| Шүүх | Баян-Өлгий аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Халамханы Мейримбек |
| Хэргийн индекс | 130/2024/00974/И |
| Дугаар | 302/ШШ2025/00013 |
| Огноо | 2025-01-02 |
| Маргааны төрөл | Үндэслэлгүйгээр хөрөнгөжих, |
Баян-Өлгий аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр
2025 оны 01 сарын 02 өдөр
Дугаар 302/ШШ2025/00013
| 2025 01 02 | 302/ШШ2025/00013 |
|
Нэхэмжлэгч: Б аймгийн А сумын 5 дугаар багт оршин суух, У овогт Ө.Б-ийн нэхэмжлэлтэй,
Хариуцагч: Б аймгийн Ө сумын 13 дугаар багт оршин суух, Улаан соён овогт С.С-д холбогдох,
Нэхэмжлэлийн шаардлага: 10,000,000 төгрөг гаргуулах тухай иргэний хэргийг тусгайлсан журмаар хянан хэлэлцэв.
Шүүх хуралдааны оролцогчид:
Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Х.Б,
Хариуцагч С.С, түүний өмгөөлөгч Д.А,
Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Д нар оролцов.
ҮНДЭСЛЭХ нь:
1.Нэхэмжлэгч Ө.Бийн нэхэмжлэлтэй хариуцагч С.Сд холбогдох 10,000,000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлээс 4,000,000 төгрөгийн нэхэмжлэлийг хангаж, 6,000,000 төгрөгийн нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэх нь зүйтэй байна.
2.Нэхэмжлэгч Ө.Б дараах үндэслэлээ шаардах эрхээ тодорхойлсон. Үүнд: Миний охин Б.Б нь 2023 оны 06 дугаар сард 12 дугаар анги төгсөж элсэлтийн ерөнхий шалгалт өгөхөөр аймгийн төвд явсан ба миний авга эгчийн охин С.Сгийн гэрт очсон. С.С Зайд сургуульд багшилдаг ба манай охинд Дотоод хэргийн их сургуулиас хүн танина, мөнгө төгрөгийг төлөх юм бол тус сургуульд элсүүлж өгч болно хэлсэн ба энэ талаар манай охин бидэнд мэдэгдэж бид С.Стой яриад мөнгө төгрөгийг өгөхөөр болсон. С.С нийтдээ 10 сая төгрөг өг гэсний дагуу 2023 оны 6 дугаар сарын 17-ны өдөр нөхөр Д.Бийн ХААН банкин дахь 11111111 тоот данснаас 2,000,000 төгрөгийг, өөрийн данснаас 2023 оны 06 дугаар сарын 19-ний өдөр 4,000,000 төгрөгийг С.Сгийн ХААН банк дахь 00000000 дансанд, дараа нь С.Сгийн өгсөн О.А гэдэг хүний дансанд гурван удаагийн шилжүүлгээр 4,000,000 төгрөгийг тус тус шилжүүлсэн. Ингээд нийт 10,000,000 төгрөгийг шилжүүлэн өгсөн боловч охин Б.Бг Дотоод хэргийн их сургуульд оруулж чадсангүй. Иймд зуучлалын хөлсөнд шилжүүлсэн 10,000,000 төгрөгийг С.Сгоос гаргуулж өгнө үү гэжээ.
3.Хариуцагч С.С нэхэмжлэлийн шаардлагыг дараах үндэслэлээр *******сгэсэн. Үүнд: Миний үеэл дүү Б-ийн Б 2023 оны 6 дугаар сард Дотоод хэргийн их сургуульд орох зорилготой элсэлтийн ерөнхий шалгалтад орсон боловч хангалтгүй дүн аваад надаас таньж мэдэх хүн байна уу гэхээр туслах үүднээс цэргийн байгууллагад ажилладаг фейсбүүкийн найз О овогтой А-д хэлсэн. А нь би оруулж чадна, оноо хангалтгүй бол мөнгө төгрөгөөр ярьж оруулна гэснийг Д.Б, Ө.Б нарт дамжуулж хэлсэн. Б-гийн аав ээж нь хүүхдийг минь оруулж өгвөл мөнгө төгрөг хамаагүй өгнө гэж хэлсэн. Тэгээд миний дансанд нийт 6,000,000 төгрөг шилжүүлснийг миний бие О.А-ийн дансанд С гэсэн утгаар шилжүүлсэн. Надад шилжүүлсэн дээрх мөнгийг хувьдаа завшиж ашиглаагүй. Намар болоод хичээл сургууль эхлэх үед бүтэхгүй бол мөнгийг буцааж өгөхийг хэлсэн. Биднийг залилан мэхэлснийг одоо л мэдэж байна гэжээ.
4.Хэрэгт авагдсан болон шүүх хуралдаанаар хэлэлцсэн нотлох баримтуудаар дараах үйл баримт тогтоогдож байна. Үүнд: Нэхэмжлэгч, хариуцагч нарын тайлбар болон хэрэгт нотлох баримтууд болох ХААН банкны харилцагч Ө овогтой Б-ийн Депозит дансны дэлгэрэнгүй хуулгаар 2023 оны 06 дугаар сарын 19-ний өдөр 5845310153 дугаартай дансанд харьцаж Буянцэцэг гэсэн агуулгаар 4,000,000 төгрөгийн зарлага хийгдсэн болох нь, мөн ХААН банкны харилцагч С.С-ийн Депозит дансны дэлгэрэнгүй хуулгаар 2023 оны 06 дугаар сарын 19-ний өдөр Буянцэцэг гэсэн агуулгаар 4,000,000 төгрөгийн орлого хийгдсэн болох нь тогтоогджээ. Мөн нэхэмжлэгч хариуцагч нарын тайлбараар Д.Бийн данснаас 2,000,000 төгрөгийг С-ийн дансанд, нэхэмжлэгчээс болон Б.Б, Д.Б нарын данснаас А гэдэг хүний дансанд нийт 4,000,000 төгрөг тус тус шилжүүлсэн болох нь нотлогдож байна.
5.Нэхэмжлэгчээс хариуцагч С.С нь охин Б.Б-г Дотоод хэргийн их сургуульд оруулж чадаагүй учир зуучлалын хөлсийг буцааж өгөх ёстой гэж маргасан байх ба хариуцагчаас 10 сая төгрөгийг хувьдаа ашиглаагүй О.А-д итгэж Б.Б-г сургуульд оруулж өгөх байх гэж түүнд шилжүүлсэн тул нэхэмжлэлийг зөвшөөрөхгүй гэж маргажээ.
6.Нэхэмжлэгчээс зуучлалын хөлсөнд төлсөн 10,000,000 төгрөгийг хариуцагчаас буцаан гаргуулахыг шаардсан байна. Иргэний хуулийн 410 дугаар зүйлийн 410.1 дэх хэсэгт Зуучлалын гэрээгээр зуучлагч нь зуучлуулагчаас олгосон бүрэн эрхийн дагуу, түүний ашиг сонирхлын төлөө, хэлцэл хийх этгээдтэй холбож өгөх, зуучлуулагч нь гэрээнд өөрөөр заагаагүй бол хөлс, шагнал төлөх үүргийг тус тус хүлээнэ гэж заажээ. Хэрэгт авагдсан нотлох баримтууд болон нэхэмжлэгч, хариуцагч нарын тайлбараас үзэхэд талуудын хооронд Иргэний хуульд заасан зуучлалын гэрээний харилцаа үүссэн гэж үзэх боломжгүй байна. Учир нь, иргэний эрх зүйн харилцаа хэлцлийн үндсэн дээр үүссэн тохиолдолд уг хэлцэл нь хуульд үл харшлах хэлцэл байх ёстой бөгөөд хариуцагчийн нэхэмжлэгчээс шилжүүлсэн мөнгийг бусдад дамжуулан шилжүүлэх үйлдэл хуулийн хүрээнд эсэх нь, мөн хариуцагчийн тайлбарт дурдсан А гэх этгээд нь нэхэмжлэгч талын хүсэл зориг, ашиг сонирхлыг бодитоор биелүүлэх эрхтэй этгээд эсэх нь тодорхойгүй байна. Хариуцагч С.С-ийн О.А гэдэг хүнтэй харилцаж нэхэмжлэгчийн охин Б.Бг Дотоод хэргийн их сургуульд мөнгө төгрөгөөр ярьж оруулж өгнө гэснийг дамжуулсан гэх үйлдэл нь хууль ёсны үйл ажиллагаа биш байх тул хууль зөрчсөн буюу хүчин төгөлдөр бус үүрэг гэж дүгнэж нэхэмжлэгчээс шилжүүлсэн мөнгийг буцаах үндэслэлтэй гэж үзлээ.
7. Нэхэмжлэгч Ө.Б, түүний нөхөр Д.Б нараас нийт 6,000,000 төгрөгийг хариуцагч С.С-ийн дансанд, нэхэмжлэгчээс болон Б.Б, Д.Б нарын данснаас А гэдэг хүний дансанд нийт 4,000,000 төгрөг тус тус шилжүүлсэн үйл баримтын талаар талууд маргахгүй байгаа тул Иргэний хуулийн 492 дугаар зүйлийн 492.1, 492.1.1 дэх хэсэгт “хөрөнгө олж авсан этгээд болон үүрэг гүйцэтгэгч этгээдийн хооронд үүрэг үүсээгүй” гэж, 492.3-т “Үүрэг гүйцэтгүүлэхээр бус харин тодорхой үйлдэл хийлгэх буюу үйлдэл хийхгүй байхаар хэн нэгэн этгээдэд хөрөнгө шилжүүлсэн тохиолдолд нөгөө этгээдийн үйлдэл буюу эс үйлдэхүй хөрөнгө шилжүүлсэн этгээдийн хүсэл зоригт нийцэхгүй бол шилжүүлсэн зүйлээ буцаан шаардаж болно” гэж зааснаас үзэхэд С.С-г үндэслэлгүйгээр хөрөнгөжсөн, хариуцагч С.С-ийн үйлдэл нь нэхэмжлэгчийн хүсэл зоригт нийцээгүй байх тул нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн зарим хэсэг нь үндэслэлтэй байна.
8.Нэхэмжлэгч Ө.Б-ээс хариуцагч С.С-д 4,000,000 төгрөг шилжүүлсэн нь тогтоогдож байгаа тул уг шилжүүлсэн зүйлийг буцаан шаардах эрхтэй байна. Харин нэхэмжлэгчийн нөхөр гэх Д.Б-өөс С.С-д 2,000,000 төгрөг шилжүүлсэн боловч нэхэмжлэгчээс Д.Бийг төлөөлөх эрх олгогдсон талаар баримтгүй байна. Мөн нэхэмжлэгч болон түүний нөхөр Д.Б, охин Б.Б нараас О.А гэдэг хүний дансанд шилжүүлсэн гэх 4,000,000 төгрөгийг уг хөрөнгийг хүлээж авсан этгээдээс буцаан шаардах эрхтэй тул хариуцагч С.С-оос гаргуулах үндэслэлгүй гэж үзлээ.
9.Иймд нэхэмжлэгч Ө.Бийн нэхэмжлэлтэй, хариуцагч С.Сд холбогдох 10,000,000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлээс 4,000,000 төгрөгийн нэхэмжлэлийг хангаж, 6,000,000 төгрөгийн нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэх нь зүйтэй байна.
10.Нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 174,500 төгрөгийг улсын орлого болгож, нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагын хангагдсан хэмжээ болох 4,000,000 төгрөгт ногдох улсын тэмдэгтийн хураамж болох 78,950 төгрөгийг хариуцагчаас гаргуулан нэхэмжлэгчид олгож шийдвэрлэх нь зүйтэй байна.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 759.1, 759.2, 115 дугаар зүйлийн 115.2.2, 116, 118 дугаар зүйлүүдэд заасныг удирдлага болгон
ТОГТООХ нь:
1.Иргэний хуулийн 492 дугаар зүйлийн 492.1, 492.1.1, 492.3 дахь хэсэгт заасныг тус тус баримтлан хариуцагч С.С-оос 4,000,000 (дөрвөн сая) төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч Ө.Бт олгож, нэхэмжлэгчийн илүү нэхэмжилсэн 6,000,000 (зургаан сая) төгрөгийг хэрэгсэхгүй болгосугай.
2.Улсын Тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, , 60 дугаар зүйлийн 60.1 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 174,500 (нэг зуун далан дөрвөн мянган таван зуун) төгрөгийг улсын орлого болгож, хариуцагч С.С-оос 78,950 (далан найман мянган есөн зуун тавин) төгрөгийг гаруулан нэхэмжлэгч Ө.Б-т олгосугай.
3.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 759 дүгээр зүйлийн 759.3, 119 дүгээр зүйлийн 119.4 дэх хэсэгт зааснаар энэ шүүхийн шийдвэр гарсан өдрөөс хойш 10 хоногийн дотор зохигч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгчид гардан авахыг мэдэгдсүгэй.
4.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 7511 дүгээр зүйлийн 7511.1 дэх хэсэгт зааснаар тусгайлсан журмаар хянан шийдвэрлэсэн шүүхийн шийдвэрийг эс зөвшөөрвөл зохигчид, тэдгээрийн итгэмжлэгдсэн төлөөлөгч, өмгөөлөгчид энэ хуулийн 759.3-т заасны дагуу гардуулснаас хойш 7 хоногийн дотор Б аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.
ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Х.МЕЙРАМБЕК