| Шүүх | Улсын дээд шүүх |
|---|---|
| Шүүгч | Дамдины Эрдэнэбалсүрэн |
| Хэргийн индекс | 222/2019/1112/э |
| Дугаар | 432 |
| Огноо | 2019-09-25 |
| Зүйл хэсэг | 079.1., |
| Улсын яллагч | Ц.Батцэнгэл |
Улсын дээд шүүхийн Тогтоол
2019 оны 09 сарын 25 өдөр
Дугаар 432
И.С-ад холбогдох
эрүүгийн хэргийн тухай
Улсын дээд шүүхийн Эрүүгийн хэргийн танхимын тэргүүн Б.Цогт даргалж, шүүгч Б.Батцэрэн, Д.Ганзориг, Ч.Хосбаяр, Д.Эрдэнэбалсүрэн нарын бүрэлдэхүүнтэй, Улсын ерөнхий прокурорын газрын хяналтын прокурор Ц.Батцэнгэл, нарийн бичгийн дарга М.Билгүтэй нарыг оролцуулж хийсэн хяналтын шатны эрүүгийн хэргийн шүүх хуралдаанаар
Дотоод явдлын яамны дэргэдэх Онцгой бүрэн эрхт комиссын 1938 оны 10 дугаар сарын 24-ний өдрийн 35 дугаар хурлын тогтоолтой, И.С-ад холбогдох 3632 дугаартай эрүүгийн хэргийг Улсын ерөнхий прокурорын газрын цагаатгал хариуцсан хяналтын прокурор Ц.Батцэнгэлийн бичсэн дүгнэлтийг үндэслэн 2019 оны 09 дүгээр сарын 09-ний өдөр хүлээн авч, шүүгч Д.Эрдэнэбалсүрэнгийн танилцуулснаар хянан хэлэлцэв.
1937 оны байдлааар 72 настай, Хэнтий аймгийн Цэнхэрмандал сумын 1 дүгээр багийн харьяат, ам бүл 2, эхнэр Равдангийн хамт, яс угсаа цахар, төвд ном бичиг мэднэ, цэрэгт яваагүй, ял шийтгэл хүлээж байгаагүй, И овогт С.
И.С- нь Японы эсэргүү тагнуулын байгууллагад 1938 онд Бор-Өндөрийн хийдийн лам Базарт анх элсэгдэн идэвхтэй гишүүн болж, өөрийн биеэр 2 хүн элсүүлэн, гишүүн элсүүлэх тухай даалгавар өгч удирдаж байсан. Богдыг тодруулахын тулд Норжин, Самбалхүндэв зэрэг номуудыг идэвхтэй уншиж, бусдад хуулбарлан шүтүүлж байсан. Эсэргүү ажлын зардалд адуу 1, эр хонь 3-ыг тасалж, өөрийн удирдагч Базарт өгч байсан. Ард олны зан байдал, яриа өгүүллийн тухай тагнуулын мэдээг шилжүүлж, ардын дотор эсэргүү цуурхлыг идэвхтэй тараасан гэмт хэрэгт холбогджээ.
Дотоод явдлын яамны дэргэдэх Онцгой бүрэн эрхт комиссын 1938 оны 10 дугаар сарын 24-ний өдрийн 35 дугаар хурлын тогтоолоор Шүүх цаазны бичгийн 43, 47 дугаар зүйлд зааснаар И.С- нь “Буудах” ялаар шийтгүүлжээ.
Хяналтын шатны шүүхэд прокурор Ц.Батцэнгэл бичсэн болон шүүх хуралдаанд хэлсэн дүгнэлтээ “И.С-ыг “Хувьсгалын эсэргүү төв” хэмээх байгууллагад элсэн орсон гэж урьдчилан хорьж, улс төрийн хилс хэрэгт холбогдуулан Шүүх цаазын бичгийн 43, 47 дугаар зүйлд зааснаар “Буудах” ялаар шийтгэсэн нь хавтаст хэрэгт авагдсан нотлох баримтуудаар тогтоогдож байна.Үүнд: И.С-ыг хорьж, нэг удаа байцааж, түүний мэдүүлэг илэрсэн Бор-Өндөрийн хийдийн Базар, Гүнтэв, Гандан хийдийн хувилгаан багш Чойнзон гэх хүмүүсийг байцаасан мэдүүлэг байхгүй, тэдэнтэй нүүрэлдүүлэн байцаасан мэдүүлэг байхгүй зөвхөн өөрийнх нь ганц удаагийн байцаалт, мэдүүлэгт үндэслэн ял шийтгэсэн байна. И.С-ыг эсэргүү бүлгэмд элсэн орж тагнуулын мэдээг шилжүүлж, ард иргэдийн дотор эсэргүү цуурхлыг тарааж байсан гэдгийг нотолсон баримт хэрэгт байхгүй. И.С-ын мэдүүлэгт илэрсэн “түүнийг эсэргүү бүлэгт элсүүлсэн гэх Гандан хийдийн хувилгаан багш Чойнзон” гэгч нь “Хувьсгалын эсэргүү төв” хэмээх байгууллагын удирдагч хэмээн Ёнзон хамба Лувсанхаймчиг, дэд хамба Б.Дамдин, Манзшир хутагт С.Цэрэндорж нарын 23 хүн холбогдсон хэрэгт шийтгүүлснийг БНМАУ-ын Дээд шүүхийн бүгд хурлын 1990 оны 07 дугаар сарын 25-ны өдрийн 07 дугаар тогтоолоор “хувьсгалын эсэргүү үйл ажиллагаа явуулж, дотоодод зэвсэгт бослого гаргах, хөрөнгө мөнгө, буу зэвсэг бэлтгэх, харьяат зарим газруудад эсэргүү салбар байгуулж, төвөөсөө удирдаж байсан гэсэн хууль ёсны нотлох баримт тогтоогдоогүй, “хувьсгалын эсэргүү төв” хэмээх байгууллага огт байгаагүй” гэсэн үндэслэлээр цагаатгасан байна. И.С-ын тараасан гэх эсэргүү цуурхлын улмаас нийгэмд учирсан ямар нэгэн хор хохирол учирсан нь тогтоогдоогүй, үүнийг нотолсон баримт хэрэгт байхгүй байхад “Хувьсгалын эсэргүү “төв” хэмээх Ёнзон хамба нарын” хэрэгт холбогдуулан шийтгэсэн нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 41.1 дүгээр зүйлийн 1.4 дэх хэсэг /хуулийг илт буруу хэрэглэсэн шүүхийн шийдвэрийн улмаас хүний эрх ноцтой зөрчигдсөн/-т заасан шинээр илэрсэн нөхцөл болж байна. Хэрэгт шалгагдсан баримтуудаас дүгнэвэл И.С-ын эсэргүү бүлгэмд элссэн, бусдыг элсүүлсэн, эсэргүү үйл ажиллагаа явуулсан, цуурхал тараасныг нь нотлоогүй байж, Онцгой бүрэн эрхт комиссын 1938 оны 10 дугаар сарын 24-ний өдрийн 35 дугаар хурлын тогтоолоор улс төрийн хэрэгт хилсээр ял шийтгэгдсэн гэж үзэх үндэслэлтэй байна.
Иймд Онцгой бүрэн эрхт комиссын хурлын тогтоолыг хүчингүй болгож, Ишийн С-ад холбогдох 3632 дугаартай хэргийг хэрэгсэхгүй болгуулан, түүнийг цагаатгуулахаар Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 41.4 дүгээр зүйл, Улс төрийн хилс хэрэгт хэлмэгдэгчдийг цагаатгах, тэдэнд нөхөх олговор олгох тухай хуулийн 8 дугаар зүйлийн 8.1 дэх хэсгийн заалтыг баримтлан прокурорын дүгнэлт бичив” гэжээ. ТОДОРХОЙЛОХ НЬ:
Хэрэгт авагдсан баримтуудыг судалж үзэхэд И.С-ыг “Ёнзонхамба Ц.Лувсанхаймчигаар толгойлуулсан хувьсгалын эсэргүү лам нарын төв” хэмээх байгууллагад элсэн орсон, бусдыг элсүүлсэн, эсэргүү үйл ажиллагаа явуулсан, цуурхал тараасан гэж урьдчилан хорьж, улс төрийн хилс хэрэгт холбогдуулан 1 удаа байцаасан байх бөгөөд ялын төлөвлөгөө, шийтгэх тогтоолгүйгээр Шүүх цаазны бичгийн 43, 47 дугаар зүйлүүдэд зааснаар “Буудах” ялаар шийтгэсэн нь тогтоогдож байна.
Онцгой бүрэн эрхт комисс нь 1938 оны 01 дүгээр сарын 25-ны өдрөөс эхлэн 1939 оны 4 дүгээр сарын 28-ний өдрийг хүртэл хугацаанд 16 удаа хуралдаж , нийт 25 мянган хүний хэргийг хэлэлцэж шийдвэрлэсэн байх бөгөөд 1938 оны 10 дугаар сарын 24-ний өдрийн 35 дугаар хурлын тогтоолын 42 дугаар хэсэгт И.С-ыг эсэргүү бүлгэмд элсэн орж, тагнуулын мэдээг шилжүүлж, ард иргэдийн дотор эсэргүү цуурхлыг тарааж байсан гэсэн тэмдэглэл үйлдээд уг тогтоолын доод хэсэгт “буудах” гэж бичсэн байна.
“Ёнзонхамба Ц.Лувсанхаймчигаар толгойлуулсан хувьсгалын эсэргүү лам нарын төв” гэх байгуулага огт байгаагүй, тэдгээр хүмүүс хувьсгалын эсэргүү үйл ажиллагаа явуулж байсан гэх хууль ёсны үндэслэл тогтоогдоогүй зэрэг үндэслэлээр түүнийг удирдаж байсан хэмээн шийтгүүлсэн хүмүүсийн хэргийг Улсын Дээд шүүх цагаатгаж шийдвэрлэсэн байх бөгөөд И.С-ыг хувьсгалын эсэргүү үйл ажиллагаа явуулсан гэж хорьж, мөрдөн байцаалтын ажиллагаа явуулалгүйгээр, зөвхөн өөрийнх нь ганц удаагийн байцаалт мэдүүлэгт үндэслэн, шүүхээр хэлэлцэлгүйгээр, онцгой бүрэн эрхт комиссын хурлын тогтоолын дагуу Шүүх цаазны бичгийн 43, 47 дугаар зүйлд заасан гэмт хэрэгт холбогдуулан “буудан алах” ял шийтгэсэн нь улс төрийн хилс хэрэгт ял шийтгүүлсэн гэж үзэх үндэслэл болно.
Иймд прокурорын бичсэн дүгнэлтийг хүлээн авч, Онцгой бүрэн эрхт комиссын 10 дугаар сарын 24-ний өдрийн 35 дугаар хурлын тогтоолыг хүчингүй болгож, И.С-ыг хэлмэгдсэнд тооцож, цагаатгах нь зүйтэй гэж хяналтын шатны шүүх бүрэлдэхүүн шийдвэрлэв.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 41.4 дүгээр зүйлийн 4.2-т заасныг удирдлага болгон хяналтын шатны шүүх хуралдаанаас ТОГТООХ нь:
Дотоод явдлын яамны дэргэдэх Онцгой бүрэн эрхт комиссын 1938 оны 10 дугаар сарын 24-ний өдрийн 35 дугаар хурлын тогтоолыг хүчингүй болгож, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.19 дүгээр зүйлийн 1.1-д заасан “гэмт хэргийн шинжгүй” гэсэн үндэслэлээр И.С-ад холбогдох хэргийг хэрэгсэхгүй болгож, Ишийн С-ыг цагаатгасугай.
ДАРГАЛАГЧ Б.ЦОГТ
ШҮҮГЧ Б.БАТЦЭРЭН
Д.ГАНЗОРИГ
Ч.ХОСБАЯР
Д.ЭРДЭНЭБАЛСҮРЭН