Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн эрүүгийн 1811001270097 дугаартай хэргийг 2018 оны 02 дугаар сарын 13-ны өдөр хүлээн авч, хянан хэлэлцэв.
Шүүгдэгч: Монгол улсын иргэн, 1984 оны 08 дугаар сарын 28-ны өдөр Төв аймгийн Дэлгэрхаан суманд төрсөн, 33 настай. эрэгтэй. дээд боловсролтой, нягтлан бодогч мэргэжилтэй, Монгол ардын намын Хяналтын ерөнхий хороонд хянан шалгагч ажилтай, Тэргэл Мөнх ХХК-д менежер, ам бүл 4, эхнэр, 2 хүүхдийн хамт амьдардаг, Улаанбаатар хот, тоотод оршин суух хаягтай, улсаас авсан гавьяа шагналгүй, урьд ял шийтгэгдэж байгаагүй, ухаан мэдрэл бүрэн, хэрэг хариуцах чадвартай, М овогт Дийн А /РД: /,
Шүүгдэгч Д.А нь гэр бүлийн хүчирхийлэл үйлдэж, хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах буюу Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан гэмт хэрэгт холбогджээ.
ТОДОРХОЙЛОХ НЬ:
Шүүгдэгч Д.А нь "2017 оны 12 дугаар сарын 31-ний өдөр Чингэлтэй дүүргийн 6 дугаар хороо, 58-130 тоотод гэр бүлийн хүчирхийлэл үйлдэн, эхнэр М.Оюунцэцэгтэй хувийн таарамжгүй харьцаа үүсгэн зодож, түүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учируулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутай болох нь
Шүүгдэгчийн шүүхийн хэлэлцүүлэгт хэргээ хүлээн мэдүүлсэн мэдүүлэг,
Хохирогч М.Оюунцэцэгийн мөрдөн байцаалтад өгсөн: “...11 цагийн орчим хүүхдээ тэврээд хогоо шүүрдэж байхад Атарбаяр фэйсбүүк үзээд хэвтээд байхаар нь хүүхэд уйлаагүй байгаа дээр юм хамт хийлцээдэх хүн ирэх гээд байна гэхэд чи дандаа надтай дээрэнгүй харьцдаг, яг яалгах гээд байгаан ганц юм хийж чаддаггүй юм уу одоо босохын хооронд үгэллээ, янхан минь гичий минь гэхээр нь би хэзээ тэгж янхан гичий байсан юм би гадуур нэг ч удаа хонож байгаагүй чиний эргэн тойрныхон тийм юм байгаа биз би тийм хүн биш гээд хүүхдээ суудал дээр нь үлдээчээд хогоо асгах гээд нойлын өрөөрүү ороход танайхан гэдэг чинь юу гэж байгаан манайханд тийм хүн байна уу гэж хэлснээ хүрч ирээд нурууруу хөлөөрөө өшиглөхөөр нь танайхан гэдэг чинь гэр бүлийг чинь хэлээгүй чиний эргэн тойрны найз нөхдийг чинь хэлж байна чиний тархи чинь тэгж сэтгэж байгаа юм гэхэд эхлээд шууд баруун талын нүд орчим гараа зангидаж байгаад нэг удаа цохисон тэгснийхээ дараа шууд багалзуурдаж авсан.., 2017 оны 10 дугаар сарын 07-ны өдөр гэртээ хичээлдээ яваад 17 цагийн орчим ирсэн чинь Атарбаяр хүүхдүүдээ харж байсан. Би ороход яасан оройтдог юм өөр хүнтэй болчихсон юм уу гэхээр нь ганц өдөр хүүхэд харчихаад юун сүртэй юм гэж хэлэхэд нөгөө хэлдэг гичий банзал гээд хараалын үг хэлж байснаа шууд толгойруу 2-3 удаа цохиж байсан яг хэдэн сарын хэдэнд гэдэг талаар мэдэхгүй байна нэлээн хэд хоногийн дараа бас амралтын өдөр тухайн өдөр хүүхэд харах асуудлаас болж хоорондоо маргалдсан тэгэхэд бас л гарлуу цохиод хөлрүү өшиглөж байсан...” гэх мэдүүлэг /хх-ийн 8-9х/,
М.Оюунцэцэгийн хохирогчоор дахин өгсөн: “...нэхэмжлэх зүйл бол байхгүй. Энэ хэргийг хуулийн дагуу шийдүүлэх хүсэлтэй байна. Өөр ямар нэг санал хүсэлт байхгүй ээ..." гэх мэдүүлэг. /хх-ийн 10-11х/
гэрч М.Энхсайханы мөрдөн байцаалтад өгсөн: “...2015 онд санагдаж байна яг хэдэн сарын хэдэнд гэдэг талаар мэдэхгүй байна энэ хоёр 9 сарын хугацаанд салж тусдаа амьдарсан тэр үед том хүүхэд нь төрсөн байсан бөгөөд Оюунцэцэг эгч манай дунд эгч бид хоёртой хамт амьдарч байсан юм Атарбаяр ах салахаараа хойноос нь би амиа хорлоно, дахиж ингэхгүй би засарсан гэх мэтээр гуйсаар байгаад эгчтэй эвлэрч дахин хамт амьдрах болсон юм.., ..2017 оны 12 дугаар сарын 31-ний өдөр Атарбаяр ахын гэр бүлийнд би зочилж очих ёстой байсан ингээд 31-ний өглөө 11 цагийн орчим Атарбаяр ахын гэрээр орсон чинь Атарбаяр ах нэлээн ууртай, Оюунцэцэг эгчийг харсан чинь баруун талын нүд нь хехрөөд хүзүү нь улайсан байсан игээд би тухайн үед маргалдаад яахав дээ гэж бодоод Оюунцэцэг эгчийг дагуулаад шууд цагдааруу явж өргөдөл бичиж өгсөн юм.." гэх мэдүүлэг /хх-ийн 14х/
Шүүх шинжилгээний хүрээлэнгийн шинжээчийн 2018 оны 01 дүгээр сарын 05-ны өдрийн №941 дугаартай дүгнэлтэд: “...М.Оюунцэцэгийн биед баруун нүдний зовхи, хоолойд цус хуралттай гэмтэл тогтоогдлоо. Дээрхи гэмтэл нь хатуу мохоо зүйлийн үйлчлэлээр үүсэх боломжтой. Гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-т зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна..." гэх /хх-ийн 18х/
Шинжээч эмч С.Одончимэгийн мөрдөн байцаалтад өгсөн: “...дүгнэлтэнд дурдагдсан баруун нүдний зовхинд бүдэг хөх цус хуралт, хоолойн зүүн хажуу талд 2 эгнээ, 6x2, 5x1 см цус хуралт гэмтлүүд нь 1 цаг хугацаанд үүссэн гэмтлүүд бөгөөд үзүүлэгч М.Оюунцэцэгийн үзүүлсэн үед шинээр үүссэн гэмтлүүд байсан. Дээрх гэмтлүүд нь хэрэг учрал болсон гэх цаг хугацаанд үүссэн байх боломжтой, шинэ гэмтлүүд байна.., ..хатуу мохоо хүчин зүйлийн үйлчлэлээр буюу цохих, боох зэрэг үйлчлэлээр үүсгэгдэнэ...” гэх мэдүүлэг /хх-ийн 21-22х/ болон хавтас хэрэгт авагдсан бусад бичгийн нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдож байна.
Дээрхи нотлох баримтууд нь энэ хэрэгт хамааралтай, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан журмаар цуглуулж, бэхжүүлсэн, хэргийг хянан шийдвэрлэхэд хангалттай гэж шүүх үнэлэв.
Иймд шүүгдэгч Д.Аыг бусдын биед хөнгөн хохирол учруулсан гэм буруутайд тооцож, түүнд ял шийтгэл оногдуулах үндэслэлтэй гэж шүүх дүгнэв.
Шүүгдэгч Д.Аыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар дөрвөн зуун тавин нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгох ял оногдуулах прокурорын саналыг шүүгдэгч хүлээн зөвшөөрсөн, хохирогч нь гомдол саналгүй, нэхэмжлэх зүйлгүй, хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлэхэд татгалзах зүйлгүй, хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэхэд хуульд заасан журам зөрчигдөөгүй байна.
Монгол Улсын Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 5, 17.5 дугаар зүйлийн 8,9 дэх хэсэг, 36.2, 36.3, 36.6, 36.7, 36.8, 36.10 дугаар зүйлүүдэд тус тус заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:
1. М овогт Д-гийн Аыг гэр бүлийн хүчирхийлэл үйлдэж, хүний биед хөнгөн хохирол учруулсан буюу Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дуаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.
2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар Д.Аыг 450 нэгж буюу 450.000 /дөрвөн зуун тавин мянга/ төгрөгөөр торгох ял шийтгэсүгэй.
3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар торгох ялыг тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож, хорих ялаар солих болохыг дурдсугай.
4. Энэ хэрэгт битүүмжлэгдэн ирсэн хөрөнгөгүй, эд мөрийн баримтаар хураагдан ирсэн зүйлгүй, бусдад төлөх төлбөргүй, шүүгдэгч нь цагдан хоригдсон хоноггүй болохыг тус тус дурдсугай.
5. Шүүхийн шийтгэх тогтоолыг улсын яллагч, шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн хууль ёсны төлөөлөгч, өмгөөлөгч өөрөө гардан авсанаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн Давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурдсугай.
6. Тогтоол танилцуулан сонсгосноор хүчинтэй болох бөгөөд тогтоолд давж заалдах гомдол, эсэргүүцэл гаргавал тогтоолын биелэлтийг түдгэлзүүлсүгэй.
ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ С.БАТГЭРЭЛ