Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2016 оны 09 сарын 07 өдөр

Дугаар 628

 

Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн шүүгч О.Оюунгэрэл даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны 5 дугаар танхимд хийсэн шүүх хуралдаанаар, 

Нэхэмжлэгч: Д*******гийн М*******,

Хариуцагч: Нийслэлийн Засаг дарга,

Нэхэмжлэлийн шаардлага: “Нийслэлийн Засаг даргын 2016 оны 02 дугаар сарын 24-ний өдрийн А/147 дугаар захирамжийн захирамжлах хэсгийн 4 дэх заалтыг хүчингүй болгуулах” шаардлага бүхий захиргааны хэргийг хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгч Т.М*******, нэхэмжлэгчийн өмгөөлөгч Б.Энхзаяа, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Д.Н*******, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Э.Гэрэлтуяа нар оролцов. 

ТОДОРХОЙЛОХ нь:

Нэхэмжлэгч Д.М******* шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: “ Миний бие Багахангай дүүргийн “Хот тохижилтын алба” орон тооны нутгийн өмчил аж ахуйн тооцоот үйлдвэрийн газар /ОНӨААТҮГ/-ын даргаар ажиллаж байсан билээ.

Гэтэл  “Орон нутгийн өмчит аж ахуйн тооцоот хуулийн этгээдийг  өөрчлөн байгуулах тухай” Нийслэлийн  Иргэлийн  Төлөөлөгчдийн хурлын тэргүүлэгчдийн 2016 оны 02 дугаар сарын 08-ны өдрийн 10 тогтоолоор Дүүргийн “Хот тохижилтын алба”  ОНӨААТҮГ-ыг “Илч орд” нийслэлийн  өмчит үйлдвэрийн  газарт нэгтгэж, өөрчлөн  байыгуулахаар шийдвэрлэж, дүрмийг батлаж, Орон нутгийн  өмчит аж ахуйн тооцоот хуулийн этгээдийг өөрчлөн байгуулах ажлых хүрээнд холбогдох үйл ажиллагааг зохион байгуулж, улсын бүртгэлд бүртгүүлж, бүтэц орон тоог шинэялэн батлахыг Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын захирагч Э.Бат-Үүлд үүрэг болгосон байсан.

Нийслэлийн Иргэдийн Төлөөлөгчдийн хурлын тэргүүлэгдчид 2016 оны 02 дугаар сарын 08-ны өдрийн 10 тоот  тогтоолоос өмнөх “Хот тохижилтын алба” ОНӨААТҮГ-ын орон тоо, бүтэц зохион байгуулалтыг хэрхэн зохион байгуулах, хуучин ажилчид албан хаагчдын ажлын байрыг  хэрхэн хадгалах, тэдний хөдөлмөрлөх эрхийг  зөрчихгүй байх талаар ямар арга хэмжээ зохион байгуулах талаар ямар нэгэн шийдвэр гаргалгүйгээр орхигдуулсан ба энэ тогтоолыг биелүүлэх үүднээс Нийслэлийн  Засаг дарга 2016 оны 02 дугаар сарын 24-ны өдөр А/147 дугаар захирамж гаргахдаа мөн л адилхан зөвхөн “Илч орд” ОНӨААТҮГ-ын орон тооны дээд хязгаарыг батласнаар миний болон манай нийт ажилчин албан хаагчдын эрх, хууль ёсны маань ашиг сонирхол зөрчигдөж байна.

Манай байгууллагыг анх Нийслэлийн Багахангай дүүргийн Засаг даргын 1993 оны 03 дугаар сарын 22-ны өдрийн А/25 дугаар захирамжаар “Хот тохижуулалтын алба” нэртэйгээхр байгуулагдаж, төсөвт байгууллагын гэрчилгээ авч,  банкинд харилцах данстай болж хуулийн этгээдийн эрх, үүрэгтэйгээр ажиллаж эхэлсэн байдаг.

2008 оны 03 дугаар сарын 19-ний өдөр Нийслэлийн Иргэдийн Төлөөлөгчдийн хурлын тэргүүлэгчдийн 33 дугаар тогтоолоор дүүргийн орон нутгийн өмчид шилжүүлсэн хөрөнгөд манай “Хот тохижуулах алба”-ны хөрөнгө буюу Тохижилт үйлчилгээний компанийн хөрөнгө шилжиж очсон бөгөөд Нийслэлийн Засаг даргын 2008 оны 02 дүгээр сарын 29 ны өдрийн 203 дугаар захирамж Нийслэлийн өмчөөс орон нутгийн өмчид шилжих, өмчийн дүнг гаргаж, шилжиж очсон хөрөнгийг өөрийн данс бүртгэлдээ тусгахыг дүүргүүдийн Засаг дарга нарт даалгасан ёсоор “Хот тохижилтын алба” нь дүүргийн орон нутгийн өмчит аж ахуйн тооцоот үйлдвэрийн  газар болсон юм. 

Улмаар өмнө нь нэг удирдлагатай ч, хуулийн  этгээдийн тамга, тэмдэг, улсын бүртгэлийн гэрчилгээ,  санхүүжилт,  данс бүртгэл тусдаа  үйл ажиллагаа явуулж ирсэн  “Хот тохижуулах алба”-ыг “Илч орд” НӨҮГ-аас удирдлагыг салгаж ажиллуулахаар шийдвэрлэж, Багахангай дүүргийн Иргэдийн  Төлөөлөгчдийн  хурлын тэргүүлэгчдийн 2012 оны 10 дугаар сарын 03-ны өдрийн А/38 дугаар тогтоолоор “Хот тохижилтын алба” ОНӨААТҮГ-ыг “Илч орд” НӨҮГ-аас салгаж, байгуулан дүрмийг  батлаж, Улсын бүртгэлд бүртгүүлэн 8102155 тоот регистр авч, 90******* тоот Улсын бүртгэлийн гэрчилгээ авч үйл ажиллагаа нь жигдэрч байсан.

Ийм учраас Нийслэлийн Өмчийн харилцааны газрын даргын 2013 оны 11дүгээр сарын 08-ны өдрийн А/627 дугаар тушаалаар “Илч-орд” НӨҮГ-ын  балансад бүртгэлтэй тодорхой хөрөнгийг “Хот тохижилтын алба” ОНӨААТҮГ-т шилжүүлж байсан. Мөн Нийслэлийн  Иргэдийн Төлөөлөгчдийн хурлын 2014 оны 07 дугаар сарын 04-ны өдрийн 18/21 тоот тогтоолоор “Илч-орд” Нийслэлийн өмчит үйлдвэрийн газрыг Багахангай дүүрэгт  харъяалуулахаар шийдвэрлэсэн.

Улмаар Багахангай дүүргийн Засаг даргын 2013 оны 02 дугаар сарын 18-ны өдрийн Б/03 дугаар захирамжаар Д.М******* миний биеи Хот тохижилтын албаны даргаар томилж ажиллуулсан бөгөөд түүнээс хойш жил бүр үр дүнгийн гэрээ байгуулж түүнийгээ дүгнэж ажиллаж ирсэн.

Гэтэл Нийслэлийн Засаг дараг дээрх шийдвэр гэнэт дээрээс дур мэдэн хүчингүй болгож шийдвэрлэж байгаа нь А/147 дугаар захирамж гаргаж байгаа нь нутгийн өөрөө удирдах ёсны байгууллагын  эрхэд халдсан үйлдэл  бөгөөд үүгээр миний хөдөлмөрлөх эрхийг ноцтой зөрчиж байна. 

Иймд өөрийнхөө эрх, хууль ёсны эрх, ашиг сонирхлыг хамгаалуулахаар “Нийслэлийн Засаг даргын 2016 оны 02 дугаар сарын 24-ны өдрийн А/147 дугаар захирамжийн “ЗАХИРАМЖЛАХ НЬ” хэсгийн 4 дэх заалтыг хүчингүй болгож өгнө үү” гэжээ 

          Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч шүүхэд гаргасан хариу тайлбартаа: “Нийслэлийн Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын Тэргүүлэгчдийн 2016 оны 10 дугаар тогтоолыг Төрийн болон орон нутгийн өмчийн тухай хуулийн 77 дугаар зүйлийн 77.1-д “Иргэдийн Төлөөлөгчдийн  хурал  нь тухайн аймаг, нийслэл, сум, дүүргийн өмчийн зүйлсийг хүн амаа төлөөлөн  өмчлөгч нь  байна, 77.2.4-т “Орон нутгийн өмчийн хуулийн этгээд байгуулах, өөрчлөн байгуулах, татан буулгах шийдвэр гаргаж, гүйцэтгэлд нь хяналт тавих” гэж заасны дагуу гаргасан байна.

        Багахангай дүүргийн “Хот тохижилтын алба” орон нутгийн өмчит аж ахуйн тооцоот үйлдвэрийн газрыг “И*******” нийслэлийн өмчит үйлдвэрийн газарт нэгтгэж, өөрчлөн байгуулах тухай Нийслэлийн Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын Тэргүүлэгчдийн 2016 оны 02  дугаар сарын 08-ны өдрийн 10 дугаар тогтоолын 2 дугаар заалтад өөрчлөн байгуулсан хуулийн  этгээдийн дүрмийн хавсралтаар, 3 дахь заалтад өөрчлөн байгуулах ажлын хүрээнд холбогдох ажиллагааг зохион байгуулж, улсын  бүртгэлд бүртгүүлж, бүтэц орон тоог шинэчилэн батлахыг Нийслэлийн засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын захирагчид үүрэг болгосон  байна.

         Уг тогтоолд үндэслэн гарсан “Орон нутгийн өмчит аж ахуйн тооцоот хуулийн этгээдийн талаар авах арга хэмжээний тухай” нийслэлийн Засаг даргын 2016 оны 02 дугаар сарын 24-ны өдрийн А/147 дугаар захирамжын нэг дэх заалтаар Багахангай дүүргийн “Хот тохижилтын алба” орон нутгийн  өмчит аж ахуйн тооцоот үйлдвэрийн газрыг “И*******” нийслэлийн өмчит үйлдвэрийн газарт нэгтгэх ажлыг зохион байгуулах комиссыг  баталж, хоёрдугаар хавсралтаар бүтэц, орон тооны дээд хязгаарыг, 4 дэх заалтаар Багахангай дүүргийн Засаг даргын Д.М*******г ажилд томилох тухай 2013 оны Б/03 дугаар захирамжийг хүчингүй болгосон болно. Иймд иргэн Д.М*******ы гаргасан нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хүлээн зөвшөөрөх боломжгүй байна” гэжээ.

ҮНДЭСЛЭХ нь:

Шүүх хавтаст хэрэгт авагдсан бичгийн нотлох баримт болон нэхэмжлэгч, хариуцагч тэдгээрийн итгэмжлэгдсэн төлөөлөгч, өмгөөлөгчийн шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан тайлбар, түүний хууль зүйн үндэслэлийг хянан хэлэлцээд нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж шийдвэрлэлээ. 

Нэхэмжлэгч Д.М*******ыг Нийслэлийн Багахангай дүүргийн Засаг даргын 2013 оны 02 дугаар сарын 18-ны өдрийн Б/03 дугаар “Ажилд томилох тухай” захирамжаар Хот тохижилтын албаны даргаар томилсон байна. 

Маргаан бүхий акт болох Нийслэлийн Засаг даргын 2016 оны 02 дугаар сарын 24-ний өдрийн А/147 дугаар захирамжийн 4 дэх заалтаар Орон нутгийн өмчит аж ахуйн тооцоот хуулийн этгээдийн талаар авах арга хэмжээний хүрээнд Багахангай дүүргийн Засаг даргын 2013 оны “Ажилд томилох тухай” Б/03 дугаар захирамжийг хүчингүй болгосон байх бөгөөд Монгол Улсын Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж түүний удирдлагын тухай хуулийн 29 дүгээр зүйлийн 29.2 дахь хэсэг, 29.1.2-ын “в”, Төрийн болон орон нутгийн өмчийн тухай хуулийн 78 дугаар зүйлийн 78.1 дэх хэсэг, нийслэлийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын Тэргүүлэгчдийн 2016 оны “Орон нутгийн өмчит аж ахуйн тооцоот хуулийн этгээдийг өөрчлөн байгуулах тухай” 10 дугаар тогтоолыг тус тус үндэслэл болгожээ. 

Хариуцагчаас “Нийслэлийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын Тэргүүлэгчдийн 2016 оны 10 дугаар сарын тогтоолыг үндэслэн нийслэлийн Засаг даргын 2016 оны 02 дугаар сарын 24-ний өдрийн А/147 дугаар захирамжийн 4 дэх заалтаар Багахангай дүүргийн Засаг даргын Д.М*******ыг ажилд томилох тухай 2013 оны Б/03 дугаар захирамжийг хүчингүй болгосон болно” гэх тайлбар гаргаж маргасан болно. 

Гэтэл Багахангай дүүргийн Хот тохижилтын алба ОНӨААТҮГ-ийн нэхэмжлэлтэй, Нийслэлийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын Тэргүүлэгчдэд холбогдох Нийслэлийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын Тэргүүлэгчдийн “Орон нутгийн өмчит аж ахуйн тооцоот хуулийн этгээдийг өөрчлөн байгуулах тухай 2016 оны 2 дугаар сарын 08-ны өдрийн 10 дугаар тогтоолыг хүчингүй болгуулах” шаардлага бүхий захиргааны хэрэгт хариуцагч нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрч тус шүүхийн шүүгчийн 2016 оны 8 дугаар сарын 18-ны өдрийн 578 дугаар “Хариуцагч нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрснийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгох тухай” захирамж гарсан байна. 

Иймд маргаан бүхий акт гаргах үндэслэл болсон Нийслэлийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын Тэргүүлэгчдийн “Орон нутгийн өмчит аж ахуйн тооцоот хуулийн этгээдийг өөрчлөн байгуулах тухай” 2016 оны 2 дугаар сарын 08-ны өдрийн 10 дугаар тогтоол хүчингүй болсоноор Нийслэлийн Засаг даргын 2016 оны 02 дугаар сарын 24-ний өдрийн А/147 дугаар захирамж эрх зүйн үр дагаваргүй болсон гэж үзэх үндэслэлтэй байх тул нэхэмжлэлийг бүхэлд нь хангаж шийдвэрлэлээ.  

 

          Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.1, 106.3.1, 106.3.12-д заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:

 

1. Төрийн болон орон нутгийн өмчийн тухай хуулийн 78 дугаар зүйлийн 78.1-д заасныг баримтлан нэхэмжлэгч Д.М*******ы “Нийслэлийн Засаг даргын 2016 оны 02 дугаар сарын 24-ний өдрийн А/147 дугаар захирамжийн захирамжлах хэсгийн 4 дэх заалтыг хүчингүй болгуулах” тухай нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж, Нийслэлийн Засаг даргын 2016 оны 02 дугаар сарын 24-ний өдрийн А/147 дугаар захирамжийн 4 дэх заалтыг хүчингүй болгосугай. 

2. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 51 дүгээр зүйлийн 51.1, 47 дугаар зүйлийн 47.1-д зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 70200 төгрөгийг улсын орлогод үлдээж, хариуцагчаас 70200 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгчид олгосугай. 

3. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 114 дүгээр зүйлийн 114.1 дэх хэсэгт зааснаар хэргийн оролцогч, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч шүүхийн шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэй.

 

      

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                              О.ОЮУНГЭРЭЛ