Улсын дээд шүүхийн Шүүх хуралдааны тогтоол

2016 оны 11 сарын 24 өдөр

Дугаар 001/ХТ2016/01264

 

                                           “Американ моторс” ХХК-ийн нэхэмжлэлтэй

                                                            иргэний хэргийн тухай

Монгол Улсын дээд шүүхийн Танхимын тэргүүн Х.Сонинбаяр даргалж, шүүгч Г.Алтанчимэг, Ц.Амарсайхан, Б.Ундрах, Г.Цагаанцоож нарын бүрэлдэхүүнтэй, тус шүүхийн танхимд хийсэн хяналтын шатны иргэний хэргийн шүүх хуралдаанаар,

Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн

2016 оны 06 дугаар сарын 24-ний өдрийн 182/ШШ2016/00148 дугаар шийдвэр,

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн

2016 оны 08 дугаар сарын 17-ны өдрийн 1444 дүгээр магадлалтай,

“Американ моторс” ХХК-ийн нэхэмжлэлтэй

“Бодь даатгал” ХХК-д холбогдох,

Даатгалын нөхөн төлбөрт 35.059.544 төгрөг гаргуулах нэхэмжлэлтэй иргэний хэргийг

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ж.Даваасүрэнгийн гаргасан гомдлыг үндэслэн,

Шүүгч Г.Цагаанцоож илтгэснээр хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Ганзориг, нарийн бичгийн дарга Ш.Мөнхжаргал нар оролцов.

Нэхэмжлэгчийн шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: “Американ моторс” ХХК нь Замын-Үүдээс Улаанбаатар хотод автомашин авч ирэхдээ эрсдэлээс урьдчилан сэргийлж, “Бодь даатгал” ХХК-тай даатгалын гэрээ байгуулсан. 2013 оны 11 дүгээр сарын 30-ны өдөр автомашиныг Улаанбаатар хот руу хүргэх явцад авто замын 113 дахь км-т зам тээврийн осолд өртсөн. Ослын улмаас тээврийн хэрэгсэлд ихээхэн хэмжээний эвдрэл үүссэн бөгөөд учирсан хохирлын үнэлгээг эрх бүхий “Итгэл эстимэйт” ХХК-иар гаргуулан шаардагдах бусад баримтын хамт бүрдүүлж нөхөн төлбөр авахаар хандсан.  “Бодь даатгал” ХХК-иас даатгалын гэрээний 8.3-т зааснаар тээврийн хэрэгслийн хурд хэтрүүлснээс үүдсэн хохирол байх тул Даатгалын тухай хуулийн 8.5.3-т зааснаар нөхөн төлбөр олгохоос татгалзсан. Харин Цагдаагийн байгууллагаас ослыг шалгаад улсын дугааргүй Лексус 470 маркийн автомашины дугуйнд 20 см урагдал үүсч, техникийн бүрэн бус байдлаас болж осол болсон гэж үзэж эрүүгийн хэрэг үүсгэхээс татгалзсан. Ингээд бид Санхүүгийн зохицуулах хороонд хандсанаар 2015 оны 01 дүгээр сарын 15-ны өдөр “Бодь даатгал” ХХК-д нөхөн төлбөрийг зохих журмын дагуу олгохыг үүрэг болгосон шийдвэр гарсан боловч уг шийдвэрийг биелүүлээгүй. Иймд үнэлгээгээр тогтоосон хохирол 32.909.544 төгрөг, үнэлгээний зардал 650.000 төгрөг, зам тээврийн осол болсон газраас  автомашиныг тээвэрлэж ирсэн зардал 1.500.000 төгрөг нийт 35. 059.544 төгрөгийг нэхэмжилж байна гэжээ.

Хариуцагч шүүхэд гаргасан тайлбартаа: Талууд хохирлын үнэлгээ, хөрөнгийн үнэлгээ, нөхөн төлбөр олгохоос татгалзсан үндэслэлээр маргаж байгаагаас бид аль алиныг нь хүлээн зөвшөөрөхгүй байна. Энэ тохиолдолд Даатгалын гэрээний 8.12.1-д зааснаар нөхөн төлбөр олгохгүй бөгөөд шинжээчийн дүгнэлтээр ослын шалтгаан нөхцөлийг дугуй урагдсанаас болсон, мөн тээврийн хэрэгслийн бүрэн бус байдал нөлөөлсөн гэж байгаа. Техникийн бүрэн бус байдал бий болсон гэдэг үндэслэлээр дээрх заалтын дагуу нөхөн төлбөр олгохоос татгалзаж байна. Хавтаст хэрэгт тухайн үнэлгээг хийсэн компани хөрөнгийн үнэлгээ хийх эрхтэй эсэх талаар баримт байхгүй. Хөрөнгийн үнэлгээний тухай хуулийн 12 дугаар зүйлд зааснаар “Итгэл эстимэйт” ХХК-ийн эрх нь тодорхойгүй тул уг үнэлгээгээр хохирол нэхэмжлэх эрхгүй. Санхүүгийн зохицуулах хорооны шийдвэрийн хувьд даатгалын гэрээнээс үүдэлтэй, уг гэрээний зүйл заалт дээр маргаж байгаа тохиолдолд бид уг шийдвэрийг дагаж мөрдөх үндэслэл байхгүй. Хариуцагч талыг Санхүүгийн зохицуулах хорооны шийдвэрийг биелүүлээгүй үндэслэлээр буруутгах боломжгүй. Замын хөдөлгөөний дүрмийн 9.1-д Жолооч хөдөлгөөний эрчим, тээврийн хэрэгслийн онцлог байдал, тээж яваа ачаа, замын болон цаг агаарын нөхцөл, хөдөлгөөний дагуу үзэгдэлтийг харгалзан тээврийн хэрэгслийн хурдыг энэ дүрэмд тогтоосон хязгаараас хэтрүүлэхгүйгээр сонгож явна, 9.2-т Жолооч хөдөлгөөнд аюул, саад бий болохыг мэдсэн үед тээврийн хэрэгслийн хурдыг хасаж, зайлшгүй тохиолдолд зогсоох арга хэмжээ авна гэж заасан. Гэтэл тухайн осол болох үед жолооч тээврийн хэрэгслийг зогсоох боломжгүй тохиолдолд явж байгаад осол болсон гэж шинжээчийн дүгнэлтэд дурдсан гэжээ.

Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2016 оны 06 дугаар сарын 24-ний өдрийн 182/ШШ2016/00148 дугаар шийдвэрээр: Иргэний хуулийн 431 дүгээр зүйлийн 431.1, 439 дүгээр зүйлийн 439.1, 439.4, Даатгалын тухай хуулийн 8 дугаар зүйлийн 8.1-т тус тус зааснаар хариуцагч “Бодь даатгал” ХХК-иас 23.362.767 төгрөг гаргуулж, “Американ моторс” ХХК-д олгож, нэхэмжлэлээс 11.693.767 төгрөгийг хэрэгсэхгүй болгож, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.2, 60 дугаар зүйлийн 60.1-д зааснаар нэхэмжлэгч “Американ моторс” ХХК-иас улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 340.000 төгрөгийг улсын төсвийн дансанд хэвээр үлдээж, хариуцагч “Бодь даатгал” ХХК-иас 274.763 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгчид олгож шийдвэрлэжээ.

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2016 оны 08 дугаар сарын 17-ны өдрийн 1444 дугаар магадлалаар: Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2016 оны 06 дугаар сарын 24-ний өдрийн 182/ШШ2016/00148 дугаар шийдвэрийн 1 дүгээр заалтад “439 дүгээр зүйлийн 439.1, 439.4, Даатгалын тухай хуулийн 8 дугаар зүйлийн 8.1” гэснийг хасч, “23 362 767” гэснийг “32 909 544” гэж, “11 693 767” гэснийг “2 150 000” гэж, 2 дах заалтын “274 763” гэснийг “322 497” гэж тус тус өөрчилж, шийдвэрийн бусад заалтыг хэвээр үлдээж, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 59 дүгээр зүйлийн 59.3, 162 дугаар зүйлийн 162.4 дэх хэсэгт тус тус зааснаар давж заалдах шатны шүүхэд гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид хариуцагч “Бодь даатгал” ХХК-иас төлсөн 274.763 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, нэхэмжлэгч “Американ моторс” ХХК-иас төлсөн 167.650 төгрөгийг шүүгчийн захирамжаар буцаан олгож шийдвэрлэжээ.

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ж.Даваасүрэн хяналтын журмаар гаргасан гомдолдоо: Анхан болон давж заалдах шатны шүүхийн шийдвэр, магадлалыг эс зөвшөөрч, хууль буруу тайлбарлаж хэрэглэсэн гэсэн үндэслэлээр гомдол гаргаж байна.

Хэрэгт авагдсан Шинжээч Цагдаагийн ахмад Ж.Явуухулангийн 2014 оны 01 дүгээр сарын 16-ны өдрийн 650 дугаар дүгнэлтийн 2 дахь заалтад “техникийн бүрэн бус байдлууд нь зам тээврийн осол гарахад нөлөөлсөн” гэжээ. Энэхүү баримт нь осол гарах болсон шалтгааныг илэрхийлсэн нотлох баримт бөгөөд Талуудын хооронд байгуулагдсан Даатгалын гэрээний 13 дугаар зүйлийн 13.8-д “даатгуулагч техникийн бүрэн бус байдалтай тээврийн хэрэгслийн замын хөдөлгөөний оролцуулснаас үүсэн хохиролд төлбөр олгохгүй” гэж заасан.

Мөн дээрх шинжээчийн дүгнэлтийн 1 дэх заалтанд “... жолооч Д.Оюун-Эрдэнэ нь ЗХЦ-ын 9 дүгээр зүйлийн 9.1-0 заасныг зөрчсөн” гэжээ. Замын хөдөлгөөний дүрмийн 9 дүгээр зүйлд зааснаар “тээврийн хэрэгслийн хөдөлгөөний хурдыг зохицуулсан” бөгөөд даатгуулагч нь “хөдөлгөөний эрчим, тээврийн хэрэгслийн онцлог байдал, хөдөлгөөний үзэгдэлтийг харгалзан тээврийн хэрэгслийн хурдыг тохируулж явах үүрэгтэй” байна. Гэтэл даатгуулагч нь уг заалтыг зөрчиж, тээврийн хэрэгслийн хурдыг хэтрүүлсэн болно. Тиймээс энэхүү нөхцөл байдал нь гэрээнд зааснаар нөхөн төлбөр олгохоос татгалзах үндэслэлд хамаарч байна.

Хөрөнгийн үнэлгээний тухай хуулийн 22 дугаар зүйлийн 22.1-т зааснаар “Итгэлт эстимэйт” ХХК нь хөрөнгийн үнэлгээ хийх тусгай зөвшөөрөл бүхий этгээд мөн эсэх нь эргэлзээтэй, энэ талаарх нотлох баримт хэрэгт байхгүй юм. Гэтэл анхан шатны шүүхээс “... автомашинд хохирол учирсан болох нь “Итгэлт эстимэйт" ХХК-ийн хохирлын үнэлгээний тайлангаар тогтоогдож байна" гэж дүгнэсэн буруу байна.

Талуудын хороонд байгуулсан Даатгалын гэрээгээр “даатгалын тохиолдол гэж үзэх нөхцөл болон нөхөн төлбөр олгохоос татгалзах үндэслэл”-ийг харилцан тохиролцсон байна. Тодруулбал. “техникийн бүрэн бус байдалтай тээврийн хэрэгслийг замын хөдөлгөөнд оролцуулснаас үүсэн хохирол, тээврийн хэрэгслийн хөдөлгөөний хурд хэтрүүлснээс үүссэн хохиролд тус тус нөхөн төлбөр олгохгүй байхаар гэрээнд заасан.

Анхан шатны шүүхийн “... “Бодь даатгал” ХХК нь “Американ моторс” ХХК-д нөхөн төлбөр олгохоос татгалзаж байгаа нь Даатгалын тухай хуулийн 8 дугаар зүйлийн 8.5-д заасан үндэслэлүүдэд хамаарахгүй байна” гэж дүгнэсэн буруу болно. Иймд нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

ХЯНАВАЛ

Анхан болон давж заалдах шатны шүүх зохигчдын хооронд даатгалын гэрээний харилцаанаас үүссэн хэргийг хянан шийдвэрлэхдээ Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуульд заасан журмыг зөрчөөгүй байна.

Нэхэмжлэгч “Американ моторс” ХХК нь хариуцагч “Бодь даатгал” ХХК-с даатгалын нөхөн төлбөр 32.909.544 төгрөг, үнэлгээний зардал 660.000 төгрөг, машин тээвэрлэсний зардал 1.500.000 төгрөг нийт 35.069.544 төгрөг гаргуулахаар шаарджээ. Хариуцагч нэхэмжлэлийг эс зөвшөөрч, хурд хэтрүүлсэн, тээврийн хэрэгслийн бүрэн бус байдал осол гарахад нөлөөлсөн гэжээ.

Зохигчдын хооронд 2013 оны 11 дүгээр сарын 20-ны өдөр байгуулагдсан тээврийн хэрэгслийн даатгалын гэрээгээр “Американ моторс” ХХК  нь  Лексус-470 маркийн автомашиныг Замын Үүдээс Улаанбаатар хотод авч ирэх хүртэл даатгуулсан, “Бодь даатгал” ХХК нь даатгалын тохиолдол бий болоход даатгалын нөхөн төлбөрийг олгохоор харилцан тохиролцжээ.

Гэрээнд заасан Лексус-470 маркийн авто машиныг Д.Оюун-эрдэнэ жолоодож явахдаа 2013 оны 11 дүгээр сарын 30-ны өдөр зам тээврийн осолд орсноос даатгалын зүйл болох машинд 32.909.544 төгрөгийн хохирол учирсан нь хэрэгт авагдсан баримтаар тогтоогджээ.

Талууд даатгалын гэрээг бичгээр байгуулж гарын үсэг зурсан, даатгуулагч даатгалын хураамж төлсөн, энэ талаар маргаагүй байна.

Даатгалын гэрээгээр даатгагч нь даатгалын тохиолдол бий болоход даатгуулагчид учирсан хохирол буюу хэлэлцэн тохирсон даатгалын нөхөн төлбөрийг төлөх, даатгуулагч нь хураамж төлөх үүргийг тус тус хүлээх ба даатгуулсан зүйлд учирсан хохирол, тохиролцсон болзол бүрдэхийг даатгалын тохиолдол гэнэ.

Талууд зам тээврийн ослыг даатгалын эрсдэлд тооцохоор даатгалын гэрээгээр харилцан тохиролцсон, машины зүүн урд талын дугуй 20 см урагдсанаас зам тээврийн осол гарсныг хариуцагч үгүйсгэж чадаагүй байна.

Анхан шатны шүүх зохигчдын хооронд үүссэн харилцааг зөв тодорхойлсон боловч нэхэмжлэгч зам тээврийн ослын талаар даатгагчид нэн даруй мэдэгдэх үүргээ биелүүлээгүй гэж үзэж хохирлын зарим хэсгийг хэрэгсэхгүй болгохдоо хэрэгт авагдсан баримтад тулгуурлаагүйгээс гадна шийдвэрийн тогтоох хэсэгт баримталбал зохих хуулийг оновчтой хэрэглээгүй байна.

Давж заалдах шатны шүүх хэрэгт авагдсан баримтыг тал бүрээс нь бодитойгоор харьцуулан үзсэний үндсэн дээр тухайн хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, үнэн зөв, эргэлзээгүй талаас нь үнэлж нэхэмжлэлээс 32.909.544 төгрөгийн шаардлагыг хангасан нь  Иргэний хуулийн 431 дүгээр зүйлийн 431.1-т нийцжээ.

Лексус-470 маркийн авто машиныг жолоодож явсан Д.Оюун-Эрдэнэ нь хурд хэтрүүлснээс зам тээврийн осол гаргасан талаарх хариуцагчийн тайлбар хэрэгт авагдсан баримтаар тогтоогдоогүй байна.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.2.2-т зааснаар хэргийн оролцогч нь шүүхэд гаргасан нэхэмжлэлийн шаардлага, түүнийг үгүйсгэх, татгалзах үндэслэл, тайлбар түүнтэй холбоотой баримтыг өөрөө нотлох, нотлох баримтыг цуглуулах, гаргаж өгөх үүрэгтэй бөгөөд хариуцагч нь “Итгэлт Эстимейт” ХХК нь хөрөнгийн үнэлгээ хийх эрхгүй гэх тайлбараа нотолж чадаагүй байна.

Иймд давж заалдах шатны шүүхийн магадлалыг хэвээр үлдээж, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гомдлыг хангахгүй орхих нь зүйтэй шүүх бүрэлдэхүүн үзэв.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 176 дугаар зүйлийн 176.2.1-т заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2016 оны 08 дугаар сарын 17-ны өдрийн 1444 дүгээр магадлалыг хэвээр үлдээж, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ж.Даваасүрэнгийн гаргасан гомдлыг хангахгүй орхисугай.

2. Хариуцагч хяналтын журмаар гомдол гаргахдаа 2016 оны 9 дүгээр сарын 16-ний өдөр төлсөн 322.500 төгрөгийг  улсын орлогод хэвээр үлдээсүгэй.

                        ТАНХИМЫН ТЭРГҮҮН                                 Х.СОНИНБАЯР

                        ШҮҮГЧ                                                            Г.ЦАГААНЦООЖ