Сэлэнгэ аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2023 оны 09 сарын 12 өдөр

Дугаар 2023/ДШМ/52

 

                                         С.Отгондэлгэрт холбогдох

                                            эрүүгийн хэргийн тухай   

 

Сэлэнгэ аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн ерөнхий шүүгч Д.Буянжаргал даргалж, шүүгч Г.Давааренчин, шүүгч Б.Эрдэнэхишиг нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн шүүх хуралдааны А танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанд:

Прокурор Д.Шинэбал /цахим/

Шүүгдэгч С.Отгондэлгэр /цахим/

Нарийн бичгийн дарга Б.Мөнхзул нарыг оролцуулан,  

Сэлэнгэ аймгийн Мандал сум дахь сум дундын шүүхийн ерөнхий шүүгч Б.Хэрлэн даргалж, шүүгч Б.Алтанцэцэг, Б.Эрдэнэмөнх нарын бүрэлдэхүүнтэй шийдвэрлэн 2023 оны 05 дугаар сарын 30-ны өдрийн шүүх хуралдаанаас гаргасан 2023/ШЦТ/48 дугаартай шийтгэх тогтоолыг эс зөвшөөрч бичсэн шүүгдэгчийн давж заалдах гомдлоор С.Отгондэлгэрт холбогдох 2232001300116 дугаартай, 149/2022/0109/Э/208/2023/0044 индекстэй 1 хавтас эрүүгийн хэргийг 2023 оны 07 дугаар сарын 05-ны  өдөр хүлээн авч, шүүгч Б.Эрдэнэхишигийн илтгэснээр хянан хэлэлцэв.

Монгол улсын иргэн, Боржигон овогт Сумъяагийн Отгондэлгэр, Сэлэнгэ аймаг Мандал суманд ******* оны *** дүгээр сарын ***-ны өдөр төрсөн, **** настай, ****эгтэй, ******** боловсролтой, ****** мэргэжилтэй, ам бүл ******* хамт амьдрах, Сэлэнгэ аймаг Мандал сумын ***** дугаар баг, ****** тоотод оршин суух, энэ хэрэгт холбогдох үедээ эрхэлсэн ажилгүй байсан, улсаас авсан гавьяа шагналгүй, бие эрүүл, ухаан санаа бүрэн, хэрэг хариуцах чадвартай /РД:*********/, урьд

-Сэлэнгэ аймаг дахь сум дундын 2 дугаар шүүхийн 2004 оны 10 дугаар сарын 25-ны өдрийн №123 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.2 дахь хэсэгт зааснаар 02 жилийн хугацаагаар хорих ялаар шийтгэж мөн хуулийн ерөнхий ангийн 62 дугаар зүйлийн 62.1-д зааснаар 02 жилийн хорих ял оногдуулсан шийтгэх тогтоол биелүүлэхийг 01 жилийн хугацаагаар хойшлуулж байсан.

Шүүгдэгч С.Отгондэлгэр нь архи, согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ 2022 оны 07 дугаар сарын 19-ний өдөр 20 цагийн орчимд Сэлэнгэ аймаг Мандал сумын 3 дугаар баг, Үтрэмийн 2-53 тоотод байрлах иргэн Г.Дэлгэрнямаагийн гэрт хохирогч О.Гантуяатай хувийн таарамжгүй харьцааны улмаас маргалдан түүнийг нэг удаа хутгалж эрүүл мэндэд нь хэвлий хөндий рүү нэвтэрсэн шарх, элэгний 5-6-р сегмент нэвт урагдсан, хэвлийн хөндийд шингэн хуралт гэмтэл бүхий хүнд хохирол санаатай учруулсан гэмт хэрэгт холбогджээ.

Сэлэнгэ аймгийн Мандал сум дахь сум дундын Прокурорын газраас: С.Отгондэлгэрийн үйлдлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.4-т зааснаар яллах дүгнэлт үйлдэж, хэргийг шүүхэд шилжүүлжээ.

Сэлэнгэ аймгийн Мандал сум дахь сум дундын шүүхээс:

Шүүгдэгч Боржигон овогт Сумъяагийн Отгондэлгэрийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.4 дэх хэсэгт заасан зэвсэг хэрэглэж хүний эрүүл мэндэд хүнд хохирол санаатай учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож,

Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.4 дэх хэсэгт заасныг баримтлан С.Отгондэлгэрийг 05 жилийн хугацаагаар хорих ялаар шийтгэж,

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт заасныг баримтлан С.Отгондэлгэрт оногдуулсан 05 жилийн хугацаагаар хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлэхээр тогтоон,

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 21.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.4 дэх хэсэгт заасныг баримтлан энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн бор өнгийн модон иштэй нийт 24 см урттай хутга 1 ширхэг, Хараа нэртэй архины шил 2 ширхэг, цус мэт улаан хүрэн өнгийн зүйлээр бохирлогдсон дэвсгэр даавуу зэргийг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц устгах, битүүмжпэгдсэн эд хөрөнгөгүй, С.Отгондэлгэр нь цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг дурьдан,

Хохирогч О.Гантуяа нь энэ гэмтлийн улмаас цаашид зайлшгүй эмчлүүлэхэд гарсан зардлаа тухай бүрд нь нотлох баримтаа бүрдүүлэн Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн дагуу шүүхэд нэхэмжпэл гарган шийдвэрлүүлэх эрхтэй болохыг дурьдан,

Шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болтол С.Отгондэлгэрт өмнө авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг өөрчилж энэ өдрөөс эхлэн цагдан хорьж, эдлэх ялыг нь 2023 оны 05 дугаар сарын 30-ны өдрөөс эхлэн тоолохоор шийдвэрлэжээ.

Шүүгдэгч давж заалдах гомдол болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:

Миний бие С.Отгондэлгэр би иргэнн О.Гантуяагийн биед хүнд хохирол учруулсан гэмт хэрэгт холбогдсон нь үнэн. Миний бие 1 ой 4 сартай, 3 настай, 10 настай 3 нялх хүүхдүүдтэй. Миний бие хийсэн гэм буруугаа ойлгож гэмшиж байна. Миний 3 хүүхэд харах хүнгүй хэцүү байдалд байна. Миний нөхөр тогтсон эрхэлсэн ажилгүй боловч алт, модонд явж гэр бүлээ тэжээдэг. Сум дундын шүүхээс би 5 жилийн хорих ял авч одоо цагдан хоригдож байна. Би ахиж архи дарс ууж гэмт хэрэгт холбогдохгүй гэм буруугаа ойлгосон мөн хохирол төлбөр байхгүй хохирогч бид 2 эвлэрсэн. Иймд миний 3 хүүхдийг бодоод надад оногдуулсан ял шийтглийг багасгаж өгнө үү. Би ийм хэрэгт холбогдсондоо харамсаж байна. Иймд эрхэм шүүгч та бүхэн надад нэг удаа боломж олгон миний ялыг хөнгөрүүлж өгнө үү. Хийсэн хэрэгтээ гэмшиж байна. Хүүхдүүдийг минь бодоод ял шийтгэлийг минь хөнгөлж өгнө үү гэв.  

Хохирогч О.Гантуяа давж заалдах шатны шүүхэд ирүүлсэн гомдлын хариу тайлбартаа: “... С.Отгондэлгэрийн гомдолтой танилцлаа С.Отгондэлгэрийн гаргасан гомдол нь үнэн юм аа. Хохирогч О.Гантуяа би мөрдөн байцаалтын болон шүүхийн хэлэлцүүлэгт худал мэдүүлэг өгсөн. Иймд хэргийг үнэн зөв шийдэж өгнө үү. Миний хувьд нэхэмжлэх зүйлгүй, гомдол саналгүй, ямар ч ял оноосон гомдол гаргахгүй болно. Миний зуун хувь буруу байсан болно гэжээ”

Прокурор шүүх хуралдаанд гаргасан дүгнэлтдээ: Өмнөх шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр гарсан гэж үзэж байна. С.Отгондэлгэр нь өөрөө гэм буруугаа хүлээн зөвшөөрөөгүй. Шүүх хуралдаан 10 удаа хойшилсон, шүүгдэгч 2 удаа согтуу ирсэн. Бид бүгд таны хувийн байдлыг харсан. Шийтгэх тогтоол үндэслэлтэй тул хэвээр үлдээж өгнө үү  гэв. 

                                              ТОДОРХОЙЛОХ нь:

Давж заалдах шатны шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.1 дүгээр зүйлийн 1, 3 дахь хэсэгт зааснаар шүүгдэгчийн давж заалдах гомдолд дурьдсан асуудлаар хязгаарлахгүйгээр С.Отгондэлгэрт холбогдох эрүүгийн 2232001300116 дугаартай бүх ажиллагаа, шийдвэрийг бүхэлд нь хяналаа.

Прокурорын газраас шүүгдэгч С.Отгондэлгэрт Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.1 дүгээр зүйлийн 2.4-д зааснаар зүйлчлэн яллах дүгнэлт үйлдэж, шүүгдэгчийг дээрх зүйл ангид зааснаар “Зэвсэг хэрэглэн хүний эрүүл мэндэд хүнд хохирол санаатай учруулсан” гэмт хэрэгт гэм буруутайд тооцуулахаар хэргийг шүүхэд ирүүлжээ.

Шүүгдэгч С.Отгондэлгэр нь архи, согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ 2022 оны 07 дугаар сарын 19-ний өдөр 20 цагийн орчимд Сэлэнгэ аймаг Мандал сумын 3 дугаар баг, Үтрэмийн 2-53 тоотод байрлах иргэн Г.Дэлгэрнямаагийн гэрт хохирогч О.Гантуяатай хувийн таарамжгүй харьцааны улмаас маргалдан түүнийг нэг удаа хутгалж эрүүл мэндэд нь хэвлий хөндий рүү нэвтэрсэн шарх, элэгний 5-6-р сегмент нэвт урагдсан, хэвлийн хөндийд шингэн хуралт гэмтэл бүхий хүнд хохирол санаатай учруулсан гэмт хэргийг үйлдсэн гэм буруутай болох нь:

Хохирогч О.Гантуяагийн шүүх хуралдааны хэлэлцүүлэгт өгсөн “...Би хутга гаргаж ирээд талх зүсэж байсан. Отгондэлгэр миний утсаар хүн рүү ярихаар нь би болноо битгий хүн рүү яриад бай гэхэд юун сүртэй юм бэ гэж хэлээд ширээн дээрээс Отгондэлгэр хутга авах шиг болоод намайг сууж байхад хутгалсан байсан. Гомдолгүй...” гэх мэдүүлэг, хэргийн газрын үзлэгийн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд /хх-ийн 08-14 тал/, хэргийн газрын үзлэг дахин хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд /хх-ийн 15-22 тал/, эд зүйлд үзлэг хийсэн тэмдэглэл /хх-ийн 23 тал/, эд мөрийн баримтаар тооцох тухай тогтоол, гэрэл зургийн үзүүлэлтүүд /хх-ийн 24-30 тал/, хохирогч О.Гантуяагийн мөрдөн шалгах ажиллагааны шатанд өгсөн  “...Отгондэлгэр ширээн дээр байсан хутгыг авахаар нь арай ч намайг хутгалчихгүй байлгүй гээд сууж байхад Отгондэлгэр шууд намайг хутгалсан...” гэх мэдүүлэг /хх-ийн 32-36 тал/, гэрч Б.Энхтөрийн “...О.Гантуяа манай найз намайг ингэсэн гэж ярьсан...” гэх мэдүүлэг /хх-ийн 42 тал/, Сэлэнгэ аймгийн Шүүхийн шинжилгээний албаны 2022 оны 07 дугаар сарын 25-ны өдрийн 130 дугаартай “...О.Гантуяагийн биед хэвлийн хөндий рүү нэвтэрсэн шарх, элэгний 5-6 дугаар сегмент нэвт урагдсан, хэвлийн хөндийд шингэн хуралдалт гэмтэл тогтоогдсон. Дээрх гэмтэл нь хурц ир үзүүртэй хүчин зүйлийн нэг удаагийн үйлчлэлээр үүсгэгдсэн байх боломжтой. Гэмтлийн зэрэг тогтоох журмын 3.1-11-д зааснаар гэмтлийн хүнд зэрэгт хамаарна....”  гэх дүгнэлт /хх-ийн 47-48 тал/ зэрэг хавтаст хэрэгт авагдсан бусад бичгийн нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдсон байна.

Хэргийн зүйлчлэл болон гэм буруугийн асуудлаар шүүгдэгчийн зүгээс маргаангүй байгаа ба, шүүгдэгч “Хийсэн хэрэгтээ маш их гэмшиж байгаа, бага насны нялх 3 хүүхэдтэй зэрэг хувийн байдлыг харгалзан оногдуулсан ялыг хөнгөрүүлж өгнө үү”гэх агуулга бүхий гомдол гаргасан.

Давж заалдах шатны шүүх бүрэлдэхүүн шүүгдэгч С.Отгондэлгэрт холбогдох хэрэгт анхан шатны шүүхээс үйл баримтыг зөв тогтоож, хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий дүгнэлт хийсэн гэж дүгнэж байгаа бөгөөд шүүгдэгч С.Отгондэлгэрийн гэм буруутай, идэвхтэй үйлдлийн улмаас хохирогч О.Гантуяагийн биед хэвлийн хөндий рүү нэвтэрсэн шарх, элэгний 5-6 дугаар сегмент нэвт урагдсан, хэвлийн хөндийд шингэн хуралдалт бүхий гэмтэл учирсан болох нь дээрх нотлох баримтуудаар нотлогдсон гэж үзлээ.

Анхан шатны шүүхээс хэргийг хүлээн аваад гэмт хэргийн нотлогдсон байдал, шүүгдэгч гэм буруугаа сайн дураар хүлээн зөвшөөрсөн эсэх, гэмт хэргийн үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, гэмт хэрэг үйлдсэн хүний хувийн байдал, эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдлыг тал бүрээс нь харгалзан үзэж хэрэгт оролцсон улсын яллагчийн зүгээс 05 жилийн хорих ял оногдуулах санал гаргасанд үндэслэн 05 жилийн хорих ял оногдуулсан нь дээрх хуулийн ялын санкцын хэмжээ хүрээнд хуульд заасан ялыг оногдуулсан байна.

Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.1 дүгээр зүйлийн 1-д “Хүний эрүүл мэндэд хүнд хохирол санаатай учруулсан бол арван мянган нэгжээс дөчин мянган нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгох, эсхүл хоёр жилээс найман жил хүртэл хугацаагаар хорих ял шийтгэнэ” гэж,

“2.Энэ гэмт хэргийг:

2.1.энэ хуулийн 10.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт заасан хүндрүүлэх нөхцөл байдалтайгаар үйлдсэн;

2.2.хохирогчийг тохуурхан доромжилж үйлдсэн;

2.3.бие махбодын, сэтгэл санааны шаналал, зовиур үүсгэж үйлдсэн;

2.4.зэвсэг, тусгайлан бэлтгэсэн зэвсгийн чанартай зүйл хэрэглэсэн;

2.5.энэ гэмт хэргийн улмаас хохирогч нас барсан бол таван жилээс арван хоёр жил хүртэл хугацаагаар хорих ял шийтгэнэ” гэж тус тус заасан.

Шүүгдэгч С.Отгондэлгэр нь өөрийн хууль бус үйлдлийн улмаас хүний эрүүл мэндэд хүнд хохирол учруулсан байхад өөрийн гэм бурууг мөрдөн шалгах ажиллагааны болон анхан шатны шүүх хуралдааны шатанд хүлээн зөвшөөрөөгүй байдлыг харгалзан анхан шатны шүүх уг зүйл ангид заасан ялын доод хэмжээнээс доош татаж буюу Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаарг зүйлийн 1-д зааснаар ялыг хөнгөрүүлээгүйг буруутган үзэх боломжгүй юм.

Харин шүүгдэгч С.Отгондэлгэр нь хохирогч О.Гантуяагаас уучлал гуйж тэд эвлэрсэн, хохирогч О.Гантуяа хохирол төлбөр нэхэмжлээгүй, хохирогчийн эрүүл мэнд сайжирсан, шүүгдэгч бага насны 3 хүүхэдтэй зэрэг хувийн байдлыг харгалзан Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1.4-д зааснаар түүнд оногдуулсан 05 жилийн хорих ялаас доош татаж 03 жил 06 сарын хорих ял оногдуулахаар шийдвэрлэв.

Энэ хэрэгт Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих байдлуудыг хангалттай шалгаж тодруулсан, мөрдөн байцаалт болон шүүхээс хэрэг хянан шийдвэрлэх явцад оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрхийг хассан, хязгаарласан, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан шаардлагыг зөрчсөн гэх үндэслэлгүй.

Иймд шүүгдэгчийн давж заалдсан гомдлыг хүлээн авч Сэлэнгэ аймгийн Мандал сум дахь сум дундын шүүхийн 2023 оны 05 дугаар сарын 30-ны өдрийн 2023/ШЦТ/48 дугаартай шийтгэх тогтоолын Тогтоох хэсгийн  2, 3 дахь заалтуудад өөрчлөлт оруулав.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.9 дүгээр зүйлийн 1, 1.4, 2-д заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1.Сэлэнгэ аймгийн Мандал сум дахь сум дундын шүүхийн 2023 оны 05 дугаар сарын 30-ны өдрийн 2023/ШЦТ/48 дугаартай  шийтгэх тогтоолын Тогтоох хэсгийн  

2 дахь заалтыг:

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1.4-д заасныг журамлан мөн хуулийн тусгай ангийн 11.1 дүгээр зүйлийн 2.4-д зааснаар шүүгдэгч Боржигон овогт Сумъяагийн Отгондэлгэрт 03 жил 06 сарын хорих ял шийтгэсүгэй” гэж,  

3 дахь заалтыг:

“Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 4-д зааснаар С.Отгондэлгэрт оногдуулсан 03 жил 06 сарын хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлсүгэй” гэж тус тус өөрчлөлт оруулсугай.

2.Шийтгэх тогтоолын бусад заалтыг хэвээр үлдээж, шүүгдэгчийн гомдлыг хүлээн авсугай.

3.Анхан болон давж заалдах шатны шүүхийн хууль хэрэглээний зөрүүг арилгах, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, шүүх хуулийг Улсын дээд шүүхийн тогтоол, тайлбараас өөрөөр тайлбарлаж хэрэглэсэн, эрх зүйн шинэ ойлголт, эсхүл хууль хэрэглээг тогтооход зарчмын хувьд нийтлэг ач холбогдолтой гэж үзвэл энэхүү магадлалыг  гардуулсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хэргийн оролцогч хяналтын журмаар гомдол гаргах, прокурор эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурдсугай.

 

            ДАРГАЛАГЧ,

             ЕРӨНХИЙ ШҮҮГЧ                                     Д.БУЯНЖАРГАЛ

                              ШҮҮГЧ                                    Г.ДАВААРЕНЧИН

                                ШҮҮГЧ                                     Б.ЭРДЭНЭХИШИГ