| Шүүх | Баян-Өлгий аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Халамханы Мейримбек |
| Хэргийн индекс | 130/2025/00024/И |
| Дугаар | 302/ШШ2025/00041 |
| Огноо | 2025-01-14 |
| Маргааны төрөл | Нийгмийн даатгалын шимтгэлийн маргаан, |
Баян-Өлгий аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр
2025 оны 01 сарын 14 өдөр
Дугаар 302/ШШ2025/00041
| 2025 оны 01 сарын 14 өдөр | Дугаар 302/ШШ2025/00041 |
Хариуцагч нэхэмжлэлийн шаардлагыг
хүлээн зөвшөөрснийг баталж,
хэргийг хэрэгсэхгүй болгох тухай
Б аймаг дахь сум дундын анхан шатны шүүхийн шүүгч Х.Мейрамбек би,
Нэхэмжлэгч: Б аймгийн Ө сумын 5 дугаар багт үйл ажиллагаа явуулах, Б аймгийн Нийгмийн даатгалын газар (дарга М.А)-ын нэхэмжлэлтэй,
Хариуцагч: Б аймгийн Сагсай сумын 5 дугаар багт үйл ажиллагаа явуулах, “К” хоршоо (захирал Р.Е)-д холбогдох,
Нэхэмжлэлийн шаардлага: Дутуу төлсөн нийгмийн даатгалын шимтгэл болох 546,200 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийг 2024 оны 12 дугаар сарын 25-ны өдөр хүлээн авч хянаад,
ТОДОРХОЙЛОХ нь:
1.Нэхэмжлэгч Б аймгийн Нийгмийн даатгалын газраас хариуцагч “К” хоршоонд холбогдуулан Дутуу төлсөн нийгмийн даатгалын шимтгэл болох 546,200 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэл гаргасан. Нэхэмжлэгч байгууллага нь нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлээ дараах байдлаар тодорхойлж байна. Үүнд:
1.1“К” хоршоо нь 2015 оны 12 дугаар сараас эхлэн аймгийн Нийгмийн даатгалын газарт шимтгэл төлөгчөөр бүртгэгдэн шимтгэл төлж эхэлсэн бөгөөд 2021 оны 09 дүгээр сарыг дуустал нийгмийн даатгалын шимтгэлээ дутуу төлж тайлагнаж байсан.
1.2.Уг хугацаанд Нийгмийн даатгалын тухай хуулийн 16 дугаар зүйлийн 16.1 дэх хэсэгт “Энэ хуулийн 4 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт заасан даатгуулагчийн болон ажил олгогчийн тухайн сард төлбөл зохих нийгмийн даатгалын шимтгэлийг нийгмийн даатгалын төрөл бүрээр энэ хуулийн 15 дугаар зүйлийн 15.1 дэх хэсэгт заасан хувь хэмжээгээр сар бүр тооцож, тухайн сард нь багтаан нийгмийн даатгалын сангийн дансанд шилжүүлнэ” гэж заасныг зөрчиж 546,200 төгрөгийн шимтгэлийг дутуу төлж нийгмийн даатгалын санг хохироосон.
1.3.Тус компанийн захирал, нягтлан бодогч нараас удаа дараа шаардсан боловч төлөөгүй. Иймд “К” хоршооны дутуу төлсөн нийгмийн даатгалын шимтгэл болох 546,200 төгрөгийг төлүүлж нийгмийн даатгалын санг хохиролгүй болгож өгнө үү гэжээ.
2.Хариуцагч “К” хоршооны захирал Р.Е шүүхэд бичгээр ирүүлсэн тайлбартаа: ... Хариуцагч “К” хоршооны захирал Р.Е би нэхэмжлэгч Б аймгийн Нийгмийн даатгалын газрын шүүхэд гаргасан нэхэмжлэлтэй танилцлаа. Тус газрын “К” хоршооноос нэхэмжилж байгаа дутуу төлөгдсөн нийгмийн даатгалын шимтгэл болох 546,200 төгрөгийг нийгмийн даатгалын санд төлж өгөхийг хүлээн зөвшөөрч байна. Энэ талаар ямар нэгэн маргаан байхгүй. Иймд хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлэж өгнө үү гэжээ.
ҮНДЭСЛЭХ нь:
3.Нэхэмжлэгч Б аймгийн Б аймгийн Нийгмийн даатгалын газрын нэхэмжлэлтэй хариуцагч “К” хоршоонд холбогдох иргэний хэргийг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад хариуцагч “К” хоршооны захирал Р.Е нь нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлага болох Дутуу төлсөн нийгмийн даатгалын шимтгэл болох 546,200 төгрөгийг Б аймгийн Нийгмийн даатгалын газрын нийгмийн даатгалын санд төлж өгөхийг хүлээн зөвшөөрч энэ тухай тайлбараа шүүхэд бичгээр ирүүлсэн тул хариуцагч нэхэмжлэгч байгууллагын нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрснийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй гэж үзэв.
4.Хариуцагч нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрсөн нь Иргэний хуульд нийцсэн, бусдын хуулиар хамгаалагдсан эрх, хууль ёсны ашиг сонирхлыг зөрчөөгүй байна.
5.Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.3 дахь хэсэгт зааснаар нэхэмжлэгч Б аймгийн Нийгмийн даатгалын газар нь улсын тэмдэгтийн хураамжаас чөлөөлөгдсөн болохыг дурдаж, мөн хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 60 дугаар зүйлийн 60.1, 56 дугаар зүйлийн 56.1, 74 дүгээр зүйлийн 74.5 дахь хэсэгт заасныг баримтлан нэхэмжлэлийн шаардлагын үнийн дүнд оногдох улсын тэмдэгтийн хураамжид төлбөл зохих 17,036 төгрөгийн тал нь болох 8,518 төгрөгийг хариуцагч “К” хоршооноос гаргуулан улсын орлого болгох нь зүйтэй байна.
6.Хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлэсэн тул зохигч энэ захирамжид давж заалдах, хяналтын журмаар хянан шийдвэрлүүлэхээр гомдол гаргах, тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүй болно.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74, 75 дугаар зүйлд заасныг удирдлага болгон
ЗАХИРАМЖЛАХ нь:
1.Хариуцагч “К” хоршооны захирал Р.Е нь нэхэмжлэгч Б аймгийн Нийгмийн даатгалын газрын нэхэмжилсэн дутуу төлсөн нийгмийн даатгалын шимтгэл болох 546,200 (таван зуун дөчин зургаан мянган хоёр зуун) төгрөгийг Б аймгийн Нийгмийн даатгалын газрын нийгмийн даатгалын санд дансанд төлж өгөхөөр болж нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрснийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.
2.Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.3 дахь хэсэгт зааснаар нэхэмжлэгч Б аймгийн Нийгмийн даатгалын газар нь улсын тэмдэгтийн хураамжаас чөлөөлөгдсөн болохыг дурдаж, мөн хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1, 74 дүгээр зүйлийн 74.5 дахь хэсэгт зааснаар хариуцагч “К” хоршооноос улсын тэмдэгтийн хураамжид 8,518 (найман мянган таван зуун арван найман) төгрөг гаргуулан улсын орлого болгосугай.
3.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 75 дугаар зүйлийн 75.6-д зааснаар энэхүү захирамжийг хариуцагч сайн дураар биелүүлээгүй бол шүүхийн шийдвэрийн нэгэн адил албадан гүйцэтгэхийг дурдсугай.
4.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.4-д зааснаар зохигч энэ захирамжид давж заалдах, хяналтын журмаар хянан шийдвэрлүүлэхээр гомдол гаргах, тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүй болохыг дурдсугай.
ШҮҮГЧ Х.МЕЙРАМБЕК