Баян-Өлгий аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр

2025 оны 02 сарын 24 өдөр

Дугаар 302/ШШ2025/00176

 

 

 

 

 

2025 оны 02 сарын 24 өдөр

Дугаар 302/ШШ2025/00176

Баян-Өлгий аймаг

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

Б аймаг дахь сум дундын анхан шатны шүүхийн шүүгч Х.Мейрамбек даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хийсэн шүүх хуралдаанаар,

Нэхэмжлэгч: Б аймгийн Ц сумын 9 дүгээр багт оршин суух, С овогт Б.Б-ын нэхэмжлэлтэй,

Хариуцагч: Б аймгийн Ц сумын 6 дугаар баг (Б аймгийн Б сумын 5 дугаар багт түр оршин суух)-т оршин суух, Х овогт З.Ө-д холбогдох иргэний хэргийг хянан хэлэлцэв.

Нэхэмжлэлийн шаардлага: 2020 оны 03 дугаар сарын 26-ны өдөр төрсөн хүү Б.Дийн асрамжийг өөрчлөн, эцэг нь болох Б.Б надад үлдээж, эх нь З.Ө-ээр тэжээн тэтгүүлэх тухай.

Шүүх хуралдааны оролцогчид:

Нэхэмжлэгч Б.Б,

Нэхэмжлэгчийн өмгөөлөгч С.Н,

Хариуцагч З.Ө,

Орчуулагч Б.Н,

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга П.Ж.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

1.Нэхэмжлэгч Б.Б нь хариуцагч З.Ө-д холбогдуулан 2020 оны 03 дугаар сарын 26-ны өдөр төрсөн хүү Б.Дийн асрамжийг өөрчлөн, эцэг нь болох Б.Б надад үлдээж, эх нь З.Ө-ээр тэжээн тэтгүүлэх тухай нэхэмжлэл гаргасан. Нэхэмжлэгч нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлээ дараах байдлаар тодорхойлж байна. Үүнд:

1.1.Миний бие З.Ө-тэй 2019 оны 7 дугаар сарын 24-ний өдөр гэр бүл болж, 2019 оны 11 дүгээр сарын 06-ны өдөр Б аймгийн Ц сумын гэрлэлтийн бүртгэлийн 8337000048 дугаартай гэр бүлийн баталгаа авсан. Бид хоёрын дундаас 2020 оны 3 дугаар сарын 26-ны өдөр хүү Б Д мэндэлсэн.

1.2.Ө бид хоёр гэр бүл болсноос хойш таарч тохироогүйн улмаас Б аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 12 сарын 04-ний өдөр дугаар 130/ШШ2020/01181 шийдвэрээр гэрлэлтээ цуцлуулсан. Тухайн шийдвэрээр хүү Б.Д-ийг З.Ө-ийн асрамжид үлдээж, надаар тэжээн тэтгүүлэхээр шийдвэрлэсэн. Гэрлэлтээ цуцлуулснаас хойш би эцэг эхтэйгээ хамт тус аймгийн Ц сумын 6 дугаар багт амьдарч байгаа.

1.3.Хүү Б.Д-ийг ээжийнхээ асрамжид үлдээсэн боловч /ээж нь болох/ З.Ө 2024 оны 01 дүгээр сард түүнийг орхиод Х.Е гэдэг хүнтэйгээ 2 дахь удаа бүлээ зохиогоод Баяннуур суманд амьдарч байгаа ба хүү Б.Д нь С сумын 5 дугаар багт З.Ө-ийн төрсөн ээж Г-тай хамт амьдарч байгаа. Шүүхийн шийдвэрийн дагуу эх нь болох З.Ө асрахаар болсон боловч хүүхдийг өөрөө асрахгүй байна.

1.4.Б аймгийн Хүүхэд, гэр бүлийн хөгжил, хамгааллын газарт удаа дараа гомдлоо гаргаж байгаа ба хүүхдийг эх нь өөрөө ,асрахгүй мөртлөө хөгшин настай хүнд үлдээж, эцгээс нь тэтгэмж авдаг. Хүүхдийг төрсөн эцэгт нь өгөхгүй өөр хүнээр асруулж байгаа шалтгаан нь зөвхөн хүүхдийн тэтгэмжийн төлөө гэж үзэж байна.

1.5.Би 2024 оны 5 дугаар сарын 08-ний өдөр шүүхэд хүүхдийн асаргааг өөрчлүүлэхээр нэхэмжлэл гаргасан юм. Гэтэл Б аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2024 оны 7 дугаар сарын 29-ний өдрийн 686 дугаар шийдвэрээр хүүхдийг эх нь асардаг юм байна гэх байдлаар нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн. Шүүх хүүхдийн асаргааг гэрлэлтийг цуцалсан үед эхдээ үлдээж, хүүхдийн эрх ашиг зөрчигдсөн гэж үзвэл хүүхдийн асаргааны талаар хэдийд ч шүүхэд нэхэмжлэл гаргах эрхтэй гэж заасан. З.Ө нь хүүхдээ өөрөө асрахгүй байгаа гэдгийг хүүхдийн байгууллагаас хяналт шалгалт хийх үед тогтоосон. Хүүхэд өөрийнхөө төрсөн эцэг, эхтэйгээ хамт амьдрах эрхтэй. Гэтэл хүү Б.Д нь 70 настай Г-тай хамт байгаа. Тэр хүн түүний эцэг, эх нь биш. Өндөр настай Г нь Б.Дийг харж хандах чадваргүй юм тул өөрчлөлтийг өөрөө авмаар байна.

1.6. Миний бие Ц суманд мал маллаж амьдардаг бөгөөд эцгээсээ 4-лээ юм. Нэг ах, 2 эмэгтэй дүүтэй. Ах болох Б.Ж нь эхнэр 3 хүүхдийн хамт өрх тусгаарласан бөгөөд тусдаа амьдардаг. 2 дүү маань тус тусдаа гэр бүлээ зохиогоод явцгаасан. Би ээж С /60 настай/, эцэг Б /55 настай/ нарын хамт амьдардаг бөгөөд өөрсдийн гэсэн мал хөрөнгөтэй. Цаашид хүүгээ өөрөө өсгөн хүмүүжүүлж чадна гэдэгт итгэлтэй байна. Хүүхдийн эрх ашгийн үүднээс эхээр нь тэтгэмжийн мөнгийг гаргуулан хүүхдийн нэр дээр данс нээж, Засгийн газраас хүүхдэд олгодог сар тутмын 100,000 төгрөгийн хамт өөрт нь хадгалах болно.

1.7.Хүүхдийг эцэг эх нь асрах үүрэгтэй. Эх нь шүүхийн шийдвэрийн дагуу арамждаа авсан боловч өөрөө асрахгүй байгаа тул эцэг нь болох Б.Б би хүүхдээ өөрөө асрах хүсэлттэй байна. Би өөрөө асрах бөгөөд эх нь З.Ө-ээс ямар нэгэн тэтгэмж гаргуулахгүй. Тэр хүсвэл уулзуулж байх болно.

1.8.Би 2024 оны 11 дүгээр сарын 05-ны өдөр тус шүүхэд хүүхдийн асрамжийг өөрчлүүлэхээр нэхэмжлэл гаргасан боловч Б аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2024 оны 11 дүгээр сарын 12-ны өдрийн 130/Ш32024/03055 дугаар захирамжаар нэхэмжлэлийг хүлээн авахаас татгалзсан. Уг захирамжид гомдлоо гаргасан боловч шүүх хүлээж аваагүй. Б аймгийн сум дундын шүүхээс “хүүхдийн асаргааны асуудлын талаар эцэг нь хандах эрхгүй, 2024 оны 7 дугаар сарын 29-ний өдрийн 686 дугаар шийдвэр эцсийн шийдвэр, дахиж хэзээ ч хүүхдийн асрамжийн талаар маргах эрхгүй” гэсэн хууль бус дүгнэлт гаргасан. Хүүхдийн асаргааны талаар хэдийд ч маргах эрхтэй. Хүүхэд маань одоо хүртэл өөр хүний гарт байгаа, эрх нь зөрчигдөж байна. Гэтэл одоо хүртэл хүүхдийн маань эрх зөрчигдөж, эцэг эх нь биш хүнтэйгээ хамт амьдарч байна. Хүүхэд эцэг эхтэйгээ хамт амьдрах эрхтэй. Хариуцагч шүүхэд танил талтай болоод хүүхдийн асаргаатай холбоотой маргааныг үүсгэхгүй байгаа байх. Гэхдээ би хүүхдийн эрх ашгийн төлөө тууштай тэмцэнэ.

Иймд 2020 оны 03 дугаар сарын 26-ны өдөр төрсөн хүү Б.Дийн асрамжийг өөрчлөн, эцэг нь болох Б.Б надад шийдвэрлэж өгнө үү гэжээ.

 

2.Хариуцагч З.Ө-ийн хариу тайлбар, татгалзал: Хариуцагч З.Ө би нэхэмжлэгч Б.Б-ын тус шүүхэд гаргасан нэхэмжлэлийн хувийг хүлээн авч танилцлаа.Би түүний нэхэмжлэлийг хүлээн зөвшөөрөхгүй байна.

2.1.Би Б.Б-тай 2019 оны 7 дугаар сарын 24-ний өдөр гэр бүл болсон ба хоорондоо таарч тохироогүй учир Б аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 12 дугаар сарын 04-ний өдрийн 130/ШШ2020/01181 дугаар шийдвэрээр гэрлэлтээ цуцлуулсан. Тухайн үед шүүхийн шийдвэрээр 2020 оны 03 дугаар сарын 26-ны өдөр төрсөн хүү Б.Дийг миний асрамжид үлдээсэн.

2.2.Бидний гэрлэлтийг цуцлах үед Б.Д нь дөнгөж 9 сартай байсан.Тэрнээс хойш би хүүгээ ганцаараа өсгөж хүмүүжүүлсэн. Б.Б нь тухайн үед гэрлэлтээ цуцлуулаад сураггүй алга болсон, хүүтэйгээ нэг ч удаа ирж уулзаж байгаагүй, одоо Б.Д нь түүнийг огт танихгүй. Харин хүүхдийн тэтгэлгийн мөнгийг дансанд хийж байсан.

2.3.Би нэгэнт гэрлэлтээ цуцлуулсан учир цаашдын амьдралаа бодож 2024 оны 01 дүгээр сарын 13-ны өдөр тус аймгийн Баяннуур сумын иргэн Х.Е-той гэр бүл болсон нь үнэн. Гэрлэлт цуцлуулсан хүн дахин гэр бүл зохиохыг хориглосон хууль байхгүй учир миний дахин гэрлэлт зохиосныг буруутгах үндэслэл байхгүй гэж үзэж байна.

2.4.Би Х.Е-той гэр бүл зохиох үед хурим найр дуусах хүртэл хүүгээ нэг сар ээж дээрээ орхиж яваад дараа нь өөрөө авч явсан. Би ер нь гэрлэлтээ цуцлуулснаас хойших 4 жилийн хугацаанд ээжтэйгээ хамт амьдарч хүү маань ээжид дассан учир гэр бүл зохиох үед түр орхиж явсан нь үнэн.Цаашид хүүгээ өөрөө үргэлжлүүлэн өсгөж хүмүүжүүлэх болно. Миний хувьд хүүгийнхээ эрх ашгийг зөрчөөгүй, асран хамгаалах, тэжээн тэтгэхээс ямар нэгэн байдлаар зайлсхийж байгаагүй.

2.5. Б.Б нь 4 жилийн хугацаанд хүүтэйгээ нэг ч удаа ирж уулзаагүй мөрдлөө миний бусадтай гэрлэснийг далимдуулж тэтгэлэг төлөхөөс зайлсхийх зорилгоор энэ нэхэмжлэлийг гаргасан гэж үзэж байна. Дөнгөж 6 сартайдаа эцгээсээ салсан хүүгээ 4 нас хүртэл нь өсгөж хүмүүжүүлээд Б.Б-т зүгээр өгөхгүй. Тэгээд ч 4 жил өөр орчинд тусдаа амьдарсан, эцгээ огт танихгүй, мэдэхгүй хүүхэд тэнд очоод амьдрах ямар ч боломжгүй.

2.6. Миний бие хүүхдийн асрамжийг тогтоосон шүүхийн шийдвэр гарснаас хойш асрамж дахин өөрчлөх буюу хүүхдийн эрх ашигт сөргөөр нөлөөлсөн нөхцөл байдал гаргаагүй.  4 нас хүртлээ ээж нь надтай хамт амьдарсан хүүхдийг огт танихгүй, 4 жилийн - хугацаанд нэг ч ирж уулзаагүй эцэгт нь өгөх боломжгүй гэж үзэж байна. Б.Б нь 2024 оны 06 дугаар сард энэ асуудлаар тус шүүхэд дээрх асуудлаар нэхэмжлэл гаргаж, 2024 оны 07 дугаар сарын 29-ний өдрийн 130/ШШ2024/00686 дугаар шийдвэрээр түүний нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэж байсан. Б.Б нь шүүхийн хүчин төгөлдөр шийдвэр байхад энэ асуудлаар шүүхэд дахин хандаж байгаа нь хууль зүйн үндэслэлгүй. Б.Б нь хүүхдийн тэтгэлэг төлөхөөс зайлсхийж, миний өөр хүнтэй гэр бүл болсон байдлыг далимдуулж шүүхэд нэхэмжлэл гаргаж байна.

2.7. Иймд Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 65 дугаар зүйлийн 65.1.6-д нэхэмжлэлд дурдсан үйл баримт, зохигчийн гэм буруугийн талаар хуулийн хүчин төгөлдөр шүүхийн болон арбитрын шийдвэр, эсхүл нэхэмжлэлийг хүлээн авахаас татгалзсан, түүнчлэн хэргийг хэрэгсэхгүй болгосон хуулийн хүчин төгөлдөр шүүхийн болон арбитрын шийдвэр буюу шүүхийн тогтоол, шүүгчийн захирамж байгаа бол нэхэмжлэлийг хүлээн авахаас татгалзах, мөн хуулийн 117 дугаар зүйлийн 117.1-д Энэ хуулийн 65.1.6-д заасан үндэслэл хэргийг шүүх хуралдаанаар хэлэлцэх үед тогтоогдвол хэргийг хэрэгсэхгүй болгохоор хуульчилсан тул дээрх үндэслэлүүдээр түүний нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

 

3.Нэхэмжлэгчээс иргэний хэрэгт нотлох баримтаар улсын тэмдэгтийн хураамж төлсөн баримт, түүний иргэний үнэмлэхийн хуулбар, Б аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 12 дугаар сарын 04-ний өдрийн 130/ШШ2020/01181 дугаар шийдвэр, 2024 оны 07 дугаар сарын 29-ний өдрийн 130/ШШ2024/00686 дугаар шийдвэр, 2024 оны 11 дүгээр сарын 12-ны өдрийн 130/ШЗ2024/03055 дугаар захирамж, 2024 оны 12 дугаар сарын 10-ны өдрийн 130/ШТ2024/00051 дугаар тогтоол, Б аймгийн Хүүхэд, гэр бүлийн хөгжил, хамгааллын газрын 2024 оны 11 дүгээр сарын 06-ны өдрийн 301 дугаартай албан бичиг, 2024 оны 11 дүгээр сарын 05-ны өдрийн өмгөөлөл, хууль зүйн туслалцаа үзүүлэх гэрээ зэргийг,

Хариуцагчаас хариу тайлбар, фото зургуудыг тус тус гаргаж өгсөн болно.

 

ҮНДЭСЛЭХ нь:

 

 

4.Нэхэмжлэгч  Б.Б-ын хариуцагч З.Өд холбогдуулан гаргасан 2020 оны 03 дугаар сарын 26-ны өдөр төрсөн хүү Б.Дийн асрамжийг өөрчилж, эцэг нь болох Б.Б-т үлдээх, эх нь болох З.Ө-ээр тэжээн тэтгүүлэх тухай нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэх нь зүйтэй байна.

5. Нэхэмжлэгч Б.Б дараах үндэслэлээр шаардах эрхээ тодорхойлсон. Үүнд: Миний бие  З.Ө-тэй 2019 онд гэр бүл болсон. Бид хоёрын дундаас 2020 оны 3 дугаар сарын 26-ны өдөр хүү Б.Д төрсөн.  Б аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 12 дугаар сарын 04-ний өдрийн 130/ШШ2020/01181 дугаартай шийдвэрээр бидний гэрлэлтийг цуцалж, хүү Б.Дийг эх нь болох З.Ө-ийн асрамжид үлдээж, надаар тэжээн тэтгүүлэхээр шийдвэрлэсэн. Хүүг ээжийнх нь асрамжид үлдээсэн боловч З.Ө нь 2024 оны 1 дүгээр сард хүүгээ орхиод өөр хүнтэй гэр бүл зохиогоод Баяннуур суманд амьдарч байна. Хүү Б.Д нь С сумын 5 дугаар багт З.Ө-ийн төрсөн ээж Г-тай хамт амьдардаг байна. Шүүхийн шийдвэрийн дагуу эх нь болох З.Ө асрахаар болсон боловч хүүхдийг өөрөө асрахгүй байна. Шүүхэд хүүхдийн асрамж өөрчлүүлэхээр нэхэмжлэл гаргасан боловч хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн. Хүүхдийн асаргааны талаар хэдийд ч нэхэмжлэл гаргах эртэй гэж үзэж байна.  Цаашид хүүхдээ өөрөө өсгөн хүмүүжүүлэх хүсэлтэй байгаа тул 2020 оны 03 дугаар сарын 26-ны өдөр төрсөн хүү Б.Дийн асрамжийг өөрчилж, эцэг нь болох Б.Б надад үлдээж өгнө үү гэжээ.

6.Хариуцагч З.Ө нэхэмжлэлийг дараах үндэслэлээр *******сгэсэн. Үүнд: Би Б.Б-тай 2019 онд гэр бүл болсон ба хоорондоо таарч тохироогүй учир 2020 оны 12 дугаар сарын 04-ний өдөр шүүхийн шийдвэрээр бидний гэрлэлтийг цуцалж, 2020 оны 03 дугаар сарын 26-ны өдөр төрсөн хүү Б.Дийг миний асрамжид үлдээсэн. Бид гэрлэлтийг цуцлах үед хүү маань 9 сартай байсан ба тэрнээс хойш би хүүгээ ганцаараа өсгөж хүмүүжүүлсэн. Б.Б нь хүүтэйгээ нэг ч удаа ирж уулзаж байгаагүй, хүү маань түүнийг огт танихгүй. Харин хүүхдийн тэтгэлгийн мөнгийг төлж байгаа. Миний бие 2024 оны 01 дүгээр сарын 13-ны өдөр Х.Е-той гэр бүлийн хувиар хамтран амьдрах болсон ба тухайн үед хурим найр дуусах хүртэл хүүгээ нэг сар ээж дээр орхиж яваад дараа өөрөө авч явсан. Ер нь би гэрлэлтээ цуцлуулснаас хойш 4 жилийн хугацаанд ээжтэйгээ хамт амьдарч хүү маань миний ээжид дассан учир гэр бүл зохиох үед түр орхиж явсан нь үнэн. Цаашид хүүгээ өөрөө үргэлжлүүлэн өсгөж хүмүүжүүлэх болно. Б.Б нь миний бусадтай гэрлэснийг далимдуулж тэтгэлэг төлөхөөс зайлсхийх зорилгоор энэ нэхэмжлэлийг гаргасан гэж үзэж байна. Миний хувьд хүүгийнхээ эрх ашгийг зөрчөөгүй, асран хамгаалах, тэжээн тэтгэхээс ямар нэгэн байдлаар зайлсхийж байгаагүй. Иймд Б.Б-ын нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.  

7.Хэрэгт авагдсан болон шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримтаар дараах үйл баримт тогтоогдож байна. Үүнд:

7.1. Б аймаг дахь  сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 12 дугаар сарын 04-ний өдрийн 130/ШШ2020/01181 дугаартай шийдвэрээр С овогт Б-ын Б, Х овогт З-ийн Ө нарын гэрлэлтийг цуцалж, 2020 оны 3 дугаар сарын 26-ны өдөр төрсөн хүү Д-ийг эх нь болох З.Ө-ийн асрамжид үлдээж, Д-ийг 11 нас хүртэл тухайн бүс нутагт тогтоогдсон амьжиргааны доод түвшингийн 50 хувиар, 11-16 нас /суралцаж байгаа бол 18 нас/-тай болон насанд хүрсэн боловч хөдөлмөрийн чадваргүй хүүхдэд амьжиргааны доод түвшингийн хэмжээгээр эцэг нь болох Б.Баар тэжээн тэтгүүлэхээр шийдвэрлэсэн байна. 

7.2. Б аймаг дахь  сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2024 оны 07 дугаар сарын 29-ний өдрийн 130/ШШ2024/00686 дугаартай шийдвэрээр Б.Б-ын хариуцагч З.Өд холбогдуулан гаргасан 2020 оны 03 дугаар сарын 26-ны өдөр төрсөн хүү Б.Дийн асрамжийг өөрчилж, эцэг нь болох Б.Б-т үлдээх тухай нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн байна.

7.3. Б аймгийн Хүүхэд, гэр бүлийн хөгжил, хамгааллын газрын 2024 оны 11 дүгээр сарын 06-ны өдрийн 301 дугаартай иргэн Б.Б-т танаа гэж хаягласан Өргөдлийн хариу хүргүүлэх тухай албан бичигт “… Таны хүү болох 4 настай Б.Д нь нагац эмээ болох Б.К-ийн хамт С суманд төрсөн цагаас эхлэн хамт амьдран суудаг, … Б.Д нь гэр бүлийн болон ямар нэгэн хүчирхийлэлд өртөж байгаагүй, эрүүл аж төрж амьдарч байгаа, төсөн цагаас эхлэн нагац эмээ нь Б.К асарч, өсгөн хүмүүжүүлж ирсэн, З.Ө нь төрсөн хүү нь болох Б.Д-тэй байнга утсаар холбогдож харилцаа тогтоодог, 2 долоо хоногт нэг удаа ирж уулзаж хамт байдаг, зарим үед ээж дээр очиж хэсэг хугацаанд хамт амьдарч нагац эмээ дээр буцдаг, нагац эмээ нь Б.Д-ийг төрсөн цагаас нь өсгөн хүмүүжүүлж, асран хамгаалсан тул сайн ээнэгшин дассан, түүнтэй байх хугацаанд өөрийгөө аюулгүй мэдэрдэг, ямар нэгэн гачигдах зүйлгүй, суурь хэрэгцээ бүрэн хангагдсан болно. Иймд таны хүү болох Б.Д-ийн хүүхдийн эрсдэлийн түвшин “Бага” хэмээн дүгнэж байна” гэжээ.

7.4. Хариуцагчаас хүү Б.Д-ийн фото зургуудыг гаргаж өгсөн байна. .

8. Нэхэмжлэгч Б.Б  нэхэмжлэлийн шаардлагыг дэмжиж  тайлбарласан байх ба  хариуцагч нэхэмжлэлийг эс зөвшөөрч  маргажээ.

9. Гэр бүлийн тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.6 дахь хэсэгт “Гэрлэгчид энэ хуулийн 14.5-д заасны дагуу тохиролцоогүй бол хүүхдийн нас, эцэг, эхийн халамж, ахуйн нөхцөл, бололцоо, ёс суртахууны байдал, хүчирхийлэл үйлдсэн эсэхийг нь харгалзан хүүхдийг эцэг, эхийн хэн нэгний асрамжид үлдээх, тэтгэлгийн хэмжээг тогтоох, хамтран өмчлөх дундын эд хөрөнгийг хуваах асуудлыг шүүх шийдвэрлэнэ” гэж заажээ.

9. Б аймаг дахь  сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 12 дугаар сарын 04-ний өдрийн 130/ШШ2020/01181 дугаартай шийдвэрээс үзэхэд талууд хүүхдийн асрамжийн талаар маргасан байх ба шүүхээс хүүхдийн нас, гэрлэгчид тусдаа амьдрах хугацаандаа Д нь эхтэй хамт амьдарсан болон эхийн хайр халамж зэргийг харгалзан эх нь болох З.Ө-ийн асрамжид үлдээсэн, мөн шүүхийн 2024 оны 07 дугаар сарын 29-ний өдрийн 130/ШШ2024/00686 дугаартай шийдвэрээр Б.Б-ын хариуцагч З.Өд холбогдуулан гаргасан 2020 оны 03 дугаар сарын 26-ны өдөр төрсөн хүү Б.Дийн асрамжийг өөрчилж, эцэг нь болох Б.Б-т үлдээх тухай нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн. 

10. Монгол улсын Үндсэн хуульд зааснаар үр хүүхдээ өсгөн хүмүүжүүлэх нь иргэн бүрийн журамт үүрэг мөн. Гэр бүлийн тухай хуульд зааснаар хүүхэд төрснөөр эцэг, эх, хүүхдийн хооронд эрх, үүрэг үүсэх бөгөөд эцэг, эх хүүхдээ эрүүл чийрэг өсгөн бойжуулах, сэтгэхүйн хувьд төлөвшүүлэх, хүүхдээ асран хамгаалах, тэжээн тэтгэх;

хүүхдээ үндэсний ёс заншил, уламжлалаа дээдлэх үзлээр хүмүүжүүлэх, түүнд суурь боловсрол эзэмшүүлэх, хөдөлмөрийн анхны дадлага олгох; хүүхдийн эрхийг хамгаалж, үүргээ биелүүлэхэд нь туслах  үүрэг хүлээнэ. Мөн Гэр бүлийн тухай хуулийн 38 дугаар зүйлийн 38.1 дэх хэсэгт зааснаар эцэг, эх нь насанд хүрээгүй болон насанд хүрсэн боловч хөдөлмөрийн чадваргүй хүүхдээ тэжээн тэтгэх үүрэгтэй байна. 

11. Дээрх шүүхийн шийдвэрүүд гарсны дараа хүүхдийн асрамжийг өөрчлөх шинэ  нөхцөл байдал үүссэнийг нотлох баримтыг нэхэмжлэгчийн зүгээс гаргаж өгөөгүй болно. Хэрэгт авагдсан нотлох баримтуудаар хариуцагч З.Ө нь хүүхдийн эрх ашгийг зөрчсөн, хүүхдээ өсгөн хүмүүжүүлэх, тэжээн тэтгэх үүргээ биелүүлээгүй үндэслэл тогтоогдохгүй байгаа, мөн хариуцагч З.Ө нь Б.Баас хүүхдийн эцгийн хувьд үүргээ хэрэгжүүлэхэд саад учруулсан зүйл байхгүй байна.

12. Нэхэмжлэгчээс нэхэмжлэлийн үндэслэлээ хүүхдийг нагац эмээд нь орхиж явсан гэж тайлбарласан боловч Б аймгийн Хүүхэд, гэр бүлийн хөгжил, хамгааллын газрын 2024 оны 11 дүгээр сарын 06-ны өдрийн 301 дугаартай иргэн Б.Б-т танаа гэж хаягласан Өргөдлийн хариу хүргүүлэх тухай албан бичигт “…таны хүү болох Б.Дийн хүүхдийн эрсдэлийн түвшин “Бага” хэмээн дүгнэж байна” гэж дурдсан, мөн хүүхэд нагац эмээтэй хамт амьдарч байгаа нь хүүхдийн асрамжийг өөрчлөх шууд үндэслэл болохгүй гэж үзлээ. 

13.Иймд нэхэмжлэгч  Б.Б-ын хариуцагч З.Өд холбогдуулан гаргасан 2020 оны 03 дугаар сарын 26-ны өдөр төрсөн хүү Б.Дийн асрамжийг өөрчилж, эцэг нь болох Б.Б-т үлдээх, эх нь болох З.Ө-ээр тэжээн тэтгүүлэх тухай нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэлээ.

14.Нэхэмжлэгчийн нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн тул нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70200 төгрөгийг тус улсын орлого болгох нь зүйтэй байна.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.1, 115.2.3, 116, 118 дугаар зүйлүүдэд заасныг тус тус удирдлага болгон

 

ТОГТООХ нь:

 

 

1.Гэр бүлийн тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.6 дахь хэсэгт заасныг баримтлан нэхэмжлэгч Б.Б-ын хариуцагч З.Өд холбогдуулан гаргасан 2020 оны 03 дугаар сарын 26-ны өдөр төрсөн хүү Б.Дийн асрамжийг өөрчилж, эцэг нь болох Б.Б-т үлдээх, эх нь болох З.Ө-ээр тэжээн тэтгүүлэх тухай нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгосугай.

2.Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70200 төгрөгийг  улсын орлого болгосугай.

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4 дэх хэсэгт зааснаар шийдвэр хүчинтэй болсноос хойш 14 хоногийн дотор бичгийн хэлбэрээр гарах бөгөөд ийнхүү гарснаас хойш шүүх хуралдаанд оролцсон зохигчид 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийн хувийг өөрөө гардан авахыг танилцуулсугай.

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2 дахь хэсэгт зааснаар зохигчид, тэдгээрийн итгэмжлэгдсэн төлөөлөгч, өмгөөлөгч шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Б аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.

 

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                                Х.МЕЙРАМБЕК