| Шүүх | Баян-Өлгий аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Халамханы Мейримбек |
| Хэргийн индекс | 302/2025/00044/И |
| Дугаар | 302/ШШ2025/00088 |
| Огноо | 2025-01-28 |
| Маргааны төрөл | Барьцаалан зээлдүүлэх байгууллагын зээл, |
Баян-Өлгий аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр
2025 оны 01 сарын 28 өдөр
Дугаар 302/ШШ2025/00088
Хариуцагч нэхэмжлэлийн
шаардлагыг хүлээн зөвшөөрснийг
баталж, хэргийг хэрэгсэхгүй болгох тухай
Б аймаг дахь сум дундын анхан шатны шүүхийн шүүгч Х.Мейрамбек би,
Нэхэмжлэгч: Улаанбаатар хот, ..... дүүрэг, ..... дугаар хороо, П, Т-ын өөрийн байранд үйл ажиллагаа явуулдаг Т ББСБ ХХК /РД:00000, итгэмжлэгдсэн төлөөлөгч Н.Ж, утас: 0000000, /,
Хариуцагч: Б аймгийн А сумын 4 дүгээр багт оршин суудаг, утас: 00000, РД:00000004, Ш овогт А.Е,
Хариуцагч: Б аймгийн Асумын 1 дүгээр багт оршин суудаг, утас: 1111, РД:Б0000000, Ж овогт Д.А,
Нэхэмжлэлийн шаардлага: Зээлийн гэрээний үүрэгт 21,031,966 /хорин нэгэн сая гучин нэгэн мянган есөн зуун жаран зургаан/ төгрөг гаргуулж, барьцааны гэрээний зүйлээр үүргийн гүйцэтгэлийг хангуулах тухай нэхэмжлэлийг 2025 оны 01 дүгээр сарын 13-ны өдөр хүлээн авч хянаад,
ТОДОРХОЙЛОХ нь:
1.Нэхэмжлэгч Т ББСБ ХХК хариуцагч А.Е, Д.А нараас үндсэн зээл, зээлийн хүү, нэмэгдүүлсэн хүүгийн төлбөр, авлага нотариат нийт 21,031,966 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэл гаргасан. Нэхэмжлэгч нь нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлээ дараах байдлаар тодорхойлж байна. Үүнд:
1.1.Т ББСБ ХХК нь 2022 оны 3 дугаар сарын 09-ний өдрийн 252031320002 тоот Зээлийн гэрээгээр А.Е 15,000,000 төгрөгийг сарын 2.7% хүүтэйгээр, 48 сарын хугацаатай зээлсэн. Зээл төлөх үүргийг хамтран гүйцэтгэхээр Д.А гэрээ байгуулсан.
1.2.Нэхэмжлэгч зээлийн гэрээний үүргээ биелүүлэхийг зээлдэгч нараас удаа дараа шаардсан боловч зээлдэгч нар нь зээлийн үлдэгдэл төлбөрийг сайн дураараа төлөхгүй байгаа. Хариуцагч нар нь 2024 оны 02 дугаар сарын 13-ны өдрийн байдлаар дараах зээлийн төлбөр, хүү, нэмэгдүүлсэн хүүг төлөхөөр байна. Үүнд, үндсэн зээлийн төлбөрт 13,395,092 төгрөг, зээлийн үндсэн хүүгийн төлбөрт 6,345,728 төгрөг, нэмэгдүүлсэн хүүгийн төлбөрт 1,269,146 төгрөг, авлага нотариат 22,000 төгрөг, нийтдээ 21,031,966 төгрөг байна.
1.3.Иргэний хуулийн 453 дугаар зүйлийн 453.1-д Зээлдэгч авсан зээлээ хугацаанд нь төлөөгүй бол хэтэрсэн хугацааны хүү, гэрээнд заасан бол нэмэгдүүлсэн хүү төлөх үүрэгтэй Банк, эрх бүхий хуулийн этгээдийн мөнгөн хадгаламж, мөнгөн хөрөнгийн шилжүүлэг, зээлийн үйл ажиллагааны тухай хуулийн 20 дугаар 20.1-д Иргэний хуулийн 451.1-д заасны дагуу зээлийн гэрээгээр банк, эрх бүхий хуулийн этгээдийн нь мөнгөн хөрөнгийг хуульд заасан үндэслэл, журмын дагуу тодорхой хугацаатайгаар зээлдэгчид шилжүүлэх, зээлдэгч нь зээлийн гэрээнд заасан хугацаанд уг мөнгөн хөрөнгө, зээлийн гэрээнд заасан бол хүүг буцаан төлөх үүргийг хүлээнэ гэж заасны дагуу дээрх үнийг дүнг нэхэмжлэгч нь шаардах эрхтэй байна.
1.4.Иймд хариуцагч нараас зээлийн гэрээний үүрэгт 21,031,966 төгрөгийг гаргуулж өгнө үү гэжээ.
2.Хариуцагч болон хариуцагч Д.А-ын итгэмжлэгдсэн төлөөлөгч А.Е нэхэмжлэлийн шаардлагыг зөвшөөрсөн тайлбартаа:
2.1.Миний бие Т ББСБ ХХК-аас авсан зээл болох үндсэн зээлийн төлбөрт 13,395,092 төгрөг, зээлийн үндсэн хүүгийн төлбөрт 6,345,728 төгрөг, нэмэгдүүлсэн хүүгийн төлбөрт 1,269,146 төгрөг, авлага нотариат 22,000 төгрөг, нийтдээ 21,031,966 төгрөгийг төлж өгөхийг хүлээн зөвшөөрч байна. Иймд хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлэж өгнө үү.
ҮНДЭСЛЭХ нь:
3.Нэхэмжлэгч Т ББСБ ХХК-ийн нэхэмжлэлтэй, хариуцагч А.Е, Д.А нарт холбогдох иргэний хэргийг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад хариуцагч нь нэхэмжлэгчийн нэхэмжилсэн нийт 21,031,966 төгрөгийг нэхэмжлэгч Т ББСБ ХХК-д төлж өгөхийг хүлээн зөвшөөрч энэ тухай тайлбараа шүүхэд бичгээр ирүүлсэн тул хариуцагч нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрснийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй гэж үзэв.
4.Хариуцагч нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрсөн нь Иргэний хуульд нийцсэн, бусдын хуулиар хамгаалагдсан эрх, хууль ёсны ашиг сонирхлыг зөрчөөгүй байна.
5.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.5 дахь хэсэгт хялбаршуулсан журмаар хэрэг хянан шийдвэрлэсэн тохиолдолд улсын тэмдэгтийн хураамжийн хэмжээг тал хувиар бууруулж тогтоохоор заасан тул нэхэмжлэгч Т ББСБ ХХК-ийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 263,110 төгрөгийн тал нь болох 131,555 төгрөгийг улсын орлогод хэвээр нь үлдээж, тус аймгийн Төрийн сан дахь Улсын тэмдэгтийн хураамжийн орлогын 100020000941 дугаартай данснаас 131,555.00 төгрөг, мөн хариуцагч А.Е, Д.А нараас 131,555.00 төгрөгийг тус тус гаргуулан нэхэмжлэгчид олгох нь зүйтэй.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74, 75 дугаар зүйлд заасныг удирдлага болгон
ЗАХИРАМЖЛАХ нь:
1.Хариуцагч А.Е, Д.А нь Зээлийн гэрээний үүрэгт 21,031,966 /хорин нэгэн сая гучин нэгэн мянган есөн зуун жаран зургаан/ төгрөгийг нэхэмжлэгч Т ББСБ ХХК-д төлж өгөхөөр болж, нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрснийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.
2.Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 60 дугаар зүйлийн 60.1, 56 дугаар зүйлийн 56.1, 74 дүгээр зүйлийн 74.5-д зааснаар нэхэмжлэгч Т ББСБ ХХК-ийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 263,110 төгрөгийн тал нь болох 131,555 /нэг зуун гучин нэгэн мянган таван зуун тавин тав/ төгрөгийг улсын орлогод хэвээр нь үлдээж, тус аймгийн Төрийн сан дахь Улсын тэмдэгтийн хураамжийн орлогын 100020000941 дугаартай данснаас 131,555 /нэг зуун гучин нэгэн мянган таван зуун тавин тав/ төгрөг, мөн хариуцагч А.Е, Д.А нараас 131,555 /нэг зуун гучин нэгэн мянган таван зуун тавин тав мөнгө/ төгрөгийг тус тус гаргуулан нэхэмжлэгч Т ББСБ ХХК-д олгосугай.
3.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 75 дугаар зүйлийн 75.6-д зааснаар энэхүү захирамжийг хариуцагч А.Е, Д.А нар сайн дураар биелүүлэхгүй бол шүүхийн шийдвэрийн нэгэн адил албадан гүйцэтгэсүгэй.
4.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.4 д зааснаар зохигч энэ захирамжид давж заалдах, хяналтын журмаар хянан шийдвэрлүүлэхээр гомдол гаргах, тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүй болохыг дурдсугай.
ШҮҮГЧ Х.МЕЙРАМБЕК