Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2018 оны 02 сарын 28 өдөр

Дугаар 158

 

Чингэлтэй дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны шүүх хуралдааныг шүүгч С.Батгэрэл даргалж,

шүүх хуралдааны нарийн бичгийн даргаар С.Сүхжаргал,

улсын яллагч Ш.Хосбаяр,

шүүгдэгч Б.Т, түүний өмгөөлөгч Ц.Тунгалаг /¹0324/ нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн эрүүгийн шүүх хуралдаанаар Чингэлтэй дүүргийн прокурорын газраас яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Д овогт Б-ийн Т-д холбогдох 1711015130005 тоот эрүүгийн хэргийг 2018 оны 02 дугаар сарын 02-ны өдөр хүлээн авч шүүн хэлэлцэв.

 

Шүүгдэгч: Монгол Улсын иргэн, 1993 оны 3 дугаар сарын 28-ны өдөр Өвөрхангай аймгийн Хужирт суманд төрсөн, 24 настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, гагнуурчин мэргэжилтэй, эрхэлсэн ажилгүй, ам бүл 1, тоотод оршин суух хаягтай, улсаас авсан гавъяа шагналгүй, урьд ял шийтгэлгүй, Д овогт Б-ийн Т /РД: /,

 

Холбогдсон хэргийн талаар: Шүүгдэгч Б.Т нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогджээ. 

 

ТОДОРХОЙЛОХ НЬ:

 

Шүүгдэгч Б.Т нь 2017 оны 12 дугаар сарын 07-ны өдөр Чингэлтэй дүүргийн 5 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах “Теди” худалдааны төвийн гадна талын автомашины зогсоолд, хохирогч Ж.Буянхишигийн эзэмшлийн “Киа Ка5” маркын ХӨҮ 82-42 улсын дугаартай автомашиныг худалдан авна гэж хуурч залилан нийт 9.500.000 төгрөгийн хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутай болох нь:

­­­­­­­­­шүүгдэгчийн шүүхийн хэлэлцүүлэг болон мөрдөн шалгах ажиллагаанд хэргээ хүлээн мэдүүлсэн мэдүүлэг,

хохирогч Ж.Буянхишигийн мөрдөн шалгах ажиллгаанд өгсөн: "Би Хөвсгөл аймгийн Мөрөн суманд амьдардаг. 2017 оны 12 дугаар сарын 04-ний өдөр Улаанбаатар хотруу өөрийн эзэмшлийн 82-42 ХӨҮ улсын дугаартай Киа к-5 маркийн автомашинтайгаа орж ирсэн. Би Улаанбаатар хотод уг автомашинаа худалдах санаатай ирсэн. 2017 оны 12 дугаар сарын 07-ны өдөр Да хүрээ зах дээр машинаа зарахаар очоод зогсож байтал нэг залуу ирээд захын дотор зогсоол дээр болон ойролцоо миний машиныг унаж үзсэн. Унаж явж байхдаа 71-71 өвр гэсэн дугаартай, ногоон өнгийн истана маркийн автомашиныг гараараа заагаад "би тэр машиныг зарах гэж байгаа юм, маргааш хүн нь Баян-Өлгийгөөс ирж авна, Би Оюу толгойд гагнуурчин хийдэг, манай ажлын хүн миний машиныг авч байгаа юм, уг хүнээс мөнгөө аваад чиний машиныг 10 сая төгрөгөөр худалдаж авъя" гэж хэлсэн. Тэгээд бид хоёр тохиролцоод байтал уг залуу "чи өнөөдөр гадуур ажилтай юм бол ажпаа амжуулж байхгүй юу, би тэртээ тэргүй чиний машиныг найдвартай авна, би өнөөдөр ажилгүй юм чинь чиний машиныг чинь бариад хоёулаа цугтаа ажлыг чинь амжуулъя" гэж хэлсэн.

Тэгээд бид хоёр Да хүрээ захаас гараад 13 дугаар хороолол ороод тэндээс манай найз залууг аваад манай найз залуу Ч.Бум-Эрдэнэ бид хоёр Теди худалдааны төврүү явах ажилтай байсан болохоор тийшээгээ явцгаасан. Тэди худалдааны төвийн гадна талын зогсоол дээр ирээд машинаа байрлуулж тавьчихаад би тэр залууг хамт оръё гэж хэлэхэд уг залуу "та хоёр орчихоод ирэхгүй юу би байж л байя" гэж хэлсэн. Тэгэхээр нь бид хоёр итгээд Тэди худалдааны төв ороод утсандаа сэлбэг хэрэгсэл авчихаад эргээд гараад иртэл машин байхгүй болсон байхаар нь ойр хавийн зогсоол дээр тавьчихсан юм болов уу гэж байгаад хайж үзээд олдохгүй болохоор нь машин авч явсныг нь мэдээд цагдаагийн байгууллагад ирж хандсан. 2017 оны 9 дүгээр сард Улаанбаатар хотоос хувь хүнээс 9 700 000 төгрөгөнд худалдаж авч байсан." гэх мэдүүлэг /хх-ийн 25-26х/,

хохирогч Ж.Баттөрийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: "Би Буянхишигийн ээжийнх нь эгч Жавзансүрэнгийн хүү байгаа юм. Бид 2 үеэлүүд. Манай эгч Хевсгөл аймагт ажиллаж амьдардаг учраас намайг энэ хэрэгт төлөөлүүлэхээр болсон. Автомашин олдсоны дараа Төв аймгийн Эрдэнэ сум руу явж очоод машины түлхүүрийг арлын дугаараар нь шүүлгэж авахад 130,000 төгрөг. Хотоос явахдаа автомашиныг эвдэрсэн байж магадгүй гээд трос утас, тос, масло авч явсан. Энэ нь нийлээд 20,000 төгрөг болсон. Бас өөрийнхөө машинд бинзен 25,000 төгрөгөөр хийсэн. Машины гэрчилгээ байхгүй болсон байсан болохоор шинээр авахад 70,000 төгрөг болсон. Бас машин унаж яваад торгуулийн торгууль болох 25,000 төгрөгийг төлсөн. Эдгээрийг нэхэмжилж байна. Нийт 270,000 төгрөгийг нэхэмжилж байна. Одоо бол автомашиныг авчихсан байгаа харин эгчийн ээмэг, бөгж, гинжийг аваагүй байгаа. Тэрийг бас нэхэмжилж байна" гэх мэдүүлэг /хх-ийн 28х/,

иргэний нэхэмжлэгч Т.Элбэгзаяагийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: "Манай салбар ломбарданд 1 сарын хугацаатай 300,000 төгрөгөөр барьцаалсан байна. Манай байгууллагын хувьд 300,000 төгрөгеөр хохирчихсон байгаа болохоор хохирлыг маань барагдуулж өгөхийг хүсэж байна. Эд зүйлийг түр хураалгаж байна. Манай салбар ломбард Ботаникийн эцсийн буудлын ертөнцийн зүгээр хойд талд байрладаг. Замын эсрэг талд Веллмарт худалдааны төв дотор Нандин нэртэй ломбардны газар байдаг" гэх мэдүүлэг /хх-ийн 30х/,

гэрч Ч.Бум-Эрдэнийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: "Би эхнэр Буянхишигийн хамт Хөвсгөл аймгаас 2017 оны 12 сарын 04-ны өдөр Улаанбаатар хотод ирсэн. Манай эхнэр машинаа зарах гээд 2017 оны 12 дугаар сарын 07-ны өдөр явсан. Би өөрийнхөө машиныг янзлуулах гээд тус тусдаа явсан. Ингээд надруу 12 цагийн орчим эхнэр Буянхишиг залгаад машинаа зарахаар болчихлоо одоо унаж үзэж байна, яваад үзье гэж байна гэсэн. Тэгэхээр нь би машинаа аваачаад тавъя замаараа аваад яваарай гэж хэлсэн. Ингээд намайг Баянзүрх дүүргийн нутаг дэвсгэрт байрлах 13 дугаар хороололоос ирж авсан. Тухайн үед эхнэрийн машиныг улаандуу царайтай намхандуу мойног хуруутай, 25-26 орчим насны биедээ таарсан махтай, гадна талаараа ногоон өнгийн куртик, шар өнгийн гутал өмссөн залуу машин бариад явж байсан. Тэндээс бид 3 Чингэлтэй дүүргийн нутаг дэвсгэрт байрлах Теди төвийн гадаа ирээд эхнэр Буянхишиг бид хоёр нөгөө залууг хамт оръё гэсэн чинь хүлээгээд сууж байя гэхээр нь үлдээгээд 23 минутын дараа гараад ирэхэд нөгөө залуу машин унаад яваад өгсөн байсан. Тэгээд тэр хавиар хайсан боловч олдоогүй. Ингээд ойрхон юманд явсан байж магадгүй гэж бодоод 30 орчим минут хүлээсэн" гэх мэдүүлэг /хх-ийн 32х/.

Нийслэлийн шүүхийн шинжилгээний албаны Чингэлтэй дүүргийн криминалисткийн шинжилгээний тасгийн 06/016 дугаартай шинжээчийн дүгнэлт /хх-ийн 35-43х/, Тээврийн хэрэгсэлд үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд /хх-ийн 10-16х/, Эд мөрийн баримт түр хураан авах тогтоол болон тэмдэглэл /хх-ийн 18-22х/, хөрөнгийн үнэлгээний тайлан /хх-ийн 45-46х/, болон бусад хавтас хэрэгт авагдсан бичгийн нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдож байна.

Дээрхи нотлох баримтууд нь энэ хэрэгт хамааралтай, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан журмаар цуглуулж, бэхжүүлсэн, хэргийг хянан шийдвэрлэхэд хангалттай гэж шүүх үнэлэв.

Б.Т нь шунахай сэдэлтээр, амар хялбар аргаар мөнгө олох зорилгоор анхнаасаа хохирогч Х.Буянхишигийн эзэмшлийн тээврийн хэрэгслийг нь худалдан авна, би өөр машин худалдан борлуулж байгаа, мөнгө нь маргааш дансаар шилжээд ороод ирэхээр мөнгийн өгье гэх мэтээр зохиомол байдлыг зориудаар бий болгож бусдыг хуурч өмчлөлийн эд зүйлийг нь өртөө авч залилсан буюу Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцож, түүнд ял шийтгэл оногдуулах үндэслэлтэй гэж шүүх дүгнэв.

Хохирогч Х.Буянхишигийн эзэмшлийн “Киа Ка5” маркийн ХӨҮ 82-42 улсын дугаартай автомашиныг бүрэн бүтэн байдлаар нь буцаан олгосон болох нь хавтас хэрэгт авагдсан бичгийн баримтаар тогтоогдож /хх-ийн 17х/ байна. Харин машин дотор байсан Х.Буянхишигийн өмчлөлийн эд зүйл болох эмэгтэй хүний шаргал өнгийн бөгж, хос ээмэг, кулон, гинж зэрэг нь энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан байх тул тогтоол хүчин төгөлдөр болмогц хууль ёсны эзэмшигчид нь буцаан олгох нь зүйтэй байна.

Иргэний нэхэмжлэгч Т.Элбэгзаяагийн нэхэмжилсэн 300.000 төгрөгийг түүнд шүүгдэгчээс гаргуулж, олгуулах нь хавтас хэрэгт авагдсан баримтуудаар үндэслэлтэй гэж шүүх үзэв. Харин хохирогч Ж.Баттөрийн нэхэмжилсэн 270.000 төгрөгийн холбогдох баримт хавтас хэрэгт авагдаагүй байх тул баримтаа бүрдүүлэн иргэний журмаар жич нэхэмжлэх эрхийг нь нээлттэй үлдээв.

Шүүгдэгч Б.Тд ял шийтгэл оногдуулахдаа хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй бөгөөд, анх удаа хөнгөн гэмт хэрэг үйлдсэн, гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, учруулсан хор уршиг, хохирогч нарт энэ тогтоол гарах үед төлөх төлбөргүй байдал, үйлдсэн хэрэгтээ гэмшиж буй байдал, нийт цагдан хоригдсон хоног, хувийн байдал зэргийг нь харгалзан үзэж тохирох ял шийтгэлийг оногдуулав.    

 

Энэ хэрэгт эд мөрийн баримтаар тооцогдон хураагдсан “Сайн” ломбардны барьцаат зээлийн гэрээ 1 хуудас нь энэ хэрэгт ач холбогдол бүхий баримт байх тул тус хэрэгт үлдээхээр шийдвэрлэв.

 

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2, 36.3, 36.6, 36.7, 36.8, 36.10, 36.11, 37.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт заасан зүйл заалтуудыг тус тус удирдлага болгон

 ТОГТООХ нь:

 

              1. Шүүгдэгч Д овогт Б-ийн Т-ыг зохиомол байдлыг зориудаар бий болгож бусдыг хуурч залилсан буюу Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

 

2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар Б.Тд нийт 720 /долоон зуун хорин/ цаг нийтэд тустай ажил хийлгэх ял шийтгэсүгэй.

 

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.10 дугаар зүйлийн 1,2 дахь хэсгийг тус тус журамлан Б.Тд шүүхээс оногдуулсан нийт 720 цаг нийтэд тустай ажил хийлгэх ялаас, түүний цагдан хоригдсон нийт 63 /жаран гурав/ хоногийг 504 /таван зуун дөрөв/ цаг нийтэд тустай ажил хийлгэх ялд шилжүүлэн хасч, биечлэн эдлэх нийтэд тустай ажил хийлгэх ялыг 216 /хоёр зуун арван зургаа/ цагаар тогтоосугай.

 

4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.4 дүгээр зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Б.Тыг нийтэд тустай ажил хийлгэх ялыг биелүүлээгүй бол нийтэд тустай ажил хийлгэх ялын 8 цагийн ажлыг 1 хоногоор тооцож, хорих ялаар солих болохыг дурдсугай. 

 

5. Энэ хэрэгт битүүмжлэгдэн ирсэн хөрөнгөгүй болохыг дурдсугай.

 

6. Б.Таас нийт 300.000 /гурван зуун мянган/ төгрөгийг гаргуулж, иргэний нэхэмжлэгч Т.Элбэгзаяад /РД:ВК85101507/ олгосугай.

 

7. Хохирогч Ж.Баттөр нь нэхэмжилсэн 270.000 төгрөгийг холбогдох баримтаа бүрдүүлэн Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуульд заасан журмаар жич нэхэмжлэх эрхтэйг дурдсугай.

 

8. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 21.5 дуггар зүйлийн 6 дахь хэсэгт зааснаар энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан барьцаат зээлийн гэрээг хэрэгт нь үлдээж, ээмэг, бөгж, зүүлт, кулон зэргийг тогтоол хүчин төгөлдөр болмогц хууль ёсны эзэмшигч Д.Буянхишигт /РД:РЭ91052400/ буцаан олгосугай.

 

9. Б.Тд урьд авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг өөрчлөн хувийн баталгаа авах таслан сэргийлэх арга хэмжээг авч түүнийг шүүх хуралдааны танхимаас сулласугай.

 

10. Шүүхийн шийтгэх тогтоолыг улсын яллагч, шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн хууль ёсны төлөөлөгч, өмгөөлөгч өөрөө гардан авсанаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн Давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурдсугай.

 

              11. Тогтоол танилцуулан сонсгосноор хүчинтэй болох бөгөөд тогтоолд давж заалдах гомдол, эсэргүүцэл гаргавал тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, урьд авсан хувийн баталгаа авах таслан сэргиылэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

 

 

 

                     ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                                   С.БАТГЭРЭЛ