Баян-Өлгий аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр

2025 оны 02 сарын 27 өдөр

Дугаар 302/ШШ2025/00185

 

 

 

 

 

2025 оны 02 сарын 27 өдөр

Дугаар 302/ШШ2025/00185

Баян-Өлгий аймаг

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

Б аймаг дахь сум дундын анхан шатны шүүхийн шүүгч Х.Мейрамбек даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хийсэн шүүх хуралдаанаар,

Нэхэмжлэгч: Б аймгийн Ө сумын 3 дугаар багт оршин суух, Б овогт Т.Е-ийн нэхэмжлэлтэй,

Хариуцагч: Б аймгийн Ө сумын 4 дүгээр багт оршин суух, М овогт Т.Е-д холбогдох иргэний хэргийг хянан хэлэлцэв.

Нэхэмжлэлийн шаардлага: Зээлээр худалдаж авсан машины үнэ болон алдангийн хамт 17,925,000 төгрөг гаргуулах тухай.

Шүүх хуралдааны оролцогчид:

Нэхэмжлэгч Т.Е,

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга П.Ж.

Хариуцагч А.Е-д шүүхээс 2025 оны 02 дугаар сарын 19-ний өдөр /баримт №9/ шүүх хуралдааны товыг мэдэгдсэн боловч хариуцагч А.Е шүүх хуралдаанд хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр ирээгүй тул Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 100 дугаар зүйлийн 100.3 дахь хэсэгт зааснаар нэхэмжлэгчийн хүсэлтээр хариуцагчийн эзгүйд хэргийг хянан хэлэлцэв.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

 

1.Нэхэмжлэгч Т.Е нь хариуцагч А.Е-д холбогдуулан Зээлээр худалдаж авсан машины үнэ болон алдангийн хамт 17,925,000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэл гаргасан. Нэхэмжлэгч нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлээ дараах байдлаар тодорхойлж байна. Үүнд:

1.1.Миний бие А.Е-д 2024 оны 04 дүгээр сарын 12-ны өдөр KIA8 RHIONO маркийн 0000 БӨТ улсын дугаартай ачааны тэврийн хэрэгслийг түүний хүсэлтийн дагуу 15,000,000 төгрөгөөр зээлээр худалдан борлуулж тэрээр машины үнийг 2024 оны 12 дугаар сарын 20-ны өдөр төлж өгөхөөр болж нотариатаар баталгаажуулж гэрээ хийсэн болно.

1.2.Зээлийн гэрээнд хугацаа хэтэрсэн тохиолдолд 0.5 хувийн алданги төлөхөөр гэрээнд заасан боловч одоогийн байдлаар 39 хоног хугацаа хэтэрч байна. Иргэн А.Е нь машины үнийг заасан хугацаанд төлөхгүй хугацаа хэтрүүлж янз бүрийн шалтаг хэлж төлбөрийг төлөхгүй байна.

1.3. Хугацаа хэтрүүлсэн 39 хоногийн алданги 39х70500=2,925,000 төгрөг, үндсэн төлбөр 15,000,000 төгрөг, нийт 17,925,000 төгрөгийг гаргуулж өгнө үү гэжээ.

 

2.Хариуцагч А.Е-ын хариу тайлбар, татгалзал:

2.1.Тус аймгийн Ө сумын 3 дугаар багт оршин суух Т.Е нь КИА-8 загварын тээврийн хэрэгслийг М овогт Т.Е надад 15,000,000 төгрөгийг худалдсан бөгөөд энэ 15 сая төгрөгийг, мөн алданги 0.5 хувиар тооцож нийт 17,925,000 төгрөг гаргуулахыг хүссэн байна.

2.2.Т.Е-ээс 15 сая төгрөгөөр үнэлж уг КИА-8 загварын тээврийн хэрэгслийг 2024 оны 04 дүгээр сарын 12-ны өдөр худалдаж авсан ба уг зээлээр авсан машины үнийг 2024 оны 12 дугаар сарын 20-ний өдрийн дотор төлж дуусгахыг хоёр тал хэлэлцэж тохиролцсон.

2.3.Уг зээлээр авсан тээврийн хэрэгслийн үнэ гэж хэсэгчлэн 3,000,000 төгрөгийг төлсөн байгаа.

2.4.Т.Е-ээс уг КИА-8 загварын тээврийн хэрэгслийг авахад бөгс нь эвгүй дуугарч байсан ба тоос гоожсон тогтоох боломжгүй байдлыг Т.Е-д үзүүлэхэд засварлуулж өгнө, болохгүй бол сольж өгнө, хэлж сануулаарай гэж хэлсэн. Би нэг хэсэг харж болохгүй болохоор засварт хэд хэдэн газарт аваачин үзүүлэхэд бөгс нь тээврийн хэрэгслийг хөдөлгөж явуулах чухал эд анги бөгөөд эвдрэл үүссэн тохиолдолд заавал сольдог. Шинээр сольж тавихад 4,000,000 төгрөгөөс ажлын хөлс нэмж 500,000 төгрөг, бүгд 4,500,000 төгрөг болно гэж хэлэхэд  засуулж өгнө гэж хэлсэн. Үүнээс хойш засаж өгөөгүй гэсэн асуудлаас болж хоорондоо үл ойлголцсон байгаа.

2.5.Гэтэл 17,925,000 төгрөг нэхэмжилж шүүхэд өгсөн байна. Надад худалдсан машин нь эвдэрсэн гэмтэлтэй байсан. Гэмтлийг нь засаж өгөхөөр амласан боловч засварлаагүй. 3,000,000 төгрөгийг нь төлсөн байхад аваагүй гэж гүтгэсэн байна. Хэрэв төлөх асуудлыг хоорондоо ярьж зөвшөөрөлцөх юм бол би уг машиныг засварлах 4,500,000 төгрөгийг үндсэн төлбөрөөс хасуулна, эсвэл тээврийн хэрэгслийг нь буцаана гэжээ.

 

3.Нэхэмжлэгчээс иргэний хэрэгт нотлох баримтаар улсын тэмдэгтийн хураамж төлсөн баримт, 2024 оны 04 дүгээр сарын 12-ны өдрийн Худалдах, худалдан авах гэрээ /Тээврийн хэрэгсэл/, Т.Е, А.Е нарын иргэний үнэмлэх болон 0000 БӨТ улсын дугаартай тээврийн хэрэгслийн техникийн тодорхойлолт зэргийн хуулбар, нэхэмжлэгчийн иргэний үнэмлэхийн хуулбар зэргийг гаргаж өгсөн болно.

 

ҮНДЭСЛЭХ нь:

 

4.Нэхэмжлэгч Т.Еий хариуцагч А.Еаас тээврийн хэрэгслийн үнэ  15,000,000 төгрөг, алданги 2,925,000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэл нь үндэслэлтэй байна.

5.Нэхэмжлэгч дараах үндэслэлээр шаардах эрхээ тодорхойлсон: Үүнд: А.Е-д 2024 оны 04 дүгээр сарын 12-ны өдөр KIA, RHIONO маркийн 0000 БӨТ улсын дугаартай тээврийн хэрэгслийг худалдсан ба тээврийн хэрэгслийн үнэ 15,000,000 төгрөгийг 2024 оны 12 дугаар сарын 20-ны өдөр төлөхөөр болсон боловч төлөхгүй байгаа тул уг мөнгийг гаргуулахаар, мөн гэрээгээр үүргээ хугацаандаа гүйцэтгээгүй тохиолдолд алданги төлөхөөр тохиролцсон тул тээврийн хэрэгслийн үнэ 15,000,000 төгрөг, алданги 2,925,000 төгрөгийг  гаргуулж өгнө үү гэжээ.

6.Хариуцагч нэхэмжлэлийг дараах үндэслэлээр *******сгэсэн. Үүнд: Т.Е-ээс 15,000,000 төгрөгөөр үнэлж KIA8 загварын тээврийн хэрэгслийг зээлээр худалдан авч үнийг 2024 оны 12 дугаар сарын 20-ны дотор төлж өгөхөөр тохиролцсон. Нэхэмжлэгчид миний бие 3,000,000 төгрөгийг хэсэгчлэн төлсөн. Мөн надад худалдсан машин нь гэмтэлтэй байсан тул нэхэмжлэгч засаж өгөхөөр болсон боловч засварлаагүй, засварлаагүй тохиолдолд уг машиныг засварлах 4,500,000 төгрөгийг үндсэн төлбөрөөс хасуулна. Иймд нэхэмжлэлийн шаардлагын зарим хэсгийг зөвшөөрөхгүй байна гэжээ. 

7.Хэрэгт авагдсан болон шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримтуудаар дараах үйл баримт тогтоогдож байна. Үүнд: 2024 оны 04 дүгээр сарын 12-ны өдрийн Худалдах худалдан авах гэрээгээр худалдагч Тилекийн Еркин нь өөрийн эзэмшлийн 0000 БӨТ улсын дугаартай, 1997 онд үйлдвэрлэсэн KIA, RHIONO маркийн тээврийн хэрэгслийг 15,000,000 төгрөгөөр худалдахаар, худалдан авагч Т.Е нь тээврийн хэрэгслийн үнэ 15,000,000 төгрөгийг 2024 оны 12 дугаар сарын 20-ны өдөр хүртэл худалдагчийн дансанд бүрэн төлөхөөр харилцан тохиролцсон болох нь тогтоогджээ.

Мөн уг гэрээний гуравдугаар зүйлийн 3.6-д гэрээнд заасан хугацаа хэтрүүлсэн тал нь хоног тутамд гүйцэтгээгүй үүргийн үнийн дүнгийн 0.5 хувиар алданги тооцохоор тохиролцжээ.

8.Нэхэмжлэгч Т.Е нь нэхэмжлэлийн шаардлага дэмжиж тайлбарласан, хариуцагч А.Е нь нэхэмжлэлийн зарим хэсгийг эс зөвшөөрч  маргажээ. 

9. Зохигчдын хооронд Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1 дэх хэсэгт заасан Худалдах, худалдан авах гэрээний харилцаа үүссэн байна. Худалдах, худалдан авах гэрээгээр худалдагч нь биет байдлын доголдолгүй, эрхийн зөрчилгүй хөрөнгө, түүнтэй холбоотой баримт бичгийг худалдан авагчийн өмчлөлд шилжүүлэх буюу бараа бэлтгэн нийлүүлэх, худалдан авагч нь худалдагчид хэлэлцэн тохирсон үнийг төлж, худалдан авсан хөрөнгөө хүлээн авах үүргийг тус тус хүлээнэ. Зохигч нарын хооронд байгуулагдсан гэрээг хүчин төгөлдөр бус гэж үзэх үндэслэл тогтоогдоогүй тул гэрээнд заасан үүргээ талуудын хэн аль биелүүлэх, үүргийн гүйцэтгэлийг шаардах эрхтэй юм.

10.Нэхэмжлэгч Т.Е нь худалдсан эд хөрөнгийг түүнтэй холбоотой баримт бичгийн хамт хариуцагч А.Е-д шилжүүлж өгсөн байх тул нэхэмжлэгчийн хувьд гэрээгээр хүлээсэн үүргээ бүрэн биелүүлсэн байна.

11.Хариуцагчийн хувьд худалдаж авсан эд хөрөнгийн үнээс 3,000,000 төгрөгийг төлсөн, худалдсан эд хөрөнгө доголдолтой байсан тул доголдлыг арилгахад гарах зардлыг эд хөрөнгийн үндсэн үнээс хасаж тооцно гэж тайлбарлаж байгаа боловч энэхүү татгалзлыг нотлох баримтаа гаргаж өгөөгүй, үүрэг гүйцэтгэгчийн хүсэлтээр гэрээнээс татгалзах, гэрээг цуцлах үндэслэл байхгүй байгаа хариуцагчийн тайлбарыг үндэслэн нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгох үндэслэлгүй болно.

12.Талуудын хооронд байгуулагдсан Худалдах, худалдан авах гэрээгээр худалдан авагч худалдан авсан тээврийн хэрэгслийн үнийг 2024 оны 12 дугаар сарын 20-ны өдөр хүртэл төлж өгөхөөр, энэ хугацааг хэтрүүлсэн тохиолдолд хугацаа хэтрүүлсэн хоног тутамд гүйцэтгээгүй үүргийн үнийн дүнгийн 0.5 хувиар алданги төлөхөөр тохиролцсон байна. Нэхэмжлэгчээс  шүүхэд нэхэмжлэл гаргах хүртэл хариуцагч нь 39 хоногийн хугацаа хэтрүүлсэн байх тул энэ хугацааны  алданги 2,925,000 /15,000,000 х 0.5 %= 70500 х 39 хоног/ төгрөгийг гаргуулах нь зүйтэй гэж үзлээ.

 13.Иймд нэхэмжлэгч Т.Е-ийн  нэхэмжлэлийн шаардлагыг хангаж, хариуцагч А.Е-аас зээлээр худалдан авсан тээврийн хэрэгслийн үнэ 15,000,000 төгрөг, алданги 2,925,000 төгрөг, нийт 17,925,000 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч Т.Е-д  олгох  нь зүйтэй байна.

 14.Нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 247,575 төгрөгийг улсын орлого болгож, хариуцагчаас 247,575 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгчид олгох нь зүйтэй байна.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.1, 116, 118 дугаар зүйлүүдэд заасныг тус тус удирдлага болгон

 

ТОГТООХ нь:

 

1.Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1, 232 дугаар зүйлийн 232.6 дахь хэсэгт заасныг баримтлан  хариуцагч А.Е-аас зээлээр худалдан авсан тээврийн хэрэгслийн үнэ 15,000,000 (арван таван сая) төгрөг, алданги 2,925,000 (хоёр сая есөн зуун хорин таван мянган) төгрөг, нийт 17,925,000 (арван долоон сая есөн зуун хорин таван мянган) төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч Т.Е-д  олгосугай.

2.Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 60 дугаар зүйлийн 60.1, 56 дугаар зүйлийн 56.1 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 247,575 (хоёр зуун дөчин долоон мянган таван зуун далан таван) төгрөгийг улсын орлого болгож, хариуцагч А.Е-аас 247,575 (хоёр зуун дөчин долоон мянган таван зуун далан таван)  төгрөгийг гаргуулан төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч Т.Е-д олгосугай.

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4 дэх хэсэгт зааснаар шийдвэр хүчинтэй болсноос хойш 14 хоногийн дотор бичгийн хэлбэрээр гарах бөгөөд ийнхүү гарснаас хойш шүүх хуралдаанд оролцсон зохигчид 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийн хувийг өөрөө гардан авахыг танилцуулсугай.

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2 дахь хэсэгт зааснаар зохигчид, тэдгээрийн итгэмжлэгдсэн төлөөлөгч, өмгөөлөгч шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Б аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                                Х.МЕЙРАМБЕК