Баян-Өлгий аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр

2025 оны 02 сарын 24 өдөр

Дугаар 302/ШШ2025/00175

 

 

 

 

 

2025 оны 02 сарын 24 өдөр

Дугаар 302/ШШ2025/00175

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Б аймаг дахь сум дундын анхан шатны шүүхийн шүүгч Х.Мейрамбек даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хийсэн шүүх хуралдаанаар,

Нэхэмжлэгч: Б аймгийн Ө сумын 1 дүгээр багт оршин суух, К овогт С.Н-ийн нэхэмжлэлтэй,

Хариуцагч: Б аймгийн Эрүүл мэндийн газрын Ёс зүйн дэд хороо (дарга Х.С)-д холбогдох иргэний хэргийг хянан хэлэлцэв.

Нэхэмжлэлийн шаардлага: Б аймгийн Эрүүл мэндийн газрын Ёс зүйн дэд хорооны 2024 оны 11 дүгээр сарын 07-ны өдрийн дүгнэлтийг хүчингүй болгуулах тухай.

Шүүх хуралдааны оролцогчид:

Нэхэмжлэгч С.Н,

Нэхэмжлэгчийн өмгөөлөгч А.С,

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Х.Н,

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга П.Ж.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

1.Нэхэмжлэгч С.Н  нь хариуцагч Б аймгийн Эрүүл мэндийн газрын Ёс зүйн дэд хороонд холбогдуулан Б аймгийн Эрүүл мэндийн газрын Ёс зүйн дэд хорооны 2024 оны 11 дүгээр сарын 07-ны өдрийн дүгнэлтийг хүчингүй болгуулах тухай нэхэмжлэл гаргасан. Нэхэмжлэгчээс нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлээ дараах байдлаар тодорхойлж байна. Үүнд:

1.1. Миний бие С.Н нь “Р" бүх гишүүд нь бүрэн хариуцлагатай нөхөрлөлийн даргаар ажиллаж байна.

1.2.Иргэн Ш.Е-ийн гаргасан гомдлын дагуу Б аймгийн Ёс зүйн дэд хороо эрх зүйн үндэслэлгүй хууль бус шийдвэр гаргасан байна. Учир н,ь Монгол улсын Төрийн албан хаагчийн ёс зүйн тухай хуулийн 13 дугаар зүйлийн 13.1-д Ёс зүйн дэд хороо нь байгууллагын албан хаагчийн тооноос хамааран 3-7 гишүүнтэй байх бөгөөд гишүүд дотроосоо даргаа сонгоно, 14 дүгээр зүйлийн 14.3-т Төрийн албан хаагчийн ёс зүйн асуудлаар гаргасан гомдол, мэдээллийг харьяаллын дагуу шалгаж, шийдвэрлэнэ, 14.3.1-т Ёс зүйн дэд хороо өөрийн байгууллагын албан хаагчийн болон харьяалах байгууллагын томилох эрх бүхий албан тушаалтны гэж тус тус заасны дагуу миний бие Б аймгийн Эрүүл мэндийн газрын ажилтан, албан хаагч биш, тухайн байгууллага намайг томилсон тушаал гаргаж байгаагүй учраас энэхүү Б аймгийн Эрүүл мэндийн газрын Ёс зүйн дэд хороод энэхүү асуудал хамааралгүй зүйл ба Х.С даргатай уг хороо эрх мэдэл албан тушаалаа урвуулан ашиглаж шийдвэр гаргасанд нь гомдолтой байна. Үүнд тухайн хүмүүсийн ашиг сонирхлын зөрчил байна гэж хардаж байна.

1.3. Мөн манай “Р” бүх гишүүд нь бүрэн хариуцлагатай нөхөрлөл нь бие даасан хуулийн этгээд /РД: 000000/ буюу бие даасан зохион байгуулалттай байгууллага юм. Энэ нь мөн адил би Эрүүл мэндийн газрын ажилтан биш Эрүүл мэндийн газрын Ёс зүйн дэд хороо шийдвэр гаргах эрхгүй уг хорооны бүрэн эрхийн асуудал биш гэдгийн нотолгоо юм. Бие даасан хуулийн этгээдийн ажилтанд хөндлөнгийн захиргааны байгууллага шууд оролцох шийдвэр гаргах эрхгүй ба энэхүү хууль бус шийдвэр гаргаж буй нь албан тушаалаа хэтрүүлэн ашигласан хэрэг ашиг сонирхлын зөрчил юм.

1.4. Монгол Улсын Ёс зүйн хорооны 2024 оны 02 дугаар сарын 19-ний өдрийн 05 дугаар тогтоол буюу Ёс зүйн дэд хорооны ажиллах журмын 1 дүгээр зүйлийн 1.3.3-т “Ёс зүйн дэд хороо” гэж Төрийн албан хаагчийн тухай хуулийн 10 дугаар зүйлийн 10.1, 10.2-т заасан Засгийн газар, төрийн болон орон нутгийн байгууллагын дэргэдэх орон тооны бус нэгж гэж заасны дагуу Б аймгийн Эрүүл мэндийн газрын Ёс зүйн дэд хороо нь тухайн удирдлагын буюу захиргааны байгууллагын Төрийн албан хаагч нарын Ёс зүйн асуудлыг шийдвэрлэх орон тооны бус нэгж боловч уг хамааралгүй байгууллагын ажилтныг үндэслэлгүйгээр албан тушаал, эрх мэдлээ урвуулан хэтрүүлэн ашиглаж гаргаж буй шийдвэр нь хууль бус юм.

1.5. Монгол Улсын Ёс зүйн хорооны 2024 оны 02 дугаар сарын 10-ны өдрийн 05 дугаар тогтоол буюу Ёс зүйн дэд хорооны ажиллах журмын 2 дугаар зүйлийн 2.2-т Дэд хорооны гишүүдийг сонгох үйл ажиллагааг тухайн байгууллагын захиргааны асуудал хариуцсан нэгж зохион байгуулна, 2.4-т 40 ба түүнээс дээш албан хаагчтай байгууллагын дэргэдэх Ёс зүйн дээд хороо 3 гишүүн, 40-90 бол 5 гишүүн 91-ээс дээш бол 7 гишүүнтэй байна гэж тус тус заасан нь тухайн Ёс зүйн дэд хороо нь тухайн байгууллагын төрийн албан хаагч нарын асуудлыг хариуцдаг гэдгийн нотолгоо.

1.6. Б аймгийн Эрүүл мэндийн газрын Ёс зүйн дэд хорооны дүгнэлтэд иргэн Ш.Е нь 2024 оны 09 дүгээр сарын 16-ны өдөр “Р” өрхийн эрүүл мэндийн төвөөс охин А.А-ны төрсний болон эм, вакцин тариулсан тухай лавлагаа авах гэхэд өрхийн эмнэлгийн дарга Н гэдэг залуу намайг заналхийлэх, загнаж, цагдаа дуудна гэж хүчээр хөөж гаргаад охин А.А-ыг авч үлдээд айлган сүрдүүлж,  тариа тарьсан. Тарьснаас болж охин минь гэнэт реакци өгч түргэнээр эмнэлэгт ирж шуурхай эмчилгээ хийлгэн байж амьд үлдлээ. Тус өрхийн эмнэлгийн дарга Н нь албаны харьцаагүй, бүдүүлэг зан авиртай, мэргэжилдээ огт тэнцэхгүй байгаа, ёс зүйгүй үйлдэл гаргасныг шалган, хариуцлага тооцно уу” хэмээн гомдол гаргасан гэжээ.  Уг Ш.Е намайг илт гүтгэж, нэр төрд минь халдаж буйдаа гомдолтой байна. Учир нь иргэн Ш.Е намайг заналхийлж, хөөж гаргасан гэсэн худлаа, би уг хүнийг заналхийлж хөөж гаргасан тохиолдол байхгүй. Нотолгоогүй худлаа гүтгэж нэр төрд минь халдсан байна. Ш.Е охин А.А-ыг авч үлдээд айлган сүрдүүлж, тариа тарьсан. Тарьснаас болж охин минь гэнэт реакци өгч түргэнээр эмнэлэгт ирж шуурхай эмчилгээ хийлгэн байж амьд үлдлээ гэж худлаа гүтгэсэн байна. А.А-ыг айлган сүрдүүлсэн зүйл байхгүй, мөн тухайн хүүхдэд дархлааны дараах урвал хүндрэл илрээгүй ба өөр томуу, томуу төст өвчнөөр эмчилгээ хийлгэсэн нь түүний өвчний түүх болон А.А-ны өгсөн тайлбар мэдүүлгээр тус тус батлагдаж байна. Мөн Н бүдүүлэг, мэргэжилдээ тэнцэхгүй гэж гутаан доромжилсон байна. Миний мэргэжилдээ тэнцэх эсэхийг тухайн хүмүүс шийдэхгүй ба доромжилсонд нь гомдолтой байна.

1.7.Иргэн Ш.Е миний хувийн зургийг дарсан учраас түүний устгахыг шаардсан миний хувь, хүний мэдээлэл эрхэд минь халдсан учраас хэрвээ шаардлагатай бол Цагдаад мэдэгдэж гомдол гаргана гэдгээ албан ёсоор илэрхийлсэн болно. Тухайн миний зургийг одоо хүртэл утсанд хадгалж байгаа нь нотлогдож байна. Хувь хүний мэдээлэл хамгаалах тухай хуулийг ноцтой зөрчиж миний эрхийг зөрчиж байгаа зургийг минь А.А-ы устгасан нь А.А-ны тайлбараар мөн адил батлагдаж байна. Энэ нь Монгол Улсын Үндсэн хуулиар олгосон эрхэд минь ноцтой халдсан хэрэг гэж үзэж байна. Цагдаа бол миний эрхийг хамгаалах хууль хяналтын байгууллагын нэг нь мөн тийм учраас миний бие хандах эрхтэй ба миний хувийн мэдээлэлд халдсан учраас Цагдаад хандана гэдгээ илэрхийлсэн болно. Хувь хүний мэдээлэл хамгаалах тухай хуулийн 8 дугаар зүйлийн 8.1-д мэдээлэл хариуцагч хуульд зааснаас бусад тохиолдолд мэдээллийг боловсруулах, цуглуулах, ашиглахдаа мэдээллийн эзнээс зөвшөөрөл авна, 16 дугаар зүйлийн 16.1.6-д хуульд заасны дагуу өөрийн мэдээллийг устгуулах талаар мэдээлэл хариуцагчид мэдэгдэж устгуулах,  29 дүгээр зүйлийн 29.1-т Мэдээллийн эзнээс хуульд заасан үндэслэл болон анх зөвшөөрөл авснаас өөр зорилгоор мэдээлэл цуглуулах, боловсруулах, ашиглахыг хориглоно гэж тус тус заасны дагуу миний хувийн мэдээлэлд хэн ч дураараа халдах эрхгүй учраас би өөрийн эрхээ хамгаалж үзэл бодлоо илэрхийлсэн болохоос ёс зүйн зөрчил гаргаагүй болно.

1.8. Уг Ёс зүйн дэд хорооны хуралдааны шийдвэрт Х.С нэг тийшээ хазайлгаж, хууль бус шийдвэр гаргахад шууд нөлөөлсөн болно. Нэг талыг баримталсан нотолгоо,  үндэслэлгүй шийдвэрт гомдолтой байгаа. Уг асуудлаар тухайн мэргэжилтнүүдийн албан тушаал, эрх мэдлээ хэтрүүлэн ашигласанд нь холбогдох хуулийн байгууллагад гомдол гаргах болно.

Тийм учраас миний нэхэмжлэлийг зохих журмын дагуу хянан шийдвэрлэж Б аймгийн Эрүүл мэндийн газрын Ёс зүйн дэд хорооны 2024 оны 11 дүгээр сарын 07-ны өдрийн дүгнэлтийг бүхэлд нь хүчингүй болгож өгнө үү гэжээ.

 

2.Хариуцагч Б аймгийн Эрүүл мэндийн газрын Ёс зүйн дэд хорооны дарга Х.С болон итгэмжлэгдсэн төлөөлөгч Х.Наурызбек нарын хариу тайлбар, татгалзал:

2.1. Эрүүл      мэндийн         тухай  хуулийн 12 дугаар зүйлийн 12.1.4 дэх хэсэгт харьяалах нутаг дэвсгэрийн эрүүл мэндийн байгууллагын үйл ажиллагааг мэргэжил, арга удирдлагаар хангаж, хяналт тавих”, 12.2 дахь хэсэгт “Аймаг, нийслэлийн эрүүл мэндийн газрын дарга нь тухайн шатны Засаг даргатай зөвшилцөж, харьяа нэгдсэн эмнэлгээс бусад эрүүл мэндийн байгууллагын даргыг хууль тогтоомжид заасны дагуу томилж, чөлөөлнө”, 14 дүгээр зүйлийн 14.1 дэх хэсэгт “Эрүүл мэндийн байгууллагын тогтолцоо нь нийгмийн эрүүл мэндийн, эмнэлгийн тусламж, үйлчилгээний, эм, эмнэлгийн хэрэгслийн хангамжийн, анагаах ухааны боловсрол, эрдэм шинжилгээ, сургалтын үйл ажиллагаа хариуцсан төрийн, хувийн хэвшлийн, холимог өмчийн эрүүл мэндийн байгууллагаас бүрдэнэ”, 15 дугаар зүйлийн 15.1 дэх хэсэгт “Эрүүл мэндийн тусламж, үйлчилгээ үзүүлэх байгууллага дараах төрөлтэй байна”, 15.1.1 дэх хэсэгт “өрхийн эрүүл мэндийн төв”, 16 дугаар зүйлийн 16.2 дахь хэсэгт “Өрхийн эрүүл мэндийн төв нь хот, суурин газрын хүн амд төрөөс үзүүлэх өрхийн эрүүл мэндийн тусламж, үйлчилгээг гэрээгээр гүйцэтгэх үндсэн чиг үүрэг бүхий сайн дурын үндсэн дээр бүртгүүлсэн хувийн хэвшлийн эрүүл мэндийн байгууллага байна”, 16.3 дахь хэсэгт “Өрхийн эрүүл мэндийн төвийн үлгэрчилсэн дүрмийг эрүүл мэндийн асуудал эрхэлсэн Засгийн газрын гишүүн батална”, Эрүүл мэндийн сайдын 2024 оны А/122

 дугаар тушаалын хавсралт “Өрхийн эрүүл мэндийн төвтэй гэрээ байгуулах, хэрэгжилтийг дүгнэх, гэрээг сунгах, дуусгавар болгох журам"-ын 1.1-д Энэхүү журмын зорилго нь төрөөс хүн амд үзүүлэх эрүүл мэндийн анхан шатны цогц тусламж, үйлчилгээг үзүүлэх чиг үүрэг бүхий өрхийн эрүүл мэндийн төвтэй гэрээ байгуулах, гэрээний хэрэгжилтийг дүгнэх, хяналт тавих, гэрээг сунгах, дуусгавар болгохтой холбоотой харилцааг зохицуулахад оршино”, Эрүүл мэндийн сайдын 2014 оны А/415 дугаар тушаалын нэгдүгээр хавсралт “Аймаг, нийслэлийн эрүүл мэндийн газрын үлгэрчилсэн дүрэм”-ийн 2.1-д “Өөрийн харьяалах нутаг дэвсгэрийн хүн амын эрүүл мэндийн асуудлаар, хөтөлбөр, стратеги төлөвлөлт хийх, шийдвэр гаргахад аймаг, нийслэлийн Засаг даргад мэргэжил арга зүйн зөвлөгөө, дэмжлэг үзүүлж, шийдвэрийн хэрэгжилтийг зохион байгуулах, тайлагнах”, “Эрүүл мэндийн байгууллага, орон нутгийн түвшинд эмнэлгийн мэргэжилтний баримтлах ёс зүйн хэм хэмжээг сурталчлах, мөрдүүлэх, ажлыг зохион байгуулах, мэргэжил арга зүйгээр хангах”, 4.1-д “Харьяалах нутаг дэвсгэртээ үйл ажиллагаа явуулж байгаа өмчийн бүх хэлбэрийн бүх эрүүл мэндийн байгууллагуудад хяналт үнэлээ хийх, мэргэжил арга зүйн зөвлөгөө өгөх, үүрэг, даалгавар өгч биелэлтийг шаардах хариуцлага тооцох” Эрүүл мэндийн сайдын 2020 оны 01 сарын 24-ний өдрийн А/37 дугаар тушаалын 1 дүгээр хавсралт “Аймгийн Эрүүл мэндийн газрын үлгэрчилсэн бүтэц”-д Өрхийн эрүүл мэндийн төв нь Эрүүл мэндийн газрын харьяа байгууллага мөн гэж тус тус заасан байна.

2.2.Өөрөөр хэлбэл Төрийн албан хаагчийн ёс зүйн тухай хуульд заасны дагуу Ёс зүйн дэд хороо өөрийн байгууллагын албан хаагчийн болон харьяалах байгууллагын томилох эрх бүхий албан тушаалтны ёс зүйн гомдлыг шалган шийдвэрлэнэ гэж заасан. Эрүүл мэндийн үлгэрчилсэн бүтцэд заасны дагуу Өрхийн эрүүл мэндийн төв нь Эрүүл мэндийн газрын харьяа байгууллага бөгөөд С.Н нь тус байгууллагын удирдах албан тушаалтан тул дээд шатны байгууллага буюу Эрүүл мэндийн газрын ёс зүйн дэд хороо түүнтэй холбоотой ёс зүйн маргааныг хүлээн авч шийдвэрлэсэн болно. Үүнийг нэхэмжлэгч С.Н нь буруугаар ойлгож, Эрүүл мэндийн газар намайг томилоогүй тул надтай холбоотой асуудлаар ёс зүйн дүгнэлт гаргах эрхгүй, би төрийн албан хаагч биш хэмээн бичсэн байна. Гэвч өрхийн эрүүл мэндийн төв нь төрийн тодорхой чиг үүргийг гэрээний үндсэн дээр гүйцэтгэдэг, нийтийн албан тушаалтан болохын хувьд төрийн үйлчилгээний албан хаагчийн адил статустай тул Төрийн албан хаагчийн ёс зүйн тухай хууль төрийн албан хаагчийн нэгэн адил хүчин төгөлдөр үйлчилнэ. Мөн Эрүүл мэндийн газраас нэхэмжлэгч Р Өрхийн эрүүл мэндийн төвийн дарга С.Нт хариуцлага тооцоогүй ба ёс зүйн дэд хорооноос дүгнэлт гаргаж, уг дүгнэлтийг С.Н-ийг томилох эрх бүхий этгээд буюу “Р ӨЭМТ” ББН нөхөрлөлд уламжилсан болно. Иймд нэхэмжлэгчийн тус тайлбар нь үндэслэлгүй байна.

2.3. Мөн нэхэмжлэгчийн нэхэмжлэлд Эрүүл мэндийн газрын ёс зүйн дэд хорооны дарга Х.С нь ёс зүйн дэд хорооны хуралдааны шийдвэрт нөлөөлж, нэг тийшээ хазайлгаж, хууль бус шийдвэр гаргахад шууд нөлөөлсөн гэж бичсэн байна. Уг тайлбар нь үндэслэлгүй, ямар нэгэн нотлох баримтгүй, ёс зүйн дэд хорооны дарга албан үүргээ гүйцэтгэсний төлөө нэр хүндэд халдсан байна. С.Н нь Ш.Е-тэй холбоотой ёс зүйн дэд хорооны хурлын үед өөрөө гэм буруугаа хүлээн зөвшөөрч, уучлалт гуйхаас гадна, зөрчил гарснаас хойш өнөөдрийг хүртэл гомдол гаргагч Ш.Е-ээс өөрийн буруугаа ухамсарлаж уучлалт гуйгаагүй, зөвхөн ёс зүйн дэд хорооны хурлын үед уучлалт гуйсан, мөн гомдол гаргагч түүний уучлалтыг хүлээн аваагүй, тухайн хэрэг болсноос хойш огт уучлалт гуйгаагүй байж, өнөөдөр уучлалт гуйж байгаа чинь хэнд ч хэрэггүй гэх зэрэг тайлбар гаргасныг үндэслэн тухайн дүгнэлтийг гаргасан болно. Иймд нэхэмжлэгчийн ёс зүйн дэд хорооны гишүүд эрх мэдэл, албан тушаалаа ашиглан нэг тийшээ хазайлгаж, хууль бус шийдвэр гаргахад шууд нөлөөлсөн гэх тайлбар нь үндэслэлгүй байна.

2.4.С.Н нь нэхэмжлэлдээ “...миний хувийн мэдээлэлд хэн ч дураараа халдах эрхгүй учраас би өөрийн эрхээ хамгаалж үзэл бодлоо илэрхийлсэн болохоос ёс зүйн зөрчил гаргаагүй болно” хэмээн бичсэн байна. Нэхэмжлэгчийн уг тайлбар нь хууль зүйн хувьд үндэслэлтэй байгаа боловч уг шаардлагыг тавихдаа төрийн албан хаагчийн ёс зүй, эмнэлгийн мэргэжилтний ёс зүйг тус тус зөрчсөн болох нь дэд хорооны хурлын үед оролцогчдын мэдүүлгээр тогтоогдож байна.

Тухайн үйл явц болох үед ёс зүйн гомдол гаргагч Ш.Е нь өөрийн охин А.А-ны хувийн мэдээллийг С.Нийн сууж байсан компьютерын дэлгэцээс зургийг нь дарсан байх бөгөөд үүнийг аль хэдийн харилцааны маргаантай байсан С.Н нь гомдол гаргагчид хандан “та яагаад миний зургийг зөвшөөрөлгүй дарж байгаа юм, устга. устгахгүй би цагдаад мэдэгдэнэ” гэх зэргээр гомдол гаргагчид маш ёс зүйгүйгээр хандаж Эмнэлгийн мэргэжилтний ёс зүйн дүрэм”-ийн 5.1, 5.5, 8.2, 8.4, 8.5, 8.6, 8.7, 8.10, 8.11, 9.1, 9.3 дахь заалт, Монгол Улсын стандарт MNS 7014:2023 “Эрүүл мэндийн үйлчилгээнд тавих шаардлага”-ын 3.4, 3.5, 4.5, 4.7 дүгээрт заасныг тус тус зөрчсөн болох нь ёс зүйн дэд хорооны хурлын үед тогтоогдсон тул нэхэмжлэгчийн уг тайлбар нь мөн адил үндэслэлгүй. Иймд нэхэмжлэгчийн нэхэмжлэлийг бүхэлд нь хүчингүй болгож шийдвэрлэж өгнө үү гэжээ.

 

3.Нэхэмжлэгчээс иргэний хэрэгт нотлох баримтаар улсын тэмдэгтийн хураамж төлсөн баримт, түүний иргэний үнэмлэхийн  хуулбар, Б аймгийн “Р” бүх гишүүдийн бүрэн хариуцлагатай нөхөрлөлийн бүх гишүүдийн 2022 оны 02 дугаар сарын 16-ны өдрийн 1 дугаартай хуралдааны тогтоол, Р БГБХ нөхөрлөлийн улсын бүртгэлийн  гэрчилгээний нотариатчаар гэрчлүүлсэн хуулбар, Б аймгийн Эрүүл мэндийн газрын Ёс зүйн дэд хорооны 2024 оны 11 дүгээр сарын 07-ны өдрийн дүгнэлт, Б аймгийн Эрүүл мэндийн газрын дэргэдэх эмнэлгийн мэргэжилтний ёс зүйн салбар хорооны 2024 оны 12 дугаар сарын 02-ны өдрийн 04 дугаартай албан бичиг, Р өрхийн эрүүл мэндийн төвийн дарга С.Н танаа гэж хаягласан шуудангийн дугтуй зэргийг,

Хариуцагчаас хариу тайлбар, Б аймгийн Эрүүл мэндийн газрын Ёс зүйн дэд хорооны 2024 оны 11 дүгээр сарын 05-ны өдрийн хурлын тэмдэглэл, Б аймгийн Эрүүл мэндийн газрын 2024 оны 11 дүгээр сарын 08-ний өдрийн 762 дугаартай албан бичиг, “Р” бүх гишүүд нь бүрэн хариуцлагатай нөхөрлөлийн 2024 оны 11 дүгээр сарын 18-ний өдрийн 119 дугаартай албан бичиг, А.А-ны өвсний түүх, иргэн Ш.Е-ээс Б аймгийн Эрүүл мэндийн газарт гаргасан гомдол, эмийн жор, А.Б, А.А, Ш.Е, С.Н нарын тодруулга өгсөн тайлбар, хариуцагчаас Х.Наурызбект олгосон итгэмжлэл зэргийг тус тус гаргаж өгсөн.

 

ҮНДЭСЛЭХ нь:

 

4. Нэхэмжлэгч С.Нийн  Б аймгийн Эрүүл мэндийн газрын Ёс зүйн дэд хорооны 2024 оны 11 дүгээр сарын 07-ны өдрийн дүгнэлтийг хүчингүй болгуулах нэхэмжлэлийг хангаж шийдвэрлэх үндэслэлтэй байна.

5. Нэхэмжлэгч дараах үндэслэлээр шаардах эрхээ тодорхойлсон. Үүнд: Миний бие “Р” бүх гишүүд нь бүрэн хариуцлагатай нөхөрлөлийн даргаар ажиллаж байна. Миний бие Б аймгийн Эрүүл мэндийн газрын ажилтан, албан хаагч биш, тухайн байгууллага намайг томилсон тушаал гаргаж байгаагүй тул Төрийн албан хаагчийн ёс зүйн тухай хуульд зааснаар иргэн Ш.Е-ийн гаргасан гомдлыг үндэслэн ёс зүйн зөрчил гаргасан гэж хууль бус дүгнэлт гаргасан тул Б аймгийн Эрүүл мэндийн газрын Ёс зүйн дэд хорооны 2024 оны 11 дүгээр сарын 07-ны өдрийн дүгнэлтийг хүчингүй болгож өгнө үү гэжээ.  

6. Хариуцагчаас нэхэмжлэлийг дараах үндэслэлээр *******сгэсэн. Үүнд: Төрийн албан хаагчийн ёс зүйн тухай хуульд заасны дагуу Ёс зүйн дэд хороо өөрийн байгууллагын албан хаагчийн болон харьяалах байгууллагын томилох эрх бүхий албан тушаалтны ёс зүйн гомдлыг шалган шийдвэрлэнэ гэж заасан. Эрүүл мэндийн газрын үлгэрчилсэн бүтцэд заасны дагуу өрхийн эрүүл мэндийн төв нь Эрүүл мэндийн газрын харьяа байгууллага бөгөөд С.Н нь тус байгууллагын удирдах албан тушаалтан тул дээд шатны байгууллагаа буюу Эрүүл мэндийн газрын Ёс зүйн дэд хороо түүнтэй холбоотой ёс зүйн маргааныг хүлээн авч шийдвэрлэсэн болно. Өрхийн эрүүл мэндийн төв нь төрийн тодорхой чиг үүргийг гэрээний үндсэн дээр гүйцэтгэдэг, нийтийн албан тушаалтан болохын хувьд төрийн үйлчилгээний албан хаагчийн адил статустай тул Төрийн албан хаагчийн  ёс зүйн тухай хууль төрийн албан хаагчийн нэгэн адил үйлчилнэ. Гомдол гарагч Ш.Е нь өөрийн охин А.А-ийн хувийн мэдээллийг С.Нийн сууж байсан компьютерын дэлгэцээс зургийг нь дарсан байх бөгөөд үүнийг аль хэдийн харилцааны маргаантай байсан С.Н нь гомдол гаргагчид хандан “та яагаад миний зургийг зөвшөөрөлгүй дарж байгаа юм бэ, устга, устгахгүй бол би цагдаад мэдэгдэнэ” гэх зэргээр гомдол гаргагч маш ёс зүйгүй хандаж “Эмнэлгийн мэргэжилтний ёс зүйн дүрэм”-ийг зөрчсөн нь тогтогдсон тул С.Н нь Төрийн албан хаагчийн ёс зүйн зөрчил гаргасан гэж дүгнэлт гаргасан. Иймд нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

7. Хэрэгт авагдсан болон шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримтуудаар дараах үйл баримт тогтоогдсон байна. Үүнд.:

7.1. Б аймгийн “Р” бүх гишүүд нь бүрэн хариуцлагатай нөхөрлөлийн бүх гишүүдийн 2022 оны 02 дугаар сарын 16-ны өдрийн 01 дугаартай “Өрхийн эрүүл мэндийн төвийн даргыг чөлөөлж, томилох тухай” тогтоолын 1 дэх заалтаар “Р” бүх гишүүд нь бүрэн хариуцлагатай нөхөрлөлийн “Р” Өрхийн эрүүл мэндийн төвийн даргаар Салтанатын Нийг томилсон байх ба “Р” бүх гишүүд нь бүрэн хариуцлагатай нөхөрлөлийн  улсын бүртгэлийн гэрчилгээнд 2023 оны 06 дугаар сарын 05-ны өдөр С овогтой Н-ийг даргаар сонгосныг бүртгэсэн байна.

7.2. Эрүүл мэндийн газрын Ёс зүйн дэд хорооны 2024 оны 11 дүгээр сарын 07-ны өдрийн дүгнэлтээр ... Р Өрхийн эрүүл мэндийн төвийн дарга С.Н нь Төрийн албан хаагчийн ё зүйн тухай хуулийн 8 дугаар зүйлийн 8.2.1-д заасан буюу “Төрийн албан хаагчийн хувьд хуулиар тогтоосон иргэний эрх, эрх чөлөөний хязгаарлалтыг үг, үйлдлээр эсэргүүцэх, бусдыг өдөөн турхирах” ёс зүйн зөрчил гаргасан гэж дүгнэсэн байна.

7.3. Эрүүл мэндийн газрын ёс зүйн дэд хорооны 2024 оны 11 дүгээр сарын 05-ны өдрийн хурлын тэмдэглэлээс үзэхэд хуралдааны даргаар Х.С, нарийн бичгийн даргаар Х.Наурызбек, гишүүдээр С.Сунхар, М.А, К.Ж, гомдол гаргагч Ш.Е, холбогдогч С.Н нар тус тус оролцсон байх ба уг хурлаар  гомдол гаргагч Ш.Е-ийн “2024 оны 09 дүгээр сарын 16-ны өдөр Р өрхийн эрүүл мэндийн төвөөс охин А-ны төрсний болон эм, вакцин тариулсан тухай лавлагаа авах гэхэд тус өрхийн эрүүл мэндийн дарга Н гэдэг залуу намайг заналхийлэн, загнаж, цагдаа дуудна гэж хүчээр хөөж гаргаад охин А.А-ыг авч үлдээд айлган сүрдүүлж, тариа тарьснаас болж охин минь гэнэт реакци өгч түргэнээр эмнэлэгт ирж шуурхай эмчилгээ хийлгэж байж амьд үлдлээ. Тус өрхийн эмнэлгийн дарга Н нь албаны харьцаагүй, бүдүүлэг зан авиртай, мэргэжилдээ огт тэнцэхгүй байгаа ёс зүйгүй явдал гаргасныг шалган, хариуцлага тооцно уу” гэсэн гомдлыг хэлэлцсэн үйл явцыг тусгаж тэмдэглэсэн байх ба тус дэд хорооны дарга, нарийн бичгийн дарга, гишүүдийн 100 хувийн саналаар С.Н нь Төрийн албан хаагчийн ёс зүйн тухай хуулийн 8 дугаар зүйлийн 8.2.1 дэх хэсэгт заасан ёс зүйн зөрчил гаргасан гэж дүгнэсэн болохыг тэмдэглэсэн байх ба  дэд хорооны дарга, нарийн бичгийн дарга, гишүүд тус тус гарын үсэг зурсан болох нь тогтоогджээ.

7.5. Гэрч Ж.Е-ээс “2024 оны 09 дүгээр сарын 10-ны өдөр байсан. Р өрхийн эрүүл мэндийн төвд очиж охин Ар-д вакцин тариулж болох уу гэж асуусан чинь вакцин тариулж болохгүй гээд дараа нь вакцин хийлгэвэл хийлгээрэй зүгээрээ гэсэн. Эмчийн өрөөнд очих үед компьютероос харж байгаад та хүүхэд төрсөн цагаас хойш огт вакцин хийлгээгүй байна. Би хэлэхдээ 3 сар, 6 сар, 9 сард вакцин хийлгэх ёстой. Би өөрийнхөө төрсөн хүүхдийг мэднэ гэж хэлсэн чинь С.Н юундаа орилж байгаа юм бэ гээд жирэмсний картаа аваад ир гэсэн. Тухайн үед би 50 настай эмэгтэй хүн, жирэмсний картыг би хаанаас олох вэ гэх үед С.Н намайг хэл амаар доромжилж, цагдаад өгнө гэсэн. Би ямар зөрчил гаргаагүй, яагаад намайг доромжилдог вэ. С.Н над руу орилж, над руу дайрсан учраас зураг дарсан” гэж мэдүүлжээ.

8. Нэхэмжлэгч С.Н-ээс Б аймгийн Эрүүл мэндийн газрын Ёс зүйн дэд хорооны 2024 оны 11 дүгээр сарын 07-ны өдрийн дүгнэлт нь хуульд нийцээгүй гэж тайлбарласан ба хариуцагч нь нэхэмжлэгчийн гомдлыг эс зөвшөөрч маргажээ.

9.Төрийн албан хаагчийн ёс зүйн тухай хуулийн 2 дугаар зүйлийн 2.1 дэх хэсэгт зааснаар энэ хуулийн зорилт нь төрийн албан хаагчийн ёс зүйн зарчим, нийтлэг хэм хэмжээг тогтоох, сахиулах, ёс зүйн зөрчлөөс урьдчилан сэргийлэх, зөрчлийг хянан шийдвэрлэх, хариуцлага хүлээлгэх, олон нийтэд мэдээлэхтэй холбогдсон харилцааг зохицуулахад оршино. Мөн хуулийн 4 дүгээр зүйлийн 4.1 дэх хэсэгт “Энэ хуулийн үйлчлэлд Төрийн албаны тухай хуульд заасан төрийн улс төрийн, төрийн захиргааны, төрийн тусгай, төрийн үйлчилгээний албан тушаал эрхэлдэг төрийн албан хаагч /цаашид "төрийн албан хаагч" гэх/ хамаарна,  4.2-т Авлигын эсрэг хуулийн 4.1.3, 4.1.4, 4.1.5, 4.1.7, 4.1.9-д заасан этгээд энэ хуулийн үйлчлэлд хамаарна гэж тус тус заажээ.

10. Хариуцагчаас Өрхийн эрүүл мэндийн төв нь төрийн тодорхой чиг үүргийг гэрээний үндсэн дээр гүйцэтгэдэг, нийтийн албан тушаалтан болохын хувьд төрийн үйлчилгээний албан хаагчийн адил статустай тул Төрийн албан хаагчийн ёс зүйн тухай хууль төрийн албан хаагчийн нэгэн адил үйлчилнэ гэж тайлбарлажээ. Төрийн албаны тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.1 дэх хэсэгт Төрийн үйлчилгээний албан тушаалд төрийн үйлчилгээг адил тэгш, чанартай, хүртээмжтэй хүргэх болон төрийн байгууллагын хэвийн үйл ажиллагааг хангахад туслах чиг үүрэг бүхий хөдөлмөрийн гэрээний үндсэн дээр ажиллах дараах албан тушаал хамаарна:

14.1.1.төрийн байгууллагын хэвийн үйл ажиллагааг хангахад туслах албан тушаал;

14.1.2.боловсрол, шинжлэх ухаан, эрүүл мэнд, соёл, урлаг, спорт зэрэг төсвөөс санхүүждэг төрийн үйлчилгээний байгууллагын дарга, захирал, эрхлэгч, бусад удирдах, гүйцэтгэх, туслах албан тушаал;

14.1.3.яам, агентлагийн харьяа болон түүний дэргэд ажилладаг, төсвөөс санхүүждэг төрийн үйлчилгээний байгууллагын удирдах, гүйцэтгэх, туслах албан тушаал гэж заасан байх ба Эрүүл мэндийн тухай хуулийн 16 дугаар зүйлийн 16.2 дахь хэсэгт зааснаар “Р” өрхийн эрүүл мэндийн төв нь хот, суурин газрын хүн амд төрөөс үзүүлэх өрхийн эрүүл мэндийн тусламж, үйлчилгээг гэрээгээр гүйцэтгэх үндсэн чиг үүрэг бүхий сайн дурын үндсэн дээр бүртгүүлсэн хувийн хэвшлийн эрүүл мэндийн байгууллага тул тус төвийн дарга С.Н нь хөдөлмөрийн гэрээний үндсэн дээр ажиллах албан тушаалтан болох нь тогтоогдохгүй байх тул хариуцагчийн төрийн үйлчилгээний албан хаагчийн адил статустай гэх тайлбар үндэслэлгүй байна.

11.Харин Авлигын эсрэг тухай хуулийн 4 дүгээр зүйлийн 4.1.5 дахь хэсэгт зааснаар “Р” өрхийн эрүүл мэндийн төвийн дарга нь улсын болон орон нутгийн төсвөөс санхүүжилт авч төрийн тодорхой чиг үүргийг хууль тогтоомжийн дагуу гүйцэтгэж байгаа төрийн бус байгууллагын удирдах албан тушаалтанд хамаарахаар байна гэж үзлээ.

12 .Төрийн албан хаагчийн ёс зүйн тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.3 дахь хэсэгт Төрийн албан хаагчийн ёс зүйн асуудлаар гаргасан гомдол, мэдээллийг дараах харьяаллын дагуу шалгаж, шийдвэрлэнэ, 14.3.1.Ёс зүйн дэд хороо өөрийн байгууллагын албан хаагчийн болон харьяалах байгууллагын томилох эрх бүхий албан тушаалтны; 14.3.2.Засгийн газрын дэргэдэх Ёс зүйн дэд хороо аймаг, нийслэлийн Засаг даргаас бусад бүх шатны Засаг дарга, эрхлэх асуудлын хүрээний холбогдох байгууллагын удирдах албан тушаалтан болон Авлигын эсрэг хуулийн 4.1.3, 4.1.5, 4.1.9-д заасан этгээдийн; ... гэж заасан байх тул өрхийн эрүүл мэндийн даргын ёс зүйн асуудлаар гаргасан гомдол мэдээллийг Б аймгийн Эрүүл мэндийн газрын Ёс зүйн дэд хороо шалгаж шийдвэрлэсэн нь үндэслэлгүй байна.

13. Иймд нэхэмжлэгч  С.Нийн  гомдлыг хангаж, Б аймгийн Эрүүл мэндийн газрын Ёс зүйн дэд хорооны 2024 оны 11 дүгээр сарын 07-ны өдрийн дүгнэлтийг хүчингүй болгох нь зүйтэй байна.

14.Энэхүү нэхэмжлэл нь Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.5 дахь хэсэгт зааснаар гомдлоор авч хэлэлцэх хэргийн нэхэмжлэл бөгөөд улсын тэмдэгтийн хураамжаас чөлөөлөгдөх тул нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамж төлсөн 70200 төгрөгийг буцаан олгох нь зүйтэй байна. 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.1, 115.2, 115.2.1, 116, 118 дугаар зүйлүүдийг тус тус удирдлага болгон

 

ТОГТООХ нь:

 

1.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 156 дугаар зүйлийн 156.1, 156.1.1, 160 дугаар зүйлийн 160.1, 160.1.1 дэх хэсэгт заасныг тус тус баримтлан Б аймгийн Эрүүл мэндийн газрын Ёс зүйн дэд хорооны 2024 оны 11 дүгээр сарын 07-ны өдрийн дүгнэлтийг хүчингүй болгосугай.

2.Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.5 дахь хэсэгт зааснаар энэхүү нэхэмжлэл нь улсын тэмдэгтийн хураамжаас чөлөөлөгдөх нэхэмжлэл болохыг дурдаж, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 58 дугаар зүйлийн 58.1 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгч С.Нийн тэмдэгтийн хураамжид төлсөн 70200 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч С.Н-т буцаан олгосугай.

3.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4 дэх хэсэгт зааснаар шийдвэр хүчинтэй болсноос хойш 14 хоногийн дотор бичгийн хэлбэрээр гарах бөгөөд ийнхүү гарснаас хойш шүүх хуралдаанд оролцсон зохигчид 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийн хувийг өөрөө гардан авахыг танилцуулсугай.

4.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2 дахь хэсэгт зааснаар зохигчид, тэдгээрийн итгэмжлэгдсэн төлөөлөгч, өмгөөлөгч шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Б аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.

 

 

 

 

ДАРГАЛАГЧ  ШҮҮГЧ                                Х.МЕЙРАМБЕК