Баян-Өлгий аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр

2025 оны 01 сарын 22 өдөр

Дугаар 302/ШШ2025/00074

 

 

 

 

 

2025 оны 01 сарын 22 өдөр

Дугаар 302/ШШ2025/00074

Баян-Өлгий аймаг

 

                       Хариуцагч нэхэмжлэлийн шаардлагыг

хүлээн зөвшөөрснийг баталж,

хэргийг хэрэгсэхгүй болгох тухай

 

 

Б аймаг дахь сум дундын анхан шатны шүүхийн шүүгч Х.Мейрамбек би,

Нэхэмжлэгч: Б аймгийн Ө сумын 5 дугаар багт үйл ажиллагаа явуулах, Б аймгийн Прокурорын газар (нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч, ахлах прокурор А.Дорждэрэм)-ын нэхэмжлэлтэй,

Хариуцагч: Б аймгийн Б сумын 4 дүгээр багт оршин суух, А овогт Т.Ц-д холбогдох,

Нэхэмжлэлийн шаардлага: Сум хөгжүүлэх сангаас авсан зээл, хүүгийн хамт 16,302,507 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийг 2025 оны 01 дүгээр сарын 14-ний өдөр хүлээн авч хянаад,

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

1.Нэхэмжлэгч Б аймгийн Прокурорын газраас хариуцагч Т.Ц-д холбогдуулан Сум хөгжүүлэх сангаас авсан зээл, хүүгийн хамт 16,302,507 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэл гаргасан. Нэхэмжлэгч нь нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлээ дараах байдлаар тодорхойлж байна. Үүнд:

1.1.Б аймгийн Б сумын Засаг даргаас ирүүлсэн хүсэлтийг хүлээн авч танилцахад сумдад жижиг дунд үйлдвэр шинээр байгуулах, үйл ажиллагааг өргөтгөх, шинэчлэх сонгон шалгаруулалтад төсөл нь шалгарсан Т.Ц нь “... хөнгөлөлттэй зээл олгох ... гэрээ”-г 2013 оны 04 дүгээр сарын 17-ны өдөр сумын Засаг даргатай байгуулан “Барилгын материал” эрхлэх зориулалтаар 20,000,000 төгрөгийг 3 жил /36 сар/-ийн хугацаатай, эргэн төлөгдөх нөхцөлтэйгөөр авсан байна.

1.2.Гэвч Т.Ц нь уг зээлийг гэрээнд заасан хугацаанд буюу 2016 оны 04 дүгээр сарын 17-ны өдрийн дотор нөхөн төлөх үүргээ биелүүлээгүйн улмаас Сум хөгжүүлэх санд 16,302,507 төгрөг төлөгдөөгүй нь судалгаагаар тогтоогджээ.

1.3. Иймд талуудын хооронд байгуулсан гэрээний 2 дугаар зүйлийн 2.6 дахь заалтад “... Зээлдэгч зээлийн гэрээгээр хүлээсэн үүргээ биелүүлээгүйгээс хугацаа хэтэрвэл барьцаат хөрөнгийн гэрээг үндэслэн үндсэн зээл, хүүг төлнө” 2.8 дахь заалтад “... эргэн төлөлтийн хуваарьт заасны дагуу зээлийн үндсэн төлбөрийг төлөөгүй эсхүл зээл төлөх эцсийн хугацаа хэтэрсэн бол зээлийн хугацаанд төлөгдөөгүй үлдэгдэлд үндсэн хүүгээс гадна ... алданги төлнө” гэж заасан зээлдэгчийн үүрэг, Иргэний хуулийн 281 дүгээр зүйлийн 281.1 дэх хэсэгт “Зээлийн гэрээгээр зээлдүүлэгч нь зээлдэгчийн өмчлөлд мөнгө буюу төрлийн шинжээр тодорхойлогдох бусад эд хөрөнгө шилжүүлэх, зээлдэгч нь шилжүүлэн авсан эд хөрөнгөтэй ижил төрөл, тоо, чанар, хэмжээний эд хөрөнгө буюу мөнгийг тохирсон хугацаанд буцаан өгөх үүргийг тус тус хүлээнэ”, 282 дугаар зүйлийн 282.1 дэх хэсэгт заасан “... зээлийн гэрээгээр талууд хэлэлцэн тохиролцож хүү тогтоож болно.” гэх зохицуулалт зэргээс үзэхэд хариуцагчаас дээрх сангаас авсан зээлийн төлбөрийг хүүгийн хамт гаргуулж, нөхөн төлүүлэх үндэслэлтэй байна.

1.4.Мөн Б сумын Засаг даргаас гаргасан хүсэлтэд “ ... иргэний хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд төлөөлж өгнө үү ...” гэжээ. Прокурорын тухай хуулийн 20 дугаар зүйлийн 20.1 дэх хэсэгт “Прокурор төрийн ашиг сонирхол зөрчигдсөн гэж үзвэл төрийн байгууллагын хүсэлтээр, нийтийн ашиг сонирхол зөрчигдсөн гэж үзвэл төрийн байгууллагын хүсэлт эсхүл өөрийн санаачилгаар захиргааны болон иргэний хэрэг шүүхээр хянан шийдвэрлэх ажиллагаанд зохигчоор эсхүл гуравдагч этгээдээр оролцоно”, 41 дүгээр зүйлийн 41.1 дэх хэсэгт “Төр, нийтийн ашиг сонирхлыг төлөөлөн шүүхэд нэхэмжлэл, тайлбар, гомдол гаргана”, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 31 дүгээр зүйлийн 31.1 дэх хэсэгт “Прокурор төр, нийтийн ашиг сонирхол зөрчигдсөн гэж үзвэл төрийн байгууллагын хүсэлтээр эсхүл өөрийн санаачилгаар иргэний хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд энэ хуулийн 25, 26 дугаар зүйлд заасны дагуу төрийн нэрийн өмнөөс оролцоно” гэж тус тус зааснаас үзэхэд прокурор нь төрийн байгууллагын хүсэлтээр төр, нийтийн ашиг сонирхлыг хамгаалж, иргэний хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд оролцож, нэхэмжлэл гаргах эрхтэй байх тул хүсэлтийг хүлээн авч шийдвэрлэсэн.

1.5.Харин Засаг даргын тамгын газар нь Төрийн болон орон нутгийн өмчийн тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан төрийн байгууллага байх бөгөөд дээрх тогтоогдсон нөхцөл байдал, хууль тогтоомжуудад зааснаар Т.Ц нь гэрээгээр хүлээсэн үүргээ үл биелүүлж, Сум хөгжүүлэх сангаас олгосон зээлийг авч, эргэн төлөөгүйгээс төрд хохирол учирсан, түүнчлэн дараагийн зээл авах сонирхол бүхий иргэдэд олгох санхүүжилтийг бүрдүүлэхгүй байгаа нь  нийтийн ашиг сонирхолд хохирол учруулсан гэж дүгнэхээр байх тул зээлийг төлбөр, хүүг даруй гаргуулж, нөхөн төлүүлэх шаардлагатай байна гэжээ.

 

2.Хариуцагч Т.Ц шүүхэд  бичгээр ирүүлсэн тайлбартаа: ... Хариуцагч Т.Ц би нэхэмжлэгч Б аймгийн Прокурорын газрын надад холбогдуулж шүүхэд гаргасан нэхэмжлэлтэй танилцлаа. Миний бие Б аймгийн Б сумын Сум хөгжүүлэх сангаас 20,000,000 төгрөгийн хөнгөлөлттэй зээл авсан маань үнэн. Зээл авсны дараа зээлийг хуваарийн дагуу төлж байсан боловч сүүлийн хугацаанд барилгын материал үнэтэй болсны улмаас борлуулалт муу байсан тул зээлээ хугацаандаа төлж чадаагүй болно. Одоо нэхэмжлэгч Б аймгийн Прокурорын газрын надаас нэхэмжилж байгаа Сум хөгжүүлэх сангаас авсан зээл, хүүгийн хамт 16,302,507 төгрөгийг Б сумын Сум хөгжүүлэх сангийн 000000000 тоот дансанд төлж өгөхийг хүлээн зөвшөөрч байна. Энэ талаар ямар нэгэн маргаан байхгүй. Иймд хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлэж өгнө үү гэжээ.

 

ҮНДЭСЛЭХ нь:

 

3.Нэхэмжлэгч Б аймгийн Прокурорын газрын нэхэмжлэлтэй хариуцагч Т.Цд холбогдох иргэний хэргийг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад хариуцагч Т.Ц нь нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлага болох Сум хөгжүүлэх сангаас авсан зээл, хүүгийн хамт нийт 16,302,507 төгрөгийг Б аймгийн Б сумын Сум хөгжүүлэх сангийн 000000000 тоот дансанд төлж өгөхийг хүлээн зөвшөөрч энэ тухай тайлбараа шүүхэд бичгээр ирүүлсэн тул хариуцагч нэхэмжлэгч байгууллагын нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрснийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй гэж үзэв.

4.Хариуцагч нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрсөн нь Иргэний хуульд нийцсэн, бусдын хуулиар хамгаалагдсан эрх, хууль ёсны ашиг сонирхлыг зөрчөөгүй байна.

5.Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.3 дахь хэсэгт зааснаар нэхэмжлэгч Б аймгийн Прокурорын газар нь улсын тэмдэгтийн хураамжаас чөлөөлөгдсөн болохыг дурдаж, мөн хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 60 дугаар зүйлийн 60.1, 56 дугаар зүйлийн 56.1, 74 дүгээр зүйлийн 74.5 дахь хэсэгт заасныг баримтлан нэхэмжлэлийн шаардлагын үнийн дүнд оногдох улсын тэмдэгтийн хураамжид төлбөл зохих 239,463 төгрөгийн тал нь болох 119,731 төгрөгийг хариуцагч Т.Цгаас гаргуулан улсын орлого болгох нь зүйтэй байна.

6.Хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлэсэн тул зохигч энэ захирамжид давж заалдах, хяналтын журмаар хянан шийдвэрлүүлэхээр гомдол гаргах, тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүй болно.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74, 75, 758 дугаар зүйлд заасныг удирдлага болгон

ЗАХИРАМЖЛАХ нь:

 

1.Хариуцагч Т.Ц нь нэхэмжлэгч Б аймгийн Прокурорын газрын нэхэмжилсэн Сум хөгжүүлэх сангаас авсан зээл, хүүгийн хамт 16,302,507 (арван зургаан сая гурван зуун хоёр мянган таван зуун долоон) төгрөгийг Б аймгийн Б сумын Сум хөгжүүлэх сангийн 000000000 тоот дансанд төлж өгөхөөр болж нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрснийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.

2.Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.3 дахь хэсэгт зааснаар нэхэмжлэгч Б аймгийн Прокурорын газар нь улсын тэмдэгтийн хураамжаас чөлөөлөгдсөн болохыг дурдаж, мөн хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1, 74 дүгээр зүйлийн 74.5 дахь хэсэгт зааснаар улсын тэмдэгтийн хураамжид хариуцагч Т.Цгаас 119,731 (нэг зуун арван есөн мянган долоон зуун гучин нэгэн) төгрөг гаргуулан улсын орлого болгосугай.

3.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 75 дугаар зүйлийн 75.6-д зааснаар энэхүү захирамжийг хариуцагч сайн дураар биелүүлээгүй бол шүүхийн шийдвэрийн нэгэн адил албадан гүйцэтгэхийг дурдсугай.

4.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.4-д зааснаар зохигч энэ захирамжид давж заалдах, хяналтын журмаар хянан шийдвэрлүүлэхээр гомдол гаргах, тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүй болохыг дурдсугай.

 

 

 

 

ШҮҮГЧ                                           Х.МЕЙРАМБЕК