Баян-Өлгий аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр

2025 оны 03 сарын 20 өдөр

Дугаар 302/ШШ2025/00249

 

 

 

 

 

2025 оны 03 сарын 20 өдөр

Дугаар 302/ШШ2025/00249

 

 

                         МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС                        

Б аймаг дахь сум дундын анхан шатны шүүхийн шүүгч Х.Мейрамбек даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хийсэн шүүх хуралдаанаар,

Нэхэмжлэгч: Д аймаг, Д сум, 14 дүгээр баг, Н 000 тоотод оршин суух, С овогт Д.Б-ийн нэхэмжлэлтэй,

Хариуцагч: Б аймгийн Ө сумын 11 дүгээр багт үйл ажиллагаа явуулах, “Ө Б” ХХК (захирал К.Ж)-д холбогдох иргэний хэргийг хянан хэлэлцэв.

Нэхэмжлэлийн шаардлага: Ажилчдын хоолны тооцооны үлдэгдэл 12,275,000 төгрөг гаргуулах тухай.

Шүүх хуралдааны оролцогчид:

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Л.Ц (цахим сүлжээгээр),

Хариуцагчийн өмгөөлөгч А.С,

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга П.Ж.

Хариуцагч байгууллагын төлөөлөгч К.Жт шүүхээс 2025 оны 03 дугаар сарын 13-ны өдөр /баримт №9/ шүүх хуралдааны товыг мэдэгдсэн боловч хариуцагч байгууллагын төлөөлөгч К.Ж шүүх хуралдаанд хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр ирээгүй тул Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 100 дугаар зүйлийн 100.3 дахь хэсэгт зааснаар нэхэмжлэгч талын болон хариуцагчийн өмгөөлөгчийн хүсэлтээр хариуцагчийн эзгүйд хэргийг хянан хэлэлцэв.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

1.Нэхэмжлэгч Д.Б  нь хариуцагч “Ө Б” ХХК-д холбогдуулан “Ажилчдын хоолны тооцооны үлдэгдэл 12,275,000 төгрөг гаргуулах тухай” нэхэмжлэл гаргасан. Нэхэмжлэгч байгууллагаас нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлээ дараах байдлаар тодорхойлж байна. Үүнд:

1.1.Нэхэмжлэгч С овогт Д.Б-ийн нэхэмжлэлийн шаардлага нь “Ө Б” ХХК-ийн ажилчдын хоолны тооцооны үлдэгдэл 12,275,000 төгрөгийг Б аймгийн Ө сумын 13 дугаар багийн Ж 01 тоотод үйл ажиллагаа явуулах “Ө Б” ХХК-аас нэхэмжилж байгаа. Тус компанийн захирал нь К-ийн Ж байгаа.

1.2.Д.Б Өмнөговь аймгийн Хайрхан багийн нутаг дэвсгэр дээр Гашуун сухайт боомтод зам талбайн ажил гүйцэтгэж байсан. “Ө Б” ХХК-ийн гүйцэтгэх захирал К.Ж-тэй тохиролцож, компанийн ажилчдыг өөрийнхөө материалаар хоолоор хангах үйлчилгээ үзүүлэх гэрээг бичгээр байгуулсан байгаа. Ингээд 2023 оны 08 дугаар сарын 08-ны өдрөөс эхлэн тус компанийн ажилчдыг хоолоор хангаж эхэлсэн. Ингэхдээ эхлээд 11 ажилчин байсан, сүүлдээ ажилчдын тоо нэмэгдсэнээр 39 болсон. Эдгээр хүмүүст өглөө, өдөр, орой хоол ундаагаар байнга хангаж байсан.

1.3.Нэг хүнд өдрийн 27,000 төгрөгөөр тооцож байсан юм байна. “Ө Б” ХХК-ийн захирал энэ хэлцэл гэрээнийхээ дагуу эхлээд тооцсон хүнийхээ тоогоор тооцоо хийж байсан. Сүүлдээ сар болоход нэхүүлсээр байгаад мөнгөө дутуу, хагас шилжүүлдэг болсон. Энэ компанитай гэрээ хийж ажиллахдаа 2 тогооч цалинжуулж, 40 тонны контейнер аваачиж тавьж, дотор нь нойл, дууш, угаалтуур, гал тогооны хэсэг гаргаж, тохь тухтай үйлчилгээ үзүүлж байсан. Манай гал тогооны иж бүрэн хэрэгсэл, аяга, таваг сандал, ширээнээс эхлээд бүх зүйлээр хангаж, юугаар ч дутагдаж гачигдуулж байгаагүй. Хоол ундны амт чанараа ч гэсэн байнга сайн байлгаж байсан. Ажилчид ч гэсэн сэтгэл ханамжтай үйлчилгээ авч байсан.

1.4. Гэвч “Ө Б” ХХК сүүлдээ хоолны мөнгөө хугацаандаа өгөхгүй, удааж, хагас, дутуу өгсөөр байгаад Бний хооронд тооцооны үлдэгдэл гарч эхэлсэн. Дээрх ажлыг 2023 оны 10 дугаар сарын 31-ний өдөр хүртэл хийж, тооцоо нийлэх үед “Ө Б” ХХК манайд 34,275,000 төгрөгийн үлдэгдэлтэй гарсан. Үүнийг компанийн гүйцэтгэх захирал хүлээн зөвшөөрч, цувуулж өгч байсан. Одоо 12,275,000 төгрөгийн үлдэгдэлтэй болсон.

1.5.Энэ мөнгөө авахыг удаа дараа нэхсэн боловч боломжгүй байна, мөнгө хүрэхгүй байна тэгж байгаад өгнө гэсээр жил болж нэхэмжлэгчийн утсыг авахаа больж, сүүлдээ блоклочихсон. Сүүлд мессенжерээр харьцахад шүүхэд өг гэдэг болсон. Ийм учраас шүүхэд нэхэмжлэл гаргаж байна. Энэ компанид үйлчилгээгээ үзүүлэхдээ өөрөө хүнсний материалаа гаргаж, усаа үнэ төлбөртэйгөөр зөөвөрлөж, 2 тогоочоо цалинжуулах зэргээр зардал их гаргасан. Сүүлдээ бусдаас мөнгө зээлж хэрэглэсээр алдагдалд орсон.

1.6.Иймд “Ө Б” ХХК-аас хоолны үлдэгдэл тооцооны мөнгө 12,275,000 төгрөг гаргуулж өгнө үү гэсэн. “Ө Б” ХХК болон Б нарын хооронд хийсэн үйлчилгээ үзүүлэх гэрээг тус компанийн гүйцэтгэгч захирал К.Ж байгаа. Би компанийн захиралтай нь удаа дараа утсаар ярьж байсан. К.Ж-ийн надад бичгээр амлалт явуулж байсан мессеж харилцаа, Ө Б ХХК-аас мөнгөний хагасыг нь шилжүүлж, байсан дансны хуулга, мөн ажилчдын өдөр тутам хоолоор хангаж байснаа тэмдэглэсэн хар дэвтрийнхээ хуулбарыг тооцоо нийлсэн баримттайгаа хавсаргаж явууллаа гэсэн нэхэмжлэл гаргасан. Хэрэг хянан шийдвэрлэх явцад Б нар Өмнөговь аймгийн Гашуун сухайтад байдаг н.Г гэдэг нь тогооч байсан. Энэ хүнийг гэрчээр асуусан байгаа. Гэрчийн мэдүүлэг дээр компанийг 30-40 хүнийг хоол хүнсээр хангадаг байсан гэж мэдүүлсэн. Цагаан хаднаас Д.Б өөрөө явж хоолны материалаа цуглуулж авчирдаг байсан гэсэн. Сүүлдээ “Ө Б” ХХК мөнгө өгөхгүй байна гэж миний цалинг бас дутуу өгсөн. Ийм ажиллагаа явуулж байсан нь үнэн гэж мэдүүлдэг өгсөн байдаг. Иймд нэхэмжлэлийн шаардлагыг хангаж шийдвэрлэж өгнө үү гэжээ.

 

2.Хариуцагч “Ө Б” ХХК-ийн захирал К.Ж шүүхэд бичгээр ирүүлсэн хариу тайлбартаа:  Иргэн Д.Б-ээс “Ө Б” ХХК-д холбогдуулан 12,275,000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэл гаргасныг эс зөвшөөрч дараах тайлбарыг гаргаж байна.

2.1.Тус компани 2023 оны 08 дугаар сараас 11 дүгээр сар хүртэл Өмнөговь аймгийн Гашуунсухайт боомт дээр “С” ХХК-тай шууд гэрээгээр автомат удирдлагатай чингэлэг тээврийн терминалын талбайн бетон хучилтын ажлыг хийж гүйцэтгэсэн юм.

2.2.Уг ажлыг манай компани иргэн Х.Айдосын санал болгосноор хамтран хийж хэрэгжүүлсэн байдаг. Энэ төслийн хүрээнд ажилчдын хоол ундны асуудлыг Х.Айдос зохион байгуулж байсан. Хариуцагч Д.Б-тэй уг асуудлаар сүүлд нь ярилцаж эхэлсэн болохоос биш эхэндээ Х.А Д.Бийн эхнэр гэх “ С” ХХК-д ажилладаг Урнаа гэдэг хүнтэй ярилцаж, өөрсдөө хоорондоо шийдэж явдаг байсан болно.

2.3.Х.Айдосын надад өгсөн мэдээллээр ажилчдыг хоолоор хангах үүргийг “С” ХХК-ийн ажилтан Урнаа болон тэдний ажилчид Бнийг явах хүртэл хийнэ гэдэг байсан ч хүн цөөрсөн гэдэг шалтгаанаар ганцхан өдөр ирээд хоолны газраа буулгаад аваад явсан байдаг.

2.4. Өөрөөр хэлбэл тус компани иргэн Д.Бтэй хийсэн гэрээгүй, тохиролцсон зүйл байхгүй, компанийн захирлын хувьд уг асуудалд оролцоогүй. Энэ төслөөс манай компани алдагдалтай гарсны дээр “С” гэх компаниас үлдэгдэл 65 гаруй сая төгрөгийг одоо хүртэл авч чадахгүй явж байна. Иймд нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

 

3.Нэхэмжлэгчээс иргэний хэрэгт нотлох баримтаар улсын тэмдэгтийн хураамж төлсөн баримт, Ө Б ХХК-ийн улсын бүртгэлийн гэрчилгээний хуулбар,  Ulgii Vid ХХК-ийн 2023.08.07-2023.10.31 хүртэлх хоолны тооцоо гэх баримт, хувийн тэмдэглэлийн дэвтрийн холбогдох хуудасны хуулбар, мессежээр харилцсан чатны хуулбар, Д.У-ийн ХААН банкны депозит дансны хуулга, нэхэмжлэгчээс Л.Ц-д өгсөн итгэмжлэл зэргийг,

Хариуцагчаас тус компанийн 2024 оны 10 дугаар сарын 30-ны өдрийн 13 дугаартай албан бичгээр К.Өнербект олгосон итгэмжлэлийн хуулбар, мөн 2024 оны 11 дүгээр сарын 12-ны өдрийн 14 дугаартай албан бичгээр А.Серикжаныг өмгөөлөгчөөр оролцуулах тухай хүсэлт, 2024 оны 11 дүгээр сарын 14-ний өдрийн 15 дугаартай албан бичгээр ирүүлсэн хариу тайлбар зэргийг тус тус гаргаж өгсөн.

Шүүхийн журмаар нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн хүсэлтээр гар утсанд үзлэг хийсэн тэмдэглэл, гар утасны фото зураг, Ц.Гандолгорыг гэрчээр асуусан тэмдэглэл зэргийг бүрдүүлсэн болно.

 

ҮНДЭСЛЭХ нь:

 

4.Нэхэмжлэгч Д.Бийн  хариуцагч “Ө Б” ХХК-аас ажилчдын хоолны тооцооны үлдэгдэл 12,275,000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн зарим хэсгийг хангаж шийдвэрлэх үндэслэлтэй байна.

5.Нэхэмжлэгч дараах үндэслэлээр шаардах эрхээ тодорхойлсон. Үүнд: Иргэн Д.Б би Өмнөговь аймгийн Хайрхан багийн нутаг дэвсгэр дэх “Гашуун сухайт” боомтод зам талбайн ажил гүйцэтгэж байсан “Ө Б” ХХК-ийн гүйцэтгэх захирал Ж-тэй тохиролцон компанийн ажилчдыг өөрийн материалаар хоолоор хангах үйлчилгээ үзүүлэх гэрээг бичгээр байгуулан 2023 оны 8 дугаар сарын 08-ны өдрөөс эхлэн ажиллаж эхэлсэн. Эхэндээ 11 ажилчин байсан ба сүүлдээ ажилчдын тоо нэмэгдсээр 39 болсон. Эдгээр хүмүүст өглөө, өдөр, оройн хоол ундаар хангаж байсан бөгөөд нэг хүнд 27,000 төгрөгөөр бодож тооцож байсан. Би дээрх ажлыг 2023 оны 10 дугаар сарын 30-ны өдөр хүртэл хийж компанитай тооцоо нийлэхэд “Ө Б” ХХК нь манайд 34,275,000 төгрөгийн өртэй гарсан. Үүнийг компанийн захирал К.Ж хүлээн зөвшөөрч цувуулан өгч байсан бөгөөд одоо 12,275,000 төгрөгийн үлдэгдэлтэй байна. Иймд “Ө Б” ХХК-аас хоолны тооцооны үлдэгдэл 12,275,000 төгрөгийг гаргуулж өгнө үү гэжээ.

6. Хариуцагч нэхэмжлэлийг дараах үндэслэлээр *******сгэсэн. Үүнд: Тус компани 2023 оны 8 дугаар сараас 11 дүгээр сар хүртэл Өмнөговь аймгийн Гашуун сухайт боомт дээр “С” ХХК-тай шууд гэрээгээр автомат удирдлагатай чингэлэг тээврийн терминалын талбайн бетон хучилтын ажлыг хийж гүйцэтгэсэн юм. Уг ажлыг манай компани иргэн Айдосын санал болгосноор хамтран хэрэгжүүлсэн тул ажилчдын хоол ундны асуудлыг Х.Айдос зохион байгуулж байсан. Д.Б-тэй хийсэн гэрээгүй, тохиролцсон зүйл байхгүй, компанийн захирлын хувьд уг асуудалд оролцоогүй. Энэ төслөөс манай компани алдагдалтай гарсны дээр “С” гэх компаниас үлдэгдэл 65 сая гаруй төгрөгийг одоо хүртэл авч чадахгүй байна. Иймд нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

7.Хэрэгт авагдсан болон шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримтуудаар дараах үйл баримт тогтоогдсон. Үүнд:

7.1.ХААН банкны харилцагч Д.У-ийн   Депозит дансны дэлгэрэнгүй хуулгаас үзэхэд харилцагчийн дансанд 2023 оны 11 дүгээр сарын 11-ний өдөр “хоолны төлбөр Ө Б ХХК-аас” гэсэн агуулгаар 4,900,000 төгрөг, мөн өдөр “хоолны зардал Ө Б” гэсэн агуулгаар 4,900,000 төгрөг, 2023 оны 11 дүгээр сарын 20-ны өдөр “хоолны зардал Ө Б-ээс” гэсэн агуулгаар 18,000,000 төгрөгийн орлого тус тус хийгдсэн ба дээрх зарлагууд хийгдэх тухай бүрт 290001858881 дугаартай дансанд харьцсан болох нь тогтоогджээ.

7.2.ХААН банкны харилцагч Д.Б-ийн Депозит дансны дэлгэрэнгүй хуулгаас үзэхэд харилцагчийн дансанд 2023 оны 09 дүгээр сарын 20-ны өдөр “Ө Б ХХК 3082172, 00000” гэсэн агуулгаар 18,800,000 төгрөг, 2024 оны 02 дугаар сарын 08-ны өдөр “хоолны төлбөр Ө Б-ээс” гэсэн агуулгаар 2,000,000 төгрөг,  2024 оны 07 дугаар сарын 09-ний өдөр “Ө Б хоолны төлбөр” гэсэн агуулгаар 2,000,000 төгрөгийн орлого тус тус хийгдсэн ба дээрх зарлагууд хийгдэх тухай бүрт 2000000000 дугаартай дансанд харьцсан болох нь тогтоогджээ.

7.3.Нэхэмжлэгчээс Ж-тэй мессенжер чатаар харьцаж байсан талаарх  баримт болон нэхэмжлэгч Д.Бийн гэх 111111, 22222222 дугаартай Huawei P60 pro маркийн гар утсанд хийсэн тэмдэглэлээр Б болон Ж нар нь хоорондоо чатаар харилцаж байсан болох нь, хоолоор хангаж байсан талаар, Бийн хувьд Ж-ээс хоолны  мөнгө шилжүүлэхийг шаардаж байсан талаар, Ж-ээс Б рүү мөнгө шилжүүлэх гэж байгаа талаар болон мөнгийг шилжүүлсэн талаар, Б-ээс  үлдэгдэл мөнгөний талаар тус тус бичиж харьцаж байсан тогтоогджээ.

7.4. Гэрч Ц.Г-оос “Бийг 2023 оны 07 дугаар сараас, Жийг 2023 оны 8 дугаар сараас таних болсон. ... Би 2023 оны 8-р сараас Бийн удирдлага дор тогоочоор ажилладаг байсан. Б гээд хүний ажиллуулж байсан хоолны газар тогоочоор ажилласан нь үнэн. ... Ө Б компанийн 35-40 хүнийг хоол хүнсээр хангадаг байсан. ...Ө Б ХХК-ийн захирал К.Ж, иргэн Б нарын хооронд үлдэгдэл тооцоо байгаа талаар Д.Б надад удаа дараа ярьж байсан. К.Ж-ээс мөнгө орж ирэхгүй байгаа учраас чиний цалинг хугацаанд өгч чадахгүй байна шүү. Тэгээд миний цалин хугацаанд ордоггүй байсан” гэж мэдүүлжээ.

8.Нэхэмжлэгч нэхэмжлэлийн шаардлагаа дэмжиж тайлбарласан байх ба хариуцагчаас эс зөвшөөрч маргажээ.

9.Зохигчдын тайлбар болон хэрэгт авагдсан нотлох баримтаас үзэхэд талуудын хооронд Иргэний хуулийн 359 дүгээр зүйлд заасан хөлсөөр ажиллах гэрээний харилцаа үүссэн байх ба хөлсөөр ажиллах гэрээгээр ажиллагч нь тохиролцсон ажил, үйлчилгээг гүйцэтгэх, ажиллуулагч хөлс төлөх үүргийг тус тус хүлээнэ. Уг гэрээний зүйл бүх төрлийн ажил, үйлчилгээ байж болох бөгөөд Д.Бийн хувьд “Ө Б” ХХК-ийн ажилчдыг хоолоор хангах үйлчилгээ үзүүлэх үүргийг гүйцэтгэх, “Ө Б” ХХК нь хөлс төлөх үүргийг хүлээсэн байна.

10.Хариуцагчаас Д.Б-тэй хийсэн гэрээгүй, тохиролцсон зүйл байхгүй, компанийн захирлын хувьд уг асуудалд оролцоогүй гэж тайлбарласан байна. Хэлцлийг хуульд заасан бол хуульд заасан хэлбэрээр, хуульд заагаагүй бол амаар буюу бичгээр хийнэ. Хөлсөөр ажиллах гэрээ хийх хэлбэрийг хуульд заагаагүй байх тул амаар буюу бичгээр хийж болохоор байна.

11.Иргэний хуулийн 43 дугаар зүйлийн 43.3 дахь хэсэгт зааснаар нэг талын хүсэл зоригийн илэрхийллийг нөгөө тал хүлээн авснаа өөрийн тодорхой үйлдлээр илэрхийлсэн бол уг хэлцлийг бодит үйлдлээр хийгдсэн гэж үзнэ. Хэрэгт авагдсан нотлох баримт болон нэхэмжлэгчийн тайлбараар Д.Б нь “Ө Б” ХХК-ийн ажилчдыг хоолоор хангаж байсан болох нь, хариуцагч “Ө Б” ХХК нь нэхэмжлэгч Д.Б болон түүний эхнэр Д.У-ийн дансанд хоолны үнийг шилжүүлсэн байсан болох нь тогтоогдож байх тул Д.Б болон “Ө Б” ХХК-ийн хооронд хөлсөөр ажиллах гэрээ хийгдсэн байна.

12.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 38 дугаар зүйлийн 38.1 дэх хэсэгт зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч нь өөрийн шаардлага ба татгалзлын үндэс болж байгаа байдлын талаарх нотлох баримтаа өөрөө гаргаж өгөх, цуглуулах үүрэгтэй.

13.Нэхэмжлэгчийн хувьд нотлох баримтаар өөрийн болон эхнэр Д.У-ийн дансны хуулгыг болон хариуцагчтай харьцаж байсан мессенжер чатыг гаргаж өгсөн бөгөөд хариуцагч нь уг нотлох баримтуудыг няцаах, татгалзлын үндэс болж байгаа байдлын талаарх нотлох баримтаа гаргаж өгөөгүй байна.

14.Хэрэгт нотлох баримтаар гаргаж өгсөн нэхэмжлэгч Д.Б болон хариуцагч К.Ж нарын харьцаж байсан мессенжер чатыг эх хувиар гаргаж өгөх боломжгүй бөгөөд бичмэл нотлох баримтыг олж авах, гаргаж өгөхөд бэрхшээлтэй байвал тухайн баримт хадгалагдаж байгаа газарт нь шүүх үзлэг явуулж, шинжлэн судлах замаар баримтын үнэн зөвийг шалгаж болох тул нэхэмжлэгчийн төлөөлөгчийн хүсэлтээр үзлэг хийж тэмдэглэл үйлдсэн. Тухайн үзлэгийн тэмдэглэл болон шүүхэд гаргаж өгсөн нэхэмжлэгч Д.Б болон хариуцагч К.Ж нарын харьцаж байсан мессенжер чатад бичигдсэн байдлуудаар талууд хамтран ажиллаж байсан болох нь тогтоогдож байна. Хариуцагчийн хувьд хоёр удаагийн үйлдлээр тус бүр хоёр сая  төгрөг  шилжүүлсэн нь нэхэмжлэгчээс гаргаж өгсөн дансны хуулгад байгаа он сар өдрийн хувьд тохирч байна. Мессенжер чатаар 2024 оны 05 дугаар сарын 27-ны өдөр Д.Бээс К.Ж рүү “…мөнгө шилжүүлээд өгөөрэй. Одоо 14 сая 200 мянга байгаа юм байна шүү” гэж бичсэний дараа, 2024 оны 07 дугаар сарын 08-ны өдөр К.Жээс Д.Б рүү “Данс явуулаарай, одоо 2 сая хийх гэж байна. Байгаагаа ингэж хийж л бай” гэж бичсэн байдлаас үзэхэд 12,200,000 төгрөгийн үлдэгдэлтэй байна гэж үзэхээр байна. Тухайн нөхцөлийг *******сгэх нотлох баримт байхгүй байх тул нэхэмжлэгчийн нэхэмжлэл үндэслэлтэй гэж үзлээ.

15.Иймд нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагын зарим хэсгийг хангаж, хариуцагч “Ө Б” ХХК-аас ажлын хөлсний үлдэгдэл 12,200,000 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч Д.Бд олгож, нэхэмжлэгчийн илүү нэхэмжилсэн 75,000 төгрөгийг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй байна.

16.Нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 211,350 төгрөгийг улсын орлого, болгож хариуцагч “Ө Б” ХХК-аас 210,150 төгрөг гаргуулан нэхэмжлэгчид олгох  нь зүйтэй байна.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.2, 116, 118 зүйлүүдэд заасныг тус тус удирдлага болгон

 

ТОГТООХ нь:

 

1.Иргэний хуулийн 359 дугаар зүйлийн 359.1 дэх хэсэгт заасныг баримтлан хариуцагч “Ө Б” ХХК-аас ажлын хөлсний үлдэгдэл төлбөр 12,200,000 (арван хоёр сая хоёр зуун мянган) төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч Д.Бд олгож, нэхэмжлэгчийн илүү нэхэмжилсэн 75,000 (далан таван сая) төгрөгийг хэрэгсэхгүй болгосугай.

2.Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 60 дугаар зүйлийн 60.1, 56 дугаар зүйлийн 56.1 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 211,300 (хоёр зуун арван нэгэн мянган гурван зуун) төгрөгийг улсын орлого болгож, хариуцагч “Ө Б” ХХК-аас 210,150 (хоёр зуун арван мянган нэг зуун тавин) төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч Д.Бд олгосугай.

3.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4 дэх хэсэгт зааснаар шийдвэр хүчинтэй болсноос хойш 14 хоногийн дотор бичгийн хэлбэрээр гарах бөгөөд ийнхүү гарснаас хойш шүүх хуралдаанд оролцсон зохигчид 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийн хувийг өөрөө гардан авахыг танилцуулсугай.

4.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2 дахь хэсэгт зааснаар зохигчид, тэдгээрийн итгэмжлэгдсэн төлөөлөгч, өмгөөлөгч шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Б аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.

 

 

 

 

ДАРГАЛАГЧ  ШҮҮГЧ                                Х.МЕЙРАМБЕК