Өвөрхангай аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр

2025 оны 03 сарын 19 өдөр

Дугаар 314/ШШ2025/00160

 

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

 

Өвөрхангай аймаг дахь сум дундын анхан шатны шүүхийн шүүгч М.Мандахбаяр даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хийсэн шүүх хуралдаанаар,

 

 Хүсэлт гаргагч:  Өвөрхангай аймгийн ******* сумын 01 дүгээр багт оршин суух, ******* ******* овгийн *******гийн *******гийн хүсэлттэй,

 

“Иргэний эрх зүйн маргаанд хариуцагчаар оролцвол зохих этгээд болох *******ыг эрэн сурвалжлуулах ” тухай иргэний хэргийг хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд: хүсэлт гаргагч Н.*******, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Н.Анужин нар оролцов.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

1. Хүсэлт гаргагч Н.******* нь шүүхэд гаргасан хүсэлтдээ болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:  “...Би *******д 2024 оны 11 дүгээр сарын 03-ны өдөр хонь зарсан. Одоо 2025 оны 3 дугаар сар гэхээр мөнгөө авалгүй бараг 6 сар болчихлоо. Энэ хугацаанд өөртэй нь хэд хэдэн удаа холбогдож мөнгөө авъя гэж нэхэхээр мал чинь муудсан болохоор мөнгийг чинь өгөхгүй гэдэг. Уг нь зарсан малны муу, сайн болох надад хамаагүй. Тухайн үед Шийлэгээ гэх хүнд хонио нэг ширхэг хонийг 150,000 төгрөгөөр зарах гэж байсан. Надаас зээлээр авна гээд байсан болохоор нь сүүлд нь ямар нэгэн юм болж магадгүй гэж бодоод бэлэн мөнгөөр авах хүнд зарна гээд зараагүй. Тэгсэн хонь бэлэн мөнгөөр авна гээд нэг хүн яваад байна лээ гэхээр нь тэр хүн дээр нь очсон ******* байсан. Миний хонийг бэлэн мөнгөөр 130,000 төгрөгт л авна гэхээр нь мөнгө чинь бэлэн бол ав гээд бид хоёр амаар тохиролцсон. Тэгээд бэлэн мөнгөөр хонь авсан. Үлдэгдэл 2,000,000 төгрөгийг маргааш хийчихье гээд одоог хүртэл өгөхгүй байна. Сүүлдээ нэлээн том маргаан болоод би хэлдэг газартаа хэлж шийдвэрлүүлнэ гэж хэлээд тасалсан. Мөнгөө авъя гэж залгаж хэлэхээр өгөхгүй, гэрийн хаягаа хэлэхгүй, би хаана амьдардгийг нь мэдэхгүй байсан тул эрэн сурвалжлуулах хүсэлт шүүхэд гаргасан. ******* ******* нь ******* дугаарын утастай, фэйсбүүк хаяг нь Khankhai munkhsaikhan болно” гэв.

 

2. Хүсэлт гаргагчаас улсын тэмдэгтийн хураамж төлсөн баримт, иргэний үнэмлэхийн хуулбар, 3 ширхэг гэрэл зураг зэрэг баримтуудыг гаргаж өгсөн.

 

Хүсэлт гаргагчийн хүсэлт, шүүх хуралдаанаар хэрэгт авагдсан бичгийн нотлох баримтуудыг шинжлэн судлаад

 

ҮНДЭСЛЭХ нь:

 

1.Хүсэлт гаргагч Н.******* нь “иргэний эрх зүйн маргаанд хариуцагчаар оролцвол зохих этгээд болох *******ыг эрэн сурвалжлуулах” тухай хүсэлт тус шүүхэд гаргажээ.

 

2. Хүсэлт гаргагч Н.******* нь шүүх хуралдаанд *******аас 2,000,000 төгрөг гаргуулахаар шүүхэд нэхэмжлэл өгөх гэтэл хаана байгааг нь мэдэхгүй байгаа учраас шүүхэд хандах болсон тухай тайлбарыг гаргасан.

 

3. Хүсэлт гаргагчийн хүсэлтийг хангаж шийдвэрлэх нь зүйтэй гэж үзлээ.

 

          4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 133 дугаар зүйлийн 133.1.9-д зааснаар хариуцагчийг эрэн сурвалжлуулах нэхэмжлэлийг шүүхэд гаргах эрх нь Н.*******д үүссэн бөгөөд хүсэлт гаргагчийн шүүхэд гаргасан хүсэлт, гэрэл зураг, хүсэлт гаргагчийн тайлбар зэргээр ******* нь иргэний эрх зүйн маргаанд хариуцагчаар оролцвол зохих этгээд болох нь тогтоогдож байна.

 

          5. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 133 дугаар зүйлийн 133.1.9, 155 дугаар зүйлийн 155.1, 155.4 дэх хэсэгт зааснаар ...Иргэний эрх зүйн маргаанд хариуцагчаар оролцвол зохих этгээд оршин суугаа газар нь мэдэгдэхгүй бол түүнийг эрэн сурвалжлуулах тухай хүсэлтийг гаргаж болно, ...хариуцагчаар оролцвол зохих этгээдийг эрэн сурвалжлах, түүний оршин суугаа газрыг тогтоох ажиллагааг шүүхийн шийдвэрийн дагуу цагдаагийн байгууллага гүйцэтгэнэ... гэж заажээ.

 

          6. Иймд ******* *******ыг эрэн сурвалжлан, түүний оршин байгаа газрыг тогтоох ажиллагааг хийж, энэ тухай хүсэлт гаргагч Н.*******д мэдэгдэхийг Өвөрхангай аймаг дахь Цагдаагийн газарт даалгах нь зүйтэй байна.

 

7. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 58 дугаар зүйлийн 58.1, 60 дугаар зүйлийн 60.1 дэх хэсэгт зааснаар хүсэлт гаргагчаас улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70,200 төгрөгийг орон нутгийн орлогод хэвээр үлдээсэн. 

 

 Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 100 дугаар зүйлийн 100.1, 115 дугаар зүйлийн 115.2.1, 116, 118 дугаар зүйл, 133 дугаар зүйлийн 133.1.9-д заалтыг удирдлага болгон

ТОГТООХ нь:

 

1. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 155 дугаар зүйлийн 155.3 дахь хэсэгт зааснаар иргэний эрх зүйн маргаанд хариуцагчаар оролцвол зохих этгээд болох ******* *******ыг эрэн сурвалжилсугай.

 

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 155 дугаар зүйлийн 155.4 дэх хэсэгт зааснаар *******ыг эрэн сурвалжлан, түүний оршин байгаа газрыг тогтоох ажиллагааг хийж, энэ тухай хүсэлт гаргагч Н.*******д мэдэгдэхийг Өвөрхангай аймаг дахь Цагдаагийн газарт даалгасугай.

 

3. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 58 дугаар зүйлийн 58.1, 60 дугаар зүйлийн 60.1 дэх хэсэгт зааснаар хүсэлт гаргагчаас улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70,200 төгрөгийг орон нутгийн орлогод хэвээр үлдээсүгэй.

 

4. Шийдвэр танилцуулан сонсгосноор хүчинтэй бөгөөд хүсэлт гаргагч шийдвэрийг эс зөвшөөрвөл гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор Өвөрхангай аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэйг дурдсугай.

 

 

 

 

 

               ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                            М.МАНДАХБАЯР