| Шүүх | Баян-Өлгий аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Халамханы Мейримбек |
| Хэргийн индекс | 302/2025/00045/И |
| Дугаар | 302/ШШ2025/00173 |
| Огноо | 2025-02-24 |
| Маргааны төрөл | Ажилласан жил тогтоолгох, |
Баян-Өлгий аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр
2025 оны 02 сарын 24 өдөр
Дугаар 302/ШШ2025/00173
| 2025 оны 02 сарын 24 өдөр | Дугаар 302/ШШ2025/00173 | Баян-Өлгий аймаг |
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Хүсэлт гаргагч: Б аймгийн Н сумын 1 дүгээр багт оршин суух, Ш овогт Б.Б.
Хүсэлтийн шаардлага: Б аймгийн Н сумын 1 дүгээр багт 1995 оны 01 дүгээр сарын 01-ний өдрөөс 1997 оны 12 дугаар сарын 31-ний өдрийг дуустал мал маллаж, малчин байсныг тогтоолгох тухай иргэний хэргийг хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд оролцогчид:
Хүсэлт гаргагч Б.Б,
Орчуулагч: М.Н,
Гэрч: А.К, М.Х, Ш.Н,
Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга П.Ж.
Бие даасан шаардлага гаргаагүй гуравдагч этгээдийн итгэмжлэгдсэн төлөөлөгч А.А-д шүүх хуралдааны товыг мэдэгдсэн боловч бие даасан шаардлага гаргаагүй гуравдагч этгээдийн итгэмжлэгдсэн төлөөлөгч хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр хүрэлцэн ирээгүй байх тул Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 100 дугаар зүйлийн 100.4 дэх хэсэгт зааснаар бие даасан шаардлага гаргаагүй гуравдагч этгээдийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн эзгүйд хэргийг хянан хэлэлцэв.
ТОДОРХОЙЛОХ нь:
1. Хүсэлт гаргагч Б.Б нь Б аймгийн Н сумын 1 дүгээр багт 1995 оны 01 дүгээр сарын 01-ний өдрөөс 1997 оны 12 дугаар сарын 31-ний өдрийг дуустал мал маллаж, малчин байсныг тогтоолгох тухай хүсэлт гаргасан. Хүсэлт гаргагчаас хүсэлтийн шаардлагын үндэслэлээ дараах байдлаар тодорхойлж байна. Үүнд:
1.1. Миний бие Б.Б нь 1990 оноос 2025 он хүртэл тус аймгийн Н сумын Бахлаг багт оршин сууж мал маллан амьдарч ирсэн.
1.2.Тус аймгийн архиваас миний 1995-1998 он хүртэлх хугацааны мал тооллогын А данс гарахгүй байгаа тул аймгийн Нийгмийн даатгалын хэлтсээс ажилласан жилийг шүүхээр тогтоолгохыг зөвлөсөн учир шүүхэд хандаж байна.
1.3.Иймд Б аймгийн Н сумын 1 дүгээр багт 1995 оны 01 дүгээр сарын 01-ний өдрөөс 1997 оны 12 дугаар сарын 31-ний өдрийг дуустал мал маллаж, малчин байсныг тогтоож өгөхийг хүсэж байна гэжээ.
2. Хүсэлт гаргагчаас иргэний хэрэгт нотлох баримтаар улсын тэмдэгтийн хураамж төлсөн баримт, түүний иргэний үнэмлэхийн хуулбар, 2015 оны 01 дүгээр сарын 27-ны өдөр олгосон 1022619 дугаартай Нийгмийн даатгалын дэвтрийн хуулбар, Ажилласан жил тэтгэврийн даатгалын шимтгэлийг нөхөн тооцох тухай хуульд заасан нөхцөл болзлыг хангасан тул ажилласан болон нийгмийн даатгалын шимтгэл төлсөн хугацааг 11 жилээр нөхөн тооцсон болохыг баталгаажуулсан баталгаажилтын хуудас, хамт ажиллаж байсан хүмүүс болох А.К, М.Х, Ш.Н нарын нотариатчаар гэрчлүүлсэн тодорхойлолт, Б аймгийн Засаг даргын тамгын газрын Архивын тасгийн 2025 оны 01 дүгээр сарын 13-ны өдрийн 04 дугаартай архивын лавлагаа, Н сумын Бахлаг багийн Засаг даргын 2024 оны 12 дугаар сарын 18-ны өдрийн 01/128 дугаартай тодорхойлолт, 1999, 2001, 2006, 2007, 2015, 2017, 2018, 2019, 2020, 2021, 2022, 2023 онуудын мал тооллогын баримтууд зэргийг гаргаж өгсөн.
Шүүхийн журмаар Б аймгийн Нийгмийн даатгалын газрын 2025 оны 001 дугаар сарын 29-ний өдрийн 80 дугаартай албан бичгээр А.А-д олгосон итгэмжлэл, тус аймгийн Улсын бүртгэлийн хэлтсийн 2025 оны 01 дүгээр сарын 29-ний өдрийн 12/97 дугаар албан бичгээр ирүүлсэн Б.Б-ын ХААТР маягтууд, Б аймгийн Засаг даргын тамгын газрын Архивын тасгийн 2025 оны 01 дүгээр сарын 30-ны өдрийн 42 дугаартай албан бичиг зэрэг нотлох баримтуудыг бүрдүүлсэн болно.
ҮНДЭСЛЭХ нь:
3.Шүүхээс хүсэлт гаргагчийн хүсэлтийн шаардлагыг түүний шүүхэд гаргасан хүсэлт болон түүний шүүх хуралдаанд гаргасан тайлбар, хавтаст хэрэгт хуульд заасан журмын дагуу цугларсан, шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримтуудыг тал бүрээс нь бодитойгоор харьцуулан хэрэгт ач холбогдолтой, үнэн зөв, эргэлзээгүй талаас нь үнэлж бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэлээ.
4.Хүсэлт гаргагчаас дараах үндэслэлээр хүсэлтийн шаардлагаа тодорхойлсон. Үүнд: Миний бие Б.Б нь 1990 оноос 2025 он хүртэл Н сумын Бахлаг багт оршин сууж мал маллан амьдарч ирсэн. Тус аймгийн архиваас миний 1995-1998 хүртэлх хугацааны мал тооллогын А данс гарахгүй байгаа тул Б аймгийн Н сумын 1 дүгээр багт 1995, 1996, 1997 онуудад мал маллаж, малчин байсныг тогтоож өгөхийг хүсэж байна гэжээ.
5.Хүсэлт гаргагч Б.Б нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 135 дугаар зүйлийн 135.2.14 дэх хэсэгт зааснаар мал маллаж, малчин байсныг тогтоолгохоор шүүхэд хүсэлт гаргах эрхтэй байна.
6. Хэрэгт авагдсан болон шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримтуудаар дараах үйл баримт тогтоогдсон. Үүнд:
6.1. Б аймгийн Засаг даргын тамгын газрын Архивын тасгийн 2025 оны 01 дүгээр сарын 13-ны өдрийн 04 дугаартай архивын лавлагаа болон 2025 оны 01 дүгээр сарын 30-ны өдрийн 42 дугаартай албан бичигт Б аймгийн Н сумын мал тооллогын А дансны 1995-1997 онуудын баримтуудыг архивд шилжүүлээгүй тул иргэн Б.Бад холбогдох баримт гараагүй гэжээ.
6.2. Б аймгийн Н сумын Бахлаг багийн Засаг даргын 2024 оны 12 дугаар сарын 18-ны өдрийн 01/128 дугаартай тодорхойлолтоор Б.Б ам бүл 3, эхнэр хүүхдийн хамт амьдардаг, 1990-1995 онуудад малчин байсан нь үнэн гэж тодорхойлжээ.
6.3. Хүсэлт гаргагч Б.Бын 0202000437 дугаартай баталгаажилтын хуудсанд Ш овогт Б.Б /РД:000000000/-нь Ажилласан жил, тэтгэврийн даатгалын шимтгэлийг нөхөн тооцох тухай хууль-д заасан нөхцөл, болзлыг хангасан тул ажилласан болон нийгмийн даатгалын шимтгэл төлсөн хугацааг 11 жил 0 сараар нөхөн тооцсон болохыг баталгаажуулав. Иргэн/даатгуулагч/-ийн 1990 оны 01 дүгээр сарын 01-ний өдрөөс 2000 оны 12 дугаар сарын 31-ний өдрийг дуусталх ажилласан жил, тэтгэврийн даатгалын шимтгэлийг нөхөн тооцсон байна.
6.4. Шүүхэд нотариатчаар гэрчлүүлж тодорхойлолт өгсөн болон гэрчээр мэдүүлэг өгсөн А.К, М.Х, Ш.Н нар ... Н сумын Бахлаг багт Б.Б нь 1990 оноос эхлэн одоо хүртэл тасралтгүй мал маллаж амьдарч байгаа нь үнэн болно гэж тодорхойлж, шүүх хуралдаанд гэрчээр мэдүүлэг өгчээ.
6.5 . 1999, 2001, 2006, 2007, 2015, 2017, 2018, 2019, 2020, 2021, 2022, 2023 онуудын мал тооллогын баримтуудад малчин өрх Б.Б-ын тухайн онуудад тоолуулсан малын тоо бичигдсэн байна.
7. Хэрэгт авагдсан дээрх нотлох баримтуудаар хүсэлт гаргагч Б.Б нь Б аймгийн Н сумын 1 дүгээр багт 1995, 1996, 1997 онуудад мал маллаж, малчин байсан гэдэг нь нотлогдохгүй байна.
Гэрч А.К, М.Х, Ш.Н нараас Б.Б-ыг 1990 оноос эхлэн мал дээр гарсан, өнөөдрийг хүртэл хувийн малаа маллаж байгаа гэж тус тус тодорхойлж мэдүүлсэн боловч гэрч нар мэдүүлгийнхээ эх сурвалжийг зааж чадаагүй, тухайн гэрч нарын тодорхойлолт, мэдүүлэг нь хөндлөнгийн бусад нотлох баримтуудаар тогтоогдохгүй байгаа тул тухайн гэрч нарын тодорхойлолт, мэдүүлгийг үндэслэн хүсэлт гаргагч Б.Б-ыг 1995-1997 онуудад мал маллаж, малчин байсныг тогтоох боломжгүй гэж үзлээ.
8. 1999, 2001, 2006, 2007, 2015, 2017, 2018, 2019, 2020, 2021, 2022, 2023 онуудын мал тооллогын баримтууд байгаа боловч энэхүү нотлох баримтууд хүсэлт гаргагч Б.Бын Б аймгийн Н сумын 1 дүгээр багт 1995, 1996, 1997 онуудад мал маллаж, малчин байсныг тогтоолгох тухай шаардлагад хамааралгүй нотлох баримтууд болно.
9. Иймд дээрх үндэслэлээр Б.Б-ын Б аймгийн Н сумын 1 дүгээр багт 1995 оны 01 дүгээр сарын 01-ний өдрөөс 1997 оны 12 дугаар сарын 31-ний өдрийг дуустал мал маллаж, малчин байсныг тогтоолгох тухай хүсэлтийн шаардлагыг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэв.
10.Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1 дэх хэсэгт тус тус зааснаар хүсэлт гаргагчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж шийдвэрлэх нь зүйтэй байна.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.3, 116, 118 дугаар зүйлүүдийг тус тус удирдлага болгон
ТОГТООХ нь:
1.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 133 дугаар зүйлийн 133.1.1, 135 дугаар зүйлийн 135.2.14 дэх хэсэгт заасныг баримтлан Ш овогт Б.Б-ийн Б аймгийн Н сумын 1 дүгээр багт 1995 оны 01 дүгээр сарын 01-ний өдрөөс 1997 оны 12 дугаар сарын 31-ний өдрийг дуустал мал маллаж, малчин байсныг тогтоолгох тухай хүсэлтийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгосугай.
2.Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1 дэх хэсэгт зааснаар хүсэлт гаргагчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.
3.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4 дэх хэсэгт зааснаар шийдвэр хүчинтэй болсноос хойш 14 хоногийн дотор бичгийн хэлбэрээр гарах бөгөөд ийнхүү гарснаас хойш шүүх хуралдаанд оролцсон зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийн хувийг өөрөө гардан авахыг танилцуулсугай.
4.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2 дахь хэсэгт зааснаар зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч , прокурор нар шүүхийн шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Б аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэйг дурдсугай.
ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Х.МЕЙРАМБЕК