| Шүүх | Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | А.Ганзориг |
| Хэргийн индекс | 128/2023/0173/3 |
| Дугаар | 128/ШШ2024/1051 |
| Огноо | 2024-12-18 |
| Маргааны төрөл | Татвар, |
Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр
2024 оны 12 сарын 18 өдөр
Дугаар 128/ШШ2024/1051
2024 12 18 128/ШШ2024/1051
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч А.Ганзориг даргалж, шүүгч Ц.Мөнхзул, шүүгч Ц.Одмаа нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн 2 дугаар танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар,
Нэхэмжлэгч: “Алтайн хүдэр” ХХК /РД:5095549/,
Хариуцагч: Татварын ерөнхий газар,
Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Н, олзодмаа /цахимаар/, нэхэмжлэгчийн өмгөөлөгч Т.П, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Х.А, Ц.Т /цахимаар/, иргэдийн төлөөлөгч Б.Б*******, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Э.Т******* нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэг.Нэхэмжлэлийн шаардлага:
1.1.Нэхэмжлэгч нь хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад “Шүүхийн шийдвэрийн дагуу хийгдсэн 2010-2014 оны тайлангийн залруулгыг TaxAct программд хууль бусаар сэргээж, төлбөл зохих АМНАТ-ийг 22,382,701,431.10 төгрөгөөр нэмэгдүүлж бүртгэсэн Татварын ерөнхий газрын үйлдлийг илт хууль бус актад тооцуулах, дээрх хууль бусаар сэргээгдсэн 22,382,701,431.10 төгрөгийг TAIS системд бууруулж бүртгэхийг даалгах” гэж нэхэмжлэлийн шаардлагаа тодруулсан.
Хоёр.Хэргийн үйл баримт, процессын түүхийн талаар:
2.1.Дүүргийн Иргэний хэргийн анхан шатны 1 дүгээр шүүхийн 2014 оны 03 дугаар сарын 04-ний өдрийн 2569/с дугаар шийдвэрээр Засгийн газрын 2011 оны 193 дугаар тогтоолын 2.4-ийн 4 дэх заалт ба мөн 2013 оны 131 дүгээр тогтоолын 3 дахь заалтын 2-ийн төмрийн баяжмал-д холбогдох хэсэг, 2007 оны 88 дугаар тогтоолын 2 дугаар хавсралтаар батлагдсан Зарим экспортын бүтээгдэхүүний борлуулалтын үнэлгээний үндэслэл болгох Монголбанкны болох зах зээлийн үнийн эх сурвалжийн нэр-ийн 3 дахь заалт, 2013 оны 131 дүгээр тогтоолын 2 дахь заалтын төмөр-т холбогдох хэсгийг тус тус хүчингүй болгож шийдвэрлэсэн.
2.2.Улсын Дээд шүүхийн хяналтын шатны иргэний хэргийн шүүх хуралдааны 2014 оны 10 дугаар сарын 03-ны өдрийн 546 дугаар тогтоолоор анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээж шийдвэрлэсэн бөгөөд нэхэмжлэгчийн хүсэлтийг үндэслэн хариуцагч Татварын ерөнхий газар ашигт малтмалын нөөц ашигласны төлбөрийн тооцоолол хийж, “Алтайн хүдэр” ХХК-тай тооцоо нийлсэн акт үйлдсэн.
2.3.Нэхэмжлэгч “Алтайн хүдэр” ХХК-ийн зүгээс Татварын ерөнхий газрын 2019 онд татвар бүртгэлийн цахим системд шилжүүлэх үеэр 2014 онд шүүхээс хүчингүй болгож шийдвэрлэсэн Засгийн тогтоолыг шүүхийн шийдвэр гарахаас өмнөх хугацаанд хүчин төгөлдөр үйлчилсэн хэмээн тайлбарлаж “Алтайн хүдэр” ХХК-ийн төлөх ёстой ашигт малтмалын нөөц ашигласны төлбөрийн дүнг үндэслэлгүйгээр 22,382,701,431.10 төгрөгөөр нэмэгдүүлснийг эс зөвшөөрч шүүхэд нэхэмжлэл гаргасан.
Гурав. Маргаж буй үндэслэл, талуудын тайлбар:
3.1.Нэхэмжлэгч “Алтайн хүдэр” ХХК-иас шүүхэд ирүүлсэн нэхэмжлэлийн үндэслэлдээ: “... “Алтайн хүдэр” ХХК нь Засгийн газрын 2011 оны 193 дугаар тогтоолын 2.4-ийн 4 дэх заалт ба, мөн 2013 оны 131 дүгээр тогтоолын 3 дахь заалтын 2-ийн “төмрийн баяжмал”-д холбогдох хэсэг, Засгийн газрын 2007 оны 88 дугаар тогтоолын 2 дугаар хавсралтаар батлагдсан “Зарим экспортын бүтээгдэхүүний борлуулалтын үнэлгээний үндэслэл болгох Монгол банкны болон зах зээлийн үнийн эх сурвалжийн нэр”-ийн 3 дахь заалт, Засгийн газрын 2013 оны 131 дүгээр тогтоолын 2 дахь заалтын “төмөр”-т холбогдох хэсгийг Монгол Улсын холбогдох хууль тогтоомж зөрчсөн хэмээн үзэж Дүүргийн иргэний хэргийн анхан шатны нэгдүгээр шүүхэд хандсан. Шүүхээс 2014 оны 3 дугаар сарын 04-ний өдрийн 2569/с тоот шийдвэрээр Засгийн газрын дээрх тогтоолуудын нэр дурдагдсан хэсгүүдийг тус тус хүчингүй болгож шийдвэрлэсэн. Ингэхдээ зөрчигдсөн эрхийг анхны байдалд буцаан сэргээх зорилго бүхий иргэний эрх зүйн хамгаалалт болох Иргэний хуулийн 9 дүгээр зүйлийн 9.4.7-д “Иргэний эрхийг бусдын эрх зөрчсөн шийдвэрийг хүчингүй болгох аргаар хамгаална.” гэх заалтыг шүүхийн шийдвэрийн тогтоох хэсгийн 1-т үндэслэсэн ба Засгийн газрын 2013 оны 131 тогтоолоор 2007 оны 88, 2011 оны 193 дугаар тогтоолуудын Төмөр болон төмрийн баяжмалд холбогдох хэсэгт өөрчлөлт оруулсан бөгөөд зөвхөн 2013 оны 131 дүгээр тогтоолын холбогдох заалтуудыг хүчингүй болгосноор өмнөх тогтоолын заалтууд сэргэх учир бүхэлд нь хүчингүй болгож өгнө үү гэсэн нэхэмжлэгч талын шаардлага үндэслэлтэй гэж үзлээ” хэмээн үндэслэх хэсэгт дүгнэсэн.
Ингэснээр хууль бус Засгийн газрын тогтоолуудын улмаас нэхэмжлэгчийн эрх ашиг зөрчигдөхөөс өмнөх байдалд нөхөн сэргээгдэх буюу хэм хэмжээний актыг анх гарсан цагаас нь хойш эрх зүйн үр дагаваргүйд тооцох тухай маш тодорхой дүгнэлтийг шүүхээс хийсэн нь хожим Улсын Дээд шүүхийн Хяналтын шатны Иргэний хэргийн шүүх хуралдааны 2014 оны 10 дугаар сарын 03-ны өдрийн 546 дугаар тогтоолоор хэвээр үлдээж, тус шийдвэр хуулийн хүчин төгөлдөр болсон. Ийнхүү нэхэмжлэгчийн эрх ашиг хууль бус хэм хэмжээний актын улмаас зөрчигдөхөөс өмнөх байдалд буцаан сэргээгдсэн буюу “Алтайн хүдэр” ХХК нь Засгийн газрын хууль бус тогтоолууд хэрэгжсэн бүхий л хугацаанд Ашигт малтмалын тухай хуулийн 47 дугаар зүйлийн 47.2.3-д “гадаадын зах зээлд борлуулсан бүтээгдэхүүний зах зээлийн жишиг үнийг тодорхойлох боломжгүй тохиолдолд тусгай зөвшөөрөл эзэмшигчийн мэдүүлсэн борлуулалтын орлогыг үндэслэн борлуулалтын үнэлгээг тооцно” гэх журмын дагуу АМНАТ нөхцөл бүрдсэн.
Бид хууль бус захиргааны хэм хэмжээний акт хэрэгжсэн 2014 оны 10 дугаар сарын 03-ны өдрийг хүртэл хугацаанд гэрээний үнийн дүнгээс хувь тооцон АМНАТ-ыг тайлагнаж байсан ч татварын улсын байцаагч нарын зүгээс тайлан хүлээн авах бүртээ тэр дор нь төлбөл зохих дүнг нэмэгдүүлэн бүртгэсэн гар бичилтүүдийг хийж байсан. Энэ хугацаанд бид тооцоо нийлэх тухай албан бичгийг Татварын ерөнхий газар болон Сангийн яаманд удаа дараа гаргаж байсан. Үүнтэй холбоотойгоор Татварын ерөнхий газраас “Сангийн яамнаас тодруулга, цаашид баримтлах үнийн эх сурвалжийн мэдээ, тооцоо судалгаа авагдсаны дараа тооцоо нийлэх боломжтой”, Сангийн яамнаас “Татварын ерөнхий газарт холбогдох тооцоо, судалгаа хүргэсэн тул тооцоо нийлэх боломжтой” талаарх албан бичгүүдийг ирүүлж байсан.
Гэвч Татварын ерөнхий газраас 2015 оны 10 дугаар сарын 30-ны өдрийн 8/2927 тоот албан бичгээр “2014 оны 3 дугаар сарын 04-ний өдрийн 2569/с тоот шийдвэр нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119.2-т “шийдвэр танилцуулан сонсгомогц хүчинтэй болно” гэж заасны дагуу Улсын дээд шүүхээс 2014 оны 10 дугаар сарын 03-ны өдрийн тогтоолоор хэвээр үлдээснээр хуулийн хүчин төгөлдөр болно гэж үзнэ. Иймд шүүхийн шийдвэр хүчин төгөлдөр болох хүртэлх хугацаанд ... Засгийн газрын тогтоолуудыг үндэслэн АМНАТ-ийн жишиг үнээр тооцох бөгөөд шүүхийн шийдвэрээс хойш хугацаанд борлуулалтын орлогыг үндэслэн тооцно” гэж Улсын төсвийн орлого хяналтын газарт мэдэгдсэн.
Үүний дараагаар Сангийн яамнаас Энэтхэг Улсаас Бүгд найрамдах Хятад улсад экспортолж буй үнийн сурвалжийг үндэслэн 2009-2014 онууд дахь АМНАТ-ийг дахин тооцох чиглэлийг Татварын ерөнхий газарт ирүүлсэн. Үүнийг үндэслэн Татварын ерөнхий газрын байцаагч нар нөхөн торгууль, алданги тооцоод 2015 он татварын нөхөн ногдуулалтын акт үйлдсэн бөгөөд уг актыг 2016 оны захиргааны хэргийн шүүхийн 930 тоот шийдвэрээр хүчингүй болгосныг Улсын Дээд шүүхийн 2017 оны 125 дугаар тогтоолоор хэвээр үлдээсэн. Эдгээр шүүх хуралдааны үеэр дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2014 оны 3 дугаар сарын 04-ний өдрийн 2569/с тоот шийдвэр, үүний агуулга болон хүчингүй болсон Засгийн газрын тогтоолыг дахин хэрэглэж буй Татварын ерөнхий газрын үйл ажиллагааг дараах байдлаар тайлбарлаж байв. Үүнд:
Дүүргийн Иргэний хэргийн анхан шатны 2014 оны 2569/с тоот шийдвэр, Улсын Дээд шүүхийн хяналтын шатны Иргэний хэргийн шүүх хуралдааны 546 дугаар тогтоол 2014 оны 10 дугаар сарын 03-ны өдөр хуулийн хүчин төгөлдөр болжээ... Хариуцагчаас шүүхийн эцсийн шийдвэр гарахаас өмнөх хугацаанд хууль зөрчсөн Засгийн газрын тогтоол хүчин төгөлдөр байсан, хүчин төгөлдөр байсан хугацаанд хамааруулж захиргааны акт гаргасан гэж маргаж байгаа үндэслэлийг хүлээн зөвшөөрөх боломжгүй. Учир нь энэ нь хууль дээдлэх зарчимд үл нийцэх бөгөөд Засгийн газрын хэм хэмжээ тогтоосон шийдвэрийг эрх бүхий этгээдийн зүгээс “хууль зөрчсөн” гэх үндэслэлээр хэзээ хүчингүй болгосноос үл хамааран дагаж биелүүлэхгүй байх нь хууль дээдлэх зарчимд нийцнэ” гэж дүгнэсэн.
Харин Улсын дээд шүүхийн 2017 оны 125 тоот тогтоолоор Давж заалдах шатны шүүхийн шийдвэрийг өөрчлөн шийдвэрлэхдээ “Засгийн газрын тогтоол 2014 оны 10 дугаар сард хүчингүй болсон нь нэхэмжлэгч “Алтайн хүдэр” ХХК 2010 оноос 2014 оны 10 дугаар сар хүртэл хугацаанд АМНАТ-ыг хуульд заасан хувь хэмжээгээр, хүчин төгөлдөр мөрдөгдөж байсан тухайн тогтоолд заасан жишиг үнэ, аргачлалын дагуу бодож төлөөгүйг зөвтгөх үндэслэл болохгүй...” хэмээн дүгнэсэн нь Монгол Улсын Үндсэн хуулиар хамгаалагдсан “хууль дээдлэх ёс” Захиргааны ерөнхий хуулийн 4.2.1-д заасан “хуульд үндэслэх” гэсэн эрх зүйт төрийн зарчмыг алдагдуулахад хүргэсэн байна. Дээр дурдсанчлан захиргаа хуульд үндэслэх зарчмын дагуу хүчингүй болсон хэм хэмжээг үндэслэн захиргааны акт гаргах боломжгүй. Харин шүүхээс захиргааны хэм хэмжээний актыг хууль зөрчсөн гэх үндэслэлээр хүчингүй болгосон бол Захиргаа тэрхүү эрх зүйн үр дагаваргүй болсон хэм хэмжээг хэрэглэн акт гаргах боломжгүй юм. Гэтэл давж заалдах шатны шүүхээс “...Хариуцагч татварын улсын байцаагч нар “Алтайн хүдэр” ХХК-ийн 2010-2014 онд экспортод гаргасан төмрийн хүдэр, баяжмалын борлуулалтад АМНАТ-ийг тухайн үед хүчин төгөлдөр үйлчилж байсан дээрх Засгийн газрын тогтоолын дагуу тооцсон нь үндэслэлтэй байна...” гэж дүгнэсэн нь буруу байна.... Нэгтгэн дүгнэвэл Засгийн газрын тогтоол хууль бус болохыг нь тогтоосон шүүхийн шийдвэр гарсан цагаасаа хойш үйлчлэх ёстой гэсэн зарчмаар зөвтгөн хүчингүй болсон хууль бус хэм хэмжээг үндэслэн гарсан захиргааны актыг хууль бус хэм хэмжээг үндэслэн гарсан захиргааны актыг хууль хууль ёсны гэж зөвтгөн нэхэмжлэгчийн эрх зүйн байдлыг дордуулах боломжгүй юм. Иймээс анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээхээр тогтов гэж дүгнэсэн.
Ийнхүү дүүргийн Иргэний хэргийн анхан шатны 1 дүгээр шүүхийн 2014 оны 3 дугаар сарын 04-ний өдрийн 2569/с тоот шийдвэрээр Засгийн газрын тогтоолуудын холбогдох хэсгүүдийг хүчингүй болгож, “Алтайн хүдэр” ХХК нь хууль бус жишиг үнэлгээ /Австрали Улсаас БНХАУ-д нийлүүлсэн төмрийн үнэ/-ээр биш, Ашигт малтмалын тухай хуулийн 47 дугаар зүйлийн 47.2.3 дугаар зүйлийн дагуу борлуулалтын үнэлгээнээс хувь тооцож АМНАТ төлөх нөхцөл бүрдсэн. Мөн түүнчлэн Улсын дээд шүүхийн 2017 оны 125 дугаар тогтоолоор шүүхээс нэгэнт хүчингүй болгосон Засгийн газрын дээрх тогтоолуудыг үндэслэн, өөр үнийн эх сурвалж /Энэтхэг Улсаас БНХАУ нийлүүлсэн төмрийн үнэ/-ийг хэрэглээд 2009-2014 онд дахин АМНАТ тооцож, нөхөн татвар, алданги, торгууль ногдуулсан Татварын ерөнхий газрын үйлдлийг хүчингүй болгосон.
Иргэний болон Захиргааны хэргийн шүүхээс явуулсан дээрх 2 удаагийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаагаар ЗГ-ын нэр бүхий тогтоолуудын төмөрт холбогдох зарим хэсгүүд анх батлагдахдаа л хууль зөрчсөн болохыг тогтоож, ийнхүү хууль бус тогтоолын улмаас нэхэмжлэгчийн зөрчигдсөн эрхийг зөрчигдөхөөс өмнөх байдалд буцаан сэргээж, нэгэнт хүчингүй болсон ЗГ-ийн тогтоолыг үндэслэн үйлдэгдсэн нөхөн ногдуулалтын актыг хүчингүй болгохдоо, шүүхийн шийдвэр гарсан цагаасаа хойш үйлчлэх ёстой гэж тайлбарлаад хүчингүй болсон хэмжээний актыг үндэслэн захиргаа аль нэг төрлийн акт гаргах нь эрх зүйт төрийн зарчимд нийцэхгүй болохыг тогтоосон ба эдгээр шийдвэрүүд эдүгээ хуулийн хүчин төгөлдөр үйлчилж байна.
Ингээд Татварын ерөнхий газрын Улсын төсөв, орлого хяналтын газраас “2014 оны 10 дугаар сарын 03-ны өдрийн 546 дугаар тогтоолоор Засгийн газрын ... тогтоолуудын ... заалтыг хүчингүй болгож шийдвэрлэсэн бөгөөд 2017 оны 4 дүгээр сарын 10-ны өдөр ... Улсын дээд шүүхийн хуралдаанаар хүчингүй болсон Засгийн газрын тогтоолыг барьж акт тавьсан нь хууль зүйн үндэслэлгүй байна гэж дүгнэсэн... хууль зүйн ямар эх сурвалжийг үндэслэн ажиллах талаар чиглэл өгнө үү” гэх 2017 оны 4 дүгээр сарын 10-ны өдрийн 01/313 тоот албан бичгийг Татварын ерөнхий газрын Хуулийн хэлтэст хүргүүлсэн.
Үүний дараагаар Татварын алба “Алтайн хүдэр” ХХК-ийн 2010-2014 онууд дахь 5 удаагийн санхүүгийн тайлангуудыг 2017 оны 5 дугаар сарын 25-аас 30-ны өдрүүдэд хүлээн авсан. Хянаад Татварын ерөнхий газрын Хуулийн хэлтсээс Улсын төсөв орлого хяналтын газарт хүргүүлсэн 2017 оны 6 дугаар сарын 27-ны өдрийн 10/1931 тоот бичиг “Засгийн газрын ... тогтоолуудын холбогдох заалтуудыг хүчингүй болохыг тогтоосон шүүхийн шийдвэр гарсан тул холбогдох татварын тайланд залруулга хийх нь зүйтэй...” тухайн үед хэрэглэгдэж байсан TaxAct гэх албаны дотоод программд зохих бүртгэлийг хийж, Дүүргийн иргэний хэргийн анхан шатны 1 дүгээр шүүхийн 2014 оны 3 дугаар сарын 04-ний өдрийн 2569/с тоот шийдвэрийг хэвээр үлдээсэн Улсын дээд шүүхийн 2014 оны 10 дугаар сарын 03-ны өдрийн 546 дугаар тогтоол бүрэн хэрэгжсэн.
Гэтэл Татварын ерөнхий газрын Хуулийн хэрэгжилтийг хангах газраас “Улсын дээд шүүхийн 2014 оны 10 дугаар сарын 546 дугаар тогтоолоор Засгийн газрын ... тогтоолын ... заалтыг хүчингүй болгож шийдвэрлэсэн бөгөөд дээр захиргааны хэм хэмжээний актын эрх зүйн үйлчлэл нь тухайн цаг хугацаанаас хойш үйлчлэх тул “Алтайн хүдэр” ХХК-ийн 2014 оны 10 дугаар сарын 24-ний өдрөөс өмнөх тодруулбал 2009-2014 оны АМНАТ-ийн тайланг залруулсан нь хууль зүйн үндэслэлгүй байна” гэх 2018 оны 6 дугаар сарын 13-ны өдрийн 10/2010 тоот бичгийг Улсын төсөв орлого хяналтын газарт хүргүүлж, Улсын төсөв орлого хяналтын газраас “Алтайн хүдэр" ХХК-ийн 2009-2014 оны АМНАТ тайланд ... Улсын дээд шүүхийн 2014 оны 546 дугаар тогтоолоор ... Засгийн газрын ... тогтоолын ... заалтыг хууль бус болохыг тогтоож хүчингүй болгосон шүүхийн шийдвэр болон Татварын ерөнхий газрын Хуулийн хэлтсийн 2017 оны 6 дугаар сарын 27-ны өдрийн 10/1931 тоот албан бичигт тайланд залруулга хийх чиглэл өгсний дагуу... тайлангийн залруулгыг 2017 оны 7 дугаар сарын 06-ны өдөр хийсэн болно. Гэвч тухайн залруулгатай холбоотойгоор Татварын ерөнхий газрын Хуулийн хэрэгжилтийг хангах газраас 2018 оны 6 дугаар сарын 13-ны өдрийн 10/2010 тоот бичгээр тус компанийн 2009-2014 оны АМНАТ тайланг залруулсан хууль зүйн үндэслэлгүй байна гэсэн албан тоот ирүүлсний дагуу холбогдох тайланг татварын төлөгчийн залруулга хийхээс өмнө баталгаажсан байсан тайланг сэргээх залруулгыг хийж өгнө үү” гэх 2018 оны 6 дугаар сарын 18-ны өдрийн 2018/225 тоот дотоод зурвасыг Мэдээлэл технологи статистикийн төвд хүргүүлсэн.
Татварын ерөнхий газрын Хуулийн хэрэгжилтийг хангах газраас “Алтайн хүдэр” ХХК-ийн тайлагнасан АМНАТ тайлангуудыг ... 2017 оны 7 дугаар сард засварлуулсан нь хууль зүйн үндэслэлгүй гэж үзсэн тул 2013, 2014 онд... татварын алба хүлээн авсан тайланг буцаан сэргээх шаардлагатай байна ... 2017 онд засварлагдсан 2013, 2014 оны АМНАТ тайлангуудыг түүх болгон хадгалах үүднээс илгээсэн төлөвт шилжүүлж, 2013, 2014 оны АМНАТ тайлангуудыг татвар төлөгчийн хуулийн хугацаанд тайлагнасан дүнгээр үүсгэн хүлээн авсан төлөвөөр системийн хугацаанд бүртгэх нь зүйтэй” гэх Гааль, татвар, санхүүгийн мэдээллийн технологийн төв УҮГ”-д хүргүүлсэн 2019 оны 6 дугаар сарын 06-ны өдрийн 101774 тоот бичгийн дагуу 2017 оны 7 дугаар сарын 06-ны өдрийн хийгдсэн залруулгыг буцаан сэргээж, төлбөл зохих татварын дүнг 22,382,701,431.10 төгрөгөөр нэмэгдүүлэн бүртгэсэн.
Татварын ерөнхий газраас шүүхийн шийдвэрийн дагуу залруулга хийгдсэн тайлант дүнг дээрх байдлаар сэргээсэн үйлдэл нь Монгол Улсын Үндсэн хуулийн 1 дүгээр зүйлийн 2-т “...хууль дээдлэх нь төрийн үйл ажиллагааны үндсэн зарчим мөн”, Захиргааны ерөнхий хуулийн 4 дүгээр зүйлийн 4.2-д “захиргааны үйл ажиллагаа нь хуульд үндэслэх, тасралтгүй байх... нууцад хамаарахаас бусад үйл ажиллагаанд ил тод, нээлттэй байх ..., бодит нөхцөлд тохирсон, шийдвэр нь үндэслэл бүхий байх... бусдын эрх, хууль ёсны ашиг сонирхлыг хөндсөн захиргааны шийдвэр гаргах тохиолдолд тэдгээрт урьдчилан мэдэгдэх, оролцоог нь хангах хууль ёсны итгэлийг хамгаалах тусгай зарчмыг баримтална”, Төрийн албаны тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2-т “төрийн үйл ажиллагаа мэргэшсэн, тогтвортой байх зарчмыг баримтална” гэж заасныг тус тус ноцтой зөрчөөд байна.
Шүүхийн тухай хуулийн 23 дугаар зүйлийн 23.1-т “Хуулийн хүчин төгөлдөр шүүхийн шийдвэрийг хүн, хуулийн этгээд заавал биелүүлэх үүрэгтэй. Засгийн газрын хууль бус тогтоолуудын улмаас хууль бус үнийн эх сурвалж болох олон улсын биржийн үнээр АМНАТ тооцож, тайлагнасан нэхэмжлэгчийн зөрчигдсөн эрхийг анхны байдалд буцаан сэргээж Дүүргийн иргэний хэргийн анхан шатны 1 дүгээр шүүхийн 2014 оны 3 дугаар сарын 04-ний өдрийн 2569/с тоот шийдвэр, үүнийг хэвээр үлдээсэн Улсын дээд шүүхийн 2014 оны 10 дугаар сарын 03-ны өдрийн 546 дугаар тогтоолуудыг тус тус зөрчсөн байх тул Шүүхийн шийдвэрийн дагуу залруулга хийгдсэн тайлант дүнг сэргээсэн Татварын ерөнхий газрын үйлдлийг Захиргааны ерөнхий хуулийн 47 дугаар зүйлийн 47.1.6 болон Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106.3.2-д заасны дагуу илт хууль бус болохыг тогтоож, зохих бүртгэлийг хийхийг даалгаж өгнө үү” гэжээ.
3.2.Нэхэмжлэгчийн өмгөөлөгч Т.П шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “Нэхэмжлэлийн нэгдүгээр шаардлага нь 2010-2014 оны тайлангуудыг татварын программд хууль бусаар сэргээж төлбөл зохих АМНАТ-ийг нийлбэр дүнгээр 22,382,701,431.10 төгрөгөөр нэмэгдүүлж бүртгэсэн үйлдлийг илт хууль бус акт буюу шүүхийн шийдвэр гарчхаад байхад эрх зүйн үндэслэлгүйгээр хүний татварыг нэг өглөө сэрэхэд нь үндэслэлгүйгээр цахим программ дээр сэргээчихсэн. Хоёрдугаарт энэхүү маргаан 3 дахь удаа явж байгаа маргаан учраас асуудлыг нэг мөр шийдвэрлэх үүднээс 22,382,701,431.10 төгрөгөөр бууруулаад одоогийн цахим системд бууруулж бүртгэхийг даалгах гэж байгаа. Засгийн газрын нэр бүхий тогтоолууд гарсан үүнийг Дүүргийн Иргэний хэргийн анхан шатны 1 дүгээр шүүхээс хүчингүй болгож шийдвэрлэсэн гэхдээ Иргэний хуулийн 9 дүгээр зүйлийн 9.4 дэх хэсэгт заасан 10 гаруй заалтууд нь бүгд эрх ашгийг зөрчигдөхөөс өмнөх байдалд нь буцаан сэргээх зорилготой байдаг. Үүнийг 9 дүгээр зүйлийн 9.1 дэх хэсэгт тодорхой заасан байгаа аль ч арга хэрэгслээр захиргааны хууль бус үйл ажиллагааны улмаас иргэний зөрччихсөн эрх ашгийг сэргээх тохиолдолд буцааж сэргээж байгаа.
Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад гэрч нарыг асуухад “татварын байгууллага гэдэг бол босоо удирдлагатай байгууллага нэг хүний бие даасан шийдвэр гэж байхгүй, хүлээж авсан байцаагч нь хүртэл энэ шийдвэрийг бие дааж гаргадаггүй нэр цохож байгаад гурван даргын нэрийг дурддаг, эдгээр гурван даргын зөвшөөрлийн үндсэн дээр тооцоо нийлсэн гэдэг” тооцоо нийлсэн баримт бичгүүдийг нь товчхон дурдахад Сангийн яамны 2015 оны 10 дугаар сарын 12-ны өдрийн 6/5995 тоот бичгээр шүүхийн шийдвэрийн дагуу “Алтайн хүдэр” ХХК-тай тооцоо нийлэх боломжтойг мэдэгдсэн, Татварын ерөнхий газрын улсын байцаагч акт хүлээж авсан 2017 оны 05 дугаар сарын 27-ны өдөр 2010-2014 оны нийтдээ таван оны тайланг хүлээж авсан. 2017 оны 06 дугаар сарын 25-30-ны өдрийн хооронд шат дараатайгаар хүлээж аваад хуулийн хэлтсийн газраас 2017 оны 06 дугаар сарын 27-ны өдөр тайланд залруулга хийх нь зүйтэй байна гэдэг. Өөрөөр хэлбэл хууль бус Засгийн газрын тогтоолын улмаас хууль бус жишиг үнэлгээгээр АМНАТ тооцоод хүлээгээд авчихсан тайланд залруулга хийх нь зүйтэй байна гэдэг үндэслэлээр тооцоо нийлүүлэх чиглэлийг өгөөд, том татвар төлөгчийн газартай харилцах хэлтсүүд нь дотроо хуралдаад тайланг хүлээж авсан байдаг. Гэрчүүд мэдүүлэг өгөхдөө тооцоо нийлэх актыг цаанаасаа зөвшөөрөл үйлдэж өгсөн бүх зүйл цаанаас чиглэлийн дагуу ирсэн гэж ярьдаг. Мөн нэг ярьдаг зүйл нь тооцоо нийлсэн акт гэдэг зүйл бол байдаггүй гэж ярьдаг. Татварын ерөнхий хуульд заасан бичиг баримтын жагсаалт дээр тооцоо нийлсэн акт гэдэг зүйл байхгүй энэ нь зүгээр л нэг цаас гэдэг, н.Х******* гэх гэрч хэлэхдээ “онцгой тохиолдол байсан хэд хэдэн онцгой тохиолдол гардаг, бид онцгой тохиолдолд тооцоо нийлсэн акт үйлдээд явдаг, онцгой тохиолдол дундаа тогтмол хэвшчихсэн үйлдэл юм” гэдэг. Тооцоо нийлсэн актыг н.Х******* гэрч яг тодорхой хэлж байгаа. Тооцоо нийлсэн акт гэдэг зүйлийг үйлдээд татвар ноогдох орлогын хэмжээ нь буурчихсан юм биш тайланг нь хүлээж авч хянаад баталгаажуулаад олон удаагийн экспортын өгөгдлүүдийг нийлүүлээд эцсийн байдлаар 734 гэж гаргасныг тооцоо нийлсэн акт гэж байгаа болохоос биш, бүх юм цахим программ дээр хийгдсэн энэ дээр эрх зүйн үр дагавар үүснэ гэж ярьдаг. Татварын ерөнхий газраас ярьдаг нэг үндэслэл нь шүүхийн шийдвэр гарсан цагаасаа хойш хэрэгжинэ гараагүй байх хугацаанд Засгийн газрын тогтоолыг хууль ёсны гэж үзнэ. Дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүх 2014 оны шийдвэрийг эш татаж шүүхийн эцсийн шийдвэр гарахаас өмнөх хугацаанд хууль зөрчсөн Засгийн газрын тогтоолд хүчин төгөлдөр байсан хүчин төгөлдөр байсан хугацаанд хамааруулж уг актыг гаргасан гэж маргаж байгаа үндэслэлийг хүлээн зөвшөөрөх боломжгүй. Учир нь хууль дээдлэх зарчимд үл нийцэх бөгөөд засгийн газрын хэм хэмжээ тогтоосон шийдвэрийг эрх бүхий этгээдийн зүгээс хууль зөрчсөн гэх үндэслэлээр хэзээ хүчингүй болгосноос үл хамаараад дагаж биелүүлэхгүй байх нь хууль дээдлэх зарчимд нийцнэ гэдэг.
Нэхэмжлэгчээс он бүр дээр нэг нэг тайлан гаргасныг гараар засчихсан байдаг. Жишээ нь миний 5 гэж бичсэн тоог татварын байцаагч үгүй 9 гэж бичээд тамгаа дарчихдаг. Тийм баримтууд хэрэгт авагдсан байдаг. Үүнийгээ татварын байцаагч нар юу гэж тайлбарладаг гэхээр энэ танай гаргаж өгсөн байдлаараа байгаа гэдэг. Өөрөө тайлангаа гаргаад өгч байхад гараар засчихсан байгааг миний тайлагнасан тайлан гэж үзэх үү. Ингээд тайлангуудыг хууль ёсны дагуу бүртгэгдсэн дүн гараад ирэхэд өсчихсөн дүнгээр бүртгэгдчихэж байгаа. Гэтэл шүүхийн шийдвэр гарсны дараагаар бид алдаагаа засаад гаргаж өгснийг хүлээгээд авчихсан. Энэ хооронд нөхөн ногдуулалтын акт гараад 2017 онд хүчингүй болсон гэж ярьж байгаа. Тэгэхээр 2014 оны Иргэний хэргийн шүүхийн шийдвэрээр буюу эрх ашгийг нь зөрчигдөхөөс өмнөх байдалд нь буцаан сэргээнэ. Яагаад гэвэл Засгийн газрын тогтоол Сангийн яам, Засгийн газар руу санал оруулж ирчхээд Уул уурхайн яамныхаа саналыг авах ёстой байтал Ашигт малтмалын тухай хуулийн 47 дугаар зүйлд заасны дагуу санал аваагүй шийдчихсэн байдаг. Түүнээс үүдэж Засгийн газрын тогтоол уначхаад байхад дахиад ашиглаад байгаа. Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ц.Т бид ямар ч акт гаргаагүй гэдэг. Цахим үйл ажиллагааг акт гэж ойлгодог. Түүнчлэн тооцоо нийлсэн баримт бичиг огт байхгүй. Бид Захиргааны ерөнхий хууль, Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдэх тухай хууль батлагдахын өмнө Хариуцлагын тухай хууль болон Процессын хуулийг түр мөрддөг байсан. Хэрэв Татварын эрх зүйг Захиргааны процессын эрх зүйн дэд олонлог гэж үзэх юм бол Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуульд заасан актын шинжийг хангасан гэдэг утга агуулгаар нь ч авч үзэх бүрэн хууль зүйн үндэслэлтэй. Хэрвээ эрх зүйн үр дагаврыг нь үүсгэж байгаа юм бол яагаад бид нарт мэдэгдээд сонсох ажиллагаа хийгээгүй бэ, хууль ёсны итгэлийн хамгаалах зарчим хаана байна. Шүүхээс системд үзлэг хийсэн. Шүүгч өөрөө очоод үзлэг хийхээр нэг өөр баримт гаргаад гурван сарын дараа баримт ирүүлэхдээ шал өөр баримт гаргаад тэр нь яагаад өмнөх баримттайгаа зөрөөд байдаг бэ гэдэг асуудал байгаа. Хувь хүнийхээ зүгээс энэ асуудал дээр бухимдалтай байна.
Мөн зөвшөөрөлгүйгээр татварын хэмжээг өөрчилсөн гэдэг зүйлийг яриад байгаа. Хэрэгт авагдсан татварын ерөнхий газрын бичгүүд дээр тамгууд дарагдсан байдаг, бичиг хэргийн дугаар нь олгогдож байгаа энэхүү агуулгаар бодож үзэхэд энэ бүх зүйл холбогдох албан тушаалтнуудаар хянагдсан нь давхар гэрчийн мэдүүлгээр нотлогдоно. Крилл үсгээр биш программ хангамжийн инженер кодоор оруулдаг нь цахим үзлэг хийсэн баримтаар нотлогдоно. Тэгэхээр энэ зөвшөөрөлгүйгээр хийсэн зүйл байхгүй. Хэрэв тийм зүйл байсан бол түүнийг тогтоолгох бүрэн боломж байсан гэхдээ тийм зүйл байхгүй учраас тогтоолгоогүй. Энд ирээд улсын төсөв гэдэг байдлаар халхавчлаад өнгөрнө гэдэг зүйл байхгүй. Хамгийн анхны хуралдаан дээр даргалагч шүүгчээс цахим бүртгэл чинь өсгөж, буцааж, сэргээж бүртгэсэн бүртгэл чинь акт биш юм бол энэ ямар нэгэн эрх зүйн үр дагавар үүсгэх үү үүнийг “Алтайн хүдэр” ХХК нь биелүүлэхгүй байж болох юм биш үү гэхэд үүсгэнэ гэж Ц.Т байцаагч өөрөө хэлдэг. Энэ акт нь эрх зүйн үр дагавар үүсгэж байгаа гадагш чиглэсэн захирамжилсан шинж чанартай акт мөн заавал цаасан тайлбартай байх шаардлагагүй цахим үйл ажиллагаа болно. Шүүхэд гаргаж өгсөн Татварын ерөнхий газрын 2024 оны 12 дугаар сарын 25-ны өдрийн бичигт гурван асуудлаар тайлбар гаргаад нэг журам хавсаргаж өгдөг. Хавсаргасан журмын 6 дугаар зүйлд “ач холбогдолтой татварын албанд хүлээж авсан тайланг цахим татварын системээр боловсруулан нэгтгэнэ”, мөн “тайлангийн нэгтгэлийг үнэн зөв байдал ирцэд татвар хураах болон эрсдэлийн ажил эрхэлсэн татварын улсын байцаагч, татвар төлөгчийн тайлангийн үнэн зөв байдал нэг цэгийн үйлчилгээний татварын улсын байцаагч тус тус хяналт тавина” гэж байгаа. 2008 оны Татварын ерөнхий хууль дээр ч шүүхийн шийдвэр дандаа хугацаанд нь залруулга хийх харилцааг зохицуулсан. Гэтэл энэ нь 2009-2014 оны харилцааг 2017 оны 07 дугаар сарын 06-ны өдөр сэргээж байгаа харилцаа. Энэ хэдий онцгой тохиолдол хэдий ч шүүхийн шийдвэрийг иргэн бүр заавал биелүүлнэ. Хуулийн зохицуулалт байхгүй гэдгээс үл хамаарч биелүүлэхээс татгалзах үндэслэл болохгүй. Тайлангаар үүссэн тайланд нөхөн ногдуулалтын актаар хүчингүй болгоно. Нөхөн ногдуулалтын акт гарвал хөөн хэлэлцэх хугацаанд нь багтаагаад дахиад акт үйлдэх боломжтой гэж Улсын Дээд шүүх тайлбарлаж байгаа. Манайх шиг онцгой тохиолдол хууль зүйн зохицуулалт байхгүй гэхдээ хуульд юу гэж байгаа гэхээр шүүхийн шийдвэр биелэгдэх ёстой гэдэг зүйлийг л хэлж байгаа. Түүнчлэн хэрэгт авагдсан гэрчийн мэдүүлэгт н.Х******* нь үүнийг би хянадаг гэдгийг хэлээд яагаад та нар ийм асуудал ярьж байгааг би гайхаад байна гэдэг. н.Б******* мөн дээрээс чиглэл өгдөг, босоо шатлалтай, би энэ хүмүүстэй уулзаагүй гэж хэлдэг. Татварын байгууллагын хувьд хуулийг хэрэгжүүлж байгаа учраас ажилдаа итгэл үнэмшилтэй байх ёстой. Сангийн яам улсын төсөв базчихсан чиглэл өгөөд ачаалалтай байдаг байх энд цугларч байгаа татвар нь үр ашигтай зарцуулагддаг юм уу үгүй юу гэдгийг иргэн бүр бодох ёстой. Улсын Дээд шүүхийн тогтоолоор тайлангаараа дүгнэсэн нь үгүйсгэсэн тайлангаас гараар засчихсан дүнг хасаад гараар засаагүй дүнгээр үндсэндээ явна гэдэг зүйлийг хэлээд байдаг. Нэг зүйлийг хэлэхэд хуулийн хүчин төгөлдөр шүүхийн шийдвэр эргэж хянагддаг байгуулагдсан гэрээ хүртэл ноцтой дүгнэлт орчихвол хүчин төгөлдөр эсэх асуудал нь яригддаг яг түүнтэй адилхан тайлант хугацаандаа тайлагначихсан дүнг өөрчлөх боломж байхгүй, өөрчлөх боломж нь нөхөн ногдуулалтын акт байсан юм байна. Нөхөн ногдуулалтын актаа тавьчихсан чинь шүүх тэрийг хүчингүй болгочихсон юм байна дахин хөөн хэлэлцэх хугацаандаа багтаад хүчин төгөлдөр мөрдөгдөж байсан Засгийн газрын тогтоолын дагуу нөхөн ногдуулалтын акт тавих боломжтой гэж хэлсэн. Нөхөн ногдуулалтын актад хөөн хэлэлцэх хугацаа тавигдаагүй. Тооцоо нийлсэн актын эрх зүйн үндэслэлд дүгнэлт өгөх шаардлагатай гэж Улсын Дээд шүүх маш тодорхой дүгнэсэн. Тооцоо нийлсэн актын дагуу үнийн дүн буурчихсан гэж хэлээд байгааг нь гайхаж байна. Тоогоо эцэслэж тохирох гэж тооцоо нийлсэн акт үйлдсэн болохоос биш үнийн дүнг буулга гэж үйлдээгүй. Үнийн дүнг тайлангуудыг нь хүлээж авч хянагдаад цахим бүртгэл хийснээр үнийн дүн буурчхаж байгаа. Энэ эцсийн дүнгээ хэд гэдгийг тохирохын тулд тооцоо нийлсэн акт гэдэг хэлбэрийн төдий тоон дээр бүрдэж байгаа гэдгийг гэрч хэлсэн. Гэрээний үнээр тооцох шууд тооцох нь эрх зүйн үр дагавар үүсэхгүй гэж Улсын Дээд шүүхээс тайлбарласан. Шууд тооцох эрх зүйн үр дагавар үүсэхгүй, гэхдээ тэрийг нь уншаад хөөн хэлэлцэх хугацаа гэдэг утга агуулгатай холбогддог. Олон улсын биржийн үнийг тодорхойлох боломжгүй болж байгаа тохиолдолд борлуулагчийн мэдүүлсэн борлуулалтын гэрээний үнийг үндэслэнэ гэдэг тодорхой заалт байгаа. Тэгэхээр хэрэв энэхүү биржийн үнийг зарласан Засгийн газрын тогтоол хууль бус болох нь нэгэнт тогтоогдсон бол энэ утга агуулгаар гэрээний үнээрээ дахин авах ийм боломж байгаа. Тухайн үед нь өөр Засгийн газрын тогтоол хуулийн хүчин төгөлдөр мөрдөгдөж байсан гэж үзэх юм бол яагаад түүнийгээ тавиад хөөн хэлэлцэх хугацаандаа багтаад нөхөн ногдуулалтын акт тавиагүй юм бэ гэдэг асуудал байгаа. Эдгээр нөхцөл байдлыг шүүхээс харгалзаж үзэж нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж өгнө үү.” гэв.
3.3.Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ц.Т шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “...“Алтайн хүдэр” ХХК-ийн 2010-2014 оны ашигт малтмалын нөөц ашигласны төлбөрийн тайланг татварын албаны шийдвэргүйгээр гэрчээр мэдүүлэг өгсөн тухайн чиг үүргийн ажилд хамааралгүй Д.Х******* гэх дарга гарын үсэг зурсан, нэг цэгийн байцаагч С.Б******* гэх байцаагч нарын тооцоо нийлсэн акт гэдэг ийм үндэслэлээр тухайн үед татвар төлөгчийн тайлагнасан байсан татварын дүн тайлантай холбоотойгоор үүссэн татварын дүнд өөрчлөлт хийсэн ийм нөхцөл байдал тогтоогдсон. Энэ нөхцөл байдлууд нь өөрөө татварын албаны шийдвэр биш энэ хоёр хүний татварын алба болон татварын улсын байцаагчийн үйлдэх баримт бичгийн жагсаалтад байхгүй ийм хэлбэрээр шийдвэрийг гаргаж улсын төсөвт ихээхэн хэмжээний хохирол учруулсан учраас бид энэ асуудлыг өмнө нь татвар төлөгчийн өөрийнх нь тайлагнасан байсан төлөвт буюу хууль бус үйлдлийг тогтоох ажиллагааг хийсэн. “Алтайн хүдэр” ХХК-ийн тухайд Засгийн газрын 2007 оны 88 дугаар тогтоолын хоёрдугаар хавсралтын гурав дахь заалт буюу “төмөрт” холбогдох хэсэг мөн 2013 оны 131 дүгээр тогтоолын 3.2 дахь хэсэг мөн 2011 оны 193 дугаар тогтоолын 4.4 дэх заалтыг хүчингүй болгуулахаар Иргэний хэргийн шүүхэд хандсан байдаг. Үүнтэй холбоотойгоор Улсын Дээд шүүхийн Иргэний хэргийн танхимын 2014 оны 10 дугаар сарын 03-ны өдрийн 546 дугаар тогтоолоор өмнө дурдсан Засгийн газрын тогтоолын “Төмөрт” холбогдох хэсгүүд нь 2014 оны 10 дугаар сарын 03-ны өдрийн 546 дугаар тогтоолоор хүчингүй болсон үүнийг би мэдэж байгаа. Үүнийг огт үгүйсгээгүй. 2014 оны 546 дугаартай Улсын Дээд шүүхийн тогтоолд хүчингүй болгосугай гэж заасан байсан болохоос биш, илт хууль бусад тооцсугай гэдэг ийм шийдвэр гараагүй. Тэгэхээр Засгийн газрын тогтоолыг онолын талаасаа, практик талаасаа, эрх зүйн үндэслэл талаасаа ч шууд илт хууль бусад тооцдоггүй, хүчингүй болгоод хүчингүй болгосон хугацаанаасаа тухайн шийдвэр буюу засгийн газрын нэр бүхий тогтоолууд нь хүчингүй болсонд тооцогдоод энэ хугацаанаас үйлчлэл нь хэрэгжиж явдаг.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2 дахь хэсгээр зохицуулагдаад явж байгаа. Татвар төлөгчийн зүгээс хүчингүй болчихсон байхад 2009 онд АМНАТ үүссэн хугацаанаасаа бүх төлсөн татваруудаа хүчингүй болгоно гэдэг байр суурьтай байдаг. Тэгэхээр хүчингүй болгох, илт хууль бусад тооцох гэдэг нь хоёр өөр ойлголт үүнийг ялгаж, салгаж ойлгох ёстой байх гэж бодож байгаа. Түүнчлэн нэхэмжлэлийн шаардлагын хувьд илт хууль бус гэдэг үндэслэлээр маргаан үүсгэсэн байдаг. Татварын албаны зүгээс ямар нэгэн байдлаар “Алтайн хүдэр” ХХК-ийн эрх ашгийг хөндсөн шийдвэр гаргаагүй. Тухайн онуудад буюу 2009-2014 онуудад татвар төлөгч ашигт малтмалын нөөц ашигласны төлбөрийн тайлан гаргаад татварын албанд тусгуулж байсан. Тухайн онууддаа тайлангаа өгөөд явж байсан. Тэгэхээр 2020 оны 01 дүгээр сарын 01-ний өдрөөс татварын ерөнхий хуулийн шинэчилсэн найруулга хүчин төгөлдөр үйлчилж байгаа. Татварын ерөнхий хуулийн 31 дүгээр зүйлийн 31.1 дэх хэсэгт татвар төлөгч тайлангаа дараагийн татварын жилд багтаан залруулж болно гээд залруулах хугацаа нь тайлан гаргаснаас хойш нэг жилийн дотор тайланг засварлахаар хуулийн зохицуулалт үйлчилж байгаа. Харин тухайн үед засвар хийх хугацаа буюу 2017 онд тайланг засварлах эрх зүйн зохицуулалт байгаагүй. Тэгэхээр 2019 оны 03 дугаар сарын 22-ны өдрийн Татварын ерөнхий хуулийн 31 дүгээр зүйлийн 31.1 дэх хэсгээр тайланг засах эрхтэй болгохыг хуулиар хуульчилж өгсөн. Тэгэхээр татвар төлөгчид нэгдүгээрт засах эрх зүйн зохицуулалт байгаагүй гэж ойлгох ёстой.
Хоёрдугаарт Татварын алба нь нэгдсэн удирдлагатай байгууллага татварын албанд татварын хууль тогтоомжийн хэрэгжилтэд хяналт тавих чиг үүрэгтэй байгууллага босоо удирдлагатай гээд хоёр гуравхан дарга ярьж байгаад татварын албанд бүртгэлтэй татварын өр тайланг засаж, өөрчлөөд хүчингүй болгох байдлаар татвар төлөгчид давуу байдал бий болгох эрх байхгүй. Бид хуулийнхаа дагуу татварын ногдуулалт төлөлтийн байдалд нь хяналтаа тавиад хэрэгжүүлэх ийм л чиг үүрэгтэй ажилладаг. Түүнчлэн гараар засвар хийсэн гэдэг асуудал яриад байгаа хавтаст хэрэгт цаасан тайлангууд бүгд авагдсан татвар төлөгчийн өөрийнх нь тайлагнаж байсан тайлангууд нь тухайн дүнгээрээ татварын ногдлууд үүсээд явчихсан. 2017 онд татварын албаны ямар нэг шийдвэргүйгээр нэг татварын байцаагч татвар төлөгч хоёр тооцоо нийлээд улсад төлөх ёстой татварыг 22,382,701,431.10 төгрөгөөр бууруулчихсан ийм нөхцөл байдал үүссэн. Бид үүнийг хэзээ мэдсэн гэхээр 2019 онд өөр компани энэхүү “Алтайн хүдэр” ХХК-ийн тайланг нь засаад хүлээгээд авчихсан байна гэдэг гомдол орж ирснээр мэдсэн. Татварын алба 22,382,701,431.10 төгрөгөөр бууруулсан байсан шийдвэрийг мэдээгүй байсан. Өөр компанийн гомдолтой холбоотойгоор энэхүү компанийн асуудал дурдагдсан учраас “Алтайн хүдэр” ХХК-ийн баримтыг шалгаж үзэхэд засвар хийгээд улсын төсөвт төлөх ёстой татварыг хууль бусаар бууруулчихсан ийм шийдвэр гарчихсан. Өөрөөр хэлбэл эрх мэдлээ хэтрүүлж татварын хуульд байхгүй шийдвэр гаргасан байсан. Энэ нь Татварын албаны болон татварын байцаагч нарын буруутай үйл ажиллагаа байсан учраас Захиргааны ерөнхий хуульд заасны дагуу төрийн байгууллага өөрийнхөө алдааг засаад, шийдвэрийг анх ямар төлөвтэй байсан тэр дүнгээр нь программын өөрчлөлтийг хийсэн. Программд энэхүү дүн байсан шинээр үүсгэсэн харилцаа байхгүй. Тийм учраас шүүхэд үзлэг хийх явцад энэ дүн байсан эргээд бууруулаад дахин тэр дүнгээр засвар программд орсон гэдгийг л нотлох л ажиллагааг хийсэн. Энэхүү компанийн нэг ч төгрөгийн илүү татварыг үүсгээгүй шинээр ямар нэгэн эрх зүйн үр дагавар бий болгоогүй ийм л нөхцөл байдалтай байсан. Татварын хяналт шалгалт тухайн огноо дотор хийгдсэн байдаг. Татварын хяналт шалгалтын актаар ногдуулсан төлбөр, тайлангаар ногдуулсан төлбөр нь хоёр өөр ойлголт. Тайлангаар ногдуулсан төрлүүд дээр татварын хяналт шалгалтын явцад ямар нэгэн байдлаар өөрчлөлт оруулах харилцаа актаар үүссэн. Өөрөөр хэлбэл тайлангаар ногдол нь дутуу татвар төлөгч татварын ногдлоо үнэн зөв тодорхойлоогүй байсан учраас татварын алба нэмж 87.000.000.000 төгрөгийн татварын ногдлыг үүсгэж татварын улсын байцаагчийн актыг үйлдсэн. Энэхүү акт хүчингүй болсон гэхдээ татварын тайлагналтай ямар ч хамааралгүй, тайлагнасан дүн дээр нь нэмж ноогдол үүсгэсэн. Мөн гэрч нарын мэдүүлгээс үзэхэд бид нар мэдэхгүй дарга нар ийм шийдвэр өгсөн гэдэг мэдүүлэг өгсөн. Өөрөөр хэлбэл бид хуулийн дагуу энэ засварыг хийгээд бууруулчихсан гэдэг асуудлыг яриагүй. Ямар дарга хэн ийм үүрэг даалгавар өгсөн гэдэг нь тодорхойгүй өнөөдөр улсын төсөвт төлчихсөн мөнгийг хууль бусаар бууруулчихсан буюу албан тушаалын байдлаа урвуулан ашиглачихсан ийм нөхцөл байдал бий болсон.
Нэхэмжлэгч талаас тайлагнасан татвараа мэдэхгүй болчихлоо тэгэхээр тайлагнасан татварын төрлөөр татвар төлөгчийн өр үүсдэг учраас үүнийг мэдээгүй, мэдэхгүй гэх ийм үндэслэл байхгүй. 2009-2014 оны Ашигт малтмалын нөөц ашигласны төлбөрийн тайлагналтай холбоотой асуудлаар “Алтайн хүдэр” ХХК нь ямар ч маргаан тухайн цаг хугацаанд үүсгэж байгаагүй. Улсын Дээд шүүхийн 2014 оны 09 дүгээр сарын 04-ний өдрийн 546 дугаар тогтоолоор Засгийн газрын төмөрт холбогдох энэ хэсгүүд нь хүчингүй болсон. Энэ шийдвэр нь 546 дугаар тогтоолоор Дүүргийн Иргэний хэргийн анхан шатын нэгдүгээр шүүхийн 2014 оны 03 дугаар сарын 04-ний өдрийн шийдвэрийг хэвээр үлдээж шийдвэрлэсэн байдаг. Анхан шатын шүүхийн шийдвэр дээр нэхэмжлэгчийн хэлээд байгаа Иргэний хуулийн 9 дүгээр зүйлийн 9.4.7 дахь хэсгийг үндэслэл болгосон байдаг. Тухайн Иргэний хуулийн 9 дүгээр зүйлийн 9.4.7 дахь хэсэгт бусдын эрх зөрчсөн шийдвэрийг хүчингүй болгох гэдэг хуулийн зохицуулалт байгаа харин татвар төлөгчийн хэлээд байгаа шиг эрх нь зөрчигдсөн бол анхны хэлбэрт нь аваачна гэдэг ийм үг, үсэг байхгүй. Түүнчлэн шүүхийн шийдвэрийн гурав дахь хэсгээр энэ шийдвэр Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 120 дугаар зүйлийн 120.2 дахь хэсэгт заасны дагуу уншин сонсмогц хүчин төгөлдөр болно гэдэг өөрөөр хэлбэл энэ өдрөөс хойш Засгийн газрын гурван тогтоолын төмөрт холбогдох хэсэг хүчингүй болгох эрх зүйн зохицуулалтыг шүүх шийдвэртээ тодорхойлон тусгаж өгсөн. Тэгэхээр энэ үндэслэлээр маргаан үүсгэх үл ойлголцох нөхцөл байдал бий болохгүй гэж үзэж байна. Хэрэв энэ шүүхийн шийдвэрээр Засгийн газрын биржийн үнийг зарласан шийдвэрүүд биржтэй холбоотой зохицуулалтуудыг хүчингүй болгосон гээд татвар төлөгч өөртөө хэрэгтэй шийдвэр гэж үндэслэж байгаа бол үүний нэг хэсгийг нь биш тухайн шийдвэрийг бүхэлд нь хэрэгжүүлэх эрх зүйн үндэслэл байх ёстой гэж үзэж байна. Мөн тооцоо нийлсэн актаар нийлээд ийм тоог татварын улсын байцаагч Ц.Б******* гаргаад дараа нь эрсдэлийн статистикийн хэлтсийн дарга н.Х******* хянаад, ерөнхий нягтлан бодогч н.Н******* гэсэн гарын үсэгтэй татварын тооцоо нийлсэн акт гэдгээр 22,382,701,431.10 төгрөгийн татварын тайлангийн ногдлыг бууруулчихсан. Үүнийг яагаад хууль бус гэж үзээд байгаа гэхээр тухайн үед 2017 оны 07 дугаар сард энэ засварыг хийх үед 2008 онд батлагдаж байсан Татварын ерөнхий хуулийн 33 дугаар зүйлийн 33.1 дэх хэсэгт заагаад өгчихсөн. Энэ дотор тооцоо нийлсэн акт гэдэг зүйл байхгүй. Тэгэхээр ийм актыг гаргаад 22,382,701,431.10 төгрөгөөр улсын төсөвт төвлөрүүлсэн татвар болон татварын ногдлыг бууруулах эрх зүйн үндэслэл байгаагүй гэдэг үндэслэлээр тайлбарлаж байна. Мөн татвар төлөгч өөрөө тайлангаа гаргах эрх, үүрэгтэй. Татварын алба энэ тайланг засварлуулах өмнөөс нь тайланг нь гаргах ийм эрх зүйн үндэслэл байхгүй. Тиймээс татварын тайланд залруулга хийх хугацаа нь хэдийн өнгөрчихсөн байсан асуудлаар ямар ч маргаан үүсээгүй. Тэгтэл 2009 оны тайлангийн тухайд 8 жилийн дараа, 2014 оны тайлангийн тухайд гурван жилийн дараа гурван хүн нийлж байгаад татварын ногдлыг бууруулчихсан энэ нь буруу байсан гэдгийг хуулийн хэрэгжилтийг хангах газрын дарга нь анхныхан хэлбэрт оруулаарай гэдэг бичиг байдаг. Ийм учраас бид 22,382,701,431.10 төгрөгөөр буурсан тооцооллын хувьд маргаан байхгүй. Татварын албанаас татвар төлөгчийн хэлээд байгаа шиг захиргааны акт гараагүй. Захиргааны акт байна гэдэг нь ямар нэгэн эрх зүйн үр дагавар бий болох шийдвэр байх ёстой. Гэтэл бид 2009-2014 онд тайлагнасан татварын зөрүүгээр нь анхны тайлагнасан байсан дүнгээр нь татварын удирдлагын нэгдсэн системд хөрвүүлэх ажиллагааг хийсэн. Энэ тайланг татвар төлөгч гаргасан болох нь хавтаст хэрэгт авагдсан цаасан тайлангуудаар нотлогдож байгаа. Мөн нэг зүйлийг тодруулж хэлэхэд Дүүргийн шүүхээс тухайн компанийн АМНАТ-ын тайланг зас, энэхүү шүүхийн шийдвэртэй холбоотойгоор өмнө нь тайлагнаж байсан татварын ногдлыг хүчингүй болгох, бууруулах гэдэг ямар ч шийдвэр гараагүй. Энэ асуудал дээр бүхий л татвар төлөгчид эрх тэгш хандах ёстой. Татвар төлөгч нь энэ бол онцгой нөхцөл гээд байгаа хэдий ч онцгойроод байх зүйл байхгүй. Ийм асуудалтай татвар төлөгч “Да******* *******” гэдэг газраас та нар “Алтайн хүдэр” ХХК-ийн АМНАТ-ын тайланг 22,382,701,431.10 төгрөгөөр бууруулчихсан байна бид үүнийгээ засуулъя гэж орж ирснээр Татварын алба үүнийг мэдсэн. Үүний дагуу шалгаад үзэхэд буруу байсан гэдэг нь тогтоогдоод анхны хэлбэрт нь оруулж байгаа.” гэв.
3.4.Иргэдийн төлөөлөгч шүүхэд бичгээр гаргасан дүгнэлтдээ: “Засгийн газрын гаргасан хууль, тогтоомжийг шүүхийн шийдвэрээр хууль бус гэж үзсэн юм байна. Тэгэхээр нэхэмжлэгчийн гаргасан нэхэмжлэлийг хангаж шийдвэрлэх нь зүйтэй гэж үзэж байна.” гэв.
ҮНДЭСЛЭХ нь:
1.Шүүх нэхэмжлэл, түүний үндэслэл, нэхэмжлэгч, хариуцагч, тэдгээрийн итгэмжлэгдсэн төлөөлөгч, өмгөөлөгчийн зүгээс шүүх хуралдааны хэлэлцүүлэг дээр гаргасан тайлбар, хавтаст хэрэгт цугларсан нотлох баримт, гэрчийн мэдүүлгийг судлан үзэж, дараах үндэслэлээр нэхэмжлэгчийн гаргасан нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж шийдвэрлэлээ.
2.Нэхэмжлэгч “Алтайн хүдэр” ХХК-иас 2009-2014 оны ашигт малтмалын нөөц ашигласны тайланг Маягт ТТ-15-аар[1] тайлагнасныг татварын улсын байцаагч хүлээн авч, баталгаажуулсан байх бөгөөд баталгаажуулахдаа 2009-2012 оны ашигт малтмалын нөөц ашигласны тайлангийн маягтын “татварын алба хянасан” болон “татварын алба хүлээн авсан” баганад тооцооллын тэмдэглэл үйлдэж, баталгаажуулсан байна.
3.Нэхэмжлэгч талаас шүүх хуралдаанд “... татварын улсын байцаагчийн гараар зассан дүнгийн эх сурвалж нь Засгийн газрын тогтоол байгаа тул бид Засгийн газрын тогтоолтой маргасан, харин татварын улсын байцаагчийн тоон дээр маргах нь эрх зүйн хувьд ач холбогдолгүй...” гэх тайлбараас үзвэл нэхэмжлэгч нь дээрх 2009-2014 оны ашигт малтмалын нөөц ашигласны тайланд татварын улсын байцаагч тэмдэглэл үйлдсэн болохыг мэдэж байсан боловч энэ талаар тухайн үед маргах нь ач холбогдолгүй гэж үзэж, шүүхэд нэхэмжлэл гарган маргаагүй тул тайланд татварын улсын байцаагчийн үйлдсэн тэмдэглэлийг хүлээн зөвшөөрсөн гэж үзэхээр байна.
4.“Алтайн хүдэр” ХХК-иас Монгол Улсын Засгийн газрын 2011 оны 193 дугаар тогтоолын 2.4-ийн 4 дэх заалт, 2013 оны 131 дүгээр тогтоолын 3.2 дахь заалтын “төмрийн баяжмал”-д холбогдох хэсэг, 2007 оны 88 дугаар тогтоолын 2 дугаар хавсралтаар батлагдсан “Зарим экспортын бүтээгдэхүүний борлуулалтын үнэлгээний үндэслэл болгох Монгол банкны болон зах зээлийн үнийн эх сурвалжийн нэр”-ийн 3 дахь заалт, 2013 оны 131 дүгээр тогтоолын 2 дахь заалтын “төмөр”-т холбогдох хэсгийг тус тус хүчингүй болгуулахаар Дүүргийн иргэний хэргийн анхан шатны 1 дүгээр шүүхэд нэхэмжлэл гаргасныг шүүх хянаад 2014 оны 03 дугаар сарын 04-ний өдрийн 2569/с дугаар шийдвэрээр нэхэмжлэлийг бүхэлд нь хангаж, дээрх тогтоолуудын холбогдох хэсгийг тус тус хүчингүй болгож шийдвэрлэсэн бөгөөд Улсын дээд шүүхийн хяналтын шатны иргэний хэргийн шүүх хуралдааны 2014 оны 10 дугаар сарын 03-ны өдрийн 546 дугаар тогтоолоор анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээжээ.
5.Нэхэмжлэгч “Алтайн хүдэр” ХХК-иас “... шүүхийн шийдвэрээр хүчингүй болсон Засгийн газрын тогтоолыг үндэслэн тус компанид 53.1 тэрбум төгрөгийн нөхөн татвар, 15.9 тэрбум төгрөгийн торгууль, 17.99 тэрбум төгрөгийн алданги, нийт 87 тэрбум төгрөгийн төлбөр ногдуулсан” Татварын ерөнхий газрын Улсын төсвийн орлого, хяналтын газрын татварын улсын байцаагчийн 2015 оны 12 дугаар сарын 16-ны өдрийн 21******* дугаартай актыг хүчингүй болгуулахаар Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхэд нэхэмжлэл гаргасныг тус шүүхийн 2016 оны 11 дүгээр сарын 16-ны өдрийн 930 дугаар шийдвэрээр нэхэмжлэлийг бүхэлд нь хангаж, улсын байцаагчийн актыг хүчингүй болгосон ба Улсын дээд шүүхийн хяналтын шатны захиргааны хэргийн шүүх хуралдааны 2017 оны 04 дүгээр сарын 10-ны өдрийн 125 дугаар тогтоолоор уг шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээж шийдвэрлэжээ.
6.Мөн нэхэмжлэгч компаниас 2015 оны 03 дугаар сарын 04-ний өдрийн “Хариу хүсэх тухай” 187 дугаар “... 2014 оны 11 дүгээр сарын 20-ны өдрийн 1435, 2014 оны 12 дугаар сарын 03-ны өдрийн 1478 дугаар албан бичгүүдээр хоёр талаас тооцоо нийлэх асуудлыг шийдвэрлүүлэх талаар хүсэлт гаргасан. Дээр дурдсан асуудлыг компанийн зүгээс яаралтай шийдвэрлүүлэх шаардлага үүсээд байна” гэсэн агуулга бүхий албан бичгийг Татварын ерөнхий газрын даргад хандан гаргасан байх бөгөөд Татварын ерөнхий газрын 2015 оны 03 дугаар сарын 20-ны өдрийн 1/550 дугаар албан бичгээр “... танай байгууллага нь 6 жил татварын хяналт шалгалтад хамрагдаагүй байгаа шалтгааныг хүндэтгэн үзэж ... 2009 оноос хойш хугацаан төлбөл зохих татварын ногдлыг үзэж шалгахаар 2015 оны 03 сард шалгах аж ахуйн нэрсийн жагсаалтад оруулаад байна. Иймд дээрх иж бүрэн хийгдэх шалгалтын дараа “Алтайн хүдэр” ХХК-ийн АМНАТ-ийн тайлангийн ногдол, түүний өөрчлөлт эцсийн хувилбараар тодорхой болох тул хоёр талаас тооцоо нийлж болох үндэслэлтэй” гэсэн хариуг өгчээ.
7.Үүний дараа “Алтайн хүдэр” ХХК-иас 2015 оны 09 дүгээр сарын 23-ны өдрийн 785/15 дугаар алба бичгээр Сангийн яаманд гомдол гаргасны дагуу Сангийн яамны 2015 оны 10 дугаар сарын 12-ны өдрийн 6/5995 дугаар албан бичгээр “... Тус яамнаас Татварын ерөнхий газарт хандаж тооцоо нийлж, холбогдох шийдвэр гаргахад шаардагдах мэдээ, судалгааг 2015 оны 09 дүгээр сарын 23-ны өдөр 4-2/5633 тоот албан бичгээр хүргүүлсэн тул танай компанитай тооцоо нийлэх боломжтой болсныг үүгээр мэдэгдье” гэсэн хариу өгсөн байна.
8.Улмаар “Алтайн хүдэр” ХХК-иас Татварын ерөнхий газрын даргад хандан 2017 оны 94/17, 223/17, 327/17 дугаар албан бичгүүдээр тооцоо нийлэх хүсэлтийг гаргаж, тооцоо нийлсэн актын өөрийн хувилбар баримтыг хүргүүлжээ.
9.Улсын төсвийн орлого, хяналтын газраас 2017 оны 04 дүгээр сарын 10-ны өдрийн 1/313 дугаар албан бичгээр Татварын ерөнхий газрын Хуулийн хэлтсийн дарга Б.Б******* хандан “...хууль зүйн ямар эх сурвалжийг үндэслэн ажиллах талаар чиглэл..” хүссэний дагуу 2017 оны 06 дугаар сарын 27-ны өдрийн 10/1931 тоот албан бичгээр “ ... хууль бус болохыг тогтоосон шүүхийн шийдвэр гарсан тул холбогдох татварын тайланг залруулга хийх нь зүйтэй...” гэх чиглэлийг өгсөн байна.
10.Дээрх чиглэлийн дагуу “Алтайн хүдэр” ХХК-ийн нягтлан бодогч С.Н*******, татварын улсын байцаагч С.Б******* нар нь татвар төлөгчийн 2009-2014 оны татварын тайлангийн тооцооллыг дахин хянаж, 2017 оны 06 дугаар сарын 02-ны өдөр хянан баталгаажуулсан[2] бөгөөд мөн Татварын ерөнхий газрын Эрсдэл статистикийн хэлтсийн дарга Д.Хүдэрчулуун 2017 оны 07 дугаар сарын 06-ны өдрийн “Татварын тооцоо нийлсэн” актыг[3] хянаж баталгаажуулсныг үндэслэн татварын TахАсt системд зөрүү 22,382,701,431.10 төгрөгийн дүнг бууруулсан үйлдлийг хийсэн болох нь шүүхээс хийсэн үзлэгээр[4] тогтоогдож байна.
11.Улмаар “Алтайн хүдэр” ХХК-иас 2017 оны 05 дугаар сарын 25-наас 30-ны өдөр 2010-2014 оны ашигт малтмалын нөөц ашигласны тайланг[5] шинэчлэн гаргасныг татварын улсын байцаагч С.Б******* хүлээн авч, баталгаажуулжээ.
12.Үүнээс үзвэл нэхэмжлэгч “Алтайн хүдэр” ХХК-иас татварын байгууллагад 2009-2014 онд хуулийн хугацаанд тайлагнасан эхний /татварын улсын байцаагч гараар зассан гэх/ тайлан болон 2017 оны дахин тайлагнасан тайланг татварын улсын байцаагч хүлээн авч, баталгаажуулсан буюу нэхэмжлэгч компаниас ашигт малтмалын нөөц ашигласны төлбөрийн 2 тайлан гаргасныг татварын байгууллага хүлээн авч баталгаажуулсан байна.
13.Хариуцагчийн “...сүүлийн засвар хийсэн тооцоо нийлсэн актаар бүртгэсэн тайлан хууль бус үндэслэлгүй” гэх тайлбарыг шүүх хүлээн авах боломжгүй байна.
14.Учир нь татварын шийдвэр гаргах ажиллагааг үндсэн ба тусгай хэсэгт хуваах бөгөөд үндсэн шийдвэр гаргах ажиллагаанд татварыг тогтоох, тодорхойлох, мэдэгдэх, гомдлыг хянан шийдвэрлэх, засварлах ажиллагаанууд[6] хамаарах бөгөөд үүний дагуу Засгийн газрын хууль бус шийдвэрийг үндэслэн татварын ногдуулсан үйл ажиллагааг татварын төлөгчийн хүсэлтээр зөвтгөн завсарлах ажиллагааг хийж, татварын тайланг “Тооцоо нийлсэн акт”-ыг үндэслэн дахин хүлээн авч баталгаажуулсныг буруутгах үндэслэлгүй.
15.Тодруулбал, “Алтайн хүдэр” ХХК нь 2009-2014 оны ашигт малтмалын нөөц ашигласны төлбөрийг Засгийн газрын зах зээлийн үнийн эх сурвалжийн зарласан дүнгээс тооцон төлөх үндэслэлгүй бөгөөд татварын улсын байцаагчийн тэмдэглэл үйлдэн баталгаажуулсан татварын тайлангууд[7] эрх зүйн үндэслэлгүй, хууль бус болох нь Дүүргийн Иргэний хэргийн анхан шатны 1 дүгээр шүүхийн 2014 оны 03 дугаар сарын 04-ний өдрийн 2568/с дугаар шийдвэрт “... Засгийн газраас 2013 оны 131 дүгээр тогтоолоор ... төмөр-т холбогдох хэсэг, 2011 оны 193 дугаар тогтоолын төмрийн баяжмал-д холбогдох хэсгийг өөрчилсөн байх боловч Ашигт малтмалын тухай хуулийн 47 дугаар зүйлийн 47.8-д заасны дагуу Геологи, уул уурхайн болон санхүүгийн асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллагын саналыг үндэслэн Засгийн газар баталсан гэж үзэх үндэслэл тогтоогдсонгүй” гэж дүгнээд Иргэний хуулийн 9 дүгээр зүйлийн 9.4.7-д “бусдын эрх зөрчсөн шийдвэрийг хүчингүй болгох” заалтыг үндэслэн Монгол Улсын Засгийн газрын 2011 оны 193 дугаар тогтоолын 2.4 дэх заалт ба 2013 оны 131 дүгээр тогтоолын 3 дахь заалтын 2-ийн төмрийн баяжмалд холбогдох хэсэг, 2007 оны 88 дугаар тогтоолын 2 дугаар хавсралтаар батлагдсан Зарим экспортын бүтээгдэхүүний борлуулалтын үнэлгээний үндэслэл болгох Монголбанкны болон зах зээлийн үнийн эх сурвалжийн нэр-ийн 3 дахь заалт, Засгийн газрын 2013 оны 131 дүгээр тогтоолын 2 дахь заалтын төмөр-т холбогдох хэсгийг тус тус хүчингүй болгосныг
Улсын дээд шүүхийн хяналтын шатны Иргэний хэргийн шүүх хуралдааны 2014 оны 10 дугаар сарын 03-ны өдрийн 546 дугаар тогтоолд “... Аргачлалд заасан дээрх шалгуур үзүүлэлт нь MNS ISO 11323:2011 стандарт, Ашигт малтмалын тухай хуулийн 47 дугаар зүйлийн 47.5-д заасан ангилалтай нийцээгүй байна гэж, мөн түүнчлэн ... нэхэмжлэгч Алтайн хүдэр ХХК нь аргачлалыг баримталбал боловсруулсан төмрийн баяжмалаа төмрийн баяжмал ангилалд хамааруулан нөөцийн төлбөр төлж чадахгүйд хүрч, нөөцийн төлбөрөө төлөх боломжгүй болсноор компанийн эрх ашигт сөргөөр нөлөөлж байна гэх тайлбарыг буруутгахгүй гэж, ... хүчин төгөлдөр үйлчилж буй Ашигт малтмалын тухай хуулиар Засгийн газарт экспортын бүтээгдэхүүний борлуулалтын үнэлгээний үндэслэл болгох олон улсын жишиг үнэ тогтоодог биржийн нэр зарлахаас бусдаар тухайн бүтээгдэхүүний Монгол банкны болон зах зээлийн үнийн эх сурвалжийг зарлах эрх олгогдоогүй байна” гэж дүгнэж, анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээснээр тогтоогдож байна.
16.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2-т заасны дагуу шүүхийн шийдвэр танилцуулан сонсгомогц хүчинтэй болно.
17.Гэвч иргэний эрх зүйн хамгаалалт нь зөрчигдсөн эрхийг сэргээх зорилготой байдаг. Хамгаалалт хийх эрх гэдэг нь бүрэн эрх бүхий этгээд өөрийгөө болон бусад этгээдийг хамгаалах зорилгоор тодорхой үйлдэл хийх, төрийн болон бусад эрх бүхий байгууллагаар иргэний эрх, хууль ёсны ашиг сонирхлоо хамгаалуулах иргэний эрх зүйн субъектив эрх юм. Энэхүү субъектив эрхийн хүрээнд эрх нь зөрчигдсөн этгээд болон бусад субъектын зүгээс эрх зөрчсөн үйлдлийг таслан зогсоох, аюулыг зайлуулах арга хэмжээг аваад зогсохгүй үндсэн зорилго нь эрхийг зөрчигдөхөөс өмнөх байдалд эргүүлэн сэргээх явдал[8] тул нэхэмжлэгчээс дээрх шүүхийн шийдвэрүүдийг үндэслэн зөрчигдсөн эрхээ өмнөх байдалд сэргээн тогтоолгохоор татварын байгууллагад “Тооцоо нийлэх хүсэлт” гаргасан, улмаар татварын байгууллагаас татварын төлөгчтэй 2017 оны 07 дугаар сарын 06-ны өдөр “Тооцоо нийлсэн акт“ үйлдэж, 2017 оны 05 дугаар сарын 25-наас 30-ны өдөр шинэчлэн гаргасан “Алтайн хүдэр” ХХК-ийн 2010-2014 оны ашигт малтмалын нөөц ашигласны тайланг[9] хүлээн авч, баталгаажуулсан нь Захиргааны ерөнхий хуулийн 37 дугаар зүйлийн 37.4-т зааснаар нэхэмжлэгч “Алтайн хүдэр” ХХК-д эерэг нөлөөлөл бүхий захиргаан акт байх бөгөөд мөн хуулийн 4 дүгээр зүйлийн 4.2.5-д заасан захиргааны үйл ажиллагаа зорилгодоо нийцсэн, шийдвэр нь үндэслэл бүхий байх зарчимд нийцсэн захиргааны үйл ажиллагаа байна.
18.Эерэг татварын захиргааны акт нь татвар төлөгчид ашигтай байдлыг үүсгэж эсвэл тогтоосон[10] байх бөгөөд энэхүү маргааны хувьд 2017 оны 07 дугаар сарын 06-ны өдрийн “Тооцоо нийлсэн акт” нь нэхэмжлэгчид хууль бус Засгийн газрын тогтоолыг үндэслэн ногдуулсан ашигт малтмалын нөөц ашигласны төлбөрийн дүнг дээрх шүүхийн шийдвэрүүдийн дагуу засварлан төлөх төлбөрийн дүнгээр тодорхойлж, тооцоо нийлснээр ашигтай байдлыг үүсгэсэн эерэг нөлөөлөл бүхий захиргааны акт байна.
19.Тодруулбал, Татварын ерөнхий хууль /2008 оны/-ийн 29 дүгээр зүйлийн 29.1.1, 33 дугаар зүйлийн 33.1-д зааснаар татварын улсын байцаагч нь татвар ногдуулалт, төлөлтөд хяналт тавих, татвар хураахтай холбогдсон бүрэн эрхээ хэрэгжүүлэхдээ акт үйлдэх эрхтэй бөгөөд мөн хуулийн 33.2.2-т заасны дагуу татвар төлөгчид татварын хууль тогтоомжийн дагуу ногдох татварыг тодорхойлох, ... оногдуулахад акт үйлдэж, түүнд татварын албаны даргын болон татварын улсын байцаагчийн овог, эцэг /эх/-ийн нэр, нэр, гарын үсэг зөрчлийн тухай тэмдэглэл, шийдвэрлэсэн үндэслэл, уг актыг үйлдсэн болон гардуулсан он, сар, өдрийг тусгах зохицуулалттай, үүний дагуу татварын улсын байцаагчаас “Алтайн хүдэр” ХХК-д хууль тогтоомжийн дагуу ногдох ашигт малтмалын нөөц ашигласны төлбөрийг шүүхийн шийдвэрт үндэслэн үнэн зөв тодорхойлох зорилгоор “Тооцоо нийлсэн акт”-ыг 2017 оны 07 дугаар сарын 06-ны өдөр үйлдсэн нь үндэслэлтэй гэж үзлээ.
20.Татварын ерөнхий хууль /2008 оны/-ийн 231 дүгээр зүйлийн 231.1, 271 дүгээр зүйлийн 271.1-д зааснаар татварын алба нэгдмэл, төвлөрсөн удирдлагатай байх ба татварын байцаагч бүрэн эрхээ хэрэгжүүлэхдээ бусдын нөлөөнд үл автан гагцхүү хууль, түүнд нийцүүлэн гаргасан эрх зүйн бусад актыг удирдлага болгон ажиллах зарчимтай.
21.Нэхэмжлэгч компаниас татварын байгууллагад тооцоо нийлэх хүсэлтийг удаа дараа гаргасан, үүний дагуу татварын албаны удирдлагаас өгсөн чиглэлийн хүрээнд татварын улсын байцаагч С.Б******* 2017 оны 07 дугаар сарын 06-ны өдөр “Тооцоо нийлсэн акт”-ыг үйлдэж, Эрсдэл статистикийн хэлтсийн дарга Д.Хүдэрчулуун баталгаажуулсан болох нь гэрч Д.Хүдэрчулууны “...Ерөнхий газар оролцоод татвар төлөгчтэй харилцах эрсдэлийн гээд хэд хэдэн газар хэлтсүүд оролцож байж шийдвэрийг гаргаад зассан байсан. ...Энэ бичиг бол татварын ерөнхий газрын хуулийн газрын даргаас бидэнд чиглэл болж ирсэн байна. Тэгэхээр энийг тухайн холбогдох нэгж буюу Татварын ерөнхий газрын харьяа улсын төсвийн орлого хяналтын газрын бүх удирдлагууд танилцсан” гэх мэдүүлэг, гэрч С.Б*******гийн “...Бодлого арга зүйгээр хангаж байгаа Татварын ерөнхий газрын хуулийн хэлтсээс засах нь зүйтэй ... гээд албан бичиг өгч байхад улсын төсвийн орлогын хяналтын газрын удирдлагуудын үүрэг даалгаврын дагуу энэ хүмүүстэй би тооцоо нийлсэн” гэх мэдүүлгээр тус тус тогтоогдож байна.
22.Иймд хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн “...тухайн чиг үүргийн ажилд хамааралгүй Д.Хүдэрчулуун гэх дарга гарын үсэг зурсан, нэг цэгийн байцаагч С.Б******* нар тооцоо нийлсэн акт үйлдсэн ...” гэх тайлбарыг шүүх хүлээн авах үндэслэлгүй.
23.Татварын ерөнхий газраас “...“Алтайн хүдэр” ХХК-ийн 2014 оны 10 сарын 24-ний өдрөөс өмнөх тодруулбал, 2009-2014 оны ашигт малтмалын нөөц ашигласны төлбөрийн тайланг залруулсан нь хууль зүйн үндэслэлгүй... болох тухай” 2018 оны 06 дугаар сарын 13-ны өдрийн 10/2010 дугаар албан бичгийг Улсын төсвийн орлого, хяналтын газарт хүргүүлсэнтэй холбогдуулан Татварын ерөнхий газрын мэдээлэл технологи статистикийн төвд хандан 2018 оны 06 дугаар сарын 18-ны өдрийн 2018/225 тоот, 2019 оны 06 дугаар сарын 06-ны өдрийн 10/1774 тоот албан бичгийн дагуу “Алтайн хүдэр” ХХК-ийн холбогдох тайланд татвар төлөгчийн залруулга хийхээр шийдвэрлэснээр тус компанийн өөрийн хүлээн зөвшөөрсөн 58.700.440154.76 төгрөгийн татварын өр дээр 22.382.701.431.10 төгрөгийг нэмэгдүүлж нийт 81.083.141.585.86 төгрөгийн өрийг татварын цахим системд бүртгэсэн болох нь татварын TaxAct системд хийсэн үзлэгээр тогтоогдож байна.
24.Ийнхүү “Алтайн хүдэр” ХХК-ийн 2009-2014 оны ашигт малтмалын нөөц ашигласны төлбөрийн хэмжээг татварын цахим систем ашиглан нэмэгдүүлж бүртгэснээр нэхэмжлэгчид 22.382.701.431.10 төгрөг төлөх үүрэг бүхий шууд үр дагавар үүсгэсэн байх тул Захиргааны ерөнхий хуулийн 37 дугаар зүйлийн 37.1, 39 дүгээр зүйлийн 39.2-т зааснаар техник хэрэгслийн тусламжтайгаар гаргасан захиргааны акт гэж үзнэ.
25.Захиргааны ерөнхий хуулийн 48 дугаар зүйлийн 48.2-т “Эерэг нөлөөлөл бүхий хууль бус захиргааны актыг дараах тохиолдолд хүчингүй болгоно” гээд 48.2.1-д “хууль, захиргааны хэм хэмжээний актаар, эсхүл захиргааны актад түүнийг хүчингүй болгохоор заасан” гэж эерэг нөлөөлөл бүхий захиргааны актыг хүчингүй болгох нэг үндэслэлийг заасан.
26.Татварын ерөнхий хууль/2008 оны/-ийн 36 дугаар зүйлийн 36.1-д “Татварын улсын байцаагчийн акт, дүгнэлтийг тухайн татварын албаны даргын тушаалаар дараахь үндэслэлээр өөрчлөх буюу хүчингүй болгоно:”, 36.1.1-д “татвар төлөгчийн гомдлоор;”, 36.1.2-т “татварын улсын байцаагчийг шууд удирдаж буй нэгжийн дарга нь түүний үйлдсэн акт, дүгнэлтийг өөрчлөх буюу хүчингүй болгох санал тавьсан;”, 36.1.3-т “акт, дүгнэлтийг өөрчлөх буюу хүчингүй болгох тухай Маргаан таслах зөвлөлийн шийдвэр гарсан” гэж татварын улсын байцаагчийн үйлдсэн актыг хүчингүй болгох үндэслэлийг тусгайлан заажээ.
27.Энэхүү маргааны хувьд татвар төлөгчөөс ашигт малтмалын нөөц ашигласны төлбөрийг шүүхийн шийдвэрийг үндэслэн засварлан /бууруулан/ тооцоо нийлж, 2010-2014 оны татварын тайланг баталгаажуулсан татварын албаны шийдвэр, үйл ажиллагаанд гомдол гаргаагүй, энэ талаар маргаан таслах зөвлөлийн шийдвэр гараагүй, түүнчлэн дээр дурдснаар иргэний хэргийн шүүхийн шийдвэрийн дагуу “Алтайн хүдэр” ХХК-ийн 2010-2014 оны ашигт малтмалын нөөц ашигласны төлбөрийг засварлан “Тооцоо нийлсэн акт”-ын үндсэн дээр татварын тайланг дахин баталгаажуулсан нь хуульд нийцсэн буюу түүнийг өөрчлөх, хүчингүй болгох эрх зүйн үндэслэл байхгүй байхад татварын цахим системд 22.382.701.431.10 төгрөгийн төлбөрийг “Алтайн хүдэр” ХХК-ийн хувьд сэргээн бүртгэсэн нь Захиргааны ерөнхий хуулийн 47 дугаар зүйлийн 47.1.6-д заасан илт хууль бус захиргааны акт байна.
28.Нөгөөтэйгүүр татварын байгууллагын “Алтайн хүдэр” ХХК-ийн 2010-2014 оны ашигт малтмалын нөөц ашигласны төлбөрийг 22.382.701.431.10 төгрөгийн дүнгээр бууруулан засварлан баталгаажуулж, цахим системд бүртгэсэн үйл ажиллагаа нь нэхэмжлэгчид энэ мөнгөн дүнгээр эрх зүйн үр дагаврыг үүсгэсэн байх бөгөөд нэхэмжлэгчийн хувьд Захиргааны ерөнхий хуулийн 4 дүгээр зүйлийн 4.2.8-д заасан хууль ёсны итгэлийг хамгаалах зарчим үйлчилнэ.
29.Өөрөөр хэлбэл, иргэний хэргийн шүүхийн шийдвэрийн дагуу хууль бус Засгийн газрын тогтоолыг үндэслэн тогтоосон ашигт малтмалын нөөц ашигласны төлбөрийг төлөхгүй байх нэхэмжлэгчийн хууль ёсны итгэл хамгаалагдана.
30.Иргэдийн төлөөлөгчөөс “нэхэмжлэлийн шаардлагыг хангах нь зөв” гэх агуулга бүхий дүгнэлт гаргасныг шүүх бүрэлдэхүүн хүлээн авах нь зүйтэй гэж дүгнэсэн болно.
31.Иймд дээрх үндэслэлээр нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж шийдвэрлэлээ.
Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.1, 106.3 дахь хэсэг, 106.3.2, 106.3.12 дахь заалтад тус тус заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:
1.Захиргааны ерөнхий хуулийн 4 дүгээр зүйлийн 4.2.5, 4.2.8, 39 дүгээр зүйлийн 39.2, 47 дугаар зүйлийн 47.1.6, 48 дугаар зүйлийн 48.2.1 дэх заалт, Татварын ерөнхий хууль/2008 оны/-ийн 33 дугаар зүйлийн 33.1, 33.2.2, 36 дугаар зүйлийн 36.1 дэх хэсэгт заасныг тус тус баримтлан нэхэмжлэгч “Алтайн хүдэр” ХХК-ийн Татварын ерөнхий газарт холбогдуулан гаргасан нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж, шүүхийн шийдвэрийн дагуу хийгдсэн 2010-2014 оны тайлангийн залруулгыг TaxAct программд хууль бусаар сэргээж, төлбөл зохих ашигт малтмалын нөөц ашигласны төлбөрийг 22,382,701,431.10 төгрөгөөр нэмэгдүүлж бүртгэсэн Татварын ерөнхий газрын үйлдлийг илт хууль бус болохыг тогтоож, дээрх хууль бусаар сэргээгдсэн 22,382,701,431.10 төгрөгийг TAIS системд бууруулж бүртгэхийг даалгасугай.
2.Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 47 дугаар зүйлийн 47.1, 48 дугаар зүйлийн 48.1 дэх хэсэгт тус тус заасныг баримтлан нэхэмжлэгчийн урьдчилан төлсөн улсын тэмдэгтийн хураамж болох 70.200 төгрөгийг улсын төсвийн орлогод хэвээр үлдээж, хариуцагчаас гаргуулан нэхэмжлэгчид буцаан олгосугай.
Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 114 дүгээр зүйлийн 114.1 дэх хэсэгт зааснаар хэргийн оролцогчид, тэдгээрийн итгэмжлэгдсэн төлөөлөгч, өмгөөлөгч нь шийдвэрийг эс зөвшөөрвөл шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах журмаар гомдол гаргах эрхтэй.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ А.ГАНЗОРИГ
ШҮҮГЧ Ц.МӨНХЗУЛ
ШҮҮГЧ Ц.ОДМАА
[1] 1 дүгээр хавтаст хэргийн 106-115 дахь хуудас
[2] 2 дугаар хавтаст хэргийн 85 дахь хуудас
[3] 2 дугаар хавтаст хэргийн 91 дэх хуудас
[4] 3 дугаар хавтаст хэргийн 35 дахь хуудас
[5] 1 дүгээр хавтаст хэргийн 163-172 дахь хуудас
[6] Татварын эрх зүйн ерөнхий анги, П.Одгэрэл, 2017 он, УБ хот, 108 дахь тал.
[7] 1 дүгээр хавтаст хэргийн 106-115 дахь хуудас
[8] Монгол Улсын Иргэний хуулийн тайлбар, 2010 он, УБ хот, 17 дахь тал.
[9] 1 дүгээр хавтаст хэргийн 163-172 дахь хуудас
[10] Татварын эрх зүйн ерөнхий анги, П.Одгэрэл, 2017 он, УБ хот, 115 дахь тал.