Баян-Өлгий аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр

2025 оны 03 сарын 24 өдөр

Дугаар 302/ШШ2025/00260

 

 

 

 

 

2025 оны 03 сарын 24 өдөр

Дугаар 302/ШШ2025/00260

Баян-Өлгий аймаг

 

Нэхэмжлэлийн шаардлагыг хариуцагч

биелүүлснийг баталж, хэргийг

хэрэгсэхгүй болгох тухай

 

 

 

Б аймаг дахь сум дундын анхан шатны шүүхийн шүүгч Х.Мейрамбек би,

Нэхэмжлэгч: Б аймгийн Ө сумын 5 дугаар багт үйл ажиллагаа явуулах, Б аймгийн Нийгмийн даатгалын газар (дарга М.А)-ын нэхэмжлэлтэй,

Хариуцагч: Б аймгийн Ө суманд үйл ажиллагаа явуулах, “Б” ХХК (захирал Х.С)-д холбогдох,

Нэхэмжлэлийн шаардлага: Дутуу төлсөн нийгмийн даатгалын шимтгэл болох 30,571,715 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийг 2025 оны 02 дугаар сарын 12-ны өдөр хүлээн авч хянаад,

ТОДОРХОЙЛОХ нь:

 

1.Нэхэмжлэгч Б аймгийн Нийгмийн даатгалын газраас хариуцагч “Б” ХХК-д холбогдуулан Дутуу төлсөн нийгмийн даатгалын шимтгэл болох 30,571,715 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэл гаргасан. Нэхэмжлэгч байгууллага нь нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлээ дараах байдлаар тодорхойлж байна. Үүнд:

1.1.“Б” ХХК нь 2019 оны 01 дүгээр сараас эхлэн аймгийн Нийгмийн даатгалын газарт шимтгэл төлөгчөөр бүртгэгдэн шимтгэл төлж эхэлсэн бөгөөд 2024 оны 12 дугаар сарыг дуустал нийгмийн даатгалын шимтгэлээ дутуу төлж тайлагнаж байсан.

1.2.Уг хугацаанд Нийгмийн даатгалын тухай хуулийн 16 дугаар зүйлийн 16.1 дэх хэсэгт “Энэ хуулийн 4 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт заасан даатгуулагчийн болон ажил олгогчийн тухайн сард төлбөл зохих нийгмийн даатгалын шимтгэлийг нийгмийн даатгалын төрөл бүрээр энэ хуулийн 15 дугаар зүйлийн 15.1 дэх хэсэгт заасан хувь хэмжээгээр сар бүр тооцож, тухайн сард нь багтаан нийгмийн даатгалын сангийн дансанд шилжүүлнэ” гэж заасныг зөрчиж 30,571,715 төгрөгийн шимтгэлийг дутуу төлж нийгмийн даатгалын санг хохироосон.

1.3.Тус компанийн захирал, нягтлан бодогч нараас удаа дараа шаардсан боловч төлөөгүй. Иймд “Б” ХХК-ийн дутуу төлсөн нийгмийн даатгалын шимтгэл болох 30,571,715 төгрөгийг төлүүлж нийгмийн даатгалын санг хохиролгүй болгож өгнө үү гэжээ.

2.Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад нэхэмжлэгч Б аймгийн Нийгмийн даатгалын газрын төлөөлөгч М.А шүүхэд бичгээр ирүүлсэн хүсэлтэд: “Б” ХХК нь нийгмийн даатгалын шимтгэлийн өрийг бүрэн барагдуулсан тул хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлэж өгнө үү” гэжээ.

 

ҮНДЭСЛЭХ нь:

 

3.Нэхэмжлэгч Б аймгийн Нийгмийн даатгалын газрын нэхэмжлэлтэй, хариуцагч “Б” ХХК-д холбогдох иргэний хэргийг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад хариуцагч нь нэхэмжлэгчийн нэхэмжилсэн дутуу төлсөн нийгмийн даатгалын шимтгэл болох 30,571,715 төгрөгийг төлж өгч нэхэмжлэлийн шаардлагыг биелүүлсэн болох нь нэхэмжлэгч байгууллагын төлөөлөгч М.Агийн 2025 оны 03 дугаар сарын 24-ний өдрийн 287 дугаартай албан бичгээр нотлогдож байгаа тул хариуцагч нэхэмжлэлийн шаардлагыг биелүүлснийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй гэж үзэв.

4.Хариуцагч нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагыг биелүүлсэн нь Иргэний хуульд нийцсэн, бусдын хуулиар хамгаалагдсан эрх, хууль ёсны ашиг сонирхлыг зөрчөөгүй байна.

5. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.3 дахь хэсэгт зааснаар нэхэмжлэгч Б аймгийн Нийгмийн даатгалын газар нь улсын тэмдэгтийн хураамжаас чөлөөлөгдсөн болохыг дурдаж, мөн хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 60 дугаар зүйлийн 60.1, 56 дугаар зүйлийн 56.1, 74 дүгээр зүйлийн 74.5 дахь хэсэгт заасныг баримтлан нэхэмжлэлийн шаардлагын үнийн дүнд оногдох улсын тэмдэгтийн хураамжид төлбөл зохих 310,809 төгрөгийн тал нь болох 155,404 төгрөгийг хариуцагч “Б” ХХК-аас гаргуулан улсын орлого болгох нь зүйтэй байна.

6.Хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлэсэн тул зохигч энэ захирамжид давж заалдах, хяналтын журмаар хянан шийдвэрлүүлэхээр гомдол гаргах, тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүй болно.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74, 75 дугаар зүйлд заасныг удирдлага болгон

 

ЗАХИРАМЖЛАХ нь:

 

1.Хариуцагч “Б” ХХК нь нэхэмжлэгч Б аймгийн Нийгмийн даатгалын газрын нэхэмжилсэн дутуу төлсөн нийгмийн даатгалын шимтгэл болох 30,571,715 (гучин сая таван зуун далан нэгэн мянган долоон зуун арван таван) төгрөгийг нэхэмжлэгчид төлж өгч нэхэмжлэлийн шаардлагыг биелүүлснийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.

2.Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.3 дахь хэсэгт зааснаар нэхэмжлэгч Б аймгийн Нийгмийн даатгалын газар нь улсын тэмдэгтийн хураамжаас чөлөөлөгдсөн болохыг дурдаж, мөн хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 60 дугаар зүйлийн 60.1, 56 дугаар зүйлийн 56.1, 74 дүгээр зүйлийн 74.5 дахь хэсэгт зааснаар нэхэмжлэлийн шаардлагын үнийн дүнд оногдох улсын тэмдэгтийн хураамжид төлбөл зохих 310,809 (гурван зуун арван мянган найман зуун есөн) төгрөгийн тал нь болох 155,404 (нэг зуун тавин таван мянган дөрвөн зуун дөрвөн)  төгрөгийг хариуцагч “Б” ХХК-аас гаргуулан улсын орлого болгосугай.

3.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.4-д зааснаар зохигч энэ захирамжид давж заалдах, хяналтын журмаар хянан шийдвэрлүүлэхээр гомдол гаргах, тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүй болохыг дурдсугай.

 

 

 

 

ШҮҮГЧ                                         Х.МЕЙРАМБЕК