| Шүүх | Сэлэнгэ аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Баасанжавын Эрдэнэхишиг |
| Хэргийн индекс | 2333000000037 |
| Дугаар | 2023/ДШМ/53 |
| Огноо | 2023-09-12 |
| Зүйл хэсэг | 27.10.2.3., |
| Улсын яллагч | П.Даваасүрэн |
Сэлэнгэ аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал
2023 оны 09 сарын 12 өдөр
Дугаар 2023/ДШМ/53
Б.*******од холбогдох
эрүүгийн хэргийн тухай
Прокурор П.Даваасүрэн /цахим/
Шүүгдэгч Б.******* /цахим/
Шүүгдэгчийн өмгөөлөгч Б.Анхзаяа /цахим/
Нарийн бичгийн дарга Б.Мөнхзул нарыг оролцуулан,
Сэлэнгэ аймгийн Сайхан сум дахь сум дундын шүүхийн шүүгч Г.Алгирмаа даргалж, шийдвэрлэн 2023 оны 05 дугаар сарын 23-ны өдрийн шүүх хуралдаанаас гаргасан 2023/ШЦТ/36 дугаартай шийтгэх тогтоолыг эс зөвшөөрч бичсэн шүүгдэгчийн давж заалдах гомдлоор Б.*******од холбогдох эрүүгийн ******* дугаартай, 150/2023/0028/Э/208/2023/0045 индекстэй 1 хавтас эрүүгийн хэргийг 2023 оны 07 дугаар сарын 05-ны өдөр хүлээн авч, шүүгч Б.Эрдэнэхишигийн илтгэснээр хянан хэлэлцэв.
******* овогт ******* *******, Монгол Улсын иргэн **** оны **** дүгээр сарын ***-ний өдөр Хөвсгөл аймаг ******* суманд төрсөн, **** настай, ****эгтэй, **** боловсролтой, ********мэргэжилтэй, ам бүл ******хамт Улаанбаатар хот ******* дүүрэг ****** хороо, **********тоотод оршин суух, /***********/,
Шүүгдэгч Б.******* нь 2023 оны 03 дугаар сарын 13-ны өдөр Сэлэнгэ аймгийн Орхон сумын Бэлэндалай 2 дугаар багийн нутаг дэвсгэр Дархан-Уул аймгаас Орхон аймгийн чиглэлийн төв асфальтан замын 64-65 дахь киолметрт Тоёота Ланд круйзер-200 маркийн улсын дугаартай тээврийн хэрэгслийг жолоодон явахдаа Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн 11.3 "Эсрэг хөдөлгөөнтэй хоёр эгнээгээр зорчдог замд гүйцэж түрүүлэх буюу саадыг тойрон гарахаас бусад тохиолдолд эсрэг урсгал сөрөхийг хориглоно”, мөн дүрмийн 12.1 “Жолооч хөдөлгөөний эрчим, тээврийн хэрэгсэл болон тээж яваа ачааны онцлог, замын болон цаг агаарын нөхцөл, хөдөлгөөний дагуу үзэгдэлтийг харгалзан тээврийн хэрэгслийн хурдыг энэ дүрэмд тогтоосон хязгаараас хэтрүүлэхгүйгээр тохируулан сонгож явна” гэсэн заалтуудыг зөрчиж хохирогч жолоодож явсан Хьюндай портер маркийн улсын дугаартай тээврийн хэрэгсэлтэй мөргөлдөж зам тээврийн осол гаргаж улмаар эрүүл мэндэд хүнд хохирол, тээврийн хэрэгсэлд 11,060,000 төгрөгийн хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ.
Сэлэнгэ аймгийн Сайхан сум дахь сум дундын Прокурорын газраас: Б.*******ын үйлдлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.3-т зааснаар яллах дүгнэлт үйлдэж, хэргийг шүүхэд шилжүүлжээ.
Сэлэнгэ аймгийн Сайхан сум дахь сум дундын шүүхээс:
Шүүгдэгч ******* овогт ******* *******ыг авто тээврийн хэрэгслийн жолооч Хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний актыг зөрчсөний улмаас хүний эрүүл мэндэд хүнд хохирол учруулсан гэмт хэргийг үйлдсэнд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн зүйлийн 2 дах хэсгийн 2.3-т зааснаар гэм буруутайд тооцож,
Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1-д заасныг журамлан шүүгдэгч Б.*******ыг Эрүүгийн хуулийн 27.10 дугаар зүйлийн зүйлийн 2 дах хэсгийн 2.3-т зааснаар тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг 1 жилийн хугацаагаар хасаж, хорих ял оногдуулахгүйгээр 1 жилийн хугацаагаар тэнсэж,
Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.3 дугаар зүйлийн 2 дах хэсгийн 2.5-д зааснаар шүүгдэгч нь оршин суух газар, ажлаа өөрчлөх, зорчин явахдаа хяналт тавьж байгаа эрх бүхий байгууллагад урьдчилан мэдэгдэх үүрэг хүлээлгэх албадлагын арга хэмжээ авч, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүхээс хүлээлгэсэн үүргийг биелүүлээгүй бол прокурорын дүгнэлтийг үндэслэн шүүх уг шийдвэрийг хүчингүй болгож, ял оногдуулах болон санаатай гэмт хэрэг үйлдсэн бол Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.8, 6.9 дүгээр зүйлд заасан журмаар ял оногдуулж болохыг шүүгдэгч Б.*******од мэдэгдэн,
Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.7 дугаар зүйлийн 3-д зааснаар шүүгдэгч Б.*******од оногдуулсан тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг 1 жилийн хугацаагаар хасах ялыг албадлагын арга хэмжээ авсан үеэс эхлэн тоолж,
Шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн хэргийн газрын үзлэгийн явц бүхий дуу дүрс бичлэгийн СД 1 ширхгийг хэрэгт хавсаргаж, хөрөнгө битүүмжлээгүй, шүүгдэгчээс гаргуулах эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, шүүгдэгч нь энэ хэрэгт цагдан хоригдсон хоноггүй, хохирогч д төлөх төлбөргүй, шүүгдэгчийн иргэний бичиг баримт шүүхэд ирээгүй болохыг тус тус дурдан,
Шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Б.*******од авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр нь үргэлжлүүлэхээр шийдвэрлэжээ.
Шүүгдэгч давж заалдах гомдол болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:
...Сэлэнгэ аймгийн Сайхан сум дахь сум дундын шүүх 2023 оны 05 дугаар сарын 23-ны өдөр хянан хэлэлцээд 36 дугаартай шийтгэх тогтоол гаргасныг эс зөвшөөрч энэхүү гомдлыг гаргаж байна.
Тус шийтгэх тогтоолоор надад Эрүүгийн хуулийн 27.10 дугаар зүйлийн 2 дах хэсгийн 2.3-т зааснаар тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг 1 жилийн хугацаагаар хасч, хорих ял оногдуулахгүйгээр 1 жилийн хугацаагаар тэнсэх шийтгэлийг оногдуулсан.
Шүүгдэгч Б.******* миний хувьд замын хөдөлгөөний дүрэм зөрчиж хүний биед хүнд гэмтэл учруулж, эд хөрөнгийн хувьд хохироосон үйлдэлдээ маш ихээр гэмшиж гэм буруутай үйлдлээ огт маргахгүйгээр хүлээн зөвшөөрсөн. Мөн хохирогчийнхоо биеийн байдлыг сайжруулах, хохирлыг барагдуулах бүх арга хэмжээг авч түүнд хохирлын төлбөрт 23 сая төгрөгийг бэлнээр өндөр хүүтэй зээл авч өгч өөрийн үйлдэлдээ уучлал гуйсны дүнд хохирогч маань намайг уучилж шүүх хуралдаанд оролцож гомдол саналгүй болохоо илэрхийлсэн.
Эрүүгийн хуулийн 6.7 дугаар зүйлийн 1-д «Шүүх гэмт хэрэг үйлдсэн нь тогтоогдсон, гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн хүний гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учруулсан хохирол, хор уршгийн шинж чанар, хувийн байдал, мөрдөн шалгах ажиллагааг шуурхай явуулж гэмт хэргийг нотлоход дэмжлэг үзүүлсэн байдлыг харгалзан дараах байдлаар эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлж, эсхүл эрүүгийн хариуцлагаас чөлөөлж болно» гэж заасан байна
Миний хувьд гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн, гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал нь миний буруутай үйлдлээс гадна байгалийн хүчин зүйлийн нөлөөлөл байсан болох нь хэрэгт авагдсан тухайн үеийн цаг агаарын нөхцөл байдлын гэрэл зургууд, учруулсан хохирлоо бүрэн барагдуулж хохирогч гомдол саналгүй болохоо илэрхийлсэн байдал, хувийн байдлын хувьд анх удаа гэмт хэрэгт холбогдсон тохиолдол, мөрдөн шалгах ажиллагааг шуурхай явуулахад өөрийн зүгээс идэвх санаачлагатай байж дуудсан цаг бүрт байнгын бэлэн байснаас гадна хохирогчийн хохирлыг сайн дураараа барагдуулах гэх мэтээр оролцож дэмжлэг үзүүлсэн байдлыг минь харгалзан намайг эрүүгийн хариуцлагаас чөлөөлж өгөхийг хүсч энэхүү гомдлыг гаргаж байна.
Би хохирогчийн хохирлыг барагдуулахын тулд өндөр хүүтэй зээл авснаас гадна, өөрийн тээврийн хэрэгслийг засвар үйлчилгээнд өгч чадахааргүй (үнэлгээ 70 саяар үнэлэгдсэн, мөн ББСБ-ын нэр дээр өмчлөх эрх бүртгэгдсэн) эдийн засгийн хувьд маш хүнд нөхцөл байдалд орсон. Мөн би бага насны 3 хүүхэдтэй ба эхнэр маань 6 сартай хүүхдээ хараад хүүхэд харах чөлөөтэй байгаа тул хөдөлмөрийн харилцаанд оролцохгүй байгаа учраас амьдралаа авч явах бүх үүрэг хариуцлага эдийн засгийн хувьд зөвхөн миний нуруун дээр байгаа ийм цаг үед аваар осол хийж амьдралын чанараа дордуулах үйлдэл хийсэндээ маш их харамсаж өдөр шөнөгүй ажиллаж хөдөлмөрлөхөөс өөр аргагүй болсон.
Гэвч жолоодох эрхээ хасуулж, нэг жилийн хугацаанд тэнсэнтэй байгаа энэхүү нөхцөл байдал маань миний эрх зүйн байдлыг дордуулж, хөдөлмөрлөх, орлого олоход муугаар нөлөөлөхөд хүргээд байна.
Иймд намайг энэхүү гэмт хэргийг өөрөө хүсч үйлдээгүй, санамсар болгоомжгүй байдлаасаа болж алдсан алдаагаа өөрөе цаашдаа засч залруулах боломж олгож, хохирол төлбөрөө барагдуулсан байдал, хувийн байдал, амьдралын хэрэгцээ шаардлага, Эрүүгийн хуульд заасан эрүүгийн хариуцлагаас чөлөөлөх нөхцөл журмыг хангасан байдал зэргийг минь харгалзан үзэж 36 дугаартай тогтоолыг хүчингүй болгож, эрүүгийн хариуцлагаас чөлөөлж өгнө үү гэв.
Шүүгдэгчийн өмгөөлөгч шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:
...Шүүгдэгчийн зүгээс гэмт хэргийг мөрдөн шалгах ажиллагаанд тухайн үед өөрийн санаачилгаар түргэн шуурхай илрүүлэхэд идэвхи санаачилгатай оролцож, хохирогчийн хохирол төлбөрийг барагдуулахад сайн дураараа маш сайн ажилласан. Зарим шүүгдэгч нарын хувьд осол хийчхээд хохирогчоо хаячдаг тохиолдол байдаг боловч миний үйлчлүүлэгч Б.*******ын хувьд харилцаа хандлагын хувьд хохирогчдоо сэтгэл зүйн хохирол учруулсан зүйл байхгүй. Өнөөдөр хүчин төгөлдөр үйлчилж байгаа хууль тогтоомжид эрүүгийн хариуцлагаас чөлөөлөх гэсэн зүйл заалт хэрэгжээд, түүнд ямар болзол шаардлагыг хангах талаар дурдсан. Хэрэгт авагдсан нотлох баримтууд хохирогч мэдүүлэг, гэрч болон шүүгдэгчийн мэдүүлэг зэрэг цугларсан баримтуудаас Эрүүгийн хуулийн 6.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийг хангаж байгаа тул ялаас чөлөөлж өгнө үү гэсэн агуулгаар гомдол гаргасан.
Өнөөдрийн байдлаар Б.*******ын хувьд гэр бүлээ тэжээгээд явж байгаа. Бага насны 3 хүүхэдтэй. Орлогын эх үүсвэр дээр ял сонсоод хэрэгжүүлэх боломжгүй болохоор гэр бүлийн гишүүдийн амьдрал ахуйд нөлөөлөх, хүүхдүүд өвдөх, эдийн засгийн асуудал тулгарахаар байгаа. Хуульд нэгэнт гэм буруугийн тал ээр шүүгдэгчид ашигтайгаар шийдвэрлэх зүйл заалт байгаа тул хэрэглэж өгнө үү гэв.
Прокурор шүүх хуралдаанд гаргасан дүгнэлтдээ:
...Зам тээврийн ослын улмаас хохирогч Чулуун-Эрдэнийн биед хүнд гэмтэл учирсан. Өөрөөр хэлбэл сүүж ясны тогооны хугарал, зүүн тойг ясны бяцарсан хугарал, зүүн нугалам баруун гуяны зөөлөн эдийн няцрал гэх нилээд хүнд гэмтэл учирсан. Одоо болтол хөл дээрээ босоогүй эмчилгээ хийлгэж байгаа. Хор уршиг арилсан гэж үзэхэд учир дутагдалтай байна. Хэдийгээр шүүгдэгч гэм буруугаа хүлээн зөвшөөрөөд хохирол, эмчилгээний зардал, хохирогчийн тээврийн хэрэгсэлд учирсан зардлыг 100% барагдуулж, гомдол саналгүй болгосон ч гэсэн хор уршиг арилсан гэж үзэхэд учир дутагдалтай байна. Ийм учраас ялаас чөлөөлөх боломжгүй юм гэв.
ТОДОРХОЙЛОХ нь:
1.Давж заалдах шатны шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.1 дүгээр зүйлийн 1, 3 дахь хэсэгт зааснаар шүүгдэгчийн давж заалдах гомдолд дурьдсан асуудлаар хязгаарлахгүйгээр Б.*******од холбогдох эрүүгийн ******* дугаартай бүх ажиллагаа, шийдвэрийг бүхэлд нь хяналаа.
2.Шүүгдэгч Б.******* болон түүний өмгөөлөгчийн зүгээс гаргасан “..Миний хувьд гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн, гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал нь миний буруутай үйлдлээс гадна байгалийн хүчин зүйлийн нөлөөлөл байсан болох нь хэрэгт авагдсан тухайн үеийн цаг агаарын нөхцөл байдлын гэрэл зургууд, учруулсан хохирлоо бүрэн барагдуулж хохирогч гомдол саналгүй болохоо илэрхийлсэн байдал, хувийн байдлын хувьд анх удаа гэмт хэрэгт холбогдсон тохиолдол, мөрдөн шалгах ажиллагааг шуурхай явуулахад өөрийн зүгээс идэвх санаачлагатай байж дуудсан цаг бүрт байнгын бэлэн байснаас гадна хохирогчийн хохирлыг сайн дураараа барагдуулах гэх мэтээр оролцож дэмжлэг үзүүлсэн байдлыг минь харгалзан намайг эрүүгийн хариуцлагаас чөлөөлж өгөхийг хүсч энэхүү гомдлыг гаргаж байна...” гэх гомдлыг хүлээн авч, эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэн шийдвэрлэх боломжтой гэж дүгнэв.
3.Шүүгдэгч Б.******* нь 2023 оны 03 дугаар сарын 13-ны өдөр Сэлэнгэ аймгийн Орхон сумын Бэлэндалай 2 дугаар багийн нутаг дэвсгэр Дархан-Уул аймгаас Орхон аймгийн чиглэлийн төв асфальтан замын 64-65 дахь киолметрт Тоёота Ланд круйзер-200 маркийн улсын дугаартай тээврийн хэрэгслийг жолоодон явахдаа Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн 11.3 "Эсрэг хөдөлгөөнтэй хоёр эгнээгээр зорчдог замд гүйцэж түрүүлэх буюу саадыг тойрон гарахаас бусад тохиолдолд эсрэг урсгал сөрөхийг хориглоно”, мөн дүрмийн 12.1 “Жолооч хөдөлгөөний эрчим, тээврийн хэрэгсэл болон тээж яваа ачааны онцлог, замын болон цаг агаарын нөхцөл, хөдөлгөөний дагуу үзэгдэлтийг харгалзан тээврийн хэрэгслийн хурдыг энэ дүрэмд тогтоосон хязгаараас хэтрүүлэхгүйгээр тохируулан сонгож явна” гэсэн заалтуудыг зөрчиж хохирогч жолоодож явсан Хьюндай портер маркийн улсын дугаартай тээврийн хэрэгсэлтэй мөргөлдөж зам тээврийн осол гаргаж улмаар эрүүл мэндэд хүнд хохирол, тээврийн хэрэгсэлд 11,060,000 төгрөгийн хохирол учруулсан гэмт хэргийг үйлдсэн гэм буруутай болох нь:
Хохирогч өгсөн “...Тэгээд би баруун гар тал руугаа зугтаагаад замын хажуугийн өндөр эрэг рүү дарсан чинь нөгөө машин ирээд миний жолооч тал руу буюу зүүн урд тал руу мөргөөд би замын хажуу руу унахдаа агаар дээр эргэлдээд газар буухдаа 4 дугуй дээрээ буусан... ...Хохирлыг бүрэн барагдуулсан. Цаашид нэхэмжлэх зүйлгүй, гомдол саналгүй”...” гэх,
Иргэний нэхэмжлэгч ын өгсөн “...Гэр бүлийнхээ хүнээс нэхэмжлэх зүйл байхгүй...” гэх мэдүүлгүүд,
Хэргийн газрын үзлэгийн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд /хх-ийн 08-10 тал/, Зам тээврийн осол дээр тогтоосон акт, гэрэл зургийн үзүүлэлтүүд /хх-ийн 11-16 тал/, Шүүхийн шинжилгээний ерөнхий газрын шинжээчийн 2023 оны 03 дугаар сарын 24-ний өдрийн 1430 тоот шинжээчийн дүгнэлт /хх-ийн 22-24 тал/, Шүүхийн шинжилгээний ерөнхий газрын шинжээчийн 2023 оны 03 дугаар сарын 24-ний өдрийн 3852 тоот шинжээчийн дүгнэлт /хх-ийн 29-30 тал/, Гэрэлт индранил авто сургуулийн дүрмийн багш шинжээч Ч.Үнэнмөнхийн гаргасан шинжээчийн дүгнэлт /хх-ийн 46-47 тал/, Ашид билгүүн ХХК-ийн авто машины эвдрэл, хохирлын үнэлгээний тайлан /хх-ийн 54-57 тал/ зэрэг хавтаст хэрэгт авагдсан бусад бичгийн нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдсон байна.
4.Хэргийн зүйлчлэл болон гэм буруугийн асуудлаар хэргийн оролцогчдын зүгээс ямар нэгэн гомдол хүсэлт гаргаагүй, анхан шатны шүүхээс үйл баримтыг зөв тогтоож, хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий дүгнэлт хийсэн байна.
Анхан шатны шүүхээс хэргийг хүлээн аваад гэмт хэргийн нотлогдсон байдал, шүүгдэгч гэм буруугаа сайн дураар хүлээн зөвшөөрсөн эсэх, гэмт хэргийн улмаас учруулсан хохирлыг арилгасан зэрэг нөхцөл байдлуудыг хянан үзээд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1.1-д заасныг журамлан мөн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 2.3-д зааснаар шүүгдэгчийн тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг 01 жилийн хугацаагаар хасч хорих ял оногдуулахгүйгээр 01 жилийн хугацаагаар тэнсэж шийдвэрлэсэн нь хууль зөрчөөгүй, тухайн зүйл ангид заасан ялын хэмжээ хүрээнд байна.
Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 1-д “1.Автотээврийн хэрэгслийн жолооч хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний актыг зөрчсөний улмаас хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол учруулсан бол дөрвөн зуун тавин нэгжээс таван мянга дөрвөн зуун нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгох, эсхүл хоёр зуун дөчин цагаас долоон зуун хорин цаг хүртэл хугацаагаар нийтэд тустай ажил хийлгэх, эсхүл нэг сараас нэг жил хүртэл хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах ял шийтгэнэ” гэж,
27.10 дугаар зүйлийн 2-д
2.Энэ гэмт хэргийг:
2.1.согтуурсан, мансуурсан үедээ;
2.2.тээврийн хэрэгсэл жолоодох эрхгүй хүн;
2.3.хүний эрүүл мэндэд хүнд хохирол учруулж;
2.4.их хэмжээний хохирол учруулж үйлдсэн бол тээврийн хэрэгслийг жолоодох эрхийг нэг жилээс гурван жил хүртэл хугацаагаар хасаж зургаан сараас гурван жил хүртэл хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах, эсхүл зургаан сараас гурван жил хүртэл хугацаагаар хорих ял шийтгэнэ” гэж тус тус заасан.
Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт “Эрүүгийн хариуцлага нь тухайн хүн, хуулийн этгээдийн үйлдсэн гэмт хэрэг, гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, гэм буруугийн хэлбэрт тохирсон байна” гэсэн шударга ёсны зарчимд тулгуурлаж, хэрэглэвэл зохих хуулийг хэрэглэж, түүнийг зөв тайлбарлан тухайн зүйл, хэсэгт заасан төрөл, хэмжээний дотор эрүүгийн хариуцлага хүлээлгэсэн байна.
Гэмт хэрэг үйлдсэн хүнд эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн хэм хэмжээнд нийцсэн, мөн хуулийн тусгай ангид заасан төрөл, хэмжээний дотор багтсан байх шалгуур нь хууль ёсны зарчмыг хангахын зэрэгцээ тухайлан сонгон оногдуулж буй ялын төрөл, түүний хэмжээ нь гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, гэм буруугийн хэлбэр, хэрэг үйлдэгдсэн тодорхой нөхцөл байдал болон гэмт хэрэг үйлдсэн хүний хувийн байдалд тохирсон байх нь Эрүүгийн хуулийн шударга ёсны зарчимд нийцнэ.
5.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1-д “Гэмт хэрэг үйлдсэн нь нотлогдсон, гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн хүний гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учруулсан хохирол, хор уршгийн шинж чанар, хувийн байдлыг харгалзан шүүх дараах байдлаар хорих ялыг хөнгөрүүлж, ялаас чөлөөлж, албадлагын арга хэмжээ хэрэглэж болно” гэж,
Мөн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 1-д “Хөнгөн гэмт хэрэг үйлдсэн хүн гэм буруугаа хүлээн зөвшөөрч гэмт хэргийн улмаас учруулсан хохирлоо нөхөн төлж хор уршгийг арилгасан, эсхүл гэмт хэргийн улмаас учруулсан хохирлоо нөхөн төлөхөө илэрхийлсэн бол гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, гэмт хэрэг үйлдсэн хүний хувийн байдлыг харгалзан тухайн зүйл, хэсэг, заалтад заасан хорих ялыг оногдуулахгүйгээр таван жил хүртэл хугацаагаар тэнсэж болно” гэж тус тус заасан.
Анхан шатны шүүхээс шүүгдэгч Б.*******од тухайн зүйл, хэсэгт заасан хорих ялыг оногуулахгүйгээр тэнсэхдээ Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1.1-д заасныг баримтлан шийдвэрлэсэн нь төдийлөн тохиромжтой бус, мөн хуулийн тусгай ангийн 7.1 дүгээр зүйлийн 1-д заасныг баримтлан шийдвэрлэх нь хууль зүйн хэрэглээний хувьд илүү тохиромжтой зөв хэрэглээ гэж давж заалдах шатны шүүхээс дүгнэж, шийтгэх тогтоолын 2 дахь заалтанд өөрчлөлт оруулах нь зүйтэй гэж үзсэн.
6.Шүүгдэгч Б.******* нь гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн, хохирогчид учирсан хохирлыг бүрэн төлж барагдуулсан, улсын яллагчийн зүгээс шүүгдэгчийн тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг 1 жилийн хугацаагаар хасч 1 жилийн хугацаатай зорчих эрхийг хязгаарлах ялын санал оруулсан боловч түүний хувийн байдал, бодит хохирлыг нөхөн төлсөн зэргийг харгалзан үзэж, анхан шатны шүүхээс түүний тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг 01 жилийн хугацаагаар хасч хорих ял оногдуулахгүйгээр 01 жилийн хугацаагаар тэнсэж шийдвэрлэснийг давж заалдах шатны шүүх дүгнэн үзээд түүний гомдолд дурьдсан үндэслэлүүд хавтаст хэрэгт авагдсан баримтуудаар нотлогдсон төдийгүй, шүүгдэгчийн хохирлоо нөхөн төлсөн, гэмт хэргийг нотлон тогтоох болон мөрдөн шалгах ажиллагааны шатанд дэмжлэг үзүүлэн оролцсон байдал, ар гэрийн, хувийн байдлуудыг харгалзан үзэж Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1.1-д зааснаар оногдуулсан нэмэгдэл ял болон эрүүгийн хариуцлагаас чөлөөлөх боломжтой гэж үзэв.
Иймд анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолын 2,3, дахь заалтуудад тус тус өөрчлөлт оруулж, 4 дэх заалтыг хүчингүй болгож, шүүгдэгчийн гомдлыг бүрэн хангах нь зүйтэй гэж давж заалдах шатны шүүх бүрэлдэхүүн дүгнэв.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.9 дүгээр зүйлийн 1, 1.4, 2-д заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:
1.Сэлэнгэ аймгийн Сайхан сум дахь сум дундын шүүхийн 2023 оны 05 дугаар сарын 23-ны өдрийн 2023/ШЦТ/36 дугаартай шийтгэх тогтоолын Тогтоох хэсгийн
2 дахь заалтыг:
“Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 1-д заасныг журамлан шүүгдэгч Б.*******ыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн зүйлийн 2 дахь хэсгийн 2.3-д зааснаар тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг 1 жилийн хугацаагаар хасаж, хорих ял оногдуулахгүйгээр 1 жилийн хугацаагаар тэнссүгэй” гэж,
3 дахь заалтыг:
“Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1.1-д зааснаар шүүгдэгч Б.*******од Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.3-д зааснаар хорих ял оногдууулахгүйгээр 01 жилийн хугацаагаар тэнсэж, тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг 01 жилийн хугацаагаар хассан эрүүгийн хариуцлага болон нэмэгдэл ялаас тус тус чөлөөлсүгэй” гэж тус тус өөрчлөлт оруулсугай.
2.Шийтгэх тогтоолын 4 дэх заалтыг хүчингүй болгож, бусад заалтуудыг хэвээр үлдээж, шүүгдэгч болон түүний өмгөөлөгчийн гомдлыг хүлээн авсугай.
3.Анхан болон давж заалдах шатны шүүхийн хууль хэрэглээний зөрүүг арилгах, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, шүүх хуулийг Улсын дээд шүүхийн тогтоол, тайлбараас өөрөөр тайлбарлаж хэрэглэсэн, эрх зүйн шинэ ойлголт, эсхүл хууль хэрэглээг тогтооход зарчмын хувьд нийтлэг ач холбогдолтой гэж үзвэл энэхүү магадлалыг гардуулсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хэргийн оролцогч хяналтын журмаар гомдол гаргах, прокурор эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурдсугай.
ЕРӨНХИЙ ШҮҮГЧ Д.БУЯНЖАРГАЛ
ШҮҮГЧ Г.ДАВААРЕНЧИН
ШҮҮГЧ Б.ЭРДЭНЭХИШИГ