Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2018 оны 02 сарын 22 өдөр

Дугаар 148

 

Чингэлтэй дүүргийн шүүхийн эрүүгийн шүүх хуралдааныг шүүгч С.Батгэрэл даргалж,

нарийн бичгийн даргаар Н.Номинчимэг,

улсын яллагч П.Нямцэцэг,

шүүгдэгч Ц.Ю, Э.Г нар, тэдний өмгөөлөгч Ц.Тунгалаг /¹0317/ нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн эрүүгийн шүүх хуралдаанаар тус дүүргийн прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1 дэх заалтад зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн А овогт Э-ийн Г, Б овогт Ц-ын Ю нарт холбогдох 1711000490013 тоот эрүүгийн хэргийг 2018 оны 01 дүгээр сарын 24-ний өдөр хүлээн авч шүүн хэлэлцэв.

 

Шүүгдэгч: Монгол улсын иргэн, 1979 оны 6 дугаар сарын 17-ны өдөр Улаанбаатар хотод төрсөн, 38 настай, эрэгтэй, боловсролгүй, мэргэжилгүй, ам бүл 1, эрхэлсэн тодорхой ажилгүй, тоотод оршин суух хаягтай, улсаас авсан гавьяа шагналгүй, урьд ял шийтгэлгүй, ухаан мэдрэл бүрэн, хэрэг хариуцах чадвартай, А овогт Эгийн Г /РД- /

 

Шүүгдэгч: Монгол улсын иргэн, 1958 оны 5 дугаар сарын 29-ний өдөр Завхан аймгийн Тосонцэнгэл суманд төрсөн, 59 настай, эрэгтэй, бүрэн бус дунд боловсролтой, мужааны мэргэжилтэй, ам бүл 2 эхнэрийн хамт амьдардаг, эрхэлсэн тодорхой ажилгүй, тоотод оршин суух хаягтай, улсаас авсан гавьяа шагналгүй, урьд ял шийтгэлгүй, ухаан мэдрэл бүрэн, хэрэг хариуцах чадвартай, Б овогт Цын Ю /РД- ХИ58052978/

 

Холбогдсон хэргийн талаар: Э.Г, Ц.Ю нар нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1 дэх заалтад заасан гэмт хэрэгт холбогджээ.

ТОДОРХОЙЛОХ нь:

 

Шүүгдэгч Э.Г, Ц.Ю нар нь бүлэглэн 2017 оны 06 дугаар сарын 17-ны өдөр Чингэлтэй дүүрэг 14 дүгээр хорооны нутаг дэвсгэрт баййрлах “Хайлаастын” 14-307 тоотод оршин суух А.Энхтуяагийн эзэмшлийн өвлийн сууцны цонхыг чулуугаар хагалан нэвтрэн орж, 40 инчийн “VOX” загварын эл си ди зурагт хулгайлж нийт 300,000 төгрөгийн хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутай болох нь  

шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч Э.Г мэдүүлэхдээ: Мэдүүлэг өгөхгүй мөрдөн байцаалтад үнэн зөв мэдүүлэг өгсөн гэв.

шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч Ц.Ю мэдүүлэхдээ: Хэзээ гэдгийг мартсан байна. Намайг гэртээ ганцаараа байхад энэ орж ирсэн. /Энэ гэдэг нь Ганчулуун/ Би нэрийг нь сайн мэдэхгүй юм байна. Таны иргэний үнэмлэх байна уу гэхэд нь би байна гэсэн. Иргэний үнэмлэхээ авчих, хоёулаа зурагт ломбарданд тавьчихаад ирье гэсэн. Гэтэл Ганчулуун айлын цонхыг чулуугаар хагалсан. Би айл руу орж зурагтыг аваад хаалгыг нь өшиглөж гарсан. Бид хоёр уруудаад энэ такси аваад Судалт ороход аваагүй, цаашаа яваад 4 дүгээр дэлгүүр орсон гэв. 

шүүгдэгч Ц.Югийн мөрдөн байцаалтад өгсөн: "... Ганчулуун надад нэг дунд зэргийн чулуу өгөөд уг чулуугаар цонхыг хагал гээд би цонхыг нь хагалсан юм. Ганчулуун цонхны салхивчийг надад онгойлгож өгөөд намайг өргөөд би уг айлын салхивчаар гэр лүү нь ороод уг айлын том өрөөний хоймор хэсэгт байрлах нимгэн хар өнгийн хавтгай дэлгэцтэй зурагтыг авч байх хооронд Ганчулуун гадаа байсан. Би зурагтыг аваад цонхон дээр очоод яаж гаргах бэ энэ цонхоор чинь багтахгүй гэж хэлсэн чинь наад хаалгаа дотор талаас нь өшиглөөд гараад ир гэж хэлсэн. Тэгээд гэрийн модон хаалгыг дотор талаас нь хөлөөрөө өшиглөөд гарсан" гэх мэдүүлэг/хх-н 61х/,

шүүгдэгч Э.Гы мөрдөн байцаалтад өгсөн: “...уг айл руу 2-лаа цуг ороод би газраас чулуу аваад цонхыг нь хагалаад салхивчаар нь дотогш харахад том өрөөний хэсэгт зурагт байхыг хараад уг зурагтыг авъя гэж яриад би Сэнгээ ахыг доороос нь өргөж өгөөд Сэнгээ ах уг айл руу ороод зурагтыг аваад цонхоор нь гаргах гэж үзэхэд багтахгүй болохоор нь Сэнгээ ах уг айлын хаалгыг дотор талаас нь өшиглөөд гараад ирсэн" гэх мэдүүлэг /хх-ийн 65х/,

хохирогч А.Энхтуяагийн мөрдөн байцаалтад өгсөн: "... Би 2017 оны 6 дугаар сарын 17-ны өдөр өглөө гэрээсээ 10 цаг өнгөрч байхад гараад ажилдаа яваад удаагүй манай нөхөр гэрээсээ намайг гарснаас хойш 20 минутын дараа гарсан байсан. Орой 18 цаг өнгөрч байхад гэртээ ирээд хашаандаа ороод харахад байшингийн цонх хагарсан байдалтай хаалга хаалттай байсан. Би гэрийн хаалга онгойлгоод ороход гэрийн хаалганы рам мод хугарсан байдалтай, том өрөөний цонхны жижиг салхивч хагарсан байдалтай, том өрөөнд зурагтын тавиур дээр байсан эл си ди зурагт алдагдсан байсан. Манай гэрээс 40 инчийн VOX загварын эл си ди зурагт алдагдсан байсан" гэх мэдүүлэг /хх-ийн 35х/,

гэрч Ж.Баасанхүүгийн мөрдөн байцаалтад өгсөн: "2017 оны 6 дугаар сарын 17-ны өдөр өөрийн эзэмшлийн 17-03 УНП улсын дугаартай Ниссан санни загварын тээврийн хэрэгслээр такси үйлчилгээнд явж байгаад 32-н автобусны буудлын наад талын зогсоол дээр хүн авах гээд зогсож байхад үл таних хөгшин, залуу 2 хүн ирээд Хүнсний 4 дүгээр дэлгүүр явъя гээд хөгшин нь гартаа орны бор шар өнгийн бүтээлгэнд зурагт ороосон ирэхээр нь та нарт 1500 төгрөг байгаа юу наад зурагтаа ломбарданд тавих гэж байгаа бол хүн авахгүй шүү гэж хэлсэн чинь бэлэн мөнгө байгаа гэж машины урд талын суудал дээр залуу эрэгтэй нь суугаад арын суудал дээр хөгшин настай хүн нь зурагтаа аваад суугаад Хүнсний 4 дүгээр дэлгүүрийн ойролцоох ломбардны хажууд ирж зогсоод буухаар нь мөнгөө гэж хэлсэн чинь нөгөө залуу нь энэ зурагтаа хурдан тавиад гараад ирээд мөнгөө өгье гээд замын эсрэг талд гараад ломбард руу орсон. Тэгээд гарч ирэхдээ зурагтаа тавьсан бололтой нөгөө залуу эрэгтэй нь таксины мөнгө гэж 3000 төгрөг өгөөд явсан" гэх мэдүүлэг /хх-ийн 38х/,

шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн шинжээчийн 236 тоот "Шинжилгээнд ирүүлсэн 3, 4, 5, 6, 7, 8, 9, 10, 11 дугаарын 9 ширхэг гарын мөр, 12 дугаарын 3 ширхэг гарын мөр, Эрдэнэхүү овогтой Ганчулууны гарын хээний дардас харьцуулах шинжилгээнд тэнцэнэ. Шинжилгээнд ирүүлсэн 10 дугаарын 1 ширхэг гарын мөр, Эрдэнэхүү овогтой Ганчулууны баруун гарын алганы дардастай, 9 дугаарын нэг ширхэг гарын мөр Эрдэнэхүү овогтой Ганчулууны баруун гарын долоовор хурууны дардастай тохирч байна" гэх дүгнэлт /хх-ийн 50х/,

Эд зүйлийн үнэлгээ хийх эрх бүхий байгууллагаас 40 инчийн “VOX” загварын эл си ди зурагтыг 300,000 төгрөгөөр үнэлсэн үнэлгээ /хх-ийн 31х/, Ц.Югээс 40 инчийн VOX загварын эл си ди зурагтыг хураан авч хохирогч А.Энхтуяад хүлээлгэн өгсөн тэмдэглэл /хх-ийн 30х/ болон хавтас хэрэгт авагдсан бусад бичгийн нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдож байна.

Дээрхи нотлох баримтууд нь энэ хэрэгт хамааралтай, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан журмаар цуглуулж бэхжүүлсэн, хэргийг хянан шийдвэрлэхэд хангалттай гэж шүүх үнэлэв.

Чингэлтэй дүүргийн прокурорын газраас шүүгдэгч Э.Г, Ц.Ю нарыг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1 дэх заалтад заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлжээ.

Шүүгдэгч Э.Г, Ц.Ю нар нь 2017 оны 6 дугаар сарын 17-ны өдөр хулгайн гэмт хэрэг үйлдсэн байх ба 2015 оны 12 дугаар сарын 03-ны өдөр батлагдаж, 2017 оны 7 дугаар сарын 01-ний өдрөөс эхлэн мөрдөгдөж эхэлсэн Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.9 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт “үйлдэл, эс үйлдэхүйг гэмт хэрэгт шинээр тооцсон, оногдуулах ялыг хүндрүүлсэн, гэмт хэрэг үйлдсэн этгээдийн эрх зүйн байдлыг дордуулсан хуулийг буцаан хэрэглэхгүй” гэж зааснаар шүүгдэгч нарын гэмт үйлдлийг тухайн үед мөрдөгдөж байсан буюу 2002 оны Эрүүгийн хуулийн тусгай ангид заасан тохирох зүйл, заалтаар ял халдаав.

Иймд Э.Г, Ц.Ю нар бүлэглэж тусгайлан бэлтгэсэн багаж хэрэгсэл хэрэглэж буюу бусдын орон байранд нэвтэрч эд зүйл хулгайлсан буюу 2002 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.2 дахь хэсэгт заасан гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцож, ял шийтгэл оногдуулах нь үндэслэлтэй гэж шүүх дүгнэв.

 

Хохирогч А.Энхтуяад хулгайд алдагдсан эд зүйлийг биет байдлаар нь буцаан хүлээлгэн өгсөн /хх-ийн 30х/ байх ба хохирогч нь гомдол саналгүй, нэхэмжлэх зүйлгүй болохоо илэрхийлсэн /хх-ийн 93х/ байх тул шүүгдэгч нарыг бусдад төлөх төлбөргүй гэж шүүх дүгнэв.

 

Шүүгдэгч Э.Г, Ц.Ю нарт ял шийтгэл оногдуулахдаа бусдад төлөх төлбөргүй, үйлдсэн гэмт хэрэгтээ чин санаанаасаа гэмшиж буй байдал, гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, гэмт хэрэг үйлдэхэд оролцсон оролцоо тэнцүү тул ижил хэмжээний ял шийтгэл оногдуулсан, хувийн байдал зэргийг нь харгалзан тэдгээрийг нийгмээс тусгаарлах шаардлагагүй гэж үзэн тэнсэж хянан харгалзав.

 

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2, 36.6, 36.7, 36.8, 36.10, 37.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт заасан зүйл заалтуудыг тус тус удирдлага болгон

 ТОГТООХ нь:

 

1.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.9 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийг журамлан Шүүгдэгч А овогт Э-йн Г, Б овогт Цын Ю нарыг бүлэглэж тусгайлан бэлтгэсэн багаж хэрэгсэл хэрэглэж буюу бусдын орон байранд нэвтэрч эд зүйл хулгайлсан буюу 2002 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.2 дахь хэсэгт заасан   гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

2. Шүүгдэгч А овогт Эийн Г, Б овогт Цын Ю нарт 2002 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.2 дахь хэсэгт зааснаар эд хөрөнгө хураахгүйгээр тус бүр 2 /хоёр/ жил хорих ял шийтгэсүгэй.

 

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт заасныг журамлан Э.Г, Ц.Ю нарт шүүхээс тус бүр оногдуулсан 2 /хоёр/ жил хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлсүгэй.

 

4. Шүүгдэгч Э.Г, Ц.Ю нар нь бусдад төлөх төлбөргүй, цагдан хоригдсон хоноггүй, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн зүйлгүй, битүүмжлэгдэн ирсэн хөрөнгөгүй болохыг тус тус дурдсугай.

 

5. 2002 оны Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 61 дүгээр зүйлийн 61.1, 61.4 дэх хэсэгт заасныг тус тус журамлан Э.Г, Ц.Ю нарт оногдуулсан тус бүр 2 /хоёр/ жил хорих ялыг тэнсэж, 2 /хоёр/ жилийн хугацаагаар тус бүр хянан харгалзаж, тэдгээрт хяналт тавихыг Шийдвэр гүйцэтгэх газарт даалгасугай.

 

6. Шүүхийн шийтгэх тогтоолыг улсын яллагч, шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн хууль ёсны төлөөлөгч, өмгөөлөгч өөрөө гардан авсанаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн Давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурдсугай.

 

7. Тогтоол танилцуулан сонсгосноор хүчинтэй болох бөгөөд тогтоолд давж заалдах гомдол, эсэргүүцэл гаргавал тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, урьд авсан хувийн баталгаа авах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                                С.БАТГЭРЭЛ