| Шүүх | Өмнөговь аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Будын Отгонсүрэн |
| Хэргийн индекс | 143/2024/00418/И |
| Дугаар | 313/ШШ2025/00124 |
| Огноо | 2025-03-27 |
| Маргааны төрөл | Банкны зээл, |
Өмнөговь аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр
2025 оны 03 сарын 27 өдөр
Дугаар 313/ШШ2025/00124
| 2025 оны 03 сарын 27 өдөр | Дугаар 313/ШШ2025/00124 | Даланзадгад сум |
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Өмнөговь аймаг дахь сум дундын анхан шатны шүүхийн шүүгч Б.Отгонсүрэн даргалж, тус шүүхийн хуралдааны танхимд хийсэн иргэний хэргийн шүүх хуралдаанаар
Нэхэмжлэгч: “К*******” ХК /
Хариуцагч: Б******* овогт С*******ын М*******
Хариуцагч: Х******* овогт С*******ын М*******
Нэхэмжлэлийн шаардлага: Зээлийн гэрээг хугацаанаас нь өмнө цуцлуулж, зээлийн гэрээний үүрэгт нийт 42 613 707 төгрөг гаргуулах, үүргийн гүйцэтгэлийг барьцаа хөрөнгөөр хангуулах тухай иргэний хэргийг хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ц.Г, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Э.Эрдэнэчулуун нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ нь:
1. Нэхэмжлэгч “К*******” ХК-ийн гүйцэтгэх захирал Б.Ү шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: Хариуцагч С.М*******, С.М******* нар нь тус банктай -ны өдөр тоот “Цалингийн зээлийн гэрээ” байгуулан 50 000 000 /тавин сая/ төгрөгийн зээлийг жилийн 14.4 хувийн хүүтэй, 30 сарын хугацаатай, цалингийн зээлийн зориулалтаар авсан. Хариуцагч нар зээлийн гэрээний үүргийн гүйцэтгэлийн баталгаанд -ны өдрийн -1 “Үл хөдлөх эд хөрөнгийн барьцааны гэрээ”-гээр доорх эд хөрөнгүүдийг тус банкинд барьцаалсан болно. Үүнд:
1. Хариуцагч С.М*******ийн өмчлөлийн, эрхийн улсын бүртгэлийн дугаарт бүртгэгдсэн, Өмнөговь аймгийн Ц сум, хаягт байршилтай, нэгж талбарын дугаартай, гэр бүлийн хэрэгцээний зориулалттай газар,
2. Хариуцагч С.М*******ийн өмчлөлийн, эрхийн улсын бүртгэлийн дугаарт бүртгэгдсэн, Өмнөговь аймгийн Ц сум, хаягт байршилтай, зоогийн газрын зориулалттай талбайтай үл хөдлөх эд хөрөнгө,
Тус банк хуульд заасны дагуу дээрх гэрээг улсын бүртгэлийн байгууллагад бүртгүүлсэн болно. Түүнчлэн хариуцагч С.М******* нь зээлийн гэрээний үүргийн гүйцэтгэлийн баталгаанд -ны өдрийн -1 тоот “Хөдлөх эд хөрөнгө болон эдийн бус хөрөнгийн барьцааны гэрээ”-ээр тус банк дахь өөрийн тоот дансанд орох орлогоо барьцаалсан болно. “Зээлийн гэрээ”-ний дагуу тус банк 2022 оны 12 дугаар сарын 27-ны өдөр хариуцагч С.М*******ийн тоот төгрөгийн данс руу 50 000 000 төгрөгийг шилжүүлснээр үүргээ бүрэн биелүүлсэн болно. Хариуцагч нар нь өнгөрсөн хугацаанд тус банкинд үндсэн зээлийн төлбөрт 10 614 890.74 төгрөг, зээлийн хүүд 7 813 372.74 төгрөг, нэмэгдүүлсэн хүүд 152 157.65 төгрөг төлсөн байна. Зээлийн эргэн төлөлт болон зээлийн тооцооллын дэлгэрэнгүйг нэхэмжлэлд хавсаргасан зээл, зээлийн хүүгийн тооцоололд тусгав. Хариуцагч нар нь “Зээлийн гэрээ”-гээр хүлээсэн төлбөр төлөх үүргээ хугацаанд нь, зохих ёсоор биелүүлэхгүй байгаа бөгөөд удаа дараа зээлийн эргэн төлөлтийн хуваарьт үүсгэсэн зөрчлөө арилгахыг тус банк албан бичгээр шаардсан байсан боловч үр дүнд хүрэхгүй байгаа болно. Нэхэмжлэлийн шаардлага:
1. Хариуцагч нарын тус банктай -ны өдөр байгуулсан тоот “Цалингийн зээлийн гэрээ”-г хугацаанаас нь өмнө шүүхээр цуцлуулах.
2. Хариуцагч нараас тус банктай -ны өдөр байгуулсан тоот “Цалингийн зээлийн гэрээ”-ний өрийн үлдэгдэлд 39 385 109.00 төгрөг, хуримтлуулсан үндсэн хүүд 2 985 611.00 төгрөг, нэмэгдүүлсэн хүүд 242 986.00 төгрөг буюу нийт 42 613 707.00 төгрөгийг гаргуулж өгнө үү. Жич: Иргэний хуулийн 242 дугаар зүйлийн 242.3 дах хэсэгт заасны дагуу хариуцагч тус бүрээс 21 306 853.5 төгрөгийг тус банк нэхэмжилж байгаа болно.
3. Хариуцагч нар нь зээлийн төлбөрийг сайн дураар төлөхгүй тохиолдолд барьцааны зүйл болох эрхийн улсын бүртгэлийн , дугаарт бүртгэгдсэн үл хөдлөх эд хөрөнгүүдийг худалдан борлуулж, үүргийн гүйцэтгэлийг албадан хангуулж өгнө үү гэжээ.
Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ц.Г шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: ...Нэхэмжлэгчийн зүгээс хариуцагч нарт зээлийн гэрээгээр хүлээсэн төлбөрөө хугацаанд нь зохих ёсоор төлөхийг удаа дараа шаардсан боловч хариуцагч нар нь зээлийн гэрээний дагуу төлбөр төлөх үүргээ биелүүлэхгүй байгаа тул нэхэмжлэгч нь хариуцагч нартай байгуулсан -ны өдрийн тоот цалингийн зээлийн гэрээг хугацаанаас нь өмнө шүүхээр цуцлуулах, дээрх зээлийн гэрээний төлбөр буюу үндсэн зээлийн үлдэгдэлд 39 385 109 төгрөг, хуримтлуулсан үндсэн хүүд 2 985 611 төгрөг, нэмэгдүүлсэн хүүд 242 986 төгрөг буюу нийт 42 613 707 төгрөгийг гаргуулахаар нэхэмжилсэн байгаа. Нэг хариуцагчаас Иргэний хуулийн 242.3-д заасны дагуу 21 306 853.5 төгрөг нэхэмжилж байгаа. Хариуцагч нар төлбөр төлөх үүргээ сайн дураар биелүүлэхгүй бол зээлийн барьцаа хөрөнгө болох эрхийн улсын бүртгэлийн , дугаарт холбогдсон үл хөдлөх хөрөнгүүдээр үүргийн гүйцэтгэлийн албадан хангуулахаар ийм гурван шаардлагыг гаргасан байгаа. Хариуцагч нар нь зээлийн гэрээ байгуулж 50 000 000 төгрөг авсан гэдэг дээр маргадаггүй. Хариуцагч С.М******* нь 42 000 000 төгрөгийг хүлээн зөвшөөрсөн байдаг. Дээрх нөхцөл байдалтай холбогдуулж нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж өгнө үү гэв.
2. Хариуцагч С.М******* шүүхэд ирүүлсэн хариу тайлбартаа: С.М******* миний бие К*******наас -ны өдөр тоот цалингийн зээлийн гэрээ байгуулан 50 000 000 төгрөгийн зээл авсан болно.
Нэхэмжилсэн зээлийн үлдэгдэл болон хүү алданги нийт 42 613 707 төгрөгийг хүлээн зөвшөөрч байгаа ба би энэхүү төлбөрийг өөрөө 100 хувь хариуцан төлж дуусгах болно.
1. С.М******* миний бие уг шаардлагыг зөвшөөрөхгүй байна. Уг цалингийн зээлийн гэрээний хугацаа дуусах хүртэл буюу 2025 оны 06 дугаар сарын 26-ны өдрийг хүртэл гэрээ цуцлахгүй байх хүсэлтэй байна.
С.М******* миний бие к*******наас цалингаа барьцаалан, цалингийн зээлийн гэрээ байгуулан 50 000 000 төгрөгийн зээл авсан. Би к*******ны Т салбарын анхны харилцагчдын нэг бөгөөд цалингийн болон бизнесийн бусад бүх орлого, хүүхдүүдийн болон өөрийн хадгаламж бүхий л депозит дансаа к*******ны дансанд байршуулж, бүх төлбөр тооцоог хийж, зээл авч цаг хугацаанд төлж нь барагдуулж байсан. Товчдоо бол сайн харилцагчийн нэг байсан бөгөөд үүнийг миний бусад бүх дансуудын 14 жилийн хугацааны хэдэн зуун сая төгрөгийн гүйлгээ хийсэн хуулгаас харж болно. Би өмнө нь цалингийн зээл 7 удаа авч, төлж дуусгаж байсан ба энэ нэхэмжлэл үүсээд байгаа зээл болон бусад зээлийг хугацаа хэтрэлт гаргалгүй цаг хугацаанд нь төлж байсан юм. Би 2023 оны 02 дугаар сарын 07-ны өдөр ажлаасаа халагдаж цалингийн орлогогүй болсон ч энэ нэхэмжлэл үүсээд байгаа цалингийн зээлээ, хугацаа хэтрүүлэлгүй 1 жил 4 сарын хугацаанд эргэн төлөх графикийн дагуу, цалингийн бус хувийн бизнесийн орлогоороо 2024 оны 6 дугаар сар хүртэл төлж байсан. 2024 оны 7 дугаар сараас хойш төлж чадаагүй учир нь би өрх толгойлсон эмэгтэй, ганцаараа хөдөлмөр эрхэлдэг бөгөөд эрүүл мэндийн асуудал үүссэн тул бизнесийн үйл ажиллагаагаа явуулж чадаагүй түр зогсоосон ба одоо эхлүүлж байгаа.
Энэхүү нөхцөл байдлыг харгалзан үзэж мөн олон жил сайн харилцагч явсан түүхийг харж гэрээг хугацаанаас өмнө цуцлахгүй байх шийдвэр гаргаж өгнө үү гэсэн хүсэлтэй байна.
2. С.М******* миний бие уг шаардлагын зарим хэсгийг зөвшөөрөхгүй байна. Энэхүү зээл нь банкны бүтээгдэхүүний төрөл нь цалингийн орлого барьцаалсан нэмэлт үл хөдлөх хөрөнгө барьцаалсан тусгай нөхцөлт “Цалингийн зээл” юм. Энэ цалингийн зээлийг С******* овогтой М******* миний бие зөвхөн өөрийн цалингийн орлогыг барьцаалж, хувийн хэрэглээнд зориулан, зөвхөн би өөрөө авч хэрэглэсэн. Банкнаас “Цалингийн орлого” барьцаалан, нэмэлтээр үл хөдлөх хөрөнгө барьцаалах хэрэгтэй гээд, төрсөн эгч болох С******* овогтой М*******ийн үл хөдлөх хөрөнгийг нэмэлтээр барьцаалж, гэрээнд хамтран үүрэг хүлээхээр гарын үсэг зуруулсан. Зээлийн төлбөрөөс С******* овогтой М******* төлөхгүй бөгөөд С******* овогтой М******* миний бие нэхэмжлэлийн шаардлагыг 100 хувь хариуцан, 42 613 707 төгрөгийг бүрэн төлж дуусгана.
3. С.М******* миний бие уг шаардлагын зарим хэсгийг зөвшөөрөхгүй байна. Нэхэмжилсэн 42 613 707 төгрөгийг би зөвшөөрч байна, төлнө. Харин нэмэлтээр барьцаалсан үл хөдлөх хөрөнгүүдийг худалдан борлуулж, албадан хангуулах гэдгийг зөвшөөрөхгүй байна. Учир нь энэхүү цалингийн зээлийн гэрээний үндсэн барьцаа нь С.М******* миний “Цалингийн орлого” ба батлан даагч С.М*******ийн үл хөдлөх хөрөнгө нь нэмэлтээр барьцаалсан хөрөнгө юм.
Жич: Монгол банкны болон арилжааны банкны зээлийн бодлого журамд: Цалингийн зээл нь ирээдүйд авах “Цалин, хөдөлмөрийн хөлсийг” барьцаалан олгох зээл юм гэж заасанчлан миний “цалин” энэхүү зээлийн үндсэн барьцаа юм. “Цалингийн зээлийн гэрээ” гэсэн гэрээний нэрнээсээ ч тодорхой харагдаж байна.
Нэгдүгээрт: Цалингийн зээлийн гэрээний үндсэн барьцаа буюу уг зээлийг төлөх ёстой “Цалин” шүүхээр хянан хэлэлцэгдэх шатанд байхад, зөвхөн барьцаагаараа хамтран үүрэг хүлээж, батлан даасан хүний хөрөнгөөр урьдчилан гүйцэтгэлийг хангуулах гэдэг зохисгүй байна. Үндсэн зээлдэгч зээлээ төлөх боломжгүй /нас барсан, хөдөлмөрийн чадвараа бүрэн алдсан г.м/ болсон эсвэл зээлийн үндсэн барьцаа болох “Цалин” үүргийн гүйцэтгэлийг хангах боломжгүй болсон нөхцөлд батлан даагч, хамтран үүрэг хүлээсэн этгээдийн нэмэлт барьцаагаар хангуулах ёстой гэж ойлгож байна.
Хоёрдугаарт: Цалингийн зээлийн гэрээний дуусгавар болох хугацаа 2025 оны 06 дугаар сарын 25-ны өдөр бөгөөд гэрээний хугацаа дуусгавар болоогүй байхад энэхүү шаардлага зохисгүй байна гэжээ.
3. Хариуцагч С.М******* шүүхэд ирүүлсэн хариу тайлбартаа: С.М******* миний бие өөрийн төрсөн дүү С.М*******ийн 50 сая төгрөгийн цалингийн зээлд 2025 оны 06 дугаар сарын 25-ны өдрийг хүртэл хугацаатайгаар, барьцаа хөрөнгөө нэмэлтээр барьцаалуулж хамтран үүрэг хүлээсэн болно.
1. Цалингийн зээлийн гэрээг хугацаанаас өмнө шүүхээр цуцлуулах нэхэмжлэлийн шаардлагыг зөвшөөрөхгүй байна. Үндсэн зээлдэгчид тохиолдсон тодорхой шалтгаануудын улмаас зээлийн график төлөлт хугацаа хэтэрсэн гэж үзэж байна.
2. Би тухайн зээлийг аваагүй, зээл авах хүсэлт К*******инд гаргаагүй. Батлан даагчийн анкет бөглөж, үл хөдлөх хөрөнгө болон газраа С.М*******ийн цалингийн зээлийн барьцаанд барьцаалуулж, барьцааны гэрээнд батлан даагчаар гарын үсэг зурсан.
Иймд С.М******* надаас нэхэмжилсэн 21 306 853.6 төгрөгийн төлбөрийг би зөвшөөрөхгүй байна.
3. Зээлийн гэрээний хугацаа дуусгавар болоогүй, С.М******* авсан зээлээ цаашид төлөх ямарч боломжгүй болсон нь тодорхой болоогүй байхад үл хөдпөх хөрөнгүүдийг худалдан борлуулж, үүргийн гүйцэтгэлийг албадан хангуулах гэсэн шаардлагыг зөвшөөрөхгүй байна.
Нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь зөвшөөрөхгүй байна. К*******инд цалингийн зээл авах хүсэлт өргөдөл гаргаж, өөрийн цалингийн орлогоо барьцаалан, үндсэн зээл авсан хүн нь С.М*******, үл хөдлөх хөрөнгөө нэмэлтээр барьцаалж батлан даалт гаргасан хүн нь С.М******* би байтал нэхэмжлэлд хариуцагч С.М*******, хамтран хариуцагч С.М******* гэсэн нь зохисгүй байна гэжээ.
4. Нэхэмжлэгчээс хуулийн этгээдийн улсын бүртгэлийн гэрчилгээний хуулбар, итгэмжлэлүүд, С.М*******ийн 2022 оны 12 дугаар сарын 09-ний өдрийн өргөдөл, зээл хамтран хүсэгч, хамтран үүрэг гүйцэтгэгч, батлан даагчийн анкетын хуулбар, С.М*******ийн зээл хүсэгчийн анкетын хуулбар, хариуцагч нарын иргэний үнэмлэхийн хуулбар, -ны өдрийн № тоот цалингийн зээлийн гэрээний хуулбар, зээлийн эргэн төлөлтийн хуваарь, -ны өдрийн №-1 тоот үл хөдлөх эд хөрөнгийн болон хөдлөх эд хөрөнгө, болон эдийн бус хөрөнгийн барьцааны гэрээний хуулбар, газар өмчлөх эрхийн улсын бүртгэлийн гэрчилгээний хуулбар, үл хөдлөх хөрөнгийн лавлагаа, үл хөдлөх эд хөрөнгө өмчлөх эрхийн улсын бүртгэлийн гэрчилгээний хуулбар, мэдэгдэл, зээлийн дансны хуулга, зээл, зээлийн хүүний тооцоолол, 2024 оны 05 дугаар сарын 03-ны өдрийн , 2024 оны 07 дугаар сарын 26-ны өдрийн дугаартай шаардлага хүргүүлэх тухай албан бичиг зэрэг баримтуудыг,
Хариуцагч нараас хариу тайлбар, Өмнөговь аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн дугаартай магадлалын хуулбар зэрэг бичгийн баримтуудыг шүүхэд гаргаж өгсөн.
ҮНДЭСЛЭХ нь:
1. Шүүх нэхэмжлэлийн шаардлагын зарим хэсгийг хангаж, үлдсэнийг нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэв.
2. Нэхэмжлэгч “К*******” ХК нь хариуцагч С.М*******, С.М******* нарт холбогдуулан зээлийн гэрээг хугацаанаас нь өмнө цуцлуулж, зээлийн гэрээний үүрэгт нийт 42 613 707 төгрөг гаргуулах, үүргийн гүйцэтгэлийг барьцаа хөрөнгөөр хангуулах тухай нэхэмжлэлийн шаардлага гаргажээ.
3. Нэхэмжлэгч дараах үндэслэлээр шаардах эрхээ тодорхойлсон. Үүнд: “...С.М*******, С.М******* нар нь тус банктай -ны өдөр тоот “Цалингийн зээлийн гэрээ” байгуулан 50 000 000 төгрөгийн зээлийг жилийн 14.4 хувийн хүүтэй, 30 сарын хугацаатай, цалингийн зээлийн зориулалтаар авсан. Зээлийн гэрээний дагуу тус банк 2022 оны 12 дугаар сарын 27-ны өдөр хариуцагч С.М*******ийн тоот төгрөгийн данс руу 50 000 000 төгрөгийг шилжүүлснээр үүргээ бүрэн биелүүлсэн. Хариуцагч нар нь өнгөрсөн хугацаанд тус банкинд үндсэн зээлийн төлбөрт 10 614 890.74 төгрөг, зээлийн хүүд 7 813 372.74 төгрөг, нэмэгдүүлсэн хүүд 152 157.65 төгрөг төлсөн. Хариуцагч нар нь зээлийн гэрээгээр хүлээсэн төлбөр төлөх үүргээ хугацаанд нь, зохих ёсоор биелүүлэхгүй байгаа бөгөөд удаа дараа зээлийн эргэн төлөлтийн хуваарьт үүсгэсэн зөрчлөө арилгахыг тус банк албан бичгээр шаардсан байсан боловч үр дүнд хүрээгүй. Мөн хариуцагч нар зээлийн гэрээний үүргийн гүйцэтгэлийн баталгаанд -ны өдрийн -1 Үл хөдлөх эд хөрөнгийн барьцааны гэрээгээр эд хөрөнгүүдийг тус банкинд барьцаалсан” гэжээ.
4. Хариуцагч С.М******* “...Би тухайн зээлийг аваагүй, зээл авах хүсэлт К*******инд гаргаагүй. Батлан даагчийн анкет бөглөж, үл хөдлөх хөрөнгө болон газраа С.М*******ийн цалингийн зээлийн барьцаанд барьцаалуулж, барьцааны гэрээнд батлан даагчаар гарын үсэг зурсан. Иймд С.М******* надаас нэхэмжилсэн 21 306 853.6 төгрөгийн төлбөрийг би зөвшөөрөхгүй байна. Зээлийн гэрээний хугацаа дуусгавар болоогүй, С.М******* авсан зээлээ цаашид төлөх ямар ч боломжгүй болсон нь тодорхой болоогүй байхад үл хөдпөх хөрөнгүүдийг худалдан борлуулж, үүргийн гүйцэтгэлийг албадан хангуулах гэсэн шаардлагыг зөвшөөрөхгүй байна” гэж нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь эс зөвшөөрч маргасан.
Хариуцагч С.М******* “...-ны өдөр байгуулсан тоот цалингийн зээлийн гэрээний хугацаа дуусах хүртэл буюу 2025 оны 06 дугаар сарын 26-ны өдрийг хүртэл гэрээ цуцлахгүй байх хүсэлтэй байна. Мөн уг цалингийн зээлийг С.М******* миний бие зөвхөн өөрийн цалингийн орлогыг барьцаалж, хувийн хэрэглээнд зориулан, би өөрөө авч хэрэглэсэн. Банкнаас “Цалингийн орлого” барьцаалан, нэмэлтээр үл хөдлөх хөрөнгө барьцаалах хэрэгтэй гээд, төрсөн эгч болох С.М*******ийн үл хөдлөх хөрөнгийг нэмэлтээр барьцаалж, гэрээнд хамтран үүрэг хүлээхээр гарын үсэг зуруулсан. Зээлийн төлбөрөөс С.М******* төлөхгүй бөгөөд С.М******* миний бие нэхэмжлэлийн шаардлагыг 100 хувь хариуцан, 42 613 707 төгрөгийг бүрэн төлж дуусгана.
Харин зээлийн төлбөрийг сайн дураар төлөхгүй тохиолдолд барьцааны зүйл болох эрхийн улсын бүртгэлийн , дугаарт бүртгэгдсэн үл хөдлөх эд хөрөнгүүдийг худалдан борлуулж, үүргийн гүйцэтгэлийг албадан хангуулах шаардлагыг зөвшөөрөхгүй байна. Учир нь энэхүү цалингийн зээлийн гэрээний үндсэн барьцаа нь С.М******* миний “Цалингийн орлого” ба батлан даагч С.М*******ийн үл хөдлөх хөрөнгө нь нэмэлтээр барьцаалсан хөрөнгө” гэж нэхэмжлэлийн шаардлагын зарим хэсгийг эс зөвшөөрч маргасан.
5. Хэрэгт авагдсан болон шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримтуудаар дараах үйл баримт тогтоогдсон.
5.1 Нэг талаас зээлдүүлэгч “К*******” ХК, нөгөө талаас зээлдэгч С.М*******, С.М******* нар нь -ны өдөр тоот цалингийн зээлийн гэрээг бичгээр байгуулж, тус гэрээгээр зээлдүүлэгч нь зээлдэгч нарт 50 000 000 төгрөгийг жилийн 14.4 хувийн хүүтэй, 30 сарын хугацаатай олгохоор тохиролцжээ.
Уг гэрээний дагуу зээлдүүлэгч банкнаас 2022 оны 12 дугаар сарын 27-ны өдөр зээлдэгч С.М*******ийн дансанд 50 000 000 төгрөгийг шилжүүлж олгосон нь зээлийн дансны хуулгаар тогтоогдож байна.
5.2 Талууд -ны өдөр зээлийн гэрээний үүргийн гүйцэтгэлийг хангах баталгаа болгож дараах барьцааны гэрээнүүдийг байгуулсан. Үүнд:
а/ Барьцаалагч “К*******” ХК, барьцаалуулагч С.М******* нар №-1 тоот Үл хөдлөх эд хөрөнгийн барьцааны гэрээгээр:
-С.М*******ийн өмчлөлийн, эрхийн улсын бүртгэлийн дугаарт бүртгэгдсэн, Өмнөговь аймаг, Ц сум, хаягт байршилтай, нэгж талбарын дугаартай, гэр бүлийн хэрэгцээний зориулалттай, талбайтай газар;
-С.М*******ийн өмчлөлийн, эрхийн улсын бүртгэлийн дугаарт бүртгэгдсэн, Өмнөговь аймаг, Ц сум, хаягт байршилтай, зоогийн газар зориулалттай, талбайтай үл хөдлөх эд хөрөнгө;
б/ Барьцаалагч “К*******” ХК, барьцаалуулагч С.М******* нар №-1 тоот Хөдлөх эд хөрөнгө болон эдийн бус хөрөнгийн барьцааны гэрээгээр тус банк дахь тоот дансанд орох цалингийн орлого зэргийг тус тус барьцаалсан.
5.3 Зээл олгосноос хойш зээлдэгч нар нь 2023 оны 01 дүгээр сарын 26-ны өдрөөс 2024 оны 04 дүгээр сарын 04-ний өдрийг хүртэл хугацаанд үндсэн зээлийн төлбөрт 10 614 890.74 төгрөг, зээлийн хүүд 7 813 372.74 төгрөг, нэмэгдүүлсэн хүүд 152 157.65 төгрөг тус тус төлсөн байна.
5.4 Зээлийн гэрээний хугацаа 2025 оны 06 дугаар сарын 25-ны өдөр дуусах ба эргэн төлөлтийн хуваарь ёсоор зээлийг сар бүр төлөх нөхцөлтэй ч хариуцагч тал нь төлбөр төлөх үүргээ хугацаанд нь, зохих ёсоор биелүүлэхгүй хугацаа хэтрүүлжээ.
Зээлдэгч С.М*******, С.М******* нарт зээл төлөх мэдэгдлийг 2024 оны 05 дугаар сарын 01, 2024 оны 05 дугаар сарын 03, 2024 оны 07 дугаар сарын 26-ны өдрүүдэд хүргүүлсэн байна.
6. Зохигчид дээрх зээлийн болон барьцааны гэрээг байгуулсан болон гэрээний хүчин төгөлдөр байдлын талаар маргаагүй.
7. Зохигчийн хооронд Иргэний хуулийн 451 дүгээр зүйлийн 451.1 дэх хэсэгт заасан банк, зээлийн үйл ажиллагаа эрхлэх эрх бүхий хуулийн этгээдээс зээл олгох гэрээгээр зээлдүүлэгч нь мөнгөн хөрөнгийг хуульд заасан үндэслэл, журмын дагуу тодорхой хугацаатайгаар, зээлдэгчид шилжүүлэх, зээлдэгч нь гэрээнд заасан хугацаанд уг мөнгөн хөрөнгө, гэрээнд заасан бол түүний хүүг буцаан төлөх үүргийг тус тус хүлээнэ гэж зааснаар зээлийн гэрээний харилцаа үүссэн байна.
Түүнчлэн, Иргэний хуулийн 453 дугаар зүйлийн 453.1 дэх хэсэгт “Зээлдэгч авсан зээлээ хугацаанд нь төлөөгүй бол хэтэрсэн хугацааны хүү, гэрээнд заасан бол нэмэгдүүлсэн хүү төлөх үүрэгтэй” гэж зааснаар зээлийн гэрээгээр хүү, нэмэгдүүлсэн хүүгийн талаар дараах байдлаар тохиролцсон байх тул нэхэмжлэгч уг гэрээний дагуу шаардах эрхтэй.
№ дугаар зээлийн гэрээний 2.1.3, 2.1.5, 2.1.6-д зээлийн хүү /жилийн/: 14.4 хувь, зээлийн нэмэгдүүлсэн хүү /жилийн/: зээлийн нийт хүүний 20 хувь, зээлийн хэтэрсэн хугацааны хүү /жилийн/: 2.88 хувь, 7.1.7-д “зээлдэгч, хамтран зээлдэгч нь гэрээний үүргээ биелүүлээгүй, зохих ёсоор биелүүлээгүй бол энэ гэрээнд заасны дагуу үүргийн гүйцэтгэлийг хангуулах арга хэмжээг авах, харилцан тохиролцсоны дагуу хэтэрсэн хугацааны хүүгээр зээлийн хүүгийн хувь хэмжээг нэмэгдүүлэн тогтоох” гэж тус тус заажээ.
8. Иргэний хуулийн 225 дугаар зүйлийн 225.1 дэх хэсэгт “Талуудын аль нэг нь гэрээгээр хүлээсэн үүргээ зөрчсөн бөгөөд үүрэг гүйцэтгэх нэмэлт хугацаа тогтоосон боловч үр дүн гараагүй бол нөгөө тал гэрээнээс татгалзах эрхтэй” гэжээ.
Талуудын хооронд байгуулагдсан цалингийн зээлийн гэрээний 7.1.4, 7.1.9-д “...эргэн төлөлтийн хуваарийн дагуу зээлийн төлбөрийг төлөх үүргээ биелүүлээгүй бол нийт зээлийн төлбөрийг хугацаанаас нь өмнө бүрэн төлөхийг шаардах, банк зээлийн гэрээг цуцлах эрхтэй” байхаар тохиролцжээ.
Хариуцагч талаас цалингийн зээлийн гэрээний хавсралтад заасан төлбөрийн хуваарийг 2023 оны 01 дүгээр сарын 26-ны өдрөөс зөрчиж, улмаар 2024 оны 04 дүгээр сарын 04-ний өдрөөс хойш зээлийн төлбөр төлөгдөөгүй, хугацаа хэтрүүлсэн зөрчил гаргасан тул зээлдүүлэгч банкнаас 2024 оны 05 дугаар сарын 01-ний өдрийн мэдэгдэл, мөн оны 05 дугаар сарын 03-ны өдрийн , мөн оны 07 дугаар сарын 26-ны өдрийн 13/912 тоот шаардлага зэргээр зээлийн гэрээний үүргээ биелүүлэхийг шаардсан болох нь нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн тайлбар, хэрэгт авагдсан зээлийн дансны хуулга, зээл төлөх мэдэгдэл зэргээр нотлогдож байна.
Зээлдэгч нар нь зээлийн төлбөрийг хуваарийн дагуу сар бүр тогтмол хугацаанд төлөх үүргээ зөрчсөн байх ба зээлдүүлэгч нь үүрэг гүйцэтгэх нэмэлт хугацаа тогтоосон, уг нэмэлт хугацаанд зээл төлөх үүргээ биелүүлээгүй болох нь зохигчийн тайлбар, зээл төлөх мэдэгдэл, зээл, зээлийн тооцоолол зэргээр тогтоогдож байна.
Иймд нэмэлт хугацаанд үр дүн гараагүйн улмаас үүрэг гүйцэтгүүлэгч гэрээнээс татгалзах эрхтэй байх тул зээлийн гэрээг хугацаанаас өмнө цуцлах шаардлагыг хангах нь зүйтэй.
9. Нэхэмжлэгч нь шүүхэд нэхэмжлэл гаргах 2024 оны 10 дугаар сарын 03-ны өдрийг хүртэл хүү тооцож, үндсэн зээлийн үлдэгдэл 39 385 109 төгрөг, зээлийн хүү 2 985 611 төгрөг, нэмэгдүүлсэн хүү 242 986 төгрөг, нийт 42 613 707 төгрөг гаргуулахаар шаардсан ба Иргэний хуулийн 242 дугаар зүйлийн 242.3 дахь хэсэгт заасныг үндэслэн хариуцагч тус бүрээс 21 306 853.5 төгрөгийг нэхэмжилжээ.
Хариуцагч С.М******* зээлийн гэрээний үүрэгт 42 613 707 төгрөгийг бүхэлд нь төлж барагдуулахыг хүлээн зөвшөөрч, хариуцагч С.М******* 21 306 853.5 төгрөгийг төлөхийг эс зөвшөөрч тайлбар гаргасан байна.
Нэг талын хүсэл зоригийн илэрхийллийг нөгөө тал хүлээн авснаар хүчин төгөлдөр болохоор Иргэний хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1 дэх хэсэгт заасан.
С.М******* нь 2022 оны 12 дугаар сарын 09-ний өдөр “К*******” ХК-д хандаж цалингийн зээл авах хүсэлтээ илэрхийлсэн болох нь хэрэгт авагдсан өргөдлөөр тогтоогдож байх ба зээлдүүлэгч нь 50 000 000 төгрөгийг зээлдэгч С.М*******ийн дансанд шилжүүлсэн болох нь мөн дансны хуулгаар нотлогддог.
Харин С.М*******ийн зээл хүссэн болон зээлийн зориулалттай уялдан түүний эрхэлдэг ажил, орлогын талаарх мэдээлэл, мөн зээлийн мөнгийг С.М*******ийн дансанд шилжүүлэхийг зөвшөөрсөнтэй холбоотой баримт хэрэгт авагдаагүй байна.
10. Иймд “К*******” ХК нь Иргэний хуулийн Иргэний хуулийн 451 дүгээр зүйлийн 451.1 дэх хэсэгт зааснаар хариуцагч С.М*******ээс зээлийн гэрээний үүргийн биелэлтийг шаардах эрхтэй байх тул С.М*******ээс 42 613 707 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгчид олгож, С.М*******ээс 21 306 853.5 төгрөг гаргуулах хэсгийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэх зүйтэй гэж үзэв.
11. Хариуцагч нар нь зээлийн төлбөрийг сайн дураар төлөхгүй тохиолдолд барьцааны зүйл болох эрхийн улсын бүртгэлийн , дугаарт бүртгэгдсэн үл хөдлөх эд хөрөнгүүдийг худалдан борлуулж, үүргийн гүйцэтгэлийг албадан хангуулах шаардлагын талаар:
Иргэний хуулийн 153 дугаар зүйлд зааснаар барьцаа нь үүрэг гүйцэтгэгч барьцаагаар хангагдсан үүргийг хууль буюу гэрээнд заасны дагуу гүйцэтгээгүй буюу зохих ёсоор гүйцэтгээгүй бол барьцаалагч буюу үүрэг гүйцэтгүүлэгч нь бусад үүрэг гүйцэтгүүлэгчдээс тэргүүн ээлжинд барьцааны зүйлийн үнээс шаардлагаа хангуулах эрхийг тодорхойлж буй үүргийн гүйцэтгэлийг хангах арга юм.
Талуудын хооронд байгуулагдсан барьцааны гэрээ нь Иргэний хуулийн 156 дугаар зүйлийн 156.1-д “Барьцааны гэрээг бичгээр байгуулна” гэж, мөн зүйлийн 156.2-т “Үл хөдлөх эд хөрөнгийн барьцааны гэрээг, улсын бүртгэлд бүртгүүлэх бөгөөд гэрээнд талуудын нэр, оршин суугаа /оршин байгаа/ газар, барьцаагаар хангагдах шаардлага, түүний хэмжээ, үүргийг хангах хугацаа, барьцааны зүйл, түүний байгаа газар, үнийг заана” гэж заасантай тус тус нийцсэн байна.
Иймд барьцааны гэрээг хүчин төгөлдөр бус гэж үзэх үндэслэл тогтоогдоогүй, зээлдэгч нь зээлийн гэрээний үүргээ хугацаанд нь зохих ёсоор биелүүлээгүйгээс “К*******” ХК барьцааны зүйлийн үнээс үүргийн гүйцэтгэлийг хангуулахаар шаардлага гаргах эрхтэй тул хариуцагч С.М******* нь 42 613 707 төгрөгийг мөнгөн хэлбэрээр төлж барагдуулаагүй тохиолдолд барьцааны гэрээнд заасан үл хөдлөх эд хөрөнгийн үнээс үүргийн гүйцэтгэлийн хангуулахаар шийдвэрлэв.
12. Хариуцагч С.М*******т холбогдох нэхэмжлэлийн шаардлагыг хангаж шийдвэрлэсэн тул нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 441 219 төгрөгийг орон нутгийн төсвийн орлогод хэвээр үлдээж, С.М*******ээс улсын тэмдэгтийн хураамж 441 219 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгчид олгож шийдвэрлэв.
13. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 76 дугаар зүйлийн 76.1.2, 77 дугаар зүйлд зааснаар хариуцагч С.М*******, С.М*******, хариуцагчийн өмгөөлөгч Н.Энхтөр нарт шүүх хуралдааны товыг шүүхийн мэдэгдэх хуудсаар мэдэгдсэн боловч шүүх хуралдаанд хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр ирээгүй тул Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 100 дугаар зүйлийн 100.3 дахь хэсэгт заасныг баримтлан хариуцагчийн эзгүйд хэргийг хянан шийдвэрлэсэн болно.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.1, 115.2.2, 116, 118 дугаар зүйлүүдэд заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:
1. Иргэний хуулийн 451 дүгээр зүйлийн 451.1, 453 дугаар зүйлийн 453.1 дэх хэсэгт зааснаар хариуцагч С.М*******ээс зээлийн гэрээний үүрэгт нийт 42 613 707 төгрөг гаргуулан нэхэмжлэгч “К*******” ХК-д олгож, нэхэмжлэлийн шаардлагаас хариуцагч С.М*******т холбогдох 21 306 853.5 төгрөг гаргуулах хэсгийг хэрэгсэхгүй болгосугай.
2. Иргэний хуулийн 153 дугаар зүйлийн 153.1, 156 дугаар зүйлийн 156.1 дэх хэсэгт зааснаар хариуцагч С.М******* нь 42 613 707 төгрөгийг мөнгөн хэлбэрээр төлж барагдуулаагүй тохиолдолд барьцааны зүйл болох С.М*******ийн өмчлөлийн, эрхийн улсын бүртгэлийн дугаарт бүртгэгдсэн, Өмнөговь аймаг, Ц сумын төв, хаягт байршилтай, нэгж талбарын дугаартай, гэр бүлийн хэрэгцээний зориулалттай, талбайтай газар; С.М*******ийн өмчлөлийн, эрхийн улсын бүртгэлийн дугаарт бүртгэгдсэн, Өмнөговь аймаг, Ц сумын төв, хаягт байршилтай, зоогийн газар зориулалттай, талбайтай үл хөдлөх эд хөрөнгө зэргийн үнээс үүргийн гүйцэтгэлийг хангуулсугай.
3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай 56 дугаар зүйлийн 56.2, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, 7.1.2-т зааснаар нэхэмжлэгч “К*******” ХК-ийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 441 219 төгрөгийг орон нутгийн төсвийн орлогод хэвээр үлдээж, хариуцагч С.М*******ээс улсын тэмдэгтийн хураамжид 441 219 төгрөг гаргуулан нэхэмжлэгч “К*******” ХК-д олгосугай.
4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 120 дугаар зүйлийн 120.2 дахь хэсэгт зааснаар шийдвэр танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч эс зөвшөөрвөл шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор анхан шатны шүүхээр дамжуулан Өмнөговь аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Б.ОТГОНСҮРЭН