Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2018 оны 02 сарын 14 өдөр

Дугаар 139

 

Чингэлтэй дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч С.Батгэрэл даргалж,

нарийн бичгийн дарга С.Сүхжаргал,

улсын яллагч Н.Анхбаяр,

шүүгдэгч М.Ц, түүний өмгөөлөгч Н.Цэцэгмаа /¹1584/ нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн эрүүгийн шүүх хуралдаанаар Тээврийн прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.3 дахь заалтад зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн А овогт М-ийн Ц-д холбогдох эрүүгийн 1803000010022 дугаартай хэргийг 2018 оны 01 дүгээр сарын 31-ний өдөр хүлээн авч шүүн хэлэлцэв.

 

Шүүгдэгч: Монгол Улсын иргэн, 1986 оны 8 дугаар сарын 25-ны өдөр, Улаанбаатар хотод төрсөн, 32 настай, эрэгтэй, дээд боловсролтой, эрх зүйч мэргэжилтэй, Эрүүл мэндийн Хөгжлийн төвд хуулийн зөвлөх ажилтай, ам бүл 5, эхнэр 0-4 насны 3 хүүхдүүдийн хамт тоотод оршин суух хаягтай, урьд ял шийтгэлгүй, хэрэг хариуцах чадвартай А овогт М-ийн Ц /РД: /

 

Холбогдсон хэргийн талаар /яллах дүгнэлтэд бичигдсэнээр/: яллагдагч М.Ц нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.3 дахь заалтад заасан гэмт хэрэгт холбогджээ.

ТОДОРХОЙЛОХ НЬ:

 

Шүүгдэгч М.Ц нь 2017 оны 12 дугаар сарын 01-ний өдрийн 07 цагийн үед Нийслэлийн Чингэлтэй дүүргийн 3 дугаар хорооны нутаг дэвсгэр байрлах Улсын Их дэлгүүрийн урд талын "Хаан" бууз хоолны газрын зүүн хажуу замд 34-00 УБЧ улсын дугаартай Toyota Alphard” маркийн тээврийн хэрэгсэл жолоодо явахдаа Хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний акт болох Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн 13.1. Явган хүний зохицуулдаггүй гарц руу ойртон ирсэн жолооч хурдаа хасаж, хэрэв явган зорчигч уг гарцаар явж байвал зам тавьж өгнө"...гэсэн заалтыг зөрчсөний улмаас явган зорчигч хохирогч М.Отгонжаргалыг мөргөж, эрүүл мэндэд нь зүүн чамархай, зулай ясны шугаман хугарал, тархины зүүн тал бөмбөлөгийн чамархай хэсгийн хатуу хальсан дээрх цусан хураа, тархины баруун тал бөмбөлгийн чамархай хэсгийн эдийн няцрал, зүүн чамархай, зулайн хуйхны зөөлөн эдийн няцрал, зүүн эгэм, зүүн талын 7-р хавиргааны талд хугарал, зүүн хацар, цээжний зулгаралт, зүүн хөлийн шагай орчмын зөөлөн эдийн няцрал, цус хуралт гэмтэл бүхий хүнд хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутай болох нь:

Шүүгдэгчийн шүүхийн хэлэлцүүлэг болон мөрдөн байцаалтын шатанд хэргээ хүлээн мэдүүлсэн мэдүүлэг,

Хохирогч М.Отгонжаргалын мөрдөн байцаалтад өгсөн: “...2017 оны 12 дугаар сарын 01-ний өдрийн өглөөний 07 цаг 40 минутын үед би Улсын Их дэлгүүрийн баруун урд талын замд замынхаа баруун талаас зүүн тийш чигээрээ зам хөндлөн гарч байтал замын хойд талаас буюу баруун гар талаас ирж байсан машинд мөргүүлж шидэгдэж газар унасан дараа нь түргэний машинаар гэмтлийн эмнэлэг явсан...” гэх мэдүүлэг /хх-ийн 14-17х/,

2017 оны 12 дугаар сарын 12-ны өдрийн шинжээч эмчийн 15092 дугаартай “...М.Отгонжаргалын биед зүүн чамархай, зулай ясны шугаман хугарал, тархины зүүн тал бөмбөлөгийн чамархай хэсгийн хатуу хальсан дээрх цусан хураа, тархины баруун тал бөмбөлгийн чамархай хэсгийн эдийн няцрал, зүүн чамархай, зулайн хуйхны зөөлөн эдийн няцрал, зүүн эгэм, зүүн талын 7-р хавиргааны талд хугарал, зүүн хацар, цээжний зулгаралт, зүүн хөлийн шагай орчмын зөөлөн эдийн няцрал, цус хуралт бүхий гэмтлүүд тогтоогдлоо...” Дээрх зүүн чамархай, зулай ясны шугаман хугарал гэмтэл нь шүүх эмнэлэгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 3.1.2-т зааснаар учрах үедээ амь насанд аюултай тул гэмтлийн хүнд зэрэгт хамаарна...” гэх дүгнэлт /хх-ийн 31-32х/,

2018 оны 01 дүгээр сарын 08-ны өдрийн шинжээчийн “...Тоёота Алпард маркийн 34-00 УБЧ улсын дугаартай автомашиныг жолоодон явсан М.Ц нь Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн 13.1. Явган хүний зохицуулдаггүй гарц руу ойртон ирсэн жолооч хурдаа хасаж, хэрэв явган зорчигч уг гарцаар явж байвал зам тавьж өгнө...” гэсэн заалтыг зөрчсөн байх үндэслэлтэй байна...” гэх дүгнэлт /хх-ийн 51х/,

 Хэргийн газарт үзлэг хийсэн тэмдэглэл, үзлэгийн явцад бэхжүүлж авсан гэрэл зургийн үзүүлэлтүүд, /хх-ийн 2-6х/ болон хавтас хэрэгт авагдсан бусад бичгийн нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдож байна.

Дээрхи нотлох баримтууд нь энэ хэрэгт хамааралтай, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан журмаар цуглуулж, бэхжүүлсэн, хэргийг хянан шийдвэрлэхэд хангалттай гэж шүүх үнэлэв.

Иймд шүүгдэгч М.Ций тээврийн хэрэгсэл жолоодон замын хөдөлгөөнд оролцон явахдаа Монгол улсын замын хөдөлгөөний дүрмийг баримтлалгүй хайхрамжгүй хандан болгоомжгүйгээр явган зорчигчийг мөргөж хүний эрүүл мэндэд хүнд хохирол учруулсан гэмт үйлдэлд нь тээврийн прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.3 дахь заалтад заасанд холбогдуулан яллах дүгнэлт үйлдэн хэргийг шүүхэд ирүүлсэн нь, хэргийн зүйлчлэл тохирсон, түүнд ял шийтгэл оногдуулах үндэслэлтэй гэж шүүх дүгнэв.   

Хохирогч М.Отгонжаргалд шүүгдэгч М.Ц нь нийт 7.400.000 төгрөг төлсөн болох нь хавтас хэрэгт авагдсан баримтаар тогтоогдсон, хохирогч нь гомдол саналгүй, цаашид нэхэмжлэх зүйлгүй гэдгээ илэрхийлсэн хүсэлтээ /хх-ийн 111х/ шүүхэд ирүүлсэн болно. Мөн М.Ц нь шүүхийн хэлэлцүүлэгт хохирогчид цаашид гарах эмчилгээний зардлыг төлж барагдуулах болохоо илэрхийлж буй тул М.Отгонжаргалыг цаашид гарах эмчилгээний зардлаа иргэний журмаар нэхэмжлэх эрхтэйг дурдаж шийдвэрлэв. 

 

Шүүгдэгч М.Цд ял шийтгэл оногдуулахдаа хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй бөгөөд тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас анх удаа болгоомжгүйгээр гэмт хэрэг үйлдсэн, гэмт хэрэг үйлдсэний дараа хохирогчид шууд эмнэлгийн болон бусад туслалцаа үзүүлсэн, учруулсан хохиролоо сайн дураараа төлж барагдуулсан, цаашид гарах эмчилгээний зардлыг төлөхөө илэрхийлж байгаа, үйлдсэн гэмт хэрэгтээ чин санаанаасаа гэмшиж хүлээж буй байдал зэргийг хөнгөрүүлэх нөхцөл байдалд тооцож, хувийн байдлыг нь харгалзан түүнд оногдуулсан хорих ялаас чөлөөлж шийдвэрлэв.

 

М.Цд шүүхээс оногдуулсан тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг хассан нэмэгдэл ялыг тооцуулахаар түүний ¹317088 дугаартай жолоочийн үнэмлэхийг Шийдвэр гүйцэтгэлийн албанд хүргүүлэв.

 

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2, 36.6, 36.7, 36.8, 36.10, 37.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт заасан зүйл заалтуудыг тус тус удирдлага болгон  

ТОГТООХ нь:

1. Шүүгдэгч А овогт М-ийн Ц-ийг автотээврийн хэрэгслийн жолооч хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний актыг зөрчсөний улмаас хүний эрүүл мэндэд хүнд хохирол учруулсан буюу Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.3 дахь заалтад заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.3 дахь заалтад зааснаар М.Цд тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг 1 /нэг/ жилийн хугацаагаар хасч, 1 /нэг/ жил хорих ял шийтгэсүгэй.

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1 дэх заалтыг журамлан М.Цд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.3 дахь заалтад зааснаар оногдуулсан 1 /нэг/ жил хорих ялаас чөлөөлсүгэй.

4. М.Ц нь цагдан хоригдсон хоноггүй, энэ хэрэгт битүүмжлэгдсэн хөрөнгөгүй, эд мөрийн баримтаар хураагдан ирсэн зүйлгүй, хохирогч М.Отгонжаргалд эмчилгээний зардалд нийт 7.400.000 төгрөг төлсөн болохыг тус тус дурдсугай.

5. Хохирогч М.Отгонжаргал нь цаашид гарах эмчилгээний зардал болох хохиролоо холбогдох баримтаа бүрдүүлэн Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуульд заасан журмаар жич нэхэмжлэх эрхтэй болохыг дурдсугай.

 6. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.7 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар М.Цд шүүхээс оногдуулсан тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг 1 /нэг/ жилийн хугацаагаар хассан нэмэгдэл ялыг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болсон үеэс эхлэн хугацааг тоолуулахаар, түүний ¹317088  дугаартай жолоочийн үнэмлэхийг, шийтгэх тогтоолын хамт Шүүхийн шийдвэр гүйцэтгэх албанд хүргүүлсүгэй.

7. Шүүхийн шийтгэх тогтоолыг улсын яллагч, шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн хууль ёсны төлөөлөгч, өмгөөлөгч өөрөө гардан авсанаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн Давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурдсугай.

8. Тогтоол танилцуулан сонсгосноор хүчинтэй болох бөгөөд тогтоолд давж заалдах гомдол, эсэргүүцэл гаргавал тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж. М.Цд урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

 

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                                С.БАТГЭРЭЛ