| Шүүх | Баян-Өлгий аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Халамханы Мейримбек |
| Хэргийн индекс | 302/2025/00210/И |
| Дугаар | 302/ШШ2025/00236 |
| Огноо | 2025-03-18 |
| Маргааны төрөл | Худалдах-худалдан авах болон арилжааны гэрээ, |
Баян-Өлгий аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр
2025 оны 03 сарын 18 өдөр
Дугаар 302/ШШ2025/00236
| 2025 оны 03 сарын 18 өдөр | Дугаар 302/ШШ2025/00236 | Баян-Өлгий аймаг |
Хариуцагч нэхэмжлэлийн шаардлагыг
хүлээн зөвшөөрснийг баталж,
хэргийг хэрэгсэхгүй болгох тухай
Б аймаг дахь сум дундын анхан шатны шүүхийн шүүгч Х.Мейрамбек би,
Нэхэмжлэгч: Б аймгийн Ө сумын 9 дүгээр багт оршин суух, Т овогт Т.А-ийн нэхэмжлэлтэй,
Хариуцагч: Б аймгийн Ө сумын 3 дугаар багт оршин суух, Б овогт Х.С-д холбогдох,
Нэхэмжлэлийн шаардлага: 1,860,000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийг 2025 оны 02 дугаар сарын 25-ны өдөр хүлээн авч хянаад,
ТОДОРХОЙЛОХ нь:
1.Нэхэмжлэгч Т.А нь хариуцагч Х.С-т холбогдуулан 1,860,000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэл гаргасан. Нэхэмжлэгч нь нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлээ дараах байдлаар тодорхойлж байна. Үүнд: Би Х.С-тэй харилцан тохиролцож 1000 ширхэг улаан тоосгыг тус бүрийн 310 төгрөгөөр худалдан авахаар болсон. Харин хариуцагч нь тухайн тоосгыг 10 хоногийн дотор нийлүүлэх ёстой байсан. Би төлбөр болох 3,100,000 төгрөгийг 2024 оны 06 дугаар сарын 07-ны өдөр хариуцагч ХААН банкны 5180384425 тоот дансанд шилжүүлсэн. Гэвч хариуцагч нь тоосгыг тохиролцсон хугацаандаа нийлүүлэх үүргээ биелүүлээгүй бөгөөд 4000 тоосгыг л нийлүүлсэн. Иймд 6000 тоосгоны үлдэгдэл төлбөр болох 1,860,000 төгрөгийг хариуцагчаас гаргуулж өгнө үү гэжээ.
2.Хариуцагч Х.С шүүхэд бичгээр ирүүлсэн хариу тайлбартаа: Х.С миний бие нэхэмжлэгч Т.А-н шүүхэд гаргасан нэхэмжлэлтэй танилцлаа. Түүний надаас нэхэмжилж байгаа 1,860,000 төгрөгөөс 1,560,000 төгрөгийг нэхэмжлэгчид төлж барагдуулсан болно. Одоо үлдэгдэл 300,000 төгрөгийг төлж өгөхийг хүлээн зөвшөөрч байна. Энэ талаар ямар нэгэн маргаан байхгүй. Иймд хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлэж өгнө үү гэжээ.
3.Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Е.М шүүхэд бичгээр ирүүлсэн хүсэлтэд: ... Т.А-аас шүүхэд нэхэмжлэл гаргасны дараа хариуцагчаас 1,560,000 төгрөгийг нэхэмжлэгчид төлж өгсөн ба үлдэгдэл 300,000 төгрөгийг төлөөгүй болно. Иймд Х.С-ээс үлдэгдэл 300,000 төгрөгийг гаргуулж өгнө үү гэжээ.
ҮНДЭСЛЭХ нь:
3.Нэхэмжлэгч Т.Ан нэхэмжлэлтэй, хариуцагч Х.С-т холбогдох иргэний хэргийг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад хариуцагч Х.С нь нэхэмжлэгчийн нэхэмжилсэн 1,860,000 төгрөгөөс 1,560,000 төгрөгийг нэхэмжлэгчид төлж өгч, үлдэгдэл 300,000 төгрөгийг төлж өгөхийг хүлээн зөвшөөрч энэ тухай тайлбараа шүүхэд бичгээр ирүүлсэн тул хариуцагч нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрснийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй байна.
4.Хариуцагч нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрсөн нь Иргэний хуульд нийцсэн, бусдын хуулиар хамгаалагдсан эрх, хууль ёсны ашиг сонирхлыг зөрчөөгүй байна.
5.Нэхэмжлэгч Т.Ан улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 44,710 төгрөгийн тал 22,355 төгрөгийг улсын орлогод хэвээр нь үлдээж, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.5 дахь хэсэгт зааснаар тус аймгийн Төрийн сан дахь улсын тэмдэгтийн хураамжийн орлогын 100020000941 дугаартай данснаас 22,355 төгрөг, мөн хариуцагч Х.С-ээс 22,355 төгрөгийг тус тус гаргуулан нэхэмжлэгчид олгох нь зүйтэй.
6.Хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэсэн тохиолдолд зохигч давж заалдах, хяналтын журмаар хянан шийдвэрлүүлэхээр гомдол гаргах, тухайн асуудлаар анхан шатны шүүхэд нэхэмжлэл гаргах эрхгүйг дурдах нь зүйтэй байна.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74, 75, 758 дугаар зүйлд заасныг удирдлага болгон
ЗАХИРАМЖЛАХ нь:
1.Хариуцагч Х.С нь нэхэмжлэгчийн нэхэмжилсэн 1,860,000 төгрөгөөс 1,560,000 төгрөгийг нэхэмжлэгчид төлж өгч, үлдэгдэл 300,000 төгрөгийг нэхэмжлэгч Т.А-д төлж өгөхөөр болж нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрснийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.
2.Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 60 дугаар зүйлийн 60.1, 56 дугаар зүйлийн 56.1, 74 дүгээр зүйлийн 74.5 дахь хэсэгт заасныг баримтлан нэхэмжлэгч Т.Ан улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 44,710 (дөчин дөрвөн мянган долоон зуун арван) төгрөгийн тал 22,355 (хорин хоёр мянган гурван зуун тавин таван) төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, тус аймгийн Төрийн сан дахь улсын тэмдэгтийн хураамжийн 100020000941 дугаартай данснаас тал 22,355 (хорин хоёр мянган гурван зуун тавин таван) төгрөг, мөн хариуцагч Х.С-ээс 22,355 (хорин хоёр мянган гурван зуун тавин таван) төгрөг тус тус гаргуулан нэхэмжлэгч Т.Ад олгосугай.
3.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 75 дугаар зүйлийн 75.6 дахь хэсэгт зааснаар энэхүү захирамжийг хариуцагч Х.С сайн дураар биелүүлэхгүй бол шүүхийн шийдвэрийн нэгэн адил албадан гүйцэтгэсүгэй.
4.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.4-д зааснаар зохигч энэ захирамжид давж заалдах, хяналтын журмаар хянан шийдвэрлүүлэхээр гомдол гаргах, тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүй болохыг дурдсугай.
ШҮҮГЧ Х.МЕЙРАМБЕК